Хэд хоног жаал монгол кино үзлээ. Хуучны соц кинонууд, бас зарим нэг шинэ кинонууд ТВ –ээр шил дараалан гарч байна. Бас АйПиТВ –ийн видео санд ч карантины үеэр үзэг гээд сүүлийн үеийн кинонууд олноороо оржээ. Орчин үеийн кинонууд мэдээж өнгө дүрс дуу, үйл явдлын хувьд хуучны кинонуудыг дагуулахгүй сайжирсан байна. Харин хоёр зүйлээр хуучны соц киноноос илт дутуу байна. Эхнийх нь монгол харилцан яриа, хоёр дахь нь монгол дүр. Орчин үеийн монгол кинонд монгол харилцан яриа, монгол дүр, монгол ахуй /морь мал биш шүү!!!/ ерөөсөө алга юм байна. Монголд зураг авсан, монгол хүмүүс гараад байгаа мөртлөө ерөөсөө монголоор ярихгүй юм, түг таг түг таг гээд л, монгол хэл сурах гэж буй гадаад хүмүүст зориулсан видео хичээл шиг л. Монгол харилцан яриа гэхээр заавал Б.Рэнчин, Д.Нацагдорж, Ч.Лодойдамбын хэл яриа гэсэн үг биш шүү. Зүгээр л чихэнд наалдах харилцан яриа. Жишээ нь оросын алдартай “Гал тогоо”, “Хөөрхөн төрөх албагүй” зэрэг сериалууд гадаад киноны эрхийг авч, дуурайлгаж хийсэн ч тэнд орчин үеийн орос харилцан яриа, орос дүр, орос ахуй гарах юм. Франц кино дуурайсан солонгос кино үзсэн ч тэнд солонгос хүмүүс, солонгос ахуй л байх юм. Америкийн харуудтай кинонд америкийн харуудын л хэлц үг, яг харуудын дүр л гардаг, харин монголын өсвөр насны тухай кинонд жишээ нь хэзээ ч өсвөр насныхны харилцан яриа, өсвөр насныхны дүр гардаггүй. Тэр байтугай түүхэн монгол баатар, монгол адуу морь, монгол малчин ахуй харуулсан кинонууд ч харилцан яриа нь, дүрүүд нь лав монгол хүн бишээ, магадгүй солонгос казах энэтхэгийн холимог ч юмуу гэмээр тийм стереотайп. Бас соц үеийн кинонд энгийн монгол дүрүүд гарч байхад орчин үеийн кинонд хар яр хийсэн, наль шаль инээсэн, сүр сар санаа сэдсэн, түг таг харилцан яриатай нэг тиймэрхүү дүр нийтлэг болж. Харьцуулахад соц үеийн кинонууд өнгө дүрс, үйл явдал ядмагхан ч ийм огцом төвөгтэй дүр, төвөгтэй үзэгдэл, төвөгтэй хиймэл харилцан яриа байхгүй учир дундаас нь эхлүүлсэн ч ямартай ч уур хүрэхгүй үргэлжлүүлээд үзээд байх юм. Хуучны кинонуудаас Сүхбаатар киноны Сүхбаатарын дүр л харин монгол хүн биш харагддаг, зохиолч найруулагч жүжигчид нь аргагүй оросууд юм билээ л дээ.

Жишээ нь нэг иймэрхүү харьцуулалт, зүйрлэл гаргаж болох юм:

“Улаанбаатар байгаа миний аавд” кинонд эхнэр нь өөр хүнтэй уулзаад байгааг Самдан мэдчихээд гомдож уугаад, шөнө согтуу орж ирнэ. Эхнэр нь ёозгүй хараад “За. Чи хаана ингэтлээ наргиа вэ?” гэхэд Самдан “Миний наргих ч яах вэ, харин чи барагтайхан дарлаарай хө” гэдэг. Боллоо.

Харин өнөөгийн кинонд тэр сцэна иймэрхүү байна: Самдан шөнө согтуу орж ирлээ, эхнэр нь давхийтэл цочин, харцаа буруулан гартаа барьж байсан аягаа алдаж унагаад хагална, “Чи ингэдэггүй хүн биздээ, амьдралаа алдаж байгаа хэрэг үү. Арай ч дээ..” гэсэн сонсоход төвөгтэй үгс урсгахад Самдан өөдөөс нь “Энэ бүх хатуу хөтүү амьдралын нугачаанд хүү та хоёрынхоо төлөө л хамаг бүхнээ зориулан сэтгэл зүрх хайр дурлалдаа үнэнчээр...” гэх мэт сүржин уянга урсгаад, солонгос хэв маягаар нүднийхээ урдуур унжсан үсний завсар духаараа харан сууж байснаа, гэнэт япон самурай шиг муухай орилон ширээ шаагаад гарч одно. “Тэр чигээрээ зайлаарай чи..” гээд эхнэр араас нь орилох сонгодог монгол үзэгдэл бас нэмж болох юм.

* * * *

“Би чамд хайртай” кинонд шинэ жилийн орой Баяраа гэртээ ангийнхантайгаа наргиж байхад аав ээж нь орж ирнэ. Баяраагийн аав өөрийнхөө үнэтэй бурханыг Үрлээгийн гараас аваад “Та нар энийг ямар үнэтэй гэж бодож байна, хэдэн жилийн дараа машин ч болж мэднэ. Хосгүй эд шүү..” гэж хэлээд, бурханаа бариад цаад өрөөндөө орчихдог. Товчхондоо “Зайлцгаа та нар” гэж шууд хэлэхгүй, үйлдлээрээ үзүүлчихэж байгаа. Баяраа найзууд нь зайлах болсоныг ойлгоод дуугүйхэн хөгжмөө унтраана. Үдэшлэг дууслаа. Боллоо.

Харин өнөөгийн кинонд тэр сцэна иймэрхүү байна: Баяраагийн аав орж ирлээ, ээж нь уулга алдан солонгос маягаар шоконд орж амаа ангайлаа. Баяраагийн аав Үрлээгээс бурханаа аваад “Энэ бол монгол үндэсний маань өв соёл...” болох тухай хоёр минут орчим яриад, шоудаж байсан залуус түүний энэхүү үнэт сургаалийг ухааран гунигтай тааз ширтэцгээнэ.. Учир нь зохиолыг нь бичсэн нөхөр “Монгол үнэт соёлоо хайрлах” мээсэжийг кинондоо шигтгэж өгсөн байх юм. Баяраагийн аавын лекц дуусах үед нь гэнэт цонх салхинд нээгдэн, цасан шуургатай хамтаар эртний цагаан шонхорын өд хийсэн орж ирэн өрөөний агаарт хөвөн аажим доош унах найруулагчийн өвөрмөц шийдэл шигтгэж болно. Цагаан шонхорын өд газарт унасаны дараа Баяраагийн аав гэнэт уурлан өнөөгийн залуусын хүмүүжилгүй талаар шүүмжлэн гаслаад, “Та нар арай хэтэрхий даварч байна, одоо манай гэрээс явцгаа, манайх ямар та нарын наргиан цэнгээнээ өнгөрөөдөг тэр клааб баар чинь юмуу?” гэж урт тоочсон үг хэлээд, үгийнхээ төгсгөлд тэсгэлгүй “Зайлаач хурдан” гэж уурлан бархираад, магадгүй бурханаа авч чулуудна. Ээж нь яг солонгос авгай нар шиг “Хөгшөөн тайвшир, зүрх чинь..” хэмээн нөхрийнхөө араас нэг аргадаад дараа нь огцом эргэн Баярааг угзчин татаж “Чи биднийг хүндэлсэнгүй юу. Аав чинь зүрх муу. Өчнөөн төчнөөн зардал мөнгөөр солонгост эмчлүүлж байгаа гэдгийг чи мэднэ биздээ...” хэмээн бүх мэдээллээ үзэгчдэд хүүрнэн өчсөний дараа солонгос маягаар амаа даран цурхирна. Баяраа харин уурлан ээжийгээ түлхэж “Намайг тайван орхи. Би биеэ даасан хүн..” хэмээн сүртэй бархираад, цаад өрөөндөө явж өрөөгөө дотроос нь түгжинэ. Ээж нь араас нь өрөөний хаалгыг нүдэн “Миний хүү.. Миний хүү..” хэмээн өвдгөө тэврэн сууна.

* * * *

“Хүргэн хүү” кинонд Дэмбэрэл гэрийн гадаанаас хадмууд нь хэрхэн өөрийг нь ашиглаж байгаа тухай яриаг сэм сонсчихоод, гомдож, гэртээ эхнэрийнхээ дэргэд орж ирээд сууна. 

“Оройгүй тэнэг явсанаа одоо л би мэдлээ” гэж Дэмбэрэл ганц өгүүлбэр хэлнэ.

Харин өнөөгийн кинонд тэр сцэна нэг иймэрхүү байна: Дэмбэрэл сүр сар хийн орж ирлээ, зуухны тулга өшиглөх гэж зангасанаа болилоо, бас арай ч тийм сагсуу бишээ. Дэмбэрэлийн дүр бол ямартай ч зуух өшиглөхөөр биш гэдгийг бүгдээрээ зохиол задалж ярих үедээ ямартай ч шийдчихсэн байх юм. Дэмбэрэлийн эхнэр нь “Чи чинь мэдрэл муутай юмуу” гэж муухай харан бархирна. Дэмбэрэл хариуд нь “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж яасан үнэн үг вэ..” гэх мэт онч хэлц үгнээс бүтсэн диалогоор яриагаа эхэлнэ, эсвэл “Барын сүүл байснаас батганы явсан нь дээр бла бла бла..” гэсэн маягийн хэлц үг ч дажгүй. Эхнэр ойлгодоггүй ээ, хялалзана. Хялалзаж буйг нь харин 5-10 секунд харуулах ёстой, угаасаа орчин үеийн монгол кино тийм дүрэмтэй. Тэгээд Дэмбэрэл арай хийж нэг юм яриагаа үргэлжлүүлээд “Танай аав ээж хоёр намайг өөрийн хүргэн гэж ерөөсөө үзэхгүй, ажлын мал шиг ашиглаж байгаа гэдгийг би одоо л олж мэдлээ. Би ямар тэнэг хүн юм бэ, би ямар ухаан муутай байсан бэ.. Гэхдээ амьдрал намайг ухааруулнаа.. Би хэн болохоо харуулна..” гэсэн өөртөө итгэх итгэлийг харуулж, өөрийн дүрийг тодотгосон, тайлбарласан хэдэн мөрт өгүүлбэр хэлнэ. “Амьдрал намайг ухааруулна..” гэдгээ дахиад нэг давтана.

* * * * *

“Гарын таван хуруу” кинонд Шагдар Хорлоогийн гэрт очих шалтаг болгож хүүгийнхээ модон зарааг авчирч өгөөд “манай хүү охинд чинь өгөөрэй гэсэн юм” гэж худал хэлнэ. Хорлоо ч түүнд талтай учир ороод гарахыг санал болгоно. Хоёул гал тогооны өрөөнд үг ярилцаж ядан сууж байтал хонх дуугарлаа. Хорлоо хаалга тайлахад Шагдарын бага хүү хүрч ирсэн байв, “Зараагаа олдоггүй ээ.. Уг нь танай охинд өгөх гэж байсан юм..” гэхэд Хорлоо “Үгүй ээ.. Аав чинь..” гэхэд хүү үгийг нь гүйцэт сонсохгүй цааш гүйж одно. 

Хорлоо буцаад гал тогооны өрөөндөө Шагдарын урд ирээд, түүнийг хүүгийнхээ зараагаар худал шалтаглаж хүрч ирсэнийг ойлгосондоо юу гэхээ мэдэхгүй бачимдана. Хорлоо “Ямар бөгчим юм бэ” гэсэн ганц үг хэлээд цонхоо нээнэ. Гарын авлагад ормоор супер товчхон диалог. Шагдар ч байдлыг нэгэнт ойлгоод шууд дөхөж очин тэвэрч өөртөө татна. Ингээд л боллоо, бүгд юу болоод байгааг ойлгож байна.

Харин өнөөгийн кинонд тэр сцэна нэг иймэрхүү байна: ...Шагдарын хүү цаашаа гүйж одлоо. Хорлоо бачимдан гал тогооны өрөөндөө орж ирлээ, Шагдар луу харж ядан байснаа,

-Чи надтай уулзах гэж худлаа хэлсэн юмуу? Танай хүү чамаар энэ зарааг өгч явуулаагүй, тийм биздээ?

-Тийм ээ. Миний бодол санаа зөвхөн чамаар дүүрч байна. Анх уулзсан цагаас хойш чамайг сэтгэлдээ ургуулан төсөөлж санадаг боллоо.. гэж уянгын мөрт хэлээд Шагдар нэг толгойгоо шаана. Мэдээж орчин үеийн монгол кино учир Хорлоо толгой сэгсрэн огцом эргэж хараад модон зарааг нь гомдлын нулимсаараа хучаад Шагдарт эргүүлж өгөн, хаалгаар дуртай ч юм шиг мөртлөө дургүй ч юм шиг түлхэн гаргана. Харин Шагдар яг хаалганы урд ирээд “Чи үнэхээр намайг явуулахыг хүсэж байвал яг одоо тэрийгээ хэл, дахиж битгий ир хэмээн нүдрүү минь харж байгаад хэл л дээ Хорлоо..” гэж бархиран савчина. Хорлоо явуулж ч чадахгүй тээнэгэлзэж, сүртэй уянгын аяз эгшиглэнэ. Мэдээж найруулагчийн өвөрмөц шийдэл болгож модон зараан дээр хоёр дусал нулимс учран золгож нэг бүхэл болж буйг дүрсэлж болно. За эсвэл бүр Хорлоо бүр муу санаатай сээтэн харцаар жуумалзаад “Чи чинь эхнэртэй хүн биздээ, таван сайхан хүүхэдтэй, хайраар дутаагүй хүн..” гэх мэт жижүүрийн хэдэн үг хэлээд өнгөрнө. “Хоёулаа цаашдаа яах вээ..” гэх маягийн үг Шагдар хэлж ч болох юм.

* * * *

“Цогт тайж” кинонд төгсгөлийн хэсэг дээр дайсны хүчинд ялагдах болж, Цогтын цэргүүд уулын өөдөө ухарч, дайсны цэрэг аль болох олныг цохих гэж тэмцэн, тугаа алдахгүйг хичээдэг.

Харин өнөөгийн түүхэн кинонд: Монгол цэргүүд дайсны хүчинд ялагдах шинжтэй болбол бүгдээрээ тугаа бариад солонгос баатрууд шиг орилолдон дайсны өөдөөс гүйж очин харвуулж үхэцгээх болно. /Угаасаа тийм кино хийгдсэн байдаг/.

Гэх мэт гэх мэт гэх мэт... Уг нь манайд бол өвөрмөц монгол дүрүүд хар мянга байна. Бид өдөр бүхэн л сошиалд эдгээр өвөрмөц дүрийг харж, өөрсдийн нийгмийн асуудлыг ухан хэлэлцэж, хангалттай хошигнодог мөртлөө яг кинон дээрээ болохоор бүр шал монголд байхгүй амьдрал, монгол биш дүр, ядаж монгол биш харилцан яриа гаргаад байгаагаа нэг анзаарчихмаар л байгаа юм. Эсвэл үзэгчид тийм зүйлд дуртай байдаг юм байлгүй дээ..