Зүүн Германы монгол судлалыг үндэслэн байгуулагч Паул Рачневскийг эргэн дурсахуй
“Хаанаас ирсэн бэ?” гэдэг асуултыг би өөртөө тавьсан маань яван явсаар Пауль Рачневский гэдэг багшийнхаа тухай бодоход хүрсэн юм.
Удо Б. Баркманн
Зүүн Германы монгол судлалыг
үндэслэн байгуулагч Паул Рачневскийг
эргэн дурсахуй1
Хоёр Германыг нэгтгэх үйл явц хэрэг дээрээ тун удаашралтай, хуучин БНАГУ-ын олон иргэд, ялангуяа сэхээтнүүдийн хувьд ихээхэн зовиуртай болж өнгөрсөн билээ. Уг үйл явдал нь бид чинь ингэхэд хаанаас ирчихэв ээ, түүх хэрхэн өрнөж байна, энэ түүхэнд хувь хүн ямар үүрэгтэй байв гэдэг асуултыг өөрсөддөө байн байн тавих болгов. Ялангуяа түүхийг шахан зайлуулах, зориуд мушгин гуйвуулж харуулах, мөн л урьдынх шигээ хүчээр тулган хүлээлгэх нь улам ихэсч байх шиг санагдах болсон өнөө үед бүр ч тийм хэвээрээ байна. Түүхийг ингэж үзэх нь асар том алдаа дутагдалд хүргэдэг агаад ихэвчлэн хоёр нүүртэй байдаг ямар нэг “диктатур”-тай түүхийг холбож, тэр нь яаж үйлчилэв ээ гэдэг дээр төвлөрүүлэх нь өөрөө өөрсдийгөө үлэмжхэн гүтгэж, гутаан доромжлоно гэсэн үг юм. Зүүн германчуудын хувьд түүх гэж байгаагүй юм шиг, тийм нөхцөл байдалд дахин орчихоод байна.
Түүхийг үзэх иймэрхүү үзэл бас Дэлхийн II дайны аймшигт явдлуудын дараа өөр маягийн Герман оронд өөрөөр амьдрах боломж байна хэмээн итгэж явсан, тэгснээ хэзээ хойно урам нь хугаран буцаж няцаж, тус орноос гарч явсан буюу дотоод сэтгэл рүүгээ цагаачилсан хүмүүсийн амьдрал үйлийг үгүйсгэхэд хүргэнэ. “Хаанаас ирсэн бэ?” гэдэг асуултыг би өөртөө тавьсан маань яван явсаар Пауль Рачневский гэдэг багшийнхаа тухай бодоход хүрсэн юм. Эрдмийн мөр хөөсөн миний хувьд энэ хүний ач тус их. Түүний амьдралын туршлага чамгүй ухаан заан өгч, өнөөгийн нөхцөлд аливаа юмыг арай хол зайнаас, арай өргөн хүрээтэй харах боломжийг надад олгосон билээ.
Берлиний Хумбольдтын Их сургуульд монгол судлалын оюутан байхдаа долоо хоногт нэг удаа П. Рачневскийтэй уулзаж, Их сургуулийн хичээлээс барагтай бол мэдэж чаддаггүй байсан нэг зүйлийг заалгадаг байсан тэр он жилүүдийг би сайн санадаг. Тэр бол Монголын Эзэнт гүрний түүх, Чингис хааны намтар хийгээд Хятадад монголчуудын байгуулсан Юань улсын түүхтэй холбоотой хэсэг. П. Рачневский гуай бүр тэр үед л нас сүүдэр дал хол даваад байв. Хичээл маань Берлиний Трептов дүүрэгт байдаг түүний гэрт, судалгааны өрөөнд нь болдогсон. Тэрхүү өрөө нь ном эрдмийн хүний өрөө ийм л байдаг болов уу гэж миний төсөөлж байсантай тун ойролцоо, тавиуруудаа таазанд тултал номоор дүүргэчихсэн, бас хивсэн дээрээ баахан ном, гар бичмэл овоолчихсон байдаг байж билээ. Зүүн Берлиний номын сангуудыг хангалт сайтай гэж хэлэх ямар ч аргагүй, бүр орос хэлээр гарсан Зөвлөлтийн ном зохиол хүртэл ховор асан тэр үед би түүхийн олон олон бүтээлийг ерөөс энэ “баян бүрд”-д л анх удаа үзсэн юм даг. П. Рачневский гуайн хувьд номын сангаа надад нээлттэй байлган, номоосоо өгч явуулж, надтай тэр талын яриа хөөрөө хөврүүлэх нь байх ёстой ердийн л зүйл байв. Парист сурч байхдаа мэдлэг оюунаа шавь нартаа харамгүй зориулдаг багш нарын ач буяныг өөрөө ч хүртэж явсан тэрээр үүнээс ондоогоор байж ч үзээгүй биз. БНАГУ-д гадаадын ном хэвлэл, ялангуяа мэргэжлийн зохиол бүтээлээр ихээхэн гачигдаж байсны улмаас мэргэжил нэгтнүүд бие биедээ ямагт тус дэм болдог байсан явдал өдгөө хоёр Герман нэгдсэнээс хойш олон жилийн дараа нөхдийн хүрээнд ихэд үгүйлэгдэх болоод байгаа билээ.
П. Рачневский гуайнд өнгөрүүлсэн цаг мөчүүд надад үнэн чанартаа зүгээр нэг хичээл сургалт төдий зүйл байсангүй, Их сургууль дээр сураг нь там тумхан сонсогддог байсан Э. Хэниш ч юмуу, О. Франке зэрэг хуучин цагийн олон хэлтэй их эрдэмтдийн нэгэнтэй л учирсан мэт санагддаг асан. Өнөөгийн нээлттэй ертөнцөд ч гэсэн дорно дахины судлаачдын дотор түүнтэй эгнэх нь тэр бүрий байхгүй гэж бодогдоно. Зогсоо чөлөөгүй довтолгох манай орчин үеийн нийгэмд хөрвөх чадвартай гэх судлаачдын гол шинж гэвэл тэдний мэдлэг ямар нэг хэмжээгээр өнгөц, асуудлын гүн рүү төдийлөн ордоггүйдээ л байх шиг. Дотоод сэтгэлийн амгалан тайван гэж байсан, бүхнээ умартан шинжлэх ухааны мөр хөөж болдог асан тийм цаг үед л П. Рачневский маягийн эрдэмтэд төрдөг юм болов уу? Эсвэл шинжлэх ухаан бүр тэр үед л хатуу ширүүн бодит амьдралаас зугтах нэг ёсны орогнох газар болж чаддаг байв уу? Сталинизмын харгислалын хамгийн бэрх үе, хожим Дэлхийн II дайны хүнд нөхцөлд Монголын Ил хаан Гасаны үеийн ордны түүхч Рашид ад-Диний бичсэн тэмдэглэлүүдийг перс хэлнээс буулгах нөр их ажлыг амжуулсан Ленинградын мэргэжил нэгт нөхдийнхөө талаар П. Рачневский гуай хэд хэдэн удаа ихэд бахдан ярьж билээ.2 Түүний амьдралд ч гэсэн, зарим хүн бол замаасаа халшран буцмаар гүн гүнзгий өөрчлөлт хувьсал олонтаа гарсан боловч тэрээр эрдмийн ажилдаа эргээд л ирдэг байсан юм. П. Рачневский шиг эрдэмтдийн хувьд шинжлэх ухаан хэзээ ч зүгээр нэг мөнгө олох хэрэгсэл төдий бус, түүнээсээ хавьгүй илүүтэйгээр дуудлага томилолт, тэгээд ч түүнийг сэтгэлийн галтайгаа цуг дотроо тээж явдаг, тэр галын нь оч шавь нарынх нь баяр бахархлыг асааж чаддаг байсан юм. Би нэг их өндөр настай ч юмуу, цэцэн цэлмэг хүн болох гээд байгаа юм шиг санагдаж магадгүй (уул нь аль нь ч биш л дээ), гэхдээ л өнөөүед цөөн хэдхэн хүн шинжлэх ухааныхаа төлөө шатаж явааг хараад би гүнээ харамсаж, олон хүн түүнийг ердөө л эрхэлсэн ажил гэж үзэхээс хэтрэхгүй байгаад нь эмзэглэх сэтгэл эрхгүй төрдөг юм.
П. Рачневский гуай их юм бичдэггүй хүн байсан. Харин нэг бичвэл даацтай бичдэг, хожим ч тэр чанараа орхиогүй юм.Надад нэг удаа тэрээр, “Та юм бичмээр байгаа бол тэрнийгээ бичээд нэг жил орхичих. Дараа нь уншиж үзээд түүн дээрээ дахин ажиллаж бай” гэж билээ. Дорно дахины судлаач хүний хийж чадах хамгийн утга учиртай ажил бол тухайн хэлээр нь сурвалжуудыг уншиж, уншсанаа тунгаан бодох, тэгээд дараа нь олон түмэнд хүргэх явдал гэж бас нэмж өгүүлсэн билээ. Эх сурвалжид тулгуурласан судалгааны ажил л түүний бодлоор дорно дахиныг судлаач эрдэмтэн хүний шүтэж явах ёстой зүйл аж.
Пауль Рачневский 1899 оны 1-р сарын 29-нд Оросын генерал Александр Рачневскийн хүү болон мэндэлсэн ба эхнэр Любовь (өөрийнх нь жинхэнэ овог Лукина) нь Тбилисст төржээ. Түүний эцэг Хятад дахь Боксерүүдийн бослогын үеэр Оросын нэгэн корпусын ажиллагаанд оролцож яваад алагдсаны дараа Любовь фон Хелльберг-Рачневский хүүхдүүдийнхээ хамт эхлээд Лаузань (Швейцари), хожим нь Дрезден рүү шилжин суурьшсан байна. Тэнд П. Рачневский 1908-1914 он хүртэл алдарт Витцтүмийн гимназид сурч байв. 1914 оны зун Рачневскийнхан Орост амралтаа өнгөрүүлж байтал Дэлхийн I дайн дэгдэж, Дрезден рүүгээ буцах аргагүй болжээ. П. Рачневский 1915-1917 он хүртэл Санкт Петрбург хотноо Петрийн сургуульд суралцан төгсч гимназийн боловсрол эзэмшжээ. Бүр хориод оны эхэн хүргэж байж тэрээр Германд эргэж ирсэн бололтой байгаа бөгөөд 1922-1923 он хүртэл Берлиний Фридрих Вильхельмийн Их сургуулийн Гүн ухааны факультетэд суралцсан байна. Тэнд Э. Хэниш 1920 он хүртэл монгол-манж хэлний хүндэт профессороор ажиллаж байгаад 1922 оноос эхлэн Хятад судлалын Тэнхимийн эрхлэгч болсон байжээ. 1923 онд П. Рачневский Парис руу шилжив. Очмогцоо Парисын Ecole Nationale des Langues Orientales Vivantes (Дорно дахины амьд хэлний ¯ндэсний сургууль)-ийн хятад, япон хэлний ангид суралцан 1924 онд “Diplome d’Eleve brevete pour les langues chinoise et japonaise” (“Хятад, япон хэл заах эрхийн диплом”)-тайгаар төгсчээ. Дараа нь тэрээр “Японы иргэншил” (1924 оны 3-р сарын 11-нд төгссөн), “Орос хэл” (1926 оны 7-р сарын 9-нд төгссөн), “Герман хэл шинжлэл” (1928 оны 3-р сарын 14-нд төгссөн) мэргэжлүүдээр Сорбонд үргэлжлүүлэн сурсан юм.
Сургуулиа дүүргэсний дараа П. Рачневский юуны өмнө Хятад судлалын салбарт ажиллаж, Германы “Sinica” (“Хятад судлал”), “Chinesisch-deutscher Almanach” (“Хятад-Германы харилцаа”) сэтгүүлүүдэд Франц дахь хятад судлалын байдлын талаар өгүүллүүд нийтлүүлсэн байдаг. Түүний 1927 онд нэгэн хэвлэлийн газартай байгуулсан гэрээ бүр энэ үед л Германы хятадач Э. Эркестэй харилцаатай байсныг нотлох бөгөөд хожим нь П. Рачневский энэ хүний эрхлэн гаргасан “Хятадын нэвтэрхий толь”-ийн “Эрх зүй”, “Сүн болон Юань улсын түүх” бүлгүүдийг бичжээ. 1930 оны 7-р сарын 3-нд П. Рачневскийд “Diplome de Licencie-es-lettres” (“Хэл бичгийн ухааны эрдмийн зэргийн диплом”) олгов. Аль оюутан байхын л тэрээр Юань улсын түүхийг онцгой сонирхон судалдаг байсан аж. Сүүлд энэ үеийнхээ тухай бичихдээ, “Их сургуульд сурч байхдаа би хятад фондыг хариуцаж, олон номын сангуудад ажиллаж, монголчуудын ноёрхлын үеийн Хятадын хууль тогтоомжийн сэдвээр өгүүлэл бичихээр бэлтгэж байв. Гар бичмэлийнхээ ихэнх хэсгийг үрэгдүүлсэн учир хожим нь дахин бичих болсон, мөн Поль Пеллио хоёр жил эзгүй байснаас шалтгаалан энэхүү бүтээлийг хэвлүүлэх ажил удааширсан юм”3 гэжээ. П. Рачневский гуай нөгөө л хөгжөөнтэй, тайван хүлээцтэй зангаараа надад энэ тухай ярьж өгөхдөө, тэр бичсэн зүйл нь түүний алдарт багш Поль Пеллиог Хятадад явж байхад нь үрэгдсэн ба энэ нь ч өөрийнх нь үзэж буйгаар ажлын чанарт сайнаар нөлөөлж, дараагийн хувилбар нь эхнийсээ илүү болсон гэж билээ. П. Рачневский тэгээд 1937 онд Пеллио, Масперо, Гране, Эскар, Вандриес зэрэг алдарт эрдэмтдээс бүрдсэн Шалгалтын комиссын өмнө “Un Code des Үuan” (“Юань улсын хууль цааз”) cэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд уг бүтээл, түүний хамгаалалт хоёр хоёулаа “tres honorable” (“Дээдийн дээд”)гэсэн үнэлгээ авчээ. Францын Шинжлэх ухааны академи энэ ажлынх нь төлөө түүнд Станислав Жульений шагнал олгосон байдаг. Түүний докторын ажил 1937 онд “Un Code des Үuan” нэрээрээ “Bibliotheque de l’Institut des Hautes Etudes chinoises” (“Нангиад судлалын хүрээлэнгийн номын хөмрөг” цуврал)-д нийтлэгджээ.
П. Рачневский 1938 оны 10-р сард Дрезденд суудаг эгчтэйгээ очиж уулзахаар тийшээ явах үедээ Парисын Их сургуульд орж ажиллаагүй байсан бололтой. Германд өрнөсөн үйл явдлууд, мөн дэлхийн дайн дэгдсэн зэрэг нь эцэстээ түүнийг Франц руу буцах аргагүй болгов. Германы аль нэг их сургуульд орж ажиллах гэсэн нь бүтээгүй тул тэрээр арга буюу өөр ажил хийхэд хүрчээ. Ингээд 1941-1945 он хүртэл Дрездений шөрмөсөн чулуу (асбест) үйлдвэрлэлийн Гайер энд Ко (GeҮer & Co) пүүст илгээмжийн тасгийн эрхлэгчээр ажиллав.
Дрезден хотыг бөмбөгдсөн олон шөнийн аюумшиг түүний үзэл бодол, үйл ажиллагаанд ч нөлөөлсөн юм. 1945 онд Улаан арми Дрезденд орж ирэх үес тэдний орчуулагчийн үүрэг гүйцэтгэхээр болов. Мөн оныхоо 6-8-р сар хүртэл Герман дахь Зөвлөлтийн Цэргийн Захиргаа (ГЗЦЗ)-наас гаргадаг “Tageszeitung” (“Өдрийн сонин”) сонины редакцид ажиллаж байгаад 1945 оны 8-р сараас 1949 оны 8-р сар хүртэл Саксон муж улсад сэргэж эхлээд байсан дээд боловсролын салбарт шилжин очжээ. Саксон муж улсын Засгийн газрын харьяа Ардын Боловсролын Яамны сургуулийн асуудал эрхэлсэн Төв хэлтэс түүнийг 1949 оны 11-р сарын 7-ны үед Майссен дахь Багш нарыг бэлтгэх тэнхимийн орос, франц хэлний доцентоор томилсон бөгөөд тэндээс нь 1950 онд Лейпцигийн Сурган хүмүүжүүлэх ухааны Тусгай дунд сургуульд шилжүүлсэн байна.
П. Рачневский 1951 онд Лейпцигийн Гадаад хэлний сургуульд орос, франц хэлний зэрэгцээ бас хятад хэл зааж байв. Хятад хэлний сурах бичиг гэдэг тэр үед нүдний гэм, ердөө нэг жижигхэн хятад-орос толь, “Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлийн хятад хэлээрх дугаар (“Сульян”)-аас авдаг эхүүд л үндсэндээ сургалтын материалын ядмагхан үндсийг бүрдүүлдэг байлаа. Тэр үеийн анхны оюутнуудын нэг, хожмоо Зүүн Берлиний Хумбольдтын Их сургуулийн Хятад судлалын Тэнхимийн эрхлэгч болсон нэгэн бүсгүй хятад хэл сурах эхэндээ ямар хүнд байсан тухай дурсан ярихдаа, “Хамгийн анхны хичээл дээрээс л П. Рачневский бидэнд маш хатуу шаардлага тавьж эхэлсэн. Тэрээр тайлбарлахдаа, хятад хэл үзэж буй нөхцөлд биднийг хэл зүйн дүрэм гэдэг одоогийн ойлголтоосоо салах ёстой гээд, дараачийн өдөр хүртэл гэртээ “Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлээс хамгийн ойлгомжтой таван дүрс тэмдэг орчуулах даалгавар өгөв. Бидний хувьд гэвэл толь бичиг яаж ашиглах нь бүү хэл, орос хэлээ ч мэддэггүй байсан цаг. Тэгээд шөнийн 2 цаг хүртэл сууж байгаад сэтгүүлийн дүрс тэмдгүүдийг толь бичгийнхтэй харьцуулж үзлээ. Тэгж тэгж “си да лин вансүй” гэдгийг “их ой мод, түмэн жил” хэмээн орчуулав. Тэр “си да лин” нь ердөө л “Сталин” гэдэг нэрийн авиа зүйн галиглал байсныг бид нар яаж мэдэх билээ дээ. Тэр нь үнэн чанартаа “Сталин мандтугай” хэмээх өгүүлбэр байсан юм санж”4 гэсэн байдаг.
Тэр үеийн Лейпцигийн Их сургуулийн хятадач, урьд өмнө өөрийнх нь таньдаг байсан Э. Эркес (1891-1958)-ийн тусламжтайгаар л болов уу, П. Рачневский 1951-52 оны хичээлийн жилд “Монгол бичгийн хэлний удиртгал”, “Монгол эх бичиг судлал”, “Чингис хааныг нас нөгчих хүртэлх монголчууд” сэдвээр хичээл заах үүргийг 1951 онд тус их сургуулиас хүлээн авчээ.
Лейпциг хотын Карл Марксын Их сургуулийн ректор 1952 оны 2-р сарын 6-нд П. Рачневскийг хятад судлал эрхэлсэн доцентоор томилсны дараахан 1952 оны 2-р сарын 28-нд БНАГУ-ын Дээд боловсролын Төрийн нарийн бичгийн дарга түүнийг Карл Марксын Их сургуулийн Гүн ухааны факультетэд хятад судлалын сургалт эрхэлсэн профессор болгожээ. Энэ томилгоо П. Рачневскийн амьдралд шийдвэрлэх эргэлт болж, гол нь тэрээр шинжлэх ухаандаа эргэн ирэх боломжтой болсон юм.
Лейпцигийн Их сургуулийн хятад судлал арвин баялаг түүхтэй. А. Конрадигийн халааг авсан Э. Хэниш өөрөө 20-иод онд Дорнод Азийн Эх бичиг судлалын Тэнхимийг нь удирдаж байв. Өдгөө Дэлхийн II дайнаас хойш 6 жил өнгөрсөн хойно тус их сургуулийн хятад судлалыг дахин сэргээж, орчин үеийн хятад судлалын шинжлэх ухааны үндсийг тавихаар болжээ. 1949 оноос өрнөд Германд ч энэ зорилтыг хэрэгжүүлэх ажилд идэвхийлэн ороод байгаа тухай Бад Пирмонтод (1949 оны 10-р сарын 26-29-нд) болсон Германы Хятад судлаачдын Их хурал дээр Хэниш ярьсан5 байлаа. БНАГУ-ын Дээд боловсролын Төрийн нарийн бичгийн дарга профессор, доктор Г. Хариг 1952 оны 2-р сард П. Рачневскийг “Хятад судлалын сургалтын төлөвлөгөө боловсруулах комисс”-ын бүрэлдэхүүнд оруулсан тухай түүнд явуулсан бичигтээ тус комиссын үүргийг “мэргэжил тус бүрт шинээр төлөвлөгөө боловсруулан гаргаж, БНАГУ-ын их, дээд сургуулиудын сургалтанд зайлшгүй хийгдэх өөрчлөлт шинэчлэлтэд чиглэсэн эрдэмтэн багш нар, оюутнууд, ардчилсан өргөн нийтийн зүгээс ирсэн олон санал санаачлагад үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино. Сургалтын төлөвлөгөөний төслүүдийг дараа нь хүчин төгөлдөр болгож нийтээр мөрдүүлнэ”6 хэмээн томъёолсон байдаг юм. Ердөө мөн оныхоо 9-р сард гэхэд л П. Рачневский Дээд боловсролын Нарийн бичгийн дарга нарын газраас Лейпцигийн хятадач Э. Эркесийн тэргүүлсэн “Хятад болон Япон судлалын сургалт эрхэлсэн Эрдмийн зөвлөл”-ийн гишүүнээр томилогджээ.
Берлиний Их сургуульд ч гэсэн дайны дараахнаас тус их сургуулийн Дорно дахины судлалын баялаг уламжлалыг таслахгүй байж, бараг эзэнгүй болсон тэнхимүүдийг эргээд эзэнтэй болгох зарим оролдлого хийсэн юм. Дайн дуусаад удаагүй байхад Гүн ухааны факультетийнх нь декан, энэ хооронд Фрауэнхимзед дөнгөж суурьшаад байсан Э. Хэништ хандаж Берлиний Alma mater (их сургууль)-т ажиллах хүсэлт тавьж байжээ. Ректорынхоо даалгавраар тэрээр Хэништ орон байр, тусгай хангамж олгохоо амлаад, “Таны хэрэг бидэнд маш их байгаа учраас яаралтай эргэн ирэхийг тань хүсч байгаагаа эцэст нь хэлэх нь зүйтэй болов уу”7 хэмээн анхааруулсан байв. Гэвч энэ үед Хэнишийн эрүүл мэнд муудаж эхлээд байсан тул дээрх хүсэлтийг хүлээн авч чадсангүй.8 1953 оны 2-р сард мөн л Берлиний Хумбольдтын Их сургууль (өмнө нь Фридрих Вильхельмийн Их сургууль гэдэг байсан) зуны семестрт багшлах хүсэлт П. Рачневскийд ирүүллээ. Тэгэхэд нь тэрээр “Монгол бичгийн хэлний удиртгал”, “Монголын утга зохиолын тойм” хичээлүүд заах хариу санал тавьжээ. Чухамхүү энэ үес түүний толгойд монгол судлалыг хүчтэй хөгжүүлж, түүнийг зүгээр хичээлийн нэг төрөл ч биш, бүр бие даасан мэргэжил болгох төлөвлөгөө боловсорч гүйцээд байсан бололтой байдаг юм. 1953 оны 9-р сарын 26-нд тэрээр БНАГУ дахь Монголын Элчин сайдад хандан Лейпциг, Берлиний Их сургуулиудад заадаг монгол хэлний хичээлүүдийн талаар мэдээлээд, “Улаанбаатарын Их сургууль болон Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай соёлын нягт солилцоо бий болгон хөгжүүлэх”-эд туслахыг түүнээс хүслээ.
1953 онд Й. Дилл Зөвлөлт Холбоот Улсаас эргэж ирээд П. Рачневскийн туслахаар ажиллаж эхлэв. Диллийн эцэг өмнө нь гэр бүлийнхээ хамт “дайны төлбөрт” гэхээр ч юм уу байдлаар ЗХУ-д дайчлагдаад байжээ.
Мөн ондоо П. Рачневский юуны өмнө тэр үеийн энэрэнгүй үзэлт сэхээтнүүдийг нэгтгээд байсан “Германы Ардчилсан Шинэчлэлийн Соёлын Холбоо”-нд гишүүнээр элссэн байна. Тухайн үедээ олон хүн энэ байгууллагад орсноор хоёр Герман орныг нэгтгэх үйлсэд хувь нэмрээ оруулна хэмээн итгэж, ГНСН ч “хоёр орныг эргүүлэн нэгтгэх боломжтой” тухай ярьдаг байсан аж.9
БНАГУ-ын Дээд боловсролын Нарийн бичгийн дарга нарын газраас 1954 оны 3-р сард П. Рачневскийг Берлиний Хумбольдтын Их сургуулийн Гүн ухааны факультетийн Хятад судлалын хүрээлэнгийн захирлаар 1954 оны 1-р сарын 1-нээс эхлэн нөхөн томилсон бөгөөд мөн оныхоо 9-р сард Хумбольдтын Их сургуулийн Хятад болон Монгол судлалын Тэнхимийн эрхлэгч болсон байна. Энэ томилгооныхоо тухай П. Рачневский хожмоо бичихдээ, “Ингэснээрээ анх удаа Германы Их сургуульд чухамдаа монгол судлалыг үндсэн мэргэжил болгон сургахыг зөвшөөрсөн хэрэг юм. Суралцах хугацааг найман семестрээр тогтоов. Сонгодог монгол хэл, монголын түүхийг тэнхимийн эрхлэгч зааж, харин орчин үеийн монгол хэлийг монгол багш ордог байсан. Монгол судлалын тасгийг Дорнод Азийн хүрээлэнд харьяалуулсан юм”10 гэжээ. Гэхдээ П. Рачневский Лейпцигийн Их Сургуульд монгол хэлний хичээлээ үргэлжлүүлэн заасаар байв. Түүний өөрийн хийгээд гэр бүлийнх нь хувьд зутруухан үе эхэлжээ. Тэднийх урьдын адил Лейпцигтаа суусаар байсан агаад бүр Нарийн бичгийн дарга нарын газрынхан хичээгээд ч дайнд үлэмжхэн эвдэрч сүйрсэн Зүүн Берлинд олигтой байр сууц олсонгүй. Германы өрнөд хэсэгт Маршаллын төлөвлөгөөн дээр тулгуурласан хөгжил өрнөж байхад БНАГУ-д эдийн засгийн хөгжил сааталд орчихоод байв. Дайнд учирсан хохирлын төлөө БНАГУ-аас хэрэг дээрээ Герман орныг дангаараа төлөөлөн ЗСБНХУ-д төлж байсан их хэмжээний нөхөн төлбөр, дорнод хэсэгт бүтэн үлдсэн цөөхөн үйлдвэрийг татан буулгасан, үзэл суртлаар өнгөлөн далдалсан эдийн засгийн балмад үйл ажиллагаа, 1953 оны 6-р сарын 17-нд болсон ард түмний бослогын үр дагавар улс орны эдийн засаг, оюуны амьдралыг дэндүү зогсонги байдалд оруулж, энэ нь их, дээд сургуулиудад онцгой хүндээр тусчээ. Зүүний улс төрийн тогтолцоог өөрсдийнхөө хувьд ямар ч ирээдүйгүй гэж үзсэн олон чадварлаг эрдэмтэд өрнөдөд гарсан ч энэ бүхнийг шинэ тогтолцооны нялхсын өвчин гэж найдсан ч юм уу, ямар боловч эндээ үлдсэн нь бас олон бөгөөд тэдний тоонд П. Рачневский ч орсон билээ.
Берлин дэхь Германы Шинжлэх Ухааны Академи (ГШУА)-ийн Ерөнхийлөгч 1954 оны 12-р сарын 13-нд хэл, утга зохиол, урлагийн салбарынхаа саналаар П. Рачневскийг тус академийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн гишүүнээр томилсон юм.
Дараах жилүүдэд нь тэрээр Берлиний хятад судлалын сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа Alma mater berolinensis (Берлиний Их Сургууль)-ийн хуучны баялаг уламжлалд тулгуурлахыг хичээж байв. П. Рачневский Э. Эркесийн хамт Берлин, Лейпцигийн Их сургуульд мөрдөх сонгодог болон орчин үеийн хятад судлалын сургалтын төлөвлөгөө боловсруулах ажлаа 1957 онд дуусгасан байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил материаллаг хийгээд бусад саадтай тулгарсан нь номын сангуудын хангамж муу, дайны явцад алдагдсан номууд хараахан эргэж нөхөгдөөгүй, Хятадаас шинээр татан авах ажил хангалтгүй байсан зэрэгтэй холбоотой. Мэргэжлийн ном зохиолыг бол ихэвчлэн хувь хүмүүс санаачлагаараа л олж ирдэг байлаа. П. Рачневский Дорнод Азийн номын сан байгуулах ажилд хичээнгүйлэн зүтгэж байв. Оюутны тоо аажмаар нэмэгдсээр атал Дорнод Азийн хүрээлэнд өөрийн гэх хичээлийн байр бараг байсангүй. Түүний ажил, амьдрал хэзээний л ямар ч төлөвлөгөөгүй, урсгалаараа явж ирсэн ч яаж ийгээд л болгочихно. Япон судлалын нэг оюутан П. Рачневскийн төрсөн өдөрт баяр хүргэн ирүүлсэн захидлаас байдал ямар байсны зах зухаас мэдэж болох байх. Тэрээр бичихдээ, “Олон жилийн хөдөлмөрөөрөө та Берлиний Хумбольдтын Их сургуулийн Дорнод Азийн хүрээлэнгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан. Анх өөрийн гэсэн анги танхим, номын сангүй, хичээл нь эмх замбараагүй, сурах сонирхлоос өөр юмгүй хэдхэн оюутантай байсан манай хүрээлэнг өдгөө зөвхөн их сургууль даяараа төдийгүй түүнээс цааш ч мэддэг, хүлээн зөвшөөрдөг болжээ” гэсэн юм.11 Тэр үед элдвийн аюул осол мундахгүй байсан ч хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл хязгааргүй байсан мэт. Гэвч нөхцөл бололцоо үнэндээ муу байснаас заримдаа тун ч эвгүй байдалд ордог байжээ. Жишээ нь, 1955 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас уригдан ирсэн нэг профессор хүрээлэнд бичиг баримт хувилах боломж муу байна хэмээн бөөн гомдол гаргаснаас болж туслах Й. Дилл нь түүнд зэмлэл хүртээсэн байдаг юм. Гэтэл уг хэрэг явдал улс төржин Төрийн нарийн бичгийн дарга нарын газар хүрч, тэндхийн төлөөлөгч нэг удаа П. Рачневскийг дуудан уулзахдаа Диллийг шууд ажлаас нь халахыг шаардав. Тэгэхэд нь П. Рачневский туслахдаа маш их сэтгэл хангалуун байдгаа хэлж, уг шаардлагыг биелүүлэхээс татгалзлаа. Энэ тухай албан тэмдэглэлд, “Энэ ярилцлагын үеэр журмын нөхөр Дилл ямар ч байгууллагын гишүүн бус, тийм учраас улс төрийн зохион байгуулалттай, материалист сэтгэлгээтэй хүмүүсийг ойлгохдоо маруухан хүн болох нь мэдэгдсэн юм”12 гэж бичсэн нь үлджээ.
П. Рачневский 1957 он гэхэд сая нэг Берлинд шилжиж ирсэн нь түүнд шинэ шинэ боломж нээв. Нилээд хэдэн жилийн хойно тэрээр, “1957 онд Берлин рүү шилжин ирж номын сан байгуулсныхаа дараа л би эрдэм шинжилгээний ажилдаа эргэн орох боломжтой боллоо”13 хэмээн бичсэн юм. Ингээд өөрийн хуучин сэдэв болох Хятад дахь Монголын Юань улсын түүхийг судлах ажилд улам шимтэн оржээ. Гэвч П. Рачневскийн гол ажил нь сургалттай уялдсан судалгаа шинжилгээ явуулах байсан батүүний маш өндөр түвшинд боловсруулсан хятад судлалын сургалтын төлөвлөгөөг юуны өмнө багш нар өөрсдөө хэрэгжүүлэх учиртай байлаа. Берлин (Зүүн) дэхь ГШУА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэл, утга зохиол, урлагийн салбарынхаа саналаар 1958 оны 3-р сарын 19-нд П. Рачневскийг Хятад судлалын секцийнхээ гишүүнээр томилов.
Тэр үед Зүүн Германы их, дээд сургуулиудад намын шилдэг боловсон хүчнийг төрийн албанд тавих явдал улам бүр ихсэх хандлагатай болоод байсан юм. Улс төрийн ийм арга хэмжээний хүрээнд П. Рачневскийг Дорнод Азийн хүрээлэнгийн захирлаас нь өөрчилсөн билээ. 1958 оны 4-р сарын 5-нд П. Рачневский өөрийн мэргэжил нэгт чех анд Прүшект, “Тус хүрээлэнг социалист ёсоор өөрчлөн байгуулж, оюутнуудын улс төрийн хүмүүжлийг чухалчилж буйтай холбогдуулан Дорнод Азийн хүрээлэнгийн удирдлагыг доктор Б.-д шилжүүлэн өгөх болно”14 хэмээн мэдэгдэж байв. Хоржоонтой ёжлол, гашуун гоморхол хоёр эдгээр мөрүүдэд сүлжилдэнэ. Берлиний Хумбольдтын Их Сургуулийн ректорын шийдвэрээр түүнийг 1958 оны 4-р сарын 17-нд Дорнод Азийн хүрээлэнгийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дэндүү болхи бүдүүлэг явдал болсон бололтой, 1958 оны 4-р сарын 20-нд П. Рачневский ректортоо захидал бичиж дээрх явдлыг эрс эсэргүүцжээ. Уг захидалдаа тэрээр “ДАХ (Дорнод Азийн хүрээлэн)-гийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж” буй нь түүний өөрийн хүсэл, санаачлагаар болоогүй гэдгийг сануулахыг хүсч байгаагаа дурдаад, “3-р сарын 18-нд Төрийн нарийн бичгийн дарга нарын газарт болсон ярилцлага дээр Хүрээлэнгийн удирдлагын асуудлыг хатагтай Х. (Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын) хөндөж ярьсан юм. Би тэгэхэд нь одоогийн нөхцөл байдалд захирлын үүрэгт ажлаас чөлөөлж буйг, надад үл итгэж тушаал бууруулж байгаа явдал хэмээн үзэхээс өөр аргагүй болж байгаагаа зориуд анхааруулсан билээ”15 гэж бичсэн байв. П. Рачневскийг хүрээлэнгийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь тэр үедээ зүгээр нэг тохиолдлын зүйл гэхээсээ илүү тавиад оны эхээр “ганцаарчилсан гэрээ”-гээр торгоож байсан хөрөнгөтний эрдэмтэд гэгдэгсдийг төрийн удирдах албан тушаалаас улам бүр зайлуулж, оронд нь “ажилчин ангийн боловсон хүчин”-ийг тавьж байсан улс төрийн чиг шугамд нийцсэн арга хэмжээ байлаа. Тэрхүү шинэ боловсон хүчин нь үндсэндээ ажилчин, тариачны гаралтай, БНАГУ-д дээд боловсрол эзэмшсэн, ихэнхдээ намын гишүүн хүмүүс байсан юм. Гэвч энэ нь өнөөгийн тогтсон шалгуураар хувь хүнийхээ тухайд тэд ихэнхдээ мөс чанар муухан, мэдлэг чадвараар дульмагхан хүмүүс байсан гэсэн үг биш. Харин ч тэдний дундаас хожмоо нэр алдраа мандуулсан олон эрдэмтэн мэргэд төрөн гарсан юм. “Хөрөнгөтний” эрдэмтэд урьд өмнө нь санаж сарвайх юмтай, тогтоосон хэлхээ холбоотой байсан нь ч нөлөөлсөн биз, эхэндээ эдийн засгийн, сүүл рүүгээ голдуу улс төрийн шалтгаанаар олноороо БНАГУ-аас гарч явсан нь боловсон хүчний бодлогод нөлөөлөхгүй байж чадаагүй байх. Энэ үйл явцыг бүхэлд нь ойлгоё гэвэл үндсэндээ тал талаас нь цогц байдлаар л авч үзэхээс өөр аргагүй юм. Чингэхдээ “үзэл бодлын зөрүү” нэрийдлээр бас хувь хүмүүс хорон санаагаа гүйцэлдүүлж байсныг анзаарахгүй өнгөрч болохгүй.
П. Рачневскийн хувьд дээрх халаа сэлгээ тийм ч айхавтар юм болоогүйг ГШУА-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр түүнийг 1958 оны 10-р сарын 24-нд тус академийн Дорно Дахины Судлалын Хүрээлэнгийн Хяналтын зөвлөлийн гишүүнээр томилсон, мөн Ази, Африк судлалын Эрдмийн зөвлөлийн гишүүн болгосон (1959 оны 2-р сарын 15-нд) зэрэг нь гэрчилнэ. Гэлээ ч гэсэн гутаан доромжлогдож, бодитой гэх ямар ч үндэслэлгүйгээр албан тушаалаасаа халагдсан гэх бодол санаанаас нь ер гарсангүй. Эрдмийн зөвлөлийн гишүүнээр томилогдсоноор П. Рачневский Дээд боловсрол эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын харьяа “Ази, Африк судлалын ухаан” гэж нэгтгэн томъёолсон мэргэжлийн чиглэлүүдийн Шинжлэх ухааныг хөгжүүлэх стратеги төлөвлөлт хариуцсан хорооны бүрэлдэхүүнд оржээ. Түүнийг орж ирэх үес тус хороо юуны өмнө Ази судлалын чиглэлээр сургах сургалтын шинэ үндсүүдийг боловсруулах ажилд ороод байв. Сургалтын зорилгыг “Азийн улс түмнүүдийн хэл, нийгмийн харилцаа, эдийн засгийн байдал, улс төрийн хөдөлгөөнуудийн талаар мэдлэг олгох”16 хэмээн тодорхойлжээ. Мөн их, дээд сургуульд элсүүлэх бодлогын зарчмуудыг ч тогтоов. Энэ талаар тус Зөвлөлийн 1959 оны 6-р сарын 23-ны өдрийн хуралдааны протоколд дурдахдаа, “Ази, Африкийн олон оронд эмэгтэй төгсөгчдийг ажиллуулахад хүндрэлтэй хэвээр байгаа тул их, дээд сургуульд элсэлт авахдаа эрэгтэй, эмэгтэй оюутны тоог зохистой харьцаанд байлгахад анхаарахыг Зөвлөлийн зүгээс санал болгож байна”17 гэсэн байдаг.
П. Рачневский БНМАУ-ын Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын хорооны урилгаар 1959 оны 9-р сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд оролцсон нь түүний хувьд томоохон үйл явдал болов. Тэр нь ерөөс ийм төрлийн эрдэм шинжилгээний хурлын анхдагч байсан бөгөөд таван жил тутамд хуралдах дараа дараачийн их хурлуудын үндсийг тавьсан юм. Энэ их хурлын зорилго монгол судлалыг хөгжүүлэх гэсэн П. Рачневскийн өөрийнх нь үйл ажиллагааны зорилгод юутай нийцсэнийг тус хорооноос ирүүлсэн урилгад бичсэнээс үзэхэд илэрхий. Түүнд өгүүлэхдээ, тус их хурлын зорилго нь “Монгол судлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монголын хийгээд гадаадын эрдэмтдийн харилцаа холбоог өргөтгөх хүсэлтэй”18 байгаад оршино гэсэн байв. Их хуралд БНСЧСУ, Унгар, АНУ, Канад, Энэтхэг, Англи, ЗСБНХУ, Польш, Румын, Финлянд, Хятад болон бусад орнуудаас мэргэжил нэгт нөхөд нь ирж оролцсон бөгөөд П. Рачневский “Цагаан түүхийн он цагийн асуудалд” сэдвээр илтгэл тавилаа. Тэр үеэр П. Рачневскийд анх удааМонголын эрдэмтдээс монгол судлалын салбарт хийсэн ажилтай танилцах боломж олдсон юм. Аян замын тайландаа тэрээр энэ тухай, “Монголын шинжлэх ухаан хэл, утга зохиолын салбарт ихээхэн ахиц гаргасны зэрэгцээ тэдгээрийг олон нийтийн хүртээл болгох ажил ч бас тун хурдацтай урагшлах болно гэдгийг их хурал харууллаа”19 гэж бичсэн билээ. Хурлын дараа баруун Монгол руу хийсэн хэд хоногийн аялал Монголд анх удаа ирж буй П. Рачневский шиг эрдэмтэн хүнд ямаршуухан ач холбогдолтой зүйл байсан нь ойлгомжтой.
1960-аад оноос аваад, 1964 онд тэтгэвэртээ гарсны дараа ч П. Рачневский монгол судлал ямар байх талаар санаа тавьж эхэлсэн юм. Энэ салбарыг бие даасан мэргэжил болгоход хятад судлалын дайтай хүлээн зөвшөөрөгдөнө гэж үнэндээ санахын хэрэггүй байсан болохоор ингэх нь ч аргагүй биз. Тэрээр өөрийн боловсруулсан “Монгол судлалын мэргэжлийн хэтийн төлөвлөгөө”-ндөө бичихдээ, “1964 онд би насны амралтандаа сууна. Хэрвээ Берлиний Хумбольдтын Их сургууль-д монгол судлал гэсэн мэргэжлийн чиглэлийг унтраачихгүй байя гэвэл түүнийг хожим аваад явах чадвартай залгамж халаагаа сургаж авах явдал зайлшгүй шаардлагатай”20 гэсэн байв. Тэгээд өөрийн шавь Ханс-Пэтер Фийтцег санал болгож, 1963 оны 11-р сарын 15-нд түүний тухай, “Хойч үеийнхэн дотроосоо тус их сургуульд монгол хэлийг бүрэн хэмжээнд төлөөлж чадах хамгийн сайн бэлтгэгдсэн нь тэр хүн. Бас түүний эртний түрк хэлний мэдлэг ч энэ хэрэгт тус дэм болно ...”21 хэмээн бичиж байжээ. Монгол судлалыг яаж тасалдуулчихалгүй шиг хойч үедээ хүргэх вэ гэдэг асуудал хожим хойно ч П. Рачневскийн толгойг гашилгаж байсныг 1962 оны 5-р сард түүний бичсэн нэгэн албан бичиг нотолно. Уг бичигтээ тэрээр, өөрийгөө тэтгэвэрт гарсны дараа профессор Такаширо Кобаяши (Токио)-г хоёр жилийн хугацаагаар томилон ажиллуулахыг санал болгосон байдаг юм. Тэр үеийн БНАГУ-ын нөхцөл байдалд “барууны” орны нэг эрдэмтнийг Зүүн Германы их сургуульд ажиллуулах гэж оролдоно гэдэг эдүгээ төсөөлөхөд хүндхэн санагдаж байна.
1960 оны зун Зөвлөлтийн нийслэл Москва хотод Олон улсын Дорно дахины судлаачдын XXV Их хурал хуралдах боллоо. Тус Их хуралд оролцоно гэдэг тийм ч амаргүй, өдгөө бол ойлгоход бэрх улс төрийн шинжтэй зүйл байв. Их хуралд бэлтгэх БНАГУ-ын үндэсний хороо түүнд оролцох талаар бичгээр ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн оролцуулах, эс оролцуулахыг шийддэг байсан аж. П. Рачневский ч мөн л энэ журмыг дагахаас өөр аргагүй болов. 1960 оны 4-р сарын 28-нд дээрх хороо түүнд, “Олон улсын Дорно дахины судлаачдын XXV Их хуралд бэлтгэх БНАГУ-ын үндэсний хамтарсан хороо мөн оны 4-р сарын 20-ны хуралдаанаараа БНАГУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан тус их хуралд оролцох Таны хүсэлтийг ёсоор болгож, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулахыг зөвлөсөн болно”22 хэмээн туйлын албархагаар мэдэгджээ. Их хурал эхлэхээс өмнө зарим профессорууд, түүний дотор П. Рачневский Баруун Германы мэргэжил нэгт нөхдөө ч Москвагийн Их хуралд хүндрэл багатайхан оруулчихсан гэж мэрийж байлаа. 1959 оны 11-р сарын 11-нд болсон Эрдмийн зөвлөлийн нэгэн хуралдааны үеэр тэд, “Мэдээллийг шуурхай болгох үүднээс Москватай хувиараа холбоо тогтоохыг бид зөвлөж байна. Хувиараа л уригдвал тун сайн байна санж”23 гэсэн зөвлөмж хүртэл гаргаж байв. Хүйтэн дайн шинжлэх ухааны харилцаанд ч (эсвэл бүр тэр тусмаа шинжлэх ухааны харилцаанд гэмээр ч юм уу) ямар айхавтар нөлөөлж байсныг өнөөдөр мартах нь элбэг болж дээ. П. Рачневский 1960 оны 8-р сарын 9-16-ныг хүртэл Москвад болсон Их хуралд оролцож, “Юань улсын үеийн хууль тогтоомжинд монголчуудын нөлөөлсөн тухай” сэдвээр илтгэсэн байна.
Бараг хагас зууны дараа Оросын газар нутаг дээр дахин хөл тавихад П. Рачневский гуайд юу бодогдож байсан бол оо? “Төрөлх эх орон” болох Орос оронтойгоо тэрээр олон арван жил сэтгэл зүрхээрээ холбоотой явжээ. Түүний номын тавиурууд дээр ярайх Оросын зохиолчдын олон бүтээл, орос хэлний талаар түүний ярьж хэлж байсан зүйлүүд энэ бүхний гэрч баримт болно. П. Рачневский бичихдээ, “Орос хэлийг мэдэх нь Дорно дахины судлалд элэгтэй хэн бүхний ёс суртахууны үүрэг мөн. Эрдэм шинжилгээний ажлын чанар түүнийг хэрхэн биелүүлэхээс хамаарна. Ялангуяа өнгөрсөн зууны 30-аад онд орос эрдэмтдийн үндэслэж, бараг зуун жилийн турш Оросын шинжлэх ухааны монополь хэвээр үлдсэн монгол судлалд энэ нь онцгой хамаатай. Ковалевский, Бобровников, Владимирцов нар бол монгол судлалын түүхийн тулгын чулуунууд юм. Зөвлөлтийн эрдэмтэд энэхүү уламжлалыг үргэлжлүүлсэн бөгөөд Зөвлөлтийн эрдэм шинжилгээний төвүүд нь Европ дахь монгол судлалын нэн чухал голомтууд болно... Орос хэлний мэдлэг нь гагцхүү шинжлэх ухаанд хэрэгтэй зүйл биш, бас хүнийг өөрийг нь хөгжүүлдэг. Оросын утга зохиолын эрдэнэсийн сан ямар яруу тансаг болохыг зөвхөн эх хэлээр нь л бүрэн мэдрэх оюун санааны болон гоо сайхны мэдрэмжийн ертөнцийг тэрбээр хүмүүний өмнө нээдэг юм...”24 гэсэн нь бий.
1960 оноос эхлэн П. Рачневский ГШУА-ийн Хятад судлалын салбарыг удирдсан бөгөөд орлогчоор нь профессор С. Бэйрсинг ажиллаж байв. Энэ албан тушаалд түүнийг тавьсан явдал том мэргэжилтэн, их эрдэмтэн П. Рачневскийн хажуугаар тоолгүй өнгөрч болохгүйг зарим хүмүүст аргагүй харуулсан болов уу. Академийн харьяа байгууллагуудад Э. Хэниш мэтийн томоохон эрдэмтэд урьдын адил байсаар байсан нь бас ч зарим нэг боломж олгож байсан байх.
1960 оны 11-р сарын 10-нд П. Рачневский БНАГУ-д зохиогдсон “Ази, Африкийн улс түмнүүдийн үндэсний сэргэлт ба Ази, Африкийн судлалын ухааны зорилтууд” нэртэй бага хуралд оролцлоо. Сэдвийн хувьд ингэтэл нь улс төржүүлэн явцуурсан тэрхүү бага хуралд П. Рачневский чухамхүү “Эртний Хятадын эрх зүйн гол шинжүүд” сэдвээр илтгэсэн нь ямаршуухан далд санаа агуулж байв!
1961 онд П. Рачневский “Орчин үеийн монгол хэл”-ний хичээлийг долоо хоногт 6 цагаар заах үүргийг анх удаа өөрийн туслах Х.-П. Фийтцед өгчээ. Судалгааны ажлынх нь хэтийн төлөвтэй холбогдуулан тэрээр санал болгохдоо, “Хуучин баримталж ирсэн уламжлалт үзлийг эрс өөрчлөн, хэлний бүтцийн шинэ шинэ талуудыг илрүүлж, орчин үеийн аргуудыг хэрэглэх, бүтцийн онцлогуудыг нь тодруулан түүхэн үүднээс тайлбарлах маягаар хэлийг дүрслэхэд судалгааны ажлаа чиглүүлэх хэрэгтэй”25 гэж байв. Шинжлэх ухаан талаасаа бол дээрх асуудал түүний зүрх сэтгэлийг эзэмдээд удаж байлаа. Тиймээс ч А. А. Драгуновын “Орчин үеийн хятад хэлний дүрмийн судалгаа” бүтээлийг БНАГУ-д хэвлүүлэх талаар хөөцөлдсөний дүнд 1960 онд уг ном түүний бичсэн өмнөх үгтэйгээр хэвлэгдэн гарчээ. 1960 оны 2-р сараас эхлэн П. Рачневский мөн Хэл шинжлэлийн ухааны Эрдмийн зөвлөлийн дэргэдэх “Марксист хэл шинжлэлийн ухааны удиртгал” комиссын бүрэлдэхүүнд орон “Хэлний хөгжлийн зүй тогтлууд” сэдвээр ажиллаж байжээ.
1961 оны 8-р сарын 13-нд БНАГУ-ын хилийг хааж, түүнтэй холбогдуулан Берлиний ханыг босгосон явдал П. Рачневскийн амьдралд томоохон эргэлт гаргалаа. Гадагшаа харьцах бүхий л гүүр нуран унасан нь түүнд гэв гэнэт тодорхой болов. 8-р сарын 28-нд тэрээр Эрих Хэништ, “Улс төрийн байдал ийнхүү өөрчлөгдсөний дараа ирэх жил болох хятад судлалын симпозиум яг төлөвлөснийхөө дагуу болж чадах эсэх нь тодорхойгүй байна”26 гэж бичиж байжээ. Нэг жилийн дараа буюу 1962 оны 10-р сарын 20-нд Хэништ нилээд гутранги байдлаар, “Хятад судлалыг хөгжүүлэх талаарх таны санаа миний дотроо бодож явдагтай яв цав нийцэж буй. Сонгодог хятад судлал манайд одоо мөхлийн шатандаа ороод байгаа ... Хичээлийг ердөө хэлмэрч нар бэлтгэхэд л чиглүүлж байна. Гэтэл ирэх жилүүдэд хятад судлалын чиглэлээр огт оюутан элсүүлэхгүй гэнэ. Миний шавь нарын заримаас эрдэм шинжилгээний бүтээл гарах болов уу гэж горьдох юм. Тэд Юань улсын түүхэн толь бичиг дээр ажиллаж байна. Гэхдээ энэ нь хир удах юм бол доо? Салбарын хурлын протоколуудаас та намайг салбарын эрхлэгчийн ажлаа өгчихөөд байгааг минь мэдсэн байх. Учир нь гэвэл, хятад судлалын нэг дорвитойхон газартай болчих гэсэн миний бүхий л хичээл зүтгэл ямар ч нэмэргүй гэдэгт би итгэх болсон” гэхчилэн бичсэн байх юм. Юм юмаар гачигдаж дутагдаж явсан сүүлийн жилүүдийнх нь хамаг хичээл зүтгэл талаар өнгөрөх шиг болсонд П. Рачневский гомдолтой байлаа. Амьдрал нь байнгын гачигдал зовлон, урам хугарах гэдэг гүн гүнзгий эргэлтээр дүүрэн байсан П. Рачневскийн тэр нөхцөл байдалд хэрхэн туссан бол гэдгийг өөр дээрээ нэг тавиад үзье. Хичнээн унаж туслаа ч тэрээр ямагт урагш тэмүүлдэг нэгэн байсан боловч хэзээ нэг цагт хүмүүний тэвчээр барагдаж, бас сонирхол ч үгүй болдог аж...
П. Рачневский эргэн тойрондоо эмзэглэдэг болж эхэллээ. “Библиографишес Институт” хэвлэлийн газраас нэгэн нэвтэрхий толь гаргахад П. Рачневский хамтран ажилласан юм. Гэтэл түүний өгсөн гар бичмэлийг бөөн бөөнөөр нь танаж засвар оруулсан байх тул уг хэвлэлийн газарт хандан, “Миний боловсруулсан түлхүүр үгүүдийг хэтэрхий өөрчилсөн учраас би ямар ч хариуцлага хүлээх аргагүй боллоо. “Монгол хэлнүүд” бүлэгт ямар ч үндэсгүй онолууд орсон байна. Ийм нөхцөлд уг нэвтэрхий толь зохиоход оролцсон хүмүүсийн жагсаалтад миний нэрийг оруулах шаардлагагүй гэж үзэж байна”27 гэж бичжээ.
БНАГУ-ын Дээд, Тусгай Мэргэжлийн Дунд Боловсролын Төрийн нарийн бичгийн дарга профессор, доктор Гиессманн 1964 оны 9-р сарын 1-нд П. Рачневскийг “Хятад болон Монгол судлалын Тэнхимийн профессорын ажил үүрэг”-ээс чөлөөлөв. Төрийн нарийн бичгийн даргын албан бичигт, “Берлиний Хумбольдтын Их Сургуульд Тэнхимийн профессороор ажилласан олон жилийн хөдөлмөрөөрөө Та талийгаач профессор Эркесийн эхлүүлсэн залуу хятадачдыг сургах ажлыг үргэлжлүүлэн өргөтгөсөн билээ. Та эрхэлсэн ажлынхаа хариуцлагыг гүнээ ухамсарлаж манай оюутнуудыг ямагт шинжлэх ухаанд шаргуу зүтгэх үзлээр хүмүүжүүлэн, хятад судлалын хүрээнд хэл, түүхийн асуудлыг шинжлэх ухааны үүднээс нягт нямбай судлахыг зааж сургаж ирэв... Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын анхны залуу монголчид гарч ирсэн нь Таны ач гавьяа юм. Таны энэхүү зүтгэлийг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улстай тогтоосон найрсаг харилцааны талаас нь үнэлэх учиртай... ”28 гэжээ. Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг үзэхүл ердийн л нэг тэтгэвэртээ гарч буй хүнд зориулсан мэт сэтгэгдэл төрнө. Уул хүнийхээ насыг бодвол тэр нь ч бас үнэн байсан. Гэтэл П. Рачневский тухайн цагтаа өөрийнхөө байгуулсан хүрээлэнгээс хэрэг дээрээ улам бүр шахагдсаар байжээ. Тэр үед П. Рачневский мэтийн “хөрөнгөтний” эрдэмтэдтэй өнөөгийнхөөр бол чухам л зүүний радикал гэмээр хэв маягаар харьцдаг байсан цаг. Херманн Кантын “Ди Аула” (“Сургуулийн их танхим”) роман энэ цаг үеийн талаар ямар нэг төсөөлөл өгдөг. Харин тэр болгоныг улс төрийн том бодлого байсан гэж үзэх албагүй, намын уриаг өөрийн ахиж дэвшихэд овжноор ашиглаж чаддаг хүмүүс бас байсан юм.
1964 онд П. Рачневский Лейпциг хотын Карл Марксын Их Сургуулийн Эрдэм шинжилгээний сэтгүүлд “Уламжлалт латин хэлний дүрэм хятад хэлний дүрмийн тогтолцооноос түрүүлж яваа гэж үү - хариу өчил” нэртэй өгүүллээ нийтлүүлэв. Энэхүү өгүүллийг Лейпцигийн хятадач М. Пиасекийн29 нэгэн нийтлэлд хариу болгож бичсэнээр ихээхэн хэл ам дэгдсэн нь санамсаргүй зүйл биш. Урьд нь П. Рачневский 1955 онд Лейпцигт болсон Дорнод Азийн нэгэн хуралдаан дээр хятад хэлний дүрэм гэж ер нь байна уу, үгүй юү гэсэн маргаантай асуудлаар илтгэл тавьсан байжээ. Пиасек тэрхүү илтгэлийн санааг шүүрч аваад субъектив маягийн тайлбар хийсэн нь “орчин үеийн хятад хэлний дүрмийн тогтолцоог судлан тодорхойлох арга зүйн хувьд оновчтой арга зам хайх гэсэн асуудлын уг гол санааг”30 оносонгүй. Пиасекийн мэдлэг чадвар маруухан гэдгийг мэдэх хүн хятад судлаачдын дунд цөөнгүй байсан ч П. Рачневскийн санаа өөрийг нь улс төрийн талаар үл таашаагчдын хувьд гал дээр тос нэмсэн хэрэг боллоо. Ийнхүү П. Рачневский үе үе улс төрийн хурцхан үг хэллэг хэрэглэсэн нь гайхах зүйл биш. Тэрээр бичихдээ, “өөрийнх нь үзэл бодлоос зөрсөн эрдэмтдийг “харгис идеалистууд” гэх мэтээр нэрлэдэг муу зуршил доктор Пиасект байна” гээд үүнтэй холбогдуулан Ф. Энгельсээс иш татаж, “Догматизм (үхширсэн үзэл баримтлал) гэдэг бол одоо байгаа онолуудад мухар сохроор итгэнэ гэсэн үг... Догматизм одоо байгаа онолуудад шүүмжлэлтэй хандан шалгаж үзэх, тэдгээрийг шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөхийг хүсдэггүй юм. Догматизмыг баримтална гэдэг шинжлэх ухаанаас шууд ухарч буй хэрэг мөн... ”31 гэсэн байв. Догматизмыг баримталж байна гэсэн зэмлэл 60-аад оны намын гишүүдийн хувьд юу гэсэн үг болохыг өнөөгийн бидэнд мэдэх юм бараг алга. Энэ нь голлох үзэл баримтлалаас хазайсан гэсэн хардалтанд хүргэх байсан тул нилээд ноцтой зэмлэлийн тоонд орж байжээ. Ингэснээрээ П. Рачневский өөрийгөө үл таашаагчдад өөрийн гэсэн үндэслэлүүд гарган цохилт өгсөн хэрэг байв. П. Рачневскийтай шууд зөрчилдөж болохгүй нь гэдгийг мэдмэгцээ (тэтгэвэртээ гарсан, БНАГУ-ын иргэн биш байсан зэрэг нь гавьтай шалтгаан болсонгүй) түүний хамгийн ойр дотны ажилтан болох Й. Диллээр “оролдож” эхэлжээ.
П. Рачневский нилээд олон жилийн өмнө Диллийг их сургуулийн галын шугамнаас гаргаж, академид шилжүүлээд байсан юм. Тэнд Дилл “Манай тооллын 1-33 онд Хятадад гарсан ‘нийтийн хэв журам’-ыг зөрчсөн хөдөлгөөний шинж чанар, зохион байгуулалтын судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг горилсон зохиол бичиж, мөн Д. Хайдегийн хамт П. Рачневскийгаар удирдуулан “Юань улсын түүхийн нэр томъёоны толь” дээр ажиллаж байлаа. Диллийг 1965 оны 12-р сарын 17-ны өдөр Хумбольдтын Их Сургуулийн Дорнод Азийн хүрээлэнд эрдмийн зэрэг горилсон зохиолоо хамгаалахад нь П. Рачневский Эрдмийн зэрэг олгох комиссыг толгойлж байв. Гэвч уг хамгаалалт ялангуяа С. Бэйрсинг, В. Рүбен хоёр профессорын зүгээс өдөөсөн улс төрийн маргаан болж хувирсан бөгөөд тэр нь сүүлдээ бүр ч хурцдаж, П. Рачневский хамгаалалтын ид дундуур “Энд хоёр янзын хэмжүүр байгаа юм байна!” гэж хэлээд комиссын даргаасаа татгалзахад хүрлээ. Бэйрсинг, Рүбен нар зэрэг горилогчийг “намч чанар” дутаж байна гэж зэмлээд, түүнийгээ уг зохиолд “мөлжлөг, дарлал” гэсэн үгүүд гарахгүй байгаагаар тайлбарлацгаав. Дөрвөн цаг үргэлжилсний дараа хамгаалах ажиллагааг “дуусаагүй” гэж үзэн хаагаад, хоёр дахь, нээлттэй бус хамгаалалтын хугацааг 1966 оны 11-р сарын 2-ноор тогтоожээ. Профессор Бэйрсинг, Рүбен нар П. Рачневскийг хоёр дахь “хамгаалалт” дээр байлцахыг шаардсан байна. Гэвч тэрээр татгалзаж буйгаа бичгээр мэдэгдэж, түүндээ “Ноён Диллийн бичсэн ‘... шинж чанар, зохион байгуулалтын судалгаа’ эрдмийн зэрэг горилсон зохиолын нээлттэй хамгаалалтын ажиллагааг би бээр шаардлага хангасан гэж үзэж буйгаа протоколд тэмдэглүүлсэн байгаа. Тийм учраас нээлттэй явуулсан уг хамгаалалтын ‘үргэлжлэл’-д (?) оролцох ямар шалтгаан байгааг би олж харахгүй байна”32 гэж бичсэн байлаа. Энэ хооронд Бэйрсинг хөшигний араар Диллийн зохиолд шинжээчийн дүгнэлт өгөхдөө хэдэн шатаар бууруулсан үнэлгээ өгч, хамгаалалтын үеэр түүнийг гүн ухааны аман шалгалт дээр унагаах төлөвлөгөө боловсруулаад байв. Уг төлөвлөгөө хэрэгжээгүй нь Диллийн тэр үеийн албан ажлынх нь дарга, хуучны коммунист Э. Виркнерийн ач нөлөө байлаа. Гэвч энэ явдлаас хойш хоёр жилийн дараа л Дилл Дорнод Азийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга эмэгтэйгээс докторын гэрчилгээгээ гардан авчээ. Диллд авсан арга хэмжээний хугацаа дуусаны дараа П. Рачневский түүнд бичихдээ, “... арга хэмжээ одоо ингээд дууссанд би баяртай байна. үүнтэй холбоотой сэтгэл санааны дарамтнаас таныг гарсан байх гэж найдна. Профессор Бейрсинг таны эрдмийн зэрэг горилсон зохиолын дүнг magna cum laude-гаас rite болгон бууруулсан байсныг та мэддэг болов уу. Хүний дүнг сүүлд нь засварласан байсныг зөөлнөөр хэлэхэд хууль зөрчсөн, бусармаг үйлдэл гэж үзсэн учраас би тухайн үедээ протоколд гарын үсэг зураагүй юм... Хожим докторуудын нэрсийн жагсаалтаас үзэхэд Бейрсинг дүнгээ “сайн” cum laude болгон өөрчилсөн байна лээ. Байдал нэгэнт ийм болсон тул энэ хэрэг явдлыг дахин сөхөх хэрэггүй биз ээ. Танд авсан арга хэмжээ анхнаасаа эцсээ хүртэл ичгүүртэй явдал байсан... ”33 гэжээ.
Хэдийгээр Дилл улс төрийн хорон явуулгын золиос болсон ч уг цаад санаа нь П. Рачневскийд чиглэсэн байлаа. ¯үнд тэрээр ихэд эгдүүцэж зохих хариу барьсан юм. П. Рачневскийн хувьд энэ нь юуны өмнө ямар ч ажил үүрэг гүйцэтгэхгүй байх, бүхнийг дотроо хадгалан номын ертөнцдөө эргэн ирэх гэсэн үг байв. Энэ үед П. Рачневский өөрийнхөө бүтээлүүдийг нийтлүүлэх ажлаа эрчимжүүлж эхэлсэн юм. Хятадад монголчуудын байгуулсан Юань улс, түүхэн бие хүн болох Чингис хаан түүний гол сэдвүүд байлаа. 1983 онд Виесбадень хотноо “Чингис хаан, түүний амьдрал, үйл ажиллагаа” ном хэвлэгдэн гарав. Сонин хувь заяатай номуудын тоонд энэ ном орно. П. Рачневский гар бичмэлээ БНАГУ-ын хэвлэлийн газруудад өгөх гэж олон жилийн турш оролдоод ямар ч амжилт олсонгүй. Алдарт Берлиний Академийн хэвлэлийн газар хүртэл зүүлт тайлбар их байна гээд аваагүй аж. Мюнхений хятадач Х. Франке, В. Бауэр нарын цуцалтгүй хөөцөлдөлгөөний дүнд л уг ном 1983 онд “Мюнхений Дорнод Азийн эрдэм шинжилгээний цуврал”-аар хэвлэгдэн гарах боломж олдов. Германы Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг (ГЭШН) хэвлүүлэх зардлыг даалцсан нь ч бас Франкегийн хичээл зүтгэлийн ач бөгөөд тэр нь БНАГУ-ын гар бичмэлийн хувьд шинэ зүйл байлаа. Энэ хооронд уг бүтээлийг Т. Хэйнинг маш сайн орчуулж, Лондоны нэр хүндтэй Бэйсиль Блэкуэлл хэвлэлийн газарт хэвлүүлснээр уг бүтээл англи хэлээрх номын зах зээлд ч дэлгэрсэн байна.
1985 онд П. Рачневский “Un Code des Үuan”-ынхаа дөрөв дэхь ботийг Парист гаргав. Х. Франке 1985 оны 10-р сарын 17-ны өдөр П. Рачневскийд ихэд баяр хөөртэйгөөр, “Mille mercis et mes felicitations d’avoir acheve la traduction du Code des Үuan (“Юаны хууль цаазыг орчуулж дуусгасанд тань мянгантаа баярлаж, түмэнтээ талархаж байна”) өнөө орой би гэртээ иртэл tome quatrieme (Дөрөвдүгээр боть) байж байхыг үзээд хичнээн их баярласан гээ. 1937 онд анхных нь боть гарсан гээд бодоход өдгөө бараг хагас зууны дараа та энэхүү magnum opus-ыг дуусгажээ. Таны энэ томоохон бүтээлийг бид бүгдээрээ бахдан биширч байна. Юань-Тинь-чаныг нэг удаа ч болов нарийн уншиж судалсан хүн л түүний ямаршуу хүнд хэцүү болохыг багцаалах буй за. “Un Code des Үuan”-ыг бичсэнээрээ та Хятадын хууль цаазын түүхэнд, бас бид бүгдэд monumentum aere perennius (“Хүрэлээс ч бат хөшөө дурсгал”)-аар бэлэг барив”34 гэж бичсэн байлаа.
Нас дээр гарч, шинжлэх ухааны ертөнцөөс улам улмаар хөндийрөх болсон хойноо ч П. Рачневский ажилласаар байв. Монголын их хаадын нэг Хубилай хаан түүний сэтгэлийг татаж эхэллээ. Өмнө нь Юань гүрнийг судалж байх явцад Хубилай хаан түүнийг “дагалдан явдаг” байсан бол одоо Хубилайн намтрыг бичихээр П. Рачневский зориг шулууджээ. Гэвч түүний гар бичмэл нь намтарчилсан томоохон бүтээл гэхээсээ илүү бичил ном маягийн юм болов. П. Рачневскийн чадал тэнхээ аажим аажмаар барагдаж, ажиллах цаг нь улам саарсаар байлаа.
П. Рачневский 1991 оны 12-р сарын 22-нд Берлин хотноо нас нөгчив. Тэрээр хэл шинжлэлийн баримжаатай Дорно дахины судлалын сүүлчийн томоохон төлөөлөгчдийн нэг байлаа. Түүний эрдэм шинжилгээний ажлуудыг мэргэжлийн хүрээнд өндөр үнэлдэг бөгөөд зохиол бүтээл нь хятад хийгээд монгол судлалын сайн гэх аливаа ном зүй, номын сангийн сан хөмрөгийн бүрэлдэхүүнд ямагт багтаж байх болно.
Хуучин БНАГУ-д монгол болон хятад судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан П. Рачневскийн гавъяаг мартахын аргагүй юм. Гэвч явж явж Германы ард түмэн эргэн нэгдсэний дараа дорно дахиныг судлаач энэ их эрдэмтний насан туршийн үйлс болсон Берлиний Хумбольдтын Их сургуулийн монгол судлал ямар ч авьяас, чадваргүй хүмүүсийн гараар, гагцхүү хөрөнгө мөнгө хэмнэхэд чиглэсэн шинжлэх ухааны бодлого болон их сургуулийн засаг захиргааны золиос болох аюул нүүрлээд байгаа нь түүхийн эмгэнэл мөн.
(1994)
Post Scriptum: Зүүн Герман дахь цаашдын хөгжил олон асуултын тэмдэгтэй байсан 1994 онд би Паул Рачневский багшийн тухай нийтлэл бичсэн. Үүнээс хойш Зүүн Германд олон зүйл хэрэгжиж, сайжирсан. Ерөнхийдөө Герман улс бол хэлсэндээ хүрдэг улс юм.
Гэхдээ Монгол судлал ээдрээтэй байдалтай хэвээр байна. Энэ нь бие даасан шинжлэх ухааны салбар шиг оршин тогтнох нөхцөлгүй болсон. Үүний олон шалтгаан бий. Хамгийн чухал зүйл бол Монгол судлал нь Монгол улстай нэгэн адил Герман улсад улс төрийн лобби байхгүй.
2021 оны 1-сарт “Neue Zürcher Zeitung” сонинд мэдээлснээр Герман, Монгол нь өндөр түвшний түншлэлтэй боловч хөгжлийн ямар ч хамтын ажиллагаа байхаа больжээ. Монгол улс цар тахлын улмаас туйлын хүнд байдалд байгаа энэ үед Герман улсад ийм шийдвэр гарчээ. Сайн сайхан үед биш, хүнд хэцүү үед жинхэнэ түншийн мөн чанар танигддаг гэж хэлдэг биз дээ? Тэгвэл бодооштой юм бий биз дээ?
2021.01.25 Удо Б. Баркманн
Ашигласан материал
1 Тус өгүүлэл өмнө нь Аsien, Afrika, Lateinamerika, 1994, vol. 22, 595-617-р талд хэвлэгдсэн.
2 Рашид ад-Дин: Сборник летописей, I/1/2. Москва-Ленинград 1952; II, Москва-Ленинград 1960.
3 Lebenslauf. Nachlass P. Ratchnewsky, Stiftung Preussischer Kulturbesitz.
4Privatarchiv U. B. Barkmann.
5 Einleitende Ansprache von Prof. E. Haenisch, Tagung Deutscher Sinologen, Bad Pyrmont, 26.10.-29.10.1949. Maschinenschriftliches Manuskript.
6 Schreiben des Staatssekretärs für Hochschulwesen der DDR, Prof. Dr. G. Harig, an P. Ratchnevsky vom 19.02.1952. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
7 Brief des Dekans der Philosophischen Fakultät der Berliner Universität an E. Haenisch vom 30.11.1945. Personalakte E. Haenisch, Archiv der Humboldt-Universität zu Berlin.
8 U. B. Barkmann: Mongol Studies in Germany. On the history of Mongolian Studies at Berlin Humboldt University. In: Bulletin. The IAMS News Information on Mongol Studies, 1992, No. 1, 2 (9, 10). Especial issue: World Mongol Studies. Ulaanbaatar 1992, 53-61-р тал.
9 W. Ulbricht: Der Friedensvertrag und das nationale Selbstbestimmungsrecht des deutschen Volkes. Rede an der Humboldt-Universität zu Berlin am 03.05.1952. In: Zur Geschichte der deutschen Arbeiterbewegung. Berlin 1958, 301-339 -р тал.
10 P. Ratchnevsky, Mongolistik in der DDR. Berlin. 19.05.1969. (1 maschinenschriftliches Blatt). Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
11 Glückwunschschreiben von E. Klien, 2. Sekretдr der SED-Parteileitung Asien- und Afrikawissenschaften, Januar 1960. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
12 Privatarchiv J. Dill.
13 Lebenslauf. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
14 Brief P. Ratchnevsky an Prusek vom 05.04.1958. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
15 Brief P. Ratchnevsky an den Rektor der Humboldt-Universitдt zu Berlin vom 20.04.1958. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
16 Ergebnis der Beratung mit Vertretern der Fachrichtungen des Vorderen Orients, die zum Ziel hatte, die Aufnahme der Beiratsarbeit auf diesem Gebiet vorzubereiten. Protokoll vom 07.01.1952. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
17 Protokoll der Sitzung des Wissenschaftlichen Beirats für Asien- und Afrikawissenschaften in Berlin am 23.06.1959. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
18 Einladung des Komitees für Wissenschaft und Hochschulbildung der MVR zum 1. Mongolistenkongress.
19 Reisebericht von P. Ratchnevsky über die Teilnahme am 1. Mongolistenkongress an die Deutsche Akademie der Wissenschaften, Büro fьr gesamtdeutsche und Auslandsbeziehungen vom 17.10.1994. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
20 Schreiben P. Ratchnevsky vom 18.03.1960. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
21 Fachliche Bewertung von H.-P. Vietze vom 15.11.1963. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
22 Brief des Nationalen Vorbereitungskomitees der DDR zum XXV. Internationalen Orientalistenkongress vom 28.04.1960. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
23 Protokoll der Sitzung des Wissenschaftlichen Beirats für Asien- und Afrikawissenschaften beim Staatssekretariat für Hoch- und Fachschulwesen vom 11.11.1959. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
24 Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
25 Schreiben P. Ratchnevsky vom Mai 1962. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
26 Brief P. Ratchnevsky an E. Haenisch vom 29.10.1961. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
27 Brief P. Ratchnevsky an E. Haenisch vom 28.08.1962. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
28 Schreiben des Staatssekretariats fьr das Hoch- und Fachschulwesen der DDR an P. Ratchnevsky vom 27.04.1964. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
29 M. Piasek: Ist das Vorbild der lateinischen Grammatik für die grammatische Darstellung der chinesischen Sprache überholt? In: Wissenschaftliche Zeitschrift der Karl-Marx-Universität Leipzig, 13. Jahrgang 1961, Gesellschafts- und Sprachwissenschaftliche Reihe, Heft 4, 603-615-р тал.
30 E. Heyn, M. Reinhardt: Chinesische Grammatik und lateinische Terminologie. In: Wissenschaftliche Zeitschrift der Karl-Marx-Universitдt Leipzig, 13. Jahrgang 1964, Gesellschafts- und Sprachwissenschaftliche Reihe, Heft 1, 120 -р тал.
31 P. Ratchnevsky: Ist das Vorbild der lateinischen Grammatik für die grammatische Darstellung der chinesischen Sprache überholt – Eine Entgegnung. In: Wissenschaftliche Zeitschrift der Karl-Marx-Universität Leipzig, 13. Jahrgang 1961, Gesellschafts- und Sprachwissenschaftliche Reihe, Heft 1, 119-р тал.
32 Privatarchiv J. Dill.
33 Brief P. Ratchnevsky an J. Dill vom 31.01.1967. Privatarchiv J. Dill.
34 Уг латин хэлэлгэдээ хүрэл биш ”зэс” гэдэг үгийг хэрэглэсэн байдаг. Brief H. Franke an P. Ratchnevsky vom 17.10.1985. Nachlass P. Ratchnevsky, Preussischer Kulturbesitz.
MONOGOLIA MARIA
Чагнаадорж
Барби
Зочин
Т.Болдгэрэл