Мартахгүйн тулд бичнэ

Өөрийгөө итгүүлэх гэж үүнийг бичиж сууна. Эрхэм хайрт ахыгаа, эрдмээр амьдрахад сургасан багшийгаа, итгэл сэтгэлийн илч нь одоо ч дэргэдээс төөнөсөөр буй сүнсний анд нөхрөө тоост ертөнцийн наран тойргоос холбирч одсон гэдэгт итгэж чадалгүй долоо хоног үлгэн салган явлаа. Гэхдээ итгэх хэрэгтэй. Цогц бие нь үгүй болсныг ухаарвал мунхаг хүмүүн оюун санаатай нь холболгдож чадах нь юуны магад. 

Багш минь надад хүч тэнхээтэй байхыг үгээр ч, үйлдлээр ч үргэлж сануулдаг байв. Хувь тавилангийн эргэлт ирэхэд толгой өндөр тосох ёстой, бичгийн хүний хамгийн гол чанар энэ юм гэдэг байв. Тэрбээр өөрийн багш суут найрагч Очирбатын Дашбалбарын амьдралаас жишээлэн ярина. Тэр нь омог бардам байх хийгээд хайрлан энэрэхүйн тухай байдагсан. Багшийн минь амьдралын дууриал багш нь байсан юм. Багшийг нь хүмүүс алгуурхан мартаж буйд тэр эмзэглэдэг байлаа. Багшийнхаа тухай бичсэн эсээнүүдээ 2018 онд эмхэтгэн хэвлүүлж, багашаархан хүрээндээ бид хэд хөл хөөр болсонсон. Тэр номын төгсгөлд ийм үгс бий: 

“...Түүнээс (О.Дашбалбар) хойш шударгууд урьдын адил ганцаардаж, шуналтнууд урьдын адил бөөрөлхөж, нэр олохын тулд яахаас ч буцахгүй “нэрт сэтгүүлчид” захиалсан эздийнхээ алтан “дохиур”-аар бүгдийг гялайлгаж, олныг хуурч, үнэнийг нууж байна. “Үнэн хаа байна” гэж асуусан бүгдийн өөдөөс үнэмшмээргүй “домог” зохиож, “маргааш гэхэд л нар мандана” гэж магад хуурсаар он удаж байна. Харанхуй бүдүүлэг, соёл эрдэмгүй байдал дунд “мартагдсан омгийнхон” мэт болох харамсмаар маргааш л хаалга үүд онголзуулж, харийн гар хөл бологдсод Манжийн үеийн ноёд шиг магнаг дээл, ногоон мөнгө шүтэж манай ирээдүйг балалсаар байна. Түүний хайртай Д.Нацагдоржийн хэлсэн “хөмөрсөн тогоон дотор” гэрэл тусгах саруул оюунтай залуусыг ад үзэж, дээгүүр санаатай, доогуур гүйдэлтэй “хархнууд” зай завсар бүхнийг эзэлчихээд холбоо сүлбээгээрээ хориг тавьж, хойчийн хэрэгт тээг болж, хожмын явдалд “гай” тарьсаар байна...“

Энэ бол эмзэглэл. Их зохиолч Доноровын Намдаг “авьяас бол эмзэглэл” гэж тодорхойлсныг П.Батхуяг багш үргэлж эш татна. Өөрөө чухам эмзэг, ямар ч зүйлд хачирхмаар мэдрэг ханддаг хүн байлаа. Амьдралын аж ерийн явдалд дунд эмзэглэн, сэжиглэж, шуудхан биеэ хураах, эсхүл дөлөн холдохыг нь би өөр дээрээ ч, өрөөлийн дэргэд ч олон удаа харсан. Тэр хэр хэмжээ, хязгаарыг ямагт сануулж, өөрөө мөрдөхийг хичээнгүйлдэгсэн. Хязгаараа давсан аливаа хэтэрхийллийн тухай тэсгэлгүй биччихдэг, тэрнээсээ болж замгүй олон хонзогногчдыг ойр холдоо цуглуулсан хүн байлаа. Очирбатын Дашлбалбар найрагчийнхтай эгээ адил зан суртахуун. 

Багш минь багшийнхаа тухай номын эхэнд бас ийм үгсийг цохон өгүүлжээ: 

“...Мартах учиргүй болтлоо “бие даасан” хүчирхэг хүмүүс аль ч үндэстний дотор байдаг. Хэрэв тэдгээр хүмүүсээ мартаж эхэлвэл тэр үндэстэн оюун санааны хувьд бүрэн мөхлийнхөө замаар “галгиуллаа” л гэсэн үг. Нөгөө талдаа үндэстэн оршин тогтнохын хамгийн чухал үзүүлэлт “хүчирхэг” сэхээтнүүдийнхээ оюун санаан дээр тогтож байдгийг бид мартаад байгаад змзэглэх...”

Багш минь сүлд болгон хайрладаг хэдэн сайхан зохиолчтой байв. Тэдний нэг нь Пүрэвжавын Баярсайхан агсан. “Өндөр” Баяраа зохиолчийн тухай багшийн нэг эсээ ингэж эхэлдэг юм. 

“...Мартагналын сүүдэр бүү дайраасай гэж олон хүний өмнөөс би шаналдаг. Заримдаа бүр зүрх шимшрэн шимшрэн шаналдаг. Учир нь амьдарч буй цаг үе минь мартах ёсгүй хүмүүсээ мартчих гээд байгаа болохоор. Тэгээд ч гуч хүрсэн насны ухаарлаар амьд хүнд хайр, харин алга бологсдод үнэн, хамгийн гол нь үнэн ”алдар” хэрэгтэй юм байна гэж санах болсон.  

Хэрэв надаас “хорвоогийн хамгийн гунигтай нь юу вэ?” гэвэл  ямар ч эргэлзээгүйгээр “мартах” гэж хариулмаар байна. Ерөөсөө хүмүүн гэдэг амьтан мартаж чаддаг учраас амьд явдаг ч гэж хааяа хааяахан санадаг. Гэтэл энэ амьдралд чинь мартах ёсгүй юм, мартах ёсгүй хүн гэж байх ёстой биз дээ?

Мартах гэдэг санаанаас гадуур зүйл. Мөхөс би багшийгаа мартмааргүй байна. Адгуу гэнэн мэт харагдах хэрнээ ардаа тээж явсан асар их эмзэглэл, ганцаардлыг нь, асгарч доргилж байдаг авьяасыг нь, цэгээ олж хатгасан, цагаа олж хэлсэн үнэн үгсийг нь, үлгэрлэн дагуулсан үйл хэргийг нь мартмааргүй байна. Тийм ч учраас би өнөөдрөөс эхлэн амьдрал туршдаа багшийнхаа тухай бичихээр шийдлээ. Нэгэн агаараар амьсгалж ахуй үедээ багшдаа зориулж их цөөхөн бичжээ. Харуусмаар цөөн үг. Бусдын төлөө, бидний төлөө, миний төлөө үгээ ундруулж амьдарсан хүний тухай даан ч цөөн үг бичжээ. 

Дурсахуй:

Д.Батбаяр багш надад нэг удаа ингэж хэлсэн. “Би бол насаараа зохиолч явж байна. Яагаад гэвэл би автобусанд эрх чөлөөтэй, гудамжинд дураараа явж байна. Би  бичихийн тулд хүмүүсийг, нийгмийн амьдралыг чөлөөтэй ажиглах хэрэгтэй биз дээ. Хэрвээ чи нэр алдартай болчихвол бусдыг ажиглаж чадахаа болино. Учир нь бусад хүмүүс чамайг ажигладаг болчихно” гэсэн. (Зохиолчийн дурсамж)


Доноровын Намдагийн дэг сургууль

Монголын шинэ түүхэн дэх хамгийн нөлөө бүхий зохиолч бол Доноровын Намдаг билээ. Д.Намдаг зохиолч утга зохиолын бүхий л төрлөөр жигд, эрчтэй, чанартай хамгийн гол нь дахин давтагдашгүй сод туурвилууд өв болгон үлдээсэн билээ. Өгүүллэгийн төрөлд “Үрэгдсэнийг хүлээгч”, туужийн төрөлд “Хөгшин чоно ульсан нь”, романы төрөлд “Цаг төрийн үймээн”, жүжгийн төрөлд “Ээдрээ”, “Хярааны хонхорт”, “Шинэ байшинд”, кино зохиолын төрөлд“Нүгэл буян”. Ганцхан их Д.Нацагдорж л Д.Намдагтай бүтээл туурвилаараа энэ зэрэгцэж, цэл залуугийн яруу найргаараа өөрийн дэг сургуулийг бий болгож амжсан юм. 

Жишиг, канон болохуйц зохиолуудаасаа гадна Д.Намдаг өөрийн амьдрал, өөрийн “Гэр сургууль”-ийн шавь нараараа монголын уран зохиолд хүчирхэг дэг сургуулийг бий болгожээ. Дэмбээгийн Мягмар, Дарамын Батбаяр, Хоролын Зандраабайды хэмээх түүний гэр сургуулийн гурван шавь уран зохиолын бүхий л төрлөөр туурвиж, хорьдугаар зууны хоёрдугаар хагас болон шинэ зууны монголын уран зохиолын хүч тамир, ноён нуруу нь болсон билээ. 

О.Дашбалбар найрагч П.Батхуяг багшийн амьдралын багш нь байсан бол уран бүтээлийн багш нь зохиолч Дарамын Батбаяр байлаа. Д.Батбаяр гуайг Д.Намдаг зохиолчийн уран бүтээл, үзэл санааг нь залгамжлан хөгжүүлснээс гадна амьдралын хэмнэл, хандлага нь айхтар адилхан талаар зохиолч Хоролын Зандраабайды гуай нотлон өгүүлдэг юм. П.Батхуяг багшид хамгийн их түшиг болсон, урам зориг өгч, туурвихуйн замд хөтөлсөн хүн нь Д.Батбаяр зохиолч билээ. Тэрбээр сэрүүн тунгалаг ахуйдаа үүнийг хүлээн зөвшөөрсөн агаад, “Их Монгол” дээд сургуульд туурвилзүйн хичээл зэрэгцэн ордог байхдаа реалист чиг баримжаатай оюутнууд Д.Батбаяр гуайн урланд, илүү орчин үеийн чиг хандлагаар, сэтгэлгээний бүтээл туурвих чиг хандлагатай нь П.Батхуяг багшийн урланд суралцдаг байв. Тэнд нь өөр их, дээд сургуулийн оюутнууд ч зорин очицгооно. Энэ хоёр урланд 2000-аад оны эхэн үеэс эдүгээ хүртэл суралцсан залуус өнөө цагийн уран зохиол, сэтгүүлзүй, агуулга бүтээх бүхий л орон зайд өөрийн нэрээ нэгэнт дуудуулаад эхэлчихжээ. 

Д.Намдагийн дэг сургуулийн хамгийн том сэдэв нь ӨӨРЧЛӨЛТ. Нүүдэлчин аж төрөхүйн ёсноос суурин иргэншилд шилжиж буй монгол хүмүүсийн дүр, түүхэн үйл явдалд хандаж буй хандлага энэ дэг сургуулийн уран бүтээлийн үндсэн сэдэв байсан. Мөн малчин хүний амьдралын хэвшлийн өөрчлөлтийг ч ахуйн үүднээс биш сэтгэлзүйн аргаар задлан илэрхийлсэн нь манай үндэсний уран зохиолд хамгийн том шинэчлэл болж, хожмын олон зохиолчийн бүтээлд хүчтэй нөлөөлсөн юм. Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн нэгэн орцныхны аж төрөл, үе хоорондын үзэл санааны гүн зөрчил, “Ээдрээ” жүжигтээ үзэл суртлын зандалчдаас нууж авч үлдсэн “Ардын хувьсгал өөрөө асар том ээдрээний эхлэл” гэх санаа, “Хөгшин чоно ульсан нь” тууж дахь үгүйрэн баларч буй үндэсний ижилслийн тухай харуусал, Д.Мягмарын “Үер”, “Нандин эрдэнэ” зохиолууддаа хөндсөн моралийн асуудлууд, Д.Батбаярын хайр энэрэл, билгэдэл, гэгээрлээр бялхсан “Мартагдсан аялгуу” жүжиг, “Цахилж яваа гөрөөс” тууж, шинэ мянганы эхэнд “Монголын нууц товчоо”-нд хийсэн интертекст болох “Мемонтог бүтээхүй” метароман. Энэ нөр их уламжлалыг зохиолч П.Батхуяг нэн шинэ үеийн монголын нийгмийн ялзрал, нийслэлд угширсан иргэншлийн дутагдлын талаар өгүүлэх “Үйлийн үрийн байшин” тууж, залуу уран бүтээлчийн дотоод эрэл хайгуул, бүтээн туурвих үеийн сэтгэлзүйн асуудлыг хөндсөн “Миний сэтгэл-Rock” тууж, монголын театрын унтаа байдлыг сэрээхийг зорьсон “Дүр бүхэн минийх”, “Хүний хүрэм” жүжгүүдээрээ нэр төртэйгөөр залгамжилжээ.

Багштай минь хамтран СУИС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхмийг үүсгэн байгуулж, найман жилийн өмнө судлаач Х.Чойдогжамц бид хоёрыг дэргэдээ дуудсан театр судлаач, доктор Д.Батсайхан түүний бүтээлийг задлан шинжилсэн цөөхөн шүүмжийн нэгийг бичсэн юм. Тэр шүүмжид ийм дүгнэлт бий: 

П.Батхуягийн театрыг “Онцгой үзэгдлийн театр” гэж тодорхойлж болно. Түүний зохиолын онцлог нь шүүмжлэлт болон диалектик философи, гүн ухааныг шингээсэн, макро болон микро ертөнцийн өөрчлөлтийг харуулсан хүүрнэлийн системд оршиж байдаг. Тэрбээр жирийн хүмүүсийн бодит амьдралыг олон талаас харуулахдаа уламжлалт драмын бүтцийг эвдэж түүндээ хүүрнэлийн чанарыг тусгажээ. Өгүүлэгч баатар нь дурсамж, бодлын урсгал дотроо амьдарч, өөрийн болхи дохио зангаа, ядарсан дуу хоолой, нүүрний хөдөлгөөнөөр дотоод хүнтэйгээ харьцаж, хүүрнэлийн онцгой орчинг бүрдүүлэхийн хамт жүжиг нь байнга өөрчлөгдөн зохиолч П.Батхуягийн гэсэн монотеатрыг бий болгосноор Монголын жүжгийн зохиолын урын санг баяжуулж байна.

Харамсалтай нь П.Батхуяг зохиолч туурвихуйн ид хав нь идрийн цогоор гялалзаж асан цэл залуухан насандаа хорвоог орхилоо. Түүний бичсэн зохиолууд өмнөөс нь хангалттай ярьж, нотлоод өгнө. Гэхдээ би багшийнхаа бичих байсан зохиолуудын төлөө харамсаж байна. П.Батхуяг гэдэг хувь хүн цаг ямагт шинэ дүрийг, шинэ сэргэгийг эрж, бусдыг өөр шиг нь л эрэлчин гэж бодоод андуурсандаа эмзэглэн ганцаардагч байсан юм. 2022 он гарахын өмнөхөн СУИС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимд бид хоёр сүүлчийн удаа нүүр тулан уулзжээ. Багш минь “Ганцхан тогшилт, тэгээд чулуун зүүд” хэмээх анхны романаа шинэчлэн бичиж буй тухайгаа, зохиолуудаа эмхлэн ботилж хэвлүүлэх гэрээ хийж буй тухайгаа, тэгж нэг хэвлээтэхвэл санаа амар даацтайхан бүтээл эхлүүлье гэж бодож яваагаа надад хэлж амжжээ. Хэрэв тэр өдөр мунхаг би багшийгаа дагаад тэнхимээс гарсан бол илүү чухал санаа сонсох байж дээ, юунд ухамдаж өрөөндөө хоцров гэж эдүгээ харуусна. 

Шаналал

Долоо наймхан навчистай ургац төдий байхдаа бүдүүн саглагар мод болохыг мөрөөддөгсөн. Ямар ч хүчтэй салхи ганхуулж үл чадах аварга том мод болчихоод мөчир салаагаа тэнгэр өөд сарвайлгаж, олон мянган навчисаа сэрчигнүүлэн байхыг хүсдэгсэн. Гэтэл намар ирэхээр бөөн шаналалд автдаг болжээ. Хэсэг хэсгээрээ тасран унах навчисаа өрөвдөөд яах гэж ургаж, яах гэж сагсайх гэж тэмүүлснээ бодоод өөрийгөө зүхэн байх болов. Энэ хорвоод ургасан ч ялгаагүй, унаж хатсан ч ялгаагүй шаналалд автдаг гэдгийг моддоос өөр юу сайн мэдэх билээ.

Ийм нэгэн шигтгээ хэсэг П.Батхуяг зохиолчийн “Тэнгэр хэмээх шувуу" хүүрнэл зохиолын түүвэр дэх "Миний сэтгэл-Rock" туужид бий. 2009 онд тэрбээр өөрийнхөө тухай, өөрийг нь тосож буй он жилүүдийн тухай бичжээ. Багш минь шаналанг таньсан аварга мод байжээ.

Хүрээ хөвгүүд Унаган нутаг Улаанбаатар хот, уламжлал ёсоор Сүхбаатарын талбай 1993 он. Эхний эгнээ: зүүн гар талаас Г.Батнасан, Д.Дашмөнх, Г.Ням очир, Арын эгнээ П.Батхуяг, Д.Энхболдбаатар (Зохиолчийн өөрийн тайлбар)

Хүрээ хөвгүүд

Унаган нутаг Улаанбаатар хот, уламжлал ёсоор Сүхбаатарын талбай 1993 он.
Эхний эгнээ: зүүн гар талаас Г.Батнасан, Д.Дашмөнх, Г.Ням очир, Арын эгнээ П.Батхуяг, Д.Энхболдбаатар (Зохиолчийн өөрийн тайлбар)


"Хүрээ хөвгүүд"-ийн авчирсан өөрчлөлт

“Эцэс төгсгөлгүй эцсийн буудалгүй хүний амьдрал...” гэх мөр “Өнгөц ертөнц” шүлгийн түүвэрт нь бий. П.Батхуяг хотын зохиолч байж. Хорвоогийн хамгийн хүйтэн, хамгийн эмх замбараагүй, хамгийн хортой энэ нийслэл хот нь түүний зүрх сэтгэлийн диваажин, бас там байжээ. 

Улаанбаатар хот бол түүний хамгийн дуртай дүр. П.Батхуяг зохиолчийн “Хүйтэн хотын романс” хэмээх роман нь хотын тухай дурсамжийн сүлжээс юм. Эмзэглэл, хотын хүний гунигаар сүлжсэн уг романы дурсамжуудыг хөвөрдөөд л байвал цаанаас нь “Хүрээ хөвгүүд” хэмээх утга зохиолын бүлгийн гишүүдийн аяг төрх тодрон гарч ирнэ. Тэднийгээ багш минь амь шигээ хайрладаг байлаа.

Яруу найрагч Д.Энхболдбаатар, төвд судлаач Г.Ням-Очир, найруулагч, зохиолч Г.Батнасан, найруулагч П.Бадрал нар. Зохиолч М.Чимэдийн удирдаж асан Пионерын ордны утга зохиолын дугуйлан, “Пионерийн үнэн” сонины өсвөрийн сурвалжлагчдын бүлгэмээс нэгнээ олж нөхөрлөсөн “Хүрээ хөвгүүд” бол 1990-ээд оны уран зохиолын шинэчлэгч залуусын томоохон төлөөлөл юм.

“Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ” гэсэн уриатай энэ бүлэг 1997 онд “Люмпенпастухын уран зохиол” буюу “Үгээгүй малчны уран зохиол” цуврал дөрвөн шүүмжээ хэвлүүлснээр жинхэнэ шуугиан тарьсан юм. Энэ шүүмжүүдийн тухай судлал, шинжлэлийн хүрээнийхэн одоо ч бодитоор үнэлж чадаагүй. Аргагүй шүү дээ. Ямар ч цол зэрэггүй, залуухан оюутнууд хорьдугаар зууны монголын уран зохиолын ерөнхий хэв шинжийг “Үгээгүй малчны уран зохиол” гээд тодорхойлчихоор түүнийг судалж, хоол олох хийгээд нэр төр олж ирсэн судлалын хүрээ шуудхан дургүйцсэн нь мэдээж. Уг шүүмжийн гуравдугаар хэсгийг ирээдүйн утга зохиол судлаач П.Батхуяг бичжээ. Түүний дүгнэлтүүд одоо ч хуучирсангүй: 

Дүгнэлт 1: Социалист уралдаан

1950-аас 1960-аад оны сүүл үеэс Люмпенпастухын уран зохиол сэдвийн хувьд яалт ч үгүй баяжиж “Үйлдвэрийн яндан”, “Бага нуур”, “Эрдэнэт”, “Дархан”, “Улаанбаатар” зэрэг нэртэй шүлгүүдээр таван жилийн захиалгат төлөвлөгөөг давуулан биелүүлж, “Социалист уралдаан”-д урлагийн бусад салбаруудаас тэргүүлж байсан нь түүхэнд алтан боронзоор бичмээр үе байлаа.

Дүгнэлт 2: Хожим үеийнхний хувьд хэрэгцээнээс хасагдсан бүтээлүүд

1950-аад оны сүүл үеэс цэвэр өрнийн боловсролтой сэхээтэн уншигчдын хүрээ бий болсон тэдний оюуны хэрэгцээг хангах мөн эс хангах уран зохиолын бүтээлүүд хэвлэгдэн гарах болсонтой холбоотой. Хэдийгээр тэр үеэс олон тооны зохиолууд хэвлэгдсэн боловч тэдгээр нь тухайн цаг үеийнхний хэрэгцээг хангаад, хожим үеийнхний хувьд хэрэгцээнээс хасагдсан бүтээлүүд олонтой гарсан явдал юм. Магадгүй үүнийг уран зохиолын хэвийн үзэгдэл гэх боловч цаг хугацаа болоод оюуны шалгуурыг давах бүтээлүүд гарын арван хуруунд багтхааргүй үлдсэнийг өнөөгийн монголын уншигчидын уран зохиолд хандах болсон хандлага батлан харуулж байна.

Дүгнэлт 3: Хотын уран зохиолоос бараа сураг алга

Үндсэндээ монголын уран зохиолд хотын яруу найраг, зохиол гэж цэвэр утгаараа байсангүй, одоо ч мөн бараа сураг алга. Гэтэл одоо нийгэмд нүүдэлчидийн соёл хөдөөний амьдралаас тасарсан цэвэр “Монгол маягийн орос хот”-ын сэтгэлгээтэй хэт европжсон хоёр дахь үеийн хүмүүс бий болжээ. Тэдний хувьд аргалд явах, хурга хариулах, уул усаа санагалдзах нь уйтгартай болоод инээдэмтэй хэрэг юм.

Дүгнэлт 4: Хотыг муулавч хотдоо шигдэнэ

70-аад оны сүүл, 80-аад оны эхэн гэхэд хот хөдөө хэмээх хүний амьдралын хоёр өөр хэлбэрийг сөргөлцүүлэн тавьж (Тэр тусмаа богино өгүүллэгийн төрөлд) хөдөө нутгаа магтан дуулаад, хотын хүнийг элдвээр муучлах сонин үзэгдэл буй болжээ. Түүнээс гадна орон хотоос уйдсан олон тооны яруу найрагчид төрж “Утаа тоостой энэ газраас явж тал нутагтаа очицгооё!” хэмээн өнөө болтол шүлэглэсээр байгаа боловч миний мэдэхээр цорын ганц зохиолчоос бусад нь өнөөх утаа тоостой газраа шигдэн суусаар байна.

Дүгнэлт 5: Дэлгүүр барилгын сэдэвт уран зохиол

Хөгжил цэцэглэлтийн тухай магтан дуулахдаа хотын тухай шүлэглэсэн өчигдөрийнхөн хийгээд хэд хэдэн өндөр барилга барьчихвал дэлхийн тургүүлэх гүрэн болчих мэтээр сэтгэдэг өнөөгийнхний хооронд онцын ялгаа үл харагдана. Аль аль нь хүүхдийн гэнэхэн бодол мэт монголчууд өндөр байшин өргөн гудамжтай болхоор явна уу эсвэл өөр юманд зорьж байна уу гэдэг нь өнөө цагт тун маргаантай асуудал байна. Хэрвээ өндөр барилга шилэн дэлгүүртэй болхоор яваа бол “Дэлгүүр барилгын сэдэвт уран зохиол” бүтээхэд ханцуйгаа шамлан урагшаа.

Дүгнэлт 6: Зээлдмэл сэтгэлгээ

хоёрдугаар үеийн хотын хүмүүс монголын нийгэм улс төрийн тавцанд зонхилогч хүрээг бий болгож дорнын бүсэд зүй ёсоор багтах үндэсний сэтгэлгээний хэт барууны суртал ихээр дэлгэрэн буй. Мөн люмпенпастух уран зохиолын эхэн үеийн оросын төсөөлөл туссанаас үзвэл монголчууд зээлдмэл сэтгэлгээнээс ангижрахгүй цагт өөрсдийн зөв гольдролт замыг олохгүй болохыг үзүүлсээр байна. Энэхүү үзэгдэл зөвхөн нийгэм эдийн засгийн хувьд ч биш соёл утга зохиолд ихээхэн хамаатай билээ. Хамаарал нь зөвөхөн өнгөц хамаарал бус тодорхой хүчин юм.

Хорин настай, хонгор зүстэй П.Батхуяг хэмээх оюутны шүүмжээс тун даацтай, зоригтой дүгнэлтүүд харагдана. Энэ цуврал шүүмжүүд монголын уран зохиолын судлал, шүүмжид лавтайяа хоёр чухал дэвшлийг авч ирж, эдүгээ хурц хэлтэй, ихэвчлэн мууг доромжилж, сайнд амаа хамхидаг шүүмжлэгчид будаа идсээр байгааг энд өгүүлэх нь зүй. 

Дэвшил 1: Өвөө хараат бус, шударгаар үнэлэв

“Хүрээ хөвгүүд” үндэсний уран зохиолын түүхээ бусдаас хараат бус, шударгаар харахыг эрмэлзсэн. Хорьдугаар зууны уран зохиолын түүх нь Оросуудаас зээлдсэн, загварчлах сэтгэлгээний үр дүн байсныг шударгаар хүлээн зөвшөөрсөн явдал: 

Жишээ нь:

МУЗ /Монголын уран зохиол/, МОҮУЗ /Монголын орчин үеийн уран зохиол/ түүний шинж чанар, түүхэн онцлогийг шүүн хэлцэж үнэн зөвөөр тунгаах нь эртдэж байна л гэж хэлж лав чадашгүй. Ер нь өнөөг хүртэл МУЗ-ыг “Хэн” бүтээж, “Хэн”-д зориулж, “Хэн” уншиж, “Хэн” хүмүүжигдэн гарч ирэв гэдгээс хариулт нэхэх аваас энэ бүхэнд ганцхан “Люмпенпастух” л гэж хэлж болмоор санагдаж байна.

Монголын орчин үеийн уран зохиол буюу “Люмпенпастух”-ын уран зохиол бол харьцангуй эхэн үеэсээ авхуулаад “Ухуулагч”, “Үзэл сурталч” шинж чанар давамгайлсан ихээхэн “Догма” шинштэй хөгжиж ирсэн нь улам лавширсаар цааш цаашдаа уран зохиол түүний урлаг болох урлагийн бусад төрөл зүйлүүдийн хоорондох зүй зохист харилцаа ихээхэн алдагдаж энэ нь нийгэм цаг үеийн хөгжлөөс ихээхэн тасархай “Космополитик” шинжтэй болсныг нуух огтхон ч хэрэггүй юм. Нэгэнт ийм болсон уран зохиол түүний шинж чанарыг олж нээснээр цаашдын бий болж бүтээгдэх уран зохиолд эрүүл саруул ухаанаар хандаж ойлгох таатай хөрс шороог бүрдүүлэх болно гэж үзэж байна.

Дэвшил 2: Шүүмжийн хэр найруулга, ёс зүйд оруулсан эерэг хандлага

Шүүмжийн хэл найруулгад “Хүрээ хөвгүүд” өөрчлөлт хийсэн юм. Баабар, С.Энхбаяр нарын шүүмжүүдэд байсан чөлөөт хэл найруулгыг “Хүрээ хөвгүүд” соргогоор хүлээн авч, хөгжүүлжээ. Энд судлаач П.Батхуягын 25 жилийн турш тасралтгүй бичсэн шүүмж, шүүмжлэлт эсээнүүдийг дурьдаж, жишээлэхийг оролдвол сонины хуудас хүрэлцэхгүй.

Ямар нэг онол эшлээд, түүндээ хүний оюун тархиа ширээж бүтээсэн бүтээлээс эрээ цээргүй тасдан эшилж уран бүтээлийг биш чухам өөрийгөө, эсвэл ямар нэг зээлдмэл үзэл санааг батлахыг хичээдэг хорон, догматик уламжлал нь арга зүйн мухардалд орчихоод байсан (мухардал нь одоо ч үргэлжилсээр буй) монголын утга зохиол судлалд П.Батхуяг мэдрэмж, ёс зүй, найруулга зүйн шинэ салхийг оруулсан билээ. 


“Замдаа гарцгаая... Хүрээ хөвгүүд ээ” номын хавтас. 1997 он

Уран зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн анхны бүтээл 1997 онд торгон хавтастай гар хэвлэлээр цөөн ширхэг хэвлэгдсэн юм. Уг номонд багтсан шүүмжүүд өмнө нь “Ням гариг” сонинд цувралаар хэвлэгдэж, утга зохиолын хүрээнд шуугиан тариад байсан юм.


Цагийн эсрэг цаг

Авьяасыг зарим нь шатаж дуусах галтай зүйрлэдэг, харин зарим нь урсавч ширгэх усны ундаргатай зүйрлэдэг. Аль аль нь гүймэгхэн бодлоос үүдэлтэй явцуухан дүрслэл төдий. Авьяас билэг гэдэг цаг хугацааны эсрэг мөн чанартай юм. Авьяас билэг ямагт өнө мөнхөөр цангаж, өнө мөнхийг хүсэмжилж, өнө мөнхийг бүтээж, өнө мөнхийн зүйлийн мөн чанарыг зуурдын тавилант хүний ертөнцөд тунхагладаг. П.Батхуяг багшид “Эсрэг цаг” хэмээх шүүмжийн цуврал ном бий. “Эсрэг цаг” хэмээхийн утга учир нь чухам үүндээ юм. Пүрэвхүүгийн Батхуягийн цаг цаг хугацааны эсрэг чигт явж байв. Тэр цаг өнө мөнхөд цохилсоор байх болно. 


Жич. Зохиолч, судлаач Пүрэвхүүгийн Батхуягийн тухай эхлэн өгүүлэхэд ийм байна. Энд би зохиолчийн хувиар түүний хамрагддаг дэг сургууль, судлаачийн хувиар түүний үүсгэсэн дэг сургуулийн тухай цухасхан өгүүллээ. П.Батхуяг нь яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиол, судлалын бүхий л төрлөөр жигдхэн туурвиж, 20 гаруй боть болох оюуны их өв үлдээсэн учраас, “П.Батхуяг судлал” хэмээх нэгэн чухал сэдэв эзнээ хүлээж буйг дашрамд дурдсу.


Ядамсүрэнгийн Баяраа

СУИС-ийн багш. Утга зохиол судлаач

2021 оны 1 дүгээр сарын 13

Ардчилсан Үндсэн хуулийн өдөр