МОНГОЛ ХЭЛЭНД НЭВТЭРСЭН ЗЭЭЛДМЭЛ ҮГС

Монгол хэл нь Алтай овгийн хэлд багтана. Нүүдэлч удамтай алтайчууд хэдэн мянганы турш асар уудам талбайг байлдан дагуулж байсан учир өдгөө алтай овгийн хэлтнүүд Газар дундын тэнгисээс Номхон далай хүртлэх их том нутагт амьдардаг. Түүхийн энэ урт удаан хугацаанд монгол хэл хувьсан өөрчлөгдөж амьд организм мэт өсөн дэвшихдээ юун түрүүн төрөл садан хэлүүдээсээ асар олон үг зээлдэн хэрэглэжээ. Дараа нь асар уудам нутаг эзлэн хэл болгоны үндэстэнтэй нүүр тулснаар газар газрын өөр үндэстнүүдээс олон үгс зээлж авсан байна. Үүний дараа шашны нөлөөгөөр огт хиллэдэгүй холын үндэстний нэр томъёо, нэршил ч орж ирсэн байдаг. Түүхийн явцад нэвтэрсэн нэршил ухагдахууны зарим нь хуучран шахагдсан боловч ХХ зууны их даяаршил, шинжлэх ухаан техник технологийн нөлөөгөөр иргэншиж эхэлсэн монголчуудад өрнийн хэл, хэллэг, нэршил, ойлголт ухагдахуун үерийн ус мэт цутган орж ирсэн юм. 

Одоо нийтээр ямар нэг төвшинд хэрэглэгдэж байгаа гадаад гаралтай зээлдмэл үгсийн тоо тун ойролцоогоор таван мянга орчим байна. Мэдээж энд нарийн мэргэжлийн үгс, тодорхой хязгаарлагдмал орчны бусдад үл ойлгогдох нэршил, нутгийн нийтэд тархаагүй хэлцэл зэрэг нь багтаагүй. Гэхдээ монгол нэр томъёо байсаар атал моодорхоод ч юмуу, онцын шаардлага байхгүй байсаар байтал олонхоор хэлэгддэг, ойлголцдог нэрт болон үйлт нэршил ч зөндөө бий. Гэвч аль ч хэлэнд нэг утгатай өөрийн болон гадны үгсийн аль алиныг нь давхардуулан өргөн хэрэглэдэг нь тийм ч содон гажиг үзэгдэл биш. Ер нь хэл өөрөө бараг л амьд организм шиг өсөж хөгжиж салаалж хумигдаж явдаг ба үүний “захиран зарцуулагч” нь эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс биш, гагцхүү тэр хэлээр ярилцан ойлголцдог олон түмэн билээ.

Монголчуудын (үүнд зөвхөн тусгаар тогтносон Монгол улсын хүрээнд багтах өнөөгийн гурван сая гаруй иргэдийг хамруулан хэлж байна. Учир нь монгол хүн боловч өдгөө Монгол улсын гадна амьдардаг олон ястан өөр орчны нөлөөгөөр зээлдмэл үгийн ерөнхий бүтэц нь нэлээд өөр юм.) өдгөө хэрэглэж байгаа үгсийн гарвал, хаанаас зээлдэн авсныг сонирхоход, хамгийн олон нь латин гарвалтай мянга орчим үг байна. Цааш нь герег, англи, франц, хятад, түрэг, төвд гарвалтай тус бүр 500 үгс, орос, герман, санскрит угшилтай тус бүр 200,манж, араб, перс гарвалтай тус бүр ойролцоогоор 100 үгс тэмдэглэгджээ. Түрэг угшилтай үгс нэн дээр үед зэрэгцээ болон хамтран амтдарч байх үед нэвтэрсэн байж таарна. Уйгар, согд, перс үгнүүд дундад зууны үетэй холбоотой байх. Төвд үгс шарын шашин нэвтэрснээр, мөн олон санскрит үгс төвдөөр дамжиж ирсэн байж таарна. Мянганы турш хөршлөн амьдарч байсны хувьд хятад гарвалтай үгс бараг мянга хүрч магадгүй ч, өнөөгийн бидний ойлгох хүрээнд 500 орчим л байна. 

Түрэг хэлнээс монгол хэлэнд орж ирсэн: зарлиг, засаг, тамга, отог, туг, таг, сарьдаг, тайга, алаг, тансаг, тамир, таяг, хавх, харш, хашаа, худаг, шорлог, сэмж, хоног, хударга, хуяг, хөг, ирвэс, согоо, марал, тором, хайнаг, хэрэм, шаазгай, аргамаг, хөлөг, молцог, аз, бас, билүү, ертөнц, оточ, солгой, таар, яр, ярга[чин], тоос, хог, бэх (бат бэхийн), хор гэх мэт. Түрэг гэдэг нь өнөөгийн Монгол нутагт амьдарч байсан эртний түрэг угсаатан ба хожим тэндээс салбарлаж азэрбаджан, түрэг, татаар, хархалпаак, узбек, хасаг, хиргис, түркмэн гэх мэт олон үндэстэн салбарлан буй болжээ. Эндээс үгсийн яг алин нь жинхэнэ хөх түрэгээс гарвалтай, аль нь монголын өндөрлөгт оршиж байсан хэлний гол хоёр анги болох дунху ба хүннү удмыхны нэгэн дор амьдарч байсан үеийнх үү, аль нь үнэхээр түрэг үү, эсвэл түрэг-монголын нийтлэг хэллэг үү гэдгийг ялгахад нэлээд төвөгтэй. 

Гээд үнэхээр аль хэлнээс аль руугаа урссаныг баттай хэлж болох зүйл ч түүхэн үйл явдлаас нь гаргалгаа хийж болох тохиолдол буйн нэг нь “”тэмээ”-тэй холбоотой үгс. Монгол үндэстэн анхлан өнөөгийн Амар мөрөн, Хар мөрөн, Сунгари хавиар нутаглаж байгаад улам улмаар баруун тийш нүүсэн, тэднийг “шивэй монгол” гэж түүхэнд тэмдэглэжээ. Өнөөгийн Монголын нутагт анхлан ирсэн нутаг нь Хэнтийн нуруу. Нэг үгээр хэлбэл тэд угшлаараа говийн биш хангайн хүмүүс. Ийм нутагт тэмээ байдаггүй. Түүхэнд тэмдэглэгдсэнээр монголчууд урагш улам говь цөл рүү нүүдэлсэн үе буюу Чингисийн байлдан дагуулалтын өмнө тэмээтэй болжээ. Хоёр бөхт наран тэмээ бол голлож Шинжааны их цөлийн амьтан ба, нэн эрт үед тэнд гэршүүлсэн, торгоны замын гол тээвэрлэгчээр мянга гаруй жил зүтгэсэн. Тэр нутгийг өмнө нь түрэгүүд эзэмшиж байсан. Иймээс монгол хэлэнд нэвтэрсэн тэмээ, ингэ, тором, ботго, тохош, буйл, бурантаг зэрэг үгс түрэг хэлнээс орж ирсэн байх магадлал лав. Магалгүй түрэгүүдээс өмнө тэнд эзэрхэж байсан жужуанчуудаас түрэгүүд зээлдсэн ч байж болох юм. Юутай ч нүүдэлчдээс хамгийн түрүүн түрэг нар бичиг үсэгтэй болсон тул тэдэнд илүү нотолгоо бий.

Алтайн нурууны нэрийг түрэг хэлний al+tai буюу “улаан уул, алаг уул” гэж тайлж байсан авч Билэг хааны бичээсээс үзвэл ...altun yïšïɣ aša... “алтан тайгыг давж”, Көлтигиний бичээст ...altun yïšïɣ  toɣa... “алтан тайгыг мандаж”, Тоньюкукын бичээст ...altun yïš üze... “алтан тайга дээр” гэснээс үзэхэд алтан тайга, эсвэл товчоор “алтан” гэсэн үг болж таарах жишээтэй. Эсвэл орхон голыг or “дунд, голын” + khan “хаан” буюу “дунд хаан” гэж тайлдаг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар Шинэ усны бичээст ...or(qu)un ögüz o... Тариатын бичээст orqun ögüzde гэж тэмдэглэсэн байна. Шинэ усны бичээст or(qu)un гэж бичсэнийг үзвэл хоёр үгээс бүрдсэн байх ёстой. Энэ нь алтай язгуурын бус, магадгүй брахми хэлний "хүннү/чүүд/ийн орон" хэмээх утга илэрхийлсэн байж таарах гээд байна. Иймэрхүү маргаантай, эсвэл бүрэн тайлагдаагүй олон үг бий.

Ер нь өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт байгаа томоохон уул нуруу, гол мөрөн ихэнх нь түрэг угсаатнаас гарвалтай нэртэй байгаа нь энэ нутагт хэн эхэлж эзэмшсэнийг тод харуулдаг. Отгонтэнгэр - odqan отгон, ot “гал” + qan “хаан”, teŋri “тэнгэр”;, Хэнтий - keŋtaɣ, “өргөн уул”, keŋ/kiŋ “өргөн” + taɣ “уул, нуруу, орой”;, Хархорин кара “хар”, корум, “хүрмэн чулуу”, Хөвсгөл - köksukül, “хөвсгөл” köp “гүн” + su “ус” + köl “нуур”;,Увс - ubsu “гашуун ус” , ub “гашуун” + su “ус”;, Тэрх - terk; “ганзага”;, Туул - toɣ(u)la “дүүрэн”;, Тэс - tez “түргэн, бушуу”;,Халх -qalqan “бамбай” гэх мэт маш олон бий. 

Монгол хэлэнд нэвтэрсэн согд, уйгар, перс гаралтай олон үгийн цаад угшлийн жинхэнэ гарвал, хаанаас ирсэн, анхны утга нь ямар байсан талаарх өнөөгийн олон тайллыг эргэж харвал таарна. Монгол бичиг нь финик > арамэй > согд > уйгар > монгол > манж гэсэн дарааллаар биенээс биед дамжин хөгжсөн. Түүхэн утгаар аль үндэстэн, аль бичиг, он цагийн хувьд ямар дараалалтай гэдгийг харьцуулж үзэх шаардлагатай юм. “Аяга” гэдэг үгийг уйгар хэлнээс авсан ajaq гэж тайлбарладаг. Гэтэл уйгарууд түрэгээс хэдэн зуун жилийн хойдох үндэстэн, түрэг хэлний ayaq нь түрэг угсааны бусад хэлнүүдэд адил хэрэглэдэг. Ер нь согдоос уйгараар дамжиж орж ирсэн үгсийн ихэнх нь шашинтай холбоотой аж. Энэ утгаар перс хэлний барс, арслан, байшин, болд, болор, бэрс, гяндан, дэвтэр, тарвас зэрэг үгс мөн перс овгийн согд (өнөөгийн тажик) хэлнээс уйгараар дамжин орж ирсэн байх магадлалтай.

Санскрит хэлнээс багаар бодоход 200 үг монгол хэлэнд нэвтэрсэн нь яаж ч бодоод шарын шашинтай холбоотойгоор төвдөөр дамжиж ирсэн байх нигуртай. Энэтхэг-европ овгийн хэлний уг сурвалж болсон санскритаас бадаг, бадам, бадар, бадарчин, бадмаараг, банди, банзал, бархасвад, бирд, бодгал, буд, будда, буян гээд зөвхөн “б” авиагаар эхэлсэн үг гэхэд зөндөө байна. Шашинтай холбоогүй цэрэг, самбар, агшин, гадил, шарил, ууль, зул, маргад, мутар, агаар, сансар, тив, авъяас, хот, амар гээд үгс. Мэдээж шашинаар дамжиж төвд хэлнээс маш олон үг зээлдэгдсэн. Гэтэл шашины гэхээсээ ёс суртахуун, дэг журам, зан үйлийн гэмээр ч олон тооны үг зөндөө. Ана мана, араншин, бомбоо, дам, дамжиг, даржин, дон, дочиг, дүвчин, дүндүк, дэв, дэг, дэглэм, ёдор, завхрал, замбараа, лазан, ланчиг, луйвар, мажийх, мунаг, мунхрах, нүнжиг, паян, пологтох, савсаг, хонзон, цондон, шамбарам, шүглэх гэх мэт. Үүнээс гадна ургамалын нэршил гэхэд ямар олон гэж санана!

                                                                                     2024.7.28.

                                                                                     ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.