Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бурхнаас өгсөн бэлэг” ах чинь биш М.Энхболд байсныг бүү март!
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах хүртэл УИХ-ын чуулганд оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах хүртэл УИХ-ын чуулганд оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Шалгуулах гээд байгаа хэрэг нь АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран гурван жил шалгаад “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн дүгнэлтэд дарагдчихсан. Гэвч энэ цаг үед МАН-ын Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт “том зэвсэг” болоод байгаа учраас сэргээн дуугарах болсон бололтой юм.
МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар л одоо ажиллаж буй төрийн албан хаагчдыг 60 тэрбумаар томилогдсон гэж үзсээр байдаг бололтой. Д.Амарбаясгалан 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд “...60 тэрбумын асуудал бол сонгуулийн ядмаг зохиол...” гэж мэдэгдсэн.
МАН-ын гишүүн А.Ганбаатар 2017 оны наймдугаар сарын 17-нд хэвлэлд анх удаа мэдээлэл өгсөн. Тэрбээр “Хэрэв иргэнГ.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч гэсэн буруудах ёстой байх. Энэ хүмүүс намынх нь нэр хүндэд халдсан худал мэдээлэл гарч байхад яагаад дуугарахгүй байна вэ гэдгийг их гайхаж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий” гэсэн.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэг гэгчийг зөвхөн алсаас шүүмжлэх хүн биш л баймаар. Уг нь энэ залуу жудаг ярих тун дуртай. Харин өөрийнх нь жудагийн тухайд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ба дараах дүр төрхийг л харчихад хэмжүүр нь тодорхой. Түүнийг бараг “эхийгээ барьж иддэг” аалзтай зүйрлэмээр харагдаж байна.
Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж эхлэхэд л “Ямар шоглоом гэж ийм байдаг юм бэ. М.Энхболд “Херо” Б.Баатарын дүүгээр дүүжлүүрийн олсоо зэхүүллээ” гэдэг хатуу үгс дуулдаж эхэлсэн. Тус намынханд энэ нь бодууштай байсан хэдий чнам гэдэг ураг төрлийн холбоосоос өөр гэдэг цэвэр үзлээр хүчлэн дарж урагшаа харж ажилласан.
Үр дүнд нь зулай зулайгаа гишгэн төрсөн ах дүү хоёр нэр дэвшигч М.Энхболдыг “нэр төртэй” ялагдуулав.Энэ өдрөөс хойш М.Энхболд гэдэг хүнд Л.Оюун-Эрдэнэ гишүүн жигтэйхэн дургүй болсон юм. Тэрбээр уг сонгуулийн дараахан буюу 2017 оны наймдугаар сард өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Сонгуульд ялагдсан үндсэн шалтгаан бол М.Энхболд дарга УИХ-ын даргаар ажилласан нь. Та бүхэн санаж байвал би анх дарга болоход нь л эсрэг санал өгч байсан. Тэр хүн ард түмний энэ их итгэлийг Ерөнхий сайдаар ажиллаж, хариулах ёстой байсан юм” гэж ярьсан юм. Огцруулахад амар гэж тэр үү. Ер нь бол УИХ-ын даргыг 65 гишүүнтэй намын бүлэгтэй байхад огцруулах амаргүй байгаа л даа.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулъя” гэхээс бусдыг хэлжявна. Түүнд хайрлах хүндэтгэх хүн үгүй болжээ. Түүнд жудаг үгүй болж. Хэдийгээр гэм буруутай хэрэгт холбогдсон ч нутгаасаа сонгогдсон Д.Гантулгыг эхлээд түлхсэн. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг. Одоо М.Энхболдыг зайлуулах “үүрэг хүлээгээд” байна.
Түүний “гэрийн даалгавар”-т хатуухан самар таарсан нь үнэн. Танилын нүүр халуун гэдэг М.Энхболд гэдэг хүн Л.Оюун-Эрдэнийн хувьд хэн бэ гэдгийг эргээд нэг харцгаая.
Улаан паспортоо аваад удаагүй байхдаа МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад, улмаар МАН-д элссэн 24 настай залууд өөрийнх нь зоригоос гадна өөрт нь итгэх итгэл хэрэгтэй байгаагүй гэж үү. Тэр таньж чирсэн хүмүүс нь нутгийн ах гэдэг У.Хүрэлсүх, хүн таньдаггүй, хамтрагчаа бүр ч таньдаггүй мангар М.Энхболд нар л даа. Жилийн дараа буюу 2001 онд Бэрс сургуулийг утга зохиолын ажилтнаар төгссөн Л.Оюун-Эрдэнэ Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын дарга хийж байсан гэхээр 21 настай залууд ёстой л “сраз майор” болсон хэрэг. Түүнээс хойш гадны төсөл хөтөлбөр, намын удирдах албан тушаалаас салаагүй дээ. Тэр түүхэндээ хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн штабт идэвхтэй ажилласан. Хоёуланд нь нэр дэвшигчээ ялагдуулсан. Ялагдангуут нь үзэн ядаж эхэлдэг онцлогтой. Тэр нь л энэ удаад М.Энхболд дээр таарчихаж.
Сонгуулийн менежерээрээ өрсөлдөгчийнх нь фен Б.Баатарын дүү Л.Оюун-Эрдэнийг,УИХ-ын даргын Хэвлэл мэдээллийн албандаа өмнөх дарга З.Энхболдын хүнД.Ууганбаатарыг итгэж сонгож байсан тэр тэнэгийг яалтай ч билээ.
Энэ тухайд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга С.Батбаатар мэтгэлцээний бичлэг гэгчийг хулгайлж хожим нь олон нийтэд цацахад хүргэсэн Д.Ууганбаатарын талаар “Хүний итгэлийг хулгайлах шиг аймшиг үгүй. 2016 оны есдүгээр сард би УИХ-ын Хэвлэлийн хэлтсийн дарга болоод урьд нь ажиллаж байсан нэг ч хүнийг ажлаас өөрчлөөгүй. Бүгд одоо ажиллаж байгаа. Хэнийг ч хажиглаж, гадуурхаагүйг чи ч, бусад нь ч батлах байх аа. “Та нарт итгэж байна. Битгий л улс төртэй хутгалдаарай” гэж би хэлсэн, “Чи хүмүүстээ итгэж байгаа бол надад хэлэх юм үгүй ээ. Сайн ажиллаарай” гэж М.Энхболд дарга хэлсэн. Ийм итгэл тийм бага үнэтэй байх ёсгүй” хэмээн тэсвэр алдан бичиж билээ.
Намаа сонгуульд ялагдаж цөөнх болчихоор нь Харвардаар гоёж харьд хийсч явсан ч Хэнтийн тойрогт МАН-аас бор халзан төлөг нэр дэвшсэн ч сонгогдохоор байгааг мэдэрч намын Бага хурал эрх өгөө ч үү, үгүй ч үү гэсэндээ сошиалаар “Хэнтийн тойрогт Б.Гарамгайбаатартай өрсөлдөнө” гэж зарласан. Намын дарга нь түүнийг өрөвдсөн ч биз, итгэсэн ч биз туршлагатай экс гишүүнийхээ нэр дэвших эрхийг Л.Оюун-Эрдэнэд аваад өгчихөж билээ.
Жудаг эрхэмлэдэг Л.Оюун-Эрдэнийн жудаг, цадиг хоёр нэг иймэрхүү. Цааш нь бичих үү, яах вэ. У.Хүрэлсүх түүний хувьд хэн бэ. У.Хүрэлсүхийн санаачилгаар 2010 онд НАМЗХ-ны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдож байсан нь худлаа юу. Үр дүнд нь таван шатны сонгуульд дараалан ялагдсан даа. Тэнд ч мөн л эрх мэдлийн төлөөх хагалан бутаргах ажил өрнүүлж НАМЗХ-ын ерөнхийлөгчийн суудал булаалдсан маргаанаа нийт залуусын өмнө дэлгэн шоудаж, зөвхөн өөрийнх нь эрх ашгийг хамгаалахад зориулагдсан “Хязгаар-35” гэх хөдөлгөөн хүртэл өрнүүлж байсан. Адилхан АНУ-д боловсрол эзэмшсэн Н.Номтойбаяртай цахим ертөнцөөр тулалдаж эхэлсний дотор нэгэн ноцтой баримт дэлгэгдсэн нь Харвардад суралцаж байхдаа АНУ-д сургалтад суух нэрээр МАН-ын гишүүдэд виз, мөнгө гаргуулаад сургалтдаа суулгүй баахан аялж зугаалсан, тухайн үеийн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн гарын үсгийг хуурамчаар зурж гадаад руу хуурамч албан бичиг явуулсан, тэр нь гадаадын шүүхээр тогтоогдсон гэхчлэн адал явдлууд байсныг одоо сэргээн шалгахад гэмгүй.
Л.Оюун-Эрдэнээс болж У.Хүрэлсүх ёстой л түүний дэргэд лидерүүд гэгдэхээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нараас холдсон гээд бодохоор У.Хүрэлсүх бас багаа сонгохдоо харалган юм. Одоо тойруулчихсан, албанажил хариуцуулсан, аймаг, нийслэл, дүүргийн намынхан,агентлагийн дарга нарыг хар! Бүгд У.Хүрэлсүхэд “шилээ харуулчихаад” бас л ганцаардуулж байна.
Хэний хүчээр, хэн болж одоо хэнтэй сөргөлдөж ёстой л “ямар хүний зараалаар” сэлэм эргүүлж явааг нь харахад энэ залуу нэгэнт өндөрт халин нисчээ. Харин буух газраа мэдэж яваа болов уу гэдэгт санаа зовинохгүй байх аргагүй юм.
Уг нь урвалт шарвалт бол монголчуудын хувьд хамгийн их цээрлэдэг шинж шүү дээ. Урвадаггүй байхдаа монголчууд хүчтэй байсан. Урваж шарвахдаа сул дорой болсон байдаг. Тийм учраас урвалт шарвалтын тухай ярихдаа урвагчдыг илчлэх, ичээх, дахин урваж шарвах явдал гаргуулахгүй байхын тулд ярьдаг, шүүмжилдэг, буруушаадаг.
Төгсгөлд нь Л.Оюун-Эрдэнийг дөнгөж улстөрч болж байхад ёстой л “бүр холын гэрэл гэгээ” байсан Н.Энхбаяр гэдэг улстөрчийн хэлсэн үгийг сануулъя. “Миний ачийг хариулахын хувьд бол их амархан. Товчхондоо надад тусалж чадахгүй бол битгий хор бол, намайг магтаж чадахгүй бол битгий муул. Хэзээ нэгэн цагт тус дэмжлэг авч байсан бол хожим битгий өширх. Ердөө л энэ” гэж хэлсэн юм. Хааяа бодож яваарай.