МАН-ын хоёр дахь “накаут” буюу Х.Баттулгад яваа АН-ын гэрчилгээ
АН-ын гэрчилгээ, тамга хоёрыг хоёр тус тусад нь хадгалах нь анхнаасаа МАН-ын бодлого байсан байх. Тиймээс Л.Гантөмөр намынхаа тамга, гэрчилгээг авахын тулд шүүхтэй биш, Засгийн газартай тохиролцох хэрэгтэй болж байна.
“Шидийг үзээд нисэхийг шахав, шидэмсээр боолгоод үхэхийг шахав” гэж ардын зүйр үг байдаг даа. АН-ын дарга Л.Гантөмөр болоод намын идэвхтнүүдэд яг л ийм зүйл тохиов. АН-ын даргаар сонгогдоод нэг сар, Дээд шүүхэд бүртгүүлээд хоёр сар болсон ч Л.Гантөмөр тамга ч үгүй, гэрчилгээ ч үгүй явна. Энэ сарын 7-нд хуралдсан УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас “Л.Гантөмөрт АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” гэдэг шийдвэрийг гаргажээ. Харин энэ шийдвэрийн тухай УДШ биш, Л.Гантөмөр ч биш, С.Эрдэнийн үед намын генсекээр ажиллаж байсан Л.Эрдэнэсувд гэдэг эмэгтэй өчигдөр “4:11” уулзалтаар мэдээлэв. Мэдээжийн хэрэг машид баяр хөөртэйгээр.
Тэгээд “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн Дээд шүүхийн шийдвэр хууль бус байсан. Учир нь намын даргыг бүртгүүлэхдээ улс төрийн намын гэрчилгээг эх хувиар нь өгөх ёстой байсан. Энэ гэрчилгээ Л.Гантөмөрт байхгүй, С.Эрдэнэ даргад байгаа” хэмээн барьцаа ахиулжээ. Гэвч энэ ч гэсэн худлаа. Учир нь АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа С.Эрдэнэд ч биш, Х.Баттулгад яваа юм байна. Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдсоны дараа Х.Баттулга гэдэг хүн “АН-ын дарга нь би байна” хэмээн ил цагаан ярьж явсан нь ийм учиртай байж. Чоно оо чоно...
АН-ын гэрчилгээ яагаад Х.Баттулгад очив?
Сануулахад 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа намын дарга С.Эрдэнэ “Сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж байна” хэмээн намын даргаас өөрийн хүсэлтээр огцорч, дараачийн намын даргыг сонгох хүртэл намын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Ц.Тувааныг томилж, АН-ын тамга, гэрчилгээг хүлээлгэж өгсөн байдаг юм. Дөрвөн сарын дараа “намын даргын сонгууль явуулсангүй, өөрийгөө намын даргад өргөмжиллөө, эдлэх ёсгүй эрх эдэллээ” хэмээн уурлаж, “Улс төрийн намын гэрчилгээ, тамга тэмдгийг үрэгдүүлсэн” гэж сонинд зар нийтлүүлээд, УБЕГ-т хүсэлт гаргаад тамгаа дахин хэвлүүлээд авчихсан. УБЕГ-аас түүнд АН-ын гэрчилгээг дахин олгоогүй боловч 2017 онд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн шийдвэрийг үндэслэн намын тамгыг олгосон байдаг юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш АН-ын гэрчилгээг хараагүй гэсэн үг. Харин энэ хооронд уг гэрчилгээ аль хэдийн Ц.Туваанаас Х.Баттулгын гарт очсон байжээ. Яаж гэж үү? Яаж, яагаад гэдгийг Ц.Туваанаас л асуух хэрэгтэй байх даа.
Л.Гантөмөр яагаад тамгагүй үлдэв?
Учир нь С.Эрдэнэд намын тамга олгосон, Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн цаг хугацаа, нөхцөл байдал өөр өөр байна. С.Эрдэнийг намын тамга авах үед Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхчихсөн, Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусаагүй байсан үе. Тиймээс Х.Баттулгатай сөрөх нэг хүн МАН-д хэрэгтэй байсан ньтодорхой. Тиймээс МАН С.Эрдэнэд АН-ын тамгыг өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд оруулсан байдаг юм. Түүнээс хойш бараг хоёр жил өнгөрөхөд С.Эрдэнэ намынхаа гэрчилгээг Х.Баттулгаас салгаж авах тухай огт санаанд ороогүй гэвэл худлаа болох байх. Одоо харахад АН-ын гэрчилгээ, тамга хоёрыг хоёр тус тусад нь хадгалах нь анхнаасаа МАН-ын бодлого байсан байх. Бүртгэлийн байгууллага нь МАН-д, шүүх нь ч МАН-д байгаа цагт үүнтэй хэн ч маргах эрхгүй болчихож байгаа юм. АН-ын дарга хэн боллоо ч МАН эрх барьж байгаа цагт МАН-ын “хүүхэлдэй” л болж харагдана. Харагдаад зогсохгүй бодитоор ийм боломж байна гэсэн үг. Магадгүй үүн дээр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” МАН-ын тохироо явсан байх. Байх л гэж байгаа юм шүү дээ.
Хөндлөнгөөс харахад, Л.Гантөмөр нь жаахан зоригтой хөдлөөд УДШ-ийн шийдвэрийг бариад Х.Баттулгыгаа шүүхэд өгчихөд улсын бүртгэлийн гэрчилгээ өөрөө гарт нь ороод ирэх асуудал. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үүрэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага юуны төлөө байдаг билээ. Хэрвээ Х.Баттулга нь гаргаж өгдөггүй юм гэхэд түүнд байгаа гэрчилгээг хүчингүйд тооцоод шинээр гэрчилгээ гаргах эрх нь бүртгэлийн байгууллагад бий. Гэвч шүүх шийдвэрээ гаргах нэг хэрэг, түүнийг биелүүлэх нь огт өөр асуудал болчихоод байна. Бүр тодорхой хэлбэл, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага нь шүүхэд биш, Засгийн газарт харъяалагддаг. Тиймээс Л.Гантөмөр намынхаа тамга, гэрчилгээг авахын тулд шүүхтэй биш, Засгийн газартай тохиролцох хэрэгтэй болж байна.
inews.mn
Зочин
Зочин
ч
a
Кино
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Элдэв Очир
Зочин