УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.

-Намд хожуу элссэн ч богино хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний нэг нь та. Холбогдох хуулийн шинэтгэлээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн байж болох ч намын тэр дундаа МАН-ын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдэх нь баргийн хүнд олдохгүй боломж байх. Улс төрийг сонгох болсон шалтгаан нь хувь хүний сонголт байсан уу, эсвэл хэн нэгний санал байв уу?

-Эргээд харахад дандаа хувийн хэвшилд ажиллаж ирсэн юм байна. Оюу Толгой компанид төслийн менежментийн чиглэлээр таван жил ажилласан. Үүний хажуугаар хөдөө аж ахуйн салбарыг давхар сонирхдог байлаа. Уул уурхайн компанид ажилладаг болоод ч тэр үү бусад салбар нь түүнээс хараат бусаар байх ёстой гэж хардаг байсан юм. Нэгэнт бидний дархлаа болсон өв соёл, уламжлал, түүх маань хөдөө аж ахуйн салбартай салшгүй холбоотой. Тиймээс аль болох малчдаа чадавхжуулах, амьдралын түвшинг сайжруулах талаас нь ажиллахыг зорьдог байлаа. Гаднын оронд бол малчид гэж байхгүй харин фермерүүд байдаг. Адилхан мал ахуй эрхэлж байгаа ч тодорхой хэмжээнд хөрөнгөжсөн, өөрсдийн хоршоодоор дамжуулж нийгмийн хүчтэй дуу хоолой болдог субъект. Үүн шиг малчдаа чадавхижуулах, амьжиргааны түвшинг нь сайжруулах хүсэл надад байсан.

Уул уурхайн компаниас хөдөө аж ахуйн салбар руу шилжсэн шалтгаан нь ч эрчимжсэн мал ахуйн төсөл. “Нүүдэлчин групп”-ийн бизнес хөгжил хариуцсан захирлаар ажилласан. Эрчимжсэн мал аж ахуйн бизнес загвар нь яаж явах ёстой юм. Импортоор оруулж ирж байгаа малыг нутагшуулж болох эсэх үнэхээр эдийн засгийн өгөөжөө өгч чадах уу? Зэрэг олон асуудлыг судалж, дүн шинжилгээ хийж, бас загвар төслүүд боловсруулж ажилласан. Тэндээсээ хувиараа консалтинг компани байгуулж Азийн хөгжлийн банкнаас гурав орчим сая ам.долларын санхүүжилтийг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудад босгож өгсөн. Сүүлд “Сүү” ХК-ийн удирдлагад ажилласан. Боловсруулах үйлдвэрт ажилласнаар мах, сүүний гэлтгүй энэ салбарын менежмент маш чухал гэдгийг ойлгосон. Жишээ нь, “Сүү” ХК-д ажиллаж байхад 2500 малчинтай шууд харилцана. Малчны хотхоноос сүү авахаас эхлээд тээвэрлэлт, боловсруулна, эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэлх бүх процесст ажилчдынхаа хамт орж, анализ хийж ажилласан. Үндэсний үйлдвэр өөрөө хувьцаат компани байх нь ямар үр өгөөжтэйг давхар судалсан. 

Энэ хугацаанд эмэгтэй хүн удирдах түвшинд ажиллахад өөрийн дуу хоолойг хүргэх, танигдах, хүссэн зүйлээ хийхийн тулд ганцаараа байвал ямар ч боломжгүй гэдгийг ойлгосон л доо. Нийгэмд чиглэсэн ажлуудыг хийхэд намын хүрээлэл, гишүүдийн дэмжлэг хамгийн чухал юм байна гэж үзсэн.  Улс төр, тэнд ажиллаж байгаа найз, нөхөдтэйгөө ч зөвлөлдөж, судалгаа хийсний үндсэнд сонголтоо хийсэн. 

-Сонголтоо хийхэд МАН илүү боломжтой харагдсан гэсэн үг үү?

-100 гаруй жилийн түүхтэй Монгол Ардын Нам XXX Их хурлаа хийж, “Социал демократ үзэл баримтлалтай нам байна” гэдгээ зарласан.  Нөгөө талаар улс төрийн нам нийгмээ даган хөгжиж, шинэчлэгдэж, улс төрийн институци бол хөгжих ёстой гэдэг  байр сууриа илэрхийлж байсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд томоохон ажлуудыг зохион байгуулж эхэлсэн. Товчхондоо Монгол Ардын Намын үзэл баримтлал, үнэт зүйл, өнгөрсөн түүх гээд олон зүйл сонголтоо хийхэд нөлөөлсөн. 

-МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага ээлжит бус хурлаараа нэрээ өөрчилж, Социал Демократ болгоход та Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байх аа?

-Намд элсээд удаагүй байхад Эмэгтэйчүүдийн холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх үе давхацсан. Тиймээс Ерөнхий нарийн бичгийн даргад зориглоод нэр дэвшүүлсэн нь олонхийн дэмжлэг авсан юм. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутахааргүй чадалтай, ачаа үүрдэг, хийж бүтээх эрмэлзэлтэй гэдгийг харуулахыг зорьсон хэрэг. Ялангуяа эрэгтэйчүүдийн харахгүй байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг өөрчилж чадна гэдэг бодолтой байсан. Х.Булгантуяа гишүүн Ерөнхийлөгч, миний хувьд Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Үндсэндээ 120 мянган хүний гишүүнчлэлтэй, 21 аймаг, есөн дүүрэгт салбартай байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр жил орчим хугацаанд ажилласан даа.

-Магадгүй МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах албан тушаал хашиж байсан нь жагсаалтад багтах нэг шалтгаан болсон байх?

-Манай намын хувьд сонгуулийн өмнө нэр дэвшүүлэх журам баталсан. Журмын хүрээнд жагсаалтаар нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  Энэ хүсэлтийг маань намын удирдлагууд хүлээж авсан. Нэгдүгээрт, өмнөх ажлын туршлагууд, мөн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоонд ажиллаж байхдаа хийж, хэрэгжүүлсэн ажлыг маань үнэлсэн байх. Хоёрдугаарт, дөнгөж шинээр эхлүүлээд байсан “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагаанд би идэвхтэй оролцож байсан. Энэ ч бас нөлөөлсөн байх.

-Эмэгтэй хүн, тэр дундаа гадаадад болосврол эзэмшээд ирсэн улс төрч эмэгтэйчүүд дундаас хоршоо, мал, малчин ярих хүн цөөхөн байна? Та ингэхэд яагаад хоршоотой гүнзгий холбогдчихсон юм бэ?

-Би хувийн хэвшилд ажиллаж байхдаа  2500 малчинтай шууд харилцдаг, тэдэнтэй хамтарч ажилладаг байсан. Хэдийгээр олон хүний амьжиргааг залгуулж яваа юм шиг мөртлөө бизнес, эдийн засаг талаасаа ашигтай биш байгааг анзаарсан. Тээвэрлэлт хийхээс эхлээд айл бүрийн сүүг очиж авахад эрсдэл өндөртэй. Олон хүн ажиллуулна, тээвэрлэлтийн зардал их гарна. Эсрэгээрээ тэдгээр малчдыг хоршооны зохион байгуулалтад оруулбал эрсдэл багатай юм байна гэж үзсэн. Малчид олуулаа болох тусам сүүний гарц, чанарт анхаарна. Өрсөлдөөн үүснэ. Үйлдвэрлэгчдэд ч ашигтай. Тогтсон цэгээс авах зэргээр давуу тал олон. Тиймээс Төв аймгийн “Ар гүнт Марцат” гээд анхны хоршоологчдыг байгуулахад “Сүү” ХК-ийн зүгээс дэмжиж ажиллаж байсан. Малчид маань цөөхүүлээ, тархмал байдалтай амьдардаг. Ийм нөхцөлд малчин өрх хувийн бизнес эрхлэх боломжгүй. Малынхаа 30 хувийг өөрсдөө эдийн засгийн эргэлтэд оруулж, амьжиргаагаа залгуулдаг. Харин аргачлал, аргыг нь заагаад өгвөл малынхаа 80-90 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашигтай ажиллах бүрэн боломжтой. Гэхдээ ганцаараа хэзээ ч хийж чадахгүй. Баг хэрэгтэй. Бизнест багаараа явж, урагшилдаг. Үүнтэй адилхан өсч, хөгжье, чинээлэг малчин болъё гэвэл хамтаараа хоршиж ажиллах ёстой. Энэхүү агуулга, зорилт “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй уялдаж байсан болохоор нэр дэвших хүсэлтээ өгсөн юм. Эцсийн шийдвэр гарахад, УИХ-ын гишүүн болж төр рүү ороход, салбар салбарын төлөөлөл байх ёстой гэсэн намын бодлогод илүү нийцсэн болов уу. 

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдсныхоо дараахан Хөдөө, аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих ажлын хэсгийг ахалж эхэлсэн. Ажлын хэсэг өнөөдөр юу хийж байна гэдгээс яриагаа үргэлжлүүлье?

-УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар Хөдөө, аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих ажлын хэсэг байгуулагдсан. Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан  “Шинэ хоршоо”  хөдөлгөөн, УИХ-ын тогтоолоор хэрэгжиж байгаа  “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг уялдуулах, эрчимжүүлэх, дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллах  зорилготой ажлын хэсэг. Одоогийн байдлаар Ажлын хэсгийн түвшинд зургаан удаагийн хурал хийж, танилцуулга, мэдээллээ авсан. Улмаар эдгээр хөдөлгөөн салшгүй холбоотой, интеграцитай ажиллах ёстой юм байна гэж үзсэн. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд замын зураглал гаргаж ажиллах юм. Хэрэгжүүлэх түвшинд биш хяналт тавьж, чиглүүлж ажиллах учраас хөдөө, ахуйн эксперт, ТББ, банк, санхүүгийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Дэд ажлын хэсэг байгуулсан. 

-Сонгууль угтаж малчдын саналыг худалдаж авах гэж байна. Тэднийг нэгдэлжүүлэх нь. Ерөөс социализмын үе рүүгээ шилжлээ гэх зэргээр Засгийн газрын тогтоол гарсан өдрөөсөө эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулсан нь  “Шинэ хоршоо” хөдөлгөөн. Ер нь нэгдэлжих хөдөлгөөнөөс яг юугаараа ялгаатай юм бэ?

-Өнгөрсөн гучин жилийн хугацаанд зуд болохоор өвс аваачиж орхидог, мах сүүний урамшуулал нэртэйгээр цөөхөн төгрөг олгодог, өөрөөр хөдөө аж ахуйн салбараа дэмжлэггүйгээр орхисон.  Үүний үр дүнд малын тоо хэт ихсэж, мал дээрх ажиллах хүч эрс дутагдаж, малаа маллаж дийлэхгүй, малынхаа түүхий эд, бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж чаддаггүй хөдөө аж ахуйн салбартай болж үлдсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд малчдын санал санаачлагыг өрнүүлэх, тэдний хүчийг нэгтгэх, өөрсдийнх нь боломж дээр дөрөөлсөн санхүүжилт олгож, хамтын хөдөлмөрийг дэмжих зорилготой хөдөлгөөн. Үүний үр дүнд анхан шатны дунд шатны үйлдвэрлэлийг бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгож,  ашиг  орлого  олдог малчидтай, шинэ чанартай, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрэглэгчидтэй болох боломжтой. Хоршоог дэмжихийн тулд хөнгөлөлттэй санхүүжилт өгөх  зайлшгүй шаардлагатай. Угаасаа Англи, Японы хоршоо байгуулсан түүх нь бүгдээрээ татаастай байсан. Бойжуулаад хөгжих хүртэл нь дэмжиж ирсэн. 

-Жилд нэг их наяд орчим төгрөгөөр хэмжигдэх нь?

-Зарим хүмүүс зүгээр л зээл нэрээр мөнгө тарааж байна гэсэн өрөөсгөл ойлголттой байх шиг байна. Хоршино гэдэг тийм амар биш. Төслөө бичнэ, банкны шалгуураар орно. Банк өөрөө хариуцаж зээлээ гаргана. Эрсдэл үүсэхээс болгоомжилж банк тодорхой шалгуур тавина. Энэ бүх шалгуурыг давж гарсан хоршоо л зээлээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 556 тэрбум төгрөгийг 4300 хоршоонд олгосон байна лээ. Ойролцоогоор 16 мянган малчин гэсэн үг. Тархалтын хувьд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт маш бага 0.1 хувьай байсан. Бусад 21 аймагт жигд тархалттай. Саяхан баруун бүсээр явж “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдсэн малчидтай уулзаад ирсэн. 

-Малчдын зүгээс ямар саналыг голчлон хэлж байна?  

-Энэ хөдөлгөөнийг улстөржүүлж, янз бүрийн сөрөг мэдээлэл гардаг. Гэхдээ бодит байдал дээр шал өөр байгаа. Нэгдэж нийлээд хоршоо байгуулаад ажиллаж байгаа малчид маань илүү хариуцлагатай, илүү аж ахуйч бас тооцоотой болсон нь анзаарагдсан. Олуулаа нийлээд хадлан тэжээлээ бэлтгээд, хашаа саравчаа бариад өвлийн бэлтгэлээ сайн базааж байна. Цаашид  мэргэжлийн арга зүйн сургалт хэрэгтэй байгаа нь анзаарагдсан. Тиймээс салбарын багш, экспертүүдтэй хамтарч жишиг хоршооны загвар,  мөн сургалтын хөтөлбөр гаргана. Ганцхан “Шинэ хоршоо хөдөлгөөн дээр ч биш, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөнд хамаргдаж байгаа малчид, тариаланчид, ногоочдыг чадавхжуулах, мэдээллээр хангах, эргэх холбоотой ажиллах тал дээр дутагдалтай зүйлүүд бий.  Цаашид давхардал хийдэл гаргахгүй байх, төсөл хөтөлбөрт хамрагдсагсдыг сургах чадавхжуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллах чиглэлээр  Засгийн газар, салбарын сайдтай нь уулзалт хийж байна. Эхний ээлжид ерөнхий зураглал гараад ирвэл олон нийтэд мэдээлэл өгнө.

-Агуулга нь юу байх вэ?

-“Шинэ хоршоо” хөдөлгөөний гол зорилго нь хөдөө, аж ахуйн салбарын түүхий эдийн нөөцийг малчид өөрсдөө бэлтгэхэд чиглэсэн. Анхан шатны хоршоо нь түүхий эдээ цуглуулж, төвлөрүүлнэ. Дундын хоршоо нь тэдгээрийг аваад хагас боловсруулалтын түвшинд ангилан ялгана. Тэндээс эцсийн байдлаар аж үйлдвэрийн паркуудад хүргэнэ. Ханган нийлүүлэлтийн сүлжээний бүтцийг сайн загварчлаад өгвөл энэ салбар хөгжилд ойрхон. Хоршоонд хоршиж байж түүхий эдээ төвлөрүүлнэ. Сүүний салбар гэхэд зах зээлээ түшиглээд Улаанбаатарт төвлөрдөг. Тэр нь буруу биш. Хаана зах зээл байна тэнд бизнес төвлөрдөг, хөрөнгө оруулалт хийдэг. Үүнээс шалтгаалан  сүүний салбар 300-хан км радиусаас бүтээгдэхүүнээ авдаг.

Малчдаас очиж авахдаа хоёрхон цаг тээвэрлэх нормтой. Түүнээс хэтэрвэл шууд гашилна. Ийм нөхцөлд сүүний үйлдвэрүүд нь 300 км радиус дотроо өрсөлдөөд дуусдаг. Гэтэл түүхий сүүний нөөцийн 90 хувь нь орон нутагт байна. Малчин сүүгээ өгмөөр байгаа ч Улаанбаатарт хүргэж чадахгүй. Аймгуудад нь сүүний үйлдвэр байхгүй байна. Үүнийг шийдэхийн тулд боловсруулах үйлдвэрүүдээ хаана байршуулах вэ гэсэн том асуудал урган гарч ирнэ. Үүнийг хоршоологчид өөрсдөө шийдэх учиртай.  Европ, АНУ, Австрали ч тийм байдлаар явдаг. Хэн хийсэн юм гэхээр хоршоод нь өөрсдөө хөгжөөд ирсэн. Маш том ассоциацийн түвшинд хүрсэн. Үйлдвэрүүд нь олон тооны машин худалдаж авах шаардлагагүй. Тэр нь ч буруу. Компанид алдагдалтай. Эсрэгээрээ хоршоод хөгжөөд ирэхээр тээвэр, логистикийн компаниуд хөгжинө. Консалтингийн компаниуд гарч ирнэ. Тоног төхөөрөмж нийлүүлэгчид гарч ирнэ. Дагалдах салбар, ЖДҮ нь хөгжинө гэсэн үг. 

-Эрчимжсэн мал аж ахуйн хөгжүүлэх замаар тоонд биш чанарт анхаарах нь эдийн засаг талаасаа ч үр ашигтай бас хэмнэлттэй биш үү?

-Уг нь зөв. Гэхдээ Монголд бүтэн эрчимжсэн мал аж ахуй эдийн засгийн ямар ч өгөөжгүй. Одоогоор олон хоршоодоор явж амжаагүй байна. Явж үзмээр байгаа. Нэг загвар болсон нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Канад Улсын иргэн Жереми Тиссенийх. Хоршоодууд очиж үзээсэй гэж хүсч байгаа. Монгол үхрийн сүргийн бүтцэд өөрчлөлт оруулчихсан. Яг таны хэлдгээр тоонд биш чанарт нь анхаарсан. Малчид хэлдэг юм. Махны чиглэлээр явахад бордохоос борлуулах хүртэл дор хаяж хоёр жилийн хугацаа зарцуулдаг гэж. Харин Жереми Тиссений ферм 90 хоногт бойжуулаад эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Өөрсдөд нь ч ачаалал багатай. 

Тэгэхээр манайд нутагшуулсан, амжилттай яваа загварыг нэвтрүүлэх нь чухал. Харин импортоор оруулж ирдэг үхэр маш хэцүү шүү. Эрчимжсэн мал ахуйгаар бизнес эрхэлж байсан хүмүүстэй ярилцаж үзвэл нийт өртгийнх нь 70 хувь нь зөвхөн тэжээлд зарцуулагддаг. Европт өдөрт 25 литр сүү гаргаж байсан үхэр энд ирээд 10 литр болж буурдаг. 25 болгохын тулд саравч барьж өгнө, хүн хүчнийхээ тоог нэмнэ. Янз бүрийн тэжээл туршина. Тэр нь үнэтэй. Ингэсээр байгаад зөвхөн 25 литр сүү гаргахын тулд хамаг мөнгө нь тэжээл рүү урсдаг. Байшин сав, тоног төхөөрөмж гээд зардал ихтэй. Тиймээс Монголд нутагшуулсан, зардал багатай загварыг хөрсөн дээр буулгах нь илүү үр дүнтэй. Өөрсдөө ч хөгжөөд явах боломжтой. Ер нь эрчимжсэн мал ахуйг томоохон корпорациуд эрхэлж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах  чиглэлээр хөгжүүлэх нь илүү тохиромжтой. Хагас эрчимжсэн мал аж ахуй байж болох ч Монголын цаг агаарт тохирсон байдлаар явах хэрэгтэй. 

Төвлөрлийг сааруулах, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, бүсчилсэн байдлаар хөгжих хамгийн гол загвар нь “Шинэ хоршоо” юм. Магадгүй хөрсний бүтцээс шалтгаалаад махны чиглэлийн хоршоо сайн хөгжиж болно. Тэр тохиолдолд бүс хоорондын зах зээлийг нээх боломжтой. Баруун бүс нь мах, Төвийн бүс нь тэжээлээ бэлдэх ч юм уу. Эдийн засгийн түншлэл, харилцааг үүсгэж болно.

-Нэг талаар Төрийн оролцоотойгоор хөдөө аж ахуйн салбарыг дэмжих нь зүйн хэрэг. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгчид дотоодоо хангаад, хөл дээрээ босоод ирэхээр импортын татварыг тэглэх нь зөв байсан уу? Төр нь нэг гараараа дэмжинэ гэдэг, нөгөө гараараа нураадаг байж болох уу?  

-Манай бүх юм импортоос хамааралтай гэдгийг “Ковид”-ын үе харуулсан. Ирэх оны төсвийг оруулж ирэхдээ тухайн төсөл, хөтөлбөр нь импортыг орлохоор байвал 90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт үзүүлэлт заалт тусгасан байна лээ. Гэтэл яг харахаар дотоодын үйлдвэрлэл нь хүртэл импортоос хамааралтай байгаа юм. Жишээ нь, “Ковид”-ын үед урд хил хаагдахад хүнсний бүтээгдэхүүний гол нэрийн барааны дутагдал орсон. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачилж, хэрэгжүүлж байна. Дотоодын үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгосноор хүчин чадлаа сайжруулаад яваа. Угаасаа “Хүнсний хувьсгал” тэргүүтэй бүх хөдөлгөөний суурь нь газар тариалан.

Нэг үеэ бодоход төмсөө дотоодоос хангадаг боллоо. Бусад нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүнээ ч тариалж байна. Мах, сүү хоёр бол салшгүй хэсэг. Идсээр ч ирсэн, цаашдаа ч иднэ. Нөгөө талд малын тоо толгойноос үүдэд бэлчээрийн асуудал хүнд байдалд орж байгаа болохоор хоршоод дундаа хувааж ашиглах, тодорхой хэсгийг нь “амраах” байдлаар явах нь зөв. Нийт асуудлын 90 хувь нь хүнээс хамааралтай учраас хэрэгжүүлэх процесс дээрээ алдаж, онох вий гэдэгт санаа зовнидог. 

“Цагаан алт” хөдөлгөөн гэхэд малын арьс, ширэнд нэмүү өртөг шингээж зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн. Малын гаралтай бүтээгдэхүүн манайд хаягдаад байгааг хятадууд мэдчихээд ченж болчихсон байгаа байхгүй юу. Арьс, шир, ноос, ноолуур гэхэд бүгд тэднээс хамааралтай. Өндөр үнэ хэлээд, мөнгөөр “зодоод” л авдаг. Эсвэл малчдад зээл өгөх замаар тоо хэмжээгээ тохирдог. Энэ тогтолцоог аль болох халах, болж өгвөл Биржээр дамжуулдаг байх чиглэл рүү явна. Дундын хоршоо үүсээд, сум дундын логистикийн сүлжээ үүсэхээр ченжүүд аяндаа байхгүй болно.

Улс төрд хамгийн хэцүү нь ямар нэг хөдөлгөөн эхлүүлээд ажиллаж байхад малчдыг өрөнд оруулах гэж байна. Банк дампууруулах гэж байна гээд мэдээллээд эхлэхээр тэр нь даамжирч явсаар яг төслөө бичээд бэлэн болгосон малчинд эргэлзээ төрүүлчихэж байгаа юм. Шууд буруу ойлголт төрүүлнэ. Тэгж явсаар эдгээр хөдөлгөөнөөр дамжин санхүүжүүлж байгаа татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлж, үргүйдүүлнэ. Хүнээс болдог асуудал нь тэр.  

Нэгэнт УИХ дээрээ эрүүл тогтолцоотой баг гарсан болохоор аль болох дэмжээд явах ёстой. Хөдөө, аж ахуйн салбарын эрдэмтэд, багш нар хэлж байгаа юм, биднийг ерөөсөө сонсдоггүй байсан гэж. Хувийн ашиг сонирхлоор явсан төсөл, хөтөлбөрүүд үр дүнгүй, зогсонги байдалд орж ирсний гол шалтгаан нь ч ийм. Харин одоо бол салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор санал боловсруулж эхэлсэн нь өөрөө давуу тал.

-Хөдөлгөөнүүдээр дамжуулж олгож байгаа зээлийн санхүүжилт хэр “шилэн” байж чадаж байгаа вэ? Улс төрөөс хараат бусаар хамааралгүйгээр явж чадаж байна уу? ЖДҮ, ТЭДС, ХААДС тэргүүтэй олон зээлийн эх үүсвэрийг үр ашиггүй зарцуулсан, өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй гашуун сургамж бидэнд бий?

-Яг үнэнийг хэлэхэд “шилэн” байж чадахгүй байгаа. Нэг хүн олон зээл авдаг, авсан зээлээ буцааж төлдөггүй, хариуцах эзэнгүй, эргэж төлөгдөхгүй алга болсон хөрөнгө мөнгө их бий. Тиймээс манай ажлын хэсэг нарийн судалгаа байна. Хөтөлбөрүүдийн  давхацлыг харж байгаад дүн шинжилгээ хийнэ. Үйлдвэрлэлээс ханган нийлүүлэлт, эцсийн хэрэглэгч хүртэлх сүлжээг нь тодорхойлно. Давхацсан тоо болгоны ард мөнгө эргэлдэж байгаа. Тэрийг гаргаж ирсний дараа Ажлын хэсгээс харьяа яамдууд руу саналаа өгнө. Судалгаа шинжилгээ, төлөвлөлттэй байж төсөл хэрэгжүүлж, үр днд хүрэх ёстой шүү дээ, уг нь.

-Ярилцсанд баярлалаа.

UZEG.INFO