Удо Б. Баркманн (Берлин)


Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёсыг 1911 онд дахин сэргээсэн асуудлаар сүүлийн жилүүдэд Монголд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс үзвэл их төлөв „монголчуудын шашин, төрийг хослон баригч хаан“ VIII Жавзандамбыг хаан ширээнд залсан явдал оргил нь болсон харьцангуй эрэмбэ дараатай, мөлгөр түүхэн үйл явцыг тодорхойлон бичсэн байх аж. Энэ хандлага нь 1-д эх сурвалж болгоод ашиглачихмаар баримт тун хомс байгаагийнх, 2-т түүхчид халх монголчуудын удирдагчдын түүхэн санаачлагыг товойлгон харуулах гэж мэрийснийх. Энэ нь ч бүрэн хууль ёсны бөгөөд ойлгомжтой асуудал. Гэхдээ тэр үеийн Халх Монголынх шиг түүхэн үйл явцад гадны нөлөө ч бас байсан байж таарна, гэтэл газар зүйн хөршүүдэд нь болсон үйл явдлууд олигтой тусгалаа олоогүй байна. Тиймэрхүү үйл явдлын талаар мэдэх аваас яагаад ямар хүмүүс ямаршуухан нөхцөл байдалд хэрхсэн нь тодорхой болох нь цөөнгүй. Тийм болохоор энд юун түрүүнд Халх Монголын „гадаад байдал“-ын талаар зарим зүйлийг нэмж хэльюү гэсэн юм:

Нутаг дэвсгэрээ дорно тийш тэлсэн Орос, умард руу тэлсэн Манжийн дундах монголчууд
XVI зуунаас юуны өмнө Орос гүрэн дорно тийш эрчтэй тэлж (1632 онд Якутск, 1651онд Эрхүү, 1653 онд Чит мужууд тус тус байгуулагдсан), Хятадын Мин гүрнийг манжууд булаан эзэлж (Бээжин 1644), Манжийн Чин улс хожмын Хятад улсыг нутаг дэвсгэрийн хувьд нэгтгэсэн нь газар зүйн тэрхүү өргөн уудам орон зайн дүр төрхийг тодорхойлох болсон нь эргэлзээгүй. Орос улс газар нутгаа Номхон далай хүртэл тэлж, нутаг дэвсгэрээ умард тийш тэлж ахуйд нь өмнөд болон халх монголчууд 1636, 1691 онд эрхшээлд нь орсноор манжууд Орос улс, оросуудад тулж очжээ. Орос, Чин улсууд дундынхаа хилийн талаар ойлголцох зайлшгүй шаардлагатай болж, Нэрчүү (1689), Буур (1727), Хиагт (1727)-ын гэрээгээр хилээ тогтоосон байна. Ялангуяа нутаг дэвсгэр нь хэт их тэлж, хоёр тал газар нутгаа батлан хамгаалж үнэхээр чадахаа больсноос энэ шаардлага урган гарсан.

Монголчууд, манжуудын харилцааны хувьд гэвэл хэл яриа, соёлын хувьд ойр, угаасаа хаадын гэр бүлүүд нь нэг бус удаа ураг барилдаж ирсэн угсаатнууд болохоо тэдний аль аль нь ойлгодог байсныг анзаарахгүй байж болохгүй. Чин улсын хаад угийн монголчуудад тодорхой хэмжээгээр итгэдэг байсан нь монгол язгууртнуудыг улсынхаа албанд авах зэргээр илэрч байв. Тухайлбал 1861 онд нэг монгол номын хүнийг Тунжи хааны (T’ung-chi) дээд номын эзэн багшаар томилсон байдаг. Түүний зэрэгцээгээр тэр бас Хааны хяналтын албаны даргын албыг хашиж Чин улсын „үзэл суртлын хоточ нохой“ болж байв.1 Мөнхүү хаан 1872 онд нэгэн монгол язгууртан эмэгтэйг хатнаа болгосон байна.2 Энэ маягаар ураг барилдах явдал Чин улсын хаадын гэр бүлд удаа дараа гарч байв. Чин улсын хаад монголчуудад итгэл хүлээлгэж байсны өөр нэг жишээ нь хар тамхины дайныг хүртэл дан манж, монгол хүмүүс хааны армийн жанжин болж байсан явдал юм. Гэлээ ч гэсэн Манжийн хаан л бол хаан, эрх мэдлээ хадгалж үлдэхийг эрхэмлэн засаглаж байсан билээ.

Гэхдээ хожим Чин улсын хааны ордныхон болон монголчуудын харилцаа Манжийн ихэс дээдэс сорон мөлжигч давхарга болсон тэр хэрээр муудсан. Түүний сацуу гол төлөв хятад төрийн түшмэд энэ нөхцөл байдлыг ашиглан улс төр, гүйцэтгэх засаглалын ажиллагааг агуулгын хувьд хятад ойлголт төсөөлөл, уламжлалд чиглүүлэх болсон байна. Чин улсын үед Хятад төвтэй батлан хамгаалах үзэл баримтлалын хүрээнд гадаад мужаа болгож улс гүрнийг Оросоос хамгаалах үүргийг монголчуудад оноохоор тооцсон байлаа. Хариуд нь тэд эхэн үедээ Хятадын мужуудын төлдөг хэмжээгээр алба гувчуураас үндсэндээ чөлөөлөгдөх болсон. Чин улсын хожуу үед, өөрөөр хэлбэл XIX зууны 2-р хагасаас тэрхүү гадаад мужийг албан татвар болон эдийн засгийн хувьд Хятадын мужуудтай адил авч үзэх болжээ.


Эрх мэдлийн бүтцэд гарсан өөрчлөлт
VIII Жавзандамбыг 1870 онд Лхасын ойролцоо мэндэлж ахуй цагт Манж гүрэн империалист гүрнүүдийн шахалтан дор нэгмөсөн өөрчлөгдсөн байлаа. Чин гүрэн хар тамхины 1 (1842) болон 2 (1856-1860)-р дайнд ялагдал хүлээгээд байв. Их Британи, Франц, Орос болон АНУ Чин гүрэнд Тяньжиний гэрээ (1858 оны, 1860 онд соёрхон баталсан), Бээжингийн конвенц (1860 оны 10-р сарын 18-ны)-иор басамжлан доромжилсон болзол тулгажээ. Тус гүрэн Их Британи болон Францад тэр үеийнхээр асар их мөнгө болох 6 сая таелыг „дайны хохирол барагдуулах“-аар төлж, Оросод Айгуны гэрээ (1858), Бээжингийн конвенцийн дагуу умард Манжуурыг тэр чигээр нь, өдгөө Приморье (Владивосток) гэгдэх болсон, юутай ч нэг сая орчим хавтгай дөрвөлжин км газрыг хамарсан бүс нутгийн хамт тавьж өгөх болсон юм. Ингэснээр Орос улс Баруун Европын улс гүрнүүд Амураар дамжиж өргөжин тэлэхээс өөрийгөө хамгаалахын зэрэгцээ өөртөө Манжуурт өргөжин тэлэх үүд хаалгыг нээж өгсөн. Чин гүрэн гүн гүнзгий хямралд орж, тэр нь юуны өмнө Хятадын ард түмний нуруун дээр буусан юм.

1833 онд Тройцкосавскад төрсөн Я. П. Шишмарев Орос улсын Чин гүрэнтэй Айгун болон Бээжин (1860)-д хийсэн хэлэлцээнд манж, хятад хэлний орчуулагчаар оролцсон байна. Өвөг эцэг нь монгол хүн байсан болохоор Шишмарев монголоор ч бас ус цас шиг ярьдаг байв. Шишмаревийн Айгун, Бээжингийн хэлэлцээнд байгуулсан гавъяаг өндөр үнэлж 1861 онд түүнийг Их Хүрээн дэх анхны Оросын консулын нарийн бичгийн дарга, орчуулагчаар томилжээ. Цагаан хаан түүнийг 1865 онд консулаар, 1881 онд Орос улсыг Санкт Петербургийн гэрээний дагуу Ховд, Улиастайд бас Консулын газраа нээхэд ерөнхий консулаар томилуулжээ. Сүрхий гярхай ажиглагч, Оросын эрх ашгийг чадварлаг хамгаалагч Шишмарев 1911 оныг хүртэл уг албыг хашихдаа нас сүүдэр 78 хүрсэн байлаа.


Ар Монгол Оросын консулын нүдээр
1886 онд Шишмарев Оросын Консулын газрын 25 жилийн ойгоор Ар Монголын байдлын талаар дэлгэрэнгүй тайлан бичжээ. Тэр тус орны эдийн засгийн байдал эрс муудсан талаар тайландаа дүгнэн бичсэн байна. Урьд нь ноёд язгууртнууд нь баян, мал сүрэг нь өсч үржин, ард түмэн нь чинээлэг аж төрж байсныг онцолсон байна. Гэвч 1870-1882 оны хоорондох 12 жил Чин улсын армийг хангах зорилгоор алба гувчуур, биет бүтээгдэхүүнээр төлөх татвар хураамжийг ихэд нэмсний улмаас чинээлэг аж байдал нь эрс дордсон гэжээ. 1880-1882 онд онцгой хүйтэн өвөл болж, мал сүрэг асар их хорогдсон байна. Дээр нь бас Чин улсын албадад ажилладаг хятад түшмэдийн басамжлан доромжилсон харьцааны улмаас дарлагдаж байгаагаа бүр ч их мэдрэх болсон гэж Шишмарев бичжээ. Тэр цааш бичсэн нь: „… Хэрэв ямар нэг гэнэтийн явдал Монголыг эв эеэ хичээхэд хүргэвэл халх (-монголчууд) түүнийг оройлон манлайлах нь дамжиггүй. Олон нөхцөл байдал тэдэнд ашигтай тусч байна. Хамгийн гол нь хамаг монголчууд, халимагуудын шүтээн болсон Авид Жавзандамба хутагтын хойд түр тэнд заларч буй…Тэр монгол бус төвд хүн хэдий ч ... Хутагтын нэр нөлөө тус оронд үнэхээр асар их. (Канси) … түүнээс эрх мэдлийг нь булаан авч, хорвоогийн ажил хэрэгт оролцуулалгүй, бишрэн шүтэгдсэн бурханы гадаад нэр хүнд, уур амьсгалыг хэвээр нь хадгалж … (Хутагт) өөрийн биеэр үйл ажиллагаа явуулж эс чадавч Монголоор зогсохгүй бусдын гарт хүчтэй зэвсэг болох хүн.“3


Зүүн Ази дахь „хуучин гүрнүүд“-ийн олон улсын эрх
АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн 1861 онд Америкийн хуульч Ансон Бурлингейм (1820-1870)-ийг Чин гүрэн дэх бүрэн эрхт төлөөлөгчөөрөө томилсон байна. Бурлингейм бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар Чин улсын засаг захиргаатай хамтран ажиллах эхлэлийг тавихыг оролджээ. Чингэхэд нь эхлээд Хятад улс түншлэлийн харилцаатай байхын тулд олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тэр ойлгож байлаа. Энэ үзэл нь АНУ-ын тэрхүү дипломатчийг Хятадад угийн ихэмсгээр хандаж зэвүүрхдэг империалист гүрнүүдийн ажил үйлс нэгт нөхдөөс нь мэдэгдэхүйц ялгаруулж байв. Тиймээс Бурлингейм Хенри Вийтоний (Wheaton) „Олон улсын эрх зүйн элементүүд“4 номыг хятад хэлэнд хөрвүүлэх арга хэмжээ авсан байна. Эзэн хааны Засгийн газар уг номыг 1865 онд өөрийнхөө зардлаар хэд хэдэн боть болгон
хэвлүүлжээ. Номыг дараа нь япон, сүүлд нь монгол хэлэнд хөрвүүлсэн байна. 1880 онд мөн Швейцарийн хуульч И. К. Блюнчлийн (Bluntschli) „Иргэншсэн улсуудын орчин үеийн олон улсын эрх зүйг эрх зүйн ном дор тайлбарлахуй“5 стандарт бүтээлийг хятад (хожим бас япон) хэлнээ хөрвүүлжээ. Блюнчлийн ном нь амьдралд ойр, олон улсын эрх зүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тустай удирдамж болж байв. Уг хоёр ном 1911 он гэхэд ямар нэг хэлбэрээр Богд гэгээний ойрын хүрээнд очсон байлаа. Вийтоний номыг монгол руу орчуулчихсан байсан бөгөөд Оросын буриадууд Богд гэгээний Засгийн газрын гишүүдэд юутай ч Блюнчлийн номын гол гол хэсгийг яах аргагүй орос орчуулгаас нь танилцуулж байсныг Коростовецээс бид мэдэх юм. Энэ юу гэсэн үг вэ? Тэгэхлээр Чин улс, Орос болон Ар Монгол яриа, хэлэлцээндээ, хэрэв тэд түүнийгээ баримталж байсан бол хаа нэгтээ, яаж ийгээд олон улсын эрх зүйн нэг ижил угтвар нөхцөлийг үндэс болгосон байх талтай.


Төвдөд зэрэгцэн өрнөсөн үйл явдал
Төвдийн талаар хэдэн үг хэлье. VIII Жавзандамбыг 1872 онд Төвдөд тодруулжээ. Манжийн хаан түүнийг 1875 онд батламжилж, тэрээр Их Хүрээнд эцэг, эх, номын багш нарын хамт хүрэлцэн ирсэн байна. Мөн жил Төвдөд XII Далай лам жанч халсан. Банчин ламыг өөрийг нь батламжилсны дараа 1879 онд XIII Далай лам (1876 онд төрсөн) Поталад ширээнд өргөмжлөгджээ. Тэгэхлээр Далай лам Жавзандамбаас зургаа дүү байж. Тэр үед Хятадын Төвдөд үзүүлэх нөлөө буурч байв. Хятадын амбангууд юуны өмнө шашны асуудал дээр Хятадын нөлөөг хэвээр нь хадгалахыг оролдож байсан нь Чин улсын засаг захиргаа нэн ялангуяа шарын шашныг монголчуудыг захирах гол зэвсгээ гэж үзэж байсантай холбоотой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэд бусад асуудлыг ч зөнд нь орхиход бэлэн байв. 1894 онд Далай лам болон тэр үеийг хүртэл нууцлаг байсан үндэсний нэг хөдөлгөөний төлөөлөгчид Засгийн газрын ажлыг гартаа авчээ. Далай ламд 1894 оноос буриад лам Агваандоржиев нэн урт удаан хугацаагаар нөлөө үзүүлэх болсон агаад Оросын албат тэр хүн 1897 онд Төвдийн ерөнхий сайдын гадаад хэрэг хариуцсан албан бус нарийн бичгийн дарга, зөвлөх болсон, эцсийн бүлэгт харин ч бүр Оросын Засгийн газрын даалгавраар ажиллаж байсан юм билүү, үүнийг хэзээ тодруулж чадахгүй биз. Төвдийн Засгийн газар „Манжийн хааны ивээл хамгааллаас Оросын цагаан хааны ивээл хамгаалалд“-д орох хүсэлтэй байгааг Далай лам Буриадын сувгуудаараа дамжуулан Оросын Засгийн газарт мэдэгдсэн байна.6


VIII Жавзандамбын хойд дүр болж тодорсон хүүхэд
Одоо Халх Монгол, Жавзандамбын асуудалдаа эргээд оръё! Эзэн хаан түүнийг батламжлахдаа тамгын хамт алтан навчит өргөмжлөл шагнасан агаад түүн дээр нь эзэн хааны санаанд нийцүүлж шарын шашныг бадруулахын тулд хамаг лам нарыг захиран сургаж явахыг хичээгтүн хэмээсэн байлаа.7 Төвдөөс дагалдан ирсэн номын багш нар нь түүнд шашны ном сургаал зааж ахуйдаа өмнөх дүрүүдээрээ дамжин анхдугаар Жавзандамба Өндөр гэгээн Занабазар төдийгүй Чингисийн алтан ураг, Чингисийн угсааны тайж язгууртнуудтай холбогдсон болохыг нь сануулж байсан нь лав. Багш нар нь түүнтэй бас „дээд өглөгийн эзэн хаан“, улсын их багш хоёрын хоорондын харилцаа болсон Хубилай хаан, Пагва лам хоёрын харьцааны талаар ярьж хөөрдөг байсан нь мэдээж.8 Тэгэхдээ төвд багш нар нь Лхаст авсан даалгаврынхаа дагуу юуны өмнө үндэсний гэхээсээ илүүтэй бүс нутгийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхийг зорьж байсан Далай лам, Банчин лам болон шарын шашны лам хуврагуудын эрх ашгийг төлөөлж байсныг анзаарахгүй байж болохгүй. Тэд Манжийн хааныг „дээд өглөгийн эзэн“-ээ хэмээн үзэж байсан нь ойлгомжтой. Эзэн хаан эрх мэдлийн хамгийн баян төв болж, Төвд, монголчуудыг шарын шашнаар дамжуулан илүү сайн захирах боломж олгож байснаас уг үүргийг гүйцэтгэх нь түүнд таатай байсан.

Сэр Чарльз Беллийн заан тэмдэглэснээр Жавзандамба нь „байр суурийнхаа эрэмбээр даруй Далай лам, Банчин лам нарын дараа орох ба Монгол дахь байр суурь нь олон талаараа Төвд дэх Далай ламынхтай тийм ч адилгүй биш байсан. Гэвч түүнд Төвдийн төрийн тэргүүнийх шиг тийм их шашны нэр хүнд, тийм их өргөн хүрээтэй хорвоогийн эрх мэдэл байхгүй тул арай доогуур байр суурь эзэлж байв.“9 Гэхдээ юуны өмнө тэр „ердөө л“ хүн байсан. Таван настайдаа жингийн цуваагаар олон сар аялж Халх Монголд очих ёстой болсон. Эцэг, эх, багш нар нь дагаж очсон, гэхдээ л ижил төстэй ч хүмүүс нь харь хэлээр ярьдаг өөр улс оронд байх болжээ. Энэ хүн маань эцгийгээ нас барахад 9, эхийгээ нас барахад 17 настай байлаа. Эцэг эхийнх нь үхэл түүнд дахиад эх орноо алдсантай адил санагдсан байж таарна. Тэрээр уг гарзыг тун хүндээр даван туулж, өдөр тутам ёслолын үүргээ гүйцэтгэж ахуйдаа харуй бүрийд сэтгэлээр унан гунигладаг байв. Энэ байдал сэтгэлд нь нийцсэн цорын ганц хүн нь Их Хүрээн дэх Манжийн амбан байсан бөгөөд тэр Жавзандамбыг бүхий л хорвоогийн явдал, юуны өмнө монгол ноёдоос хол байлгахыг чармайж байжээ. Залуу хүний хувьд энэ байдлаас гарах нэг боломж нь яаж ийгээд зугтах явдал байв.

1888 онд Жавзандамба Манжийн амбаны зөвшөөрлийг авалгүй Амарбаясгалант хийд рүү оргожээ. Тэр олноос зайдуу байх, бас ч гэж өөрийгөө сатааруулах гэсэн байх. Аль хэдийнээс түүнийг илбийн юм шиг татах болсон Амарбаясгалант хийд нь зургаан үеийн хувилгаан дүрээрээ холбогдсон урьдынх нь дүр анхдугаар Жавзандамба Өндөр гэгээн Занабазарын шарилыг оршоосон газар байлаа. Хүний, тэр дундаа амьдрал үзээгүй, наанадаж л хүүхэд нас гэдгийг мэдэлгүй өссөн залуу Жавзандамбын сэтгэлийг нээх газар нь чухам тийм газар байв. Амарбаясгалантад заларч ахуйдаа уулзаж учирч байсан хүмүүсийнхээ заримд тэр сэтгэл доторхоо, санаа бодлоо уудлан аминчилж ярьдаг байсан нь лав. Тэдний нэг болох Сэцэн хан аймгийн бэйс Цанлигдорж өөрийг нь ойлгон, түүнд хүч өгч, сэтгэлийг нь тогтоохыг эрмэлзэж байжээ. Тэрээр өөрийн хатан юмуу, бага хатан юмуу гэдгийг нь бидний яг нарийн үл мэдэх Дондогдулам гэдэг эмэгтэйг түүнд өгсөн байна. Гэхдээ тэр нь ердөө л сайн нөхрийн уужуу сэтгэлийн илэрхийлэл байв уу? Эсвэл магадгүй цаана нь улс төрийн тодорхой тооцоо нуугдаж байв уу? Магадгүй: „Хараач, энд анхдугаар Жавзандамбын шарил байна, энд VIII Жавзандамба Чи ч бас зогсож байна. Та нар хоорондоо холбоотой! Бид Чамайг Өндөр гэгээнтэй холбогдсоны чинь хувьд өөрсөд дээрээ Чингисийн алтан урагт буцаан авчирч байна. Бид чамайг тэврэн авч байна.“ хэмээсэн уриа ч байсан байж болох юм. Бид тийм байсан гэж хэлж мэдэхгүй, энэ санал Жавзандамбын амьдралд шинэ утга учир, магад ч үгүй ерөөсөө утга учир өгсөн гэдгийг ч бас үгүйсгэж бас чадахгүй.


Дондогдулам – улс төрийн „амтат занга“ уу, аль эсвэл түүхийн азтай тохиол уу?
Юутай ч өөрөөс нь 4 дүү Дондогдулам түүнд таалагдаж байсан мэт. Тэр бол үзтэл өөртөө итгэлтэй, тэмүүлэлтэй, магад ч үгүй Богдын нүдэнд ердөө л үзэсгэлэнтэй, хүслэн болсон эмэгтэй нь байсан болов уу. Харин хэдэн жилийн дараа тэр эмэгтэй бүхий л хэрэгт түүний хамгийн гол, хамгийн найдвартай зөвлөх болсон байлаа. Тэгэхдээ харин тэр зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодож байв уу, эсвэл бусдын улс төрийн хэрэгсэл болж байв уу, үүнийг бид хэзээ ч олж мэдэж чадахгүй биз ээ.

A.M. Позднеев, Козлов зэрэг Оросын судлаачид Жавзандамбад байн байн бараалхдаг байжээ. Позднеев Ар Монголын шашны бүтцийн талаар олж мэдсэн бүхнээ цуглуулж байв. Стратегийн судалгаа явуулдгаараа алдаршсан Эзэн хааны Оросын газар зүйн нийгэмлэг 1887 онд түүний судалгааг „Монгол дахь буддын сүм хийд болон буддын лам нар, түүний ард түмэнтэй тогтоосон холбоо харилцаа“ гэсэн гарчигтайгаар нийтэлсэн нь, ялангуяа гарчгийн сүүлийн хэсэг анхаарал татна. Бүр 1892 онд Оросын Гадаад харилцааны яам дотоод байдал, засаг захиргааных нь ажлыг судлуулахаар түүнийг дахин Монголд илгээсэн байна. Позднеев зэрэг аялагчид нь тодорхой хэмжээгээр Оросын гадаад бодлогын түүчээ байсан юм.

1895 онд Жавзандамба Эрдэнэ зууд заларчээ. Түүний цуваанд 650 тэмээ, 1000 морь орж явсан нь наанадаж л тийм аялалын цар хэмжээг харуулна. Манжийн амбан ч дагалдан явсан байна. Тийнхүү Жавзандамба дахиад л Чингисийн алтан ургийнхны түүхэнд ойрхон очжээ. Хийдийн ойролцоо цагтаа гүрний нийслэл байсан Хархорумын үлдэгдэл байлаа. Хийдэд Абтай хан болон түүний ач Түшээт хан Гомбодоржийн дурсгалд зориулсан бунхан, мөн Абтай ханы өргөө гэр байв. Жавзандамба монгол ноёдтой улам ойр дотно харьцах болсон мэт, түүнд нь Дондогдулам нөлөөлсөн байж болох талтай. Жавзандамба эзэн хаан юмуу Гадаад Монголын төрийг засах явдлын яамны өмнө зарим ноёдын эрх ашгийг хамгаалж байсныг, юуны өмнө Түшээт хан аймгийн Түшээт Чин Вангийн хошуунд лам нарын хойд дүрийг тодруулж байсныг бид мэдээнээс илүү шууд бус замаар мэдэх юм. Тэрчлэн протоколд заасныг зөрчин Манжийн амбанд улам бүр өөртөө итгэлтэйгээр хандах болсныг нь ч бид олж мэдсэн. 1902 онд Жавзандамба Дондогдуламд „эх дагина“ цол шагнаснаар тэр эмэгтэй нийгэмд шашнаас арай ангид байр суурь эзлэхээ больсон байна.


Далай лам Ар Монголд орогнох болсон нь
1904 оны 11-р сард Далай лам 700 хүнийг дагалдуулан анх удаагаа орогнохоор Ар Монголд залран иржээ. Жавзандамба түүнийг хэдэн өдөрчийн газар угтсан гэдэг. Далай лам, Жавзандамба хоёр анх удаа уулзсан ажээ. Тэд анхнаасаа л бие биенийгээ үл ойшоож байсан мэт. Далай лам Жавзандамбын амьдралын хэвшил, юуны өмнө Дондогдуламтай байдгийг нь шүүмжилдэг байв. Тиймээс Гадаад Монголын төрийг засах явдлын яам 1905 онд Дондогдуламд зүгээр ч нэг „сэцэн эрдэнэ“ цол шагнаагүй болов уу. Оросоос ч бас мөргөлчид бөөн бөөнөөрөө Их Хүрээ рүү цувах нь эрс нэмэгдсэн ажээ. Орос улс Зүүн Сибирийн их лам Эрэтуевт юуны өмнө буриад мөргөлчдийг биечлэн Их Хүрээ рүү авч явж байхыг зөвшөөрчээ. Цагаан хаан Далай ламд дээд зэргийн анхаарал хандуулах болов. Оросын консул түүнд дээд зэргээр санаа тавих болжээ. Хятад дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч М. Потокилов түүнд цагаан хааны бэлгийг биечлэн гардуулахаар Их Хүрээнд хүрэлцэн ирсэн юм. 1905 оны 9-р сард Далай лам Эрдэнэ зууд өвөлжихөөр саатжээ. Тэр завсар лам Агваандоржиев Далай ламын даалгавраар Их Хүрээнд далдуур шийдвэрлэх гол нөлөө үзүүлэх болов. Далай лам 1906 оны зуныг дахин Их Хүрээнд өнгөрүүлжээ. 1906 оны 2-р сарын 14-нд цагаан хаан Буриадын буддын шашны төлөөлөгчдийг хүлээн авав. Удалгүй 1906 оны 4-р сарын 7-нд цагаан хаан Далай ламд нэгэн цахилгаан утас илгээж, Далай ламтай уулзах завшаан буддын шашинт албатуудад нь тохиосонд талархал илэрхийлжээ. Тэрээр бичихдээ: „Өндөр дээд ламдаа Орос гүрний ойролцоо умард Монголд заларч ахуйд нь гүн хүндэтгэлээ үзүүлж чадсандаа буддын шашинт миний олон албат баяртай байна.“10 гэжээ. Цагаан хааны цахилгаан утас олон томоохон сонинд үг үсэгчлэн нийтлэгдсэн нь хачирхалтай. Хаан түүндээ „Орос гүрний ойролцоо умард Монголд“ гэсэн нь санамсаргүй хэрэг байв уу? Үгүй л болов уу.

Орос, Их Британи хоёр улс 1907 оны 8-р сарын 31-нд Санкт Петербургт Төвдийн тухай конвенцид гарын үсэг зурж, Хятад улс Төвдөд эзэн эрхээ тогтоосныг хүлээн зөвшөөрөөд Төвд нэгдэн орсныг зөвшөөрч, дотоодынх нь засаг захиргааны хэрэгт нөлөөлөхгүй байх үүргийг харилцан хүлээжээ. Гэсэн ч Их Британи нь „Төвдийн гадаад харилцааны статус квог хэвээр хадгалахыг онцлон сонирхож байгаа“-г, тэрчлэн хоёр улсын албатууд „дан шашны асуудал“-аар Далай лам болон Төвд дэх буддын шашны төлөөлөгчийн газруудтай шууд харилцаж болохыг хүлээн зөвшөөрчээ.11


Ар Монголд зөрчил мөргөлдөөн гарах боломж нэмэгдсэн нь
„1911 оны үндэсний хувьсгал“-ын талаар Монголд хэвлэгдсэн эх сурвалжуудад дурьдсан баримтуудаас үзэхэд юуны өмнө Түшээт хан, Сэцэн хан зэрэг аймгийн чуулгануудаас Их Хүрээн дэх Манжийн амбан болон Гадаад Монголын төрийг засах явдлын яаманд өргөн барьсан өргөдөл гомдлын тоо 1900 оноос асар их нэмэгдсэн нь харагдана. Дөрвөдийн Сайн заяат аймгаас өргөн барьсан цөөн хэдэн бичиг ч байна. Баримт бичгийн цуглуулгад Засагт хан аймаг, Сайн ноён хан аймгийн баримт материал байхгүй байгаа тул Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг болон Жавзандамбын Их шавийн нутаг үнэхээр нийгмийн анхаарлын төвд байсан гэж үзэж болохоор байгаа юм. Ядууралд нэрвэгдсэн олон нутагт XIX зууны 2-р хагаст болсон ган, зуднаар асар их мал хорогдсон нь баримтаас харагдана. Хар тамхины дайны улмаас алба гувчуур нэмэгдэж, хожим аймгуудыг албан татварын хувьд Хятадын мужуудтай адил авч үзэж эхэлсэн нь баримт бичгүүдэд дурьдсан хоёр аймгийн хошуудыг асар их хэмжээгээр, бүр эргэлт буцалтгүй ядууралд хүргэжээ. Тиймээс хошууны засаг ноёд хошууныхаа нэрийн өмнөөс Хятадын худалдааны пүүсүүдээс зээл авах явдал цөөнгүй гарч байв. Жишээ нь Сансрайдорж бэйсийн хошуу 10 000 лан, бусад хошууд 2000-5000 лан мөнгөний өр тавьсан байсныг Их Хүрээний нэгэн хятад мөнгө зээлдүүлэгчийн гаргасан жагсаалтаас бид мэднэ. Эдийн засгийн байдлын улмаас өрийг буцааж төлнө гэж санахын ч гарз байв. Тиймээс хятад худалдааны пүүсүүд малыг нь хурааж авах буюу барьцаанд авдаг байснаас хошуудын эдийн засгийн байдал туйлын их доройтсон байлаа. Аймгийн нэрийн өмнөөс гомдол гаргагчид нь аймгийн чуулганы дарга, түүний доод тушаалын түшмэлүүд байсан. Гэхдээ тэд хан буюу ноёдын нэрийн өмнөөс Их Хүрээн дэх амбан болон Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яаманд ханддаг байв. 1908 оны үеэс аймгийн чуулганы дарга нар Их шавийн Эрдэнэ шанзубтай хамтран гомдол гаргах нь бүр ч олширчээ. Энэ нь Жавзандамба ч бас эдийн засгийн хувьд ихэээхэн нэрвэгдэх болсон гэсэн үг юм. Тиймээс ч ноёд болон Жавзандамба бие биедээ улам их найр тавих болсон байж болох талтай. Байдал туйлын эмзэг болж, алт олборлолт, бэлчээр нутгийг ирж суурьших хятад тариачдын тариалангийн газар болгох эрмэлзэл, өртөө, цэргийн алба гувчуурын нэмэгдэл, хятад худалдааны пүүсүүдийн бодлогын улмаас улам дордож байв. Зөвхөн хятад тариачид газар авах асуудлыг тэр үеийн төр эрхийн үүднээс аваад үзэхэд л тэр нь түүхээс урган гарсан газар, Монголын ард түмний харилцааг таслах гэсэн оролдлого байсан юм. Тийн болохоор Чин улсын засаг захиргааны тушаал зааврыг хэрэгжүүлэх монгол түшмэдийн хүсэл сонирхол улам буурч байсныг гайхах юмгүй. „Чин улсын засаг захиргааны шинэ засгийн бодлого“-оос үүдсэн аюул заналхийлж байсан болохоор юуны өмнө засаг ноёд, Чингисийн угсааныхан, том хийдийн тэргүүн болон лам хуврагууд, өөрөөр хэлбэл Халх Монгол (Ар Монгол)-ын нийгмийн дээд давхаргынхан өөрсдийгөө туйлын их нэрвэгдэж, дунд хугацаанд байр сууриа ганхахад хүрлээ хэмээн үзэхээс ч аргагүй. Удирдах давхаргынхны дунд Хятадын эсрэг үзэл байнга илрэх болсон бол Манжийн эсрэг үзэл төдийлөн илрэхгүй байв. Тайж язгууртан, лам хувраг, монгол түшмэдийн ашиг сонирхол дээд зэргээр нийцэх болов. Энэ нөхцөлд дээд давхаргынхан болон Жавзандамба юу хийж байв? Тэдний хэн нь улс төрийн санаачлагыг гартаа авсан бэ? Эх сурвалжуудаас авч болох баримтуудад түшиглэн нарийн тодорхой нотолгоо гаргах боломж бидэнд үнэндээ алга байна.


Эсэргүүцэл ба улс төрийн санаачлага
Халх Монголын улс төрийн гол зүтгэлтнүүд болох хан, засаг ноёд, Чингисийн угсааны гол гол төлөөлөгчид, аймгийн чуулганы дарга нар, тэдний орлогчид, сүм хийдийн тэргүүн болон лам хуврагууд жил бүр Бат оршил өргөх ёслолд оролцохоор Их Хүрээнд цугладаг байсныг бид мэднэ. Жавзандамба бүр 1910 онд „газар нутаг, эх орноо хамгаалах“ цаг ирснийг хэлж байсан тухай Дилав хутагт дурсамжиндаа бичжээ. Харин 1910 оны зун тэр дахиад л „улс төр хийж болох.“12 тухай бүдэг бадаг үг хэлж байсан байх юм. Цаагуур нь харин Түшээт хан аймгийн жанжин Чагдаржав, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд болон 1909 оныг хүртэл Харбинд оросуудын гаргаж асан „Монголын сонин бичиг“ сэтгүүлд ажиллаж байсан Өвөр Монголын гүн Хайсан нар тэрхүү нөхцөл байдлаас гарах арга замын талаар хэлэлцэж байв. 1911 оны 6-р сар гэхэд уг яриа хэлэлцээнд оролцох хүмүүсийн хүрээ өргөжиж, Халх Монголын 4 хан, аймгийн чуулганы дарга нар, лам нарын төлөөлөгчид Эрдэнэ шанзубын өргөөнд уулзжээ. Жавзандамба зөвлөгөөнд биечлэн оролцоогүй ч бүхнийг түүнд дуулгаж байсан нь мэдээж. 1911 оны 7-р сарын 23-нд тэр цагаан хаанд элч зарж Оросоос Ар Монголд тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэх гэж байгаагаа Оросын консул Лавдовскийд дуулгажээ. Лавдовский ч бүгдийг цааш нь уламжлах арга хэмжээ авч. Харин Санкт Петербургт „гайхалтай“ юм болсон аж. Сайд нарын Зөвлөлийн дарга П. А. Столыпин Монголын төлөөлөгчдийг өөрийн биеэр хүлээн авсан нь ер бусын, тэр ч байтугай хэвийн бус хэрэг байлаа. Юутай ч Жавзандамбын илгээсэн хүмүүс албан ёсны төлөөлөгчид байгаагүй. Ёсноос гажсан ийм зүйлийг зөвхөн Оросын дээд эрх ашгийг хөндсөн тохиолдолд л хийдэг байв. Төлөөлөгчид Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай албан ёсны гэрээ байгуулахыг Столыпиноос хүсээд төмөр зам барьж холбогдох тухай гэрээ байгуулах асуудлыг хүртэл тавьж түүнийгээ сонирхолтой болгохыг оролдсон байна. Оросын Перс болон Умард Манжууртай холбоотой (мөн л нууц) төлөвлөгөөг мэддэг хүн л төмөр замтай холбоотой санал тавьж чадах байв. Столыпин санхүү, худалдаа, аж үйлдвэр, арми, тэнгисийн цэрэг хариуцсан сайд нартайгаа Монголын асуудлын талаар зөвлөжээ. Эцэст нь цэргийн хүчин зүйл шийдвэрлэх алхам хийхэд хүргэсэн аж. 1911 оны 8-р сарын 28-нд Бээжин дэх Оросын бүрэн эрхт төлөөлөгч И. A. Koростовец Хятадын Гадаад хэргийн яаманд нэгэн ноот бичгийг гардуулсан агаад түүнд Чин улсын бодлого Монгол улсын Status quo-д заналхийлж байхад Орос улс хайхрахгүй байж болохгүй байгаа тухай заасан байлаа.


Оросын Гадаад хэргийн яамны дотоод асуудал
1910 (!) онд Оросын Гадаад хэргийн яам Лондонд сууж байсан элчин сайддаа „Монголын Status quo-г өөрчлөхгүй байх, тэнд цэргийн аливаа арга хэмжээ авахгүй байх үүргийг Хятадаар хүлээлгэх зорилгоор Хятадад шахалт үзүүлэх төлөвлөгөө“13-г өндөр зэрэглэлийн нууцлалтайгаар илгээсэн байна. Бүх зүйл Оросын Умард Манжуурт хэрэгжүүлэх төлөвлөгөөнд захирагдаж, Японы ашиг сонирхолд мэдрэмжтэй хандах шаардлага бий болоод байв. Оросын Гадаад хэргийн яамны нэг нууц санамж бичигт энэ талаар дурьдахдаа „Хятадын энэ эсэргүүцэл нь тухайн үедээ зэвсгийн хүчээр, мөн Хятадын зарим нутгийг нэгтгэж авах замаар Алс Дорнод дахь Оросын байр суурийг бэхжүүлэх санааг Оросын Засгийн газарт төрүүлсэн, тэгэх аваас Зүүн Азид будлиан гарахаас цаашдаа эмээх хэрэггүй болж, шаардлага гарвал хүчээ өөр газар тавих боломжтой болох юм.“14 гэжээ. Дээр нь бас Орос улс Санкт Петербургийн гэрээг „шинэчлэхдээ Хятадын гаднах манай улс төрийн үйл ажиллагааны үндэс болсон гол онцлогийг нь хэвээр байлгах …“15-аар засч өөрчлөх сонирхолтой байв. 1912 онд Монголыг цаашид ч „Хятад гүрний автономит бүрэлдэхүүн хэсэг“ байлгах Оросын сонирхол их байлаа. Санамж бичигт: „Энэ нарийн төвөгтэй, Оросын эрх ашгийг онцгой хөндсөн асуудлыг сүүлд эцэслэн зохицуулахаар хойшлуулах хэрэгтэй, учир нь бид Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах зарчимд шууд харшилсан манай улс төрийн ашиг сонирхлыг цэгнэж үзэх хэрэгтэй байгаа юм.“16 гэсэн байна. Германы Монгол судлаач Констен Оросын ашиг сонирхлын өөр нэг талыг заан тэмдэглэснийг зайлшгүй бодолцож үзэх хэрэгтэй юм. Түүний бичсэн нь: „Халх Монголыг Хятад колоничлоно гэдэг Эрхүүд байнгын аюул заналхийлнэ гэсэн үг тул Орос тэвчиж чадахгүй гэж тэр бүрэн эрхт төлөөлөгч (Koростовец, УББ) үзэж байсан. Сибирийг шар арьстнуудаас хамгаалахын тулд Монголд Орос нэгдүгээр байрыг, Хятад хоёрдугаар байрыг эзэлж байх ёстой.“17 Асуудлын энэ тал юутай ч өнөөгийн Оросын хувьд чухал ач холбогдолтой байгаа билээ.


Хэмжээгүй эрхт эзэн хаан, бүрэн эрхт байдал хэмээх ухагдахууны талаарх монголчуудын ойлголт төсөөлөл

Жавзандамба хэмжээгүй эрхт эзэн хаан болоод ямар үүрэг гүйцэтгэх, улс орны бүрэн эрхт байдал ямаршуухан дүр төрхтэй байх талаар Ар Монголд төрт ёс тогтоохыг зорьсон хүмүүсийн ойрын хүрээнд түүнийг хаан ширээнд залахын өмнө яаж ийгээд ойлголцох хэрэгтэй болсон нь ойлгомжтой. Яриа хэлцээний энэ шатанд Цэрэндорж мэтийн төрийн түшмэд онцгой үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй, учир нь тэд л шаардлагатай захиргааны ажлын дадлага чадвар, хуулийн мэдлэгтэй байсан. Koростовец Цэрэндоржийг „хамгийн гарамгай“ түшмэл, „чадварлаг, ажиллах чадвар сайтай“ гэсэн байдаг. Түүнийг Оросын Консулын газрын сургуульд орос хэлний багш хийж байх цагаас нь мэддэг Ларсон „Умард Монголын тэргүүлэх ухаантан“, „хятадаар монгол хэл шиг сайн ярьж, бичдэг маш овжин дипломатч“, „энгийн, цуцалтгүй хөдөлмөрч хүн“, „Засгийн ажлыг удирдахдаа хувийн амьдралдаа байдаг шиг арвич хямгач“ хэмээн тодорхойлсон буй.18 Цэрэндорж буриад Цэрэнпыловын зэрэгцээгээр дээр дурьдсан Хенри Вийтон, И. К. Блюнчли нарын олон улсын эрх зүйн талаарх бүтээлүүдийг уншиж, бас ойлгосон хүмүүсийн нэг байсан нь эргэлзээгүй. Монголчууд И. К. Блюнчлийн илт практикт ойр бүтээлийг баримталж байсныг бид Koростовецоос мэднэ. Тиймээс уг бүтээл Блюнчлийн „Төр эрх“-ийн зэрэгцээгээр дараах үйл явдалд ихээхэн нөлөө үзүүлсэн байх ёстой.

Богд гэгээний хүрээнийхний үйл ажиллагаагаа явуулсан завсрын тэр цаг хугацааг гайхмаар. 10-р сарын 10-нд Хятадын Вучанд цэргийн үймээн гарч эхэлсэн ба 1912 оны 2-р сарын 12-нд Чин улсын ордныхон эзэн хаан ширээнээсээ бууж байгааг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон Монгол улсыг байгуулах үйл явц Чин улсын мөхөлтэй цаг хугацааны хувьд нэгэн зэрэг явагдсан. Асар их хурдтай, байгаа оносон ажиллагаа явуулж байсан нь эхэн үедээ Их Хүрээгээр хязгаарлагдаж байсан дараа дараачийнх нь үйл явдлуудын онцлог болно.

1911 оны 11-р сарын 30-нд Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Захиран Шийтгэх Газар Түшээ гүн Чагдаржавын удирдлагын дор төрийн гүйцэтгэн захирах ажлыг хүлээн авчээ. Өндөр дээд албанд Да лам Цэрэнчимэдээс бусад нь зонхилон ноёд байв. Тус албанаас 1911 оны 12-р сарын 1-нд монголчуудын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан, зориудаар хэлэхэд Монгол улсын биш монголчуудын гэсэн нь дараа товлосон цагт нутаг дэвсгэрээ тодорхойлох гэсэн санаа. 1912 оны 12-р сарын 29-ний өдөр Түр Засгийн газрын боловсруулсан журмын дагуу Богд гэгээнийг хаан ширээнд залжээ. Ингээд улс төрийн санаачлага Чингисийн угсааны тайж язгууртнуудын төлөөлөгчдөд дахин очив. Ёслолын ажиллагаанд таван аймгийн хан, засаг ноёд, аймгийн чуулганы дарга, жанжин, тамгатай хутагт, хувилгаад, Шанзуб, Да лам нар болон өндөр албаны түшмэд оролцжээ. VIII Жавзандамбаас Монгол улсын хааны өргөмжлөлийг хүлээн авахыг хүсэв. Тэрбээр өргөмжлөлийг хүлээн авсан агаад төр эрхийн үүднээс авч үзвэл энэ нь өөрөө өөрийгөө бус ноёд түүнийг хаан ширээнд залсан хэрэг байв. Богдын албан ёсны цолыг „Шашныг мандуулах амьтныг жаргуулагч, Олноо өргөгдсөн Монгол улсын эзэн шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаан“ гэсэн нь шашин, төр хосолсон хаант засаг байгуулагдсаныг илтгэнэ . Тамга нь „шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга“ гэсэн бичээстэй. Монгол улсын хэмжээгүй эрхт эзэн хааны хувиар Богд нь шашин, төрийн нэгдэл хийгээд улсын бүрэн эрх, нэр хүндийн амьд биелэл болж байлаа. Тэр үүднээс ноёд, албат „бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэх“-ийг шаардаж байсан.19

Блюнчли Богдыг бүрэн эрхт эзэн хааны хувиар „улсын доторхи бусад бүх төрийн албаны бүрэн эрх хэрэгжих эх сурвалж.“ нь болж байсан гэжээ. Тэр дагуу тэрээр „тулгур төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан“-ы тул дотоод хэргийн сайд болсон Да лам Цэрэнчимэдээс бусад гадаад хэрэг, цэргийн хэрэг, санхүү, шүүх таслах хэргийг захиран шийтгэх яамдын сайдаар зөвхөн ноёдыг тохоон томилсон байна. Оросын дотооддоо гаргасан дүгнэлтээр бол тэдгээр сайд нар бараг бүгдээрээ Оросод нэн нааштай хандаж байсан аж. Констены тэмдэглэснээр сайд нарын орлогчоор өвөр монголчуудыг томилдог байсан нь байгуулахаар төлөвлөсөн улсын хэмжээ далайцыг харуулж байсан болов уу. Засгийн газрын бүх гишүүдийн зэрэг дэвийг нэмэн онцгой эрх дарх эдлүүлж, Ханддорж, Цэрэнчимэд нарт пүнлүү олгох болсон. Халх Монголын дөрвөн ханд ч шинэ цол шагнасан байна. Энэ нь Богд гэгээн хэмжээгүй эрхт хааны хувиар улсын дотор өргөмжлөл хүндэтгэл үзүүлэх бүрэн эрхийг эдэлж байсныг тодорхой харуулах ба зөвхөн тэр л тайж язгууртны цол хэргэм, одон, зэрэг дэв, цол болон ижил төстэй шагналыг олгох эрхтэй байлаа. Дараагийн шатны хамгийн гол зорилт нь улсын хувьд төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх явдал байв. Энэ нь улсын нутаг дэвсгэр, цэрэг, цагдаа, шүүх, санхүүгийн салбарт төр бүрэн эрхээ эдэлнэ гэсэн үг тул тухайн нөхцөлд нэн адармаатай зорилт болж байсан.

Тэгэхэд нь Зүүн Азид нийтлэг байдагчлан тамга солих явдал ихээхэн чухалд тавигджээ. 1912 оны 2-р сарын 1-нд Манжийн үеийн тамгын дүрэм20-ийг хүчингүй болгосон бөгөөд уг дүрэм ёсоор тамгыг жил бүрийн 12-р сарын эцсээр лацдаж, цагаан сарын дараа лацыг нь авдаг байсан, нэг ёсондоо тэр хугацаанд засаг захиргааны ажил завсарладаг байсан гэсэн үг. Ингээд хийж гүйцэтгэх ёстой болсон ажлын улмаас чингэх боломжгүй болсон байна. 1-р сарын 21-ний өдрийн бичгээр халх аймгуудын хан болон засаг ноёдод шинэ тамга олгох заавар өгчээ. Шинэ тамга нь Богд гэгээнд захирагдах болсныг нь тодорхой харуулж, тэр цагаас эхлэн албан ажлыг түүний нэрийн өмнөөс явуулах болжээ. Энэ нь бас өмнөх хошуудын засаг захиргааг өөрчлөлгүй тэр хэвээр нь удирдлагын тогтолцоо болгосон гэсэн үг юм. Хошуудын засаг захиргаа нь алсуураа Европын зээлийн системийг санагдуулж байсан бөгөөд чанарын гол ялгаа нь газар өмчид очоогүйд байсан. Хошуу захирагчийн албыг ноёд хаших болов. Тэд аймгийнхаа ханд захирагдаж, хан нь Засгийн газар буюу Богд гэгээнд захирагдаж байв. Энэ шийдвэрийг гаргаснаар үндсэндээ нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн бүрэн эрх хэрэгжих болсон юм. Чин улсын төлөөлөгчид болон хятад иргэдийг олноор нь улс орноосоо хөөн зайлуулсан тул Ар Монголд угсаатны нэг жигд байдал илүү өндөр түвшинд хүрсэн байна. Цэргийн салбарт төрийн бүрэн эрх хэрэгжих болсон нь аймгуудаас цэрэг татах, доод тушаалын тайж, түшмэдийг захирагчаар томилох, дайчилгааны тушаал өгөх зэргээр илрэлээ олж байв. Энэ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх явдалтай нягт холбоотой явагдсан.

Түүнээс гадна 1912 оны 1-р сарын 29-нд Шүүх яам 4 аймаг, Хөвсгөл нуурын Урианхай, Эрдэнэ Шанзубын захиргааны нутаг, нийслэл Хүрээ болон Монголын Хиагтад урьд нь мөрдөж ирсэн хууль эрхийг түр үргэлжлүүлэн хэрэглэх шийдвэр гаргажээ.21 Ингэснээр шүүх засаглалд мөн төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсон бөгөөд залгуулаад аяндаа цагдаа, хожим бас санхүүгийн салбарт төрийн бүрэн эрх хэрэгжих болсон. Тийнхүү гол гол салбарт төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь төрийн дотоод бүрэн эрхт байдлын үндэс болжээ. 1912 оны 5-р сарын эхээр сайд, түшмэд, засаг ноёд, засаг бус хан, ван, гүн, Эрдэнэ шанзуб болон лам нар Абтай хан (нийслэл Хүрээн дэх?)-ы өргөөнөө залсан сахиусны өмнө төр улсдаа үнэнчээр зүтгэхээ илэрхийлж тангараг өргөснөөр эл үйл явц дуусгавар болсон билээ.

Юуны өмнө төр эрх зүйн үүднээс тайлбарлавал зохих Монгол төрийн дотоод бүрэн эрхт байдлыг үндсэндээ тийнхүү тогтоосон билээ. Блюнчли бүрэн эрхт байдлыг хоёр түвшинд тодорхойлсон байна. Үүнд:

  • „(Тухайн, УББ) улсын өөр улсаас хараат бус тусгаар байдал хийгээд нутаг дэвсгэртээ бусад улс аливаа ажиллагаа явуулахыг үл хүлээн зөвшөөрөх байдал;
  • Улс орныхоо хүсэл зорилгыг бусад улсын оролцоо саадгүйгээр өөрөө тодорхойлж, өөрийн үзэмжээр илэрхийлж, батлах тухайн улсын чөлөөт байдал.“22

Дотоод бүрэн эрхт байдлаа тогтоосныг хангалттай нотлох нотолгоо түүхийн баримтуудад байдаг ч хэр бат бэх буюу тогтвортой байсан талаар нь юу ч хэлэхгүй байна. Чингээд Монгол төрийн гадаад бүрэн эрхт байдал хийгээд „олон улсын хуулийн этгээд“ болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилт тулгарчээ. Блюнчли „этгээд“ хэмээх ойлголт „эрх олж авах, түүнийгээ хадгалж хамгаалах, өөртөө үүрэг хүлээх.“23 чадвартай холбоотой болохыг заасан буй. Түүний зэрэгцээ „шинэ улс байгуулахын төлөөх ил тэмцэл үргэлжилж ... шинэ улс үнэхээр үүссэн эсэх…“, „…шинэ улсыг ялалтанд хүргэж, цааш нь оршин тогтнуулах төрийн хүч хангалттай“24 байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа цагт ямар ч улс шинэ улсыг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээх албагүй хэмээн Блюнчли онцолжээ.

Гэлээ ч гэсэн Богд гэгээн, түүний Засгийн газрын хувьд 1912 оны 11-р сарын 18-нд Франц, Англи, Герман, Америк, Бельги, Япон, Дани, Голланд, Австрийн Гадаад хэргийн яаманд хандаж, Монгол улс Чин улсаас салан тусгаар тогтнолоо олж, „Халх Монголын шарын шашны эзэн лам Жавзандамбыг Монгол улсын хаан“ ширээнд залсан тухай мэдэгдэж, худалдаа хийж, найрсаг харилцаа тогтоох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн нь зөв зүйтэй явдал байсан. Оросоос бусад улс уг бичигт хариу өгөөгүй нь тэр үед хүчний харьцаа ээдрээ түвэгтэй байсантай холбоотой байж болох юм. Юутай ч тэр үед хүчний харьцаа хөзрөөр барьсан байшин шиг эмзэг хэврэг байв. Харин энэ нь Оросын хувьд „Монгол улсын тусгаар тогтнол“-ын асуудалд маш хянуур болгоомжтой хандаж ажиллах хэрэгтэй гэсэн үг байлаа. Тиймээс Оросын үзэж байснаар „ивээл хамгаалал“-даа авахаас өөр зүйлийг Ар Монголын хувьд бараг саналтгүй байв. Энэ тухайд Блюнчли: „78. Хамгаалал дор байгаа улсууд, өөрөөр хэлбэл сул доройгоо мэдэж илүү хүчирхэг улсын хамгааллыг эрэлхийлэн түүний ивээл хамгаалалд орсон улсуудын бүрэн эрхт байдлыг мөн л хагас бүрэн эрхт байдалд тооцно, учир нь тэр нь түүнээс дээгүүрх илүү бүрэн эрхт байдлаар байнга хязгаарлагдаж байдаг.“25 гэжээ. Монголчуудын хувьд дотоод бүрэн эрхт байдлаа бүхий л талаар бэхжүүлэхийн тулд тууштай, тогтвортой ажиллах боломжийг олгох учраас ийм хагас бүрэн эрхт байдал ч өөрөө том амжилт байсан.

Монголчууд 1911, 1912 онуудад төрт ёсоо дахин сэргээсэн нь ерөнхийдөө түүхийн тодорхой нөхцөл байдалтай холбоотой байсан нь лав. Гэхдээ амжилтад хүрэх хамгийн гол угтвар нөхцөл нь Монголын улс төрийн ангид эв нэгдэл бий болж, гол нэгтгэгч Богд гэгээн, ноёд, лам хуврагууд, дээд албаны түшмэд эв санаагаа нэгтгэж чадсан явдал болно. Үүнийг дүгнэлт төдийгүй Монголын түүхээс авах сургамж гэж үзэж бүрэн болно.




1 Sterling Seagrave, Die Konkubine auf dem Drachenthron. Leben und Legende der letzten Kaiserin von China, München 1993, 166 дахь тал.

2 Мөн тэнд, 180-182 дахь тал.

3 Русский консул в Монголии, Отчёт Я. П. Шишмарева о 25-летней деятельности Ургинского консулства, Иркутск 2001, 102, 105 дахь тал.

4 Henry Wheaton, Elements of International Law, Boston 1955.

5 Иоганн Каспар Блюнчли (Bluntschli, Johann Caspar), Современное международное право цивилизованных государств, изложенное в виде кодекса (Johann Caspar Bluntschli, Das moderne Völkerrecht der Civilisirten Staaten als Rechtsbuch dargestellt), Санкт Петербургь 1876, 633 дахь тал.

6 Günther Schulemann, Geschichte der Dalai Lamas, Leipzig 1958, 373 дахь тал.

7 Богд Хаан Амьдралын Он Дарааллын Товчоон, Улаанбаатар 2000, 17-18 дахь тал.

8 Klaus Sagaster, Die Weiße Geschichte, Eine mongolische Quelle zur Lehre von den Beiden Ordnungen. Religion und Staat in Tibet und der Mongolei, =Asiatische Forschung Bd. 41, (Harrassowitz) Wiesbaden 1976, 33 дахь тал.

9 Sir Charles Bell, Der Große Dreizehnte. Das unbekannte Leben des XIII. Dalai Lama von Tibet, Bergisch Gladbach 2005, 89 дэх тал.

10 Günther Schulemann, Geschichte der Dalai Lamas, Leipzig 1958, 387 дахь тал.

11 Convention between Great Britain and Russia (1907)

12 The Diluv Khutagt, Memoirs and Autobiography of a Mongol Buddhist Reincarnation in Religion and Revolution, by Owen Lattimore and Fujiko Isono, = Asiatische Forschungen, Band 74, Wiesbaden 1982, 64 дэх тал.

13 B. von Siebert, Diplomatische Aktenstücke zur Geschichte der Ententepolitik der Vorkriegsjahre, Berlin und Leipzig 1921, 271 дэх тал.

14 Мөн тэнд, 283 дахь тал.

15 Мөн тэнд, 284 дэх тал.

16 Мөн тэнд, 284 дэх тал.

17 Herrmann Consten, Weideplätze der Mongolen im Reiche der Chalcha, II, (Dietrich Reimer) Berlin 1919, 8 дахь тал.

18 F.A. Larson, F.A., Die Mongolei und mein Leben mit den Mongolen, (Gustav Kiepenheuer)?, 36-37 дахь тал.

19 Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, Баримт бичгийн эмхтгэл (1900-1914), Улаанбаатар 1982, 124 дэх тал.

20 Мөн тэнд, 130-131 дэх тал.

21 Монгол Улсын Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам Баримт бичгийн эмхтгэл (1911-1921), Улаанбаатар 2011, 107 дахь тал.

22 J. C. Bluntschli, Das moderne Völkerrecht der Civilisirten Staaten als Rechtsbuch dargestellt, Nördlingen 1869, 84 дэх тал.

23 Мөн тэнд, 63 дахь тал.

24 Мөн тэнд, 69 дэх тал.

25 Мөн тэнд, 89-90 дэх тал.