Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн...

Яагаад ? Яагаад гэвэл цөөхүүлээ учраас хуваагдахааргүй... бараг л бие биенээ сургаар мэднэ. Хайрлах, ойлголцоход ойрхон биш гэж үү...Чи энэ тухай бичээч. Ийм үгийг саяхан нэг эрхэм надад хэлсэн юм.
Хачирхалтай нь сонсож байгаа би огт ийм цагаан цайлган агуулгаар хүлээж авахгүй байгаагаа гайхаж суулаа. Хэзээ ийм болчихов. Яагаад бид ийм болов. Бид аажмаар “би”-гээ, дараа нь “бид”-ээ алджээ.
Мэдээж энэ бол гунигтай сэдэв.
Манайх ардчилсан орон болохоор жагсаал цуглаан байнга л болж байдаг. Сая ч ээлжит жагсаал үргэлжиллээ. Чанга яригч дээр хэн дуртай нь очоод бухимдлаа илэрхийлнэ. Төр засгийн хэрэгжүүлж буй зарим бодлогуудыг эсэргүүцнэ, таалагдахгүй байгаа хууль тогтоомжуудыг шүүмжилнэ, дургүй дарга нараа хараана, бүр хувийн зүгээс хорсдог нэгнээ ч зүхэх нээлттэй. Цагдаа, тагнуулын байгууллага нь тэдний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллаж, цахим платформууд дээр иргэд нь үзэл бодлоо хэлэлцэнэ. Маш хэвийн амьдрал.
Гэтэл зарчим нь ийм тодорхой зүйлс сүүлийн жилүүдэд манайд даялаад явчихлаа. Юм зүгээр л органик шинжээрээ явахаа больчихсон. Заавал дундуур нь талцуулах, бараг шууд утгаар хооронд нь алалцуулах ажиллагаа ороод ирдэг. Гүйж ороод л дунд нь хагалж хаяад, хуваагаад зодолдуулчихна. Энэ чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг хөлсний тогдгорууд бүлэг бүлгээрээ бэлтгэгдчихсэн. Тэд энэ ажлаа маш уйгагүй, асар хичээнгүй агаад мэргэжлийн түвшинд гүйцэтгэж гаршсан. Захиалагчид мэдээж далд. Харин толгойлогчид нь нийгмийн зүтгэлтнүүд маягийн хэв шинжид хувирсан, цахимд имфлүүнсэр болцгоосон төдийгүй өөрсдөө ч үл гүйцэгдэх ид шидэнд автан хадуурцгаасан.
Бүгд аугаа эх орончид. Шударгын туйлд тоглогсод. Тэдэнд хэм хэмжээ байхгүй. Хуулийн хил хязгаар дээр гишгэх бол тэдэнд юу ч биш. Ёс суртахууны хэмжээс гэж байхгүй. Дуртайгаараа гишгэлж, дэвсэлж бах таваа хангана. Гол зорилго нь айлгаж ичээж эрхшээлдээ оруулах, болохгүй бол нэр хүнд, үнэт зүйлээр нь юу ч үгүй болгон нугалж, балчиг намагт дүрж шившиг болгоод, тэрийгээ дүүжлэн “үзүүлэн” болгож харуулдаг. Энэ бол манайхны өдөр тутмын хөдөлмөр нь, үндсэн ажил нь болсон гэхэд хилсдэхгүй. Өглөө босоод л нэг “дайсан” гаргаж ирж яллагаа эхлүүлнэ. Тэр “цаазын хашаа”-нд өдөржин бүгдээрээ орилолдоно. Хуваагдан хэрэлдэнэ, талцан алалдана. Үнэ цэнтэй юм юу ч үзэгдэхгүй болтол хар утаа манан татуулна. Манайхан хариуцлагатай эх сурвалжид биш атаа  хорслоосоо болж хар нүдээ цавчихгүйгээр улаан гүжир урсгаж суудаг, сошилд хэдэн дагагчтай болчихсон, тэрийгээ агуу их номлогч, ариун шударгын манлай болчихсон мэтээр итгэсэн галзуугуудад шууд тархидуулдаг. Нөгөөдүүл нь ч дүрдээ ичиж зовохгүй ордог.
Монголчуудад ийм зураг зурж өгдөг болоод удаж байна. Харин бидний хэд нь яг энэ тоглоомыг уншиж чадаж байгааг хэлэхэд бэрх.
Монголчууд бид уг нь ёс суртахууны айхтар босго өөрсөддөө тавьдаг ухаантай ард түмэн байжээ. Түүнийгээ их энгийн, басхүү дулаахан шидээр хэлнэ. “Хүний ёс” гэж... Үүнийг уншиж байгаа та ч энэ үгэн дээр ирээд цээжнийхээ цаанаас нэг тийм бүдэгхэн лугшилт мэдэрч байгаа гэдэгт би найдаж байна.
Тэр босго бидний дотор оршдог ийм л зүйл юм билээ.  Түүн дээрээ тулж ирээд, нэг нэгэндээ сануулаад ухарцгаадаг байж. Үүнийгээ давж гишгэлдэггүй байж.
“Хүний ёс шүү” хэмээн тэр баринтагладаг зүйл нь угтаа ёс суртахууны зааг, хил хязгаар нь байж...
Монгол бол хоорондоо үеэс үед тэмцэлдэн дайсагналцаж ирсэн шашны олон урсгалгүй, олон үндэстэнгүй, гол нь үнэ цэнээ эрхэмлэдэг цул ард түмэн. Барагтай бол бусдыг дагаж ханардаггүй. Үгээ цэнэдэг, үйлдлээ боддог суурьтай түмэн л байсан.
Тэр шинжийг нь үгүй хийх хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэж өөрийн эрхгүй харах боллоо. Зориуд бодлогоор бөөн бөөн нарцисист, психопат, расист, фашист, нацист гээд төрөл бүрийн эмгэг тээгчдийг олж, зориулалтын энкубатортоо бэлтгэн гаргаж ирж байна. Энэ төрлийн нуугдмал эмгэг тээгчдийг олж авахдаа гарамгай гэж. Ийм өвчтнүүдийг тордож өөрийн хүлэмжээр дамжуулан бойжуулах улс төрийн бизнес эрхэлдэг хортой улстөрчид, бизнесменүүд манайд хэд хэдээрээ байна.
Дээрээс нь гаднаас ч биднийг хагалж байна. Гол нь дотроо ийм үйлдвэрлэл явуулдаг улстөрчид нь илүү аймшигтай байна. Ингэж ард түмнийг өөрсдийн өчүүхэн эрх ашгийнхаа төлөө хагалах гэж оролдохоо зогсоох хэрэгтэй байна.
Бидний цулшил алга болж, бид бие биедээ дайсан болцгоож, гадагшаа дотогшоо харсан болгон луугаа хардаж сэрдэж, харлуулж гүтгэж, харааж зүхэж суухаас өөрийг эрхэлдэггүй өрөвдмөөр улс болж хувирлаа.
Бид нэг цул байж л хүчтэй байна. Бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Хамгийн энгийн энэ ойлголтыг амьгүй болгох сонирхол гадна дотны цөөврүүдэд байгаа нь нэгэнт тодорхой болж.
Эх орноо хайрлахыг, элдэв бусармагт автахгүй байхыг, эв эеэ хичээхийн чухлыг хаа сайгүй бие биедээ сануулцгаая.
Саяхан Монголын Бурхан Шашны Төв- Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч, хувраг А.Батцэнгэл Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан уулзалтын үеэр Монголчуудынхаа эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг онцолсон уриалга гаргасан байсан. Харин бидний хэд маань анзаарав. Тэрбээр урлагийн салбарынхныг эх орон, тусгаар тогтнолын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулж, уран бүтээлээрээ дамжуулан залуу үедээ үеийн үед эрхэмлэн явах учиртай үнэт зүйлсээ сурталчлахыг уриалсан нь яах аргагүй бидний оршихуйд тулж ирсэн өнөөдрийн эмгэгшилд, өнөөгийн цөвүүн үед зориулсан зовинол юм. Мөн Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт өдрийг тохиолдуулан Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон Жанлавцогзол номыг монгол хэлээр унших ёслолыг анх удаа зохион байгууллаа. Энэ үйл явдлыг монголчуудын оюун санааны нэгдмэл байдлыг сэргээх, өв уламжлалаа ойлгох ховор боломжийг олгож байгаа хэрэг юм хэмээн шашны зүтгэлтнүүд онцолж байна билээ.
А.Батцэнгэл ламтан энэхүү уулзалтын үеэр монголчуудын эв нэгдэл, сайн сайхан ирээдүйн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэх шаардлага тулгарч буйг зориуд онцлон хэлсэн юм. Тэрбээр:
• Бид эв нэгдэлтэй байж, тусгаар тогтнолоо хамгаалж, хөгжүүлэхийн төлөө нийгэмд оюун санааны нөлөөллийг түгээх хэрэгтэй байна.
• Бид зөвхөн улс төр, эдийн засгийн хөгжил бус, иргэдийн оюун санааны сэргэлт, үндэсний ухамсрыг сэргээх чухал байна хэмээн уриалсан.
Ийнхүү дор бүрнээ хичээх цаг ирснийг салбар салбарын эрхэм хүмүүс сануулж байна.  
Гэтэл бид “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахихаа” ард түмэндээ анх тангараглаж, монгол төрийг долоон жил тэргүүлсэн анхны Ерөнхийлөгчөө ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд яаж хандав. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаалж чадаагүй их алдааг ганцхан өвгөн буурал түүнд тохон хараацгаав уу гэлтэй. Харахаас нүд хальтрам ёсгүй ааш араншин цахимыг хэдэн өдөр хулдав.
Монгол хүн хүнээ байсан гэхээс илүү монголын улстөрчдийн бугшуулсан идээ бээр анхны Ерөнхийлөгчийн тэнгэрт хальсан жам ёсон дээр дэлбэ татагдаж, дараа дараагийн “харь хүмүүст” хандаж хэлэх үг, яллах ял нь болж байх шиг байна шүү...гэсэн орчуулагч, судлаач, МУСГЗ Очирхүүгийн Жаргалсайханы үг гол зурна.
Анхны Ерөнхийлөгч өөрийнхөө төдийгүй бусдынхаа ачааг үүрээд хасаг тэрэг дээр хангирсан одлоо. Хуулинд заасны дагуу, төрт ёсны хэмжээнд, төрийн хүний ёсоор үдэх нь тодорхой буй за. Эвлэлдэн нэгдэх нэг шалтгааныг үүсгэлээ гэж үзэн нэгдэцгээе хэмээсэн түүний уриалгыг сэтгэл зүрх шимшрэн хүлээж авч байна.
Тийм ээ, Хэрээ мэт гуагалалдахаа зогсож хэрэм мэт цулшин нэгдэх цаг ирлээ.
Сэхээрцгээе, Монголчуудаа...