Монголд улс төрийн нэгэн шинэ нам үүсэн бий болов. Төрийн эрх хамтран баригч хоёр нам эвслийн  Засгийн газар байгуулснаасаа хойш ойртон нягтарсаар эдүгээ агуулгын хувьд ямар ч ялгаагүй боллоо. Монголд улс төрийн сөрөг хүчин алга болж, Монгол Ардын Хувьсгалт Нам Монголын Ардчилсан Намыг үндсэндээ уусган, өөртөө шингээлээ.


Төр хийх ёстой ажлаа хийхгүй, харин хийх ёсгүй ажлаа улам чадварлаг хийх боллоо. Жинхэнэ ардчилсан орны төр засаг иргэдийнхээ амь амьдрал, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Гэхдээ өмч хөрөнгийг хууран мэхлэх замаар буюу хүчээр олж аваагүй тохиолдолд хамгаалах бөгөөд тийм замаар олж авахыг таслан зогсоох үүрэгтэй.


Гэтэл манай төр юун таслан зогсоох, харин ч хуйвалдан луйвардах болсон нь хэн бүхэнд тодорхой болж, иргэд үүнийг хүлээн зөвшөөрч, зарим нь эвлэрэн, дагалдах боллоо. Төрийн өмчтэй шууд ба шууд бус холбоотой төр, засгийн газрууд, төрийн компанийн дарга, удирдлагууд, улс төрийн ивээн тэтгэгч нар илт өндөр орлоготой болж, “төрөөс төрсөн  тэрбумтны” тоо өсөж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэр устай нь, үл хөдлөх хөрөнгийнх нь гэрэл зурагтай хэвлэж байна.

Бүх насаараа төрийн ажил эрхэлсэн нөхөд Монголын хамгийн сайхан байршилд, хамгийн тансаг байшин бариулж, хамгийн үнэтэй машин хөлөглөн, хамгийн хурдан морь уралдуулж, улсын толгой баячууд нэгэнт болжээ.

Иргэдийн өмч хөрөнгийг төр хамгаалах биш, төрөөс иргэдийн өмчийг хамгаалах шаардлагатай болсоор удаж байна.

Хоёр нам тус тусын бизнес бүлэглэлийг тойрон, тэднээсээ санхүүгийн дэмжлэг авч, хариуд нь тендерт ялуулж, албан тушаал тарааж өгдөг байсан нь шинэ шатанд гарч, бизнесийн бүлэглэл “зардлаа хэмнэж”, өөрсдөө төрийн эрх барих болж, төрийн нэрээр тэдний хүссэн шийдвэр шаардсан цагт нь гарах болов.

Хамтарсан засаглалын үед харилцан адил завшиж, талцан хуваалцах арга улс төр, нийгэм эдийн засгийн бүх шийдвэрт баримтлах гол зарчим болжээ.  

Эрх мэдлийг буюу төсвийн зардлыг сонгуулийн тойргоор ижил тэгш хуваарилах нэрээр Их Хурлын гишүүд тус бүр нэг тэрбум төгрөг захиран зарцуулах шийдвэр гарч, гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр дараачийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.

Хоёр том намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зарчмын ялгаа байгаагүй. Аль аль нь ард түмэнд өөрсдийнх нь мөнгийг бэлнээр хувааж өгнө гэж амлан байж, сонгуулийн саналыг нь худалдаж авсан. Амлалт хэмжээгээрээ л ялгаатай. Нэг нь нэг сая төгрөг, нөгөөх  нь нэг сая таван зуун мянгыг амласан. Тэд мөнгө өгөх хэлбэрээ нэгтгэж, Хөгжлийн сан хамтран байгуулсан болж, амласнаасаа арав дахин бага мөнгийг дөрөв хувааж өгнө гэнэ ээ. 


Юу ч хамаагүй амалж, ардчилсан сонгуулийг ашиглан төрийн эрхэнд гарч, улс орныг ээлжлэн удирдсан болж байгаа хэсэг бүлэг этгээд эдүгээ улс орны гол баялаг, ирээдүйн орлогыг нь хуйвалдан талцаж, хувааж завших ажилдаа ороод тун завгүй. Удалгүй ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт цутгаж, төрийн орлого асар их өсөх цаг хугацаа ойртохын хэрээр төр, засаг дахь дарга нар маань улам баяжих болно.

Хотын төвд хоёр нам бие биетэйгээ өрсөлдөн хоёр өндөр, сүр хүчтэй ордныг хаяа нийлүүлэн барих ажил эхлүүлж байна. Хоёр нам нэгэнт л нэгдэж байгаа юм чинь уг нь аль түрүүлж барьсандаа орсон ч багтахгүйн зовлон байх биш. Эсвэл хооронд нь холбосон байгууламж хийчихвэл бүр зүгээр.

Ард түмэн нь ядуураад, төр засаг нь баяжаад, улс төрийн намууд нь ордон бариад л. Хотын хүн амын хагасынх нь ахуйн нөхцөл наад захын хэрэглээний шаардлагыг хангахгүй, хотын иргэд бүгдээрээ гамшгийн нөхцөлд амьдарч, хорт утааны баг хайж байхад Их Хурал өөрийн ордноо барих гээд завгүй. Хотын удирдлага нь аль хэдийнэ бариад орчихсон.

Дээдэс орд харшаа барих л ажилтай. Энэ хөрөнгөөр тиймийг биш, бага орлоготой олон мянган айлд орон сууц барих, сургууль цэцэрлэг босгож, тамын замаа засах нь тэргүүн зорилт гэж хэн нь ч хэлэхгүй байгаа.

Төрийн шагнал, медалиар ядуу ард түмнээ хуурдаг башир арга аль ч Ерөнхийлөгчийн шалгарсан зэвсэг болжээ. Манай улс нэг хүнд ногдох генералын болон төрийн дээд шагнал, одон медалийн тоогоор дэлхийд тэргүүлж эхэллээ. Нэг хүнд ногдох өөр нэг тэргүүлэл бол архины үйлдвэрлэл болон хэрэглээ. Энэ их шагнал, эцэс төгсгөлгүй найр наадам нийлээд архины үйлдвэрлэлийг Монгол Улсын тэргүүлэх аж үйлдвэрийн салбар болгов.


Энэ амжилтыг тогтоохын тулд маш нарийн тооцоотойгоор хэрэгжүүлж байгаа улс төрийн удирдлагадаа халуун талархлаа илэрхийлж “Супер засгийн газар” гэсэн шагнал өгвөл ямар вэ?

Улс төрийн шинэ намын хувьд “Монгол Ардчиллын Хувьсгалт Нам” (МАХН) гэж ганц үг солиулан бүртгүүлэх техникийн ажил үлджээ. Сонгогчид бидний хувьд дараачийн сонгуульд өрсөлдөх сөрөг хүчин, цоо шинэ улстөрчдийг олж тодруулах ажил үлдлээ.       

2009-12-30