Мүраками Харүкийг унших албатай юу
Мүракамигийн бүх зохиол нэг бол орчин үеийг, эсвэл хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлдэг. Үүнийгээ гайхалтай тодорхой харуулна. Зарим бүтээлийг нь нийгэмд өгч буй сануулга, бошго гэхэд хилстэхгүй.
Мүраками Харүкийг унших албатай юу
Мүраками Рю гэж өөр нэг япон зохиолчтой андуурахгүй биз ээ. Энэ хоёрыг хольж солихын аргагүй өөр зохиолчид. Тэгээд ч Харүки дэлхийд хавьгүй илүү танигдсан. Мүраками өнөөгийн постмодернист уран зохиолын ертөнцийн гол төлөөлөгчдийн нэг.
Тэрээр 14 роман, өгүүллэгийн 12 түүвэр, хүүхдэд зориулсан үлгэр нэгийг, нон-фикшэн жанрын таван бүтээл бичсэн. Зохиол бүтээл нь 50 гаруй хэлээр орчуулагдаж сая саяараа зарагдаж байна. Мүраками Японы болон бусад улсын олон шагнал хүртсэн ч хараахан Нобелийн шагналын эзэн болж амжаагүй ч сүүлийн жилүүдэд тогтмол нэр дэвшиж буй.
Мүраками бусад япон зохиолчтой төстэй юу
Япон уран зохиолын уламжлалыг тээгч бөгөөд үндэслэгч Нацүмэ Сосэки, Рюноскэ Акутагава нарын нэгэн адил япон уран зохиолын төлөөлөл. Гэхдээ Нобелийн шагналт Ясүнари Кавабататай харьцуулбал “япон уран зохиолоос төрсөн европ зохиолч” гэдэг тодорхойлолтын эзэн. Түүний зохиолууд Кавабата, Юкио Мишими, Абэ Кобэ нарынхтай харьцуулбал япон соёл, уламжлалаас ангид.
Мүраками америк зохиолчдод дуртай, америк уран зохиолын хүчтэй эрхшээлд хүмүүжсэн. Түүнээс гадна Мүраками Европ, Америкт олон жил амьдарсан учир уран бүтээлд нь нөлөө үзүүлжээ.
Японы уран зохиолын ертөнцөд Мүракамигийн ном эх орноо барууны хүний нүдээр хардаг япон зохиолч гэдгээрээ тун өвөрмөц жишээ.
Зохиолынх нь үйл явдал ихэвчлэн орчин цагийн Японд өрнөнө. Зохиолынх нь баатрууд даяарчлал хийгээд масс соёлын бүтээгдэхүүн. Хэрэв япон нэр, нэршлийг нь сольчихвол Мүракамигийн зохиолын үйл явдал манай гаргийн хаана өрнөж болно. Уран бүтээлийнх нь ертөнцийн мөн чанар гэвэл дэлхийн даяарын иргэний амьдрал. Тийм дээрээс номууд нь дэлхий дахинаа хялбархан түгжээ.
Уран бүтээлдээ юун тухай өгүүлдэг вэ
- Бараг бүх бүтээл нь фантастик болон сюрреалист элемент агуулдаг.Hard-Boiled Wonderland and the End of the World зохиолын үйл явдал сүүдэргүй хүмүүс оршин суудаг хотод өрнөх агаад өгүүлэгч үхсэн ганц эвэртэй морины тархинд байгаа зүүдийг уншина. Мүракамигийн зохиолуудад жирийн хүмүүст ер бусын явдал тохиолдох нь элбэг. Зохиолчийн хэлснээр бол жирийн хүмүүст ер бусын явдал тохиолдуулах өөрөө дуртай.
- Мүракамигийн олон зохиол анти-упот. Хамгийн тод жишээ нь Жорж Оруэлийн 1984 бүтээлийн нэрийг санагдуулдаг гурван боть 1Q84 роман нь.
- Мүракамигийн роман бол постмодернизмын жишээ. Зохиолч ямар ч чухал сэдэв барьж авсан байлаа тодорхой байр суурь баримтлалгүй илэрхий үл тоомсорлон уншигчид хэнийг нь, юуг нь сонгож авах эрх чөлөөг ханатал олгодог.
- Хөгжим. Зохиолч жааз хөгжмийн чин үнэнч шүтэн бишрэгч бөгөөд жааз хөгжмийн 40 мянган пянзны цуглуулгаараа гайхуулдаг. Өөрийнх нь ярьснаар бол өдөртөө 10 орчим цаг жааз сонсоод удаж байгаа. Хилийн дээснээс урагшаа алтан нарнаас баруунтаа романых нь баатар яг өөр шиг нь жааз баарны эзэн байдаг. Мүраками ганц жааз ч биш рок-н-роллд ч дуртай. Тиймээс гол бүтээл Норвегийн ой-гоо The Beatles хамтлагийн Norwegian Wood дуугаар нэрлэжээ.
- Мүракамигийн романуудад амьтан, тэр дундаа муур заавал гардаг. A Wild Sheep Chase роман бүхэлдээ хонины тухай өгүүлэх авч нэгэн хөгшин муур бий. Харин The Wind-Up Bird Chronicle зохиолд муур алга болсноор нууцлаг үйл явдал өрнөнө. Эрэг дээрх Кафка романы гол баатар муурны хэл мэддэг учир “хэл амаа ололцдог” өвөрмөц чадвартай. Зохиолчийн бүтээлийн амьтад үхэлтэй эсвэл нөгөө ертөнцтэй шууд холбоотой байдаг.
Мүракамигийн аль зохиолоос эхэлж уншвал зүйтэй вэ
Та зохиолчийн бүх бүтээлийг нь унших ёстой гэж зүтгэдэг уншигч аваас Hear the Wind Sing; Pinball, 1973; A Wild Sheep Chase хэмээх гурван номыг багтаадаг Trilogy of the Rat романаас нь эхэлбэл зүгээр. Дараа нь Мүракамигийн бичлэгийн өвөрмөц шинжийг тод хадгалсан Dance Dance Dance туужаас таашаал амсана. Trilogy of the Rat гурамсан романы Харх нэрт дүр нэг номын гол баатар, нөгөө номонд туслах дүрээр орж ирдэг. Hear the Wind Sing бүтээлээрээ өвөрмөц бичлэгээ анх харуулсан. Ном үйл явдалгүй ч амьдралын тухай үнэтэй санаа, эргэцүүллээр нэн баялаг. Pinball, 1973 нь өнөөгийн Мүракамид тун дөхөж очно. Зохиолын гол дүр пинбол тоглоомд толгой мэдүүлсэн этгээд бөгөөд үйл явдал таашгүй зүгт хөтөлнө. A Wild Sheep Chase романд хүмүүсийн сүнс Хонинд оршин аугаа хүч, шидийг олж дэлхий дээр хаос, анархийн хаанчлал тогтоохыг эрмэлзэнэ. Харин Dance Dance Dance тууж A Wild Sheep Chase романы үйл явдлаас хэдэн жилийн хойдохыг өгүүлнэ. Ертөнцөөс холбоо тасарч, “Би”-ээ гээсэн баатар өөрийгөө олж авахын төлөө бүжиглээд, бүжиглээд, бүжиглээд л байна. Хүний мөн чанарын тухай философи. Харамсалтай нь эдгээр зохиолыг нь монголоор унших хараахан боломжгүй. Удахгүй орчуулагдаасай билээ хэмээн хамтдаа залбирцгаая.
Ихэнх уншигч бэстсэллэрээр зохиолчтой танилцдаг. Норвегийн ой, Эрэг дээрх Кафка хоёрыг санал болгоё. Мүракамигийн хамгийн хит зохиолууд. Норвегийн ой-д хэдэн япон оюутны нөхөрлөл, дурлал, зовлон, жаргалыг өгүүлдэг. Романы чухал хэсэг нь 1960-аад онд дэлхийн өнцөг булан бүрт тухайн цагийнхаа дэг ёсыг эсэргүүцэн боссон оюутнуудын хөдөлгөөн. Гол сэдэв нь хүнд үзүүлэх хайрын нөлөө. Эрэг дээрх Кафка зохиолын гол баатар нь Кафка Тамура хүү, Наката өвгөн хоёр. Тэд хоёулаа цаг хугацаанаас ангид, бодит оршихуйн зааг, чанадын ертөнцөд амьдрах ба далд нууцлаг сэжмээр хувь заяа нь огтлолцоно. Мүракамигийн хувьд нийтлэг энэ далд чанадын роман философийн түмэн асуулт танд үлдээнэ.
Зохиолчийн бичлэгийн хэв маяг, гол санааг нь шууд ганцхан номоор нь танин мэдье гэвэл 1Q84 хэмээх хамгийн шилдэг романыг сонговол зүгээр, монголоор орчуулагдсан. Зохиолын баатар хоёр эмэгтэйн нэг нь фитнэс клубын ажилтан, нөгөө нь математикийн багш. Эхний эмэгтэй далд ертөнцтэй холбоотой, удаах нь илүү бодит ахуйлаг боловч гүнзгий агуулга тээнэ.
Мүракамигийн зохиолуудад хоёр тусдаа түүх явсаар эцэстээ нэг санааг илэрхийлдэг. Гурван дэвтэртэй энэ нүсэр роман хайр дурлал, шашин шүтлэг, үе хоорондын зөрчил, амиа хорлолт гээд олон сэдвийг хамарсан. Зохиолч өөрөө шилдэг бүтээлд тооцдог Карамазовын хөвүүд роман энэхүү нүсэр романаа бичих урам зориг хайрласан гэж хэлсэн байдаг.
Мүракамийг яагаад унших ёстой юм
Мүракамигийн бүх зохиол нэг бол орчин үеийг, эсвэл хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлдэг. Үүнийгээ гайхалтай тодорхой харуулна. Зарим бүтээлийг нь нийгэмд өгч буй сануулга, бошго гэхэд хилстэхгүй. Энэ япон эрийн бичсэн алдааг гаргахгүй байя гэвэл уншихаас аргагүй. Дэлхий даяар Мүракамигийг сая сая хүн уншдаг болохоор бүтээл нь даяарын нөлөөтэй.
Түүнээс гадна Мүракамигийн зохиолуудад хүн төрөлхтний оюун санааг гарцаагүй тэлэх агуулга бий. Номууд нь уншигчийг гайхашруулна, алмайруулна, бишрүүлнэ. Мүраками бол хүний сэтгэлийг хөдөлгөх гэж хөнгөн бийрийг хөшдөг тийм л зохиолч.
Мүраками хэнд таалагдах вэ
Мүракамигийн зохиолууд өнөөдөр ч монгол уншигчдын сонирхлыг татсаар буй. Бэстсэллэрийн жагсаалтад түүний зохиол багтдаг хэвээр. Мүраками руу уран төсөөлөл, баялаг ертөнцтэй монгол залуус хошуурсан. Мүракамигийн зохиолоор бойжсон нэгэн үеийнхэн хэдий нас биед хүрсэн боловч тэдний залгамжлагчид гараад ирлээ. Түүний зохиол үргэлж шинэлэг агаад хуучрашгүйн учир цаг үеэсээ хоцрохгүй. Тиймээс Мүракамийг уншихад оройтох нь үгүй. Өдгөө амьд сэрүүн бөгөөд ирээдүйд тэмүүлэгч хэн бүхэнд Мүракамигийн бүтээлүүд таашаагдах нь дамжиггүй ээ.