“Уруудахад доройтох” гэгчээр удтал хүлээсэн МҮОХ өнөөдөр Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшигийнхээ эзэмшил нутаг дэвсгэр Чингис зочид буудалд болох юм. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд энэ сарын 27-нд хуралдахдаа МҮОХ-ны Бүх гишүүдийн хурлаа товлож хэлэлцэх асуудлуудаа зарласан. Гэхдээ Тэргүүн дэд Ерөнхийлөгч нь энэ тухайгаа фэйсбүүк хуудаснаа зарлангуутаа “эгүүлэн татсан”.Ийнхүү татах болсны шалтгаан нь хэлэлцэх асуудлын жагсаалтад “МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан, 2019 оны төсвөө батлах, зарим спортын холбооны гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах зэрэг асуудлыг хэлэлцэх бөгөөд хамгийн их хүлээлт болсон “МҮОХ-ны дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж батлах” гэсэн асуудлыг “хулгайлчихсан” юм. 

Тэгэхээр өнөөдрийн хурал ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа өгсөн Д.Загдсүрэн ерөнхийлөгчийн тухай хэлэлцэхгүй. Үүнд шүүхийн шийдвэр нөлөөлөх боловч бүтэн жил ямар "толгойтой" явснаа ярихгүйгээр "анатомийг" нь танилцуулах утгагүй. "Загас толгойноосоо өтдөг" гэдэг үнэн бол МҮОХ аль хэдийнэ "клиник үхэл"-д орчихоод байна. Ийм байгууллагаар луужин хийсэн тамирчид ямар амжилт үзүүлнэ гэж? Тэд алдаатайгаа амь бөхтэй эвлэрч, МҮОХ-ны дүрмийн шинэчлэлийг хэлэлцэхээс зугтаж хуучин дүрэм, хуучин хүмүүстэйгээ хуйвалдаантай цугларалт зохион байгуулчихаад Бүх гишүүдийн хурал гэж нэрлэж шийдвэр гаргавал дахиад л шүүхэд очно. 

Үүний цаана юу нуугдана вэ. Юуны өмнө МҮОХ-ны энэ хурал хууль ёсны юу, хууль бус уу гэдгээс асуудал эхэлнэ. Дүрэмдээ МҮОХ-ны гишүүн нь хүн биш хуулийн этгээд байх учиртай. Хэн гэдэг хүн байх нь бүр ч чухал биш. Тухайн спорт холбоо төлөөллөө болгож илгээсэн хэнийг ч оролцуулахад хангалттай. Дээр нь “Олимпийн зөвлөл” гэгч олимпизмын тухай бичсэн “самбарын манаач” 30-аад хүн “автоматаар” санал өгөх л үүрэгтэйгээр оролцдог. Үүргээ биелүүлснийх нь дараа Д.Загдсүрэн “Намайг дахиад сонгочихлоо. Миний ажлыг ингэж үнэлж байна” гэдэг. Яг ийм аргаар сонгууль будилаантуулдагаасаа болж МҮОХ-ны өмнөх хурлын шийдвэр шүүхэд очсон. Тухайн үед ял шийтгэл хүлээж байсан гэдгийг мэдсээр байж “бохир” хүнийг дахин сонгох “десант буулгах”-ын тулд тэднийг урьж ирүүлсээр 20-иод жилийн нүүр үзэж байгаа нь энэ. Тиймээс дүрэмдээ өөрчлөлт оруулахаар “хошгируулснаа” хэлэлцэх асуудлын жагсаалтаас “хулгайлсан” нь энэ. 

МҮОХ-ны өнөөгийн удирдлагуудыг солих цаг болсон. Тэдний дунд газрын наймаачин, оффшорчин, “60 тэрбумчин”, “албан тушаалын ургийн мод” гээд өнөөгийн улс төрд байгаа бохир муухай бүхний үр үндэс дэлгэрч байна. Тус холбооны ерөнхийлөгч нь газрын наймаа хийж байгаад ял сонсоод өршөөгдсөн. Өршөөгдсөнөө “цагаатгагдсан” гэж тайлбарлаж ОУОХ-г хуураад ажиллаж байгаа билээ. Оффшор данс нь Олон улсын эрэн сурвалжлах байгууллагын хараанд өртөж дэлхий дахинаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдсан Тэргүүн дэд Ерөнхийлөгч нь Монголбанкны Мөнгөний бодлогын хараат бус гишүүнээс эхлээд гэр бүлийнхээ бизнесийн олон салбарын бүгдийнх нь албан тушаалыг хамж давхарласан байдаг. Адаг сүүлд нь Монголдоо нэлээд томд тооцогдох олон нийтийн байгууллагын тэргүүн рүү улам давшин тэмүүлж өөрийн алдааг үл анзааран ОУОХ-ны Маркетингийн комисст хүртэл шургалж чадсан нь түүнд олон улсын чанартай байгууллагад байх “хэрэгцээ” бий болсон ч байж болох юм гэсэн хардлагыг төрүүлэх болсон. 

Үндэсний хэмжээний байгууллагын хувьд Монгол Улсынхаа нэр хүндийг бодсон ч Олон улсын байгууллагад улсаа төлөөлүүлж томоохон оффшорчин илгээнэ гэдэг нэр хүндэд сайнгүй шүү. ОУОХ, түүний гишүүн орнууд олимпизмыг улс төрийн зорилгоор ашиглах, авлига албан тушаал, оффшорын гэмт хэргийг үзэн ядаж, хатуу тэмцэж буй энэ цаг мөчид, ялангуяа 2020 оны олимпийн өмнө МҮОХ заавал ийм нэр цэвэр бус хүмүүсийг толгойдоо залж, улсаа төлөөлүүлэх шаардлагатай юу. Спорт бол цэвэр ариун, ардчилал, ил тод байдал, шударгаа ёсны өрсөлдөөний талбар. Энэ бол хэн зальжин, их мөнгөтэй нь “давхар дээл”-ээрээ гайхуулдаг улс төр биш. 

МҮОХ өнөөдөр сонголт хийх эрх чөлөөгөө алдсан. Өмчөө алдсан. Үл хөдлөх хөрөнгөө, өөрийн мэдлийн эзэмшил газараа эзэн нь хулгайлаад, бусадтай хуйвалдаад зарчихсан шүүхийн тогтоол энэ байна. Оноосон ял нь байсаар байтал “Албан тушаалын эрх ашгийн төлөө хэдхэн хүн өөртэй нь тэмцээд байна” гэж хэвлэлийн бага хурал дээр тайлбарладаг. Үнэн хэрэгтээ ОУОХ-ны Хартид нийцсэн дүрэмтэй болох, эрдэмтэн судлаачид, спортын холбоод, тамирчид дасгалжуулагчид хийсэн бүтээсэн гавьяа, оролцсон олимпын туршлагаараа МҮОХ-ны гишүүн болох эрх нь хаагдчихаад байна. Чамлалттай байна. МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нь ОУОХ-г хуурч, МҮОХ-ны өмч хөрөнгийг хяналтгүйгээр үрэн таран хийж байна. МҮОХ-ны удирдлагад ёс зүйн хувьд шаардлага хангахгүй хүмүүс багтаж Ёс зүйн хорооны даргаар нь мөн л ёс суртахууны зөрчил гаргаж намаасаа хүртэл хөөгдсөн хүн ажиллаж байгаа учраас үндсээр нь өөрчилж өөрсдийн итгэл үнэмшлээрээ сонголт хийж МҮОХ-г цэвэрлэж авах гэсэн хэрэг. Тэдний буруу юм бол өнөөдөр нийгэмд оффшорчин, газрын наймаачин, албан тушаалын наймаачин, авлигатай тэмцэгчид, албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг хонжоо хайгсад, ураг төрлөөрөө алба хашдаг явдалтай тэмцэж буй Засгийн газар ч буруу зүйл хийгээд байна гэсэн үг. 

Цаашид яах вэ? Та бүхэн санаж байгаа бол 2012 оны Лондонгийн олимпийн өмнөхөн Энэтхэгийн олимпийн хорооны удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдсон төдийд ОУОХ тэдний эрхийг хасч Энэтхэгийн тамирчид эх орныхоо биш, ОУОХ-ны туган дор жагсч олимпт оролцож байв. Ойрын жишээ гэвэл ердөө хоёрхон хоногийн өмнө буюу энэ сарын 27-нд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч Цунэказу Такэда албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнээр дараа жил эхлэх   олимпийн наадмын нэр хүндийг унагаахгүйн үүднээс гаргаж байгаа хэмээн тус улсын олон нийтийн телевиз мэдээллээ. Атаархсан шүү!!! Цунэказу Такэда нь “Токио-2020” Олимп болон Параолимпийн наадмыг Токио хотод зохион байгуулах эрхийг авах үйл явцад авлига өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Үнийн санал өгөх хорооны ахлагчаар ажилласан тэрээр өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэгдсээр байгаа ч Францын прокурорын зүгээс “Токиог төлөөлсөн үнийн санал өгөх комиссийг ОУОХ-нд өндөр албан тушаал хашиж байсан Сенегалын иргэний хүүд Сингапурын “Блэк Тайдингс” гэх зөвлөх үйлчилгээний компаниар дамжуулан 2.8 сая сингапур доллар өгсөн гэж үзсэн. Тиймээс 2001 оноос хойш Японы Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрбээр хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөөр боллоо.

Анзаарсан бол Д.Загдсүрэн шиг шүүхийн тогтоолоор батлагдаж ял сонсож өршөөгдчихөөд биш нэр холбогдох төдийд улсаа бодоод ажлаа өгдөг юм байна. Харин Д.Загдсүрэн бол Тамирчдын сэргэлтийн төвийн барилгыг зарж ял сонсочихоод 2015 оны 11 дүгээр сарын 28-нд хэвлэлийн бага хурал зарлаж “Нэг ч төгрөг аваагүй нь тогтоогдсон” гэж мэлзээд зогсохгүй шүүх байгууллагыг гүтгэсэн. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх гэж IV хороололд банкнаас зээл авч 40 айлын орон сууц бариулж тодорхой хэсгийг нь ажилчдадаа өгөөд үлдсэнийг нь зах зээлийн үнээр зараад банкныхаа өрийг дарчихсан гэдэг. “Бейсболын талбайн ард талын 30х100м-ийн хэмжээтэй газрыг бусдад шилжүүлж зочид буудал бариулах гэсэн чинь бүтээгүй. Тэр 47 сая төгрөгөөс нэг төгрөг ч аваагүй Одоо тэнд байт сурынхан бэлтгэлээ хийгээд байж л байна. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг гаргуулаагүй нь л миний буруу” гэхчлэн мэлзээд байсан. Одоо бодоход энэ нь УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдвэр гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ба Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтынхтай тун төстэй санагддаг. Үүгээр ч зогсохгүй АТГ-т шалгагдаж байх үедээ буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 19-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Би одоо АТГ-т шалгагдаж байна. Албан тасалгаа, гэр, тэр ч бүү хэл ах дүүсийн минь заримын гэрт нэгэн зэрэг АТГ-аас нэгжлэг хийж, баривчлан гэр бүлийнхэнтэй маань уулзуулалгүй 20 хоног хорьж цагдлаа. Энэ хачин нөхцөл байдлыг анхааралдаа авч, ээдрээ зангилааг тайлахад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн захидал бичсэн нь хэвлэлд нийтлэгдсэн байдаг. “Том жижиг” хоёр Ерөнхийлөгчийн холбоо харилцаанд энэ захидал хэр нөлөөлсөн нь түүнд үзүүлсэн Өршөөлийн хуулийн хэрэгжилттэй ч холбоотой байж болох юм. Тэр захидалд “Голомт”-ын Б.Баясгалан, Д.Дорлигжав нарын нэрийг дурьдчихсан, тийм л зайтай эр. Харин одоо бол Д.Загдсүрэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос лав дэмжлэг хүсэх боломжгүй болсон. Харин үүний дараа Цагийг эзэлсэн Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй спортын зарим холбооны  тэргүүнүүд 2015 оны нэгдүгээр сарын 20-нд зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Д.Загдсүрэн нь хууль бус үйлдэл  хийж шүүхээс ял сонссон хүн тул энэ нь спортын шударга ил тод байдлыг зөрчсөн хэрэг болсон" гэдгийг хатуу мэдэгдэж байв. 

Д.Загдсүрэнгийн балаг зөвхөн үүгээр дуусаагүй. Допингийн эсрэг төв түүний мэдэлд байдаг ч үйл ажиллагаа нь ямар байгаа билээ. Жакартад болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин П.Орхон яагаад хохиров, “Сахалин-2019” ямар амжилттай, ямар балагтай, хэдэн тамирчныг эрүүл мэндээр хохироож ирэв гэдгийг МҮОХ бүх гишүүдийн хурлаараа заавал хэлэлцэх ёстой. Яагаад БНСУ-ын лабораторитой байгуулсан гэрээгээр жилд 100 хүртэлх тамирчны сорьцыг үнэгүй шинжилэхээр гэрээ байгуулсныг нууж допингийн шинжилгээ авах төсөв нийслэлийн төсвөөс МҮОХ руу ороод зогсохгүй дээр нь шинжлүүлж байгаа тамирчин 250-300 ам.доллар төлж шинжилгээ өгөхөд хүрдэг билээ. Дуусашгүй олон асуудал бий шүү. Тиймээс өнөөдрийн хуралдаан дүрэм нь хуучин, гишүүд нь хуучин байгаа цагт ямар ч шинэчлэл авчрахгүй. Шинэчлэл авчрахгүйн төлөө хуралдаж байгаа бол МҮОХ хуралдах хэрэг байна уу! Дүр эсгэсэн шинэчлэл, дүрмээ өөрчлөөгүй хурал энэ бүхэн ялзрал, ялагдлыг л авчирдаг!