Байгаль орчноо хамгаалах стандартаа мэддэг болцгооё, тэрийгээ нэхье!

Мега төслүүд гэж сонсоод бид багагүй хугацаа өнгөрөв. Францын “Орано майнинг” компанитай Монгол Улсын Засгийн газар гэрээнд гарын үсэг зурснаар Мега 14 төслийн гурав дахь нь хөдөллөө хэмээн зарлаад гурван сар өнгөрлөө. 

Гэвч тасралтгүй ураны хэрүүл үргэлжилсээр. Найман хөлтэй ишиг, үхсэн зээр, цэнхэр үсийг химийн аргаар гаргадаг, цөмийн зэвсэг, шинжлэх ухаандаа итгэхгүй байна, өндөр хэмжээний татвараас иргэдэд ирэх баялгийн сан нэмэгдэнэ, Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрын цацрагийн түвшин яг ижил хэмжээг заадаг гээд хоёр талд толгой эргүүлэм мэдээ баримтууд хөвөрсөөр. Гэхдээ эндээс нэг зүйл тод анзаарагдав. Бид ерөөсөө хаанаас системтэй мэдээллээ авч чадахаа мэдэхгүй болсон юм байна, шинжлэх ухаанд итгэхээ байсан юм байна, эрдэмтэн судлаачдын үгийг хүмүүс төдийлөн авахгүй байна гэж харагдаж байна. Уг нь эрдэмтэн судлаачдын зарцуулсан он жил, судалгаа дүгнэлт бидэнд нэгийг хэлэх ёстой. Бид тийм итгэл үнэмшлээр хандах ёстой ч сүүлийн үед худал хэлсэн, хэн чангаар хашгирсан хүмүүст итгэх болов. Нарансэвстэйн боомтыг нээх тухай нэр бүхий улстөрчид санаархах үеэс эрдэмтэн судлаачид энэ бол үнэхээр боломжгүй зүйл ээ, дэлхийд үнэлэгдсэн өвөрмөц байгалийн тогтоц бүхий энэ газар шугаман дэд бүтэц барих юм бол нэн ховор амьтад устаж үгүй болно оо гээд хоолойгоо сөөтөл ярьсан. Одоо хэр асуудал шийдэгдээгүй л байна. Ураны талаар эрдэмтэн Н.Тэгшбаяр өөрийнхөө биеэр андгайлж байна гэж бат илэрхийлээд тайлбар өгсөн, бас л үл итгэсэн хүмүүсийн яриа үргэлжилсээр. 

Олон жилийн судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэн судлаачдадаа итгэж, шинжлэх ухаанч хандахаа байсан юм байна гэдэг улам бүр тодорсоор. Дээрх зүйлс ялгаатай асуудлууд мэт боловч бид аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандахаа больжээ гэдгийн баталгаа болж байна. Одоо байгаль орчинд ирэх нөлөөллийн талаас ярьж, баримт барьж, мэтгэж байгаа хүмүүс алга байна. Уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг дэлхийд олон талаас нь аль хэдийн судалсан. Чинээнд нь тултал ажиллацгаачихсан, олон улс, ертөнцөд. Гана болон Шведэд хийсэн аль 10 жилийн өмнөх судалгаа нэг жишээ болно. Хөгжиж байгаа Гана улсад томоохон гол мөрөн ихээхэн бохирдсон байдаг. Гэхдээ гол бохирдуулагчид нь томоохон уул уурхайн компаниуд бус хувиараа ашигт малтмал олборлогч хүмүүс байжээ. Анкобра, Ассесрий голуудыг бохирдуулагчид нь хэрэг дээрээ зориулалтын бустоног төхөрөөмжтэй, манайхнаар нинжа нар байсан байна. Швед бол тухайн бүс нутагтаа уул уурхайн олборлолт ихтэй орон. Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхэд байгаль орчноо хамгаалах үндсэн шаардлагуудыг хангах ёстой гэсэн нэхлийг тавьдаг. Ерээд онд энэ улсын уул уурхайн томоохон компаниуд нийлж, дэлхийд уул уурхай дээр ямар өндөр шаардлага байдаг тэр зөвлөмжийг хэрэгжүүлдэг болсон байгаа юм. Хөгжлийн төлөө уул уурхайгаа ашиглана, гэхдээ байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо хор хөнөөлгүй байх тэр шалгуураа давж ажиллана гэж. Одоо Шведийн уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлдэг сөрөг талууд жилээс жилд буурсаар ирсэн нь жишиг болсон улс.

Манайханд юу ч байсан эсэргүүцдэг хэсэг бий болчихож. Тэнд судалгаа, шинжлэх ухааны үндэслэл, олон улсын стандарт энэ тэр байна уу, үгүй юу хамаагүй. Тэгээд ар хударгаар нь жинхэнэ дүрэмгүй тоглож байдаг. Нинжа нарын ороод гарсны ард тэр газар нутаг жинхэнэ уйлж байдаг. Хөрсний доройтол, ан амьтан үргэж устаж үгүй болсон, ургамал шороо эргэн сэргэхгүй болсон гээд хэлэх ч юм биш. Нинжа нар бол үнэхээр ороод гардаг, тэдний ард юу үлдэх нь түй ч хамаагүй байдаг. Гар аргаар алт олборлогчдын сүйтгэж хаясан газрууд энд тэндгүй. Одоо тэдний сүүлийн хоргодох газар нь Говь-Алтай болж, тийш нүүсэн. Алтайн ар, өвөр говийг там болгох вий гэсэн болгоомжлол сэрүүлэг болсоор удлаа. 

Уул уурхайн компаниуд гээд бүгдтэй нь үзэлцээд байх ямар ч утгагүй. Харин байгаль орчиндоо хариуцлагатай хандах, олон улсын стандартыг барьдаг компаниудад маш хатуу хариуцлага тавьж ажиллахаа мэддэг байх учиртай. Оюутолгой гээд хэчнээн жил хашгирсан, галт тэрэг хэдийнэ дараагийн зогсоол руугаа очсон. Тэр Оюутолгой нь гэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндийд бичил уурхайчдын сүйтгэсэн 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн. Дайны дараа бөмбөгдүүлсэн мэт болсон мэт байсан газрыгтэгшилж шимт хөрсөөр хучиж, хэвийн болгохыг техникийн нөхөн сэргээлт гэж байгаа юм. Ингэснээр Ялбагын гол урьдын адил урсаж, Ерөө голдоо цутгаж эхэлсэн мэдээлэл хэвлэлээр нийтлэгдэж байсныг санаж байна. Техникийн нөхөн сэргээлтийн дараа биологийн нөхөн сэргээлт гэж яригдах учиртай. Тухайн газрын экологид таарсан ургамал мод тарьж, биологийн төрөл зүйл нь ямар байсан тэр хэвд оруулахыг хэлж байгаа юм. 

Оюутолгой дараагийн зогсоолдоо очсон гэдэг шиг Орано ч нэгэнт хөдөлсөн. Ерөнхий сайд “Монголын За бол андгай” хэмээх үг бий. Энэ бол Монголын парламентаар нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч, нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаараа батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй мөрдөх болно” гээд албан ёсоор мэдэгдчихсэн. Тэгэхээр одоо амьтан үхсэн болж харагдуулах гэж зээр энд тэндээс авчирч, тэр компанийн гадаа хаях биш харин байгаль орчныг хамгаалах стандартаа хэр барьж байгаад хатуу хяналтаа тавьж сурах хэрэгтэй байна. 

Монгол Улсад байгаль орчны чиглэлээр 33 хууль, нэгдэн орсон буюу соёрхон баталсан олон улсын 14 гэрээ, конвенц хүчин төгөлдөр үйлчилдэг. Энэ тоо асар их өөрчлөгдөөгүй байх ёстой. Үүнийгээ л шахаж шаардаж нэхье л дээ. 

Эдгээр хуулиудын дийлэнх нь байгаль орчныг хамгаалахад чиглэсэн, уул уурхайн салбарын хуулиуд, байгаль орчны хяналтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн процедурын шинжтэй хуулиуд, албан татвар, төлбөр, хураамж хураахад чиглэсэн хуулиуд байгаа. 

Бид нэгдэн орсон гэрээ конвенц, баталсан хуулиудаа бариад, баримтлаад явдаг бол учиртай. Гэтэл УИХ-ын гишүүд нь хүртэл нэгдэн орсон гэрээ конвенцийнхээ эсрэг хуулийн төсөл бариад явж байдаг, өчүүхэн эрх ашигт хөтлөгддөг зангаа өөрчилчихбөл, тэмцэгч босогч нар нь сүрдүүлж хэдэн юм унагах гэсэн зуршлаа хаячихвал дэвшил байгаа харагдах юм. 

Физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяр “Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийн аргаар олборлоно. Геологи, физик, гедрохими талаасаа ямар нэгэн асуудал байхгүй. Физикч хүний хувьд хэлэхэд, уран бол гайхамшигтай элемент. Хүн төрөлхтөнд гарын таван хуруунд л багтахаар гайхалтай нээлт байдаг. Түүний нэг нь ураны цөмийн гинжин урвалыг ашиглаж, эрчим хүч гаргаж авдаг явдал. Дээрээс нь ашигт үйлийн коэффицент өндөр. Өндөр ашигтай байх тусмаа аливаа зүйл өндөр эрсдэлтэй байдаг. Цөмийн болон цацрагийн хяналтыг барьж ажиллах шаардлагатай. Химийн хувьд хоруу чанартай. Идэж, уугаад байж болохгүй. “Н.Тэгшбаяр чи идэж болно гээ биз дээ” гээд дайраад байдаг. Гэтэл уран идээд сууж байдаг физикч битгий хэл хуруугаа амандаа хийдэг хүүхэд ч орчин үед байхгүй. Дээрээс нь ураныг тариа буудай шиг хормойлж ирээд тарьчихаагүй. Дэлхий анх үүссэн цагаас л манай байгаа энэ хэсэгт ураны тогтоц бий болсон байна. Манайх чинь 200 орчим мянган тонны тогтоогдсон нөөцтэй. Үүний 100 орчим нь энэ төсөл хэрэгжих Зөөвч-Овоо, Дулаан-Уул орчимд байгаа юм. Ийм хэмжээний ураны нөөцтэй байгаадаа бид хувь тавиландаа талархах ёстой. Үүнийг хэрэглэх цагтаа хэрэглээд л явах хэрэгтэй” гээд л ярилцлага өгөөд байдаг. Одоо бол шон дээр өлгөгдөх хүний нэг болчихсон л явах юм. 

Энэ хүний шинжлэх ухааны гаргалгаа үндэслэлтэй ярьж байна уу, олон улсын стандарт жишиг ярьж байна уу нэг хэсэгт огтхон ч хамаа алга. Мэдэх ч үгүй болохоор хамаатуулж ч чадахгүй байна л даа. Одоо ерөөсөө байгаль орчноо хамгаалах стандартаа мэддэг болцгооё, тэрийгээ нэхье. Олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байна уу, байгаль хамгаалах чигийн 20 орчим хуулийг зөрчиж байна уу тэр бүгдийгээ нэхдэг хянадаг болъё л доо. Ураны төслийн хувьд гадаргын хуулалт гэж байхгүй газрын гүний олборлолт хийгээд явна гэж байгаа бол гүний усанд нөлөөлөх нөлөөлөл нь ямар юм, эрдэмтдийн хэлж байгаа шиг ундны усанд хамаарахгүй бүр гүнээс, эрдэсжилт ихтэй угаасаа хүн хэрэглэх боломжгүй устай гэх тэр гүнд нь олборлолт явагдах юм уу гээд хяналтаа тавьж суръя л даа. 

Тэгвэл зах замбараагүй талцал ард үлдэж, арай өөр түвшинд хариуцлага нэхдэг ард түмэн болчих гээд байна.