ЯДАМСҮРЭНГИЙН БАЯРАА:

УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ

СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ

Уншигч танд танилцуулах гэж буй шинэхэн зочноо ярилцлагын ширээний ард урихад догдолж, бяцхан сандрал бие сэтгэлийн дотуур гүйж байсан боловч айдас огт мэдрэгдсэнгүй. Ерөөс айдас ч гэлтгүй “эр зориг хэмээгч өөрөө ухаарлын үр” болохыг энэ хүнээс би хангалттай ойлгож таньсан билээ. Орон хотын чөлөөгөөр олон удаа дэргэд минь жавар нөмөрлөн алхаж, олны дундаас инээмсэглэн гарч ирээд гар барих чөлөөнд өчигдөрхөн салсан ч өнөд уулзаагүй эрхэмтэйгээ учирч байх шиг үргэлж шинэ сэргэг яриа, эрдүү хүнгэсэн дуугаар утга зохиолын үнэнийг чимээлж байдаг юм.  

Энэ хүн бол яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Ядамсүрэнгийн  Баяраа. Түүнийг ихэнх уншигчид Фёдор Михайлович Достоевскийн алдарт “Гэм зэм” романаас сэдэвлэн бичсэн “Гэм зэм буюу дахин төрсөн хүний түүх” хэмээх постдрамын жүжгийн зохиолч гэдгээр нь андахгүй. Тэрбээр яруу найргийн “Таслал” номоороо “Алтан өд”, “Цагаан толбо”, “Гэм зэм” жүжгийн зохиолуудаар “Гэгээн Муза” шагналыг хоёр ч удаа хүртжээ. Өдгөө СУИС-ийн Театрын урлагийн сургуульд багшаар ажиллаж байна.

Уран зохиол, театр хоёр бие биетэйгээ төгс зохицсоны үндсэн дээр жинхэнэ жүжгийг бид таашаан хүртдэг. Нэг ёсондоо жүжгийн зохиолч, найруулагч хоёрын харилцан  ойлголцол тун чухал гэсэн үг. Жүжгийн хэл нь жүжигчдээ хамгийн сайнаар хөтөлж, үйл явдлыг уйтгартай байдлаар бус уран шийдлүүдтэй хамтатган авч явах ёстой. Нөгөөтээгүүр хүн ухаандаа дахин төрдөг гэх санаа, харах өнцгийг бидэнд нээсэн мөнөөх л “Гэм зэм” жүжгээс бидний яриа эхэлсэн билээ.  

Хэн нэгнээс хариулт эрэн бэдрэх нь үргэлж сонирхолтой, зугаатай санагддаг” хэмээн Сатэрлэнд хэлсэн байдаг. Ингээд “Interview” талбарт таныг урьж байна.


“ЯАГААД?” ГЭХ АСУУЛТЫН БИЕЖСЭН ДҮР НЬ РАСКОЛЬНИКОВ

-“Гэм зэм” хэмээх уран зохиолын нүсэр байгууламжийг жүжиг болгон хувиргахаар сонгож авна гэдэг эр зоригийн асуудал. Үүнээс гадна танд тодорхой шалтгаан бас байсан болов уу?

-Энэ жүжиг тайзнаа тавигдаад хоёр жил болж байна. Дараагийн бүтээлүүд рүүгээ аль хэдийн шумбаад орчихсон явахад эргэж “Гэм зэм”-ийн тухай бодох сонирхолтой л  юм. Уучлаарай, үнэнээ хэлэхэд  Достоевкийг сонгох надад эр зориг байгаагүй. Зүгээр л сонголт байсан. Харин уран зохиолын эл том философийн байгууламжийг сонгож, тэр ч байтугай жүжиг болгож тайзанд тавих эр зоригийг найруулагч М.Батболд гаргасан. Тэр надад хандаж “Достоевскийн 220 жилийн ой болж байна. Тийм ч учраас бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. “Гэм зэм” романаар жүжиг хийе” гэж хэлсэн. Тэр хүн зориглочихсон байхад би асуудал тоочиж суух нь утгагүй. Шууд зөвшөөрсөн.  

Ерөөс орчин цагийн постмодерн эрин зууны үед хуучны сонгодог өвүүдийг шинээр задлах үйл явц дэлхий нийтийн соёл болсон. Сэдэвлэсэн жүжиг, кино зохиол бол тусдаа судлагдахуун. Уран зохиолын  бусад төрөл зүйл буюу яруу найраг ч юм уу, үргэлжилсэн үгийн бүтээлийг туурвихад уран бүтээлчийн тэмүүлэл, онгод шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ. Харин жүжгийн зохиолд бүтээгчийн үзэл санаа чухал.  

Манай театрын алдартай найруулагч Бирваагийн Мөнхдорж агсан жүжгийг “Үзэл бодлын өрөг” гэж  тодорхойлсон байдаг. Сайн шатарчин  олон нүүдлийн өмнөх нүүдлийг урьдчилж хардаг шиг өөрийн үзэл бодлыг дүрүүдээр дамжуулан тайзан дээр гаргаж тавих урлаг бол жүжиг юм. Үүгээрээ ч үгийн урлагийн бусад төрлөөс ялгардаг. Достоевскийн романууд бол үзэл санааны урсгал шүү дээ. Гол урсаж буйг хараад гол гэдгийг мэдэж болох ч, мэдрэхийг хүсвэл усанд нь умбаж, ядах нь ээ хөлөө дүрэх хэрэгтэй болно. Бид монгол үзэгчдийг Достоевскийн романд умбаж шумбаасай гэж хүссэн. Хүсэл маань ч биелсэн.  

-М.Батболд найруулагч та хоёрын гаргаж тавьсан өрөг, үзэл санаа юу вэ?

-Бид Достоевскийн гаргаж тавьсан үзэл бодлыг дүрийн сэтгэлгээгээр нааш татаж давхар ачаа, илүү тээшээс нь салгаж үзэгчдийн өмнө шинээр амилуулах ажлыг хийсэн. Тиймээс Раскольниковыг шүүлгэж, олны урд гаргаж наминчлуулах хэрэгтэй болсон. Раскольниковын гэмт хэрэг хийх болсон шалтгаан, гадаад хүчин зүйлүүдийг жүжгийн эхний бүлгийн шүүх ажиллагаа буюу прокурор, өмгөөлөгч хоёрын мэтгэлцээнээр гаргаж ирсэн. Жүжигт монологууд их чухал үүрэгтэй. Гол дүрээс дутахгүй сэтгэл зүйн орчилд орж буй дүрүүдийн романд илэрхийлдэг үзэл санаа, дуу  хоолойг монологууд дээр хуваарилж өгсөн. “Гэм зэм” жүжгийн эхний бүлэгт Раскольников нийгмийн шүүлтэд, харин хоёрдугаар бүлэгт өөрийгөө шүүсэн шүүлтэд өртөнө. Эдгээр шүүлтийн дундуур туучаад гарсан Раскольников хэн болон хувирч, сэтгэлгээ нь хэрхэн төлөвшиж байгаа тухай л жүжиг юм. Ер нь үзэл бодлыг нь хэрхэн сэтгүүрдэх  арга замыг олоод харчихсан байхад романыг жүжиг болгож хувиргахад асуудалгүй. Хамгийн гол нь Достоевскийн романдаа хөндөж тавьсан философийг сайтар ойлгох нь чухал.  

-Зарим судлаач, зохиолчид таныг “Гэм зэм” романыг хуулаад тавьчихсан юм уу, эсвээс шинээр задалж жүжгийн зохиол бичсэн үү гэх зэргээр хардаж, хоорондоо мэтгэлцээн өрнүүлж байна билээ...

-Тэгсэн. Би өөрөө театрын шүүмж бичдэг учраас аливаа жүжигт хэдий хэрийн шүүмж бичигдэж, нийгмийг хамарсан мэтгэлцээн өрнөдөг болохыг сайн мэднэ. Ер нь нэг жүжигт дунджаар арав гаруй л шүүмж бичигддэг. Зарим нь үүнээс бага. Угаас судлаачид нь тоотой шүү дээ. Гэтэл “Гэм зэм” жүжигт тав дахин их буюу тавь гаруй шүүмж бичигдсэн.  

Одоо тун удахгүй жүжгийн зохиолыг нь англи орчуулгын хамт болоод Достоевкийн 220 жилийн ойг тохиолдуулан хийсэн эрдэм шинжилгээний хурлын голлох таван илтгэл, зохиолыг орчуулсан Ц.Гомбосүрэн, голлох хэвлэн нийтлэгч Монсударын захирал Р.Энхбат, гавьяат жүжигчин Д.Ганцэцэг зэрэг хүмүүстэй хийсэн подкаст, уг жүжигт оролцсон зуу гаруй хүмүүсийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудын түүвэр, мөнөөх бичигдсэн тавь гаруй шүүмжийг эмхэтгэсэн “Дахин төрсөн хүний түүх” нэртэй ном хэвлүүлнэ. Энэ ном гарвал жүжгийн эцсийн үр дүн улам тодорхой болох биз. Магадгүй ийм том дата, өгөгдлийн сан бүрдүүлсэн жүжиг манай театрын түүхэнд ховор байх аа. Аливаа бүтээлийн ард сайн, муу, сайхан муухай гэсэн үнэлгээ дагалддаг нь жам. Ихэнх нь эерэгээр хүлээж авсан гэж би дүгнэсэн. 

Монголын модерн уран зохиолыг судалдаг гэгддэг доктор Ш.Баттөр, уран зураг судалдаг зураач М.Батзориг, хуульч Ч.Бат-Уянга гурвын хийсэн яриаг уншсан. Заримд нь “Гэм зэм”-ийн урилга явуулж л байсан. Үзээгүй. Жүжгийг үзээгүй хүмүүс атлаа чухам л үзэж, таньсан аятай дүгнэцгээсэн байна билээ. Судлаач хүмүүс бүгдийг мэддэг байж болно. Гэхдээ зөнч бол биш. Үзээгүй, таниагүй, ойлгоогүй юмаа шүүмжлэх нь ер нь манайд их түгээмэл. Тийм болохоор нэг их гайхаагүй.  

-Жүжигт монолог чухал. Та хэд хэдэн дүрээр дамжуулж монологууд гаргаж тавьсан. Эдгээр монологуудыг романы дүрүүдийн үйл явдал, үзэл санааг хэрхэн харгалзан үзэж сонгосон бэ?  

-Энэ бол найруулагч бид хоёрын хамтын ажиллагаа юм. Театр судлаач Д.Батсайхан доктор нэлээд хэдэн жилийн өмнөөс “Зохиолчид маань найруулагчидтай нягт уялдаж ажиллах хэрэгтэй байна. Найруулагчид байхгүй зүйл зохиолчид бий. Зохиолчид байхгүй зүйл найруулагчид бий” гэж зөвлөдөг байсан. Ерөөс театрын бүтээл гэдэг найруулагч, драматургч хоёрын хамтын ажиллагаанаас эхэлдэг. Энэ нь драматургч жүжгийн зохиолоосоо халиад шийдэл рүүгээ ордог гэх ойлголт. Тиймээс зохиолоо найруулагчид өгөөд л орхичихоос илүүтэй үргэлжлүүлж, хамтран ажиллах нь тун чухал. Тиймээс М.Батболд бид хоёр залуу хүмүүсийн хувьд нягт хамтарч ажиллая гэж бодсон. 

Монологийн хувьд эртнээс бүрэлдсэн тодорхой зүйл, зарчим бий.  Түүнээс дан миний бодлоор гарах юм гэж үгүй. Гол нь олон сцена, үйлдэл, дүрээр дамжуулан гаргаж цаг алдах, жүжгийн хэмнэлийг удаашруулж  үзэгчдийг уйдаах тэрхүү цогц санааг нэг дүр болоод зурвасхан үзэгдлээр үзүүлж, хэмнэлийг хурдасгах нь монологийн зорилго. Энэ үүднээс жүжгийн тавилтын хэмнэлд таацуулан монолог бичих хүсэлтийг найруулагч М.Батболд надад тавьсан. Жүжгийн нэгдсэн сургуулилтын өмнөхөн гэхэд л Раскольниковын сандалтай үзэгдлийн монологийг бичиж байх жишээтэй. Хүмүүст хүрсэн хэд хэдэн монолог найруулагч бид хоёрын хамтын ажиллагааны үр дүн.  

-Романы дотор дүрүүд хорон муу, эсвээс сайн сайхан гэрэл цацруулсан төрхөөр уншигчдад мэдрэгддэггүй болов уу. Заримдаа алуулсан эмгэнийг муу гэж дүгнэж болох ч нэгэнт хороогдсон учир мөнөөх дүгнэлт үгүй болно. Ихээхэн хоёрдмол чанартай дүрүүдийг жүжигт зориулан боловсруулахад ямар байсан бэ?

-Жүжгийн зохиолын оршил дээр энэ зохиолд сөрөг дүр үгүй гэж бичсэн байгаа. Учир нь “Гэм зэм” роман өөрөө сөрөг дүргүй. Угаас реалист уран зохиолын хүн төрөлхтний сэтгэлгээнд гаргасан хамгийн том дэвшил нь тэр. Виктор Хюгогийн “Парисын эх дагинийн сүм”-ийн Пролло ч юм уу, Шекспирийн жүжгүүдэд төгс сөрөг дүрүүд бий. Романтик уран зохиол тийм байдаг. 

Гэтэл Гюстав Флобер, Михайл Достоевский зэрэг суутнуудын реалист бүтээлүүд амьдралд огт сөрөг дүр байдаггүйг бидэнд хэлж өгсөн. Энэ амьдрал бол хувирагч олон өнгөний цогцлол болохоос бус сөргөлдөгч олон өнцөг биш. Хэн нэгний хувьд чин үнэн эсхүл яруу сайхан санагдаж буй зүйл өөр нэгний хувьд төгс буруу байж болно. Ийм л харьцангуй зүйл, энгийн ойлголт шүү дээ. Учир нь аливаад бодитоор хандах зарчмын реалист үүднээс сөрөг дүр гэж байхгүй болсон. Яахав манайхан социалист реализмын үеэс, Горький монгол зохиолчдод сургасан гэлцэг идэвхтэй байх зарчмын үүднээс төгс сөрөг дүрүүдийг бүтээлдээ угсрах хүслэн их байдаг л даа. Одоо хүртэл “танай, манай талын дүр” гэх хүүхдийн гэмээр сөргөлцөл утга зохиолын хүрээнд гэнэхнээр оршин байдаг. Харамсалтай нь 1857 онд Флоберийн “Бовари хатагтай” роман гарснаас хойш сөрөг дүр үнэндээ үгүй болсон шүү дээ.  

-Тэгвэл дүрүүдийн зөрчлийг үйл явдал, дүрийн онцлогоос гадуур хэрхэн тодорхойлж, тайлал хийх вэ?

-Хамгийн гол нь тухайн хүн, дүр яагаад тийм алхам, сонголт хийх болов гэдгийг ойлгуулах л чухал. Достоевский бол түүнийгээ тун их тайлбарлаж, олон удаа давтан ярьсан байдаг шүү дээ. Тиймдээ ч Раскольников бол гэмт хэрэгтэн бус “яагаад” гэх асуултын биежсэн дүр мөн. Иймэрхүү наминчлалын агуулгыг Раскольниковын үйлдсэн бүхэн, бодол санаанаас ялгаж романаас барьж авах нь төвөгтэй үйл явц л даа. Энэ хүндрэлийг даван туулснаар Достоевскийн философийн байгууламжаас үзэл санааг нь сугалан гаргаж үзэгчдийн өмнө тавьж байгаа хэрэг.  



ТЕАТР СУУДАЛ ДЭЭРЭЭ УНТАЖ БАЙГАА ҮЗЭГЧИЙГ Ч ХҮМҮҮЖҮҮЛДЭГ

-“Гэм зэм” жүжгийг анх үзэгчдэд хүргэх, хүргэсний дараах мэдрэмжээ тодорхойлооч. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэхээс айж байв уу?

-Театрын урлаг багийн урлаг учраас уран бүтээлчийг алхам тутамд хүмүүжүүлдэг. Ер нь театрын суудал дээр гурван цаг унтаад гарсан үзэгчийг ч хүмүүжүүлчих нь бий. Тайзны ард, үзэгчдийн хойно байгаа гэрэлтүүлэгч, эсвээс дуу шуум дээр сууж буй найруулагчийн бүдүүлэг алдаанаас болж жүжгийн нэг хэсэг тэр чигтээ сүйрч болно. Харин манай жүжгийн багийнхны хамтын ажиллагаа маш нягт байсан тул үүн дээр огт санаа зовоогүй. Дээр нь жүжгийг бичихдээ судалгааг сайтар хийж, тодорхой эрдэм шинжилгээний хурал ч зохион байгуулсан гэдгийг дээр дурдсан. Зохиолын судалгаа чамгүй хийгдсэн учраас хуулаагүй, цоо шинээр сэтгэж хийсэн болохоор итгэлтэй байсан даа.  

Үүнээс гадна найруулагчийн жүжигт гаргаж тавьсан эрэлхийлэл, шийдлүүдийг хангалттай харсан тул ерөнхий цар хүрээ, агуулга, үр дүнгийн хувьд үндэсний театрт дэвшил болохыг мэдэж байсан. Үйл явцын дунд жижиг алдаа гарсан ч ерөнхий жүжгийн агуулгад хортой нөлөөлж чадахгүй болов уу гэж санасан. Тийм алдаа ч гараагүй дээ. Мөн үе үеийн чадварлаг жүжигчид болох Ц.Төмөрбаатар, Ш.Доржсүрэн, П.Эрдэнэзаан, Д.Ганцэцэг, Б.Одгэрэл, Д.Түвшинбаяр зэрэг бүгд өөрсдийн үүргийг мэргэжлийн өндөр түвшинд ухамсарласан, ямар ч продашкнд очоод ажилласан тэрхүү үүргээ нэр төртэй гүйцэтгэж, дагалдан буй залуу уран бүтээлчдийг үйлдлээрээ чиглүүлээд явчих театрын өндөр соёл суусан уран бүтээлчид жүжигт ажилласан.  

-Гол дүрийн жүжигчин Д.Лхагвад зарим судлаачид шүүмжлэлттэй хандсан. “Хий хоосон хашхираанаас өөр жүжиглэлт олж харсангүй” гэх зэрэг хурц нийтлэлүүд хэд хэдэн гарсан шүү дээ...

-Мэдээж гол дүрийн сонголт намайг ч, найруулагчийг ч түгшээж байсан. Гэхдээ энэхүү дүрийн төлөө хамгийн их түгшсэн хүн жүжигчин Д.Лхагва өөрөө. Тэр хүн энэ бүх түгшүүр, эргэлзээний ард нэр төртэй гарч чадсан. Тавь гаруй тоглолтын турш жүжигчин Д.Лхагва гэдэг хүн жүжигтээ тоглолт ахих тусам уусан нэгдсэнээс гадна, тухайн жүжигт тоглож буй хамт олны ноён нуруу болсон. Тэр жүжгийг өөрөө урагш чирч эхэлсэн. Энэ нь надад уран бүтээлчийн хувьд урагш алхсан, жүжгийн дүрдээ өөрөө амьдарч эхэлж байгаа санагдсан. Театрын урлаг жүжигчинд өгч буй хамгийн том өгөөж нь энэ юм. Тэнд юуг ч хуурч, аргалаад өнгөрөх боломжгүй. Бүдүүн баараг хандлага гаргаж, өнгөц алхам хийсэн мөчид тайзны харанхуй орон зай жүжигчнийг залгих гээд отож байдаг юм шиг санагдсан. 

-Зохиол дээр гарч буй Раскольников шүүлтээр орж, гэмээ наминчилж буй хүн гэж та ярьсан. Гэхдээ түүний мөн чанар, өөрийнхөө ядуу байгаатайгаа эвлэрч чадаагүйг юу гэх вэ. Хүн хүнийг, өөрийгөө байгаагаар нь хүлээж авна гэдэг хайрлахын нэр шүү дээ. Раскольников тэгж чадаагүй шиг санагддаг...

-Залуу насандаа хэн хэнгүй л нийгмийн байгуулалт, тодорхой ёс суртахууны хаяа хязгаарт баригдалгүйгээр гайхамшигт шинэ зүйлийг бий болгох, үйл хэргийг бүтээх эрмэлзлийг дотроо тээж явдаг. Раскольников бол яг тийм эрмэлзлийн бодит дүр. Жүжгийн хувьд тэрхүү эрмэлзлийг нь уудалж, илэрхийлэх, түүнээс шалтгаалан гаргасан алдас, хариуцлагаа хүлээж буй ёс суртахууныг нь гаргаж өгөхийг зорьсон. Ер нь залуу насны “nickname” нь алдаа юм биш үү. Залуу нас нийтлэг үнэлэмжийн хязгаарыг давж алдаа гаргах, тэр алдаа нь оноо болох, эсвэл алдас болох л үйл явц. Үүгээрээ “Гэм зэм” залуу насны роман. “Харанхуйд төөрөлдсөн хүү гэрэл гэгээг олж харав”. Энэ бол эх зохиолын үндсэн код. Төөрч будилсан, эрч хүчээ хий дэмий шатаасан залуу насны төгсгөлд тэр хүн хэрхэн аж төрөх вэ гэдэг гарцаа олж харсан. Гарц олж харна  гэдэг амьдралын хамгийн том алхам.  

Гаднаа амжилттай яваа мэт харагдах ч амьдралын чиг шугамаа олоогүй өтөл хүмүүс өчнөөн бий. Чиг шугамаа олоогүй, зөвхөн агшин зуурын ашиг завшаан эрж хайдаг хүмүүс олон.  Түүнийгээ агуу үйл хэрэг мэтээр тайлбарладаг бэртэгчдээр ертөнц дүүрэн. Харин Раскольниковын дүр тийм биш. Тэр нь хувь хүний ялалт. Хүнд ухаарах мөч ирэхэд ухаарч чадвал ямар ч гэмт хэрэг өдүүлсэн бай эрт орой хэзээ нэгэн цагт хүн болж төрснийхөө мөн чанарыг бүтээж  байна гэх наминчлалын санааны дүрийг Раскольниковоос, “Гэм зэм”  жүжгээс хэн бүхэн олж харсан болов уу.  

-“Гэм зэм” жүжгийн нэг онцлог нь тайз. Тайзны шийдэл Монголын театрын түүхэнд нэлээд онцгой, орчин үеийн шинж чанартай байсан. Тайз бол ердөө л хоёр тонн жинтэй шүүгдэгчийн тавцан. Өөрөөр хэлбэл хүнд төмөр ширээ маягийн дөрвөлжин хайрцаг санаанд бууна. Тайзны хөшиг хаагдаж, нээгдэхгүйгээр тэнд л бүх зүйл. өрнөж байсан шүү дээ...

-Тайзны шийдэл бүр ч гоё болох боломжтой байсан гэж би боддог. Яагаад гэвэл манай тайзны зураач Л.Батбилэг Соёл урлагийн сургуулийн Тайзны зураачийн анги төгссөн, олон улсын болон дотоодын олон төсөл дээр удаа дараалан ажилласан залуу атлаа, туршлагатай уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч багш хүн. Харин түүний ажилласан орчин их хүнд байсан. Гаднаас ямар нэгэн технологи, эд анги авчрах боломжгүй тул цэвэр дотоодын нөөц бололцоогоор хийсэн. Жүжгийн байгуулалт, тайзны ажил хийгдэж байх үед ковидоос шалтгаалсан хөл хорио тавигдаагүй байсан юм. Тийм орчин нөхцөлд хийсэн мөртөө тун ч амжилттай болсон. Л.Батбилэг арав гаруй залуустай багийг ахалж, театрын биш үзвэрийн зориулалттай тайзан дээр жүжгийг амжилттай авч гарсан. М.Батболд найруулагчийн тавилт тэрхүү ухаалаг тайзыг жүжгийн нэг дүр болгон хувиргасан. Учир нь тайзны дуу, эргэлт нь хөгжмийн зохиомжтой нийлж цогц санаа, хэмнэлийг гаргахыг зорьсон. 

-Жүжгийн хоёрдугаар улирлын төгсгөлд “Орфей” театрын дараагийн “шуум” эхэлсэн. Михаил Булгаковын “Мастер Маргарита хоёр” хэмээх хэдэн үеийнхний шүтээн болсон романыг жүжиг болгох тухай сураг чих дэлссэн. Гэтэл одоо хүртэл чимээ гарсангүй. Яагаад тэр вэ?

-“Мастер Маргарита хоёр” романы тухайд бол цаг үеийн байдалтай холбоотой болов уу. Бид Достоевскийг амжиж тавьсан. Гэтэл он гараад л олон улсын байдал хурцдаж Орос Укрианы хоорон дахь байдал хурцдаж, дайн эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор орос зохиолчдын бүтээлийг театрт тавихад бэрхшээл тулгарч, тус романыг жүжиг болгох үүднээс хийгдэж байсан хэлэлцээрүүд цуцлагдсан. Миний хувьд гол шалтгаан нь энэ. Түүнээс бус эцсийн хариуг нь би хэлж чадахгүй. Үүнд “Орфей” театрын продюсерүүд л нухацтай хариулах байх. 

-“Гэм зэм” жүжиг тоглогдсоноос хойш театрын урлагт өвөрмөц эрэлхийлэл их гарах болжээ Сэтгүүлч Б.Ганчимэг “...эл жүжгээс залуу үеийн багтраан сонстож байна, шатаж багтарч яваа залуус юм хийж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш Э.Ёндоншарав найруулагчийн жүжгүүд, Херо Баатарын “Тамгагүй төр” жүжгийн шинэчилсэн тавилт зэрэг театрын урлагт далайцтай, хүмүүст хүртээмжтэй бүтээлүүд шил дараалан гарсан. Энэ бүгдийг судлаачийн үүднээс хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Манай театрын урлаг эрчимтэй сэргэж байгаа. Энэ бол театрын түүхэнд байгаагүй сэргэлт. Хамгийн гол нь хувийн олон театр бий болжээ. “Black Box”, “Хувьсал”, “Мөрөөдлийн театр”, “Орфей”, “Pro”, “Bee” гэх мэт... Тэд янз бүрийн арга барил, өөр өөрсдийн онцлогтой. Сайн, муугийн хэмжүүрийг нь харин цаг хугацаа, үзэгч хоёр шүүнэ. Гол нь монголчуудын оюуны соёл сайжирсан учраас хошин шог үзэхээ больсон. Тиймээс хошин шогийн продакшнууд нэг хэсэг инээдмийн кино руу хандаж хэсэг явсан. Түүнийг нь ч одоо хүлээж авахаа больчихож. Өөрөөр хэлбэл, нийгмийн урлагийг хүлээж авах хандлага, босго тийм ч намхан биш болчихжээ. Эрх чөлөөт ардчиллын үрээр хүмүүс гадаад, дотоодод чөлөөтэй явж, соёлжиж байна. Одооны үзэгчид XVI зууны үеийн хэрмэл жүжигчдээс өөрцгүй шог гарааг хүлээж авахаасаа өнгөрсөн. Цомцойтол суугаад эсэн бусын юм хольсон концерт үзэх ч утгагүй болжээ. Энэ л жинхэнэ соёлт сэргэлт юм. Энэ сэргэлт төрөөс үл хамааран ард түмний оюун санаанд бий болсон нь илт харагдах боллоо. 

Манайдаа ганц Улсын Драмын Эрдмийн театр ялгаагүй арга барил, өөрийн урын санд цогц бодлоготойгоор өөрчлөлт хийхийг эрмэлзэж, тэр нь бодитой болж байгааг бид харж байна. XX дугаар зуунд дэлхийн театрын урлагт бий болсон сэтгэлгээний дэвшил, Брехтийн “Туульсын театр”, Питер Брүүк, Ёжи Гротовскийн эрэлхийллүүд одоо л Монголд орж ирж байна. Энийг дагаад бусад үзүүлэх урлаг, дүрт бизнест эерэгээр нөлөөлөөд эхэлчихсэн. 

-Зарим талаараа зээлдмэл, түүхий шийдэлтэй жүжгүүд тавигдаж байгааг мөн юу гэж харж байна вэ?

-Тэр бол шинэ зүйлийг дагалдан гарч ирдэг ердийн үзэгдлүүдийн нэг. Харин ерөнхий утгаараа бол монгол залуус театр үздэг болсон. Театраас сэтгэл хангалуун гарах болсон. Үзэгчдийн оюуны хэрэгцээг гүйцэхүйц театрууд бий болсон нь том дэвшил. Өмнө нь хэзээ ч ийм олон хувийн театр, олон төрлийн жүжгүүд тавьж байсангүй шүү дээ. Гашуун үнэнийг хэлэхэд биеэ тоож, найруулагчаар “дүр” хийсэн бурхангүй газрын бумбанууд одоо хол явахгүй нь тодорхой болчихоод байна. 

-Таны бодлоор энэ цагийн хамгийн супер жүжигчин хэн бэ?

-Гадны том одуудыг хараад байхад театр, кино хоёрт аль алинд нь тоглодог, тоглолтыг нь харах гэж үзэгчид ч шавдаг юм билээ. Манайд харамсалтай нь ийм гүйцэтгэлтэй жүжигчин алга л даа. Жүжигчид өөрийгөө хайрцаглаад, сүүлдээ нэг л хүн олон дүрд тоглоод яваад байх шиг, эсвэл жүжигчний өөрийнх нь дүрд тааруулж найруулагчид дүр хувиарладаг болчихож. Энэ нь бие махбодийн боловсрол гэхээсээ илүү оюуны хүчтэй холбоотой юм шиг санагддаг. Манай жүжигчний сургалтыг хараад байхад номд араа өгсөн, бичих, унших дадалгүй хүмүүс л үйлвэрлэж байна. Дан ганц өөрийн сэргэлэн ухаан, өгөгдлөөрөө жүжигчин хүн хол явахгүй л дээ. Ийм айхтар мэдээлэлжсэн цаг үед. 

Сүүлд нээрэн “Гэм зэм” жүжиг дээр жүжигчин Д.Ганцэцэгийг хараад биширсэн юм байна шүү. Тэр хүн эрчтэй хөтлөөд явахаараа нэг бүлгийг 10 минутаар хурдасгаж байсан. Нэг цагийн үзэгдлийг 50 гаруйхан минутанд багтааж орхино. “Гэм зэм” жүжгийн шүүхийн бүлэг яриа хэт ихтэй, үйлдэл багатай учраас үзэгчдийг уйдах вий гэж зовинож байсан. Гэтэл Д.Ганцэцэг жүжигчний тэр тоглолтыг үзээд хувь хүний хувьд их баярласан. Юу гэдэг билээ, “маэстро, браво” гэдэг үгнүүдийг түүнд л хэлмээр. Гэхдээ тэр кинон дээр хэтэрхий даваадуулаад, хурцдуулаад байх шиг санагддаг. Магадгүй кинонд Д.Ганцэцэгийн ганг зөөллөх найруулагч хэрэгтэй ч юм шиг санагддаг. 

-М.Батболд театрын хаан суудалд сууж чадах болов уу. Та яаж харж байна?

-Гашуун үнэнийг хэлэхэд манай театрын ертөнц хаан, хатан тодруулаад байхаар том ертөнц биш л дээ. Ерөнхийдөө театрын сэтгэлгээ оросын вассал явж ирсэн. Сүүлд “Херо” Б.Баатар найруулагч хятадын вассал болох чигт бас алхам хийсэн байна лээ. “Хятадын тогос гүнж” дэлхийд алдаршсан Ян Липин гэж цуутай бүжигчин, бүжиг дэглээч байна. Тэр хүний хоёр жилийн өмнө Тяньжинд толилуулсан “Pingtan Impression”гэж тоглолт байна. Тэр эмэгтэй манай “Тамгагүй төр”-ийг үзвэл тэхий дундаас нь гарахаар л юм билээ. Гэхдээ яахав манай театрт хятадын хүчирхэг хроеграфийг оруулж ирж байгаа нь олзуурхууштай юм л даа. Энэ мэтчилэн манай найруулагчид эрэлхийллийг эрвийх дэрвийхээрээ л хийж байна. 

М.Батболд найруулагчийн хувьд дотооддоо хандсан жижиг төслүүд биш гадагш хандсан том төслүүд хийгээсэй гэж боддог. Эдинбургийн фестивальд ч юм уу, эсвэл Берлиний тайзан дээр түүний жүжиг гологдохгүй гэдэгт хэд хэдэн бүтээл дээр хамтарч, арга ажиллагааг нь ойроос харсны хувьд итгэлтэй байна. Тэр бол “youtube” харж үзэгдэл дэглэдэг “amateur” биш. Мэргэжлийн найруулагч хүн. Хаан болох уу, нэг довны заараг уу гэдгээ монголчууд аян дайн хийж л нотолдог байсан эртний уламжлалтай. Үгүй ядах нь ээ наадмын нээлт найруулаасай, Шекспирийг тавиасай. Гэхдээ ер нь театр цээжээ хийлсэн хаадыг биш үнэнч боолуудыг л таалдаг даа. Л.Өлзийтөгс найрагч “Хүн хайртай зүйлдээ үнэнч байдаг” гэж хэлсэн. Үнэн байх аа. М.Батболд тайзны хаан гэхээсээ үнэнч боол нь байх шүү.

Ярилцагч Б.Алтанхуяг


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ....