Лев. Гумилёв: “Татарын ямар ч дарлал байгаагүй”
Хүннү болон Чингисийн монголчуудын тухай бичсэн бүтээлүүд их байдаг. Манай их эрдэмтэн Бямбын Ренчин гуай түүний эрдэмийн ажлыг сонирхон дэмждэг, гэрт нь очиж уулзаж байсан юм билээ.
Оросын Холбооны Улсын түүх, үндэстэн, газар зүйн ухааны эрдэмтэн, өвөрмөц сэтгэгч Лев Николаевич Гумилёвын тухай “Лев Гумилёв: Хувь заяа ба үзэл бодол“ гэсэн нэртэй дурсамжийн ном 2008 онд хэвлэгджээ. Л. Гумилёв гуайн бичсэн улс үндэстнүүд, тэдгээрийн үүсэл, хөгжил, сулрал, тэдгээр нь байгаль орчин цаг уурын онцлог болон өөрчлөлт, мөн сансар орчины нөлөө зэрэгтэй харилцан холбоотой байдаг тухай онолын хувьд нээлт гэж үзэж болох бүтээлүүдийг Оросын эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд янз бүрээр үнэлдэг, түүний үзэл бодолд эргэлздэг, хүлээн зөвшөөрдөггүй эрдэмтэд байдаг боловч сүүлийн үед сонирхдог, үнэлж хүндэтгэдэг, бүтээлүүдийг нь үй олноор хэвлэн нийтэлдэг болжээ. Наян нас хүртэл тасралт цуцалтгүй хөдөлмөрлөж амьдрахдаа түүний бичиж хэвлүүлж амжсан арав орчим номонд пассионари буюу онцгой танлайлагч хүч авьяастай хүн болон үндэстэн байдаг тухай, Ази тив Монголын нутагт байсан пассионари - Хүннү болон Чингисийн монголчуудын тухай бичсэн бүтээлүүд их байдаг. Манай их эрдэмтэн Бямбын Ренчин гуай түүний эрдэмийн ажлыг сонирхон дэмждэг, гэрт нь очиж уулзаж байсан юм билээ.
Арван гурав дугаар зуунд байсан Монголын Эзэнт гүрэн нь Алтан орд, Цагаадайн, Их Юань, Ил Хант болон Могулын эзэнт улсуудаас бүрдэж байсан гэдэг. Оросын нутагт тэр үед буюу 1223 оноос 279 жил оршиж байсан Алтан Орд улсын Монголчууд \оросууд татар - монгол гэж нэрлэгдэг байсан\ оросыг байлдан дагуулсан боловч дарлаж байгаагүй, Орос ба Монголчууд тэр үед зохицон оршиж байсан гэж Л. Гумилёв үздэг байсан бөгөөд тэр үзэл баримтлалаа Алтан Орд Улсын үед “Татарын ямарч дарлал байгаагүй“ гэж илэрхийлсэн учраас Оросын зарим түүхчдийн \саяханыг хүртэлх\ олон жилийн шүүмжлэлийн бай нь болж байжээ. Оросууд дарлагдаж байсан гэж сурталчлахыг хүсдэг зарим түүхчид нь хамгийн сүүлд 1997 онд “Родина“ гэдэг сэтгүүлд: “Татарын дарлалаас болж эртний оросын эдийн засаг, улс төр, соёлын өндөр хөгжил бүтэн хагас зуун жилээр хаягдсан, тоолошгүй ядуурал бий болсон, хүн ам 1241 онд цөөрсөн, газар нутаг аюултай сүйрсэн, зохицон орших нөхцөлгүй” гэж бичсэн байжээ. Л. Гумилёв гуайг нас барсанаас хойш 5 жилийн дараа ийм нийтлэлтэй сэтгүүл гарсан байдаг.Гэвч Гумилев гуайн үзэл баримтлалыг зөв гэж үзэж дэмждэг эрдэмтэд нь 2008 онд “Лев Гумилёв: Хувь заяа ба үзэл баримтлал“ нэртэй ном хэвлүүлэхдээ түүний Алтан Орд улсын түүхийг судалж бичсэн бүтээлүүдийг нийтэлжээ. Гумилёв гуайн бичиж байсан үзэл бодлыг нь товч тоймолбол:
- “Өрнө Дорныг үнэлэхдээ хоёр нүүр гаргадаг Барууныханы заншил бид нарыг тойроогүй, бүрч дутуугүй байгаа нь одооч мэдрэгддэг.
- Евроазийн түүхэнд өөрийн ”индиачууд”- тюрк ба монголчууд байна. Соёлжсон гэх Европынхоны Америк тивийн индианчуудад ханддаг хандлага нь тэдний тюрк ба монголчуудад ханддаг хандлагаас ялгаагүй. Тэднийг зэрлэг, хоцрогдсон, хүндлэгдэх эрхгүй ард түмэн гэж үздэгийг нь би гайхдаг. Юуны төлөө тэдэнд ингэж хандана вэ бурхан минь гэж бодсон. Энэ бол эдгээр ард түмэн - эдгээр үндэстний түүхийг судлахад намайг хүргэсэн юм.
- Монголын дайчид Оросын нутагт 1237 онд цөмрөн орж, олон тулаанд ялж 1240 оны төгсгөлд бараг бүх орос орныг эрхшээлдээ оруулсан. Хорин зургаан жилийн хугацаанд Ази тивийг бараг бүхэлд нь эзэлсэн бүх Азийн төвлөрсөн хүч Орост цөмөрсөн учраас амжилттай давшилтад нь гайхах хэрэггүй. Харин хүн амын тоогоор Киевийн дараа орж байсан Новгород цаг агаар, замын хүндрэлээс болж довтолгоонд өртөгдөөгүй өнгөрсөн.
- Тэр үед Оросын гадаад байдал маш төвөгтэй, дотоодын зохицууулалт алдагдсан байсан. Баруун талаас аюул нөмөрч байв. Немцүүд балти тэнгис хавийн улсуудыг эзэмшилдээ оруулж эхэлсэн, Оросын баруун хойд нутагт довтлох нөөцийг Дани улс бүрдүүлж байв. Үнэн алдарт шашинд дайсагнадаг Франц- италийн хас тэмдэгтүүд Константинополийг унагасан байв. Энэ бүхнээс үзвэл Монголын довтолгоон нь Орост учирсан гамшгийн ес дэх байсанюм.( нөлөө бага гэх утгаар ойлгох)
- Бат хааны цэрэг Рязанийг ялсан, Владимирт 14 хотыг эзэлсэн, Торжок, Козёлск,Чернигов, тэгээд 1240 онд Киевийн буулгасан. Дараа нь Унгар, Польш руу дайрч ялсан байжээ. Эсэргүүцэж дайтсан хот, түүний иргэд хохирч суйрч байсан бол эсэргүүцэлгүй бууж өгсөн хот, түүний иргэд хохирдоггүй байсан нь үнэн.
- Монголчууд дайралт хийж байсан боловч түрэмгийлэх, дарамтлах бодлого байгаагүй. Монголчууд Орост, Унгарт, Польшид ялалт байгуулсан хот нутагт байнгын цэргийн анги үлдээдэггүй, тийм бололцооч байгаагүй.Католикоос бусад шашныг хориглодоггүй байсан. Янз бүрийн яс үндэстнүүд хоорондоо гэр бүл болох чөлөөтэй байснаас монгол татар нэртэй эрлийз хүмүүс олноор бий болсон. Эрлийз 65 орчим нэр авсан хүмүүс дотор Аксаков, Алябьев, Чаадаев, Шаховской, Шереметьев, Карамзин, Милюков, Татищев гэх мэт олон алдарт Түүхчид, Философчид бий гэж бичжээ.
- Л. Гумилёв энэ бүхнийг дүгнээд Орос улс Немц болон Монголчуудын эсрэг нэг зэрэг зогсох боломжгүй учраас Александр Невский Бат Хааны ивээлд байх улс төрийн чиг шугам барих хатуу шийдвэр гаргасан бөгөөд түний үйл хэргийг үргэлжлүүлэгчид нь уг чиг шугамыг зуу шахам жилийн хугацаанд үргэлжлүүлсэн гэж бичсэн байна.Л. Гумилёвын үзэл бодлоор Александр Невский Монголчуудтай холбоо тогтоосноор барууны эзэн түрэмгийлэл, католик шашны тулгалтаас Оросыг аварсан. “Татарчууд байгаагүй бол Орос үгүй болох байсан.” гэж П. Савицкий гэдэг эрдэмтэн бичсэн байдаг.
Бат Хаан, Берке нартай Александр Невскийн байгуулсан зохицон орших “симбиоз“ гэрээг цэрэг, улс төрийн холбооны тухай тохиролцоо байсан гэж Гумилёв үздэг байжээ. Орос ба Алтан орд улсын хоорондын симбиоз буюу зохицон орших зарчимд тулгуурлан харилцаж байсан 270 гаруй жилийн хугацаанд орос монгол үндэстнүүдийн хооронд харилцан итгэлцэл бий болж байсныг үгүйсгэх аргагүй.
Ер нь Гумилёв гуайн санаачилсан симбиоз буюу зохицон орших гэдэг харилцааны зарчим нь түүхэн үед улс хоорондын харилцаанд баримталж байсан, орчин үед ч дагавал зохимжтой зарчим юм. Орос орныг эзлэн авч дарангуйлал тогтоох зорилгоор 13 ба 20 дугаар зуунд немцүүдийн өдүүлж байсан түрэмгий дайны үед Монгол Орос улс хоорондоо хүчний ялгаатай байсан боловч зохицон оршиж байсан учраас Монголчууд Бат хаан, Маршал Чойбалсангийн удирдлагаар Орост тусалж байсан түүх байдаг ажээ.
Александр Невский 13 дугаар зуунд 5-7 сая хүн амтай, Ижил мөрний дагуух бүх нутаг, Хар далай, Каспийн тэнгис, Арал нуур, түүнээс бараг уралын нурууг хүртэл нутагт оршиж байсан Орос орныг Бат хааны Монголчуудын ивээлд байлгаснаар Орос улс, орос үндэстнийг дарангуйлалаас аврах нөхцөлийг бий болгосон, 20 дугаар зуунд Монголчууд Зөвлөлт Холбоот Улсын ивээлд орсоноор Монголоо тусгаар тогтоносон улс байлгах нөхцөлийг бүрдүүлсэн юм гэж үзвэл үнэн, шударга дүгнэлт болох биз.
Оросын Холбооны Улсын Ерөнхйлөгч Владимир Владимирович Путин 2021 оны эхэнд Оросын гол хэвлэлүүдийн эрхлэгчидтэй хийсэн уулзалт дээр хэлсэн үгэндээ: “Ямар нэг шийдвэрийг гаргахын өмнө бид нарын хийх алхам бүрийн үр дагавар ямар байхыг сайн бодох хэрэгтэй. Иргэдийн хэрэгцээг мэдэж улсынхаа хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд төр анхаарах ёстой” гэдгийг хэлээд “Түүхч Лев Гумилевын пассионарын онолд би итгэдэг“ гэжээ. Цааш нь : “Орос бол залуу үндэстэн бөгөөд хөгжлийнхөө өндөрлөгт хүрэхээр тэмүүлж байна, түүний төгсгөлгүй генийн код нь үндэстэн хоорондын нэгдэлд үндэслэдэг“ гэж хэлсэн байна.
Мөн саяхан Ю. Гагарин сансарт ниссэний жаран жилийн ойг тэмдэглэх үеэр Монгол Улсын сансрын нисэгч Ж. Гүррагчаад ОХУ-ын төрийн өндөр нэр хүндтэй шагнал Александр Невскийн нэхэмжит одонг олгох шийдвэр гаргажээ.
Энэ бүхнийг би утга учир, үр дагаварыг тооцсон шийдвэр болов уу гэж бодсондоо энэ нийтлэлийг бичлээ.
Лев Николаевич Гумилёв гуай амьд байсан бол орчин үеийг судлаад өөрийн өвөрмөц зоригтой дүгнэлтээ хийх л байсан. Гумилёв гуай бурхан болсон 1992 онд ЗХУ хүйтэн дайнд ялагдаж задарсан, ОХУ хөгжлөөрөө хэдэн арван жил ухарсан, ирээдүйн тун бүрхэг байсан үе. Владимир Путины удирдлагаар 1999 оноос 2013 оны 15 жилд ОХУ яаж өөрчлөгдсөн тухай мэдээ байна. Энэ хугацаанд ОХУ-ын:
- Дотоодын нийт бүтээгдэхүүн 195 тэрбум доллар байсан бол 2113 тэрбум доллар болж 10,8 дахин өссөн.
- Нэг хүнд оногдох бүтээгдэхүүн 1320 доллар байсан бол 14800 доллар болж 11,2 дахин өссөн.
- Инфляци 36,5 хувь байсан бол 6,5 хувь болж буурсан.
- Алт- валютын нөөц 12,6 тэрбум доллар байсан бол 511 тэрбум доллар болж 40 дахин өссөн.
- Улсын өр ДНБ-ний 78 хувь байсан бол 8 хувь болж 9,7 дахин багассан.
- Тэтгэвэр 499 рубль байсан бол 10000 рубль болж 20 дахин нэмэгдсэн. Цалин 1522 рубль байсан бол 29940 рубль болж бас бараг 20 дахин өссөн.
Энэ хугацаанд олон улсын түвшинд нэр хүнд нь өссөн.
ОХУ-ын эдийн засаг нийгмийн хөгжлийн 2020 оны үзүүлэлтийг олж бичиж чадаагүйдээ харамсаж байна. Өсөлт амжилт нь улам томоор харагдана.
Лев Николаевич Гумилёв одоо амьд байсан бол энэ бүхнийг хараад 21 дүгээр зууны пассионарыг нэрлэх байсан ч байж магад, бас СИМБИОЗ буюу зохицон орших үзэлээ улс үндэстнүүдийн харилцаанд орчин үед ярьдаг энх тайвнаар оршин тогтнох гэдэг үзлийг илүү үр нөлөөтэй болгож ашиглахыг сургамжлах ч байсан болов уу.
АлтанЧой овогт Думаагийн Содном
2021 - 05 – 27