“Миний мэдэхгүй З.Энхболд”
Номын 6-р бүлэг
Номын 6-р бүлэг
НЭГ МЯНГА ЕСӨН ЗУУН ЕРЭН НАЙМАН ОН
1997 онд дотны анд “Хонх”-ын гэгдэх С.Цогтсайхан анд маань монголын мэдээ буюу “ мм ”ангентлагийн даргаар ажиллаад удаагүй байлаа. Нэг оройхон бараг 10 цагийн орчим би Матисс баар луугаа машинтайгаа явж байтал над руу Цогоо залгаад хүрээд ир гэсэн болохоор нь би найзтайгаа уулзахаар үндэсний телевиз дээр давхиж очлоо. Хэдхэн жилийн өмнө гарч явсан хуучин ажлаараа орох сайхан байсны дээр тэр орой Цогтсайхан их л баяртай өрөөндөө сууж байх нь тэр.
-За чи чинь инээд алдаад л яасан сүрхий сууж байх юм бэ яагаав юу болоов?
-Өө найз нь унаатайболох гэж байнаа. Төрийн өмчийн хороон дарга З.Энхболд сая над руу яриад манай гадаа ногоон жийп машин зогсож байгаа тэрийг албандаа ав гэлээ. Тэгээд чамайг дуудсан юм аа, одоо хамт очиж авъя гэж билээ.
-Ийм орой юу? гэж би гайхсан ч түүний жолооч болох Барсаатай найз Цогоотойгоо хамт төрийн өмчийн хорооны байранд шөнийн 11 цагийн үед хүрч очсон билээ.
Хуучин төлөвлөгөөний комиссын хуучин байрны дөрвөн давхарт гарч ирвэл тэднийхэн элдэв өмч хувьчлалын журам боловсруулж байна гээд бүгд тарах болоогүй шинжтэй сууж байх бөгөөд нэг намхан нуруутай нүдээрээ зальжин инээмсэглэсэн эр байх нь төрийн өмчийн хороон дарга З.Энхболд ажээ.
Цогтсайхан тэр хоёр хоорондоо уулзаж ярилцаад бичиг цаасан дээр гарын үсэг зурж хүлээлцээд гадаа нь зогсож байсан ногоон өнгөтэй “ Ниссан Патроль” машинд Цогоо орж сууж би тэндээсээ гэрлүүгээ харих гэтэл анд минь чи миний машинд суу л даа. Би хүргээд өгье, хамт жоохон юм ярья гэж билээ.
Тэгээд бид төрийн өмчийн хорооны байрны гаднаас машинаа сольж Цогоо маань ч дарга хүний ёсоор өмнөх суудалд тухлаад машинаа сонирхож байгаа нь хүүхэд шиг санагдаж байж билээ.
Бид хоёр аар шаарханыг ярьж явахдаа “Энэ Төрийн өмчийн хороо гэж ийм ажилтай газар байдаг юм уу? Тэгээд дарга нь өөрөө хамт ингээд л шөнийн арван нэгэн цагт сууж байдаг юм уу?” хэмээн Цогоогоос асууж билээ.
Цогоо шинэ машиндаа сэтгэл хөөрөөд ногоон өнгөтэйд нь баярлаж би ногоон өнгөнд дуртай ...гээд Барсаа жолоочоосоо машины тухай асууж байсан ч миний гайхсан асуултанд хариу хэлэхдээ;
-Энэ ёстой тамын ажил юм билээ. Дандаа ингээд сууж байдаг юм. Бас үргэлж шүүхдэнэ. Хэн нэг нь өмч хувьчлалд ялагдахаараа л шүүхдэнэ. Энэ Энхболд тэгэхдээ шийртэй бас хуулийн талаар их мэдлэгтэй хүн шиг билээ. Хамт ажилладаг хүмүүс нь дарга дээрээ бүрэн гүйцэд л боловсруулсан юм авч орохгүй бол шууд хараад л өөг нь олдог гэлцэх юм билээ...
Одоо бас орон сууц хувьчлах гэж байгаа ...хэмээн толгой сэгсэрч байж билээ.
Тэр жилдээ манай улсад орон сууцны хувьчлал анхлан эхэлж 1997 оны 5 сарын 10 нд 00001 тоот орон сууц өмчлөгчийн гэрчилгээг иргэн Д.Өлзий – Очирт тэр үеийн хотын дарга Ж.Наранцацралт гардуулж орон сууц хувьчлал эхэлсэн байдаг.
1997 он бол өмч хувьчлал эрчимтэй өрнөсөн жил байсан юм. Өмч хувьчлалын орлого 1997 оны 12 сарын 25 ны байдлаар 1384 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 9.5 дахин буюу 12 тэрбум төгрөгөөр өсчээ.
Мөн орон сууц хувьчлах ажил далайцтай өрнөж нэг жил долоон сарын дотор орон сууцны хувьчлалд хамрагдах айл өрхийн 87.7 хувь нь хамрагдаж нийт 73700 айлын сууц хувьчлагджээ.
Энэ явдлаас яг нэг жилийн дараа Эрдэнэт Төрийн өмчийн хорооныхон хаалга эвдэж орсон гэх дуулиант үйл явдал болов.
Тухайн үед онцгой дүрэм хэрэгжүүлэх комисс засгийн газраас байгуулагдаад түүнд нь татвар, гааль, тагнуул , цагдаагийн бүрэлдэхүүн орсон ч тухайн үеийн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг тамгаа аваад хаашаа ч юм бэ явчихсан, байрыг нь гинжлээд түгжсэн байлаа.
Комиссын дарга З.Энхболд бөгөөд тэр комисс албадын дарга нараар бүрэлдэх ч тэд хойш суусан байр суурь барьцгааж байжээ. Тэд Эрдэнэт хотод байрлан долоо хоног өдөр шөнөгүй хуралдав. Комиссын гишүүдийг тусгайгийнхан хамгаалдаг байсан ч нэг өдөр Мөрөн дарга ирээд тэднийг буулгах шийдвэр гаргав.
Энэ болж буй асуудалд цагдаа оролцох ёсгүй гэж дарга нь тушаасан ч дундаасаа хоёр хүнээ үлдээжээ. Яг энэ үеэр арваад машинтай ангийн эрээн хувцсаар жигдэрсэн залуучууд ирж зочид буудалд байрлав.
Тэднийг гаднаас нь харахад ч сүрдмээр дүр төрхтэй бөгөөд ажилчид жагсаал хийж байгааг ажиглан өнөөх комиссынхонтой шөргөөцөлдөх ажээ.
Хэн явуулсан нь үл мэдэгдэх тэр залуус хоол идэх үеэр нь орж ирээд
-За төрийн өмчийн хорооныхон уу өнөөдөр та нараас хоёроор чинь боодог хийнэ дээ гэх мэтээр далайлгаж эхэлжээ.
Тэр үед Ийгл телевизийн сэтгүүлч Жавхлантөгсийг мөнөөх залуус айлгасан бөгөөд тэрээр цагдаагаас үлдэж хоцорсон нэгэнд энд олон эрээн хувцастай залуус дарамтлаад байна гэж хэлжээ.
Өнөөх энгийн хувцастай цагдаагийн эр тэдний өмнө гарч ирэхэд өнөөдүүл тэгсгээд явцгаасан гэдэг. Өнөөх эр буцаж орж ирээд
-Хачин юм даа. Дандаа эрүүгийнхэн байна шүү. Би ихэнхийг нь мэдэх юм байна гэж хэлж байжээ. Магадгүй цагдаагаас хүн үлдээгүй бол бас мөргөлдөөн ч болж мэдэхээр байсан ч өнөөх хэд хоёр хоноод явчихсан гэдэг.
Ингээд онцгой дүрэм хэрэгжүүлэх комисс шийдвэрээ гаргаж хаалгыг нь эвдэж ороод тухайн үед үйлдвэрийн даргаар томилогдсон Д.Дорлигжав ажлаа хүлээж аваад байтал комиссын дарга З.Энхболдыг төвөөс дуудсан байдаг.
Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга хөдөлмөрийн хууль зөрчиж амралттай байх үед гэнэт ажлаас хууль бусаар халсан гэж шүүхэд ханджээ.
Энэ үед З.Энхболд өнөөх шүүхэд хандсан өргөдлийг олж үзээд Ш.Отгонбилэг нь гэрээт ажилтан тул хөдөлмөрийн хуулиар биш иргэний хуулиар шүүхэд хандах учиртай гэдгийг хуульч хүний нүдээр олж хараад тухайн үед төрийн өмчийн хороонд ажиллаж байсан одоо ч түүний зөвлөх хийж буй А.Гансүхэд өгч өмнөх тогтоолоо эхлээд хүчингүй болгож дараагийн тогтоолыг хийж иргэний шүүхээр ялсан гэдэг.
Мөн төрийн өмчийн хорооны шийдвэрийг эсэргүүцсэн шүүх хурлуудад нэг ч удаа Төрийн өмчийн хороо ялагдаагүйг нарийн бичиг хийж байсан А.Гансүх гэрчлэн ярих ажээ.
Тухайн үед томоохон хувьчлалыг эхлүүлээгүй, тавиас дээш ажиллагсадтай байгууллагыг том аж ахуйн нэгж хэмээдэг байсан төдийгүй 2000 онд МАХНам сонгуульд ялж засгаа байгуулсны дараа “Худалдаа хөгжлийн банк” ХХК дараа нь залгуулаад “Нефть импорт концерн” ХК ( НИК ) “Төрийн өмчит даатгал компани” ХК, “Архи, пиво, ундаа” ХК (АПУ) гэх мэтээр гол гол том объектын хувьчлал МАХН-ын эрх барьж байх 2000-2004 оны үед болсон байдаг.
Мөн энэ үеэс “УИД”ХК, “Сэлэнгийн гурил тэжээлийн үйлдвэр” ХК “Говь” ХК нууд хувьчлагдсан билээ.
Одоо тэрээр тэр үед бид тэрбум долларын ашиг бүхий Эрдэнэтийг нэг хүний хувийн компани шиг байсныг өөрчилсөнтэй одоо бол хэн ч маргахгүй байх.
Манай улсад хамгийн их дуулиан шуугиантай өнгөрсөн он бол энэ бүлгийг гарчигласан 1998 он байдаг. Энэ онд өмч хувьчлатай холбоотой ч байж болохоор маш олон үйл явдалууд болж өнгөрсөн.
Тэр жил С.ЗОРИГ алагдсан 17 чингэлэг спиртын гэх зохиомол хэрэг мандаж би хүртэл хэлмэгдэн хоригдож байлаа. Мөн энэ жил миний кино дэлхийгээс шагнал авч эхэлсэн бол нийт нийгэм нэг л сонин гэмт хэрэгжсэн орон болчихоод байсан жил юм.
“Эрдэнэт”-ийн удирдлагуудыг татан буулган комиссын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан А.Гансүх тухайн үеийн нөхцөл байдлын талаар “Тухайн үед Эрдэнэт хотод эмх замбараагүй бий болчихсон байсан. Аймгийн Засаг даргын хайхад олдоогүй. Аймгийн Засаг даргын орлогчийг авч ирсэн. Орлогч Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн. Цагдаагийн дарга нь төрийн албан хаагч, төрийн байр сууриа хэрэгжүүлэхгүй ээ гэж хэлдэг. Ийм л байр суурьтай болчихсон байсан. Мөн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Гэзэгт “Хэдэн төгрөг өгвөл УИХ тарах юм бэ” гэж хэлж байсан. Ийм үгийг ил тод төрийн байгууллагын дарга нарт хэлж байна гэдэг чинь төрийн эсрэг дугарч байгааагаас ялгаагүй биз дээ” хэмээн ярих.
Тухайн үедээ 31 настай байсан Төрийн өмчийн хороон дарга З.Энхболд “Эрдэнэт” үйлвэрийн мөнгөөр аймгийг худалдаад авчихсан, өөрийн вант улсаа дөвхнүүлж байсан нөхрийн өөдөөс юунаас ч айхгүй “Төр өмчөө мэдээд юмаа хийж байна. Энэ үйлдвэр бол төрийн өмч. 51 хувийг нь төр эзэмшдэг. Отгонбилэгийн хувийн өмч биш. Засгийн газрын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ажилчид бүгд халагдаж болно” гэж хэлж, тухайн үед хар хүний өмнөөс шар хүн болон дугарсан орлогч дарга нарын өөдөөс “Би төрийг төлөөлж энд ирсэн. Энд сууж байгаа дарга нарт би цалин өгч ажиллуулдаг учраас миний шийдвэрийн өөдөөс эсэргүүцэх эрхгүй шүү” гэж хэлэн амыг нь таглаж чадснаар тухайн үедээ дангаараа Монгол Улсын эдийн засгийн 40 гаруй хувийг бүрдүүлж чаддаг байсан “Эрдэнэт” үйлдвэрийг түүнээс чөлөөлж чадсан.
Гэвч тухайн үед Отгонбилэг агсан өөрийн үнэгүй угжаа төрд булаалгахыг зүгээр хараад сууж чадаагүй учраас үйлдвэрийн ажилчдыг өдөөн турхирч өлсгөлөн зарлуулах дээрээ тулж байсан түүхтэй.
Тухайн үед З.Энхболдоос өөр нөхөр энэ Засгийн газрын энэ даалгаварыг өвөртлөөд Эрдэнэтийг зорьсон бол зугтаад алга болох байсан биз хэмээн учир мэдэх зарим нь ярих. Ямар их эсэргүүцэл, дарамттай тулсныг дээр дурьдсан. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрдэнэтэд очиж Отгонбилэг агсныг хайж явахад тэрээр нисдэг тэргээр аль хэдийнэ нийслэлд ирчихсэн хэвлэлийн хурал хийлгэж байсан. Тэрээр “Учраа мэдэхгүй хэдэн хүүхэд сагсуурч байна” хэмээн мэдэгдэж байсан байдаг.
Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажиллаад, өрөндөө баригдчихаад байхад Отгонбилэг агсны хувийн компани улс орныг ч худалдаад авчих хэмжээнд хөл дээрээ босоод байсныг улс орон даяар мэдэж байсан нь тухайн үеийн үйл явдлын гэрч болсон хальснуудад баримт болон үлдсэн байдаг.
Гэтэл Отгонбилэг агсныг солих асуудлыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хамгийн ихээр эсэргүүцэж байсан гэдэг. Отгонбилэг агсны даргаар ажиллах хугацаа нэгэнт дууссан учраас Засгийн газраар хэлэлцээд түүнийг дахин сонгохгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэр гарах болсон шалтгаан нь Отгонбилэг агсан “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллах хугацаандаа алдагдалтай ажиллаад зогсохгүй дуртай үедээ татвараа өгдөг, дургүй үедээ татвараа өгдөггүй болсон байсан нь түүнийг хэнбэ гуай ч хамгаалан авч үлдэж чадахгүй том шалтгаан байсан.
Элбэгдоржийн дараа Да.Ганболдыг ерөнхий сайдад долоон удаа өргөн бариад буцаагдсан нь ч энэ хэрэгтэй холбоотой. Сүүлд Наранцацралт агсан Ерөнхий сайд болсон ч томоохон тохироо хийгдсэн байдаг. Энэ талаар дор өгүүлнэ.
Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн өр болон хөрөнгийг тооцож үзэхэд 449 сая төгрөгийн өртэй ч, 43 сая төгрөг төгрөг л дансанд байв. Гэтэл энэ зөвхөн асуудал биш байв.
Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилладаг хувийн, хувьсгалын арав гаруй компанийг нийлүүлэн “Эрдэнэт” концернийг байгуулсан байдаг. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийг гадаадад төлөөлөх асар том субект хэдий ч компаний 10 хувийг л Эрдэнэт эзэмшдэг, Отгонбилэг агсан өөрийн удирдлагад ажилладаг зургаан захирлын хамт байгуулсан “Инженер” гэх компани 60 хувийг нь эзэмшдэг болох нь тогтоогдсон байдаг. Ийм асуудал монголд өрнөж байхад орост бас нэгэн үйл явдал өрнөж байв.
Оросууд өөрсийн эзэмшдэг 49 хувиа “За рубертс цветмет” компанид 250 мянган доллараар худалдчихсан нь тухайн үеийн ханшаар бодоход белазны хоёр дугуйнаас өгчихсөн гэсэн үг.
Гэтэл хоёр орны дунд хийгдсэн гэрээнд “ОХУ эзэмшиж буй хувиа худалдах бол Монголын талаас асууж, авах боломжтой эсэхийг нь асуух ёстой” хэмээн заасан байсныг зөрчсөнийг Төрийн өмчийн хороонд даргаар ажиллаж байсан З.Энхболд илрүүлж, асуудал болгон ОХУ-ын Төрийн өмчийн дарга Алфред Кох руу захидал бичсэнээр энэ хэргийн араас мөшгиж эхэлсэн.
Яг үүнтэй зэрэгцэн Ерөнхийсайд Ж.Наранцацралт ОХУ руу алдарт захидлаа бичсэн хэрэг. Энэ захианд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан нь монголын тал татгалзах зүйлгүй хэмээн бичсэн нь дээрх Ерөнхий сайдын суудлын төлөөх тохироо байсан ч тэрээр энэ асуудлаас болж Ерөнхий сайдын суудлаас огцорсон юм.
Ийн 1997-2007 он хүртэл Энхболд “Эрдэнэт”-ийн хойноос хөөцөлдсөөр хувьд шилжсэн 49 хувийг Оросын Засгийн газар буцаан авсан. Тэрээр өдгөө энэ талаараа “Төрийн өмч хувьд очсон байсныг буцааж төрийн өмчид шилжүүлсэн” л ажил хэмээн даруухан ярьж суух.
Тухайн үед Отгонбилэг агсны талд ажиллаж байсан захирлуудаас “Бие жижиг ч бэлчээр том гэж чанга нөхөр байсан байна лээ. Одоо ч гэсэн егзөр нөхөр” хэмээн дурсах.
Ер нь цаашдаа манай сэтгүүлч, нийтлэлч нар 1998 оны түүхийг нарийн эрэн сурвалжилж задлан бичвэл маш хачин ээдрээтэй и детектив киноны зохиол шиг үйл явдлын холбоос хөврөхөөр юм билээ...