АМЕРИК РУУ ЯВСАН БА АМЕРИКААС ИРСЭН ЗАХИДЛУУДЫН ТУХАЙд


Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод 30 жил өнгөрчээ.

Манай гадаад бодлогод баримталдаг “Гуравдагч хөрш” гэх ойлголт нь анх АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер 1991 онд Монголд айлчлах үедээ ашигласан томъёолол ажээ. Хоёр хөрштэйгөө л хиллэдэг Монгол Улсын гадаад бодлогыг онож томъёолсон гэж үзсэн учраас манай гадаад харилцааныхан ихэд олзуурхан эргэлтэд оруулсан байдаг. 

Америк Монголын харилцаа нь өнгөрсөн 30 жилийн туршид чамлахааргүй хөгжиж, олон талбарт хамтран ажиллаж ирсэн ч боломжоо хангалттай, бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа нь үнэн юм. 

Шинэ оны зааг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп-д хандан захидал илгээжээ. Захидлын гол агуулгыг сийрүүлбэл: 

… Өнөөгийн нөхцөлд хоёр орны эдийн засгийн харилцаа хангалттай хэмжээнд бус байна. Манай гадаад худалдаанд Америкийн эзлэх хувь хоёр хувьд ч хүрэхгүй байгаа юм. 1990 оноос хойш АНУ-аас Монголд 300 гаруйхан сая долларын л хөрөнгө оруулалт хийгдсэн нь цаашид үүнийг сайжруулах боломж байгааг илтгэж байна. Монголыг “ардчиллын баян бүрд”, “ардчиллын үлгэр жишээ” гэх мэтээр хөөргөх нь эдийн засгийн хөгжилд дорвитой нэмэр болохгүй байна. Үүний улмаас Монголын энгийн ард иргэд ардчилалд итгэл алдарч, бидний сонгосон сонголтод эргэлзэж эхлэхэд хүргэж байна. Өнөөдрийг хүртэл хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй төвшинд байж ирсэнд эрс өөрчлөлт гаргаж, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг арга замуудыг ашиглан Монгол Улсыг эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд Таныг тусалж чадна гэж бид найдаж байна.

Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн Танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм.

… Мөн Таныг Америкийн компаниудыг Монголд хөрөнгө оруулах, улс төрийн тогтвортой байдлыг эдийн засгийн өсөлтөөр хангахад нь манай улсад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

… Үндэстэн бүр тусгаар тогтнол, эрх чөлөөгөө батжуулах эрхтэй бөгөөд Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бүрэн олж авахад ноён Ерөнхийлөгч таныг дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж хүлээж байна.

Товчхондоо манай Ерөнхийлөгч эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ төвшинд гаргая, дорвитой дэмжлэг үзүүлээч гэж хүссэн байна. 

Оны өмнөхөн Ерөнхийлөгч Дональд Трамп улс орныхоо аюулгүй байдлын стратегийг танилцуулж Конгресст 1 цаг 20 минут үргэлжилсэн илтгэл тавьсан. Тэр илтгэлдээ Трамп шинэ стратегийн бодлогоо танилцуулахдаа АНУ эдийн засгийн өрсөлдөөний шинэ эринд шилжиж байгааг дурдсан байна. Америкчууд “Эдийн засгийн аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал юм” гэсэн хатуу баримтлал илэрхийлж байгаатай Ерөнхийлөгч Х.Баттулгын удаа дараа илэрхийлсэн байр суурь нийцэж байгааг анзаарч болно.

Трампын танилцуулсан Үндэсний аюулгүй байдлын стратегийн дөрвөн тулгуур нь:

- Улсын аюулгүй байдлыг батлан хамгаалах;
- Америкийн хөгжил дэвшлийг сурталчлах;
- Америкийн сүр хүч, нөлөөг дэлхий даяарт бэхжүүлэх;
-Энхтайвныг олон улсад сахин хамгаалах

Эндээс харахад Төв Ази, Зүүн хойд Азид нөлөөгөө бэхжүүлэх, хөгжил дэвшлээ сурталчлах, энхтайвныг сахин хамгаалах нэг чухал цэг нь Монгол Улс байхаас аргагүй юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга 1992 онд Монголын ардчиллыг дэмжих зорилгоор Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг АНУ улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг гаргаж байсныг сануулаад давтан хэрэгжүүлээч хэмээн хүсчээ. Маш олон ажлын байр бий болгох энэ хүсэлт дэмжигдэх магадлал өндөр юм. Учир нь одоо Кампучи, Хайти, Непал, Лаос, Мавритан, Өмнөд Судан зэрэг улс орнууд оёмол сүлжмэл бүтээгдэхүүнээ Америкийн зах зээлд татваргүй оруулах хуулийг АНУ-ын Конгресс гаргасан, хэрэгжиж байгаа билээ. Энэ жагсаалтад Монгол Улсыг хамруулаач тодорхой хүсэлтийг л Дональд Трампад уламжилсан байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд энэ хүсэлтийг хүлээж аваад, хэрэгжүүлэх явцад орсон бололтой. Тэрээр “Миний АНУ-д очсон гол зорилго Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг квотгүй, татваргүй оруулах хууль гаргуулах талаар Конгрессийн хоёр танхимын гишүүд, Худалдааны яамны хүмүүстэй уулзсан. Хууль санаачлах гишүүдээ олоод хуулиа санаачилчихаад хэлээрэй. Бид дэмжинэ” гэдэг амлалттай ирсэн” гэж ярилцлагадаа дурдсан байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсныхоо дараачаас Америкийн албаны хүмүүстэй уулзах үедээ илэрхийлж байсан Монголын иргэдийн оффшор дансыг илрүүлэхэд туслахтай холбоотой хүсэлтийг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн болохыг З.Энхболд ярилцлагадаа дурджээ.

Хоёрдугаар сарын 28-нд ирүүлсэн хариу захидалдаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп:

“… Манай Засгийн газар Монгол Улстай түншлэлийн үнэт харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө тэмдэглэе. АНУ Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд бүс нутгийн болон олон улсын сорилтуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллахад Монгол Улс дэмжлэг үзүүлдэгт талархлаа илэрхийлье. 

Д.Трамп … Хоёр орны эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөөд ... худалдаа, хөрөнгө оруулалтаа шударга, харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхдээ таатай байх болно. АНУ-ын Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци (OPIC) зэрэг манай худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагууд Монгол Улстай ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнес харилцааг өргөжүүлэх сонирхолтой байна. Түүнчлэн удахгүй хэрэгжих Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ Улаанбаатарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байгаа юм” гэж дурдсан байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Захидалд дурдагдсан Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци (OPIC) байгууллагын талаар товч танилцуулахад энэ нь Америкийн оролцоотой хувийн 
бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх 
зорилготой, Засгийн газрын оролцоотой ч өөрийгөө санхүүжүүлдэг 
бүтэц аж. Сүүлийн 20 жилийн хугацаанд OPIC манай улсад 80 орчим сая долларын төсөл хэрэгжүүлснээс тоочвол: 


-Таван Богд Групп - KFC, Pizza 
Hut франчайз 

-Хас Банк 

-Голомт Банк 

-Шульц Зээлийн Сан
-Улаанбаатар дахь олон улсын сургууль зэрэг болно.

Ерөнхийлөгч Д.Трампын захидлын дараа тодруулахад OPIC Монгол Улсад 1 тэрбум хүртэл ам. долларын төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ажээ. Санхүүжилт авах боломжтой чиглэл нь: 

-Хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
-Хямд өртөгтэй орон сууц
-ЖДБ дэмжсэн зээл
-Сэргээгдэх эрчим хүч
-Эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг юм байна. 

Ямартай ч хоёр Ерөнхийлөгч харилцан ойлголцсны үр дүнд Монголын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын чамлахааргүй боломж нээгдэж байна. Асуудлын гол нь санхүүжилт авахыг хүсэж байгаа аж ахуйн нэгжүүд маш их идэвх санаачлага, хөөцөлдлөгөөтэй байж, төслөө зөв ойлгуулахад онцгой анхаарах учиртай ажээ. OPIC-ийн дэмжлэг авах шалгуур үзүүлэлт дараахь байдалтай. 

-Америкийн оролцоотой байх; 

-Төсөл хэрэгжүүлэгч тухайн чиглэлээр тодорхой туршлагатай байх; 

-Санхүүжилтийн 50% хүртэл хувийг өөрөө босгох чадвартай байх; 

-Америкад бүртгэлтэй компани тухайн төслийн 25% дээш оролцоотой; 

-Америк ажилтан, бүтээгдэхүүн, франчайз зэргийг агуулсан байвал давуу тал болно 

Санхүүжилтийн үндсэн нөхцөл нь хугацаатай урт, бага хүүтэй зээл (5-20 жил), олгох зээлийн хэмжээ нь 500 мянгаас 250 сая ам.доллар хүртэл байж болно. Олгогдсон дундаж зээлийн хэмжээ нь 5-20 сая ам.доллар байдаг ажээ.

Эцэст дүгнэхэд хоёр орны харилцаа лоозогнох, уянгалах хэлбэрээс прагматик, бодит хэлбэр рүү шилжиж байна. Хоёр Ерөнхийлөгч хоёул бизнесийн салбараас төрсөн удирдагчдын хувьд “загас өгөхөөс илүүтэй загас барих аргыг өгөхөд” анхаарал хандуулж байна.

Нийтлэлч Г.МӨНГӨНЧИМЭГ

Үндэстний ТОЙМ №360