• “Тэнгэрт Аллах, газарт Гитлер”–1940 онд Сирид тархсан мусульманчуудын залбиралын үгс, уриа
  • Зөнчтэй адилтгах ганцхан хүн байна. Тэр бол Гитлер


Дорнод Иерусалим дахь Палестины автономит нутаг дэвсгэрт 1999 онд хэвлэж худалдаанд гаргасан “Миний тэмцэл” (Mein Kampf) номыг Каирт би нэг араб танилаасаа олж үзсэн юмсан. Тэр ном 10 орчим ам.доллартай дүйцэх израиль шекелиэр гялалзтал зарагдаад бүрбестселлер болсон ба одоо ч арабчуудын дунд эрэлттэй байгаа гэсэн. Өмнөх үг нь“Адольф Гитлер хэзээ ч мартагдахгүй, тэр герман үндэстэнд үл хамаарна, учир нь тэр дэлхийн хүн учраас дэлхийд хамаатай” гэсэн өгүүлбэрээр эхэлжээ. Бүх дэлхийн түүхэнд хувь нэмрээ оруулсан энэ түүхэн хүнийг ойлгох хэрэгтэй гэсэн уриалга дагалджээ. Ойлгохын тулд “Үндэсний Социализмын Евангел” болох Mein Kampf-ыг судлагтун, уншигтун, Гитлер үхсэнээр Үндэсний социализм огтхон ч мөхөөгүй юм гэсэн мөрүүд ярайж харагдана. Тэр оршил үгэнд бичсэнээр бол, Гитлер нь эмгэнэлээр дүүрэн, хамаг юмаа устгуулсан, домог болсон жирийн цэрэг, Гитлер нь үзэлсуртал, үзэл суртлын асар их өв сан, өв сан нь улс төр, нийгэм, шинжлэх ухаан, соёл тэр чигтээ байх аж. Түүний өдүүлсэн дайн бол мөн л тэр чигтээ шинжлэх ухаан, соёлын өв гэнэ. Тухайн үедээ Багдадын номын мухлагуудад Саддам Хусейны ботиудтай зэрэгцээд Mein Kampf битүү чигжээстэй, Гитлерийн амьдрал тэмцлийн тухай Хусейны өөрийнх нь бүтээл ч бестселлер болж байсан гэлцдэг. 

Хүн төрөлхтөнд, ялангуяа европчуудад нацистуудын учруулсан асар их хохирлын тухай Дэлхийн II дайны болон Эх орны дайны тэмдэглэлт ойг угтуулан өргөн дэлгэр өгүүлдэг ба үнэлгээ дүгнэлт нь ч ерөнхийдөө адилавтар. Европ, Орос, Америк, Израилийн хувьд энэ дайн хийгээд түүнийг өдүүлсэн Германы нацистууд нэг л үнэлгээтэй бол харин Ойрхи Дорнодын арабын улсууд, зарим лалын орнуудад огт өөрөөр, бүр эсрэгээр үнэлж дүгнэж байхаж.

Англи-францын колоничлогчдоос салж тусгаар тогтнолоо олж авахад нь нацистын Герман гол өмөг түшиг байх тухай нийгмийн сэтгэхүй Араб дахинд хүчтэй тархсан яг тэр үед дэлхийн II дайн дуусч, арабчуудын итгэлийн гал хамт мөхсөн ч тэднийг холбох өөр нэг бат бэх холбоос үлдсэн билээ. Жүүдийн эсрэг нацистуудын уриа лоозон араб мусульманчуудын сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ. Тиймдээ ч II дайны дараа нацистын гэмт хэрэгтнүүд үй олноороо Египет, Сири, Ирак, Судан, Саудын Араб, Йемен, арабын бусад улс руу дүрвэн гарч толгой хоргодсоны шалтгааныг мэдэж цөхөх юмгүй. Нюрнбергийн олон улсын шүүхийн шийдвэр жүүдийг үзэн ядагч мусульманчуудад падгүй. Загалмайтан асан нацистуудыг лалын шашинд элсүүлэхдээ арабчууд хөл алдан, цаадуул нь ч хэл үггүй исламд орж, нэрээ сольцгоон амь аврагдав.

Иерусалимын их муфтий Хаж Амин аль-Хуссейни өөрөө биечлэн Заксенхаузен, Освенцим, Майданек зэрэг бөөнөөр хорих лагериудаар явж, жүүд нарыг хэрхэн хүйс тэмтэрч байгааг харж шалгаж явсан баримт хангалттай. Энэ ажлыг түүнд зориулан зохион байгуулдаг байсан СС-ийн гауптштурмфюрер Бруннер хожим нь муфтийн туслалцаатайгаар ялаас мултарч, Ойрхи Дорнод руу дүрвэн Дамаскт олон жил амьдарчээ. Дайны дараа СС-ийн маш олон цэргийн гэмт хэрэгтнүүдийг “Цагаачлалын асуудлаархи Араб-Германы төв” гэгчийн шугамаар тэр хамба Ойрхи Дорнод руу шингээсэн юм. Фельдмаршал Роммелийн албат хурандаа Ханс Мюллер гэгч энэ төвийг байгуулаад хамбын Каир дахь албан конторт байрлаж байв. Тэрээр лалын шашинт сирийн иргэн Хосан Бей гэгч нэрээр олон жил эсэн мэнд явсан юм.

1950-иад онд арабын орнуудад Вермахт, Гестапогийн 8000 орчим офицер бүгж байсан баримт байдаг. Израиль улс байгуулагдсаны дараа дээрхи муфтий Каирт байхдаа нацистуудыг Египет рүү олноор нь оруулж бүгүүлэх үйлсийг санаачилсан ба лалын энэ хамбын буянаар Вермахт, Гестапо, СС-ийн олон офицер арабын армиудад хөлсөөр ажиллах болжээ. 

Гитлерийн генерал Фармбахер тэргүүтэй 60 офицер ажилладаг германы албан бус цэргийн төлөөлөгчийн газар Египетэд 1951 он гэхэд ажиллаж байв. Тэд египетийн арми, цагдааг сургаж бэлтгэх сургалтыг хариуцаж, II дайны үед Украинд яргалал үйлдэж асан СС-ийн алуурчин Оскар Дирлевангер гэгч нь Насерын тушаалаар египетийн десантчдыг сургаж бэлтгэн Израиль руу илгээж байв. Алдарт Отто Скорцени Насерын дэргэд зөвлөхөөр нь ажиллаж, тус улсын улсыг аюулаас хамгаалах албыг нь бэхжүүлж байв. Египетийн улсыг аюулаас хамгаалах албаны суртал нэвтрүүлгийн хэлтсийг СС-ийнобергруппенфюрер Мозер гэгч Хусса Налисман гэсэн араб нэрээр толгойлж, Египетийн төрийн нууц цагдаагийн газрыг Гестапогийн группенфюрер Генрих Зельман гэгч Хамид Сулейман гэсэн нэрээр удирдав. 

Геббельс, Розенбергийн албат, расист онолыг сурталчлагч, “Вилле унд тат” гэх нацист сэтгүүлийн ерөнхий редактор Иоханн фон Леерс гэгч хожим лалд орж, араб хэлэнд нэвтэрч 1956 он гэхэд Ойрхи Дорнодын нацистуудын үйл ажиллагааны гол зохицуулагч болсон байлаа. Дайны дараа нь Леерс нь Аргентинд дарангуйлагч Пероны албанд зүтгэжээ. Тэгснээ Каирт нацистын цэргийн гэмт хэрэгтнүүдийг цуглуулах ажилд шилжив. Түүнд зартай нацист Ханс Апплер буюу Лалынконгрессын нарийн бичгийн дарга Салаб Гафа гэх нөхөр шадарлан туслав. Леерс нь тухайн үедээ Египетийн Үндэсний хөгжлийн яамны зөвлөхөөр ажиллаж байв. Араб дорно дахинд нацизмын үзэл санааг дэлгэрүүлэх ажилд Риббентропын албаны араб дахины мэргэжилтэн барон фон Мильденштейн гэгч Леерсийн хамт зүтгэсэн байдаг юм.

“Холокост” хэмээх яргалалаа нацистууд Египет болон арабын зарим оронд дэлгэрүүлэхийг зорив. Хорих лагериар мэргэжсэн герман мэргэжилтнүүд шорон, гяндангуудыг олноор байгуулж, сөрөг хүчнийхнийг эрүүдэн шүүдэг өвөрмөц арга барилаа арабчуудад өвлүүлэв. Цэргийн гэмт хэрэгтэн доктор Эйзеле 1958 онд Каирт хүндэт зочноор морилон, СС-ийн эмч Виллерман Александриа хотын ойролцоох хорих газрын эмнэлгийн ангийг толгойлж байв.

Египет, Палестин, арабын хэд хэдэн улсад нацист ном зохиол, юуны өмнө Mein Kampfөргөн тархаж судлагдаж, сурталчлагдаж байлаа. Дайны үед Каирт Германы мэдээллийн албыг толгойлж байсан нацист Эль-Хаж буюу жинхэнэ нэр нь Гейден гэгч нацист ном зохиолын гол түгээгчээр 1950-иад оны турш ажиллав. “Дойче националь-цайтунг” сонины 1959 оны нэг дугаарт мэдээлснээр, Каирын зөвхөн нэг номын мухлагт ганцхан өдөрт араб хэл дээрхи Mein Kampf 1000 ширхэг борлуулагдаж, ихэнхи уншигчид нь египетийн армийн офицерууд байжээ. Леерс нацистуудыг каирын радиод олноор нь шургалуулав. 1958 онд “Нью-Иорк таймс мэгэзин” сэтгүүлийн нэг дугаарт бичсэнээр Израилийн эсрэг нацист суртал нэвтрүүлгийн маш хүчирхэг зэвсэг нь каирын радио болж хувирчээ гэх мэт баримтууд зөндөө байна. 

Томчуудаас ганц Г.Насер, А. Садат нар фашист үзэл санааг дэмжээд байсан бус Саудын Арабт нацизм, ваххабизм хоёр хоёр талаасаа угталцан золгосон баримт бас байна. Оргож очсон нацистууд ваххабитуудтай холбогдон, шашны догмыг нь улс төр-цэргийн үзэл санаа болгон шат ахиулжээ. “Лалын жинхэнэ хамгаалагчид”-ын цэргийн сургалтын төвүүдийг СС-ийн офицерууд байгуулж өгснөөр “арабын террористууд” түүхнээ буй болжээ. Саудын Арабын сэтгүүлч Вайди аль-Газзави гэгч зурагтаар ярихдаа энэ улсад терроризм,“Аль-Каеда” хоёр анх үүссэн хэмээн эх орноо нэр заан шүүмжилснийхээ төлөө 12 жилийн ялаар заагдаж Ван Абдулладаа тэрсэлсэн болж таарсан нь нэгийг хэлэх мэт.


Сирид Гитлерийн жанжин штабын хурандаа Крибль, Гестапогийн офицер Рапп нар Сирийн армийг эмхлэн зохион байгуулах ажлыг гардсан юм. Тэд израилийн эсрэг үзэлт үндсэрхэг үзэлтнүүдтэй нийлэн хэд хэдэн удаа төрийн эргэлт хийхэд оролцсон ба Раппнь 1949 онд Дамаскт цэргийнхний үймээнийг удирдаж байв. Сири дэх генерал Шишеклийн дэглэмийн үед нацистууд Сирийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэв. Шишеклийн дэргэд 11 нацистаас бүрдсэн цэргийн зөвлөхүүдийн бүлэг ажиллаж, арабын бүх улсыг нэгтгэх төлөвлөгөө гэдгийг хэрэгжүүлж байв. Иракт 1958 онд хаант засгийг түлхэн унагасны дараа Бүгд найрамдах улсын шинэ Засгийн газарт “Бранденбург” хэмээх гитлерийн дивизийн нэг офицер Жабр Омар нэрээр Гэгээрлийн сайдаар томилогдон ажиллав. Нацист Германы тагнуулын албаны агент байсан Саддик Шаншал Үндэсний барилгажилтын сайдаар томилогдов. ХБНГУ-д хожим германы Баадер-Майнхоф террорист байгууллага гарч ирснээр палестины террористууд тэдэнтэй хамтран ажиллах болжээ. 

Нурж унасан Рейхийн дүрвэсэн нацистууд арабчуудыг ийнхүү цэнэглэн байсан бол ялсан СССР-ийн коммунистууд палестины еврейчүүдийн талд эхний үед баттай зогсож байлаа. Ерөөсөө Израиль улс байгуулна гэдэг нь анхлан Москвагаас гарсан санаа аж. Нацистууд арабчуудыг зэвсэглэж сурган жүүдүүдийн эсрэг тулалдуулсан бол дөнгөж байгуулагдсан израилийн армид тусламжийн гараа Москва сунгажээ. Улаан арми дахь өдий төдий еврей дайчид сайн дурын цэрэг болж Израилийг зорихоор бүртгүүлж,израилийн офицерууд Зөвлөлтийн цэргийн академиудад суралцахаар түрүүчээсээ ирж байв. Чехословак,Унгараар дамжуулан зөвлөлтийн зэвсэг Израиль руу цувж, Прагад Готвальдын бригад нэрээр Израилийн батлан хамгаалахын ирээдүйн дарга нар зөвлөлт сургагчдынхаа номын дууг сонсов. Гэвч Израиль Улс социализмын замаар замнахгүй нь тодорхой болмогц нацистуудын үнэнч шавь Насерыг Зөвлөлт өөртөө татаж эхэлсэн түүхтэй. 

Нацизмаар тархиа угаалгасан Насер Зөвлөлт Холбоот Улсын Баатар болмогц коммунизм руу эргэсэн гэдэг нь юу л бол? Түүний орлогч, залгамжлагч Садатын түүх шал өмнөөг өгүүлнэ. Хоёрдугаар дайны үед Садат германы талд тагнуул хийж яваад баривчлагдан английн гянданд хоригдсон, 1953 онд египетийн “Аль Мусаввар” сэтгүүлд нас барсан Гитлерт зориулан Садатаас бичсэн захидал нийтлэгдсэн, түүнд “Миний хайрт Гитлер ээ. Би сэтгэл зүрхний угаас чамдаа баяр хүргэж байна. Нийтийнхний үзэж байгаагаар чи одоо дайнд ялагдаад байна. Гэвч жинхэнэ ялагч нь чи мөн. Хуучны егзөр Чөрчилль, түүний холбоотон шулмасын зулбадас хоёрын дунд чи шаантаг болон зоогдож байсан билээ” гэжээ.

2014.02.24