МИНИЙ НҮҮР: САЙХАН ЦАРАЙ СЭТГЭЛИЙГ ТОЛЬДОХУЙ
Нүүр бол биеийн салшгүй нэг хэсэг, бүгдэд ил харагддаг. Хувцас биеийг гоёох ч, нүүрээрээ л би хүнд танигдана. Царайлаг хүмүүст илүү боломж олддог талтай. Зарим нэг нь хөөрхөн, царайлаг одуудыг шүтэн биширч, эхээс төрсөн царайг голж, төгс төгөлдөр гоо сайхны араас “ухаан жолоогүй” хөөцөлдөнө.Хүн бүр нүүр царайгаа л гэнэ. Нүд яагаад бүлцийх болов? Нүүрэнд үрчлээ суудгийн учир юу вэ? Хамрын үзүүр яагаад унжих болов? Буйл яагаад шамардаг вэ? Шүднүүд яагаад хөдлөөд байна? Үс яагаад унадаг вэ? Нүүрээ эрүүл чийрэг хадгалахын тулд яах ёстой вэ?
Бид хүмүүсийг царайгаар нь ялгаж таньдаг. Заримдаа биеийнх нь бусад хэсгээр ч таних гэж оролдоно. Миний охид бүр хөлөөр нь ялгаж болно гэж итгэдэг. Мөрдөн байцаагчид хүмүүсийг хурууны хээгээр нь хэн гэдгийг мэддэг бол шүдний эмч шүдээр нь таньж чадна. Нас барсан хүний шүдний байдлаар нь хэн болохыг нь олж тогтоох боломжтой. Учир нь ломбо, бүрээс, гүүрлэсэн шүдэлбэр гэх мэт эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн шүд яг ижил дахин давтагдах боломжгүй. Яагаад гэвэл тоо томшгүй олон хувилбар байх боломжтой. Гэтэл орчин үед хүмүүс шүдний эмчид тогтмол үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлдэг болсон тул шүдээр нь хүнийг эргэж таних хүндрэлтэй болжээ. Өөр олон арга бий л дээ, жишээлбэл генетикийн шинжилгээ. Гэлээ ч хүнийг нүүр царайгаар нь л таньдаг. Нүүр царай дахин давтагдашгүй. Нүүр царай биднийг хувь хүн болгодог. Бид өөрийгөө царайгаараа таниулдаг. Өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг танина, бас танигдана. Гэвч хүн энэ тухай тэр бүр бодоод байдаггүй. Та өөртөө цаг гаргаад яг одоо нүүрээ толинд тогтож нэг хар даа. Өөдөөс тань харж байгаа хүнийг та таних уу? Танил царай байна уу? Эсвэл удаан харах тусам нэг л үл мэдэх санагдана уу? Таны сэтгэл одоо ямар байна вэ? Сайхан ааштай сэтгэл хангалуун байна уу? Царайнаас тань харагдах ёстой доо. Хэрэв та амгалан байвал нүүрний арьс тавируун, нүдэндээ очтой, зовхи үл ялиг үрчлээтсэн, амны булан бага зэрэг өргөгдсөн харагдах вий. Арьс сайхан байгаа нь эсүүд тань эрүүл байгаагийн шинж. Эсвэл яг эсрэгээрээ харагдана уу? Энэ та мөн үү? Үүнийг заавал тайлбарлах хэрэггүй байх. Та өөрөө харж байна шүү дээ. Нүүр таны сэтгэлийг тольдон харуулдгаараа гар, хөлөөс ялгаатай. Хүнийг царайгаар нь шинжих хамгийн боломжтой.Тиймээс ажилд орох анкет дээр цээж зураг наахыг үргэлж шаарддаг. Гэвч сүүлийн үед зураг наалгахыг хориглодог болжээ. Яагаад гэвэл яг л дээрх шалтгааны улмаас! Учир нь шинэ ажилтан сонгоход хүйсийн ялгавар гаргахаас сэргийлж ажил олгогч зургийг нь харах ёсгүй гэнэ. Нүүр царай гэдэг ийм чухал учир ажилд орох анкетаас зураг хүртэл хасах гэж! Ер нь хүний царайнаас хэтэрхий ихийг “олж” уншаад байгаа юм биш биз дээ?
Хүний зан чанарыг нүүрний хэлбэр, онцлог шинжээр нь тодорхойлохыг оролдож байсан цаг үе бий. Энэ салбар “урлаг”-ийг физиогномик гэдэг. Хэрвээ бид шударгаар хариулбал та хэзээ нэгэн цагт хэн нэгнийг царайгаар нь дүгнэсэн л байгаа. Харин танилцсаны дараа тэр хүн бидний сэтгэгдлийг нэг бол эергээр эсвэл сөргөөр өөрчилсөн байдаг. Хөөрхөн царайтай мөртөө хөө шиг дотортой байвал хэнд ч сайхан санагдахгүй. Эртний Герегийн Аристотель хүртэл хүний зан чанарыг царайгаар нь тодорхойлж байжээ. Мөн саяхныг хүртэл Цюрихын ламтан, философич Каспар
Йоханн Лаватэр нүүрний хэлбэр, нүдний зай, хамрын урт, амны хэлбэр хийгээд эрүүний байдлаар нь хүний зан авирыг баталгаатай хэлнэ гэдэгтээ итгэлтэй байв. Энэ маш аюултай. Учир нь муухай царайтай болгон гэмт хэрэгтэн биш. Хөөрхөн царай бүр сайхан аашны баталгаа болохгүй.
2020 оны 9 дүгээр сарын 18