Ерөнхий сайд аа! Хурандаа П.Батаагийн “санаачилгаас” болгоомжил!
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа байгууллагаа Тагнуулын харьяаллаас тасдаж яах гээд байна?
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа өөрийн удирдаж буй газрыг Тагнуулын ерөнхий газрын харьяаллаас гаргаж дахин нэг агентлаг шинээр байгуулахаар Ерөнхий сайдад ханджээ. Энэ асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэж шийдвэрлэх аж.
ТЕГ-ын тухай хуулиараа төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Аюулгүй байдал гэдэгт Төр, нийгмийн зүтгэлтэн, ҮАБЗ-ийн гишүүд орно. Тэдний аюулгүй байдлыг ТЕГ-ын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газар 24 цагийн турш биечлэн хамгаалдаг. Харин Тагнуулын ерөнхий газрын зүгээс Төр, нийгмийн зүтгэлтэн, ҮАБЗ-ийн гишүүд тэдний аюулгүй байдлыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар буюу урьдчилан нөхцөл байдлын мэдээгээр хангадаг. Биечлэн хамгаалах үүрэг хүлээсэн алба хаагчид урьдчилсан нөхцөл байдлын мэдээгүйгээр урьдчилан сэргийлж, объектоо хамгаалж чадах уу. Эрсдэл гарвал хэн хариуцах вэ? Зөвшөөрсөн Ерөнхий сайд уу? Зөвшөөрүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх, аль эсвэл санаачилсан Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа хариуцлага хүлээх үү? Тиймээс ТТХГ нь ТЕГ-аас өрх тусгаарлавал одоохондоо зарим нэг хүнд ашигтай байж болох ч алсдаа Монголын төрд хохиролтойг сануулахад илүүдэхгүй болов уу.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль. ГУРАВДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ 10 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын газар 1.Төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг Тагнуулын төв байгууллагын даргын дэргэдэх төрийн тусгай хамгаалалтын газар хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Тагнуулын төв байгууллагын дарга томилно. /Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын энэ албан тушаалыг хаших хугацаанд үйлдсэн, холбогдсон, хариуцлага хүлээх зайлшгүй шаардлагатай олон үйлдэл бий. Тэр бүхэнд Ерөнхий сайдын зөвлөх Лхамсүрэнгийн Алтангэрэл өмгөөлдөг. Энэ удаад ч Төрийн тусгай хамгаалалтын газрыг ТЕГ-аас тусад нь салгаж бие даасан агентлаг болгож өөрт нь “бэлэглээсэй” гэж хүсээд байгаа бололтой. Харин Ерөнхий сайд Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? Пүрэвжавын Батаа гэж хэн болохыг мэдэх үү? Төрийн ордонд төр, нийгмийн зүтгэлтэн амиа алдахад Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хариуцлага хүлээгээгүй. 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой бааранд Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрч цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан түрсэн. П.Батаа нь цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар Цэргийн сургууль төгссөн, хошууч цолтой бэлтгэл офицер Б гэгчтэй ам мурийж, зодолдож, дараа нь харуулын байран дээрээ ирж, АКМ загварын буугаар өөрийгөө буудсан хэрэг явдал мөн л П.Батаа даргын үед гарсан ч хариуцлага яригдаагүй.
П.Батаа нь Хууль зүйн дэд сайд асан Цогоогийн Уугангэрэлийн хамт “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-ийг 2007 оны 8 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан байдаг.
АТГ-ын Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийсэн Аудитын газрын дүгнэлт 2015 онд олон нийтэд дэлгэгдсэн. Үүнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн барилгын хэсгээс АТГ-ын эзэмшилд шилжүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарахыг тооцоолон засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-тай гэрээ байгуулан тус компанийн данс руу 2014 оны 12 дугаар сарын 17-нд 300 сая төгрөг шилжүүлсэн боловч шийдвэр эцэслэн гараагүй тул засварын ажлыг түдгэлзүүлж дээрх санхүүжилтийг “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК 2015 оны 1 дүгээр сарын 30-нд улсын төсөвт буцааж тушаасан байдаг.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 1 тэрбум 146.6 сая төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын авто гарааш, хурлын заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг баримтлан “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-тай шууд гэрээ байгуулж барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн ба 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2014/396 дугаар бүхий Улсын комиссын актаар дээрх барилгыг ашиглалтад хүлээн авсан байна.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлсэд үндэслэн гаргасан дүгнэлтээс харахад АТГ улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 81.8 хувийг нууцын зэрэглэлд хамруулж шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулжээ. Мөн эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр оройтож гарсны улмаас тусгай объектын барилга угсралтын ажил хэрэгжээгүй байна гэж үзжээ.
Зөвхөн нэг жишээ дурдахад ийм байна, Ерөнхий сайд аа! “Иргэдээ хамгаалах 152 төгрөгийн үнэ бүхий боржин чулуу” гэгчийг шахахад нөлөөлж Хотын дарга, Та хоёрыг яаж хөөдсөнийг санаж байна уу? Нэрийг чинь бариад өөр юу хийхийг таашгүй. Наад нөхрийн чинь эрхлэх хангалттай. Одоо “төмөр замтай нь хулгайлна” гэгчээр алтан загасны эмгэн шиг Төрийн тусгай байгууллагыг өөрт нь бэлэглэхийг шаардаж яваагийн цаана та арай өөрөө түүнд барьцаалуулах факттай юм биш биз? Тийм биш бол түүнийг барьж орсон “санаачилга”-тай нь хамт хөөгөөд гаргана гэж итгэж байна!
Түүнийг хариуцлагаас мулталдаг, Таны шийдвэрт саад болдог хүн нь таны дэргэд байна. Тэр бол Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл. Лхамсүрэнгийн Алтангэрэл Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан тул 3.6 жилийн ял сонссон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэж байв. Энэ бүхнийг Та мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Миний хувьд таныг Л.Алтангэрэл болон Ахлах зөвлөх Батцэнгэлийн Энх-Амгалан нарыг өөрөөсөө холдуулаач ээ гэж удаа дараа сануулж байсан. Харин Ерөнхий сайд та холдуулах нь байтугай Элчин сайдаар томилохоор зэхдэг тухай мэдээлэл олонтаа дуулдлаа. Арай Элчин сайдаар томилчих юм биш биз? Тамхи биш хар тамхитай холбоотой асуудал шүү.
Гадаад харилцааны сайд тань хариуцлага алдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаа Беларусь улсад Элчингээр томилоод явуулчихлаа. Олон улсын хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрээ нягтлалгүйгээр цагдаагийн атташегийн албан тушаал бий болгож томилчихоод “Монгол Улсын ГХЯ түүхэндээ анх удаа цагдаагийн атташе гэх албан тушаалыг бий болгож зарим улс оронд томилохоор холбогдох газруудтай ярилцаж байна” гээд ярьж сууна. Энэ юу болж байна. Гэтэл Коронавирусын уршгаар дэлхийн эдийн засаг хямарч сүүдэр нь Монголын эдийн засагт нөлөөлж доргиж Онцгой комисс тэвдэж байхад “чоно борооноор” гэсэн мэт ийм амбиц их муухай харагдаж байна. Тэр хулгай санааг Ерөнхий сайд та олж харж байгаа гэдэгт итгэлтэй байгаа.
Харин одоо удаа дараа хариуцлага алдаж, өөрөө төрийн цагдааг зодож танхайран гэмт үйлдэл дээрээ баригдаж байсан П.Батаагийн амбиц, түүнийг хамгаалагч Л.Алтангэрэл зөвлөх нарынхаа үгээр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулын ерөнхий газрын харьяанаас гаргавал хожмын өдөр ямар хариуцлага ирэхийг урьдчилан мэдэж байгаа гэж найдъя!