Н.Цогтсайхан: Допингийн эсрэг төвийг МҮОХ-ны удирдлагаас салга! Эсвэл чадавхжуул!
Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлгийн комиссын гишүүн Н.Цогтсайхантай ярилцлаа.
-Олимпийн өмнөх жил тохиож байгаагийн хувьд дэлхийн улс орнуудаас допингтой холбоотой дуулиан, скандалууд анхаарал татах боллоо. Үүнтэй холбоотойгоор мэргэжилтний хувиар та Монгол Улс допингийн эсрэг хэрхэн тэмцэж байна, МҮОХ-ноос тамирчдаа допингоо хамгаалахаар хийж буй ажлууд нь ОУОХ-ноос тавьдаг шаардлага, Допингийн эсрэг тэмцдэг олон улсын байгууллагуудынхтай нийцдэг эсэх талаар ямар үнэлэлт дүгнэлтэй байдаг тухайгаа бидэнтэй хуваалцана уу?
-Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа допингийн эсрэг хууль дүрэм дэлхийн бусад орныхтой, ОУОХ-ноос тавьдаг шаардлагатай хэрхэн нийцэж байна вэ гэвэл би хувь хүнийхээ хувьд буюу мэргэжилтний хувьд тийм ч таатай үнэлгээ өгөхгүй. Яагаад гэвэл манайх одоогоор зөвхөн олон улсын тэмцээний үеэр хийж байгаа допингийн шинжилгээ авдаг. Сүүлийн үед үндэсний хэмжээний тэмцээнүүд, тухайлбал үндэсний бөхийн барилдаан, Улсын аварга шалгаруулах зарим тэмцээн үеэр шинжилгээ авч эхэлсэн. Олон улсын тэмцээний үед авч байгаа допингийн шинжилгээ гэдэг бол тухайн тэмцээний олон улсын холбооны дүрэм журмаар явагддаг дүрэмтэй. Допингийн шинжилгээ авдаг субъект нь нэг өөр, шинжилгээний үр дүнгээр хариуцлага тооцох субъект нь бас өөр болоод явчихдаг. Тухайн тэмцээн хэний ивээл дор зохион байгуулагдаж байна, хэнтэй хариуцлага тооцох вэ гэдэг нь чухал. Хамгийн сүүлийн практик жишээ гэвэл Азийн наадмын тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээ бол Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулсан учраас тэдний эмнэлгийн комисс асуудлыг шийдэх ёстой. Хариуцлага тооцохын хувьд тухайн тамирчин спортын ямар төрлийнх вэ гэдгээс хамаараад тухайн спортын холбооны олон улсын холбоо нь хариуцлага тооцох үндэслэлтэй болчихож байгаа юм. Тэгэхээр энэ тохиолдолд Азийн олимпийн зөвлөл ямар эрхтэй ажилласан бэ гэвэл тэнд ерөөсөө л Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 9 дүгээр бүлэг буюу тухайн тэмцээнд тамирчны үзүүлсэн амжилт, шагнал, оноог автоматаар хүчингүй болгоно гэдэг заалтыг баримталж медалийг нь хурааж онооны жагсаалтаас нэрийг нь хасчихсан. Дараа нь тухайн спортын олон улсын холбоо нь цаг хугацааны шийтгэл ярьж эхэлж байгаа юм. Эрх хасахтай холбоотой гэсэн үг. Энэ бол ОУОХ-гоор хүлээн зөвшөөрөгдөж байгаа, олимпийн төрлийн болон олимпийн бус спортын төрлүүдэд хамаатай. Олон улсын жишгийн дагуу бол тухайн тамирчнаас допинг илэрсэн л бол цолыг нь хураачихаад эрхийг нь хасдаг. Гэтэл манай хуульд “эсхүл” гэдэг үг оруулснаас бол цолыг нь хураах уу, эрхийг нь хасах уу гэдэг дураараа шийддэг болчихсон. Саяхнаас Биеийн тамир, спортыг хөгжүүлэх сангаастөсөл хэрэгжиж, их спортын хэд хэдэн төрлүүдээр тамирчдаас шинжилгээ авлаа. Энэ тохиолдолд хэрвээ тамирчин шинжилгээ нь сөрөг гарвал тухайн тамирчинтай хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл УАШТ гэдэг бол Монгол Улсын, тухайн спортын холбооны өмч. Хэрэв тэмцээний бус үед шинжилгээ авч байгаа бол зохион байгуулж байгаа субъект нь Допингийн эсрэг төв гэдэг МҮОХ-ны нэр дор байдаг, гаднаас нь харахад бие даасан байгууллага мөртлөө МҮОХ-ны ерөнхийлөгчийн шууд удирдлага дор ажилладаг ТББ юм. Дэлхийн допингийн эсрэг дүрмээр энэ тохиолдолд шинжилгээ сөрөг гарсан тамирчныг шийтгэж болохгүй. Яагаад гэвэл Дэлхийн допингийн эсрэг дүрмээр шийтгэхийн тулд тухайн тэмцээний, тухайлбал Азийн АШТ, ДАШТ зэрэг тэмцээний том байгууллага нь өөрсдөө шийтгэл оноодог. Азийн АШТ бол Азийн наадмын зөвлөл, ДАШТ бол ОУОХ гэх мэтээр. Эдгээр байгууллага нь өөрсдөө Дэлхийн допингийн эсрэг дүрэмд суурилж бий болгосон допингийн эсрэг дүрэмтэй. Яг одоогийн байдлаар манайд ийм дүрэмтэй байгууллага байхгүй. Тэгэхээр тухайн тамирчныг хэн шийтгэх субъект нь тодорхойгүй. Энэ тохиолдолд нэг талаасаа тамирчны эрх зөрчигдөөд байгаа мэт, нөгөө талаасаа хариуцлагагүй, тэр их мөнгийг зарцуулж шинжилгээ авсны үр дүн алга.
-Гавьяат тамирчин Ц.Орхоны тухайд хэн хариуцлага хүлээсэн бэ. Ц.Орхон л ганцаараа хохироод үлдсэн гэж харагдаж байна?
-Энэ талаар би тантай, олон нийттэй л ижил мэдээлэлтэй байна. Миний хувьд Токиогийн олимпоос нэг алтан медалиа алдчихлаа даа л гэж бодсон. Мэдээллийг янз бүрийн хэлбэрээр авч байсан боловч дэргэд нь байгаагүй учраас илүү үг хэлээд яахав. Үнэхээр харамсалтайгаар, эцсийн хариуцлагыг олон улсын дүрмийн дагуу тамирчин хүлээгээд л дуусч байгаа юм. Зарчмын хувьд, “Допинг хэрэглэсэн гэж юуг хэлэх вэ” гэхээр “Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2 дугаар бүлэгт заасан арван төрлийн заалтыг зөрчсөн тохиолдолд допинг хэрэглэсэн буюу допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан” гэж үздэг. Бид ярихдаа зөвхөн 2.1 дэх заалт буюу “тамирчны биеэс хориотой бодис илэрсэн” гэдэг тохиолдлыг тойрч ярьдаг. Гэтэл тэнд тамирчны хориотой аргуудыг эзэмшсэн, шинжилгээ өгөхөөс зайлсхийсэн, байршлын тухай мэдээллээ өгөөгүй, худалдаалсан, тэр ч байтугай эрхээ хасуулсан тамирчныг нуун дарагдуулсан, хуйвалдсан, нууцаар бэлтгэл хийлгэсэн зэрэг нь хүртэл Допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцогддог. Нэгэнт шинжилгээгээр биеэс нь илэрсэн учраас тамирчин хохироод үлдчихдэг. Хэрэв олон нийтийн хардаад байгаа шиг хэн нэг нь манай аваргыг хорлосон бол тэр хорлосон хүнийг манай цагдаа мөрдөн шалгаад, за бүр илрүүлж нотоллоо гэхэд буруутныг шийтгэх эрх зүйн үндэс бас манай улсад байхгүй. Эмийн тухай хуульд, Эрүүгийн хуульд, Захиргааны хэргийн тухай хуульд байхгүй. Зөрчлийн тухай хуульд сайн судалбал нэг заалт байж магадгүй. Би сайн хэлж мэдэхгүй байна.
-Таны бодлоор, олон улсын жишгээр хэн хариуцлага тооцох ёстой юм бэ. Надад бол тамирчдаа олимпт амжилттай оролцуулах, тамирчдаа болон тамирчдынхаа амжилтыг хамгаалах үүрэгтээ хамааруулаад МҮОХ л байх ёстой гэж харагдаад байна?
-Допингийн эсрэг үйл ажиллагааг тухайн улсдаа явуулах үүрэг нь тухайн спортын, тухайн улсад байгаа төрийн бус байгууллага буюу Үндэсний олимпийн хороо, допингийн эсрэг ажиллагааг нь хариуцдаг Допингийн эсрэг төв гэдэг хоёр байгууллага, мөн нөгөө талаасаа төр буюу тухайн улсын Засгийн газар хариуцах ёстой. Монгол Улсын Засгийн газар допингийн эсрэг, өөрөөсөө хамаарах бүхнийг одоогийн байдлаар хийчихээд байгаа гэж хэлж болно. Допингийн эсрэг тэмцэх Засгийн газар хоорондын Коппегагены тунхаглал, ЮНЕСКО-гийн Допингийн эсрэг тунхаглал гэж Засгийн газрын түвшний хоёр том баримт бичиг бий. Эдгээр нь допингийн эсрэг үйл ажиллагааг тухайн улсдаа идэвхжүүлэх, сурталчлахад санхүү, хөрөнгө, бодлогын болох бусад бүх туслалцааг үзүүлнэ гэсэн ерөнхий агуулгатай. Коппегагены тунхаглалд 2005 онд, тухайн үеийн салбарын сайд Т.Ганди сайдын гарын үсэгтэйгээр Монгол Улс нэгдсэн. Коппегагены тунхаглалд УИХ 2015 онд Монгол Улс ЮНЕСКО-гийн конвенцийг соёрхон батлах тухай хууль батлаад нэгдсэн байдаг.
-Эдгээрийг Монголд хэрхэн мөрдөж, нэгдэж орсон гэрээ конвенцоо хэрэгжүүлдэг вэ?
-Сууриасаа буюу нэр томъёоноосоо эхлээд худлаа болчихоод байгаа юм л даа. Эндээс эхлээд засах ёстой. Жишээ нь хориглосон бодисын жагсаалт, хориглосон арга гэж нэрлээд байгаа гурван том бүлэг, 25 зүйлтэй эмийн бодисын жагсаалтад сэргээш гэдэгт багтах эмийн бүлэг ганцхан байдаг. Одоо бидний яриад байгаа үндэсний бөх, хүндийг өргөлт, тулаан спортынхны талаар их хөндөж ярьдаг анаболик стериод гэдэг бол эр бэлгийн эсээс гаргаж авсан гормоны төрлийн бодис. Энэ бодисуудын үйлчлэл булчингийн массыг нэмэгдүүлэх болохоос биш хүнийг сэргээдэггүй. Эдгээр бодисын найрлагад бас хар тамхи бий. Хар тамхийг хэтрүүлэн хэрэглэсэн хүн мансуураг болохоос биш сэргэдэггүй. Хамгийн зөв нэр томъёо бол“Энэ тамирчин допингийн эсрэг дүрмийг зөрчжээ” гэж нэрлэх явдал.
-Төр үүргээ биелүүлсэн гээд та хэлчихлээ. Тэгвэл ТББ, ялангуяа МҮОХ үүргээ биелүүлж байна уу?
-ТББ, яг үнэндээ манай МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн далд,шууд удирдлага дор ажиллаж буй Допингийн эсрэг үндэсний төв эрх зүйн чадамжгүй. Бас мэргэжлийн чадамжгүй. Дэлхийн допингийн эсрэг төв зэрэг олон улсын ижил төстэй байгууллагаас ирсэн, шаардсан бичиг баримтаа бүрдүүлэхдээ бол сайн байх. Дотроо бид юу хийх ёстой вэ, ямар зэрэглэлийн сургалт зохион байгуулах шаардлагатай вэ, тамирчдаа яаж хянах зэрэг цогц арга хэмжээгээр дутмаг байна.
-Мэргэжлийн чадамжгүй гэдгээ тодруулна уу. Үнэхээр одоо ажиллаж байгаа хүмүүс шаардлага хангахгүй, сольж халмаар байгаа бол тэдний оронд ажиллах хүний нөөц, бэлтгэгдсэн үе байна уу?
-Допингийн эсрэг үндэсний төв нь ТББ-ын статустай учраас цалин, хангамж, амьдралын баталгаа талаасаа хүний нөөцөөр дутмаг, мэдлэг чадвартай хүмүүс очих хүсэлгүй байж болох юм. Нөгөөтэйгүүр энэ байгууллагыг авч явах залгамж халааг зориудаар бэлтгэхгүй байгаа юм шиг надад санагддаг. Түрүүн таны хэлсэн, допингтой тэмцэх асуудлыг төр анхааралдаа авна гэвэл хамгийн буруу шийдэл.
-Яагаад? Одоо бол Д.Загдсүрэнгийн хувийн компани шиг л ажилладаг юм байна шүү дээ. Өөр ямар гарц байна?
-Төр оролцоод эхэлбэл улс төрийн нөлөө орох маш өндөр магадлалтай. Жишээ нь Допингийн эсрэг төвийн даргыг сайдын тушаалаар томиллоо гэж бодъё. Наадмаар шинжилгээ авсан чинь сайдын нутгийн бөхөөс авсан шинжилгээний дүн асуудалтай гарчихлаа. Шийдвэрлэхэд амаргүй. Хүссэн, хүсээгүй “наадахаа аргал” гэсэн даалгавар, аргалахгүй бол ажлаас халах тухай анхааруулга зэрэг ирнэ. Тийм учраас төрийн шууд мэдэлд байж болохгүй. Хамгийн зөв шийдэл юу вэ гэвэл Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлж эрх шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн байдаг. Үүний дагуу гэрээ хийж үйл ажиллагааны тайлан, төсвийн зарцуулалт хоёроор нь хянаж ажиллуулж болно. Харамсалтай нь одоо гэрээ хийх гэхээр өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа байгууллагын чадавх “0” учраас төр итгэж гэрээ хийхэд аюултай.
-Тэгвэл Допингийн эсрэг үндэсний төвтэй хариуцлага тооцно гэвэл хэнтэй тооцох юм бэ. ТББ гэхээсээ яг хувийн компани шиг юм.
-Хувийн компани болчихсон шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд миний мэдэж байгаагаар, энэ бүхний цаад эзэн нь МҮОХ-ны ерөнхийлөгч, ноён Д.Загдсүрэн байгаа юм. Хэрэв МҮОХ-ны удирдлагыг солиод, шинээр сонгогдох удирдлага нь Допингийн эсрэг үндэсний төвийг татан буулгаад шинээр байгуулна гэж үзээд, энэ асуудлаа яривал үлдсэн цорын ганц гаргалгаа нь тэр болох болов уу гэж бодож байна. Түүнээс биш Допингийн төвийн далд “эзэн” Д.Загдсүрэнтэй дараагийн олимпт орвол дахиад медалиа алдана.
-Байгууллагын чадамж, тухайн албан тушаал хашиж байгаа хувь хүний чадамжийн асуудалтай яах аргагүй холбогдож байна. Тодорхой эх сурвалжаас Д.Загдсүрэн өөрөө эм бэлдмэл бэлтгэж, ялангуяа Допингийн эсрэг үндэсний төвийн даргаар ажиллаж байгаад БСШУС-ын зөвлөхөөр томилогдон ажиллаж буй, гавьяат эмч Ж.Хатанбаатартай хамтран тамирчдад сэргээшийн төрлийн шингэн уулгадаг гэдэг мэдээлэл авсан юм. Тэр тамирчин гэрч мөн боловч “Цаг нь болохоор ил гаргаж ярина” гэсэн. Та МҮОХ-нд ч, Допингийн эсрэг төвийн мэргэжилтнээр ажиллаж байсны хувьд ч энэ талаар мэдээлэлтэй байх гэж бодож байна. Тэр бодис юу байсан бэ, зөвшөөрөлтэй бодис байсан уу?
-Энэ асуудал 2008 оны олимпийн бэлтгэлтэй холбоотой. Тухайн үед хэвлэлээр шуугиан тарьж байсан шүү дээ. Манай Н.Түвшинбаяр аваргыг хагас шигшээд барилдаад ялсны дараа ялагдсан Азербайджаны баг “Монголын бөх Түвшинбаяр “юм” уугаад байна гэсэн дуулиан тарьсан ч шинжилгээгээр илрээгүй учраас тэгсгээд замхарсан. Би тэр үед МҮОХ-ны аппаратын ажилтан байсан учраас илүү нарийн мэдээлэл алга. Юу мэдэж байна вэ гэвэл Бээжингийн олимпт манай тамирчид амжилттай оролцохын тулд эм бэлдмэл гаргасан гэнэ. Гэхдээ “МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, хүн бүхний мэддэг “элэгний” Хатанбаатар эмчтэй хамтраад ийм бэлдмэл гаргаж гэнэ” гэсэн яриа байсан. Тухайн бэлдмэлийг бодитоор хараагүй учраас яг ямар найрлагатай шингэн бэ гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан ууж байсан гэхээр шингэн байх, таблетка биш гэж бодож байна. Харин энэ эмийг үйлдвэрлэхээ, тамирчдад хэрэглүүлэхээ Бээжингийн олимп хүргээд зогссон уу, одоо болтол өгөөд байна уу гэдэг нь чухал асуудал. Хэрэв үнэхээр монгол тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэхийн төлөө, яг анагаах ухаан талаасаа ургамлын гаралтай, уламжлалт болон европ анагаах ухааны шинжлэх ухааны ололтуудыг хослуулаад допингийн шинжилгээнд унадаггүй бодис илрүүлж мэргэжлийн баг бүрдүүлээд ажиллавал би буруу гэж бодохгүй байна. Чухам ямар бодис хэрэглэснийг Бээжингийн олимпт оролцсон тамирчид, дасгалжуулагчид л мэдэж байгаа байх. Гэхдээ шигшээ багийн тамирчин шигшээ багаас хангалт эдэлдэг, шууд хамааралтайгаар тэмцээнд оролцох эсэх бүх шат дамжлагаа шийдүүлдэг учраас хардлага тань үндэслэлтэй байж болох талтай. Мөн бас нэг хардлага чинь зөв. Тамирчин бол шууд худалдан авалтад оролцдоггүй.Тэр бодисыг улс нь худалдаж аваад шигшээ багийн тамирчдадаа хангалт болгож өгдөг байсан байхыг үгүйсгэхгүй.
-Тийм бол “хэрэг” нь улам л хүндэрнэ. Төр оролцсон, төсвийн мөнгөөр авсан бол яах вэ?
-Тийм. Миний мэдэхийн хамгийн аюултай нь одоо яг допингийн шинжилгээ авч байгаа объект дээр л асуудал үүсэхээр байна. Яагаад гэвэл намайг анти-допинг мэргэжилтэн байхад баяр наадмын өмнө допингийн шинжилгээний төсөв гэж баталдаг. Нэг шинжилгээ 250-300 ам.долларын хооронд хэлбэлздэг. Энэ хэлбэлзэл дунд ямар нэг байдлаар төсвөө батлуулчихаад, төсөв нь баяр наадмын комиссоос ч юм уу МҮОХ-ны дансанд орж ирдэг. Шинжилгээгээ аваад сорьцоо БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн байгууллага руу явуулдаг. МҮОХ БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын Допингийн хяналтын лабораторитой нэг жилд 100 хүртэлх сорьцыг үнэ төлбөргүй шинжлүүлнэ гэсэн гэрээтэй.
-Хоёр улсын Засгийн газар хоорондынх биш үү?
-Биш. МҮОХ Солонгосын лабораторитой хийсэн гэрээ. Тэгэхээр допингийн шинжилгээний зардалд зарцуулахаар төсвөөс орж ирсэн мөнгө хаачих вэ?Юунд зарцуулагдсан байх вэ?
-Таныхаар бол хаачсан байж болох вэ?
-ТББ учраас, дээр нь түүний харьяа ТББ үүнийг яаж зарцуулсныг надад хэлэх амаргүй байна. Аудит ороод хянуулж шалгуулах боломж нь хаалттай. Би энэ талаар юу гэж боддог гээч. Д.Загдсүрэн гуайн талаар шүүхийн шийдвэр гарлаа. Гурван жилийн хорих ял оноосон. Албан тушаал хаших эрхийг нь хоёр жилийн хугацаатайгаар хориглолоо. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөллөө. Албан тушаал хаших эрх нь хаалттай гэж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ өрөө тасалгаа, мөнгө дансч бичиг баримтыг битүүмжилж хилийн хориг тавьдаг байтал “албан тушаал эрхэлж болохгүй” гэсэн шүүхийн шийдвэр гарчихаад байхад яагаад тийм арга хэмжээ аваагүй юм бэ гэдгийг гайхдаг.
-Манай тамирчид дээр сэргээшийн бодис, эм туршаад байсан бол, тэр туршилт одоо ч үргэлжилж байгаа бол яах вэ?
-Хэн туршилт хийнэ гэж?
-Д.Загдсүрэн, Ж.Хатанбаатар нар туршилт хийсэн бол, тамирчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн бол яана? Тэдэнд тэгж турших, эм бэлдмэл үйлдвэрлэх, магадгүй худалдаалах зөвшөөрөл, эрх байхгүй биз дээ?
-Манайд эмийн үйлдвэрлэл явуулдаг олон компани бий. Тэд хүний биед орж байгаа эм бэлдмэлүүдээ зах зээлд гаргахаас өмнө лабораторид шинжлүүлж клиникийн туршилт зэрэг олон шат дамжлагаар туршиж Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авдаг.Яг таны яриад байгаа бэлдмэлийн тухайд тэр хоёрын өгсөн эм дээрх зохих ёсны шат дамжлагаар дамжсан уу, давсан уу гэдэг нь чухал асуудал. Хэрэв даваагүй бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эмийн тухай хуулийн дагуу, жишээ нь лабораторид эсвэл клиникийн туршилтадороогүй, аль нэг шат дамжлага нь алдагдсан, ядаж ЭМЯ-ны зөвшөөрөлгүй мөртлөө хүн дээр туршигдсан бол нэлээд том хэрэг болно. Таашгүй.
-Өөдрөгөөр харах гэж оролдоход аварга маань допингийн шинжилгээнд унаагүй юм чинь сайн бүтээгдэхүүн байж гэж бодож болох юм. Ер нь хориотой бодисын жагсаалтад байхгүй бол, допингийн шинжилгээнд унахгүй бол та байж болох зүйл гэж та хэллээ шүү дээ. Гэхдээ аль нэг шинжилгээнд унавал хэн хариуцах вэ, дахиад л тамирчин л ганцаараа хохирдог шүү дээ?
-Дэлхийн бүх орны шинжлэх ухаан, спортын байгууллагуудын хийдэг зүйл гэж би боддог. Яаж аюулгүйгээр тамирчныхаа ажиллах чадварыг сайжруулах вэ, ядрахыг нь багасгах вэ, тэсвэрийг нэмэх вэ гэхмэтчлэн. Хуулийн дагуу болон хууль бус өчнөөн лабораториуд ажиллаж байна. Ялангуяа дорнын улс орнууд тухайлбал Хятад, Солонгос улс уламжлалт анагаах ухааныхаа ололтод тулгуурлан мэргэжлийн байгууллагуудаараа дэмжүүлээд ажилладаг тохиолдол байдаг. Хүн ам олонтойгоос гадна спортын дасгалжуулалтын болон спортын шинжлэх ухаандаа хайр найргүй хөрөнгө цацдаг. Гаднаас тамирчин, дасгалжуулагч импортолж байна. Хятадын спортын анагаах ухааны салбарынхан нь огт зүгээр суухгүй гэж боддог. Спорт бол олон шинжлэх ухааны нэгдэл болчихсон. Зөвхөн сайн дасгалжуулагч байснаар амжилтад хүрэхгүй. Тухайн тамирчны биоэнерги нь ямар вэ, ямар үед сэргэдэг, эсвэл унадаг, сэтгэл санааны бэлтгэл нь ямар байдаг гэх мэт маш олон мэргэжилтний хамтын бүтээлээр ганц аваргыг төрүүлж байх жишээний. Манайд бол анагаах ухаан талдаа хоцрогдмол талдаа байна уу гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.