ТАГНЫН УРИАНХАЙ БУЮУ

ТУВАГИЙН ШИНЭХЭН ТҮҮХ

АЛБАН ЁСНЫ ТУВА 

Бүгд найрамдах Тува улс гэсэн албан ёсны нэртэй Оросын холбооны хязгаар нутаг нь Сибирийн холбооны тойрогт багтдаг. Мөн Дорнод Сибирийн эдийн засгийн районд хамаарна. Тува нь Оросын холбооны Алтай, Хакас, Красноярск, Эрхүү, Буриадтай хиллэнэ, өмнө талаараа Монгол улстай хөрш. 1944 оны 10-р сарын 14-нд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж Тувагийн автономт тойрог болсон ба 1991 оноос Тувагийн бүгд найрамдах улс гэж нэрлэгдэх болсон.

Хүн ам 350 мянга, үүнээс тува үндэстэн 82%, энэ үзүүлэлтээр Оросын холбооны субъект дотор уугуул үндэстний эзлэх хувиар тэргүүлдэг. Тува Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсны дараа хүн амд эзлэх оросууд бараг талд нь хүрч байсан боловч 1991 оноос тэдний тоо эрс цөөрчээ. Нийслэл Кызыл 125 мянган оршин суугчтай. Тува үндэстэн Красноярскт 3 мянга, Эрхүү мужид 1500, Буриадад нэг мянга оршин бүртгэгдсэнээс гадна Монголд 3000-5000 (мончог, цэнгэлт, цаатан ороод), Хятадад 14 мянган тувачууд амьдардаг.

Тувачууд бол түрэг угсааны, саяан бүлгийн нүүдэлчин хүмүүс. Тэдний тухай Хятад эх сурвалжид VI зуунаас бичсэн байдаг. Тэд Монголын өндөрлөгт ноёлж байсан Уйгар, Хиргис, Хятан улсын бүрэлдэхүүнд багтаж байв. 1207 онд Зүчийн цэрэг ойн иргэдийг эзэлснээр тувачууд үүнээс хойш монголчуудтай хувь заяагаа нэгтгэжээ. Нууц товчоонд тэдний тухай “оорцог”, ”ойн”, ”хойн” гэх мэтээр дурссан байдаг. Хожим нь тэд хотгойдын Алтан ханы мэдэлд байжээ. Зүүн гарын хаант улсын бослогыг дарснаар 1766 онд бусад ойрд аймгийн нэгэн адил Манж Чин улсын харъяанд оржээ. 

ЖИНХЭНЭ УРИАНХАЙЧУУД

Тувачууд хэзээ ч өөрсдийгөө “урианхай” гэж нэрлэж байгаагүй, энэ бол монголчуудын тэдэнд өгсөн нэр. Тува өөрсдийгөө “тува”, ”тыва”, ”соёд” гэх мэтээр нэрлэнэ.[i] Энэ алдаатай нэр Манжийн үед засаг захиргааны өөрчлөлт хийх үед үүсчээ. Урианхайчууд бол уугуул монголчууд. Монгол үндэстэн эртний шивэй аймгаас үүссэн ба Их шивэй нь тайчууд[ii], мэнгү шивэй нь хамаг монгол[iii], олохну шивэй нь урианхай гэж таамагладаг. Урианхай аймгаас нэрт цэргийн жанжин Сүвээдэй, Зэв нар төрсөн гэдэг. Монгол улсыг нэгтгэсэн Даян хаан Батмөнхийн үеэс Монгол нь түмэн өрх бүхий зургаан том аймгаас бүрдэнэ. “Түмэн өрх” гэдэг нь 10 мянган цэрэг гаргаж чадах нийтлэг гэсэн утгатай байсан авч яваандаа овог, аймгийн нэгдлийн нэгж болон хувирчээ. Энэ үеэс “Зургаан түмэн Монгол” гэсэн нэршил буй болсон юм. Зургаан түмнийг “баруун гурван түмэн”, “зүүн гурван түмэн” гэж хоёр хуваана. Зүүн гурван түмнийг цахар, халх, урианхай гэсэн гурван түмэн бүрдүүлнэ.[iv]1538 онд Урианхайд бослого гарахад Баруун түмэн, Зүүн түмэн хоёр нийлж байгаад Урианхайг бут цохиж аймгийг нь тараагаад хүн амыг нь бусад аймгуудад ийш тийш тараан хуваарилжээ. Үүнийг далимдуулан Халх аймаг Хэнтийн нуруунаас баруун тийш бэлчээр нутгаа тэлэн Хангайн нурууг дамналдуулан нутаглах болов.[v] Цохигдсон урианхайчууд Алтай нуруу ба Хөвсгөл орчим руу зугтан нутаглах болсон. Эндээс “алтайн урианхай”, “хөвсгөлийн урианхай” гэх нэр бий болсон байна. Явсаар “урианхай” гэсэн үг хязгаар нутаг гэсэн утга давхар агуулах болжээ. 

1731 онд Халх-Ойрдын хил хязгаарыг тогтоох хэлэлцээгээр хоёр тал өнөөгийн Монгол улсын баруун хэсгээр Завхан аймгийн зүүн үзүүрээр урсдаг Буянт голоор хиллэж, ойрдууд Алтайн нуруу давж нутаглаж болохгүй, Халх аймгийн бэлчээр нутаг нь зөвхөн Алтайн нурууны араар байж уулын өмнөх халхууд зөвхөн Завханы нутгаар дамжин нүүж суух болжээ.[vi] Үүний учир нь Алтайн нуруу дамнасан Урианхайн долоон хошуу нь Ойрдод бус Монголд хамаарч байсан юм.

Канси хаан Гадаад Монголыг 34 хошуу болгон жижиглэсэн ба цаашид энэ үйл явц хүчтэй үргэлжлэн Түшээт хан аймаг 20 хошуутай, Cэцэн хан аймаг 23, Засагт хан аймаг 19, Сайнноён хан аймаг 24, Халх нийтдээ 86 хошуутай, Дөрвөд хоёр аймаг нийлээд 16 хошуутай, Алтайн урианхай нийт 7 хошуу, торгууд 2, мянгат 1, өөлд 1, захчин 1, Хөвсгөлийн урианхай 1, Урианхайн хязгаарын Тагна тува 7 хошуу гээд нэмэхээр Гадаад Монгол нь 125 хошуунд хуваагдах ажгуу.[vii]Ингэж Енисэй мөрний эх газар, Сияаны нуруу тэр чигээрээ “Урианхайн хязгаар” гэх газарзүйн нэртэй болсон юм.

Нэрчүгийн гэрээгээр Орос Хятад хоёр Номхон далайгаас эхлэн ерөнхийдөө Манжуур дахь хил хязгаараа тогтсон байлаа. Халх Манж Чин улсад дагаар орсны дараагаас Зүүнгарын хаант улс буюу Алтайн нуруу хүртлэх Халхын хуучин хил эзгүйрлээ гэсэн үг. Энэ үеийг оросууд далимдуулан Тагна Урианхайн хязгаар, Хөвсгөлийн хязгаарыг өөртөө авахаар оролдож эхэлжээ.

ОРОСЫН СОНИРХОЛД ОРСОН УРИАНХАЙН ХЯЗГААР

1727 оны Хятад-Оросын Буурын (Хиагтын) гэрээгээр оросууд Буриад Монголыг авсан боловч Урианхайн хякгаар нь Монголын бусад аймгийн нэгэн адил Чин династид харьяалагдсан тул оросуудад огт хамаагүй юм. Энэ гэрээний дагуу Шавийн даваанаас Авгайт хүртэл Орос-Хятадын хилийн шугамыг тогтоож хилийн 87 багана босгон, хилийг Сияны нуруугаар тогтоосон юм. 1761 оноос баруун Тагнын урианхайн тувачууд Ховдын амбанд захирагдаж, 1769 оноос зүүн Тагнын тувачуудын 5 хошуу Засагт хааны бүрэлдэхүүнд орон Улиастайн амбанд захирагдсаар иржээ. XVIII зууны эцэс гэхэд Урианхайн хязгаарын хүн ам 40 мянга орчим байв.

1857 онд генерал-губернатор Н.Муравьёв-Амурский Урианхайн хязгаар руу хүн илгээж, энэ хязгаар нутгийг Орост нийлүүлэх санал тавьжээ. Харин Ховдын амбан үүнд ихэд эмзэг хандан ирсэн оросуудыг зөвшөөрөлгүй гэдгээр нь шалтаглан баривчилж байжээ. Санкт-Петербург ч асуудалд нэг их улайрч хандсангүй. Харин орос иргэд Урианхайд дээрэлхүүлж байна гэдгээр шалтаглан 1867 онд Дорнод Сибирийн генерал-губернатор князь Алакидзе Урианхайн хязгаарт ирснээр энэ нутгийг Орост нэгтгэх санаа “албан ёсны” болж хувирсан байна. Дорнод Сибирийн губернатораас 1898 онд Санкт-Петербургт бичихдээ “Стратегийн болон эдийн засгийн зорилгоор Оросын хилийг Танну уулаар, бүр болж өгвөл Өмнө Алтайгаар шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байдаг.[viii]

1914 он гэхэд Гадаад Монголд 1 500 – 3 000 оросууд байнга амьдарч байсны ихэнх нь Урианхайн хязгаарт байв.[ix] Оросууд Урианхайн хязгаарт улам ихээр нүүн сууршиж буй нь үндэсний үзэлт тува, монголчуудын эгдүүцлийн төрүүлж, улмаар тэд Жа ламыг хүрээлэн цэрэгт нь нэгдсэн аж. 1911 оны үндэсний тусгаар тогтнолоо сэргээх үйлсэд тувачууд идэвхтэй оролцон, хятадын худалдааны 25 цэг салбарыг эзлэн өрийн дансыг нь шатааж байсан ба хошуудаас гурван зуу гаруй эрс Магсаржавын цэрэгт хүч нэмэн орж Ховдыг чөлөөлөлцсөн тул хошуу ноён Буянбадрахыг Богдын зарлигаар гүн цолоор шагнаж байв. Хүрээнээс очсон Магсаржав, Дамдинсүрэн нар чухам л энэ Жа ламын тусламжаар Ховдыг чөлөөллөө. Энэ хувилгаан гэгдэх халимаг лам өөрийн нэр хүнд, сүр хүчээр бүхий л баруун Монгол, Тагна Урианхайн хязгаарыг хөдөлгөж Монгол дахь Манж Чин улсын сүүлчийн тулгуур болсон Ховдын хэрмийг дайрчээ. 

Монголын Урианхайн хязгаар байгалийн баялгийн хувьд ч, стратегийн хувьд ч нэлээд эртнээс Оросын сонирхлыг татаж эхэлжээ. 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр оросууд Монголд гаальгүй худалдаа хийх эрх олж авснаар тэд Енисейн эх болох Тагнын орчмын үзэсгэлэнт газар ирж суурьших үүдийг нээжээ. Минусинск, Енисей, Эрхүүгийн губернийн худалдаачид Урианхайн хязгаарыг шинэ Эль Дoрaдо гэж харж байлаа. Алтны эрэлчид газар онгичин, араас нь тариачид ирж сууршиж эхлэв. 1896 оны байдлаар хоёр зуу орчим орос тариачин хэдийнээ газраа хагалан амьдарч эхэлсэн бол 1910 он гэхэд хоёр мянга гаруй орос зуу орчим гацаа тосгонд сууршсан байв. Алтны гуч орчим орд газраас оросууд 1914 онд жил тутам 1 440 пүү алт олборлож байжээ .[x] Тийм өгөөжтэй сайхан газар оросуудын шуналыг хөдөлгөжээ. 1907 онд Оросын худалдаачдын Урианхайн хязгаарт гүйцэтгэсэн худалдааны нийт хэмжээ 2 сая рубльд хүрч, нутгийн худалдааны тэн хагасыг хангаж байсан бол 1912-1913 он гэхэд Урианхайн хязгаарын бүх зах зээлийг тэд эзэлжээ.[xi]

Урианхайн хязгаарт амьдрах болсон Сафъянов гэгч 1903 онд Санкт-Петербург очиж Оросын ГЯЯ-нд нэгэн гомдол тавьжээ. Урианхайд амьдардаг оросууд нутгийн ноёд феодалуудын байнгын дарамтанд байдаг тул Оросын төр тэднийг хамгаалж ивээлдээ аваач ээ гэсэн байна. ГЯЯ үүнийг нь тоосонгүй. Гэтэл Урианхайн хязгаарын хэргийг II Николай хаан өөрөө ихэд шохоорхож асар их ач холбогдолтой энэ хязгаарыг Оросын бүрэлдэхүүнд оруулах юмсан гэдэг байжээ. 1911 онд Коростовец Монголын тухай илтгэлээ яаманд оруулахад сайд Сазонов Урианхайн хязгаарын асуудлыг дотор нь багтаасанд ихэд дургүйцэж байсан байна.[xii] Асуудал магадгүй II Николай хааны нөлөөгөөр дорхноо эргэн 1911 оны арваннэгдүгээр сард Санкт-Петербург хотноо Хаант Оросын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан шийдвэрт дараах байдлаар оржээ. Үүнд: 

Урианхайн хязгаар бол үржил шимт хөрстэй, ургац сайн бэлчээртэй, янз бүрийн ашигт малтмал, ялангуяа алт элбэгтэйгээр бидэнд онцгой чухал колонийн район мөн юм. Тус хязгаарыг судлахад 5 сая рубль гаргах нь зүйтэй гэж үзэж, тэнд 400 мянган тариачин нүүлгэн суурьшуулах бодлого баримтлана.[xiii]

Үүнийг II Николай хаан 1912 оны хоёрдугаар сарын 3-нд батламжлав. Мөн оны дөрөвдүгээр сард Усинскийн тойргийн захирагчид II Николай хаанаас илгээсэн бичигтээ: “Сүүлийн үед Монгол-Хятадын харилцаа муудаж Урианхайн хязгаараас хятадын худалдаачныг хөөсөн тул энэ орон зайг нь Оросын худалдаачин бушуухан эзлэн авах хэрэгтэй” хэмээн тушаажээ. Оросууд алсдаа Урианхайн хязгаарыг өөртөө нэгтгэх бодлого чухам энэ үеэс эхэлсэн нь тодорхой байна. 

Коростовецыг Монгол руу явахад нь Урианхайн хязгаарын асуудлыг огт сөхөж болохгүй, хэрэв асуудал дэвэрвэл, энэ бол Оросын онцгой сонирхлын бүс гэж тайлбарлаарай гэсэн заавар өгч байжээ. Мэдээж халхууд энэ асуудлыг сөхөж таарна. Да лам Цэрэнчимэд “Монголыг Гадаад, Дотоод болгон хуваасан, Баргыг Манжуурт нэгтгэсэн зэргийг улс төрийн шалтгаантай гэж бодъё, гэтэл Урианхайн хязгаарыг Монголоос салгачиж байгаа нь ёстой ойлгомжгүй байна” гэжээ.[xiv]

Үүнээс өмнө 1911 оны хоёрдугаар сарын 28-нд Эрхүүгийн ерөнхий губернатор Л.М.Князовын* удирдлага дор Эрхүү хотноо Урианхайн хязгаарын асуудлыг буурьтай авч хэлэлцжээ. Энэ зөвлөлгөөнөөр Урианхайн хязгаарыг хэрхэн Оросын бүрэлдэхүүнд оруулах арга замын тухай хэлэлцсэн аж. Урианхай хязгаар тийш нүүх оросуудын шилжилтийг идэвхжүүлэх, тэднийг хамгаалахын тулд хилийн цэргийг чангатгах шийдвэр гаргав. Гэвч гол хүндрэл нь шилжин очиж буй оросууд газар эзэмших болохоор бэлчээрээ харамласан нутгийн нүүдэлчин тувачуудтай хурц зөрчилд ороод буй тул цэргээр айлгах хэрэгтэй гэж үзлээ. 

1914 ондОрос улс Урианхайн хязгаарыг протекторат болгосноо зарлалаа. Учир нь, Хүрээний эрх баригчид Урианхайн хязгаарын асуудлаар туйлын гомдолтой байсан тул тува нарыг Оросын эсрэг тухирч өөрснөө янз бүрийн явуулга үйлдэх болсон нь эрс ихэссэн тул Оросын Гадаад явдлын яам нэн яаралтай арга хэмжээ авчээ.[xv] Тэнд нэгэн тосгоныг засаг захиргааны төв болгон Белоцарск гэж нэрлэснээр хэнд хамаатайг нь тод болгож өгөв. Хожим большевик оросууд ирж тосгоны нэрийг Красный (Улаан) гэж сольсноос бусдаар Хаант Оросын бүх шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзжээ. 

Монголын Гадаад явдлын яамны сайд Ханддорж нар Оросын Гадаад яамны сайд Сазоновын амнаас анх удаа Урианхайн хязгаарын талаарх оросуудын санаархлыг сонслоо. Үүнд

Танай бичиж өгсөн хуудсанд Урианхайн хязгаарын хэд хэдэн хошуу цөм танай Монгол улсад дагаар орсон гэжээ. Урианхайн хязгаар болвоос уулаас танай монгол овогтон бус, шашны суртал ч ихэд өөр тул танай Монгол улс тэднийг нэгэнт дагаар орсон гэж бодож болохгүй…[xvi] Тувачууд бол монгол овогтон биш, шашин нь хүртэл өөр учраас та нар тэднийг өөртөө дагаар орсон гэж үзэж болохгүй”.[xvii]

Үнэхээр ч дараа жил нь буюу 1914 онд оросууд Тагна Урианхайн хязгаарыг өөрийн протекторат гэж зарласан билээ

Гэвч 1919 онд Монголын автономыг устгасны дараа Хятадын Засгийн газрын шийдвэрээр Алтай мужийг Шиньжаанд нийлүүлж. Урианхайн хязгаарыг Гадаад Монголд буцаан нэгтгэв.[xviii]

ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН ТУВА

1921 оны 3 дугаар сард Оросын Троицкосавскт Монголын Ардын түр Засгийн газар хэмээн нэрлэгдсэн хууль бус Орогнолын Засгийн газар байгуулагдав. Тэргүүлэх даргаар Чагдаржав, гишүүдэд Сүхбаатар Бодоо, Билэгтсайхан, Сумъяа, Чойбалсан нар томилогдсон ба нэг үлдсэн орон тоог Урианхайн хязгаараас суулгахаар онгорхой орхив. Гишүүн гэгдэх Бодоо Хүрээнд хууль ёсны Засгийн газарт алба хааж байсан шүү дээ! 1921 оны долдугаар сарын 1-нд Монголын Орогнолын Засгийн газрыг төлөөлж Бэгзеев, Хорлоо нар Москвад Чичеринтэй уулзахдаа Урианхайн хязгаарын асуудлыг сөхөж тавив. Шумяцкий Чичеринд зөвлөхдөө “Урианхайн хязгаарыг Монголд нийлүүлэх асуудлыг одоохондоо шийдэлгүй нээлттэй үлдээх нь зүйтэй” гэв. Урианхайн хязгаарт хувьсгалын ажилд тусалж улмаар ирээдүйд Урианхайн хязгаар нь Монголын холбооны бүрэлдэхүүнд багтана гэж Коминтерний товчоо үзэж байлаа. Иймээс Урианхайн хязгаар нь удалгүй эргээд Ардын Монголын нэг хязгаар болох юм байна гэсэн ойлголттойгоор мөнөөх төлөөлөгчид нутаг буцав.[xix]

1921 оны намар Бодоогийн ардын Засгийн газрыг төлөөлж Данзан тэргүүтэй төлөөлөгчид Москва орон Зөвлөлт Оросын Гадаад яамны төлөөлөгчидтэй уулзан хэлэлцээ хийжээ.Монголын талын мэдэгдлийн 3 дугаар зүйлд Тагна Урианхайн хязгаар хэтээс Монгол улсын харьяат нутаг болохыг түүхэн маргашгүй баримтаар яруу тод нотлоод Монгол, Урианхайн хязгаар хоёр нэгэн угсаат мөний учир гагцхүү нэгэн улс болон тогтвоос Урианхайн хязгаарт энх төвшин байдал тогтоно хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. 

Үүний хариуд Зөвлөлт Оросын Гадаад харилцааны ажилтан Духовский Урианхайн хязгаарын талаар мэдэгдэхдээ “Тагна Урианхайн хязгаарын асуудлаар… Монголын төлөөлөгчийн дэвшүүлсэн санал Оросын хөдөлмөрчин олны энхийн хүсэл эрмэлзэлтэй нийцэж байна. Оросын Засгийн газар Тагна Урианхайн хязгаарын газар нутгийн талаар ямар нэгэн санаархал байхгүй, тува ард түмэн хувь заяагаа өөрөө шийдэх эрхийг дэмжиж байна.”[xx] гэжээ. Гэтэл үүнээс сар гаруйн өмнө оросууд Урианхайн хязгаарт нэгэн тоглоомын улс байгуулаад Бүгд Найрамдах Танну-Тува ард улс гэж нэрлэчихсэн байлаа. Түүнээс гадна Урианхайн хязгаарт суурьшсан оросууд Оросын өөрөө удирдах хөдөлмөрийн колонийн хязгаарын хувьсгалт хороо гэдгийг байгуулаад ЗОУ-ын Үндсэн хуулинд л захирагдаж байх шийдвэр гаргасан байв.[xxi]

УРИАНХАЙН ХЯЗГААРЫГ БҮГД НАЙРАМДАХ ТАННУ*-ТУВА АРД УЛС БОЛГОВ

Урианхайн хязгаарын хувьд зөвлөлтүүд хуучин Хаант Оросын бодлогыг улам лавшруулан үргэлжлүүллээ. Ердөө л 30 мянган хүн суудаг 150 мянган ам километр энэхүү үзэсгэлэнт нутгийг эзлэх бэлтгэл болгон Хаант Орос 10-аад мянган орос иргэн суурьшуулчихсан байсан нь цаашдын зам мөрийг нь тод болгов. Нутгийн тувачууд өөрсдийг нь Монголоос салгаж буйг үл ойлгон эргэж нэгдэх шаардлага тавихад ирж суурьшсан оросууд ЗОУ-тай нэгдэх, эсвэл ямар нэг тусгаар тогтнолын тухай ярих болов. Хэдийгээр зөвлөлтүүд Урианхайн хязгаарыг Оросын протекторат гэж зарласан 1914 оны шийдвэрийг цуцалсан авч Хятадын суверенитеттэй боловч Гадаад Монголд хамаагүй газар гэсэн бодлогыг хүчтэй явуулж эхэллээ. 

1918 онд Урианхайн хязгаар Колчакийн Засгийн газрын мэдэлд байлаа. Жилийн дараа П.Щетинкиний удирдсан “улаан партизан” гэх цэрэг ирж Урианхайн хязгаарын нийслэл гэгдэх болсон Белоцарскийг эзлэн авчээ. 1921 оны зун Тувагийн хувьсгалчид зөвлөлтүүдийн тусламжаар тусгаар тогтносон Танну-Тувагийн ардын бүгд найрамдах улс гэдгийг зарлан тунхаглаад төрийн далбаа, төрийн сүлдээ батлав. Тувагийн БНУ-ын нийслэл Белоцарскийг 1918 онд Хэм-Бэлдыр гэж нэрлээд, дараа нь 1926 онд Кызыл нэртэй болгожээ (тува хэлээр улаан гэсэн утгатай).

Сибирийн хувьсгалт товчооны дарга Смирновоос* 1920 оны нэгдүгээр сарын 26-нд Москва руу Ленин, Троцкий нарын нэр дээр бичсэн нууц цахилгаандаа:

Монголчууд дайран орж ирээд манай [орос] тариачдыг тосгоноос нь хөөгөөд эхэллээ. Эдгээр тариачид Колчакийнхантай огт хамаагүй, харин ч тэдэнтэй тулалдаж байсан хүмүүс. Соёдууд [тувачууд] бол монголчуудад дарлагдсан нүүдэлчин овгийнхон. Урианхайн хязгаарыг монголчуудын мэдэлд үлдээх үү, эсвэл зэвсэгт хүч хэрэглэж булааж авах уу, бүр эсвэл Башкирын жишээгээр Урианхайн хязгаарт зөвлөлт бүгд найрамдах улс байгуулах уу? Та бүхэн аль нь дээр гэж үзэж байна?

Хэдийгээр Смирновт бичсэн Лениний хариу олдоогүй ч Кремль мэдээж гурав дахь хувилбарыг сонгожээ. Дараа жил нь Хаант Оросын Урианхайн хязгаарт тогтоосон протекторатыг албан ёсоор цуцалж Танну Тувагийн ардын бүгд найрамдах улс гэдгийг тунхаглав.[xxii]

Улмаар Тува нь Оросын иргэний дайны жилүүдэд улаантан, цагаантнуудын тулааны талбар болжээ. 1921 оны найман сард Тувагийн Сүг-Бажы тосгонд Тувагийн ардын хурлыг хуралдуулсанд бүх хошуу ноёд, ЗХУ-ын төлөөлөгчид, Алс Дорнод дахь Коминтерний Монгол дахь төлөөлөгчид оролцжээ. Хурлаас Тагна Тува улсыг байгуулах тунхаг гаргасандаа “Тагна Тувагийн бүгд найрамдах улс нь хэнээс ч үл хамаарах эрх чөлөөт ардын улс болно. Олон улсын харилцаанд тус улс нь Зөвлөлт Орос улсын ивээл дор оролцоно” гэж заажээ. Тувагийн анхны тэргүүнээр Буянбадрах* гүн сонгогджээ. 1921 оны найман сарын 13-нд хуралдсан бүх хошууны төлөөлөгчдийн их хурлын даргаар сонгогдсон Буянбадрах Зөвлөлт Оростой холбоотой байхаар шийдвэрлэж, Тувагийн ардын хувьсгалт нам, Хувьсгалт залуусын холбоог байгуулжээ.[xxiii]

Тувачууд болоод XIX зууны дундаас тэнд суурьшсан оросуудын харилцаа эхнээсээ тааруухан байсан. 1870-80-ад онд тэд Оросын суурингууд руу нэг биш удаа халдаж, 1919 онд Оросын арваад суурин руу уулгалан довтолж сүйтгэжээ. Оросод иргэний дайн дэгдсэний дараа Урианхайн хязгаарт Оросын дүрвэгчид олширсонд ч Тувагийн хувьсгалт засаг дургүйхэн хандсан нь мэдээж. 1924 оны хавар, зун тува нар засагтаа дургүйлхэн Хэмчигийн анхны бослогыг дэгдээж, Монголд нэгдэх уриалга гаргажээ. Босогчид орос суурингуудыг тонон дээрэмдсэн. Оросуудын дураараа аашлах хэтэрсэн тул Монголтойгоо бушуухан эргэж нэгдэх хөдөлгөөн ялангуяа нутгийн өмнөд хэсгээр өрнөлөө. Хөдөлгөөнийг Тувагийн Засгийн газрынхан, түүний дотор дарга Шагдар нар толгойлон ихэнх удирдагч нь чимээгүй дэмжиж байлаа. Бослого эхлээд Хэмчиг хошуунд дэгдэж, босогчид хошууны зөвлөлийг эзлэн авсан ба тэдний тоо зургаан зуу гаруй болж ангийн буугаар зэвсэглэсэн байлаа. 

Тувачууд дунд оросууд ч гэсэн өөрийн хүнтэй байв. Засгийн газрын орлогч бөгөөд Тувагийн ардын намын Төв Хорооны дарга Данзан-Оолыг Улаанбаатарт суугаа Зөвлөлтийн байнгын төлөөлөгчийн газраас тодорхойлохдоо: 33 настай Данзан-Оол лам гаралтай, төрөлхийн ядуу боловч хамгийн европжсон, орос цамц өмсдөг. Оросын суурьшигсадын эсрэг тувачуудын хийсэн тэмцэлд оролцож, орос иргэдийг тонож байсан боловч одоо ЗОУ-ыг дэмждэг болчихсон. Данзан-Оол ажлын зөвлөлт маягийн аргыг эзэмшсэнээрээ ихээхэн нэр хүнд олсон боловч архи дарсанд хэт шунадгаараа нэр хүндээ баржээ. Тэрээр согтуудаа Магсаржав руу буу сунган агсарч “ Чи чойжин хүн, чамайг сум даахгүй байлгүй!” гэжээ… Монголд элэгтэй өнөөгийн Засгийн газрыг Данзан-Оол одоо түлхэн унагахаар санаархаж буй бололтой…[xxiv]

Бослого самууныг дарахаар партизан Ядрышниковын удирдсан Улаан цэрэг болон суурьшсан оросуудын отрядыг хамтатган илгээжээ. Хоёр зуун хүнтэй тэр отряд тулалдаанд орж хэд хэдэн хүнээ алуулжээ. Хэмчигийн хошуунынхан Монголтой нэгдэхээр хөдөлгөөн самуун үүсгэсэнтэй холбогдуулж нөгөө талаас монголчууд бас Урианхайн хязгаарт очив. Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржаваар толгойлуулсан төлөөлөгч илгээсэн нь тэр юм. Ардын Засгийн газраас Хатанбаатарт уулаасаа Монголын нэг хэсэг байсан тувачууд яагаад тусгаарлах гээд байгаа болон хэн өдөөгөөд байгааг учрыг нь олох даалгавар өгчээ.[xxv]Тагна Тувагийн Засгийн газраас Хүрээний Засгийн газарт гаргасан бичигтээ Хаант Оросын үеэс оросууд ирж суурьшин дураар аашилж эхэлсэн ба ЗОУ хуучин байдлаар Урианхайн хязгаарыг эзэгнэхгүй гэсэн боловч улам илүү суурьшин 11 984 хүнтэй болсон төдийгүй колонийн газар нь цаашлан өсч дураар аашлах болсныг гомдон учрыг нь олж өгөхийг хүссэн байна.[xxvi]

Гэвч эцэст нь зөвлөлтийнхний шахалтаар “Танну-Тувагийн ард түмэн өөрийн үнэн хүслээ илэрхийлэх ёстой. Тувагийн ард түмэн одоогоор ахуй амьдрал, улс төрийн ухамсраа дээшлүүлэх хэрэгтэй… ЗОУ, Монголын Засгийн газар үүнд найрамдалт зөвлөлгөө өгнө. Хэрэгтэй үед Танну-Тувагийн улс байгуулах эсэхээ хүн ам нь өөрсдөө шийдэх болно…”[xxvii]гэсэн шийдвэрийг хоёр орны төлөөлөгч “нэгэн дуугаар” гаргажээ. Мэдээж хэрэг дараахан нь “хэрэгтэй үе” нь болж, хүн амынх нь “хүсэлтээр” Танну-Тувагийн БНАУ улс зарлагдав. Энэ нь Монгол удирдагчдын хилэнг бадруулжээ. Данзан “улс болох нь ийм амар байдаг хэрэг үү!” гэж зарга хийгээд дийлсэнгүй. Үүнээс хойш ч Бүгд найрамдах Танну-Тува ард улсын (БНТТАУ) удирдагч Дондог*, Шагдар нар МАХН-ын удирдлагад хандан Нармандах гэгчээр дамжуулан илгээсэн нууц захидалдаа Урианхайн хязгаарыг бушуухан Монголд нь нэгтгэхийг хүсэж байлаа. Бие рүүгээ тэмүүлсэн монголчуудын энэ санаархлыг зөвлөлтүүд нэгмөсөн тас цохих нь зүйтэй гэж үзээд шууд тулган, айлгаж гарлаа. 1925 оны наймдугаар сарын 17-нд гарсан Коминтерний гүйцэтгэх хорооны Дорнод хэлтсийн тогтоолд: “Ардын хувьсгалт намын зарим гишүүний дотор Нармай Монголын тухай хандлага байгаа нь … илрэв. Энэ хандлага залуу нам, шинэ тулгар улсад хамгийн аюултай үзэгдэл мөн. Эдгээр хандлага нь БНМАУ-ыг ЗСБНХУ-тай, Хятадын хөдөлмөрч олон түмний чөлөөлөгч хөдөлгөөнтэй мөргөлдөх байдалд хүргэж болох бөгөөд эцсийн бүлэгт МАХН-ын шилдэг сайн эхлэлтийг мөхөөхөд хүргэж болзошгүй…”[xxviii]

Энэхүү “хамгийн аюултай” гээд байгаа “Нармай Монголын үзэл” гэдэг нь ердөө л Урианхайн тухай гомдол л доо! Харин ч Монголын удирдагчид гомдол гаргасны хүчинд Урианхайн хязгаарт хамааруулж байсан 16 мянган ам километр нутагтай Хөвсгөл орчмын Дархадыг зөвлөлтүүдийн гараас арай гэж салгаж дөнгөлөө.[xxix] 

1926 онд Танну-Тувагийн Үндсэн хууль гэдгийг батлан гаргав. Ийнхүү тэнд зөвлөлт маягийн засаглал тогтов оо. Ядуу Монголын нэг хязгаарыг тусад нь улс болгон зарласан тул хүч чадлын хувьд бусад аймагтай ч дүйцэхгүй хөгийн тоглоом маягтай харагдана. Эл газар тэр үед ажиллаж байсан Доржпалам гэгч Улаанбаатар руу мэдээлснийг үзвэл Тувагийн намын Төв Хороо, Засгийн газар, 5 яаманд сайдаасаа галч зарлага хүртэл нийт 30-40 хүн ажиллах ба цалинг нь тавьж чадахгүй тул оронд нь бараа олгон аргацаах аж. Мөн улсын хамгаалах нийт цэрэг 60 ба үүнээс 10 нь хил хамгаалж, бусад нь төвдөө сургууль хийнэ. Нийт 60 хүүхдэд орос, монгол бичиг заадаг гэх авч тусгайлсан сургууль, тэнхим үгүй аж.[xxx] 

Бослогыг дарсны дараа Тувагийн Ардын Хувьсгалт Намаас (ТАХН) хууль журмаа чангалж, феодал, шашны тэргүүн, чинээлэг ард, тариачдыг хэлмэгдүүлэв. 1929 онд ТАХН-ын ТХ-ны анхны ерөнхий нарийн бичгийн дарга, Тувагийн засгийн газрын тэргүүн Буянбадрахыг баривчилж, 1932 онд цаазлан хороожээ. Түүнтэй хамт тус намын ТХ-ны нарийн бичиг Иргит Шагдаржав*, ерөнхий сайд асан Хуулар Дондог нарыг хороосон юм.

Дорнын хөдөлмөрчдийн коммунист их сургуулийн (КУТВ) 5 төгсөгч 1930 онд бүгд Тувагийн онцгой комиссараар томилогдож, Дондогийг баривчилсан. Сталины томилсон эдгээр комиссарууд Туваагийн ардын хувьсгалт намд цэвэрлэгээ хийж, гишүүдийн гуравны нэгийг нь үгүй хийгээд, нүүдлийн аж ахуйг нь хамтралжуулав. Шинэ засгаас Сталины бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, Тувагийн буддын шашин, бөө мөргөлийг устгах шаардлагатай гэж мэдэгджээ. 1929 онд буддын 25 сүм, 4000 лам хувраг, бөө удганыг үгүй хийсэн бол 1931 онд тус улсад буддын ганцхан сүм, 15 лам, 725 бөө үлдсэн нь дээрх бодлого хангалттай хэрэгжсэнийг бэлээхэн батална. Гэвч тувачуудын нүүдлийн аж ахуйг өөрчлөх нь түүнээс бэрх байлаа. 1932 оны хүн амын тооллогоор тувачуудын 82,2% нь нүүдэлчид байсан нь тодорхой харагддаг. Онцгой комиссараар томилогдсон Салчиг Тогоо* 1932 онд ТАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, Туваг нас бартлаа 1973 он хүртэл удирджээ.[xxxi] Эхнэр Анчимаа* нь Тува ард улсын Бага хурлын дарга болжээ

ЗӨВЛӨЛТИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ АВТОНОМИТ ТУВА

Урианхайн хязгаар өөрсдөөс нь үүрд салан одсон үнэнтэй эцэст нь монголчууд эвлэрэхээс өөр аргагүй болж, 1926 онд БНТТАУ–ыг хүлээн зөвшөөрчээ. Удалгүй зөвлөлтүүд Дондог мэтийн “Монголын талынхныг” зайлуулан, залхаан цээрлүүлж Салчиг Тогоо хэмээх өөрийн бэлтгэсэн хүнийг оронд нь тавьсан ба үүнээс хойш Урианхайн хязгаар Монголтой нэгдэх асуудал дахиж гараагүй ба харин ч 1930-аад оны үеэс эхлэн газар нутаг булаацалдсан зарга зальхай босгож ирэх болжээ. 

1926 оноос Бүгд найрамдах Тува ард улс гэж албан ёсоор нэрлэгдэх болсон. Үүнээсээ өмнө 1924 онд Тувагийн тусгаар тогтнолыг СССР хүлээн зөвшөөрчээ. Хоёр жилийн дараа БНМАУ тэднийг хүлээн зөвшөөрсөн ба 1944 онд СССР-ийн бүрэлдэхүүнд орох хүртэл нь дэлхийн ямар ч улс энэ тусгаар улсыг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Зөвлөлтийн гадаад бодлогыг тодорхойлогч сайд Чичериний дэвшүүлсэн үндсэн зүйлүүд нь:

Гадаад Монголын талаар. БНМАУ нь Хятадын суверенитетийн дор автономи байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зөвлөлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана.

Өвөр Монголын талаар. Өвөр Монголыг өөртөө нийлүүлэх гэсэн Монголын Засгийн газрын хүслийг бид Хятад дахь манай улс төрийн байдлын улмаас татгалзана…

Урианхайн хязгаарын талаар. Урианхайн хязгаарыг бид Хятадын ивээл дор Монголын нэгэн адил автономи байх тусдаа бүгд найрамдах улс гэж үзэх учир түүнийг Монголтой нэгтгэхийг татгалзана[xxxii]

Дэлхийн хоёрдугаар дайны үед “тусгаар тогтносон” гэгдэх Тува улсаас 8 мянган тува эрчүүдийг улаан армид татаж “сайн дурынхан” гэж нэрэлжээ. Тэднээс 5 мянга нь Зөвлөлт засгаас одон медаль хүртсэн аж. Каирт 1943 оны арваннэгдүгээр сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгч Рүзвэльт, зөвлөх Хопкинс нар Чан Кайши, түүний эхнэр Сүн Майлин*, Батлан хамгаалах зөвлөлийн дарга Ван Чүнхуй* (Wang Chughui) нартай уулзжээ. Ерөнхийлөгчөөс Тувагийн өнөөгийн статус болон хөршүүдтэйгээ хэрхэн харилцаж буй лавласан байна. Чан Кайши: “Энэ газар нутгийг оросууд өөртөө хүчээр нэгтгэхээс өмнө Хятадын бүрэлдэхүүн болох Гадаад Монголын хэсэг байсан юм. Цаг нь болохоор Тувагийн асуудлыг Гадаад Монголтой хамтаар нь Зөвлөлттэй яриа хэлэлцээний замаар шийдвэрлэнэ” гэлээ. 

1921 оноос Танну Тува гэгдэх болсон Гадаад Монголын Урианхайн хязгаар буюу бас нэгэн тоглоомын бүгд найрамдах улс 1944 онд “өөрийн хүсэлтээр” СССР-ийн олон үндэсний “ариун бүлд” нэгдэн оржээ. Тэндэхийн Чойбалсан болсон Салчиг Тогоо гэгч этгээд энэ үйлдлийнхээ шанд Лениний одон 8 удаа хүртсэн нь Зөвлөлтийн түүхэн дэх нэг төрлийн дээд амжилт юм. 1944 оны 8-р сарын 17-нд Тувагийн 7-р бага хуралаас тус улсыг СССР-ийн харъяа болгох болгох хүсэлтийг Зөвлөлтийн Дээд зөвлөлд өргөн барихаар шийдвэрлэв. Дээд зөвлөл уг хүсэлтийш 10-р сарын 11-нд баталгааэуулж Тува нь Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд автономит мужийн статустайгаар нэгдэв. Бүх процессийг чандлан нууцлалтайгаар явуулсан. Балтын орнууд, Молдавыг СССР өөртөө нэгтгэснийг 18-19-р зуунд эдгээр нь Орост харъяалагдаж байснаар тайлбарладаг. Баруун Украин, Баруун Беларусийг СССР-т нэгтгэснийг оршин суугчид нь украин, беларусь үндэстэн байсан гэдгээр тайлбарладаг. Гэтэл Урианхайн хязгаар гэж нэрлэгддэг Тува нь Сибирийн өмнөд хэсгээр амьдардаг, түрэг хэлтэй, нүүдэлчин ард түмэн ба аль 11-р зуунаас монгол овогт аймгийн тоонд багтаж, төрх байдал, ахуй соёл, шашин, улс төр, эдийн засгийн хувьд тэдэнтэй бат бэх холбоотой явж байсан. Өөрөөр хэлбэл Тува хэзээ ч Оростойогт хамаагүй түүхтэй. Өөрт нь огт хамаагүй энэ орон, газар нутаг, ард түмнийг анекс хийн булаан авахад ямар ч түүхэн тайлбар үгүй тул ихэд нууцалсан бололтой.[xxxiii]

1944 онд ийнхүү Тагна Тува СССР-ийн “ариун гэр бүлд” нэгдлээ. Салчиг Тогоо дахин нэг Лениний одон авч шууд л дэслэгч генерал цолоор шагнуулав. Өрнөдийн зарим судлаачдын шоглож нэрлэснээр Тува нь 1921-1944 онд СССР-ийн Холбооны яамны бизнес л байжээ, Учир нь, энэхүү өчүүхэн хүн амтай улсын Ленинградад хэвлүүлдэг шуудангийн марк нь марк цуглуулагчдын дунд их л эрэлттэй ховор зүйлийн нэг аж. 

Тагна Туваг 1944 оны аравдугаар сард СССР-ийн бүрэлдэхүүнд автономи статустайгаар нэгтгэсэн нь их учиртай. Дэлхийн дайн дуусч, удахгүй болох Ялтын гэрээгээр дэлхийг дахин хуваах болно. Энэ хуваалтаас өмнө амжиж өдий болтол тоглоомын улсаар хадгалж байсан Туваг амжиж өөртөө аннекс хийн авлаа. Хорвоо тэр чигээрээ дайны утаанд хахаж цацаж байсан тэр үед энэ зэргийн аннексыг бараг хэн ч анзаарсангүй. Туваг зөвлөлтүүд залгиад удирдагчийг нь шагнахаар Монголын шинэ залуу удирдагч Цэдэнбал магадгүй атаархан барьцаж Гадаад Монголыг тэр чигээр нь Зөвлөлтөд нэгтгэх санал дэвшүүлэв. Энэ саналыг сонссон Сталин: “Монголия не Тыва, это историческая великая страна!”* гэсэн гэдэг.

Хэрвээ Гадаад Монгол нь 1696 оноос Манж Чин улсын бүрэлдэхүүнд орсон ба 1912 онд байгуулагдсан Хятадын бүгд найрамдах улс нь Чин династийн шууд өвлөгч мөн гэж хятадууд үздэг юм бол тэднийхээр Тува ч мөн Хятадад харъяалагдах ёстой болж байна. Хятад улс 1945 онд Гадаад Монголыг одоо байгаа хилийн хүрээнд нь тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 1914 онд Хаант Орос Урианхайн хязгаарыг хууль бусаар өөрийн протекторат гэж зарласан, 1921 онд хэн ч хүлээн зөвшөөрөөгүй байхад Урианхайн хязгаарыг Гадаад Монголоос салгаж бие даасан тусгаар улс гэж зарласан, 1944 онд СССР-ийн бүрэлдэхүүнд багтах автономт эрхтэй субъект гэж зарласан Тагнын Урианхайн хязгаар нь олон улсын болон улс хоорондын ямар ч гэрээ хэлэлцээрт тусгагдаагүй. Дайны дараах дэлхийн шинэ хуваагдлын Каирын, Тегераны, Ялтын гэрээнд ч Тува тусгагдаагүй. Гадаад Монголын тусгаар тогтнолыг харилцанхоёр тал хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон 1945 оны наймдугаар сарын СССР-Хятадын гэрээнд ч энэ талаар яригдаагүй. Хятадын бүгд найрамдах улс 1946 оны 1-р сарын 6-нд БНМАУ-ын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын албан ёсоор хүлээн зөвшөөрөхдөө үүндээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдсэн гэгдэх Туваг оруулж тооцоогүй. Ингэхээр Тува нь өнөө болтол хэнд хамаарах нь олон улсын гэрээ хэлэлцээрээр баталгаажаагүй хууль бус субъект болж таарч байна. 

МОНГОЛ, ТУВАГИЙН ХИЛИЙН МАРГААН

Яагаад Хөх нуураас дүрвэн нүүсэн дөрвөд ястны учир шалтгаан нь мэдэгддэггүй, магадгүй байгалийн асар хүнд бэрхшээл, гамшгаас болсон байж болох гэдэг ч, тэгвэл бусад нь яагаад дүрвээгүй юм гэсэн асуулт гарна. Амарсанаа, Чингүнжавын бослогыг дарахаар ирсэн Манжийн найман тугийн цэргийн тавынх нь толгойлогч Хөх нуурын дөрвөд ноёд байсан. Үүний дөнгөж дараа Манжийн хаанаас дөрвөдүүдийн зүтгэлийг үнэлэн 1758 онд өнөөгийн Увс аймгийн баруун талаар газар өгч, тэнд нутагладаг тува нарыг Сияаны нуруу тийш хойш нь шахан хөөжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа одоо болтол өөрийнх гэж үздэг учир Тува-Монголын хилийн маргаан олон жилийн турш будлиан үүсгэх шалтаг болсоор иржээ. 

1932 онд СССР-ын шахалтаар Тува БНМАУ-ын хилийн маргааныг цэгцлэх хэлэлцээ болжээ. Тувагийн шаардлагаар Тагна уулын урдуурах Мөнгөн тайгийн, Өвөрийн, Тэс-Хэмчигийн, Эрзин хошууны нутаг хэлэлцээрт хамрагдах аж. Гэндэнгийн Засгийн газраас Давст уулын асуудлыг тусгайлан салгаж, уулыг Тувад харъяалуулах авч уулын давсыг хамтарч ашиглах тогтоол гаргасан байна. Энэ нь Монголын удирдлагын хүрээнд бөөн хэрүүл болон өргөжиж Улсын бага хурал шийдвэрийг батлахаас татгалзжээ.[xxxiv]1937 онд Монголын тал 1932 оны хилийн хэлэлцээг “шударга бус” гэж зарлаж, ЗХУ-ын оролцоотойгоор хэлэлцээр шинэчлэх санал тавьсан юм. Тува СССР-ын бүрэлдэхүүнд нэгдсэний дараа ч энэ саналаа олон удаа тавьсан. Гэвч энэ бүх саналыг Зөвлөлтийн тал тухай бүрд нь няцаасан юм.[xxxv]

МАХН-ын Х хурлыг тохиолдуудан 1940 оны гуравдугаар сарын 28-нд Улаанбаатарт хийсэн хүлээн авалт дээр бөөн будлиан болжээ. Хүлээн авалтад Чойбалсан тэргүүтэй Монголын дээд удирдлага, Тувагийн ахдын хувьсгалт намын Ерөнхий нарийн бичгийн дарга Салчиг Тогоо тэргүүтэй Тувагийн төлөөлөгчид, зөвлөлтийн төлөөлөгч А.И.Иванов (бүрэн эрхт төлөөлөгч), Ю.К.Приходов (засгийн газрын зөвлөх), маршал Г.К.Жуков болон бусад хүмүүс байжээ. Ивановын өдрийн тэмдэглэлээс сийрүүлэн авсан хэсэгт:

Тока БНМАУ, БНТТАУ-ын хилийн маргааны тухай асуудлыг наргиан болгон хэлжээ. Гэтэл түүнээс болж Чойбалсан Тока хоёр маргалдав. Хундагатай шампан дарс барьсан Чойбалсан “Чи хаашаагаа хутгалдах гэсэн юм, хэнтэй заргалдах гэсэн юм бэ!” гээд Токаг алгадав. Тока над дээр хүрч ирээд, “ямар бүдүүлэг юм бэ, намайг биш, тувагийн ард түмнийг алгадлаа!” гэв. Миний бие Жуковтай хэдэн үг солилцоод энэ утгагүй наргианыг бид дуусгахаар шийдэцгээв. Бид Чойбалсанг хажуу тийш нь дуудаад, энэ үдэшлэгийг тараая гэж ярьж эхлэв. Чойлбалсан согтуу байсан бөгөөд, “Би Ерөнхий сайд, та яагаад надад ширүүн үг хэлэх гээд байгаа юм” гэсэн үг унагав.[xxxvi]

Сталины Эзэнт гүрэнд монголчуудын нэгэн адил нүүдэлчин хасаг, хиргис, чантуу цаашлаад умард туйлын буга болон нохой хөлөгтнүүд ялсан пролетари орос, украин зэрэг слав үндэстний тусламжаар социализмыг гялалзтал амжилттай байгуулаад байв. Ингэхээр Монгол орон дангаараа социализм байгуулах бололцоогүй учир СССР-т нэгдэхээс өөр аргагүй юм гэсэн оюун дүгнэлтэд Цэдэнбал хүрчээ[xxxvii].

Монголыг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулах санал бүхий захидал бичиг гарсны эхнийхийг нь СССР-ийн бүрэлдэхүүнд Тува багтан орсон тэр үед буюу 1944 оны долдугаар сарын 5-нд Шүүх яамны сайд Жамбалдорж МАХНамын ТХ-ны УТТ-нд БНМАУ-ыг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулах саналаа албан ёсоор тавьсан байдаг. Чухамдаа Тува “өөрийн хүсэлтээр” СССР-ын бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдсэн явдал нь Цэдэнбалын хувьд Монголыг мөн СССР-тэй нэгтгэх санаачлагад хөтөлжээ. Энэхүү саналыг тухайн үед МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчоо авч хэлэлцээгүй юм. Тувагийн талаар баримталсан Зөвлөлтийн бодлогыг үзэх аваас Монголоос өөрөөс нь ийм санал урган гарахад уг нь дургүйцэх явдал СССР-ийн удирдагчид гаргахгүй байж болох талтай мэт санагдана. Харин Чойбалсанд эл санал үнэхээр таашаагдаагүй бөгөөд үндэсний үзэл нэвт шингэсэн тэрбээр үүнд саад болж чадсан буй за. 

Цэдэнбал магадгүй марксизм ойлгодог байсан учраас буруутангуут өөрийнхөө доорх хүнийг санаачилга гаргагч хэмээн гүтгэчиж байгаа байх, харин олон улсын харилцааны нөхцөл байдал, геополитикийн талаар тун ядмаг төсөөлөлтэй нэгэн аж. Каир, Тегеран, Ялта, Подстамын уулзалтуудаар их гүрнүүд дэлхийг шинээр хуваасан. Чухам эдгээр тохиролцооны үндсэн дээр Монгол тусгаарласан бол Төвд тэгэж чадаагүй. Ялтын гэрээний өмнө Сталин амжиж Туваг өөртөө нэгтгэсэн. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж хөдөлгөөнгүй болсон шинэ хил хязгаарыг зах хязгаарын ядуу буурай орныг төлөөлсөн “ядуу малчны марксист хөвүүн” дураар эвдэх бололцоогүй. Олон улсын цоо шинэ дүрэм журам ноёрхох болсон цоо шинэ дэлхийд СССР хүсээд ч тусгаар тогтнолоо хүлээн зөвшүүрүүлсэн БНМАУ-ыг өөртөө нэгтгэж чадахгүй. Ийм энгийн юмыг ойлгох боловсрол Цэдэнбалд байсангүй.

Нэгэнт Тува тусгаарласан болохоор Монгол, Тува хоёрын хооронд хилийн маргаантай асуудал үүсчээ. Үүнийг тэдний зүгээс 1924 онд, дараа нь 1932 онд тавьсан байна. Молотов 1957 оны зургадугаар сард СССР-ээс БНМАУ-д суух элчин сайдаар томилогдон ирүүтээ л энэхүү хилийн асуудлыг сөхөн тавьжээ. Энэ удаа шинэ хэлэлцээрт дуудсан “санаачлага” Тувагийн талаас биш, Кремлиэс. Ингээд мөн оны арваннэгдүгээр сард МАХН-ын УТТ-ноос хилийн шугам тодруулах Засгийн газрын төлөөлөгчдийг батлах тогтоол гаргаж даргаар нь Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд С.Аварзэдыг* томилов. Тогтоолд “хилийн шугамыг тодруулах хэлэлцээ явуулахдаа түүхэн материалыг голчлон үндэс болгохоос гадна ард түмний одоогийн амьдралын шаардлагыг харгалзан үзэхийг”[xxxviii] даалгасан байна. 

“Одоогийн амьдралын шаардлагыг харгалзан үзэх” асуудал нь Монгол улсын баруун болон баруун хойд хилийн дагуу гүнээрээ 3-30 километр, нийт 300 километр урт зурвас байлаа. “ГЯЯ-ны сайд нарыг олныг үзсэн, чам шиг нь зөндөө байдаг юм” гэж тэрээр Аварзэдыг загнасан боловч үнэндээ ийм гөжүүд сайд бараг үзээгүй байлаа. Молотовын газрын зураг дээр зурж засварласан өөрчлөлтийг сайд хүлээж авах битгий хэл сонсох ч дургүй байв. Гэтэл Молотовт гавьяа хэрэгтэй байлаа. Алсын энэ жижиг Монголоос үүнээс өөр олдчихмоор олигтой “гавьяа” үзээд өгье гэхнээ үгүй. Хилийн шугам тодотгох Зөвлөлтийн Засгийн газрын талын тэргүүн болсон тэрээр Аварзэдыг элдвээр доромжлон сүрдүүлж, айлгах гэж хичээнэ. Молотовын саналаар Тэс, Шишгэд зэрэг гол сав газартайгаа Зөвлөлтийн талд шилжих ёстой аж. Аварзэд түүхэн нөхцөл байдлыг урдаас нь тулгаад зөрөв. “Түүх мүүх ямар падтай юм! Бид социалист лагерийг тэр чигээр нь хамгаалж байна, танайх үүнд хувь нэмрээ оруулах ёстой, та нар СССР-ийн бүрэлдэхүүнд оръё гэж саяхан болтол өргөдөл барьж гүйчихээд юун хил мил манатай!” гэж аашлав. Хилээ хэвээр нь үлдээгээд баялгийг нь хамтарч ашиглая гэж Аварзэд гуйжээ. “Манайх техник-эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орон учир энэ газрыг хурдан ашиглаж чадна” гэсэн хариу хэлэх аж. Гээд залуу сайд бууж өгсөнгүй. Харин ч чангарч Молотовтой хэд хэдэн удаа ам мурийжээ. Аварзэд түүнд “энэ бол 39 он биш 57 он шүү!” гэжээ. Бодвол тэрээр Риббентроп-Молотовын нууц хэлэлцээрийг хэлсэн бололтой.

Аварзэдын ард намын дарга Дамба байлаа. Тэрээр сайдыг зоригжуулан “өөрийнхөөрөө зүтгэ” гэж өөгшүүлнэ. Тэгэх мөртөө өөрөө эмнэлэгт хэвтээд нуугдчихжээ. Төрийн тэргүүн Ж.Самбууд хандахад “Харин ээ” гэсэн хачин хариулт өгсөн нь энэ үгийн ард асуултын тэмдэг ч тавьж болохгүй, анхаарлын тэмдэг ч тавьж болохгүй “дипломат” хариулт байлаа. Харин Цэдэнбал хэрүүл удсан энэ газрыг өгч салах сонирхолтой байв. “Наадахыг чинь цагтаа Ерөнхий сайд Цэрэндорж өгөхөөр тохирчихсон юм гэнэлээ. Чи зүгээр л гарын үсгээ зураад өгчих” гэж ятгана. Үнэндээ Монгол, Тувагийн хилийн асуудал 1932 онд босч ирж байсан, тэгэхэд Цэрэндорж нас бараад өчнөөн жил болчихсон байсан. Тэгээд ч “өгөхөөр тохирсон” шийдвэр огт байгаагүй. Ямар ч үндэслэлгүйгээр нутгаасаа газар тасдан өгөхийг тэрээр илээр дэмжих буюу шахаж бас чадахгүй байсан бололтой. 

Гэтэл асуудал явсаар Хрущёвт хүрчээ. “Хилийн шугам тодотгох хэлэлцээнд Монголын талыг толгойлж байгаа хүний байр суурийг ойлгохгүй байна” гэж Кремлийн эзэн омогдов. Энэ нь асуудлыг нэг тийш шийдэх хялбар зам боллоо. Цэдэнбал Москвагаас ирүүтээ “...хил тодотгох тухай хоёр талын ажиллагаа эхлээд хоёр сар болж байна. Энэ хугацаанд хэлэлцээний байдал удааширч зөрөлдөх байдалд орсон байна. Үүнийг Монгол-Зөвлөлтийн найрамдлын амьсгалаар шийдэх ёстой”[xxxix] гэж зэмлэлээ. Ингээд Аварзэдыг Монголын талын төлөөллийн ахлагчаас хусч орхив. Аварзад өөрийн гөжүүдлээд байгаагаа Цэдэнбалд “Яагаад гэвэл би монгол хүн” гэж товчхон таййлбарлажээ.Түүнийг газар нутгаа харамлалаа гэсэн шалтгаанаар шууд буруутгаж чадалгүй Унгарт Элчин сайдаар явуулжээ. Жилийн дараа дуудаж авчраад хөдөө нэгдлийн дарга болгосон ба улам уруудуулсаар хэдэн жилийн дараа ердийн жолооч болгосон юм. Бусад жолооч нараас ялгаатай нь машинынхаа бүхээгт байнга франц ном уншиж суудаг байжээ. Машиныхаа бүхээгт франц ном уншаад сууж байгаа ердийн жолоочтой таарсан Францын сэтгүүлч монголчуудын боловсролыг шагшин гайхаж энэ талаар өгүүлэл бичсэн нь бий.

Энэ үед намын дарга Дамбыг ажлаас нь зайлуулах ажил бэлтгэгдэж байлаа. Хрущёв СССР-т нэгдүгээр хүн болохын хэрээр Ерөнхий сайд биш намын даргын үнэ цэнэ нэмэгдэж байв. Дамба унахаар Ерөнхий сайд, намын дарга гэсэн хоёр том суудлын ядахнаа нэг нь онгойно. Үүнд хамгийн их дуршилтай нь Цэнд байлаа. Чухам энэ шохоорхлоосоо болоод тэрээр Цэдэнбалд тун амархан олзлогдов. Тэрээр Аварзэдын оронд төлөөлөгчдийн тэргүүн болж Цэдэнбалын ятгасан, Молотовын шахсан бүхий л саналыг үг дуугүй хүлээн авч гарын үсгээ мутарлалаа. Энэхүү нэрээ бузарласан “тэнэг” зоригийнхоо шанг хүлээх л түүнд үлдэв бололтой. Түүнийг тун удалгүй бүх албан тушаалаас нь мулталж хөдөө цөлсөн юм. Монгол улс энэ хэлэлцээрээр хамгийн үзэсгэлэн төгөлдөр олон ам километр газрыг үүрд алдав. Алдагдсан газарт Цэдэнбал, Цэнд нарын өөрсдийнх нь тоонот бас багтжээ. 

1916 оны есдүгээр сарын 16-нд Хандгайт гэдэг газар төрсөн гэж анкетаа бөглөдөг. Хандгайт боомт, Тувагийн Хандгайт сомон зэрэг нь хилийн цаана бий. Монголын хилийн боомтыг Боршоо гэнэ. Төрсөн газраа бусдад “бэлэглэсэн” авч газар тасдан өгөхийг тэрээр илээр дэмжих буюу шахаж бас чадахгүй байсан бололтой. Гэвч энэ талаар хэл ам гарах болсон учир Цэдэнбалын төрсөн бууц “Тун мэндийн өвөлжөө”-г сүүлд шинээр босгосон, жинхэнэ нь цаанаа байгаа гэж учир мэдэх хүн ярих юм билээ. 1981 онд Цэдэнбал Увс аймгийн Давст суманд айлчлахдаа хил гарч жинхэнэ өвөлжөөндөө очиж үзжээ. 

Хил тодотгох ажил 1962, 1976 онуудад дахин сэдэрч харилцан комисс гарган 250 гаруй жилийн түүхтэй демaркацийг эргэж хяналаа. Ингээд энэхүү гурван удаагийн тодотголоор Тувад 2 321,7 ам километр, Буриадад 120,7 ам километр, нийт 2 442,4 ам километр нутгийг СССР-т алджээ[xl]. Үүний дотор үргэлж Монголын хил дотор бүтнээрээ багтаж байсан, Монголын хамгийн том нуур болох Увс нуурын хойд эрэг Орост харъяалагдах болсноор уул нуур хил дамнасан хоёр улсын дундын эзэмшил болжээ. 1997 онд Монголын парламент Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн уулзвар заагийг тогтоосон гурвалсан гэрээг баталлаа. Ийнхүү Монгол улс бүрэн демaркаци хийгдсэн хилтэй боллоо. 

АЛБАН БУС ТЫВА

1991 онд СССР задарсны дараа Оросын орос биш цөөнх үндэстнүүдийг Бүгд найрамдах улс гэж нэрлэн Үндсэн хуультэй, Ерөнхийлөгчтэй болгосны нэгэнд автономит Тува багтсан. Албан ёсны нэр нь Бүгд найрамдах Тыва улс. Бүгд найрамдах улсын баярыг 8 дугаар сарын 15 буюу 1921 онд тусгаар улс гэж заралсан огноогоор тэмдэглэх болсон. Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2002 онд хүчингүй болгожээ.

СССР тарсны дараа олон ургалч үзэл зөвшөөрөгдсөний нэг нь Хотут Тыва (Чөлөөт Тува) гэсэн үндсэрхэг байгууллага Тусгаар тогтносон Тува улсыг “зарлаж”, Оросын холбооны улсаас гарч тусгаарлахыг шаардах болжээ. Тэд орос иргэдтэй зөрчилдөн элдвээр шахах, хөөх, айлгах болсон тул зөвхөн 1992-1993 онд 20 мянга гаруй орос оршин суугчид Туваг орхин гарсан байна.[xli] Тува болон ирж оршин суух орос үндэстний зөрчил их эртнийх ба анч удамтай тувачууд орос хүмүүсийг алсаас буудан алах явдал элбэг байжээ. Иймээс Тува СССР-ын харъяанд орсны дараа амиа хамгаалах үүднээс тува хүмүүсийг хорооход ял тооцохгүй хуульүйлчилж байсан нь 1956 он хүртэл хүчинтэй байсан гэдэг. 2014 онд Тува Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтсаны 70 жилийн ойг тэмдэглэх ёстой байсан ч “70 жилийн ойг тохиолдуулан 70 оросыг буудан хорооно” гэсэн цуурхал дэгдсэнээс болоод ойг өргөн тэмдэглэж чадаагүй гэж ярилцдаг.

Нүүдэлчин тувачууд өдгөө нэг сая орчим толгой хонь ямаа, 180 мянган толгой үхэртэй.[xlii] 2016 онд мах комбинат байгуулагдаж жилд 400 мянга орчим тонн мах бэлтгэдэг нь малын тоо толгой хорогдоход нөлөөлжээ. 

Тувагийн хөрсөнд өнгөт метал болон газрын ховор элемэнт, чулуун нүүрс, төмөр, алт ихээр илэрдэг. Улуг-Хемский нүүрсний ордын бассейн нь 14 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогджээ. Гэвч уг орд Сияаны өмнө талд байдаг учир нуруу давж Орос руу гаргах боломжгүй учир урагшаа Монголоор дайруулан Хятадад экспортлох тухай олон жил яригдаж байна. 

Тува нь СССР-ийн бүрэлдэхүүн орсноосоо хойш өдий хүртэл Оросын хамгийн ядуу районд тооцогдсоор ирлээ. 2017 оны статистикаар хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын доод төвшинд байна. Тус улсад хүүхдийн ядуурал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хүн амын бүтцэд хүүхдийн тоо 35 орчим хувьтай байгаа бөгөөд ажлын байргүйн улмаас ихэнх гэр бүл тэтгэмж халамжаар амьдардаг. Ажилгүйдэл 20%. Орос улсын эдийн засагт Тувагийн эзлэх хувь: Аж үйлдвэрт-0.0%, Хөдөө аж ахуйд 0.2%, Бараа эргэлтэд 0.1%, Хөрөнгө оруулалтаар 0.0%. Оросын холбоон дотроо хөрөнгө оруулалтын эрсдэлээр 81 дүгээр байр, хөрөнгө оруулалтын чадамжаар 81 дүгээр байр, Тувад орон сууцны барилгажилт бараг явагддаггүй, авилга болон гэмт хэрэгийн үзүүлэлт Оросын холбоондоо хамгийн өндрийн нэг.[xliii] Жалгархах, нутаграх хамаатан саднаараа бүлэрхэх хандлага маш өндөр үзүүлэлттэй. 

Архидан согтуурах явдал бараг бүх нийтийг хамарсан гэж хэлж болохуйц. Зөвлөлтийн үед малчдын цалинг тавихдаа зэрэгцээд авто мухлаг дагалдан архи зардаг байжээ. Зэргэлдээ монголчууд тува айлын өвөлжөөнөөс олсон шилээ цуглуулан хил давуулан авчирч түүгээрээ мотоцикл худалдан авдаг байсан гэдэг. Монгол Тувагийн хил дамнасан харилцан мал хулгайлах явдал элбэг байв. Тувад малын тоо эрс хорогдсон учир өдгөө ийм хулгай зөвхөн нэг талын урсгалтай болжээ. 

1956 онд төрсөн, барилгын талбайн даамал мэргэжилтэй Сергей Шойгу нь Путины эрин үед улс төрийн гялалзсан амжилт гарган Оросын холбооны улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал болсон нь өнөөгийн тувачуудын бараг цор ганц үндэсний бахархал. Тувачууд түүнийг монгол урианхайн нэрт жанжин Сүвэдэй баатрын удам угсаа гэж итгэдэг. Урианхай гэх тэдэнд огт хамаагүй газар зүйн нэршлээс болсон ч, Шойгу ч өөрөө үүнд үнэмшдэг байх. Сүвэдэйн 27 тонн хөшөөг түүнд зориулж босгожээ. Тувагийн урчууд зураачид Сүвэдэй, Шойгу нары хосолмол баримал уран зураг бүтээсээр. Тувад аль олигтой болгоноо генерал Шойгугийн нэрэмжит болгосны дотор гахайн ферм ч бас бий. Харин украин эхтэй Шойгу ядуу буурай Туваг тоодог юм болов уу? Жил бүр Ерөнхийлөгч Путинийг төрсөн нутагтаа урин авчирч Сияны нуруунд амарч, ан хийдэг. Энэ нь тувачуудын хувьд “явления Христа”?

Оросын Украин дахь түрэмгийлэлд хамгийн их хохирогчтойд Киевээс 10 мянган км алс амьдардаг тувачууд ордог. Украинд алагдсан цэрэгийн тоо нь 10 мянган хүн амд нь харьцуулахад тува нар буриадуудын хамтаар тэргүүн эгнээ эзэлж буйг тооцоолжээ. Цэрэгт үрэгдсэн дайчдын ар гэрт нөхөн олговор гэж ганц ганц амьд хонь өгч буй мэдээ видио, фотогийн хамт олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан.

2022.11.15



* Князов, Леонид (1851-1929) Оросын төрийн зүтгэлтэн, Тобольск, Курлянд, Эрхүүгийн амбан захирагч

* Уг нь Тагна Тува байх ёстой. “Тагна” гэдгийг монгол хэлний уйгаржин бичгээр “tang`-nu” гэж бичээд “tag-na” гэж уншина. Орос хэлэнд хамрын “н” авиа тэмдэглэдэг үсэг үгүй учир “н”-ийг давхардуулан бичих болсон ба тэр чигээр нь унших болжээ.

* Смирнов, Иван (1881-1936) Оросын хувьсгалч, Сибирийн хувьсгалт товчооны дарга (1919-1920)

* Буянбадрах (1892-1932) Тувагийн төр нийгмийн зүтгэлтэн. Тувагийн тэргүүн (1921-1929)

* Дондог, Хууларын (1888-1930) Тувагийн Ерөнхий сайд (1926-1930)

* Шагдаржав, Иргит (1899-1959) Тувагийн Ардын хувьсгалт намын дарга (1929-1932)

* Тогоо, Салчиг (1901-1973) Оросчилсон нэр нь Салчак Калбак-Хорекович Тока. Зөвлөлт Тувагийн нам төрийн зүтгэлтэн. Тувагийн Ардын хувьсгалт намын дарга (1932-1944), Тувагийн автоном мужийн намын дарга (1944-1952), Тува мужийн намын дарга (1952-1973)

* Анчимаа-Тока, Хертек Амырбитова (1912-2008) Тувагийн төрийн тэргүүн (1940-1944)

* Сүн Мэйлин (1898-2003) Мадам Чан Кайши ч гэдэг. Сүнь Ятсэний бэргэн, Чан Кайшигийн эхнэр, Хятадын тэргүүн хатагтай, Хятадын амьдралд нэн нөлөөтэй байсан эмэгтэй. 

* Ван Чүнхуй (1881-1958) Хятадын дипломат, Гадаад яамны сайд (1937-1941)

* “Монгол бол Тува биш. Энэ бол түүхэн том гүрэн”. Сталин ингэж хэлсэн гэдгийг 1995 онд академич Б.Ширэндэв зохиогчид ярьсан юм.

* Аварзэд, Сономын (1922-1989) Монголын Гадаад яамны сайд (1957-1958)

[i]Потанин, Григорий Николаевич «Очерки Северо-Западной Монголии» 1883

[ii]Oyunchimeg Bayangaa.VII—XII зууны үеийн монгол аймгууд.[Mongolian Tribes in VII-XII centuries]

[iii]Егунов Н. П.Прибайкалье в древности и проблема происхождения бурятского народа. (Бурятское книжное изд-во, 1984) c-207 [Egunov N.P. The Baikal region in antiquity and the problem of the origin of the Buryat people. )Buryat book publishing house, 1984)] p- 207

[iv]Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х- 113 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[v]Мияаваки Жүнко Монголын түүх: Өнө эртний нүүдэлчдээс өнөө үеийн Монгол улс хүртэл (Улаанбаатар 2017) х- 155[Miyawaki Junko History of Mongolia]

[vi]Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-187 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[vii]Содномдавга, Ц. Манжийн захиргаанд байсан үеийн Ар Монголын засаг захиргааны зохион байгуулалт (1691-1911) (Улаанбаатар 1961) х-96 [Sodnomdagva, Ts. The Administrative Structure of Outer Mongolia under Manchu rule, 1691-1911]

[viii] Дацышен, В. Г. Очерки истории Российско-Китайксой границы во второй половине XIX вв (Кызыл 2000) стр-108-116

[ix] Кузьмин, Ю. В., Дэмбэрэл.К. Русская колония в Урге (1861-1920) (Иркутск 1994) х-118[Kuzmin, Yu.V., Demberel, K. Russian colony in Urga (1861-1920) (Irkutsk 1994)] pp-118

[x] Нямаа, А. Орос дахь Монгол угсааны улсууд, Бүгд Найрамдах Тува улс (УБ 1995) х-91 [Nyamaa, A. Ethnic Mongols in the Russia: Repulic of Tuva]

[xi] Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц учир (Бээжинд 1993 онд хэвлэгдсэний монгол хэлээр орчуулсан хэвлэгдээгүй гар бичмэл) х-234 [The Secret of Outer Mongolia`s independence]

[xii] Коростовец, И. Я. От Чингис хана до Советской республики (Издательство “Эмгэнт” Улаанбаатар 2004) стр-255-56 [Korostovets, I. Ya From Genghis Khan to the Soviet Republic (Ulaanbaatar 2004)] p-255-256

[xiii] Нямаа, А. Орос дахь Монгол угсааны улсууд, Бүгд Найрамдах Тува улс (УБ 1995) х-92 [Nyamaa, A. Ethnic Mongols in the Russia: Repulic of Tuva]

[xiv] Коростовец, И. Я.От Чингис хана до Советской республики (Издательство “Эмгэнт” Улаанбаатар 2004) стр-249 [Korostovets, I. Ya From Genghis Khan to the Soviet Republic (Ulaanbaatar 2004)] p-249

[xv] Коростовец, И. Я. От Чингис хана до Советской республики (Издательство “Эмгэнт” Улаанбаатар 2004) стр-258 [Korostovets, I. Ya From Genghis Khan to the Soviet Republic (Ulaanbaatar 2004)] p-258

[xvi] Ханддорж, Чин ван. Аливаа хэрэг зүйлийг товчлон тэмдэглэсэн данс (Үнэн сонин 1991) [Khanddorj Chig Wang Concise notes of all events]

[xvii]Тачибана Макото Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар (1911-1921) (Улаанбаатар 2011) х-128 [Tochibana Makoto Forgetten history of Mongolia: Government of the Bogd Khan]

[xviii] Болд. Равдангийн Монголын тусгаар тогтнол ба Америкийн нэгдсэн улс (1910-1973) (Nepko publishing паблишин 2008) х-87 [Bold, Ravdangiin. [Mongolian independence and USA]

[xix] Лузянин, С. Г. Россия, Монголия, Китай в первой половине XX в. (изд-во Института Дальнего Востока РАН, Москва, 2003) стр-111 [Luzyanin, S.G. Russia, Mongolia and China in thefirst half of the 20th century]

[xx] Гадаад харилцааны төв архив ф-117 х/н 01 [The Ministry of foreign relationship`s central archive]

[xxi] Нямаа. А. Орос дахь Монгол угсаатны улсууд, Бүгд найрамдах Тува улс (УБ 1995) х-97 [Nyamaa, A. Ethnic Mongols in the Russia: Repulic of Tuva]

[xxii]McMullen, Ronald Tuva: Russia` Tibet or the Next Lithuaninia? (European Security V. 2 No. 3 Autumn 1993) pp. 451-460.

[xxiii]Трифонов Евгений Тува: Мартагдсан аннексХалх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-140-151 [Trifonov Evgenyi Tuva: Forgetten annex]

[xxiv] Урианхайн байдал (ЗХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын 1925 оны нууц мэдээлэл) (Үг сонин 1991) [Sitation in the Uriankhai Krai]

[xxv] Бүрэн эрх барих төлөөлөгч, сайд Магсаржав нарт өгсөн заавар (Үг сонин) 1991 Улсын төв архив [Instructions for Plenipotentiary minister Magsarjav]

[xxvi] Тагна Тувагийн ардын засгийн бичиг (Үг сонин) 1991 Улсын төв архив [Notes about the People`s Government of the Tannu Tuva]

[xxvii] Каллиников. Революцилнная Монголия (Москва 1925) стр-94-95 [Kallinikov, A.D. Revolutionary Mongolia (Moscow 1925)] st-94-95

[xxviii] Батсайхан. О. Монгол овогтны нэгдэхийг эсэргүүцэх … (Ил товчоо сонин 1992) №7 [Batsaikhan, O. Opposition to the unification of the Mongol tribes]

[xxix] Friters. Gerard.M. Outer Mongolia and its Internatiomal Position (The Johns Hopkins Press, Baltimore 1949) pp-131

[xxx] Бадрах.Ө. Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага (Улаанбаатар 2001) х-105 [Badrakh, U. An experience of the party`s fight against Rightiist opportunism]

[xxxi]Трифонов Евгений Тува: Мартагдсан аннексХалх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-140-151 [Trifonov Evgenyi Tuva: Forgetten annex]

[xxxii] Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудалд холбогдсон баримт бичиг (“Дорно-Өрнө” сэтгүүл 1992 #2) [Documents and materials related to the conflict surrounding the recognition of Mongolian independence]

[xxxiii]Трифонов Евгений Зөвлөлт ба Монгол далд түүх; Тува: Мартагдсан аннекс (Nepko publishing Улаанбаатар 2019) х-294 

[xxxiv] Лузянин С. Г. Россия - Монголия - Китай в первой половине XX века. Политические взаимоотношения в 1911-1946 гг.. — М.: «ОГНИ», 2003. 320 с. 

[xxxv]Лузянин С. Г. Россия - Монголия - Китай в первой половине XX века. Политические взаимоотношения в 1911-1946 гг.. — М.: «ОГНИ», 2003. 320 с. 

[xxxvi]Лузянин, С. Г. Россия, Монголия, Китай в первой половине XX в. (изд-во Института Дальнего Востока РАН, Москва, 2003) стр-10[Luzyanin, S.G. Russia, Mongolia and China in thefirst half of the 20th century]

[xxxvii] Гэрэл сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс (Улаанбаатар 1992) [Light and Shadow: Tsedenbal`s private notes] 

[xxxviii] МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1957 оны 387 дугаар тогтоол МАХН-ын архив [Resolution numder 357 of Poliburo of MPRP, 1957 ]

[xxxix] Пүрэвдагва Н., Туяа.С Будант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд (Улаанбаатар 1999) х-94 [Purevdagva, N. Tragedy in thedark years: Luvsantserengiin Tsend]

[xl] Давааням, П Сөөм газар ч ард түмнийх (Ил товчоо сонин 1991) [Davaanyam, P. Every inch eath belong to people]

[xli] Хамраев Виктор."Национализм вполне согласуется с демократией" // Коммерсантъ Власть : журнал. — 2006. — 4 сентября (№ 35). — С. 26. 

[xlii]Социально-экономическое положение Республики Тыва в 2020 году. Дата обращения: 17 апреля 2021.

[xliii]В 2017 году бедность в Республике Тыва составила 41,5 % — агентство ТАСС. Дата обращения: 22 сентября 2020.