Монголын Социологийн VII симпозиумд зориулав.


ДУНДАЖ ДАВХАРГЫН ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТ

Дундаж давхарга бол аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч төдийгүй улс төрийн болон нийгмийн амьдралд тогтворжуулагч нөлөө бүхий хамгийн том сонирхлын бүлэг байдаг. 

Хүн амын доторх бусад бүлгийнхэнтэй харьцуулахад тэд ханьцангуй өндөр боловсролтой, ажил, мэргэжлийн өндөр ур чадвартай. Тиймээс нийгмийн эдийн засгийн болоод улс төр, олон нийтийн амьдралд идэвхтэй оролцогчдын дийлэнх хэсгийг дундчууд бүрэлдүүлдэг байна.

Дундчуудын тухай ойлголтын хувьсал өөрчлөлт

XYIII   Зуун
1745 онд   Английн эдийн засагч Джеймс Брэдшоу дундчуудыг “Тариаланчид болон баячуудын завсрын   бүлэг” гэж тодорхойлсон гэдэг. (Edited   by Brendan Bradshaw and John Morill, , The British Problem c.1534-1707: State   Formation in the Atlantic Archipelago, 1996)
Аж үйлдвэржүүлэлтийн эринд   Англи, Францад хөрөнгөтөн анги нь дундчуудын   байдлаар эхлээд худалдааны хүрээнд бүрэлдэж, улмаар аж үйлдвэржилтийн   хөгжлийн хэрээр капиталын хуримтлал нэмэгдснээр сурвалжит баячуудтай өрсөлдөхүйц чинээлэг баячууд буюу   капиталистууд бий болсон.

ХХ Зууны эхэн үе
Ажилчин анги, хөрөнгөтнүүдээс аль алинаас нь ялгарч гарсан албан хаагчид, мэргэжилтнүүд,   мененжерүүд, хөлсний ажилтнуудын тусдаа нийгмийн бүлэг болж төлөвшсөн. Жижиг бизнес эрхлэгчид ч үүнд   хамаарах болсон. Энэхүү бүлгийн гол онцлог нь оюунлаг, боловсролтой хүний   капиталыг бүрэлдүүлж байдагт орших болсон.
“Дундаж анги” гэх нэр   томъёог 1913 онд Их Британийн статистикч Т.Х.Г.Стевенсон (Thomas Henry Craig   Stevenson) анх   хэрэглэж, энэ ангид хамаарах мэргэжилтэн, мененжер, төрийн албан хаагчдыг   “нийгмийн капитал” хэмээн үнэлжээ

ХХ Зууны II хагас
Банк,   даатгал, хөрөнгийн зах зээл гэх мэт санхүүгийн капитализм хөгжихийн хэрээр   хөлсний хөдөлмөрийн өндөр орлого бүхий мэрэгшсэн санхүүчид, удирдагчид, “цагаан захтнууд” буюу дундчуудын бүхэл   бүтэн дээд давхарга бий болсон нь нийгмийн дундаж ангийн хүрээг эрс   нэмэгдүүлсэн.

XXI Зуун
Шинжлэх   ухаан, технологийн аугаа их үсрэлтийн үр дүнд жижиг дунд бизнес эрхлэгчид шинэлэг санаа оноо, бүтээлч   үйлдвэрлэл, арвилан хэмнэлтэд тулгуурласан шинэ сонгодог эдийн засаг   (neoclassical economy)-ийг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэгч дундаж   ангийн төлөөлөл болж тодрон гарч ирэв.


Дундчуудын өнөөгийн байдал

ХХ Зууны хоёрдугаар хагасаас социологийн шинжлэх ухаанд бас “дундаж ангийн дээд давхарга” гэдэг нэр томъёо хэрэглэгдэх болсон. Социологийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг, Германы философич Макс Веберийн т“давхараажилтын онол”-оор “Дундаж анги” гэдэг бол нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаараа ажилчин анги, дээд ангийн хооронд буюу орчин цагийн нийгмийн төвд оршдог бүлэг хүмүүсийг (Tony Waters, Weber’s Rationalism and Modern Society New Translations on Politics, Bureaucracy and Social Stratification, New York, 2015)ойлгож болно. Дундаж ангийн дээд давхаргын хувьд авч үзэхэд дундаж ангийн доодчуудаас ялгарах онцлог нь өндөр боловсрол гэж Вебер үзэж байжээ.

Тэгвэл XXI Зууны жижиг, дунд бизнес эрхлэгчид боловсрол, уйгүй хөдөлмөрч чанар, арвич хямгач байдлаараа ХХ Зууныхнаасааялгарч, бизнесийн шинэ бүтээлч санаа, хөрөнгийн хуримтлал, хүн ам зүйн бүлгийн шилжилт, нягтралшлыг бий болгож буй дундчуудын шинэ бүлэг (OECD DEVELOPMENT CENTRE, Working Paper No. 285, The Emerging middle class in Developing countries, Homi Kharas, 2010)болоод байна.

Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD)-ын дүгнэлтээр 2010 оны байдлаар дэлхий дээр нийт 1,8 тэрбум хүн ерөнхийдөө дундаж ангид хамрагдах болсон (OECD, 2011) байдаг. Тэдний дотор 1 тэрбум насанд хүрэгчид нь орлого 10000-100000 ам.долларын орлоготой дундчууд болсон. Үүнийг “Credit Suisse” Банкны 2014 оны Баялагийн тайланд (Global Wealth Report 2014, Credit Suisse) дахин нотолсон. 

Дэлхий даяар дундаж ангийн хүмүүсийн эзлэх хувийн жин 2020 онд 3,2 тэрбум болж улмаар 2030 онд 4,9 тэрбум (OECD DEVELOPMENT CENTRE, Working Paper No. 285, The Emerging middle class in Developing countries, Homi Kharas, 2010)–д хүрнэ гэж судаачид үзэж байна. 

Дэлхий дахины хэмжээнд авч үзвэл, XXI Зуунд Хойт Америк болон Европын дундаж хэрэглэгчид дэлхийн эдийн засгийн “хэрэгцээ”-ний эх сурвалж болж байгаа бол Азийн дунд болон бага орлоготой улс орнуудын тэдний “нийлүүлэлт”-ийн үндсэн эх үүсвэр (OECD DEVELOPMENT CENTRE Working Paper No. 347, The middle class in Emerging Asia: Champions for more inclusive societies?, Antoine Bonnet and Alexandre Kolev, 2021) болсоор байгаа. 

Гэхдээ дэлхий нийтээр дундчуудын тоо эрчимтэй нэмэгдэх гол эх үүсвэр нь Дэлхийн тэргүүлэх том эдийн засаг болох Ази, түүний дотор эрэлт хэрэгцээ нь огцом өсч, АНУ-ын дундчуудыг гүйцэж түрүүлж буй БНХАУ, Энэтхэгийн дундчууд, байх төлөвтэй.

Энэ Зуунд шинжлэх ухаан, цахим технологи, хиймэл оюун ухааны салбарт гарч буй IV хувьсгал жижиг, дунд бизнесийн орчинд гарааны бизнес, инкубаторын орчны цоо шинэ нөхцөл байдал үүсч, бонд, хувьцаа, койн зэрэг хөрөнгийн шинэ урсгал, санхүүгийн төвлөрөлтийг бий болгож буй нь нийгмийн залуу “Z” үеийнхнийг нийгмийн үсрэнгүй шилжилт хийж, чинээлэг дундчуудын эгнээг тэлэхэд хүргэж байна. Үүнд гарааны бизнес эрхлэгчид, IT инженерүүд, ESport-ыг тоглогчид, хувиараа хувьцаа наймаалагчид, цахим худалдаа эрхлэгчид, зарим influencer, bloger, чөлөөт уран бүтээлчид, мэргэжлийн тамирчид зэрэг харьцангуй өндөр бөгөөд тогтмол орлоготой дундчуудын шинэ бүлгийг эн тэргүүн хамруулан ойлгох шаардлага гарч ирж байна.

Зарим улс орны дундчуудын онцлог

Дундаж ангийн байдлыг хөгжингүй болон хөгжиж буй зарим орнуудаар ялгавартайгаар авч үзэж болно. 

АНУ. АНУ-д ХХ Зууны сүүлээс хүн амын олонхи нь өөрсдийгөө дундаж ангид хамааруулж, ажилчдаас ялгагдах дээд анги хэмээн өөрсдийгөө үзэх болсон байна. Тэд нийгмийн дундчуудын нөхөн үйлдвэрлэлийн бодлогыг хатуу хэрэгжүүлж чадаж байгаа гэж хэлж болно. Үүндээ дундаж ангийн хүүхдүүдийг амжилттай иргэд болгон төлөвшүүлэхийн тулд Америкийн дундаж ангийнханд зориулсан боловсролд тулгуурласан бүрэл бүтэн тогтолцоог бий болгож чадсан. Тэд өөрсдийнхөө хөрөнгө зоорийг үр хүүхдүүдийнхээ амжилттай суралцаж, боловсролтой иргэн болоход нь эн тэргүүн зарцуулдаг болжээ. 

Америкийн дундаж ангийн дээд давхаргыг орлого, боловсрол, ажил эрхлэлтийн байдлаар нь тодорхойлодог бөгөөд эдгээрт юуны өмнө дундаас дээш орлоготой, харьцангуй бие даасан ажил эрхлэдэг, боловсролын түвшингээрээ тэргүүлдэг, өрхийн орлого нь 100000 ам.долларыг давдаг бодлого боловсруулагчид, хуульчид, эмч нар, сэтгэл зүйчид, мэргэшсэн нягтлан бодогчид, эм зүйчид, инженерүүд, хот байгуулалтын мэргэжилтэн, архитекторууд, их, дээд сургуулийн багш, судлаачид, төрийн албан хаагчид гэх мэт “цагаан захт” мэргэжилтнүүдийг хамааруулдаг байна. 

Гэвч дундчуудын эзлэх хувийн жин буурч байгааг судалгаа харуулж байгаа. АНУ-ын Засгийн газрын тоо баримтад тулгуурлан “PEW” Судалгааны Төвийн хийсэн судалгаагааны дүгнэлтээс харахад сүүлийн 50 жилд АНУ-д дундаж анги мэдэгдэхүйц цөөрсөн байна. 1971 онд хүн амын 61 хувийг бүрэлдүүлж байсан дундаж орлогтой иргэдийн тоо 2021 он гэхэд 50% болжээ. (PEW Research Centre, 2022)

Үүний учир нь нэг талаас 1971 онд 14% байсан өндөр орлоготой иргэдийн нийгэмд эзлэх хувийн жин 21% болж өссөн сайн талтай хэдий ч 25% болж байсан бага орлоготой иргэдийн хувь 29% болж нэмэгдсэн тааруу хандлагаас хамааралтай ажээ.

Дундаж давхаргаа хамгийн их судалсан АНУ-д ажил эрхлэлтийн түвшинд онцгой анхаарч, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, жижиг, дунд бизнесийг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн насныхныг дэмжсэн идэвхтэй бодлого явуулдаг байна. Судалгаагаар тус улсын жижиг бизнес эрхлэгчдийн 97 хувь нь дундаж давхаргадаа хамаардаг ажээ.

Харин нийт хүн амын 15 хувь нь дундаж ангийн дээд давхаргад хамаарч байгаа бөгөөд орлогын хувьд эдгээр нь хувь хүний орлого 46000-62500 орчим ам.доллар, өрхийн орлого нь зургаан оронтой тоотой байдаг. Тухайлбал, сувилагч-бага эмч хүн 55000 ам.долларын орлоготой байхад өмгөөлөгч жилд 95000 ам.долларын орлоготой байх жишээтэй. Ер нь дундаж ангийн өрхүүд амьдарч буй муж, хот, дүүрэг зэргээс хамаарч бодит орлого нь өөр өөр байдаг талтай. 

Их Британи. Их Британид дундаж ангийн байдал Америкаас бага зэрэг ялгаатай. 2011 оны байдлаар нийт Британичуудын дөрөвний гурав буюу 75 хувь нь өөрсдийгөө дундчууд гэж нэрлэх болсон байна. Гэхдээ өндөр орлогодоо тулгуурлан өндөр боловсрол эзэмшсэн уламжлалт хандлага дундчуудын дээд давхаргад нь давамгайлдаг онцлогиой хэвээр. Энд бас уламжлалт соёлын харилцаа, тэр байтугай хэл, яриа хүртэл анги, бүлгийн ялгаварлалд давамгайлах нөлөөтэй байдаг. Тухайлбал, Лондонгийн баян хорооллууд, Зүүн Өмнөд Английн ханлигуудад дундаж ангийн дээд давхаргынхан давамгай амьдардаг байна. Энэ бүлгийн хүүхдүүд жилдээ 33 мянга орчим фунт стерлинг төлдөг Британийн нөлөө бүхий дунд, ахлах сургуулиудад суралцаж, улмаар нэр хүндтэй Их сургуулиудыг төгсдөг байна. Бусад талаар британичууд Америкийн дундчуудаас их ялгарахгүй байна.

Барууны орнуудын, түүний дотор Их Британийн туршлагаас харахад Засгийн газрыг хариуцлагатай болгоход нөлөөлж чаддаг, татвараа төлснөөр нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг эдийн засгийн хувьд хүчирхэг дундаж давхаргатай байж чадвал тэдний нөлөөн дор ядуучууд хүртэл хувь хишиг хүртэх боломжтой болдог аж. Эдийн засаг тогтвортой байж чадсанаар дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувийг нэмэгдүүлэх боломж илүүтэй бүрддэг байна.

Тэгвэл дундаж ангийн байдал хөгжиж буй орнуудад ямар байдалтай байгааг авч үзье. 

ОХУ. Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн 2015 онд хийсэн судалгаанаас үзэхэд Оросын хүн амын 15 хувь нь баттай “дундаж анги”-д хамаарч байгаа бөгөөд тэдгээрийг хүрээлээд 25 орчим хувь нь дундчуудын доод заагыг бүрдүүлж байдаг байна. 

БНХАУ. Харин БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судалгаагаар 2003 оны байдлаар Хятадын хүн амын 19 хувь нь 18000-36000 ам.долларын орлоготой дундаж ангид хамаарагдаж эхэлсэн бол тэдний цар хүрээ улам өссөөр байгаа аж. Брооклинг Институтийн судалгаагаар 2009 онд БНХАУ-ын дундаж давхаргын хүн амын хэрэглээ дэлхийн нийт хэрэглээний 4 хувийг эзэлдэг байсан бол 2020 он гэхэд 13 хувь, 2030 онд 18 хувь хүрэх тооцоо гаргажээ. 

Энэтхэг. Харин Дундаж ангийг судлах Германы Хүрээлэнгийн 2014 онд Энэтхэгт хийсэн судалгаанаас харахад Энэтхэгийн хүн амын 8 хувь нь дундаж ангид хамаарч байна. 

Африк. Тэгвэл “Стандарт Банк”-наас Ангол, Эфиопия, Гана, Кения, Мозамбик, Нигери, Судан, Өмнөд Судан, Танзан, Уганда и Замби болон ӨАБНУ зэрэг Африкийн 11 орны15,3 сая өрхийн аж ахуйн хэмжээнд 2014 онд хийсэн судалгаанаас үзэхэд Өмнөд Африкийн эдгээр орны хүн амын 10-20 хувь нь дундаж ангид хамаарч байгаа юм байна. Мөн онд Германы хөгжлийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар Сахараас урдуур орших эдгээр орнуудад 1990-2010 оны хооронд дундаж ангийн тоо 14 саяаас 31 сая болж өссөн дүн харагдаж байна. 

Гэхдээ шалгуур үзүүлэлт нь орон бүрт харилцан адилгүй байснаас гадна дундаж африкчууд өдөрт 10-20 ам.долларын буюу жилдээ 3500-7500 ам.долларын орлоготой байдаг ажээ. Ийм орлоготой дундчуудын тоо 2004 онд 4,4 хувь байсан бол 2014 онд 6,2 хувь болж өссөн дүн гарчээ. Эдгээр дотроо хамгийн эрчтэй хөнжиж буй ӨАБНУ-ын хүн амын 21,3 хувь нь дундчууд болсон байна. 

Латин Америк. Латин Америкийн улс орнуудад бараг 300 сая “дундаж давхаргынхан” амьдарч байгаа нь Хятад болон Энэтхэгийн дундаж давхаргынхныг нийлүүлснээс ч их болж байгаа ажээ. Энэ тивд сүүлийн 20 гаруй жилд дундаж давхаргынхан бараг хоёр дахин өсчээ.

Дүгнэлт

Дээрх цөөн тоо баримтад дүн шинжилгээ хийж үзэхэд хөгжиж байгаа улс орнуудын Засгийн газраас дундаж давхаргад зориулан хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд ижил төстэй байна. Үүнд: 

  • Хятад, Энэтхэг, Латин Америкийн орнуудын хувьд тэд эдийн засгийг хөдөлгөгч хүч болох дундчуудыг дэмжихийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татах зөв зүйтэй бодлого явуулж байгаа нь дундчуудын өнөөгийн огцом өсөлтөд хүргэжээ.
  • Эдийн засгийн өсөлт, орлогын тэгш хуваарилалт нь дундаж давхаргын өсөлтийн гол түлхүүр болдог. Эдийн засгийн өсөлтийн түвшин ба дундаж давхаргын өсөлтийн хэмжээ хооронд эерэг хамааралтай аж. Орлогын тэгш бус байдал буурч буй орнуудад дундаж давхаргын байр суурь өсөн нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Үүнд авилга, хээл хахуул, санхүүгийн луйвартай тэмцэх шударга ёсны тэмцэл онцгой ач холбогдолтой.
  • Дундаж давхарга нь улс орон бүрт бол эдийн засгийг тогтворжуулагч төдийгүй дотоодын хэрэглээг өсөн нэмэгдүүлэхэд гол хөдөлгөгч хүч нь болдог. Дундаж давхарга өсөхийн хэрээр татварын орлого нэмэгдэж, улмаар нийгмийн суурь үйлчилгээнүүдэд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, хүртээмж ч дээшлэнэ. 
  • Аль ч улс оронд дундаж давхарга улсынхаа макро эдийн засгийн тогтвортой орчноос ихээхэн хамааралтай байдаг. Эдийн засгийн тогтворгүй байдал тухайлбал, төсвийн алдагдал, мөнгөний муу болон буруу бодлого, тогтвортой бус бодлого, хөтөлбөрүүд, мөнгөний ханшийн уналт зэрэг нь импорт, инфляцийг нэмэгдүүлж улмаар дундаж давхаргын төлөвшилд сөргөөр нөлөөлдөг. 


ОББЭЭ, Доктор (Ph.D.) Б.ЭНХМАНДАХ                                                          2023.06.23