Э.Одбаяр: АН бол сөрөг хүчин гэсэн ойлголтыг сэтгэлгээнээсээ авах цаг болсон
УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяртай ярилцлаа.

Э.Одбаяр: АН бол сөрөг хүчин гэсэн ойлголтыг сэтгэлгээнээсээ авах цаг болсон
- Улс төрд өөрийг тань харьцангуй шинэ хүн гэдэг ч өнөөдөр хашиж байгаа алба, УИХ-д намын жагсаалтад багтаж орж ирсэн, томоохон намын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байсан гэхээр шинэ хүн гэж боломгүй байна л даа. Таны улс төрд хөл тавьсан тэр цаг үеийн талаар ярилцлагаа эхэлбэл ямар бол?
-Би 2012-2016 онд тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт албаны дарга, газрын даргаар, хугацааны төгсгөлд Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байгаад сонгуулийн үр дүнгээр засаг төр солигдоход ажлаа өгч байлаа.
Тухайн үед манай яамны сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ АН-ын даргад өрсөлдөх болсноор намын даргын сонгуулийн сунгаа, сурталчилгааны ажилд ажиллах болж, улс төрийн амьдралд хөл тавьсан гэж болно. Яг намын батлах авсан нь гэвэл 2007 онд 20 настай байхдаа БГД-ийн АН-аас авч байлаа. 2017 оноос АН-ын Захиргаа удирдлагын газар, Хэрэг эрхлэх газрын дарга гээд ил гарах нь бага ч яг намын өдөр тутмын үйл ажиллагааны ар талд нь ажиллаж ирсэн дээ. Өнгөрсөн хугацаанд бас манай нам яггүй үеийг тууллаа, тууллаа.
- Өөрийг тань С.Эрдэнэ даргын хүүтэй андуурах үе байдаг байсан. Гэхдээ бас хүүтэй нь нэр, тэр ч байтугай овгийн Э нь хүртэл адил. Бүр нэг ангид сурч байсан, бас өөрийг чинь улс төрд дагуулж орсон гээд байдаг даа?
-Бид нэг ангийн найзууд. С.Эрдэнэ даргын үүсгэн байгуулсан “Гурван тамир” сургуульд суралцаж төгссөн юм. Манай ангийнхан тус сургуулийн эхний төгсөлтүүдийн л нэг. Эрдэнэбилэгийн Одбаяр, Эрдэнийн Одбаяр гээд яах аргагүй нэр, овог ч адил. Одоо бодоход бид нийгмийн идэвхтэй, амбицтай байсан шиг байгаа юм.
Дөнгөж оюутан болоод удаагүй байж намд элсээд. Гэхдээ сургуулийнх нь үүсгэн байгуулагч улстөрч байсан болоод ч тэр үү, ер нь идэвхтэй хүүхдүүд байсан л даа. Одоо ажил амьдралын замаар тэр бүр уулзалдахгүй л явна. Нэр нэгтийн чих нэг гэдгээр бид хоёрыг андуурах нь байдаг.
- АН 2016 оны сонгуулиар ялагдал хүлээсэн тэр үед та намын гал тогоонд орж ирсэн юм байна. Ардчилсан намын хөл толгойгоо олохгүй байсан тэр үед ардчилсан үзэл санаатай, итгэж дэмждэг олон хүн энэ нам учраа олчхоосой гэж харж байсан. Лидерүүд нь хөлөө олохгүй байсан тэр үе, залуучуудад хэцүү байв уу?
-Таны хэлж байгаачлан хямралтай үе бидэнд байсан. Гэхдээ тэр буруу, энэ буруу гэхэд хэцүү. Манай ах нар бүгд өөр, өөрийн үнэнтэй. Түүндээ хатуу зогсдог. Түүнийг нь бас буруутгаад байж болдоггүй. Нөгөө тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг нэг тийм юм бий. Гэхдээ манай нам чинь анхнаасаа ганц нам байгаагүй, ардчиллын төлөөх намууд нэгдэж үүссэн учраас цэргийн тушаалаар бос, суу гэснээр болно гэж байхгүй. Олон ургалч, үзэл санаа хөвөрч байдаг тийм л нам шүү дээ. Миний хувьд тэр алдсан хоёр жил хагас, гурван жилийн хугацаа харамсалтай санагддаг уу гэвэл тийм. Залуучуудын хувьд нам хоёр талд хуваагдаад байхаар яахаа мэдэхгүй байсан нь үнэн. Сонгууль болох цаг тулаад байдаг, бидний байгаа царай ч гэж дээ гэж бодогдох үе байсныг нуугаад яахав. Ковид болж, нийгмээрээ яахаа мэдэхгүй байсан шиг манай нам ч өөрийн гэсэн “ковид”-ын хямралтай байлаа. Харин хаа очиж УИХ дахь манай намын гишүүд цөөхүүлээ ч гэсэн нэгдмэл бодол санаатай байж чадсан юм шүү. Түүнд нь талархалтай явдаг. Парламент дахь бүлгийн гишүүд, манай намынхан бас хаа хаанаа хичээснийх гэрчилгээгээ гаргуулж, тамгаа авч, нэг үеэ бодвол хөдөлж эхэлсэн нь тэр шүү дээ.
- Тэр үеэ бодвол АН Засагт багтаад хүмүүс нь ажил албатай болоод явж байна. Гэхдээ хүчтэй сөрөг хүчин нь нөгөө талдаа нэгдээд явчихаар хяналт яах вэ гэдэг дээр хүмүүс шүүмжилдэг. Намын генсек байсан хүний хувьд энэ шийдвэрт оролцоод явсан байх. Яагаад хамтрах ёстой байсан гэж?
-Өнгөрсөн сонгуулиар анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонголоо. Манай намд итгэж нийт сонгогчдын 33 хувь нь саналаа өгөв. Намын жагсаалт буюу хувь тэнцүүлж гаргахаар сонгогчдын санал гээгддэггүй давуу талтай. Тойргоос 26 гишүүн, жагсаалтаар 16 гишүүн сонгогдсон. Энэ олон сонгогчдын санал бол манай намд итгэж, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээсэй гэж өгсөн иргэдийн санал гэж ойлгож байгаа. Түүнээс сөрөг хүчин хийгээрэй гэж өгсөн санал гэж бодохгүй байна.
- Гэхдээ нэгэнт олонхын санал аваагүй бол хяналтаа сайн хийгээд явах ёстой бус уу?
-Ер нь аливаа улс төрийн нам яах гэж сонгуульд ордог юм. Засгийн эрх мэдлийг авч, өөрсдийн харж байгаа хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх гэж ордог. Өнөөдөр Засгийн газрын 23 сайдын найман сайд нь АН-аас байна. Энэ бол сонгуулиар авсан саналынхаа хэмжээнд манай сайдууд хариуцлага хүлээж ажиллаж байна гэж ойлгож болно.
- Нөгөө талаас танай намынхны зүгээс дандаа галтай, хэл амтай яамдыг манай АН-д өгчихсөн гэж гомдол гэх үү, шүүмжлэл гэх үү сонстдог л доо. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?
-Өнгөрсөн найман жилийн хугацаанд байдал ямар байсан бэ. Эрх бариагүй найман жилийн хугацаанд ажил төрөл эрхлээгүй, бүгд хувь хувиараа мөр мөрөө хөөгөөд идэр насныхан ч тэр, хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс ч тэр, эхнээсээ тэтгэврийн насанд хүрчихсэн ийм л явсан. Манай намын хувьд чадалтай чансаатай боловсон хүчин олон. АН бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувийн өмч, хуулийн засаглалыг хөхиүлдэг нам гэдгийг хүмүүс мэднэ. Тэр агуулгаараа хууль эрх зүй, байгаль орчин, аж үйлдвэрлэл гээд чиг үүргийн яамдаа аваад ажиллаж байгаа. Ер нь дэлхийд намууд Засаг байгуулаад явахдаа үзэл баримтлалдаа ойр, ойр салбаруудаа хариуцаад хамтраад аваад явдаг жишиг нэлээд тогтчихлоо шүү дээ. Олон соёл нийлж, нэгнээ хүлээн зөвшөөрөөд явна. Ер нь энэ олон улс төрийн намууд бүгд л улс орноо хөгжүүлэхийн төлөө биз дээ. Очих замууд өөр ч, хүрэх газар нэг гэж би ойлгож байна. Тиймээс нэгнийхээ үнэт зүйлүүдийг хүлээн зөвшөөрөөд, хувь эгогоо дараад урагшилчихад болно.
Өмнөх түүхээ ч харсан Засагт хамтарч байсан туршлага аль, аль намд бий. Энэ удаагийн хамтрал илүү сургамжтай, эх орны хөгжлийн төлөө шийдэх зүйл олон байсан учир энэ замыг сонгосон. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг явуулах түүхэн цаг хугацаа гэж үзсэн учраас энэ хамтралд АН багтсан. Энэ ч үүднээсээ хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа намууд гэрээ байгуулсан. Тэгэхдээ намуудын мөрийн хөтөлбөрт аль салбарт аль намын мөрийн хөтөлбөр чамбай байсныг харгалзан хуваарилсан гэж ойлгож байгаа.
Засгийн газрын бүтцийг цэвэр Ерөнхий сайдын манлайллаар тодорхойлсон. Өөрөө ч бүтцээ том зургаар нь харсан байх. Яг үнэндээ сөрөг хүчиндээ хууль зүй, уул уурхайн яам, Засгийн газрын дотоод хяналтаа хариуцуулна гэсэн шийдвэр гаргана гэдэг сонгуульд ялсан намын даргын хувьд эр зориг гаргасан гэж ойлгодог. Нөгөө талаас галтай ч гэсэн энэ хэд маань нухаж байгаад ард нь гарчих байх гэж итгэсэн гэж ойлгодог.
- Хөгжлийн төлөө хамтарлаа гэж ойлгож байгаа гэхэд хяналтгүй төр, сөрөг хүчингүй парламент байж болохгүй. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Манай УИХ-д байгаа 126 маань сөрөг хүчний үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа гэж харж байгаа. Дандаа сануулж байгаа, алдаатай бодлого оруулж ирвэл хүний өөрийнхгүй шүүмжилж байгаа. Тиймээс сөрөг хүчин байхгүй байна гэж санаа зоволтгүй.
- Мажоритар тогтолцооны сул талаар гэх үү санал гээгдэж, цөөхөн саналын зөрүүгээр дийлэнх олонхын эрх мэдлээ алдахын зовлонг АН олон жил мэдэрч ирсэн. Нам гэлтгүй сонгогчид мэдэрч байсан байх. Үүнийг залруулахаар хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр буюу сонгуулийн тогтолцоогоор цаашдаа намууд аль нэг нь нэгдээд явах л дүр зураг харагдаж байх шиг…
-Одоо Засгийн газрыг бүрдүүлж байгаа намуудын төлөөлөл 2022 оны намар Германд очиж сонгуулийн тогтолцоо, Засгийн газраа бүрдүүлэх үйл явц ямар байгааг харахаар очиж байсан. Дараа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа ч тэр. Энэ бол улсаа бодсон тогтолцоо гэж хэлэхээр байна. Өнгөрсөн 30 жилд бид тогтолцоогоо шийдэж чадахгүй байсан гэж хэлэхгүй. Тухайн цаг үедээ байж болох хамгийн сайн хувилбараараа шийдээд ирсэн байх. Гэхдээ өнөөдрийн энэ тогтолцоо одоогоор хамгийн сайн хувилбар нь. Дэлхийн улс орнууд ч ингээд урагшилж байна.
- Ер нь цаашдаа намууд хамтарч Засгийн газраа байгуулахаас өөр сонголтгүй нөхцөл үүсэхийг ойлгож байна. Үүн дээр нам хооронд маш сайн хэлэлцээр хийдэг чадвартай улстөрчид хэрэг болох байх. Өөрийг чинь энэ талдаа нэлээд сайн гэх юм билээ. Шулуухан асуучихъя л даа. Таныг МАН-н бэт гэж нэрлээд байсныг сонссон уу. Манайхан бас их хоржоонтой нэр өгдөг улс шүү?
-Зорилго нь аргаа зөвтгөхгүй гэдэг бил үү. Ер нь хөгжлийн төлөө байхад тэр элдэв нэр хамаа байж үү гэж боддог ш дээ. Одоо угаасаа бид тал тал тийшээ биш, нэг тийш харж зорьж урагшлах цаг болсон. Том агуулгаараа би тийм үзэл санаатай. Хувь хүн талаасаа гэвэл Монголын улс төрийн тойрог тийм том биш шүү дээ. Монголчууд бүгд нэгнээ таньдаг гэдэг шиг энэ хүрээлэлд байгаа улсууд бүгд нэгнээ танина, мэднэ. Би намынхаа үе, үеийн лидерүүдтэй, ах нартайгаа ойлголцож, хүндэтгэж харьцдаг. МАН-ын ч үе, үеийн дарга нартай ядаж нэг удаа аяга цай хувааж уун ярилцаж байсан. С.Баяр, С.Батболд, М.Энхболд дарга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга гээд хувь хүмүүсийнхээ хувьд бид нэгнээ мэднэ. Шадар сайд Г.Доржханд байна. Хөгжлийн төлөө ярьж ойлголцож байна уу, хамтраад зөвшилцөл ярьж, юм хуваагаад авчих тухай ярьж байна уу гэдэг ялгаатай гэж би бодож байна.
Манайд заавал нэг хүнтэй аваачиж наах гээд байдаг зүйл байдаг. Намайг чинь одоо С.Эрдэнэ даргын хүн, Х.Баттулга даргын хүн гээд л аль нэг талд оруулчих гээд их үзсэн дээ. Тэгвэл намын дарга Л.Гантөмөрийн хүн биш юм уу гэж асуумаар юм.
- Бараг Л.Гантөмөр даргыг АН-ын дарга болох үед ерөнхий нарийн бичгийн дарга болсон өөрөөс чинь болоод Женко Х.Баттулга намаа авчихлаа гэсэн яриа таамаг хүртэл гарч байсан байх шүү?
-Надад бол хэн нэгэн хүнтэй наагаад л хамаатуулаад байх тийм сонин биш байдаг. Харин тэр хүмүүст нь бараг юу бодогддог юм бол гэхээс. Таны хэлж байгаа хүн бол сонсвол бараг уурлах байх шүү, намайг өөрийнх нь хүн гээд байвал. /инээв/
Ер нь би хувь хүнийхээ зүгээс намын лидерүүд, төр засгийн хариуцлагатай алба хашиж байсан тэр хүмүүст, ах нарт хүндэтгэлтэй ханддаг. Тэр хүмүүсийн туулж өнгөрүүлснийг шүүх шаардлага бидэнд байхгүй. Өнөөдөр залуучууд хэн нэгэн хүний ард, дарга нарын хүмүүс гэж хэлүүлэхгүйгээр урагшаа явахыг хүсдэг. Үе, цаг их өөр болж байгаа шүү.
- Бүх зүйл цагийн шүүлтүүрээр харагддаг л даа. Үнэхээр тухайн үед Женко хүнээ генсекээр тавиад нам нь түүнд үнэхээр очсон байсан бол нэр дэвшилтийн орой түүний талынхан хямарч гарч ороод нэр дэвшүүлэлт тийм хувилбараар гарахгүй байсан гэж бодогдож байна л даа. Гэснээс Ерөнхийлөгч байсан хүн УИХ-д нэр дэвшиж, гишүүн болох хэр зохимжтой гэж та боддог вэ?
-Тухайн хувь хүний шийдвэр байх л даа. Надаас бодлыг маань асууж байвал би хувьдаа зохимжтой хэрэг биш л гэж хэлнэ. Уг нь тэд дэх Ерөнхийлөгч гээд хүндэтгэл бүхий явж байсан бол зүгээр санагддаг.
-Та энэ удаад жагсаалтаар орж ирсэн ч дараагийн сонгууль тойрог бодож яваа байх. Ааваараа Увсынх, ээжээрээ Завханых гэж ойлгосон...
-Тийм ээ. Аав маань Увс аймгийн Бөхмөрөн сум, ээж маань Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх. Би өөрөө Завханы Тосонцэнгэл суманд төрсөн. Нутаг орноо гээд сүсэлж залбираад л явдаг. Хувь улстөрчийн хувьд зөвхөн нэг тойрог бус том агуулгаараа улсаараа хөгжих тухай бодож явдаг. Тиймээс одоодоо сонгууль гэхээсээ урдах ажлаа сайн хиймээр байна. Ер нь сонгогчдод таалагдах шийдвэр улс орны шийдвэртэй дандаа урвуу хамааралтай байж ирсэн. Ирээдүйд хэрэгтэй шийдвэрүүд өнөө маргаашдаа хүмүүст таалагдахгүй байх нь бий. Тэр бүгдийг давж ажиллана гэдэг бас хэцүү. Тиймээс сонгуулийн хүлээсэнд баригдахгүй хэсэгтээ урагшаа харж ажиллах нь зөв гэж бодож байна.
-Таны хариуцаж байгаа Үндэсний хороо яг ямар чиг үүргийн газар вэ. Хуучны Мэргэжлийн хяналтын ор байсан газар гэж ойлгоод байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ газрыг сэргээ гээд л, мэргэжлийн хяналтыг татан буулгасан хүн болох Д. Амарбаясгалан дарга сэргээх шаардлагагүй гэж байх шиг анзаарагдаж л байна...
-Манай Хяналт, үнэлгээний Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын хяналтын тухай хуульд заасны дагуу Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хэлэлцүүлгээс хүмүүс анзаарсан л байх. Төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналтын нэгдсэн тогтолцоо манайд алдагдчихаад байгааг. Хуучин бол Эдийн засгийн яам ерөнхийд нь төлөвлөөд, Хэрэг эрхлэх газар зохион байгуулалтыг нь хийгээд, Сангийн яам шаардлагатай төсөв гаргаад явдаг байсан. Манай Хяналт хэрэгжүүлэх газар ЗГХЭГ-ын харьяанд байсан юм. Харин Засгийн газрын хяналтыг тусад нь гаргасан нь зөв байжээ гэдгийг олон хүн хэлж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хувьд Олон улсын үнэлгээний цогц системийг нэвтрүүлснээр урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг цогцоор нь нэг платформ дээр харилцан уялдаатай төлөвлөх, төсөвлөх, хянах системтэй болох юм. Гэхдээ хоорондоо үл хамаарах зарчмаар ажиллуулснаар цаашид төсөвлөлт, төлөвлөлтийн уялдаагүй байдал арилж гүйцэтгэлийг хянах боломжийг нээж байгаа юм. Олон улсад ч ингэж цогц системээр нь хийж байна. Дэлхийн бусад улс орнуудад Олон улсын үнэлгээний цогц систем буюу DME (Design Monitoring Evaluation) системээр зохицуулж байгаа нь манайд ч хэрэгцээтэй байгаа юм. Мэдээж, салбарын онцлог, оролцогч талуудын байр суурийг сонсож бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Хэрэв энэ системийг эхний шатанд төрийн захиргааны төв байгууллагууд руу нэвтрүүлчихвэл төсвийн төлөвлөлт, үр ашиггүй байдал багасаад ирнэ. Энгийнээр хэлье л дээ. Нэг байшин барихын тулд бид яг барих хэрэгцээ юу байгааг тодорхойлно. Тэгээд барихад төсөв байна уу, яг бариад бидэнд ямар үр ашиг ирэхийг мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл арга хэмжээ хэрэгжсэнээр яг ямар үр дүнд хүрсэн талаар хэрэглэгчийн үнэлгээ судалгаа гарчихсан, түүний үр нөлөөний талаар нэгдсэн дүгнэлт нь гарсан байдаг тийм системийг хэлээд байгаа юм.
Тухайлсан аль нэг салбар дээр яг ямар хяналт хийгдэх гэж байгаа юм, ямар хяналт хийгдэж байсан юм, яг ямар тайлан мэдээ гарч байсан юм гэдгийг иргэд, ААН-үүд гээд бүх талууд нээлттэй нэг платформ дээрээс нэгдсэн мэдээлэл авдаг байх нь маш чухал. Мэргэжлийн хяналтын газар татан буугдах нэг шалтгаан яг ямар эрх ашгаар ямар шалгалт явагдаад байгаа юм, яг ямар хариу дүн мэдээ гарсныг мэдэхгүй бүрхэг байснаас хардалт үүссэнтэй холбоотой шүү дээ. Санаатайгаар нуун дарагдуулсан уу, хэтийдсэн дүгнэлт гарсан байна уу, аль нэг эрх ашиг үйлчилсэн байна уу гэсэн хар сэр байдаг даа. Үүнийг хэрэглэгч, шалгуулагч, шалгагч гээд бүх талууд өөрсдөө хараад хянаад явчих нь боломжийг shilengov.mn өгнө.
-Танай хяналтын мэргэжилтнүүд салбар салбараасаа буюу өөр газраас цалинжаад танай дээрээс зөвлөмж, чиг үүргээ аваад явна гэхээр асуудал, хүндрэл гарах уу?
-Салбар салбарын хяналтынхаа чиглэлээр үйл ажиллагаагаа хорооныхоо ажилтай уялдуулаад явж байгаа. Мэдээж, Засгийн газраас баталж өгсөн журмаар зохицуулагдана. Яг томилж байгаа газар, зөвлөж байгаа газар өөр учраас бас асуудал гарах үе байна. Гэхдээ харьцангуй гайгүй ээ. Тийм ноцтой хүндрэл бол гараагүй.
-Засгийн газрын гишүүний тань хувьд асуулгүй өнгөрч болохгүй зүйл байна. Сүүлийн үед бүтээмжийн менежер гэдэг албан тушаалын талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Намын шугамаар хүмүүсээ төрийн албанд өндөр албан тушаал дээр тавьж байна гээд нэлээд ч бичигдэж байна л даа. Хамтарсан Засагт багтсан намууд ингэх хэрэг байгаа юм уу, татвар төлөгчдийн мөнгө шүү дээ?
-Би энэ тал дээр арай өөр байр суурьтай байна. Шагнал урамшуулал болгож биш, харин ачаа үүрүүлж томилж байгаа алба гэж хэлнэ. Ганц бүтээмжийн менежер ч биш, хяналтын менежер гээд албан тушаал байгаа. Байгууллагын бүтэц, төсвийг нь нэмэхгүйгээр одоо байгаа бүтцэд нь багтаагаад энэ орон тоог гаргаж байгаа. За тэгвэл энэ хүмүүс юу хийх вэ. Тухайн байгууллага бүтээмжээ жилд 10-аас доошгүй хувь нэмэгдүүлэх боломж юу байгааг эрэлхийлж гаргаж ирнэ, хяналт хариуцсан хүн зардлыг мөн тийм хувиас доошгүй багасгая гээд бодлогоо гаргаж ирээд хоёр талаас нь шахах зорилготой. Тэгээд ямар үр дүнд хүрч байна, төрийн өмчит ААН-үүдийг байгаагаар нь урагшлуулах уу, нийлүүлэх үү, эсвэл хувьчлах хэрэгтэй байна уу, дэмий хувийн ААН-үүдтэйгээ өрсөлдөөд байна уу гэдэг бүрэн зураглалыг, гаргаж ирэх албан тушаалтнууд юм. Ялангуяа төрийн өмчийн газрууд дээр хэсэг хугацаанд анхаараад цаашдаа яах вэ гэдгээ тодорхой болгочихъё гэж бид үзэж байгаа. Хяналтын менежерээр томилогдож байгаа хүмүүсийн хувьд манай намаас гэхэд салбар салбарын ажлаа мэдэх чадварлаг хүмүүсээ сонгон ажиллуулж байгаа.
-Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргаар ажиллаж байсан юм билээ. Ер нь энэ байгууллагад ажиллаж байсан анхны эрэгтэй дарга байх шүү?
-Өнөө жил энэ байгууллагын маань 100 жилийн ой болж байгаа. Би дарга болохоосоо өмнө Хүүхдийн төлөө Үндэсний газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утас гээд бид санаачлаад хийж байлаа. Ер нь үеийн үед чадварлаг эмэгтэй дарга нартай байж ирсэн. Харин миний дараа О.Алтансүх гээд эрэгтэй даргатай бас нэлээд удсан байх шүү. Маш гэгээлэг сайхан алба. Хүүхдийн асуудлыг бүгд мэддэг юм шиг мөртлөө ард хаягдаад байдаг. Тэр дундаа эцэг, эхийнхээ гар дээр нийгмийн хэвийн амьдралд байгаа хүүхдүүдээс өөр нөхцөлд байгаа, төрийн бодлого нийгмийн дэмжлэг хэрэгтэй байгаа хүүхдүүдийнхээ асуудалд түлхүү анхаарч, тэдний оролцоог туйлаас анхаарах ёстой ажил. Ажил дуусдаггүй маш том салбар л даа. Оролцогчид 0-18 насныхан гээд үзвэл хүн амын 30-40 хувийг эзэлдэг маш том бүлэг. Өрх бүлд ээж, аав хэн хэн нь хүүхдийнхээ асуудлыг анхаарах ёстой шиг улс оронд ч эрэгтэй, эмэгтэй шийдвэр гаргагчид бүгд л бодлогын хэмжээнд дэмжиж өгөх ёстой ажил.
-Өөрийн чинь тухай тэрний хүн, энэний хүн гэсэн яриаг л сонсож байхаас яг тулж уулзаж байгаагүй юм байна. Намын арын гал тогоонд зүтгээд тэгж ил гардаггүй байсан гэж дээр хэлсэн. Ер нь бага залуу байхын тийм арын эгнээний хүн байсан уу?
-Би хүүхэд байхаасаа сурагчдын зөвлөл, скаут, олимпиад гэж явсан их нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Харин намд ороод хүлээцтэй, бусдынхаа үгийг сонсож, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж ард үлдэж чаддаг чанарт суралцсан санагддаг. Ер нь ч ил гараад байдаггүй явж ирсэн. Тэгсэн мөртлөө элдэв янзын “домог” ихтэй болчихсон. Тэр нь гэхдээ үнэн гэхэд хэцүү. Гэлээ гээд яахав дээ, тийм ийм гээд байлтай биш. Женкогийн хүн гэгддэг ч сонгуулийн сунгаанд нам дотроо Р.Амаржаргал гуайг дэмжээд явж байсан.
-УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөх үед төрийн өндөрлөгүүдтэй гар барьж үлдсэн зургийг хүмүүс бас их ярьдаг. Их ч ач санаж байна даа гэлцээд л …
-Би түрүүнд ч хэлсэн. Үе, үеийн намынхаа лидерүүдтэй ч, улс төрийн хүрээлэлд байгаа бүхий хүмүүстэй гэмгүй харилцаатай, тэдэнд хүндэтгэлтэй ханддаг аа гэж. Улс төрийн нам өөр байлаа гээд дайсан байх ёстой гэсэн үг биш биз дээ. Тэр зургийн хувьд өнцөг нь тэгж таарсан байсан. Хүмүүс янз янзаар хэлж байсан ч тоодоггүй. Улс орны хөгжлийн төлөө хамтрах ёстой бол хамтраад л явна.
-АН-ын түүх бол өнөө цагт амьдарч байгаа бүх хүмүүсийн нүдэн дээр явагдсан. Уналт босолт, омойтол тэмцэл гээд бүгд. Түүхэн өдрүүд ч олонтой, хүмүүс ч бас мэддэг. Сая намын ойн өдөр нь болж өнгөрлөө…
-1990 оны хоёрдугаар сард хурлаа хийж, нам байгуулах шийдвэр гаргаад Дээд шүүхээс дөрөвдүгээр сарын 7-ны өдөр АН-ыг бүртгэсэн шийдвэр гарсан байдаг. Таны хэлдгээр манай намтай холбоотой түүхэн өдрүүд олон, хүмүүс ч сайн мэддэг. Анхны жагсаал 1989 оны арванхоёрдугаар сар 10-нд болсон, 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд АН-ыг бүртгэсэн өдөр, ардчилсан үзэл санаатай залуус тус тусын намыг байгуулан явж байгаад ялагдал хүлээснийхээ дараа 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын таван нам нэгдсэн гээд хүмүүс тэмдэглэлт энэ өдрүүдийг сайн мэддэг. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр бол яах аргагүй АН-ын нэртэй холбоотой, бидний хүндэтгэн тэмдэглэвэл зохих өдөр юм. Өнгөрсөн хугацаанд манай нам олон сонгуулийн ард ялж, ялагдаж, хэлэлцэж, хэрэлдэж явсаар 35 жилийн босгыг давжээ. Ардчилсан хувьсгал, Ардчилсан нам өнөөдрийн бидний амьдарч буй энэ нийгэм бүгд хоорондоо салшгүй холбоотой. Тэр утгаараа энэ бүхэнтэй холбоотой бүх хүмүүст баярын мэндийг хүргэе ээ. Өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар намынхаа генсекийг батламжиллаа. Ардчилсан нам бол зөвхөн сөрөг хүчин хийдэг нам биш ээ. АН бол эрх барьдаг, ажил хийдэг, гал авдаг, ачаа даадаг хүчин. Одоо бид мэддэг чаддаг бүхнээ илүү харуулж, өөрсдөө ч сөрөг хүчин гэсэн ойлголтоо сэтгэлгээнээсээ авах цаг болсон гэж боддог. Монголчууд олон ургальч үзэл санаагаар, улс төрийн олон хүчинтэй, хөгжлийн төлөө, бодлогын төлөө ухаанаа уралдуулж, өрсөлдөхдөө өрсөлдөж, хамтрахдаа хамтарч чаддаг гэдгийг харуулах Ардчилсан нам байгуулагдсаны 35 жилийн ойн мэндийг хүргэе ээ.
Ярилцсан Э.ЭНЭРЭЛ