С.Баярын дуугаралт
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр удтал чимээгүй байсны эцэст дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Өнгөрсөн долоо хоногийн турш энэхүү ярилцлага улс төрийнхний дунд яригдсан гол сэдэв байв. Тэр ерөөс ямар ч цаг үед, ямар ч сэдвээр дуугарсан ийнхүү олон түмний анхаарлыг өөртөө татаж, өдий төдий салаа бодолд унагаж орхидог ид шидтэйгээрээ ялгардаг улстөрч юм.
Ингээд үндсэн юм руугаа оръё. С.Баярын хэмжээний лидер ямар нэгэн мэдэгдэл хийсэн бол тэр нь тоймчдод сэдэв гаргаж шидлээ гэсэн үг. Гэхдээ түүний мэдэгдлийн эргэн тойронд өнөөдөр үүссэн аахар шаахар яриа хөөрөөнд ач холбогдол өгөх нь чухал биш. Тэр хаашаа чиглүүлж сум тавив, чингэхдээ ямар хэмжээнд нумаа татаж вэ гэдэг нь илүү сонин санагдана.
Юун түрүүн тэр өөрийн намдаа буюу эдүгээ ядарч туйлдан буй МАН-д их тодорхой мессеж илгээлээ. Харин МАН-ын мангарууд нь тайлж уншиж чадсан болов уу, үгүй болов уу. С.Баяр хэдийгээр бөөрөнхийлж, элдэв уусмалд оруулж өөх ч биш булчирхай ч биш болгосон юм шиддэггүй, эрс тод дуугардаг ч түүний үгний цаадах, цаадахын цаадахыг давхар олж унших шаардлага тээж байдгаараа туйлын адармаатай хүн юм. Энэ үүднээс нь шинжвэл түүний мэдэгдлүүд ардаа өдий төдий зүйлсийг агуулж байдгаараа өвөрмөц байдаг.
Нэгдүгээрт, тэр зүгээр л шулуухан нэг юмыг анхааруулж байна. Хөөе, яагаад надгүйгээр наана чинь Ерөнхийлөгчийн сонгуулийн элдэв мессежүүд яваад эхлэв ээ. Би гэж хүн амьд мэнд байна шүү. Тоон дотор чинь бас үсэг гэж нэг юм байдаг юм шүү. Тэгж яривал дээд тоо ч гэж нэг юм бий гэдгийг тэр тун тод хэлжээ. Би урт удаан зам туулсны эцэст дутуугаа олж, дундуураа дүүргэлээ. Аз жаргалаа оллоо. Гоонь Баяр гэр бүлийн амьдралаа бүтэн бүлээн болголоо. Энэ бүхэн надад жинхэнэ аз жаргал гэдгийг авчирч байна гэж тэр сэтгэл догдлон өгүүлжээ. Яаж ч бодсон сайхан мэдээ юм аа.
Хоёрдугаарт, тэр Норовын Алтанхуягийн Засгийн газарт маш том мессеж явууллаа. Зүгээр л “Харамсаж байна” гэсэн үгнийхээ ард “Та нар дангаараа туучаад юунд хүрэв ээ. Хад мөргөөд л зогслоо шүү дээ. Эсвэл миний найзууд мухар гудамж руу орчихов уу, яав. Нөгөө том бүтээн байгуулалтууд хаана байна вэ. Оюутолгой, Тавантолгойнууд маань яав.Хөрөнгө оруулагчид үргээд гарцгаачихлаа. Бизнесийн орчингоо талаад там болгоод хаячихлаа. Одоо цаашаа яаж явах юм бэ. Машины маань дугуй хий нь гараад зогсчихлоо. Юу хийж байна вэ, найзууд аа” гэсэн зовлонтой асуултуудыг эгнээ эгнээгээр нь ирүүлжээ.
Ая яа яа...айхтар л асуултууд юм даа.
Үнэн хэрэгтээ эрх барьж буй нөхдүүд бүгд нэг л уриатай сонгуульд орсон. АН ч тэр, хамтарч байгаа эвсэл нь ч тэр хоёулаа Оюутолгойн гэрээг өөрчилнө л гэж амласан. Ганцхан энэ уриагаар санал цуглуулсан. Тэр нь ч дэмжлэг авсан. Олонх биш ч олон суудал авчирсан гол хөзөр нь ердөө л энэ шүү дээ.Оюутолгойн гэрээг өөрчилнө, тэр бүү хэл 51 хувийг нь ард түмэн бидэндээ авч өгнө гэж тэд сонгуульд орсон. Алив тэр 51 хувь.
Хэдийгээр дэндүү ойворгон, дэндүү худлаа аман мэхэнд орж бид саналаа өгсөн ч одоо амлалтыг нь сануулах, шаардах цаг иржээ. Өөрөөр хэлбэл нэхэх эрхээ эдлэх боломж маань нээгджээ гэсэн үг. Хэдийгээр ийм ажлыг эрхэлдэг нөхдүүдийг бүгдийг нь хөтлөөд парламентад орчихсон ч иргэд нэг түрхэрвэл ямар ч уянга эгшигтэй эгшиггүй, зандан модон бишгүүртэй бишгүүргүй түрхэрээд л унана . Энэ утгаараа гадна дотно нь эвгүй л нөхцөл байдлууд үүсч эхэлж байгаа юм байна.
Оюутолгойн гэрээн дээр үнэн хэрэгтээ түрүүчийн парламент, тэр дундаа тодорхой улстөрчид дээр хардлага явдаг нь үнэн. Бүр тодруулбал С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарыг одоо болтол аймшигтай том хардлага дагадаг. Тэр бүх хардлага сэрдлэгэд хэцүү хэгжүүн С.Баяр нам дарсан хариу барьжээ.
Тэрбээр “Цагийн юм цагтаа. Одоо би эрх мэдлээс гадуур явж байна. Гэхдээ гэрээнд өөрчлөлт оруулах эрх чинь та нарт байгаа шүү дээ. Яагаад худлаа, хямдхан, аргаа барсан пиар явуулаад суудаг юм бэ” гэж хөлсийг нь дааварлатал даапаалав.
С.Баяр үнэхээр айхгүй байна. Түүнийг амь тэмцэн зугтаж яваа. Цагаачилсан, ирж чадахгүй, оролдуулахгүй л явбал дээдийн заяа гэх мэтээр ярьцгааж байсан ордныхны хар пиарыг тэр ийнхүү нам гишгив. Эрх чинь байна. Хий л дээ, та нар... гэж тэр томров. Тэр үнэхээр ийнүү маш тодорхой байр суурь илэрхийлэв. Манайхан тэрийг нь уншиж чадахгүй байна. С.Баяр бол стратегич. Тэр улс төрийн дээд зиндааны технологи хийгч. Эдгээр чадавхиараа тэр бодлогуудаа уринш мэт суулгаж, хожмоо үр тариа мэт үр дүнг босгож байдаг лидер.
Түүний эсрэг олон сарын турш чиглүүлсэн хардлагыг тэр ийнхүү хаав. Үнэхээр би юм аваад идчихсэн бол намайг өдийд шараад идэж байгаа. Нэр цэвэр, сэтгэл тэнүүн явах сайхан юм аа л гэж тэр хэлж байна. Оюутолгойн гэрээний шинэхэн мөр дээр ч тэр “Би ирээдүй рүү нүүр бардам харна” гэсэн тов тодорхой үгээ хэлж чадсан.
Нөгөөтэйгүүр түүний ил хэлсэн үгс, хийсэн дүгнэлтүүд олон түмний дунд ам дамжин яригдаж байна. Ялангуяа улс төрийн шатгаантай ажилгүйдэл, хэлмэгдүүлэлт газар авч буйг шүүмжилсэн түүний байр суурь гудманд түлхэгдэн гарчихаад гансарч суугаа мянга мянган хүмүүсийн загатнасан газар маажих шиг болж байна. “1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялаад МАХН-ын харьяалалтай баахан хүмүүсийг ажлаас нь халсан. 2000 онд МАХН ялаад хариуг нь давуулж барьсан гэдэг. Түүнээс хойш сонгуулийн дараа намын харьяаллаасаа болж ард иргэд хэдэн мянгаараа ажилгүй болдог явдал хэвшил, ёс заншил шахуу болчихлоо” гэсэн үг нь twitter-т хит болон нисэв.
Нөгөө талаар ардчилал гэдэг бол дан ганц та бүхний өмч биш. Авилгатай тэмцэнэ гэдэг ч зөвхөн та бүхний ажил биш. Бид бүгдийн өмч, бид бүгдийн ажил. Гагцхүү бүү ялгаварла. Бүү намчирхаж, алагчилсан бохир бодлого явуул. Уршиг нь Монголд л тогтоно. Ардчиллаар хэн нь хэндээ хичээл заах гээд байгаа юм бэ. Багш нь хэн юм. Ийм юм байдаггүй юм аа гэж тэр инээж байгаад хэлж байна.
Ёо ёо ёо. Мөн ч егөөтэй үгс юм даа. Мань мэтийн нам бус, айх юмгүй, алдах юмгүй нөхдүүд түүний ярилцлагыг инээж байгаад л уншицгаав.
“Дахиад хэлье. Авлигатай тэмцэх ёстой. Тэмц. ..Гагцхүү улс төрийн бодлого агуулалгүй тэмц” гэж тэр хэлэв. Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа хүмүүс бүгд МАН-ын харъяалалтай нөхдүүд байгаа. Энэ нь олон түмний дунд улс төрийн туйлын хортой бодлогоор явж буй өшөө авалт гэж харагдах болсон төдийгүй шууд ингэж үзэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Энэ бол аливаа юм хэм хэмжээнээс халиад асгахаараа л эргэлзээ төрүүлж эхэлдгийн жишээ юм. Эл үгээрээ би ард түмний дэмжлэгийг хамгийн их авч байсан энэхүү үйл хэргийг бүтнээр нь буруушааж байгаа хэрэг биш билээ.
Ийнхүү С.Баяр тээр тэдээс дуугарч, ирэх сонгуульд бөх дэвшүүлж бүдүүн өвсөнд унахдаа тулан шанаагаа тулж буй МАН-ыг улам л бодолд оруулав. Замын ханиа буруу сонгочихоод буцахдаа шороо тээн будилж яваа АН-ыг ч хөндүүр газар нь чимхэв. Ханилсандаа халгаатай харагдах тэдний хувьд хамтарч яваа нэг намынхаа даргыг хоригдол болгон орон шоронд хийж, нөгөө намынх нь даргыг хөөж туугаад гудманд гаргачихсан, жилийн өмнөхөн нэг танхимд мөр зэрэгцэн сууж байсан МАН-ынхнаа бүлэггүй баахан гүйлгэж байгаад эцэст нь сөрөг хүчин байх эрхийг нь ч бараг хураагаад авчихсан хэцүүхэн байдалд байгаа нь үнэн.
Гайхалтай ялалтынхаа гавъяаг ганцаараа эдлэх хүсэлтэй байсан хэсэг МАН-д байдаг. Тэд одоо болтол өнгөрсөн сонгуулийн үр дүн дээр хамтарсан Засгийн газар байгуулж стандарт бус шийдвэр гаргасан С.Баярыг хараадаг. Өнөөдөр сөрөг хүчин шиг сөрөг хүчин ч байж чадахгүй үлбийж байгаагынхаа бурууг ч зарим нь өмнөх дарга нар дээрээ тохдог. Тэр бүү хэл оргож босон бусдын өвөр түрий рүү гүйж орж буй гишүүдийнхээ аяг аашийг ч Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёроос л болж байгаа юм гэж ирэн тохдог. Ингэтлээ баримжаагаа алдаж буй намдаа С.Баяр олон олон мессеж илгээсэн нь зарим талаар өмгөөлөл мэт санагдан нүдэнд нь нулимс хуруулж байх шиг байна. Энэ бүхэн нэг талаас С.Баярыг чиглэсэн хүлээлт байсаар байгааг илтгэж байгаа юм. Тэр хүлээлт нам дотор ийнхүү сэдэрлээ.
С.Баяр ярилцлагадаа өнөөгийн засаглаж буй баг дотор солгой өнгийн дуугаралтууд замаа алдаж буйг шүүмжлэв. Өглөө босч ирээд л АН-тай нь хамтарч яваа атлаа МАНАН хэвээрээ байна. МАНАН-г хөөе гэж гэнэт хаширдаг “дүрэмгүй гарууд”-ад тэгж яривал танай Ерөнхийлөгч өөрөө “Өнөөгийн өсөн тэлж буй Монголын эдийн засагт эргэлдэж буй мөнгөний гуравны нэг нь Оюутолгойн хаялга” гэж батлан хэлсэн байна шүү дээ гэж иш татжээ. Үнэхээр Оюутолгойн мөнгөөр орой өглөөгүй туучиж байгаагаа ядаж улстөрчид нь мэдэж баймаар юм даа. Гэвч бүх юм хэтэрхий утгаа алджээ. Хаа сайгүй хэзээ хэн явсан нь тодорхойгүй хүүхдүүд туйлж байна. Тэд ёс суртахууны хувьд айж ичих, ядаж маргааш өөрсөддөө ямархан дүн тавиулахаа ч ухаарахгүй тоглож байна. Байгууллагын мөнгийг баруун солгойгүй бүлэглэл, танил талаа татан хувиарлаж байна. Шударга шийдвэр шаардсан хүмүүсийг зүгээр л үл тоож байна. Энэ бүхэн муухай монголыг улам л муухай болгож байна. Хэн нэгэн даргын татаж авчирч агентлагийн оройд залсан хүүхэд гэнэт түргэн исгэгч уучихсан юм шиг “томорч “ байна. Байгууллагууд стандартаа алдаж, зүгээр л даргын хүн мөн биш гэсэн хэмжүүрүүд үйлчилж эхэлжээ. Уг нь өмнөх үеийн муу муухайг халахын төлөө толгой нь зорьж байгаа ч доогуураа ард түмний итгэж эрхээ бариулсан АН-ын нэр хүндийг ийнхүү унагаж байна.
Энэ бүх эрээ цээргүй явдлууд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намынх нь нэр дэвшигчээс хасах оноо болгон зулгаах болно. Тийм учраас алдаа мадагтай машинд найдах бус, америкаас авчирсан программд итгэх бус агентлагуудаар тоглож буй электрон жаалууд дээрээ анхаарлаа хандуулж, Ардчиллын үйл хэрэгт амиа зольж явж ирсэн агуу түүхээ авч үлдэхийн төлөө нүдээ хурц, ухаанаа мэргэн байлгах цаг иржээ. Алтанхуяг дарга маань ядаж ордныхоо цонхоор харагдаж байгаа цахилгаан холбооны шар байшингаа хүртэл хяналтаасаа алдчихаад байгаа юм биш үү. Юм юм руу орох нь хэмжээ хязгаартай ч үнэт зүйлсээ авч гарах нь Монголын төлөөх бодлого билээ. С.Баяр тэрийг их томоор хэллээ, бидэнд.