Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын одоохи байдал (2)
Оросуудын хүлээн зөвшөөрснөөр, ШХАБ-д нэг том дутагдал оршиж байгаа ажээ. Өөр хоорондоо таарамжгүй, зөрчилтэй улсууд ШХАБ-д зэрэг зэрэг, олон янзын статустай элсэх гэж байна гэжээ. Энэтхэг, Пакистан хоёроор ч жишээ татжээ.
Ийнхүү ШХАБ-ын улс төрийн жин нөлөө их байх боловч эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаа, гишүүн орнууддаа чөлөөт худалдааны бүс байгуулах ажил руу аажмаар анхаарлаа хандуулав гэж оросын сайт үзээд тоон харьцуулалт гаргажээ. Ираныг оролцуулан ШХАБ-ын үндсэн гишүүн орнуудын ДНБ 2021 онд 23.5 триллион долларт хүрсэн бол Европын Холбооны ДНБ-ий үзүүлэлт 17 триллион доллар болж хоцорчээ. ШХАБ-ын гишүүн орнуудын худалдааны эргэлт 2021 онд 651 тэрбум доллар байжээ. Эдүгээ ШХАБ-д Орос, Хятад, Казахстан гэсэн нефть, хийн томхон үйлдвэрлэгчид байгаа ба Саудын Араб, АНЭУ, Иран нь ШХАБ-д нэгдчихвэл нефть, хийн үйлдвэрлэлээр дэлхийд хошуучлна хэмээн оросын шинжээчид бахархан бичжээ. Энд мөн л механик тоон үзүүлэлтүүдийг оросын сайт гаргаж иржээ. Европын Холбоог ШХАБ-аас дор оруулах гэсэн санаагаа ч цухуйлгажээ. ШХАБ-ын гишүүн орнуудын худалдаа гэдэг нь Орос-Хятад, Орос-Энэтхэг, Казахстан-Хятадын гэсэн тус тусдаа хоёр талын худалдаа болохоос ШХАБ-ын орон зайд Европын Холбооных шиг нэгдсэн гадаад худалдаа байхгүй. Иймд хөгжлийн хурдасгуур хүчин зүйл хараахан биш.
Оросуудын хүлээн зөвшөөрснөөр, ШХАБ-д нэг том дутагдал оршиж байгаа ажээ. Өөр хоорондоо таарамжгүй, зөрчилтэй улсууд ШХАБ-д зэрэг зэрэг, олон янзын статустай элсэх гэж байна гэжээ. Энэтхэг, Пакистан хоёроор ч жишээ татжээ.
Тэр үнэн. Жинхэнэ гишүүн Энэтхэг, Пакистан хоёр олон жилийн турш маргаантай, тэр дундаа терроризмтой тэмцэх асуудлаар хоёул тэс ондоо байр суурьтай, хэд хэдэн удаа хоорондоо дайтсан, бүр ШХАБ-д жинхэлчихээд байхдаа ч байлдсан. Хятад-Пакистаны торгоны замыг Энэтхэгт хүлээн зөвшөөрдөггүй. Энэтхэг-Хятадын хооронд мөнхийн найрамдал хараахан тогтоогүй, хилийн маргаан үе үе цухалздаг. Энэчлэн Орос-Украины дайны фонон дээр ОХУ Төв Азийн холбоотон улсуудаасаа огт дэмжлэг авч чадахгүй, тэр ч бүү хэл Казахстаны Ерөнхийлөгч нь Донецк, Луганскийн тоглоомын БНУ-уудыг дэмжихгүй, олон улсын хуулийн эсрэг гээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн нүдэн дээр ил зарлачихсан, түүнээсээ болоод Казахстаны нефтийг Оросын боомтоор экспортлуулахгүй, Оросын нүүрсийг Казахстаны нутгаар гаргахгүй дээрээ тулсан, ажиглагч болох гэж байгаа Армен-Азербайжан хоёр дайны нөхцөлд дайсагнан байгаа гэхчлэн хоёр талын ноцтой асуудлууд бугшаад байна.
“Шат шатандаа элсэх гэж байгаа бусад гишүүд дээр ч ийм асуудал гараад ирнэ. Армен ба Азербайжан, Саудын Араб ба Иран, Сири ба Турк гэхчлэн. Тийм учраас хатуу үүрэг амлалт авахуулахгүйгээр уян хатан хандаж НАТО шиг цэрэг-улс төрийн эвсэл болгохгүйн төлөө байвал зохино” хэмээн оросын эрдэмтэн судлаач А.Кортунов тэмдэглэжээ.
2022 оны намар товлосон ШХАБ-ын дээд хэмжээний энэ уулзалт 2021 оны өмнөх уулзалтаас цар хүрээ, хэлэлцэх асуудал, маргах асуудал, Оросын байр суурь, дэмжлэг хүлээх лобби гээд олон онцлогтой байх болов уу. Харин Тайванийн хоолойн хямрал, Тайваньд АНУ, Европын улс төрчид айлчилж байгааг хэлэлцэхгүй болов уу.
2021 оны намар Тажикистанд төрийн тэргүүн цуглах үед ШХАБ-ын гол гурван гишүүн улсын тэргүүн В.Путин, Си Жинпинь, Нарендра Моди нар биечлэн очихгүй болсноор ШХАБ-ын 20 жилийн ойн баярын ач холбогдол, ШХАБ-ын саммитын хүч суларсан. Харин “ШХАБ-ОДКБ” гэсэн форматаар анх удаа дээд хэмжээнд уулзсан нь ШХАБ-ын цэрэг-улс төр-стратегийн ач холбогдлыг өргөж өгсөн болов уу. Талибаны Засгийн газрыг Афганистаны хууль ёсны Засгийн газар мөн хэмээн хүлээн зөвшөөрөөгүй (ганцхан Хятад л Талибантай харилцаатай) тул “ШХАБ-ын 20 жилийн ой”-д урихгүй хэмээн шийдсэнээрээ 2021 онд ажиглагч гишүүн Афганистангүйгээр саммит явагджээ. Харин “ШХАБ-ОДКБ” уулзалтад афганы сэдэв давамгайлна хэмээн үзэж байснаар болж, төлөөлөгчдийг нь эзгүйд тэр орны талаар олон талаас нь хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ. Хятад, Пакистан хоёр арай өвөрмөц байр сууриа илэрхийлжээ.
2021 онд ажиглагч Ираныг ШХАБ-д жинхлүүлэх шийдвэр гаргасан нь олон асуудлыг ил гаргаж шүүн хэлэлцүүлэхэд хүргэв. Тус улс ШХАБ-ыг сонгоод ажиглагч гишүүнээр 16 жил явсан. Жинхлэхээр 2008 онд өргөдөл гаргаж 13 жил цөхрөлтгүй чармайж ирсэн. Иран нь анхлан олон улсын хориг тавиулсан байснаар жинхлэх асуудал нь аяндаа арагш тавигдаж байсан ба 2015 онд НҮБ-аас хоригоо цуцлуулж, ингэснээр ШХАБ-ын хаалга нээгдэж, тэр үедээ Энэтхэг, Пакистан хоёртой хамтдаа ШХАБ-д жинхлэхийг эхлүүлж болох байв. Гэтэл тэр үед гэнэт Тажикистан жинхлүүлэхийн эсрэг санал өгөв. ШХАБ дотроо Ирантай хамгийн халуун дотно харилцаатай хэмээн тооцогдож ирсэн Тажикистан гэнэт ингэж хувирсан нь санаандгүй явдал биш, Тажикистаны лалын сэргэн мандлын нам буюу террорист ажиллагаа явуулдаг хэмээн Тажикистан, ОХУ-д хориглосон тэр бүлгийг Иран дэмждэг хэмээн Тажикистан үзэж байв. Харин одоо тэр маргаан шийдэгдсэн, Иран нэрээ цагаатгасан хэмээн үзээд Ираны шинэ Ерөнхийлөгч Эбрахим Раиси Душанбед уригдан улс орноо ШХАБ-д жинхлүүлсэн гавьяатан болжээ. Оросын хувьд Ираныг яагаад дэмжив гэдэгт хариулт нь ил тод. Олон улсын тавцанд энэ байгууллагын ач холбогдол, нэр хүндийг тэлэх, аль болох өргөн хүрээний олон улсын байгууллага болоосой гэсэн чин хүслийнх нь илэрхийлэл юм. Эгнээ нь тэлж байна гэдэг ШХАБ өөрөө хөгжиж дэвжиж байгаагийн илрэл юм. Тиймдээ ч ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш статустайгаар Египет, Катар, Саудын Арабыг элсүүлэхээр болсон, тэгснээрээ ШХАБ-ын орон зай 21 улс болж өргөжин тэллээ хэмээн Тажикистаны Ерөнхийлөгч тодорхой тоо заан онцлон тэмдэглэж байсан. Энэ нь “9+3+9=21” гэсэн формат гэсэн үг. Жинхэнэ гишүүн 9, ажиглагч 3, яриа хэлэлцээний түнш 9 гишүүнийг хэлж байв. Тэгвэл одоо “10+6+10”, эсвэл түүнээс ч олон болох магадлалтай.
Монгол Улсын хувьд ШХАБ-д хамгийн олон жил (бараг 20 жил) ажиглагч яваа, ШХАБ-ын хоёр том гүрэнтэй иж бүрэн стратегийн түншлэлтэй улс гэдгээрээ онцлог юм. ШХАБ-ын ажиглагчийн статустай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны дээрхи хуралдаанд цахимаар үг хэлсэн. Тэрбээр Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгааг мөн мэдэгдсэн билээ.
Монгол Улсын байр суурь 2022 онд хэвээр байх болов уу. ШХАБ-ыг өргөжүүлж байгаад баяр хүргэх боловч Монгол Улсын тавьж буй зорилттой уялдуулсан бүс нутгийн интеграцын үйл ажиллагаа явуулахыг нь хөхиүлэн дэмжих байр сууриа илэрхийлэх нь мэдээж юм.
Харин оросын сайтад бичсэн шиг “Орос, Хятад хоёр улс Европын Холбоо, НАТО-гийн эсрэг сөргүүлэн ШХАБ-ыг тавих гэж байна” гэснийг дэмжих нь юу л бол? Ганц Монгол гэлтгүй АНУ ба Өрнөдтэй найрсаг харилцаатай, зөрчил маргаангүй олон гишүүн улсууд (жинхэнэ гишүүдээс Казахстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан гэхчлэн) Орос-Украины дайны фонон дээр Оросын талд орж АНУ, НАТО, Европын Холбооны эсрэг сөргөлдөхөөр эвлэлдэн нэгдэнэ гэсэн итгэл хаа хаанаа алга байна.
-о0о-