Мөхөс хүний мунхаглахаар бол бичгийн хүмүүс ойр дотны хүндээ шүүмж, утга зохиолын задлан шинжлэл бичих нь маш зохисгүй хэрэг юм. Нөхөр журмын сэтгэл зохиол бүтээлийн утга, хэлбэрийн нууцыг тайлах сэдэл, сэрэмжийг дарлахаас гадна ерөөс ёс зүйн хувьд ч зохисгүй үйл санагдана. Учир иймд би эрхэм нөхрийн шинэхэн хүүрнэлийн түүвэрт утга зохиолын шүүмж бичих боломжгүй болов. Харин энэхүү ил захидлыг бичиж анхны хүүрнэл зохиолын номоос нь мэдэрсэн сэрэл мэдрэмж, бодлоо хуваалцъя гэж шийдэв. 

Эдүгээ цаг үеийг Монголын утга зохиолын алтан боломжийн үе юм гэж сүүлийн үед би бодох боллоо. Өнөөдрийнх шиг сэтгэлгээний эрх чөлөөтэй, өнөөдрийнх нь даян дэлхийн үгийн урлаг болоод философийн эш үзлийг таашааж, танин мэдэх боломжтой, өрнө, дорнын соёлт ертөнц алган дээр тавьсан мэт ил цаг үе Монголын түүхэнд Их Монгол улсын үеэс хойш тохиогоогүй нь үнэн. Ийм ч учраас 1990-ээд онд эхэлсэн утга зохиол дахь сэтгэлгээний эрэл хайгуул эдүгээ улам бүр бодитой, эрчтэй болж байна. Энэ нь бичээчийн тоондоо биш бүтээлийн чанараас шалтгаалж буй хэрэг. Цахим технологи төсөөллийн ертөнц үүсгэтлээ хөгжсөн ийм цаг үе хөгжил буурай Монгол шиг улсуудад асар том боломж нээлээ. Уламжлалт эдийн засгийн хувьд бид нас гүйцсэн бухнуудтай бэлчиж буй нялх тугал төдий. Харин оюун санааны хувьд огтоос тийм биш билээ. Ийм цаг үед үзэгний үйл мэтгэсэн хэн бүхэн оюун санаагаа уужим тавьж, шинэ сэргэгийн үүтгэхийн аянд мордохоос аргагүй юм.

Зохиолч Сормууниршийн Дашдооровын “Хөдөөгийн мөнгөн сар” гэж багахан харагдах атлаа дотоод өгүүлэмж, агуулгын хувьд өргөн цараатай ном бий. Тэр номд хөдөө нутгийн амьдралын талаар сэтгэхүйн хүүрнэл, ахуй, байгалийн дүрслэлтэй уялдуулсан ёгт бэлгэдэл бүхий өгүүллэгүүд бий. Тэдгээр өгүүллэгээс бид МУИС-ийн утга зохиолын нэгдэлд “Бууж мордох хорвоо” хэмээх өгүүллэгийг нь онцлон ярилцаж, урлал зүйн нууц нь чухам хаанаа байгаад ийм эгэл жирийн өгүүлэмж хүний сэтгэлийг хөдөлгөөд буйн нууцыг уралдан эрдэг байжээ. Эдүгээ санах нь ээ тэр нууц нь “үхэл” байж. Лавшруулж хэлвэл үхэлд хандах монгол хүний хандлага. 

Монголчуудын үхэлд хандах хандлага өвөрмөц. Тэд үхэлд зочин мэт, насан туршид ганц ирэх зочин мэт ханддаг. Хагацал бус хаа нэг тийш өөр цаг хугацаа, өөр орон зайд одох хаалга мэт сэтгэдэг. Энэ нь магад дэлхийг хамарсан олон удаагийн дайнд татагдан орж, өдүүлж, сая сая үхэлтэй олон үеэрээ нүүр тулсантай нь холбоотой ч байж мэднэ. Ахуйн хэвшил, нүүдлийн соёлтой нь ч холбоотой нь ойлгомжтой. Үйлийн үрийг сануулах буддийн үзлийн тусгал ч буй. Үхэлд хандах энэ өвөрмөц хандлага монгол үндэстний нэгэн өвөрмөц дотоод ижилсэл, гадаад ялгарал (identity) мэт санагдана.

Орчин цагийн монгол уран зохиолд монгол хүний энэхүү мөн чанарыг сэтгэлзүйн түвшинд шинжлэн, дүрслэгдэхүүн, өгүүлэмжид шингээн илэрхийлж чадсан гурван сайн зохиол бий. Тэхийн зогсоол, Өвгөн шувуу, Бууж мордох хорвоо…

Бэгзийн Явуухулан “Тэхийн зогсоол” дуулиа таван жилийн хугацаанд бичсэн гэлцдэг. Утга ихэсгэсэн адилтгал зүйрлэл үгүй, энгийн үгсээс өндийсөн энэ найраглал монгол хүний үхэлд хандах хандлагыг тодоор харуулна. Янгирын эрэлхэг үхлийг хүндэтгэн хаврын нүүдлээ хойшлуулсан эцэг хүний шийдвэр хүүд нь хорвоогийн мөнх бусын жам, байгалийн хуулийг ухааруулна. 

Харин Сэнгийн Эрдэнийн өгүүллэгт үхэх мөчөө нүд үл цавчиран, зочин мэт угтаж буй эгэл жирийн монгол өвгөний тухай өгүүлнэ. Өвгөнд хойно үлдэгсэддээ зэхсэн овойж оцойх хөрөнгө байсангүй, хорж хотойсон ч явдал үгүй. Амьдралд хайртай, анд нөхөд, авааль гэргийдээ ч хайртай жирийн нэгэн хүний амьдралын сүүлчийн хоёр өглөө...

Сормууниршийн Дашдооровын “Бууж мордох хорвоо”-д сэтгэлийн өртэй, амьдралынх нь үлгэр дууриал болсон хүнтэй салах ёс хийж буй хоньчин эрийн тухай өгүүлнэ. 

Эрхэм буурлынхаа хойлгын хэрэгт зорин очиж амжихгүйдээ сайх эр шаналсангүй. Харин үлдэгсдэд нь гэгээн сэтгэгдэл төрүүлэх нэгэн арга бодож олно. Өөр хүний хувьд инээд хүрмээр өчүүхэн ч санагдаж мэдэх тэрхүү арга нь хоньчин эрийн хувьд нандин зүйл байна. 


Нүүдэлчний амьдралын тухай өгүүлсэн зохиол эдүгээ цагт хоцрогдсон, хуучинсаг зүйл мэт сэтгэгдэл уншигчид төрүүлэх болсон нь бидний хэнд ч нууц биш. Энэ нь уншигчдын гэхээсээ зохиолчдын асуудал гэж би мунхагладаг юм. “Цахилж яваа гөрөөс” эсвэл “Их тээлийн даваа”-г ямар ч уншигч малчны сэдэвтэй гээд хойш нь тавьж, дорж үзэхгүй. Харин цагаан ахуй тоочсон, улиг болсон усан өгүүлэмжийн давалгаа эхэндээ соцреалимз нэрийн дор, адагтаа эрх чөлөө нэрийн дор үерлэчихсэн учраас л монгол уншигчид хөдөөгийн сэдэвт зохиолд цөхөрчихсөн хэрэг. Нэр төртэй нэр бүхий зохиолч хүртэл нэг гол усны хүүхнүүд ганц гадаад эрийн дэвсгэр болоод дуусаж буй тухай нүд халтирмаар эротик роман бичиж зүрхэлдэг учраас энэ сэдвийн нурууг нь авчихсан юм, үнэндээ. 

Гэтэл зөрүүд нөхөр минь чухам л хөдөөгөө, буйд холын тэр л ахуйгаа бичихээр шийджээ. Дуртгалын харгуйгаар тал нутгийн чанад руу хөтлөх хоёр ч сайхан өгүүллэг “Тас чамайг тасчих болтугай” түүврээс уншиж эхэндээ цагаан атаархаж, эргэцүүлэн бодож суух нь ээ үг нь утгаа олоогүй, дүр нь төрхөө олоогүй цагтаа танилцсан багын нөхрийнхөө өмнөөс баярлах сэтгэл төрөв. 

“Хүргэ ах” хэмээх өгүүллэг бол чухам л “Бууж морлох хорвоо”-г бичсэн тэр сэтгэлээр бичигдсэн өгүүллэг юм. Ил тавьсан ахынх нь цогцосон дээр тасын сүрэг эргэлдэн байхыг машины дунд толинд харж яваа жаахан хүүгийн сэтгэл: 

“...миний хоёр нүд доош нь бөхийлгөхөө мартсан салхины шилэн дээрх жижигхэн толин дотор Хүргэ ах шувуудтай хамт тэнгэрт нисч явахыг харж байлаа.”

“Хүргэ ах” өгүүллэгийг төгсгөл дэх энэ ганц өгүүлбэрийн орон зай, цаг хугацааны багтаамж намайг баярлуулсан юм. Энэ ганц өгүүлбэрт үдэн гаргагчийн сэтгэл, бүрлээчийн сүнс хийгээд талийгаачийн газраас хөдлөхдөө эргэж хардаггүй гэх заншил, хамгийн чухал нь тэнгэр, газрын савслага, тэр хоёрын дундуур суудлын тэрэгний голд ах дүүсийнхээ дунд шахагдаад мөнх бусын хорвоогийн давчуухан жамыг ухааран давхиж яваа хүүгийн тавилан багтжээ. Өгүүлэмж, ур гэдэг чинь чухам л энэ шүү дээ. Гэсэн атлаа яасан энгийн, яасан сэтгэл хөдөлгөм төгсгөл вэ? Үүнийг л хайж бид оюутны утга зохиолын дугуйлан хэсэн хотоор нэг таваргаж явсан биш гэж үү?

Шинэхэн түүврээс хуучин үнэр үнэртэх муухай. Тийм үнэр харин “Тас чамайг тасчих болтугай”-гаас сэнхийж, сэтгэл тавгүйтүүлсэнгүй. Ур дутсан, эсвэл үзэл бодлоос үүдэлтэй санаандаа хэт хөтлөгдсөнөөс итгэл үнэмшилгүй болсон хэд хэдэн өгүүллэгийн талаар улиглан ярихыг үл хүснэ. 

Харин шинэхэн түүврийн хамгийн сэтгэл хөдөлгөм өгүүллэгийн талаар яримаар байна. “Мангасын яриа”. Уг нь бол монгол өгүүллэг бүхэнд л байдаг хөдөөгийн сургуулийн өсвөр насны бүтэлгүй дурлалын тухай өгүүлэмж. Гэхдээ өгүүлэмжийг хөгжүүлжээ. Бодит дурсамж, төсөөлөл хоёрын заагийг тун яруу, мэдрэмжтэй холбосон нь энэ өгүүллэгийн эхний давуу тал. Харин охор богинохон ийм өгүүлэмж дотор өсвөр насны хүү доль цохисон эр болж буй ахуйн дүрслэлийг илэн далангуй, бодит хэлээр бичсэн нь тун донжтой төгсгөл рүү өгүүлэмжийг хөтөлж байна. Реалист өгүүлэмж дээр дуслын төдий шидэт мэдрэмж. Тэрхүү мэдрэмж нь нулимснаас төрсөн мэдрэмж. Үр дүн нь гол зурмаар ч юм шиг, сэтгэл цэлмэмээр ч юм шиг төгсгөл. Өгүүллэг найраглаг байх ийм сайхан. Ийм ч учраас Суут найрагч Шарль Бодлер “Ямагт яруу найрагч бай, хүүрнэл зохиол дээр ч” гэж тэмдэглээ биз ээ. 

Юм эхлэл шигээ ялгуун байх сайхан. Хүлээсэн шиг байх сайхан. 2006 он. “Хүрэл тулга” хэмээх өөрийн шүлэг уншлагын наадамд бид хоёр жаахан хүүхдүүд ирж, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг зорин Сансарын хонгилыг өгсөх автобусны арын суудалд танилцсанаас хойш 15 жил өнгөрчээ. Энэ бол хүний бол хүний амьдралын хоёр үе юм. Тэр өдөр надад догдлон ярьж суусан мөрөөдлийнхөө зах зухад эрхэм нөхөр минь та хүрч амжсан байна. Бичих туурвихын шинэ замаа бэдэрсэн шинэхэн хүүрнэл тань үүнийг нотолж байна. Дөрвөн мөнхөд тэнгэр цэлмэг, алсын харгуй зүрхэн дээгүүр дайраад холхид одном билээ...

Эрхэм нөхөр О.Цэнд-Аюушийн шинэхэн хүүрнэлийг уншаад сэтгэл хөглөгдсөн сэтгэгдэл энэ болой. 

Хүндэтгэсэн Ядамсүрэнгийн Баяраа

2022.03.03

Олон улсын зохиолчдын өдөр болой


"Монголын Үнэн" сонин. №009 (24490)