Ард түмний өмч-уурхайгаар 30 гэр бүл хагартлаа баяжаад ханасангүй цааш эх орныг минь юу ч үгүй цөлмөөд гэр бүл ах дүү хамаатан садангаараа гадаадад гарч тансаглах гэнэ. Ингэж ухуулдаг. Ухуулгыг би зөв ойлгосон байгаа биз. Энэ ойлготоороо би сүүлийн сонгуулиудад саналаа өгсөн. Би пиарчдын бүтээгдэхүүн болжээ. 30 гэр бүлийг би үзэн яддаг. Гэхдээ 30 гэр бүлийн 200-300 хүний толгойг тасалж овоолоод тойрч бүжиглэе гэх улс төрийн тоймч Гантулгын уриалгыг арай дэмжээгүй. Ер нь дөхсөн дөө. Голомт самарч буй новшнуудыг эх орондоо хайртай хэн ч үзэн ядна. Гантулга тоймчтой дуу хоолойгоо нийлүүлэхэд надад юу саад болсон бэ гэвэл ардчилалтай оронд алан хядахыг уриалах үндсэн хуулиараа хориглосон байдаг. Зохиол бичихдээ үүнийг баримталдаг. Манайд алан хядахыг уриалсан тоймчид хариуцлага тооцох байтугай массын уур амьсгал түүнийг улам нэрд гаргахыг хараад “дэмждэг байж” хэмээн өнгөрсөн хойно амаа барьж билээ. Өдгөө иргэн би юу эсийг сонсож, юу эсийг үзэж, юунд итгэж, ямар сонголт хийхэд хүрэв? Нэг мэдэхнээ ийм л иргэн болчихож. “Би” гэх хар толгойнхоо өмнөөс харанхуй гавлынхаа хэмжээгээр ярихаас, “ард түмэн” гэж гурван сая хүний нэр барьж бурдаг бөх зүрх бүдүүн гэдэс надад заяасангүй.

Аймшигт 30 гэр бүлтэй тэмцэх төрийн өндөрлөгийн салхийг дагуулаад УИХ-ын гишүүн Л.Энхболд нөгөө 30-ийн нэг-ажнай Д.Бат-Эрдэнийн хулгайг уудалж эхлэв. Салхи ширүүсч буйг анзаарч далимдуулсан нь залуу гишүүн гэхэд овжин л хөдөлж. Тэгтэл бас ноён оргилын нөөлгийг дагуулан Ажнайд “Тавантолгой” ХК-ийнхаа хамаг хувьцааг луйвардуулсан К.Д.Романовский гэгч орос ах “Шүүгчтэй нийлээд хамаг хөрөнгийг минь дээрэмдчихлээ Ерөнхийлөгч өө” хэмээн 10 жилийн дараа хувийн захидлаар аврал гуйж хадамслаа. Ялзарсан шүүгчид ба АТГ-ын даргыг хийсгэх шуургыг орос ухаанаар Романовский давхар тооцжээ. Л.Энхболд гишүүн, К.Д.Романановский хоёрын давшилт фронтын галын шугам дээр найрамдал-дружбагаар золгож, ямар ч атугай Ажнайн хувьд хүч хавсарлаа. Тэр хоёрыг Ерөнхийлөгч дэмжвэл аймшигт гучаас нэг нь тугдайх аж. Гэвч бүх хүүхдэд 20 мянгийг өгөхөөр өргөн барьсан хуулиндаа аюулт 30 гэр бүлийн хүүхдийг ялгаагүй нь дээрх хоёрыг дэмжинэ гэдэгт эргэлзээ төрүүлж буй. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх шүүгчдийг халаад тэдний суудалд Ерөнхийлөгч Х.Баттулга үзэл нэгт шүүгчдээ томилбол К.Д.Романовский бат ялахаа нуусангүй. Ажнайг зайлуулах хэрүүлийн манан буданд төөрч явахад Романовский хууль зөрцсөн шийдвэр шүүхээр хүч түрж гаргуулаад 50-60 жил говьчуудыг тэжээж буй орон нутгийн “Тавантолгой”-г шүүрчихвэл Л.Энхболд гишүүн Та “ялах” юм уу? “Тавантолгой” ХК Ажнай нараас орос ахад шилжвэл шалгарсан эх оронч пиарчдын урианд илбэдүүлсэн масс алга нижигнүүлэх нь мэдээж. Үүнд гайхах монгол үлдсэн юм уу? “Тавантолгой” ХК-ийн 49 хувийг эзэмшдэг хэдэн муу өмнө говьчуудаас орос ахаа илүүд үзэх сурталд чанагдсан ард түмэн билээ бид чинь. Коммунизмын боол явсан монголчууд эдүгээ пиарчдын тоглоом болжээ. 

Л.Энхболд гишүүний чимхэж авсан “Тавантолгой” ХК-ийн хулгай луйвруудыг сийрүүлье: 268 мянган тонн нүүрс хулгайлсан, БНХАУ-ын компанид бүхэл бүтэн мөргөцөг далдуур зарсан, нууц гэрээ хийсэн, хулгайн нүүрсний орлогоо завшсан гэх Л.Энхболд гишүүний сүржиглэлийг цацахаар сонин телевиз цахимууд уралдаж гарав. “Газрын баялаг ард түмний өмч” тугийн дор гишүүний өрнүүлсэн тэмцлийг харин “Эдэнэс тавантолгой”, “Тавантолгой” компаний төлөөллүүд, сэтгүүлчид үгүйсгэв. Хэн хэн үгүйсгэв гэвэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологи уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатар, “Тавантолгой” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал асан Р.Зоригтбаатар, тус компаний хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Б.Алтангэрэл, ахлах инженер З.Эрдэнэбаяр. ерөнхий инженер П.Мөнхтуул, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нар болон өмнийн говьд ажилласан сэтгүүлчдийн баг. Гэвч тэднийг цөм худал ярилаа гэж төрийн түшээ Л.Энхболд хилэгнэв. Худал ярьсан нь хулгай хийсний илрэл гэж гүрийсэн эрхэм гишүүн маань цэнхэр дэлгэцээр сэтгүүлчийн асуултад ороогдож эх оронч царайгаа улалзуулав. Болж өгвөл бүгдийг ерөнхий сайд аснуудын араас золигт гаргах эх оронч омогшил түшээд бадарч буй янзтай. 

Төрсөн говийнхоо ашигт малтмалын талбайд зэрэгцэн ажиллаж буй хоёр монгол компанийг зодолдуулахаар хооронд нь 268 мянган тонн нүүрс гэх “яс” хаятал говь шигээ цэлгэр, уртын дуу шигээ уужуу зантай нөгөөдүүл нь муудалцах байтугай үүссэн бэрхшээлээ “хамтын ажиллагааны гэрээ”-гээр болох бүтэх талаас нь зохицуулаад төвхнөж буйгаа тайлбарлаж гомдох янзтай. “Тавантолгой” 1966, “Эрдэнэс тавантолгой” 2011 оноос олборлолтоо эхэлжээ. Тусгай зөвшөөрлийн задгай хэсэг цэгцрээгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н том талбайн голд “Тавантолгой”-н 169 га оршдог тул 2016 онд инженер маркшейдерийн баг гаргаж, хил давсан эсэхийг тогтоож, хэтэрсэн байвал тэр газраас нь дээж авч шинжлүүлээд коксжих ба эрчим хүчний нүүрсийг тогтоож эхэлжээ. Үр дүнд нь 268 мянган тонн нүүрсний яриа гарсан аж. Энэ 268 мянган тонн нүүрсийг 2017 онд олборлоогүй, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа эхлэхээс өмнө олон жилийн турш зам талбай засах явцад хөрс хуулалтад өртсөн нүүрсийг тооцоод гаргасан дүн юмсанж. 268 мянган тонныгоо аудитаар шалгуулж, ямар ч маргаангүй хэмээн дүгнүүлж ойлголцсон байна. “Эрдэнэс тавантолгой” компани үүсэхээс өмнө тусгай зөвшөөрлийн хил давсан гээд буйтай тэнцэх хэмжээний нүүрсийг “Тавантолгой” компани дөрөвдүгээр уурхайн хойд хэсэгт үлдээж өгсөн. Үүнийг яагаад дурсахгүй байна?

Мөргөцөг хулгайлах боломжгүй. Тэнд гаалийн хяналтын бүс байсан. Тал бүрээсээ камертай төрийн хяналтын байгууллагууд ажиллаж буй талбайгаас бүхэл бүтэн мөргөцөг зөөх үү? Борлуулалтын орлого нь компаний дансанд орж, түүнээсээ улсад татвараа төлсөн санхүүгийн баримт бий гэнэ. Хятадын компанид мөргөцөг зарсан гэх гүтгэлгийн тухайд гэвэл санхүүгийн боломжтой нь мөнгөө байршуулж гэрээгээ хийгээд нүүрсээ авдаг зах зээлийн зарчим үйлчилдэг. Хаа ч үйлчилдэг эл зарчимаар ажиллажээ. 

“Тавантолгой” ХК өнгөрсөн жил татварт нийт 184 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Эл компани улсад, аймагт, орон нутагт гээд гурван татвар төлдөг. Цогцэций сумын төсвийн 90 хувийг, аймагтаа 51 хувийн ногдол ашиг өгдөг. Мөн агаарын бохирдлын татвар гэж нэг тонн нүүрс тутмаас 1000 төгрөг улсын татварт тушаадаг. Бохирдож буй агаар энэ нутгийнх атал төлсөн татвар улсын төсөв рүү шингээд УИХ-ын танхимд заларч буй Л.Энхболд гишүүн нарын булаацалддаг бузар мөнгө болдог. Харин “Тавантолгой” ХК-ийн уурхайчид 2017 онд 141 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад удахгүй хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж ногдол ашгаа хуваарилах юм байна. Ногдол ашиг тараадаг компани Монголд хэд билээ эрхэм гишүүн Л.Энхболд гуай.

Ил тод мэдээжийн асуудлыг илэрхий мушгин гуйвуулж өндөр авахуулах зорилготой хэрүүлийг алсаас нууцаар залж буй эзэн хаанахын хэн бэ? Аймшигт 30 гэр бүл нарийн төмөр замаар ороод ирэх танк их буунаас ч аюултай. Оджаргалын босгосон бүтээн байгуулалт бол түүний хөрөнгө бус газрын баялаг гэж З.Энхболд айлдсан. Энэ айлдварын бэх хатаагүй байгаа. Газрын баялаг ард түмнийх учраас Оджаргалын гэх “юм”-ыг ард түмэн булаахад хуульгүй гэсэн үг үү? Ажилсаг сортоотой хэсэг баяжив. Компани групптэй боссууд дунд хулгайч цөөнгүй. Гэхдээ бүгд тийм биш. Монголчууд дундаас өнгөтэй өөдтэй яваа үр хүүхэд минь тэд. Тэднийг зүхэгчид тэдний улсад тушаадаг татвараас хүртдэг. Төрсөн ах дүү хоёр эцэг эхдээ хоёр биеэ муулах мэт хоёр гол нам ард түмэндээ бие биеэ хичнээн муулаад баялаг арвижиж, өр дундрахгүй. Нэг нутаг нийлэх бэлчээрийн ах дүү Ажнай л монцойхгүй бол би хоосон хоцорсондоо яахав гээд тамын тогооны үлгэрээр “Тавантолгой” ХК-ийг Романовскийд өгөхөөр Л.Энхболд гишүүн минь лоббидож байна уу үгүй юү. Та худлаа л гэнэ. Би таны үгэнд итгэхгүй. Яагаад гэвэл та нарын ярьсан эцэстээ худал болж, бидний сэрдсэн үнэн болдог. Өөдрөг яваа монголоо монгол нь дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн би дууслаа хүүхэд минь. Хөгшид бидний бойжуулан үлдээж буй залгамж үе-та нар санаанд хүрэхгүй байна. Үүний гол буруутан-үр хүүхдээ журамлаг иргэд болгон хүмүүжүүлж чадаагүй өнгөрсөн нийгмийн мунхаг-бид гэж өөртөө гутраад л нүд анья даа.

2018-04-22