ЗАГАЛМАЙН ШАШИНТ НҮҮДЭЛЧИД

Манийн сургаалын дараа Төв Азийн нүүдэлчид рүү орж ирсэн нэг том шашин бол загалмайн шашны нэсторын (Nestorian) урсгал юм. V зууны үед Александрын патриарх гэгээн Кирилл*, Константинополийн патриарх Нэстори* нарын хооронд Есүс бурхан байсан уу, бурхан-хүн байсан уу гэсэн онолын том маргаан дэгджээ. Сүэцээс баруун тал нь Кириллийг дэмжиж байхад, Сүэцээс зүүн тал нь Есүсийн бурханлаг ба хүнлэг тал нь холилдож байсан гэсэн Нэсторийн үзлийг баримталж байв. Эцэст нь 431 онд шуугиант хурал-шүүх болж Нэсторын талынхан ялагдсан боловч тэд нэг шинэ урсгал бий болгосон нь Сири бoлон Дорнын орнуудад олон зуун жил амжилт олжээ.[1] 

Нэсторын загалмайн шашин түгээгчид Дорнын орнуудаар сургаалаа түгээж явсны дотор Төв Азид нэлээд сайн дэлгэрүүлж, хэдэн зуун жил том нөлөөтэй байж чадаж байлаа. Загалмайн шашинтнуудыг буруу номтноос өмгөөлөн хамгаалах гэгээнтэн хаан Прэстэр Ионны домгийг анхлан Төв Азид орж ирсэн нэсторын шашинтнууд зохиожээ.[2] Хожим доминикан, францисканы шашин дэлгэрүүлэгч нар Төв Азид олон ирж байсан авч аль нь ч нэсторынхан шиг нөлөөлж чадаагүй. 

IV зууны сүүлчээр Перст заратустр шашинтнууд нэсторианчуудын эсрэг хавчлага үйлдсэн нь Христийн шашин дорно зүгт тархахад нөлөөлсөн. 448 онд одоогийн Киркук хотын ойролцоо 153 мянга орчим нэсторианчууд алагджээ. Хавчлагаас зугтсан нэсторианчууд өөрсдийн итгэл үнэмшлийг тээн дорнын бусад хэсэг рүү дүрэвлээ[3]. Мөн 498 онд I Шагийн шаг Кавад* өөрөө Персээс Төв Ази руу дүрвэн гарсан, энэ нь Цагаан Хүннүгийн нутаг аж. Түүнтэй хамт нэсторын тахилч нар сайн мэдээг уугуул иргэдэд авчирсан[4]. Эдгээр номлогчид итгэлийн зэрэгцээ бичиг үсэг, анагаах ухааны ололт амжилт, эртний Герегийн гүн ухаан гэх мэт зүйлийг авчирсан байна[5]. Ийнхүү V зууны сүүлчээр Персийн номлогчид Хүннү, Түрэгүүдийн дунд сайн мэдээг өргөнөөр түгээв. Лалын шашин үүсэхээс өмнөх хэдэн зууны туршид олон Түрэг, Хүннү, түүнчлэн Амударьягийн дээд хэсэгт нутаглаж байсан бусад ард түмэн нэсторын шашиныг хүлээн авсан. V-VI зуунд Төв Азийг бүхэлд нь хамарсан Эфталитын эзэнт гүрэнд Христийн шашныг төрийн шашин болгон зарласан[6].

Төв Азид нэсторианизм нь буддизм, заратустр шүтлэг, овог аймгуудын бөөгийн шүтлэгтэй зэрэгцэн оршиж, бүс нутгийн гол шашнуудын нэг болжээ. Түүнчлэн нэсторын шашинтнууд голчлон оршин суудаг бүхэл бүтэн хотууд байсан. Жишээлбэл, Бишкекийн зүүн хэсэгт Тарсакент хот байрладаг байсан бөгөөд түүний нэрийг "Христийн шашинтнуудын хот" гэж орчуулдаг. Үүнтэй ижил нэрээр Казахстаны Жэтисуй, Самаркандын ойролцоо өөрийн хийдтэй Христийн шашны Вазкэрд тосгон, Зүүн Туркестанд хоёр сүм хийдийн сүм байрладаг байв. Таш-Рабат хийд нь Киргизийн уулархаг нутагт баригдсан[7]. VII зууныг хүртэл Мерв хот нь Бухара, Самарканд руу удирдагчийн цувааг дамжуулсан номлогчдын чухал бааз хэвээр байв. Тэнд тэд бүхэл бүтэн христийн тосгонуудыг суурьшуулсан. Эдгээр бүлгүүд XIII зууны дунд үе хүртэл оршин тогтнож, Араб, Түрэг, Монголын эзэнт гүрний үед амьд үлджээ[8].

Нэсторын шашин 635 онд Хятадад нэвтэрч, ихэс дээдсүүдийн таашаалд нийцсэн бөгөөд Тан улсын анхны хаан Тайзун, түүний дараа хаан ширээнд суусан Гаозун* нар загалмайтнуудад ээлтэй хандаж, сүм байгуулахыг зөвшөөрчээ. 714 онд Сюаньзун* хаан Тан улсад буддын шашныг хориглох зарлиг гаргасан бол 745 онд загалмайн шашныг төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрчээ. Нэсторын шашин чухамдаа энэ үеэс эхлэн Тан улсын захиргаанд байсан Умрын нүүдэлчид рүү бага багаар дэлгэрч эхэллээ[9].

Загалмайн шашинтнуудын хувьд худалдааны замыг хянаж байсан нүүдэлчин овог аймгуудтай найрсаг харилцаатай байх нь маш чухал. Ингэснээр жин тээхэд аюулгүйн дээр зам зуур ус унд, хоол хүнсээр тасрахгүй байх давуу талтай.

“Нэсторын шашины номлогч, худалдаачдын ачаар Төв Азийн нүүдэлчин ба суурин иргэншилтэй түрэгүүд уг шашинд орж эхлэв. 644 онд митрополит Мерва Илияс Аму Дарья мөрний ай сав дагуу олон тооны загалмайн шашинтан суурьшиж байгаа тухай өгүүлсэн захиандаа түргүүдийг “Загалмайн шашинтай түргүүд мах идэж, сүү уудаг... Цэвэрхэн дадалтай, бидэнтэй л ижил уламжлалт итгэл үнэмшилтэй... Чинхүү сүжигтэй энэ хүмүүс асар гэр барин амьдардаг, хот суурин газаргүй, байшин барилгагүй... Загалмайн шашинтай эдгээр түрэг хүн өөрсдийн гэсэн номлогчтой, хуврагтай. Гэртээ мөргөл үйлддэг, хонх цохиж, манай ассири хэл дээр бичсэн ном уншдаг” гэж бичжээ.[10]

VI-VIII зуунд Евразийн төвийн өргөн дэлгэр нутаг дэвсгэрийг (өнөөгийн Монгол, Казахстан, Өмнөд Сибирь, Ижил мөрний доод ай, Хойд Кавказ) түрэгүүд эрхшээж байлаа. Нэсторынхнаас гадна буддын, лалын шашны номлогчид түрэгүүдийг өөрийн итгэл үнэмшилдээ урвуулах сонирхолтой боловч Түрэгийн хаан Тоньюкук (646-724) нүүдэлчдэд буддын болоод лалын шашин шүтэхийг хориглов. Тэрээр “Буддагийн сургаал номлол хүмүүсийг сул дорой, өрөвч нинжин сэтгэлтэй болгож байна” гээд халифын төлөөлөгчдөд хандан “Манай цэргүүдийн дунд үсчин, дархан, оёдолчин үгүй. Тэд лалын шашинтай болж, сургаал номлолыг нь дагавал амь амьжиргаагаа яаж залгуулах вэ” гэжээ. Түүний үзсэнээр загалмайн шашин ямар нэгэн эсэргүүцэх номлолгүй. Будда, лалын шашинтнуудтай харьцуулахад өөрийн гэсэн улс гүрэнгүй нэсторчууд Тоньюкукт аюул багатай санагдсан биз. 

Тухайн үед тал хээрт олон овгийн түрэг, монголчууд ноёлж байлаа. Тэд байнга өөр хоорондоо холилдож, бичиг үсэггүйн учир тогтсон хэлгүй, тиймээс яг тэр овог аймаг ноёрхож байсан гэж хэлэхэд бэрх. Алтайгаас зүүн тийш ерөнхийдөө монголчууд (түрэгүүд байсан ч) ноёлно. Аль алин нь бөө мөргөлтэй, өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дээдлэн шүтдэг. Бөө мөргөл нь ягштал тогтсон заншил, бичгийн сургаал номлолгүй. Түрэгийн хаант улсын нөхцөл байдал, өвөр хоорондын тулаан тэмцэл нь бөө мөргөл тал хээрт нөлөөгөө алдахад хүргэж, шинэ шашин дэлгэрэх хөрсийг бэлтгэжээ. VIII зуунд өнөөгийн Монголын нутаг дэвсгэрийг эрхшээж байсан уйгарууд манихэйн шашинд орж, Хятад, Дундад Азид Гурван гэгээнтэн хэмээн нэрлэгдсэн бүлгэмтэй тэрсэлджээ. Энэ нь угтаа тал хээрийн загалмайтнууд. Манихэйн шашинд орсон уйгарууд хөрш зэргэлдээ аймгуудтай зөрчилдөж байсан нь уг шашинтай шууд холбоотой. Уйгарууд дарагдаж Шинжаан рүү шилжсэний дараа Монголын өндөрлөгт монгол хэлт овог аймгууд олноороо суурьшиж, энэ үед нэсторын шашин түгэн дэлгэрч эхлэв.

Өдгөө нэстори номлогчид яаж монголчуудын сэтгэлд хүрснийг ойлгоход бэрх. Чингис хаанаас хойш Монголын нутаг дэвсгэрээр явж өнгөрсөн жуулчид нэсторын шашны номлогчид юун түрүүнд монголчуудыг анагаах эрдмээр татсан гэж тэмдэглэсэн нь бий. Дундад зууны Сирид анагаах ухаан сайн хөгжсөн байсан учраас үүнд эргэлзэх явдалгүй. Номлогчид мөн сири бичиг зааж, гэрийн багш хийж байлаа. Тэд хийд байгуулаагүй ч (Чингис хаанаас өмнө) өөрийн гэсэн гэртэй. Монголоор Есүсийн нэрийг Ес буюу 9-ийн тоотой төстэйгөөр дуудна. Энэ нь Чингис хааны эцэг Есүхэй баатрын нэртэй мөн төстэйвтэр. Загалмайг монголчууд буюу загамтайн бус шашинтнууд монголчуудын эрх мэдэл дөрвөн зүг найман зовхист тархахын бэлгэдэл хэмээн үзнэ. Монголчууд нэсторын шашиныг тарз, аркагун хэмээн нэрлэж, номлогчдыг нь раббан аркагун буюу Библийн раввигаас эшлэн нэрлэнэ. 

Худалдаачид, улмаар номлогчидоор дамжин орж ирсэн нэсторын мөргөл 1000 орчим оны үед жишээ нь хэрэйдүүдийн хувьд гол шашин нь болжээ.1009 онд Багдадын нэсторын хамба Мэрв хотын хамбаас нэгэн захидал авсанд хэрэйдүүд христийн шашинд орж загалмайлуулахыг хүсэж байгааг илтгэжээ. Тоо нь тодорхой биш ч 20 мянга орчим хэрэйдчүүд тэр онд загалмайлуулсан гэнэ.[11]

1006-аас 1009 оны хооронд Хэрэйдийн хаан Буюрук* нэсторын шашинд оров. Домогт өгүүлснээр хаан талд төөрч гэгээн Сергиусд залбиран зам заахыг гуйжээ. Тэгэхэд гэгээн Сергиус түүнд замыг нь зааж өгсөн тул загалмайн шашинд орж, Маркус хэмээх нэр авсан гэдэг. Загалмайн шашны гэгээнтэнд залбирсан гэхээр урьд нь энэ шашны тухай тодорхой ойлголттой байсан гэсэн үг.

Монголын өндөрлөгт нутаглаж байсан монгол аймгууд уйгаруудыг дараад өөрийн гүрэн улсаа байгуулав. Хэрэйдүүд гол аймгаар тодорч, хаан нь бүх аймгуудын хаан цолтой болжээ. Тэрээр бусад аймгуудыг оюун санааны хувьд мөн эрхшээн захирна. Маркус хаан бусад аймгийг загалмайн шашинтай болгож чадаагүй ч зарим монголчууд нэсторын шашинтай болов. Шар мөрний ай сайваар нутаглаж байсан чинээлэг, соёлтой онгудууд загалмайн шашинд оржээ. Францын судлаач Поль Пеллио XIX зуунд онгуудууд загалмайн шашинтнуудын Шэн-Вэн (Симеон), Кеули-кису (Георгий), Паолусу (Павел), Юонан (Иван), Юаку (Яков), Юишо (Иисус), Лухо (Лука) нэр авч байсан тухай дурджээ. Үүнээс гадна өнөөгийн Буриад, Эрхүү мужаар нутаглаж байсан мэргэдүүд загалмайн шашинд оров. 

Хэрэйдүүдийн дунд нэсторын шашин ихээхэн дэлгэрч, хаад нь хоёр зууны турш Маркуз I, Уба (Увар), Маркуз II, Маркуз ІІІ, Хуржакус (Кириакос), Ван-хан Тоорил (үүнийг зарим судлаачид хятадын ван цол биш, харин Иоанн гэсэн нэр гэж тайлбарладаг), Эрх Хар (Хар Георг), Нялх Сэнгүм (Илья) зэрэг загалмайн шашинтны нэр авчээ. Хэрэйдүүдийн нэсторын шашинтай дээдэс монголчуудыг нэгтгэж чадсангүй. Кидан гүрэн эхэндээ хэрэйдүүдийн загалмайн шашинтай хоёр дахь хаан Убаг нүүдэлчдийн хаан хэмээн хүлээн зөвшөөрсөн ч хожмоо монголчуудын эсрэг дайн зарлаж буулгаж авчээ. 1092 онд Маргуз II хаан олзлогдож бие барснаар монголчууд Киданы вассал болж хувирчээ. 

1125 онд Кидан улсыг зүрчидүүд дарж Алтан улсаа байгуулав. Хэрэйдийн хаан бүх монголчуудын их хаанаар тодорсон боловч эрх мэдэл нь нэр төдий болов. Хүчтэй татар аймгийнхан Алтан улстай холбоотон болж, Хэрэйдийн хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөнгүй. Мэргэд, тайчууд болон жижиг аймгууд эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрсөн ч үнэндээ бие даасан байдалтай. Хэрэйдүүдийн хаанчлалыг хамгийн их эсэргүүцэж байсан нь монгол түрэгийн холимог найман аймаг. Найманууд мөн нэсторын шашинтай боловч хэрэйдүүдтэй эрх булаалдана. 1143 онд найманууд улсаа байгуулж Инанч Билиг Бөхийг хаанаараа өргөмжлөн хэрэйдүүдтэй тэмцэж эхлэв. Хэрэйдийн хаан Тоорил ах дүүсээ хөнөөж, Хэрэйдийн төр тун тогтворгүй болсон тул наймануудын тэмцэл үр дүнд хүрчээ. Тоорил хаан ширээнээс хэдэнтээ бууж байсан ч анд нөхдийнхөө ачаар (юун түрүүнд хожмоо Чингис хаанаас өргөмжлөгдсөн Тэмүжингийн ачаар) эрх мэдлээ сэргээжээ. Гэлээ гээд монгол аймгуудыг эрхшээж чадсангүй. Нас дээр гарсан Тоорил Тэмүжинтэй тэрсэлдсэнээр Хэрэйд аймаг мөхөж, Хамаг Монголтой нэгдэв. Найманууд Билиг Бөхийг өөд болсны дараа хагаралдаж, түүний хүү Таян хан, Буюрук хан нар хаан ширээгээ булаалдан хуваагдсан бөгөөд энэ хоёр аймгийг 1206 онд Чингис хаанаар өргөмжлөгдсөн Хамаг Монголын хаан Тэмүжин эрхшээжээ.

Чингис хааны эзэнт улсад аливаа шашныг хүлээн зөвшөөрсөн ч хаад нь тэнгэр шүтлэгтэй байх ёстой аж. Чингис хаан монголчуудыг нэгтгээд бусад шашныг хориогүй ч бөөгийн шашныг төрийн шашин болгожээ. Тоорилын охин, Чингис хааны отгон хүү Тулуйн эхнэр, их хаан Мөнх, Хубилай болон Ил Ханы хаан Хүлэгү, улсын хаан Аригбух нарын ээж нэсторын шашинтай Сорхугтани 20 жилийн турш (1232-52 онд) Монголын төрийг атгаж байсан гэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй. Засгийн тэргүүн нь нэсторын шашинтай уйгар Татунга байлаа. Гүюг, Мөнх, Хубилай, Төмөр хааны ордонд загалмайн шашинтай, угсаа гарал нь тодорхойгүй оточ Ай Сюэ (герег, сири, итали гаралтай байх магадлалтай) албан хашихаас гадна Монголын эзэнт гүрний баруун хязгаарын Алтан ордыг эрхшээж байсан Батын хүү Сартаг загалмайн шашинтай байв. Бат хааныг хальсны дараа Бэрхтэй суудал булаацалдсан ганц хүн нь Батын ууган хүү Сартаг* байлаа. Бэрх Сарай нийслэлдээ суун лалуудын загалмайн эсрэг тэмцэж байгааг зүйл бүрээр хөхиүлэн өөртөө татахын зэрэгцээ алтан ургийн түшмэл, жанжин нарыг эд мөнгөөр худалдан авч өөрийгөө дэмжүүлэх болов. Ингээд Сартагийг дуудан хэлцэл хийе гэж урихад цаадах нь “Би загалмайн шашинтай, чи лал шүтлэгтэй. Лал хүний царайг харах нь надад муу ёр” гэж томорчээ.[12] Нэсторын шашныг өдий олон ихэс дээдэс шүтдэг байсан нь уг шашныг ихээхэн нөлөөтэй болгожээ. 

Лалын шашинтнуудын дайнд монголчууд Месопотам, Сири, Палестиний загалмайтнуудыг ивээсэн Шар загалмайтны аян дайны оролцогч болж хувирчээ. 1246-54 онд Хархорумд ирсэн Ромын пап, Францын хааны элч төлөөлөгч Плано Карпини, Гийом Рубрук лалынхны эсрэг тэмцэж буй загалмайтнуудад туслахыг хүсжээ. Энэ ёсоор, мөн Ойрхи Дорнодын загалмайтнуудын хүсэлтээр 1255 онд Мөнх хааны дүү Хүлэгүгийн удирдсан монгол цэрэг Багдадын халифын эсрэг дайн зарлав. Хүлэгү өөрөө буддын шашинтай ч түүний хатан Догуз, цэргийн жанжин онгууд ноён Хитбух нар нэсторын шашинтай байлаа. Багдадыг эзлээд Хүлэгү халифын ордныг нэсторын шашны патриархт бэлэглэв. Хүлэгү Месопотамыг эзлээд Иран руу буцсан бол тэнд үлдсэн Хитбух загалмайн шашинтнуудад ээлтэй бодлого хэрэгжүүлжээ. Хитбух Армяны Киликигийн хаан Хэтум I*, Антиохийн гүн католик шашинтай Боэмундтэй* холбоо тогтоож, Боэмундаар дамжуулан Ерүсалимын хаант улстай холбогдож, загалмайн шашинтай ахан дүүстээ туслахаар Сири, Палестин руу их цэргээ хөдөлгөв. Ойрхи Дорнодын загалмайн шашинтнууд монголчуудыг лалын шашинтнуудаас аварсан ачтанаа гэж харж байлаа. 

Харин католикуудтай эвээр харилцаж чадсангүй. Католикууд монголчуудыг зэрлэгүүд хэмээн үзэж, тусламжийг нь авахаас нь татгалзжээ. Сири, Дамаскийг эзэлсэн Хитбухын цэргийг католик цайзууд нэвтрүүлсэнгүй. Тиймээс их цэрэг цөл газар ус ундгүй, сэлгэх морьгүй болжээ. Ийм байдалд эгдүүцсэн монголчууд загалмайтнуудын хэд хэдэн отряд, цайз бэхлэлтийг үгүй хийсэн ч лалуудтай үргэлжлүүлэн дайтсаар байлаа. 1260 онд монголчууд анх удаа ялагдсан нь өнөөгийн Палестиний газын зурвас орчим өрнөсөн Айн Жалутын тулалдаан юм. Тэгэхэд Египетийн мамлюкууд Хитбухын цэргийг хиар цохиж, Хитбух олзлогдон лалын цэргийн жанжин Кутузын өмнө өвдөг сөхрөхөөс татгалзаж цаазлуулав.

Үүний дараа Пап лам монголчуудтай хамтран лалуудтай тэмцэхийг хүссэн ч хожимджээ. Монголчууд загалмайтнууд урвасныг уучилсангүй. Францад тамплиерүүдийг олноор нь цаазалсан явдал ч Хархорумыг католикуудтай ойртуулсангүй. 

Өгөөдэй хаан нэсторын загалмайн шашинт Турхан хатныхаа нөлөөгөөр загалмайтныг нэлээд ивээдэг байсан бол түүний дараа Гүюг хаан эхийнхээ нөлөөгөөр бүр ч талтай байжээ. Зарим баримт сэлтээс үзэхүл тэрээр загалмайн мөргөлд орсон ч байж магадгүй сурагтай.[13] Юутай ч түүний эхнэр Дохуз хатан мөн л загалмайн шашинтан байсан ба магадгүй түүний нөлөөгөөр Францын IX Лүи хаан* (Louis IX) руу элчээр зарсан Элжигдэй*-гээр (Kebek) монголчууд загалмайн шашныг ивээлдээ авч болох юм гэж хэлүүлсэн байж болох талтай.[14] 

Талын нүүдэлчин монголчуудын түүх, утга зохиол, соёлын гайхамшигт бүтээл, дурсгал болох Монголын нууц товчоо 1240 онд Хэрлэн голын хөвөөнд бичигдэж дууссан гэдэг. Хэн бичсэн нь тодорхойгүй боловч уул зохиолын зохиомж, дэс дараа зэргийг нь харьцуулахад зохиогч нь юутай ч гэсэн Шинэ гэрээг мэддэг хүн байжээ гэж хэлж болохуйц. Хожим археологичид Монголын эртний нийслэл Хархорумыг малтан судлаад ерөнхий төрхийг нь гаргаж ирэхэд цагтаа дэлхийн нийслэл гэгдэж байсан Төв Азийн цээжин дэх энэ хотын яг төвд нь сүндэрлэх баганан модны оройд загалмайн шашны нэгэн бэлгэ тэмдэг болсон далавчтай архангелийн бүрээ үлээж байгаа том баримал байрладаг байжээ. Парисын их мастер Вильгельм Гильмом Бушьегийн* Мөнх хаанд зориулан урласан энэхүү мөнгөн модот оргилуур нь дээрээ дөрвөн могойтой ба тэдгээрийн тус болгоны амаар цорго гарч, доорх тоссон дөрвөн тогоонд дөрвөн амттан болох архи, дарс, айраг, бал гоожуулна.[15] Рүбрүк энэ гайхамшигт бүтээлийг нүдээр үзсэн төдийгүй дархан Вильгельмтэй нь уулзаж учирч байв.[16]Рүбрүкийн дэргэд Аригбух загалмайн шашныг лалуудаас өмөөрч байв.[17]

Хубилайн үед Хархорумд католик шашинтай олон хүн байжээ. “Марко Поло Хаанбалгаст ломбард, герман, француудын эзэмшлийн гурван дэн буудал байсан гэжээ. Хятад дахь Монгол хаад баруун Европын сэхээтэн, тэдний католик шашинд хэрхэн хандаж байсныг Хувилай хаанаас Ромын пап ламд хандан загалмайн шашин, уран зохиол, логик, дуу, тоо, астроном, дуу хөгжим, газар зүйн долоон эрдэмд нэвтэрсэн зуун эрдэмтнийг. Юань гүрний хааны ордонд XIII - XIV зуунд алба хашиж байсан баруун европчууд Хятадын түүхэнд баларшгүй мөрөө үлдээжээ. Эдгээр нь Ромын сүмийн Жованни Монтекорвино*, Порденоны Одорик*, Жованни Мариньоли нар юм”[18]

Монголчууд уйгуруудыг Христэд итгэгч гэж мэддэг байсан тул Хубулай хаан хоёр нэсториан уйгурыг Иерусалимд очиж Мсихад мөргөхийг тушаажээ.[19] Гэтэл католикууд нэсторын, үнэн алдартнуудын эсрэг хуйвалдаж, Монголын загалмайтнуудыг папд зүтгүүлэхээр хичээж байлаа. Ямартаа ч загалмайн шашинд ээлтэй Хубилайн хаанчлалын үеэс монголчуудын дунд загалмайн шашин доройтож эхэлсэн бөгөөд Хубилай өөрөө буддын шашинд татагдав. Соёлын хувьд ойрхон Түвдэд буддын шашин дэлгэрсэн нь, монголчууд эзлэгдсэн газар нутгийнхаа шашныг авах хүсэлгүй нь ч үүнд багагүй нөлөөлжээ. 

Хубилай яагаад загалмайн шашнаас хөндийрсөн бэ гэвэл 1260-1262 онд дүү Аригбухтайгаа тэрсэлдсэн явдал ихээхэн нөлөөтэй. Тухайн үед Хубилай Хятадын газар нутагт түшиглэн хятад, вьетнам, орос, осетинүүдээс бүрдсэн гэрээт цэрэгтэй, харин эзлэгдсэн нутгийн иргэд тэднээс илүү байдалтай болсон гэдэгт бат итгэлтэй явсан Аригбух монгол цэрэгтэй байжээ. Аригбух нэсторын шашинтай монголчуудыг эгнээндээ нэгтгэсэн гэх нь үнэнд ойртоно. Хубилай олон үндэстний эзэнт гүрнийг илүүд үзсэн бол Аригбух уламжлалт монгол буюу нэсторын үзэлтэй. Иймээс Хубилай буддын шашныг сонгосонд гайхалтгүй. Буддын шашин монголчуудын эв санааг нэгтгэж, өв соёлыг тэтгэх оюун санааны хүчин зүйл болж чадна гэж үзсэн байх. Тэгээд ч буддын шашинтнууд загалмайтнуудаас хавьгүй ойр бөгөөд ойлгомжтой аж.

Тэр үед нэсторын шашин Ойрхи ба Дундад Дорноос халин гарч Месопотамийн хойгуур нутагладаг ассирчуудын дунд дэлгэрэв. Гэтэл монгол цустай шашин нэгтнүүд нь ямар нэгэн шинэлэг мэдээлэлгүй, өөрсдөө ч шашныхаа тухай мэдлэг муутай байлаа. Тэгээд ч католик, үнэн алдартнуудтай нэгдэж чадсангүй. Монголын хаад загалмайн шашныг хүндэлж байсан ч монголчуудын үндэсний шашин гэж үзсэнгүй, тэгэх боломж ч байсангүй. Бөө, будда, лал, бумба, күнзийн шашинтнуудын нөлөө харьцангуй их. Загалмайн шашинтай цөөн тооны монгол, уйгар, Ираны зарим хот, Төв Азийн иргэд л нэсторнд үнэнч хэвээр үлджээ.

Гаднаас шинэлэг мэдлэг мэдээлэл авдаггүй байсан монголчуудын нэсторын шашин аажимдаа доройтож, XIV зуунд хэдхэн сүм үлдсэн бөгөөд оог цоог баримтаар үзвэл тэнд монгол биш уйгар хуврагууд амьдардаг байжээ. Удалгүй хятадууд босож, Монголын эзэнт гүрэн нуран баларч, монголчууд олноороо амь алдан, амьд үлдсэн хэсэг нь нүүн шилжив. Энэ дунд загалмайн шашин тэсэж үлдсэнгүй. XV зуун гарахад монголчууд загалмайн шашинтай байсан ямар ч мэдээлэл олдохгүй болно. Энэ үед төвдийн ламаист шашин хүчтэй дэлгэрэв.

1640 онд монголчууд эцсийн сонголтоо хийж Төвдийн буддизмын шарын урсгал гэлэгпаг төрийн шашнаар тунхаглажээ. 

Европынхон, тэр дундаа Ромын папынхан нүүдэлчдэд их найдлага тавин, аврагчдаа хэмээн горьдож байсан баримт их. Лалынханд олон жил дээрэлхүүлсэн XII-XIII зууны үед аврагч гэгээн Прэстэр Ионны тухай ер бусын домог Европт их тархмал байжээ. Загалмайн шашныг аврах учиртай энэ гэгээнтнээ европчууд энд тэндгүй хайн, ажиг сураг тавьдаг байв. Хар Хятаны Гүр хаан Чингисээс өмнө лалуудыг сүйтгэхэд Ромын Пап түүнийг шууд Прэстэр Ионн хэмээн нэрийдэж байв[20], Карпини, Рүбрүк нар Монголд ирэхдээ Прэстэр Ионныг болвол олоод уулзчих нууцхан хүсэлтэй байлаа. Хожим ирсэн Марко Поло Чингисийн гол өрсөлдөгч Ван хаан Тоорилыг ямар ч эргэлзээгүй Прэстэр Ионн гэж нэрлэсэн байдаг.[21] Чингис хааны лалын эсрэг явуулсан анхны дайн амжилттай болоход Европ түүнийг Прэстэр Ионн, эсвэл түүний ач хүү Давид ван гэж таамаглаж байлаа.[22] Монголд ирээд Прэстэр Ионныг олж хараагүй Карпини түүнийг Энэтхэг рүү явчихжээ гэж таамагласан тул сүүлд нь эрэл Өмнөд Азид үргэлжилсэн ба харин XIV-XVI зууны үед энэ аврагчийгаа Этиопын хаан мөн байна гэж үзэж байсан түүхтэй. 

* Кирилл, Александрын (376-444) Египтийн христосын урсгалын удирдагчдын нэг

* Нэстори, Константинполын (381-451) Зүүн Ромын сүм хийдийн зүтгэлтэн

* Кавад I - Ираны шагийн шаг (488-498) Сасанидын үе.

* Гаузун хаан (628 – 683) Тан улсын гурав дахь хаан (649-683)

* Сюаньзун хаан буюу Ли Лонжи (685-762) Тан улсын хамгийн удаан хаанчилсан хуандин.

* Маркуз Буюрук хан бол XI зууны сүүл үеэс XII зууны эхэн үед Хэрэйдийн ханлигийгзахирч байсан хан

* Сартаг (?-1257) Бат хааны хүү.

* Хэтум I (1213-1270) Армэний хаан  Армении хаан. 1226 онд Хэтумидийн династи байгуулсан.

* Боэму́нд Тарэнтийн (1054-1111) Тарантогийн анхны хаан. Загалмайины нэгдүгээр аян дайныг гардагчдын нэг.

* Луи IX (1214-1270) Францын хаан

* Кебек хан (Элжигдэй) нь Цагааашдайн хант улсынДува ханы хүү юм. 1308-1309, 1316-1325 оны хооронд тус улсыг захирч байсан.

* Бушье, Вильгельм Гильмом – Парисын дархан

* Жованни Монтекорвино (1246—1328) Францын католик номлогч. Хятад, Энэтхэгт католик шашин түгээсэн.

* Порденоны Одорик (1286-1331) бол 14-р зууны эхэн үед амьдарч байсан Италийн францискан хуврага, дорно дахинд шашин түгээн дэлгэрүүлэгч, нэрт аялагч юм.

  1. [1]Russell, Bertrand. A History of Western Philosophy (Roudledge, London 1995) p-365-366
  2. [2]Абу-ль-Фарадж. Книга занимательных истории (Москва. Государственное издательство художественной литературы 1961). [Abu-l-Faraj. Book of Entertaining History (Moscow. State Publishing House of Fiction 1961)]
  3. [3]The Church of the East 1999 http://www.oxuscom.com/ch-of-east.htm.
  4. [4]Dickens, M. Nestorian Christianity in Central Asia. 2001
  5. [5]The Church of the East. 1999. http://www.oxuscom.com/ch-of-east.htm.
  6. [6]Официальный сайт Ташкентской и Узбекистанской епархии. История Христианства в Средней Азии. 2011 г. [Цитировано: 8 12 2011 г.] http://www.pravoslavie.uz/histor.htm.
  7. [7]Официальный сайт Ташкентской и Узбекистанской епархии. История Христианства в Средней Азии. 2011 г. [Цитировано: 8 12 2011 г.] http://www.pravoslavie.uz/histor.htm.
  8. [8]Oomen, P. East of the Euphrates: Early Christianity in Asia. 1998.
  9. [9]  Гумилев, Л.Н. шашин ба Эртний Орос., 1964
  10. [10]Мамбеталиев, А. Несторианство в центральной Азии, Призыв македонянина.
  11. [11]May, Timothy The Mongols and the Missionaries: Why Catholicism Failed Amongst the Mongols (Studia et Documenta Turcologica, 5-6/2017-2018, part 1) p-215
  12. [12]Почекаев, Р. Ю. Алтан Ордын хаад (УБ. Nepko publishing 2013) х-38 [Pochekayev, R. Yu. Khans of the Golden Horde]
  13. [13]Гумилёв, Л. Н., Куркчи, А. И. Чёрная легенда (Хазарь 1989) [Gumilov, L. N., Kurkchi, A. I. Black legend ]
  14. [14]Grousset, Rene The Empire of the Steppes, A History of Central Asia (Rutgers University Press, New Jersey 1991) pp-270-272
  15. [15]Наваан, Д. Эртний Монголын түүхэн дурсгалууд (Улаанбаатар 1980)х-76 [Navaan, D. Ancient Mongolian historical artifacts]
  16. [16]Рүбрүк, Гийом дө Дорно этгээдэд зорчсон минь (Улаанбаатар 1988) х-184-188 [Rockhill, William Woodville The Journey of William of Rubruk to the Eastern Parts (Hakluyt Society. 1900)]
  17. [17] Рүбрүк, Гийом дө Дорно этгээдэд зорчсон минь (Улаанбаатар 1988) х-196 [Rockhill William Woodville The Journey of William of Rubruk to the Eastern Parts (Hakluyt Society. 1900)]
  18. [18]Кычанов Е.И.Сирийское несторианство в Китае и Центральной Азии // Палестинский сборник 26(89). Л., 1978, с. 76–85.
  19. [19]Михайлов С. С. Ассирийцы-несториане в Москве Сб. очерков «Москва: народы и религии». М., 1997
  20. [20]Severin, Tim In Search of Genghis Khan (Athenium New York 1992) pp-151
  21. [21]Марко Поло Орчлонгийн элдэв сонин (Улаанбаатар 1987)[Livre des Merveilles du Monde;  The Travels of Marco Polo]
  22. [22]Severin, Tim In Search of Genghis Khan (Athenium New York 1992) pp-151