Олон улсад зурагт номоороо алдартай QA INTERNATIONAL компанитай хамтран “Өврийн зурагт монгол/англи толь” хэвлүүлсэн NEPKO хэвлэлийн газрын хамт олон бид бүхэн энэ удаад уг тольны хураангуйлсан хувилбар болох “Халаасны зурагт МОНГОЛ/ОРОС/СОЛОНГОС/ХЯТАД толь”-ыг хэвлүүлэн уншигч Танаа өргөн барьж байна. 

Толийн үндэс нь QA INTERNATIONAL компанаас 30 хэлээр орчуулан гаргасан The Mini Visual Dictionary бөгөөд хураангуй хувилбарт нь 1800 өнгөт зураг дээр 10.000 хэсэг, зүйлийг тодруулан гаргаж хоёр хэлээр хэрхэн нэрлэдгийг тайлбарлан, харуулсан тул зураг дүрсийг үзэж танихын зэрэгцээ нэр усыг нь тогтоох давхар ач холбогдолтой билээ. Тиймээс орчуулгын гэхээсээ илүү хоёр хэл дээрх нэр томъёоны толь юм.

Монгол нэр томъёоны санг орчуулагч, хэлний мэргэжилтэн, янз бүрийн салбарын эрдэмтэн судлаач түүнчлэн жирийн ард иргэд ч оролцон бүрдүүллээ. Ийм учраас тус толь мэргэжлийн явцуу хүрээний нэр томъёо, хадмал орчуулга гэхээс илүүтэйгээр бичгийн болон ярианы хэлэнд гарч буй хөгжил дэвшил, шинэ үзэгдлийн гэрч болж байна.


Хэвлэлийн зорилго

Энэхүү зурагт толийг нийтэд хүртээлтэй байлгах үүднээс ойлгомжтой зохиогдсон уг толь бичиг нь хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн нэршлийг хүртэл товч, тодорхой илэрхийлэн тайлбарласан онцлогтой. Түүнчлэн үл мэдэх ухагдахууныг эрж хайх, ижил төстэй үгийг харьцуулах, дэлгэрэнгүй тайлбарыг үзэх, нэмэлт материалтай танилцах зэрэг олон боломжийг багтаасан давуу талтай.


Толь бичгийн бүтэц

Энэхүү толь оршил; өнгөт зураг болон нэр томъёо бүхий үндсэн хэсэг; үгийн цэс гэсэн гурван хэсгээс бүрдэл болно.

Мэдээллийн багтаамжийн хувьд энгийнээс нарийн руу, хийсвэрээс тодорхой руу гүнзгийрэх байдлаар бүлэг – дэд бүлэг – гарчиг – дэд гарчиг – зураг – нэршил гэсэн зарчмаар зохиогджээ.

Хэдийгээр "халаасны" хэмжээтэй боловч одон орон судлалаас биеийн тамир, спорт хүртэлх бүхий л салбарыг хамарсан 17 бүлэгтэй. Тэдгээр бүлгээ тухай бүр дэд бүлгүүдэд, жишээлбэл дэлхий гэсэн бүлгийг хамаарал бүхий газар зүй, геологи, хэмжилзүй, хүрээлэн байгаа орчин гэх мэтээр, хуваасан болно.

Толинд байгаа ӨНГӨТ ЗУРАГ нь тухайн биет, юм, үзэгдлийг нарийвчлан үзүүлж, гол шинж тэмдгүүдийг нь тод томруун харуулна.


Нэршил

Зургийн тайлбар, нэршлийг тухайн салбар чиглэлийн хүрээгээр хязгаарлалгүй хүмүүс хэрхэн нэрлэдэг болохыг түлхүү анхаарч зарим тохиолдолд зэрэгцүүлэн оруулсан билээ. Ингэснээрээ мэргэжлийн явцуу хүрээнд хэрэглэгддэг нэршил, өргөн нийтэд хэрэглэгддэг үг хэллэгийг давхар багтаасан ач холбогдолтой болсон. Гэхдээ мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авсан тул шинжлэх ухаанч шаардлагыг хангасан гэж үзэж болно.

Төгсгөлд байгаа үгийн цэсд тус тольд орсон бүх нэршлийг цагаан толгойн дарааллаар, хуудасны дугаартай нь жагсаасан тул хэрэгтэй үгээ хайж олоход тун дөхөм байна.


Ашиглах заавар

Уншигч та сонирхсон бүлгээ эрж олохдоо оршлын төгсгөл болон арын хавтсан дахь гарчгаас тодруулан харна уу. Өнгийн заалт бүхий гарчиг нь толины хуудас бүр дээр мөн байгаа. Хэрэгтэй үгээ хайж олоход тань цагаан толгойн дарааллаар жагсаасан үгийн цэс тус болох бөгөөд ард нь хадсан хуудасны дугаараар хөөж чухам тэр нэршил ямар зүйлийг тэмдэглэдэг болохыг мэдэж болно.

Энэхүү зурагт толь бичгийн өөр нэгэн онцлог нь уншигч Та бүдэг бадаг мэддэг зүйлээ олон арван өнгөт зургийн тусламжтайгаар хурдан, хялбархан таньж мэдэх боломжтойд оршино.Иймээс энгийн нэгэн орчуулгын толь бичгээс ялгаатай бөгөөд шинэлэг билээ.


НЭПКО Хэвлэлийн газар