Засгийн газар Монгол улсыг хөгжүүлэх “Алсын хараа 2050”хэмээх урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Энэ баримт бичигт хөгжлийн бодлого буюу алсын хараагаа арав, арван жилээр гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ. Ингэхдээ есөн том чиглэлээр зорилтуудаа тодорхойлсон байна. Үүний нэг чиглэл нь хүний хөгжил юм. Хүний хөгжлийн зорилгоо биелүүлж “Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалттай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй МОНГОЛ ХҮН-ийг хөгжүүлж, Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр эхний 10 орны тоонд багтах болно” гэжээ. Хүний хөгжлийн индекс 0.9-д хүрнэ гэдэг нь өндөр хөгжилтэй Норвеги, Герман, Шинэ Зеланд зэрэг барууны орнуудын түвшинд очно гэсэн үг.

Улс орны хөгжлийг хүний хөгжлөөр хэмжих нь

Хүний хөгжлийн тухай ойлголт 1980-аад оноос дэлхий нийтэд яригдаж эхэлсэн бөгөөд онолын суурийг нь Нобелийн шагналт эдийн засагч Амартъяа Сэн тавьсан. Тэрээр “Чадавхид суурилсан аргачлал” (capabilities approach) гэх онолыг 1980 онд боловсруулжээ. А.Сэн хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр (ДНБ) тодорхойлох нь өрөөсгөл гээд хүнд сайн сайхан амьдралыг бүтээхэд тодорхой чадавх (capabilities), үйл ажиллагаа (functionings) шаардлагатай гэжээ. Өмнө нь эдийн засагчид зөвхөн нөөц, баялагийг л бий болгоход голлон анхаарч байсан учир хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр л ойлгож байлаа. Хүнд өөрийнхөө сайн сайхан гэж итгэж үнэмшиж байгаа амьдралаа бүтээхэд шаардлагатай боломж, чадавх нь байна уу гэдэг л хамгийн чухал аж. Жишээлбэл, унадаг дугуй гэх тээврийн хэрэгсэл байлаа гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүн унаж чадахгүй. Дугуй унах орчин нь аюултай бол дугуйны хэрэг бас л гарахгүй.

А.Сэнийн онолоор ядуурал нь зүгээр л нөөцгүйн (мөнгөгүйн) тухай асуудал биш юм. Ядуурал нь тэр хүмүүст сайн сайхан амьдралд нь хэрэгтэй чадавх хангалтгүй байгаатай холбоотой. Жишээ нь хүнд өвчтэй хүн бол бусад хүмүүс шиг эдийн засгийн харилцаанд орж чадахгүй. Бичиг үсэгт тайлагдаагүй бол ямар ч их хөрөнгө мөнгө өвлөсөн түүнийгээ үр ашигтай зарцуулж чадахгүй гэх мэт.

А.Сэнийн энэ онолд тулгуурлаж НҮБ хүний хөгжлийн индекс бий болгосон. Улс орнуудаар энэ индексийг гаргахын тулд зөвхөн нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоос (ҮНО) гадна, эрүүл мэнд (дундаж наслалт), боловсрол (иргэд нь хэдэн жил суралцах ёстойгоос хэдэн жил суралцаж байна) гэх гурван үзүүлэлтийг тооцож байна. МУ-ын хүний хөгжлийн индекс яаж өөрчлөгдөж ирснийг дараах хүснэгтээс харж болно.

Хүснэгт: Хүний хөгжлийн индекс

ba22b7cbbc3598dd1a38d149a68e3efe.png

Эх сурвалж: НҮБХХ

Дээрх хүснэгтээс харахад МУ-ын хүний хөгжлийн индекс 2018 онд 0.735-тай байхад 2050 онд 0.9 болгох гэнэ. Гэтэл 2005 онд баталсан МУ-ын Мянганы хөгжлийн зорилтоор хүний хөгжлийн индексийг 2015 он гэхэд 0.83-т хүргэнэ гэж байлаа. 2020 онд ч үүнд хүрээгүй л байна. Энэ хэр бодитой вэ? Төр засаг маань хариуцлага хүлээсэн үү?  

Бодлогын баримт бичгүүд гаргах нь “цаас” үйлдвэрлэл үү?

Монголын төр засаг 1990 оноос хойш 567 удаа бодлогын баримт бичиг гаргаад байна. Эдгээрийн дотор улс орны хөгжлийг бүхэлд нь хамарсан баримт бичиг нь мэдээж цөөхөн. Бодлогын энэ олон баримт бичгүүд яагаад цаас үйлдвэрлэл болоод л өнгөрсөн бэ?

Олон шалтгаан буйгаас хамгийн гол нь бодлогын хүрээнд хэт олон зүйлийг хамруулсан, төвлөрсөн бус байсан явдал. Хоёрт, зорилтуудаа тодорхойлохдоо нийгмийн зөвшилцлийг бий болгож чадаагүй. Зорилт хэт олон болохоор нийгмийн зөвшилцөл бий болох боломжгүй. Гуравт, хөгжлийн зорилтуудаа улсын төсөвтэй уялдуулдаггүй байсантай холбоотой.

Тиймээс У.Хүрэлсүхийн ЗГ-т зөвлөхөд хүний хөгжлийн индекс нь хөгжлийн гол зорилго гэж үзээд, үүнд хэрхэн хүрэх вэ гэдгээ л нийгмээрээ зөвшилцмөөр байгаа юм. Улс төрийн нам, хүчнүүдийн мөрийн хөтөлбөр ч гэсэн хүний хөгжлийн зорилтод хүрэхэд чиглэсэн, сонгогчид ч түүнд ямар арга замаар хүргэх вэ гэдгээр нь сонгоно гэсэн үг. Эцэст нь жил бүрийн улсын төсөв энэ зорилт руугаа чиглэх учиртай.

Яг ийм маягаар хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлсон улсуудын нэг бол Шинэ Зеланд. Шинэ Зеланд эдийн засгийн хөгжлийн бодлогоо Сайн-оршихын эдийн засаг (Well-being economics) гэдэг. Тэдний хөгжлийн энэ стратегийг улсын төсвийн бодлогоос нь харж болно. Тэд улсын төсвөө бас Сайн-оршихын төсөв (Well-being budget) гэдэг бөгөөд төсвийн зардалд дараах таван зорилтыг оруулдаг.

  1. Сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах
  2. Хүүхдийн ядуурлыг бууруулах
  3. Маори болон бусад нийгмийн бүлгүүдийн тэгш бус байдлыг арилгах
  4. Дижитал эрин үед хөл нийлүүлэх
  5. Хүлэмжийн хийг бууруулах тогтвортой эдийн засаг руу шилжих

Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм

Магадгүй монголын түүхэн дэх нийгмийн зөвшилцлөөр бүтсэн цорын ганц баримт бичиг бол 1992 оны Үндсэн хууль. Уг хуулийн оршилд “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” бий болгоно гэж хөгжлийн зорилтоо кодлочихсон юм. Тиймээс хөгжлийнхөө зорилтыг алс холоос хайх биш, энэ хүрээнд л тодорхойлъё. Үр дүнгээ хэмжихдээ харин хүний хөгжлийн индексээ л барья.

2020.02.06