Бурхан багш дээр балчир үрийнхээ цогцсыг тэвэрсэн нэгэн эмэгтэй ирээд “Сэхээж өгөөч” гэж уйлан хайлан шалжээ. “За тэгвэл надад атга гич будаа хэрэгтэй байна. Гагцхүү тэрийг амраг саднаа алдаж үзээгүй айл гэрээс авах учиртай юм шүү” гэж Бурхан багш хэлжээ. Итгэл найдвар өвөрлөсөн бүсгүй захиасыг биелүүлэхээр шулуудав. Айлаас айл дамжин бэдэрсээр. Атга гич хаанаас ч олдох боловч хагацал үзээгүй айл гэр олдсонгүй. Нэг нь аав, ээжээсээ өнчирсөн гэхэд нөгөө нь ах, дүүгээ алдсан гэх. Зарим нь үр садаа алдсан байхад зарим нь амраг хайртнаасаа салсан гэх. Тэр бүхнийг сонсож явсаар ганц өөрийг нь биш, газар дэлхийд төрсөн бүхнийг дайрдаг мөнх бусын жамыг ухаарсан бүсгүй эргэн ирээд, Бурхан багшаас номын авшиг хүртэж, гэгээрлийн замд оджээ.

Мөнх бусын тохиол бүрийг гэгээн мөрийн дуудлага болго гэж багш бурхад хэлдэг сэн. Миний хувьд ганц ахаа өнгөрсөн зун бурханы оронд үдлээ. Ах маань эмч хүн байсан юм. Нэгдүгээр амаржих газар ажиллаж, хоёр мянгаад хүүхэд эх барьж, долоон мянга гаруй хүнд хагалгаа хийжээ. Ахаараа жишээлж эмч нарыг ойлгож, хайрлаж, хүндэлж яваасай гэж нэгэнтээ учирлах гэсэн юм. Эмч болох гэж, тэр тусмаа нарийн мэргэжлийн эмч болох гэж хатуу хүтүүг туулан байж залуу насныхаа дийлэнх хувийг зориулсан ах минь. Авдаг цалин бага, ажлын ачаалал их. Ердөө л бусдын үйл үр, өвчин зовлонд хутгалдах гэсэн цагаан “лай” нь дуудаад байдаг бололтой, эмч бологсдыг. Амь аварлаа гээд ажлаа л хийсэн төдий болж харагдах, алив нэг эндэл гарвал бүгдэд гэм зэмтэн болж чичлэгдэх хэцүү хувь заяа. 

“Нэг хүний амь аврах бүх ертөнцийг аварсантай тэнцэнэ” гэсэн Тоор судрын үг бий. Учир нь, энийг тэрлэгч би, уншигч та ч тэр л нэгээхэн хүн шүү дээ. Таны, миний дотор бүхэл бүтэн ертөнц оршин буй. Түүний үнэ цэнийг эмч хүн хамгаас илүү мэдэрдэг. Хуруу хөдлөхийн төдийд үхэл, амьдрал шийдэгдэх, тэр нь заримдаа бурхан тэнгэр ч баталгаа өгөх аргагүй эрсдлийг мэдэрч явдаг эмчийн сэтгэл зүрхний ачааллыг төсөөлөхөд бэрх. Алдаа эндлийг нь нийгэм даяараа шуугин эмч бүхэнд хаяглах мөртлөө амь аварсан гавъяаг нь тоож дурдахгүй, дурдлаа ч нэг бөхийн даваа тойрсон нижигнээн дунд хэн тоож сонсох. Адаглаад цалин нэмж өгөөч гэж ажил хаях “эрх”-гүй хүмүүс. 

Ах маань өөрөө аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн хүү. Тэгсэн мөртлөө том охиноо эмч болъё, Анагаахад оръё уу гэхэд нь зүрх хүрсэнгүй гэж хүүрнэж суусныг нь бодохоор өр өвдөм. Нэгэн бэрх хагалгаа хийж, эх хүнд амьдрал бэлэглэчихээд амсхийхдээ ахын минь зүрх үүрд амрахыг хүсчээ. Дөчин долоохон насандаа. Гэлээ ч харамсах аргагүй. “Хүний амьдралын үнэ цэнэ урт удаандаа биш, чанар чансаандаа л бий” гэсэн Бурхан багшийн үг санаанд буунам. 

Буяны мөртэй явсан хүний өмнө бурханы орон үүдээ нээдгийг ах минь надад харуулсан. Хэн хүн итгэхэд бэрх ч би лавтай итгэж биширч яваа. Биеэс хальсан хойноо, тэнгэрийн гэгээн замдаа нэгэнт орчихоод нинж хайрын эрхээр үлдэгсдэд буулгасан үгийг нь амьд судар хэмээн дээдэлж, үг авиа бүрээс нь ухаарал нэрсээр явна. Хагацлын уй гашууд шаналж яваа зүрх бүхэн амьдрал мөнхөд үргэлжилдэг үнэнийг мэдэрч тайтгараасай. Тоостын нугачаанд эндэж бүдчих байвч сүнсэндээ буртаг тортог тээхгүй явахад гол мөрөн далай руу урсдаг шиг аясаараа л тэр гэгээн зүгт оддогт итгээсэй гэсэндээ ахын захиасаас хуваалцъя. 


Ах нь сайханд зорьсон

Айдас бүгдээс ангижир...

Байгаа бүхэндээ таларх

Байхгүй нь чамд хэрэггүй...

Аавыг аргадаж, ээжид залбир

Үүнээс сайхан орчлон байдгийг

Хоёуланд нь таниул...

Замын чулууг орхиод

Залбираад түүн рүү тэмүүл.

Заасан бүгдийг минь мартаад

Зах хязгааргүйтэй л нэгд.

Замаас чинь би тосно...

Нүдээ буцаад нээ

Нүгэл гэж байхгүй.

Нүдээ олсон тул

Эндээс тийшээ зорино...

Надад гомдох хэн ч үлдээгүй

Бүгдэд талархаж явдаг.

Иймд хэн ч бүү

Дотроо бас гаднаа харамс.

Захгүй тэнгэр мөнхөд

Замаар нэг л өдөр хүрнэ.

Нэгэнт хүрэхээс хойш

Нэмээд юу ч бүү хүс.

Байгаа газраа зогсоод

Байгаль дэлхийтэй нэгд.

Байсан алдаагаа уучлаад

Байгаа бүхнээ хүлээн ав...

Усыг рашаан болгоод

Уурыг мөс болго.

Ууцыг сүүлэнд уусга.

Ундууцлаас эгнэгт ангижир.

Эндээс бүгд хагацавч

Эргээд нэг өдөр учирна.

Иймд номын хөлд

Эгшин хоромд залбиръя.

Энд их сайхан

Энх тунх мөнх оршино.

Эндээс хэн нь ч явахгүй

Эргээд л үлдсэнээ татдаг...

Амьдралыг хэцүүд тооцох ёсгүй

Ахиад ихэнх нь ирдэг

Алхах мөрөө үлдээдэг

Амьдралд ороод гатал.

Хэн нэгэн гэж байхгүй

Хэзээд бүгд нэг учир

Хэрхэвч бусад руу бүү халд

Хэн боловч өөрийгөө л хичээ.

Бүгд танд нээлттэй

Бүх оршихуй нэгдсэн...

Ахиж төрлийг хүлээхгүй

Амьдралд талархалтай буц...