“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-20 сая ам.доллараар зураг төсөл хийлгээд барилга угсралтын ажлын төсөв дээрээ Оросын талтай хамтарч ажиллана. Тохирохгүй бол хамтарч ажиллахгүй. Одоогоор оросууд 1.3 сая еврогоор хийх саналтай, Монголын тал үүнийг 814 сая ам.доллар болгох хүсэлтэй байна-
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Яагаад бид заавал ОХУ-ын, тэр тусмаа нэр зааж “Интер Рао экспорт” компанар 1.3 сая еврогоор, үүнийхээ 85 хувийг нь тус улсаас авах экспортын зээлээр “ДЦС-3”-ыг өргөтгөх ёстой юм бэ. Энэ түүхээс болон уг хэлэлцээрийн талаарх бодит мэдээллийг хүргэе.
“ДЦС-3”-ыг Интер РАО-оор засуулах “гинж” хаанаас эхлэв?
Анх Оросын талаас зээл авч “ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчилье гэдэг санаачилгыг Монголын талаас 2015 онд АСЕМ-ыг Монголд зохион байгуулах үеэс эхэлсэн. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медеведев Монголд айлчлахдаа манай улсад 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэж мэдэгдсэн. Үүний дараа ОХУ-ын тухайн үеийн Сангийн яамнаас “Бид энэ 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлээ төмөр зам, эрчим хүчний салбарт олгох сонирхолтой байна” гэсэн бичиг ирсэн байдаг. Дараа нь манай ЭХЯ “Уг зээлийн хөрөнгөөр ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчиллийн төсөлд ашиглая” гэсэн санал гаргасан. ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцлийн онцлог нь нэр заасан компанитай нь тухайн зээл авах улс тохиролцдог, хамгийн “аймаар” нь яг тэр тохиролцсон дүнгээр нь Сангийн яам нь зээл олгох тийм “тоглоомын дүрэм”-тэй. Харамсалтай нь хүсэлтийг нь манай тал гаргачихсан.
Эдгээр үйл явдлын баримт, эзэн бие нь төрийн мэдлийн архивуудаас гадна цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай байгааг харж болно.
Хоёр улсын Засгийн газар хоорондын удаа дараагийн хурлуудаар “Интер РАО” энэ төслийг хэрэгжүүлнэ гэдгээ бараг арваад жил мэдэгдээд байна. “Интер РАО” нэлээд хэлцэл хийгээд үр дүнд хүрээгүй. Хамгийн сүүлд төслийн санхүүжилтийн хамгийн дээд босго нь 1.3 тэрбум евро байна гэсэн санал бүхий ТЭЗҮ боловсруулаад Монголын талд хүргүүлсэн. Үүнийг Монгол Улсын ЭХЯ, “ДЦС-3” ТӨХК хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэв бид өөрсдийн санхүүжилтээр уг төслийг хэрэгжүүлбэл 814 сая ам.доллароор хийх боломжтой гэсэн тооцоо хийгээд “хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлээд 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл гацсан.
Ингээд эхний ээлжинд Интер РАО зураг төслөө хийгээд, түүний дагуу ямар ажлын тоо хэмжээ, төслийн зардал хэд болох талаар хэлэлцэх юм. Одоогоор зөвхөн зураг төслөө хийе гэдэг дээр л талууд тохирсон. Зураг төслийг хийх Засгийн газар хоорондын гэрээ зурагдаад, одоогоор соёрхон батлах үйл явц явагдах гэж байна. Энэхүү зураг төслийг хоёр жилийн хугацаанд хийх байх. Зураг төслийг Монголын талын санхүүжилтээр хийж байгаа учраас манай өмч болж үлдэнэ. Ажлын тоо, төсөлд шаардагдах бүх бараа бүтээгдэхүүний хэмжээ тодорхой болоод ирнэ. Үүний дараа “Үнийн хэлцэл” явагдана. Хэрэв талууд хоорондоо тохирч чадвал төслийг хэрэгжүүлнэ. Тохирохгүй бол хоёр тийшээ “сална”.
“Үнийн хэлцэл-ээр хоёр тал тохирвол яаж шинэчлэх вэ
Монголын 20 тэрбум ам.доллараар зураг төсөл хийгээд, тэр нь хоёр талд таалагдаж, үнийн хэлцэл хийгээд өргөтгөл шинэчлэл хийх барилга угсралтын ажил эхэлчихвэл “ДЦС-3”-ын цаахна байрлах хоосон талбайд 50 МВт-ын станц шинээр барина. Цоо шинэ станц. Энэ нь одоо ажиллаж буй 48 МВт хуучин, хугацаа нь дуусчихсан, нурах гэж байгаа станцаа буулгахад тус станцаас дулаан нийлүүлж буй хотын төвийн хэсэг дулаан хангамжийн дутагдалд оруулахгүй бүрэн нөхөж ажиллах юм. Ингээд 48 МВт хуучин станцыг буулган, талбайг цэвэрлэж, хоосон талбай дээр 250 МВт-ын станцаа барина. Тэгэхээр 50 МВт болон 250 МВт хоёр станцтай болчихно. Харин Монгол, Орос хоёр тал зураг төсөл дээрээ тохирохгүй бол бид зураг төслөө тэврээд л үлдэнэ. Гэхдээ “хэзээ нэгэн цагт” 814 сая ам.доллартай болчихвол өөрсдөө “ДЦС-3”-аа бүрэн өргөтгөж, шинэчилж чадна гэдэгт ЭХЯ-ныхан итгэлтэй байна. Харамсалтай нь тэр мөнгө нь манай улсад алга.
Дашрамд дурьдахад ТЭЦ-2 станцын хувьд Засгийн газар хөрөнгө зарцуулж чадахгүй байгаа учраас хот өөрөө 40 хувийн хөрөнгийг нь гаргая гэсэн юм билээ. Үүний дагуу ЭХЯ-аас ТЭЦ-2-ын төсөл хэрэгжих талбай болох үнсэн сан байгаа газрыг, ТЭЗҮ, бүх судалгааны хамт хотын мэдэлд шилжүүлж байна. Цаашид бид Багануурын станцын гашуун туршлагыг давтахгүйн тулд энэ сард хэвийн үйл ажиллагаандаа орохоор амласан 300+300МВт хүчин чадалтай Бөөрөлжүүт, Баянгийн 600 МВт, Дээд шүүхээс тендрийг дахин явуулахаар шийдвэрлэсэн Тавантолгой 300 МВт, Сүхбаатарын 70 МВт цахилгаан станцуудаа гацаахгүйгээр ашиглалтад оруулах нь чухал байна. Ингэснээр Эрчим хүчний салбар эдийн засгийг дэмжигч салбар болно гэдэгт итгэлтэй байна.