Б.Баттулга: “Токио-2020” олимпт том амбицтай оролцоно
Б.Баттулга: “Токио-2020” олимпт том амбицтай оролцоно
МЧБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр Багшийн дээдийн багш дасгалжуулагчийн анги төгссөн чөлөөт бөхийн дасгалжуулагчаар тасралтгүй 26 жил ажиллаж буй. Дунд нь АНУ-д өндөр зэрэглэлийн тамирчин бэлддэг хоёр ч хөтөлбөрт хамрагдсан. Тэр хугацаандаа АНУ-д хувийн дасгалжуулагч, мөн Тайваньд шигшээ багийн дасгалжуулагчаар нь ажиллаж байсан. Удирдлагын академийг төгссөн.2004 онд Дэлхийн бөхийн холбооны Олон улсын дасгалжуулагч болж байсан. Монголын чөлөөт бөхийн спортын нэрийн хуудас болсон ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Э.Ням-Очир нарын олон шавьтай. Эдүгээ МЧБХ-ны ҮШБ-ын ахлах дасгалжуулагчаар сонгогдон ажиллаж буй.
-Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхны хувьд маш завгүй өдрүүд үргэлжилж буйг харж байна. Олимп эхлэхэд 16-хан сарын хугацаа үлдлээ. Ойрын үеийн бэлтгэл сургуулилт, үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?
-Олимпийн цикль эхлээд жилээр яривал гурав дахь жил, ҮШБ бүрдсэнээс хойш гэвэл хоёр жил гаруй болж байна. 2016 оны олимп дуусаад шинээр сонгон шалгаруулалт гэсээр 2017 оны хоёрдугаар сард бид ажлаа авсан юм. Өмнөх хоёр жилээс илүү энэ онд илүү нягтаршиж, эхэлсэн ажлынхаа үр дүнг зах зухаас нь үзэж, нэгэнт зорилго тодорхой учраас түүндээ чиглэсэн бэлтгэл жигдэрч байна. 2019 он гарснаас хойш бид И.Ярыгины нэрэмжит олон улсын гран при тэмцээнд багаараа оролцлоо. Дараа нь эмэгтэй шигшээ баг Туркийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Эрэгтэй багийнханы хувьд Дэлхийн цомын тэмцээнд чиглэсэн бэлтгэл хийсэн. Якутад өнгөрсөн гуравдугаар сарын 15-16-нд Дэлхийн цомын тэмцээн болж шилдэг найман баг оролцсон. Энэ тэмцээнээс ирэнгүүтээ түүхэндээ анх удаа U23 буюу 23-аас доош насныхны чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс өөрөө зохион байгууллаа.
-Энэ тэмцээнд маш өндөр амжилт үзүүлсэн. Магадгүй бид хэт их мэдээлэл дунд амьдарч байгаа болохоор энэ амжилтын мэдээ харьцангуй даруухан дуулдаад өнгөрөх шиг боллоо. 23 хүртэлх нас гэж онцолсны учир юунд байна?
-Нутгийнхаа дэвжээн дээр чөлөөт, сонгомол барилдаанаас нийт долоон алт, зургаан мөнгө, долоон хүрэл, нийт 20 медаль авч эмэгтэй баг нэгдүгээр баг, эрэгтэй баг хоёрдугаар байр эзэлсэн. Миний мэдэхийн сүүлийн 40-өөд жилд Азийн аваргад багаараа түрүүлсэн тохиолдол байхгүй. 23 хүртэлх нас гэхээр зарим хүн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн гэж ойлгоод байх шиг. Энэ бол насанд хүрэгчдийн 23 хүртэлх насныхны тэмцээн юм. 23 насыг онцолсны учир нь мөн л судалгааны үр дүнтэй холбоотой. Риогийн олимпт аварга болсон тамирчдын дундаж нас нь 23 байсан тул Дэлхийн бөхийн холбооноос 23 нас гэдэг дээр ач холбогдол өгч байгаа. Европт бол ийм тэмцээн болоод 5-6 жил болчихсон. Энэ ангилалын ДАШТ сүүлийн гурван жил зохион байгуулагдаж байна. Азид анх удаа манайх зохион байгуулсан болохоор түүхэн том тэмцээн гэж хэлж болно. Үүнээс хоёр долоо хоногийн дараа Mongolia Open-2019 чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Удахгүй Хятадын Шиньян хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцохоор бэлтгэлдээ гараад байна. Энд онцолж хэлэхэд сонгомол бөхийн төрлөөр U23-аас медаль авсан хоёр тамирчнаа бас авч явахаар төлөвлөж байна. Тэгэхээр энэ удаагийн чөлөөт бөхийн ААШТ-д бөхийн гурван төрлөөр оролцоно гэсэн үг.
-Сонгомол бөхийн төрлөөр ч чамлахааргүй амжилт үзүүллээ шүү дээ. Цаашид сонгомол бөхийн төрөлд ач холбогдол өгөх төлөвлөгөө бий юү?
-Сонгомол бөхийн төрлөөр хоёр тамирчин медаль авсан. Ер нь ач холбогдол өгч ажиллах сонирхол их байна. Одоогоос 18 жилийн өмнө 2001 онд л сонгомол төрөлтэйгээ ААШТ-д оролцож байснаас биш сонгомол бөхийг хөгжүүлэх зорилгоор тамирчдаа авч явж байгаагүй. Энэ хоёр тамирчин маань өнгөрсөн даваа гаригт Хөх хотод сонгомолын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр явчихсан. Манайд сонгомолын төрлөөр дасгалжуулах багш байхгүй. Дэлхийн бөхийн холбооноос манайд сонгомол бөхийг хөгжүүлэх бодлого баримталж, өнгөрсөн зунаас хойш хоёр ч удаагийн сургалт явуулсан. Энэ төрлийг сонирхож байгаа тамирчдыг анхнаас нь зоригтой алхам хийж дэмжие гэсэн санаачилга дэвшүүлээд байгаа юм. БТСГ-т саяхан хүсэлт гарган тамирчдыг ААШТ-д оролцох зардлыг гаргахаар болсон. Харин МЧБХ Хөх хотод бэлтгэл хийх хугацааны зардлыг санхүүжүүлж бэлтгэлд нь оруулсан. Би хувьдаа хэрэв сонгомолын хоёр тамирчин маань Азиас медаль авчихвал ДАШТ-д ч оролцуулах боломж нээгдэнэ гэж харж байгаа. Ялгаагүй л олимпийн төрлийн спорт шүү дээ. Бидэнд бөхийн нөөц байгаа, харин дасгалжуулагчийг л бэлдэх шаардлагатай. Чөлөөтөөс өөр төрөл учраас анхан шатнаас нь буюу зургаа, долоон настай хүүхдүүдийг яг сонгомолынх нь төрлөөр л эхэлж хичээллүүлэх нь зүйтэй. Түүнээс биш чөлөөт барилддаг хүнийг сонгомолоор барилд гэх нь эргэлзээнд оруулна. Сонголт хийхэд эргэлзээ байвал амжилтыг төдийчинээ бууруулдаг. Сэтгэлзүйн эргэлзээ байхад энэ төрлийг хөгжүүлнэ гэдэг амаргүй.
-Дараагийн олимп хүртэл жил гаруйхны хугацаа үлдлээ. Том зорилго ойлгомжтой. Итгэл хэр байна?
-Би буруу ч харьцуулалт хийж байж ч магад. 2008 оны Бээжингийн олимпид аваргатай болсноос хойш Монголын эдийн засаг 2009-2011 онд яаж эрчимтэй өсөв. Энэ үйл явдал бизнес, нийгмийн бүхий л салбарын хүмүүсийн өөртөө итгэх итгэл, урам зоргийг нэмж эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж би хувьдаа итгэдэг. Тиймдээ ч 2020 оны Токиогийн олимпт манай чөлөөт бөхийн тамирчид монголчуудын сэтгэлд гал асааж итгэлд цучил нэмсэн том амжилт гаргаж чадна гэсэн итгэлтэй байгаа. Монгол хүн анх удаа 1964 оны Токиогийн олимпт оролцсон ба нэг төрөл нь чөлөөт бөх байсан. Одоо бид 56 жилийн дараа дахиад Токиогийн олимпт оролцох гэж байна. Нөгөө талаас эрэгтэй төрөлд 1980 оноос хойш олимпийн медаль аваагүй. Тэгэхээр бэлэгдлээ бодсон ч, амжилтын циклээ харсан ч энэ удаад авна гэдэгтээ итгэлтэй байна. Зорилгодоо хүрэхийн тулд манай шигшээ баг дотоодын өрсөлдөөнийг бий болгох, тамирчдад тэгш боломжийг олгосон шударга сонгон шалгаруулалтын журам гаргаж, 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Мөн бөх өндөр хөгжсөн ОХУ, АНУ, Япон, Турк зэрэг улсуудын шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг тогтмолжуулах, нийгэмд зөв хандлага, үлгэр дуурайлал үзүүлэх тамирчин бэлдэх, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна.
-Тамирчин амжилт гаргах үндэсийг та юу гэж хардаг вэ?
Чөлөөт бөхийн спорт ганцаарчилсан төрөл тул амжилтыг тамирчинтай холбож үзэх нь бий. Гэтэл энэ амжилт багш дасгалжуулагч л гэхэд техникийн, хүчний, ажиллах чадварын гэж хуваагдах, дээр нь эмч, хоол зүйч, сэтгэл зүйч гээд олон хүмүүсийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүн байдаг. Мэдээж энэ бүхний ард спонсор, санхүүжүүлэгч байна. Чөлөөт бөх бол сэтгэл зүрхний спорт. Ихэнхи санхүүжүүлэгчид энэ спортод хайртай, сэтгэлээ өгсөн хүмүүс байдаг. МЧБХ л гэхэд төрийн бус байгууллага тул удирдах зөвлөлийн гишүүдийн хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь U23 ААШТ-ийг зохион байгуулахэрхийг 10 мянган швейцарь франк буюу 25 сая төгрөг төлж авсан. Тэмцээн зохион байгуулалтын зардал, шагнал урамшуулал гээд зардал маш их гардаг. Үүний хажуугаар торгуулийг мөн төлж байна.Сая допингийн асуудлаар л гэхэд 20 мянган швейцарь франк буюу 50 гаруй сая төгрөгөөр торгуулсан. Риогийн олимпоор хоёр дасгалжуулагч ёс зүйн алдаа гаргасан гээд 140 гаруй сая төгрөгөөр торгуулсан. Энэ бүгдийг холбооны удирдах зөвлөлийн гишүүд л санхүүжүүлдэг. Үүний цаана бөхөд өгсөн сэтгэл зүрхээс өөр ашиг хонжоо байхгүй гэж боддог. Монголчууд маань нэгнээ талархаж урамшуулахаас урьтаж муучилж харлуулах өнгө аястай болжээ. Манай бөхөд ч ийм хандлага их гарах юм. Аливаад бодитоор хандаж, хийсэн бүтээснийг нь үнэлж урамшуулж байгаасай гэж хүсэж байна.
-П.Орхон гавьяатын хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас Дэлхийн аварга болсны дараа МЧБХ уулзаагүй, О.Насанбурмаа ДАШТ-ээс олимпийн бус жинд мөнгөн медаль авахад онцгой амжилт гаргасан гээд 25 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Шоовдорт мөн 10 сая төгрөг олгосон байхад П.Орхоныг Дэлхийн аварга болоход гурван сая төгрөгөөр шагнасан зэрэгт гомдолтой явдаг нь анзаарагдлаа. Өөрөө үзэмжээр ханддаг гэж ярьсан байна билээ. Яагаад ингэж ялгавартай хандах болов?
- 2017 оны ДАШТ-ийн үеэр МЧБХ санхүүгийн хувьд маш хүнд үеийг даван туулсан. Өмнө хэлсэнчлэн Риогийн олимпид болсон үйл явдалтай холбоотой Дэлхийн бөхийн холбооноос торгууль хүлээж, мөн Монголын чөлөөт бөхийн багийг бүх төрөлд тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оруулах эрхийг түдгэлзүүлсэн байсан. МЧБХ торгууль төлж, тэмцээнд оролцох эрхийг нээж өгсөн. Тэгэхээр энэ хүнд үед боломжоороо урамшуулсан байх. Хувийн байгууллагууд ч байлж шагнасан. Асуудал хэдэн төгрөг өгсөндөө биш, аль өнцгөөс яаж харж байгаагаас шалтгаалах болов уу гэж бодож байна.
Дээрх ярилцлагын дараа бид Азийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар бэлтгэлээ хангаж буй баг тамирчидтай уулзахаар хотоос гарч эхлээд “Экс спорт цогцолбор”-ыг зорилоо. Энд манай ҮШБ-ын эмэгтэй баг тамирчид бэлтгэлээ хийж буй.
Эхлээд олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-МЧБХ-ны удирдлагын баг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд юу өөрчлөв?
-Холбооны үйл ажиллагаа хэвийн. Маш сайн ажиллаж байгаа гэж боддог.
-Журмын тухайд?
-Сайн тал нь гэвэл тэмцээнд түрүүлсэн нь явна гээд тодорхой заасан болохоор тэмцээнд явж байгаа, үлдэж байгаа тамирчдын сэтгэлзүйд эергээр нөлөөлж байгаа юм. Өмнө нь бол хэн нь явах нь тодорхойгүй байж байгаад удирдлагууд тодруулаад явуулдаг байсан. Тэгэхээр УАШТ-д түрүүлсэн тамирчин гомдолтой хоцордог байлаа. Нэг хэцүү тал нь ижил жингийн хоёр сайн бөх барилдаад нэг нь ялагдаад үлдэх явдал байдаг. Бид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явдаг хүмүүс. Гэтэл хоёр сайн тамирчин нь хоорондоо барилдаад түрүүлсэн нь л явна гэчихээр үлдсэн сайн тамирчнаа өөр жинд явуулах гарц бас байхгүй. Тиймээс журамд ингэж өөрчлөлт оруулснаар сонгон шалгаруулалт илүү тодорхой болсон гэж хэлж болно. Өглөө орой хоёр барилдуулдаг. Хоёуланд нь ялчихвал шууд явна. Нэг, нэг болчихвол нэмэлт нэг барилдаан хийгээд хоёр хожсон нь явна. Товчхондоо хоёр ялах ёстой л гэсэн үг.
-Таны хувьд олимпийн эрх авах гол тэмцээн аль нь вэ. Бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?
-Олимпийн эрх авсан, тэр жинд барилдаж байгаа тамирчид явах, үлдэх гэсэн хоёр талтайгаар сэтгэлзүйгээ бэлтгэх хэрэгтэй. Явах, үлдэх аль ч сонголт гарч ирсэн тамирчин байнга бэлэн байх ёстой. Миний хувьд яг энэ жилийн хувьд бол УАШТ байна. Одоо Азийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар бэлтгэлээ хийж байна.
-Допингийн тухайд чөлөөт бөхийн, ялангуяа эмэгтэйчүүдийн багийн хувьд тун амаргүй нөхцөл байдалтай нүүр тууллаа шүү дээ. Энэ бүхний дараа тэмцээн, уралдаанд оролцоход сэтгэл зүйн хувьд амаргүй байгаа байх?
-Сэтгэл эмзэглэхгүй байх аргагүй зүйл шүү дээ. Бидний дундаас мөр зэрэгцэн Төрийн далбаагаа өндөрт мандуулж байсан тамирчин, баг дотроо нүүр тахлах хүн дээ гэж бодож явсан хүнээс допинг гарчихлаа. Хөндлөнгийн хүмүүс харахдаа “хүн хорлочихож гэнэ”, “тамирчид нь хорлочихсон байх” гэжхэн ч батлаагүй яриа гараад байхад бидний сэтгэлзүйд нөлөөлөөгүй гэх аргагүй. Тамирчин хүн нэгнээ хорлоно гэж байхгүй. Монгол хүний мөс чанар яаж ч муудсан арай ч тийм юм хийхгүй.
П.Орхон бол өөрөө “тэр намайг хорлосон” гэсэн яриа гаргаагүй. Тийм ямар нэг зүйл баталж чадаагүй. Тиймээс хөндлөнгийн хүмүүс хүлээцтэй хандаж, тамирчдынхаа нэр хүндэд халдахгүй, хүндэлж байгаасай гэж боддог. Допингийн талаарх сургалт явуулж хориотой эм бэлдмэлийн жагсаалт, хэзээ хэрхэн нэмэгдсэн зэргийг танилцуулж тайлбарладаг. Бид уух эм, уурагаа хүртэл эмч нараасаа асууж байж хэрэглэдэг. Би хувьдаа допингийг тамирчин хүний хувийн сахилга бат, хариуцлага, сонголт гэж боддог.
-Чөлөөтийн эмэгтэй тамирчид “Алдар” нийгэмлэгийн хүчний дасгалжуулагчаас бэлтгэл авдаг байсан юм билээ. Та тэр багштай хүчний бэлтгэл хийж байсан уу?
-Би хүчний бэлтгэлээ хувиараа хийчихдэг. Өмнө нь П.Орхонтойгоо хамт, Энхтөр багштай хүчний бэлтгэл хийж байсан.
-Нэг хятад бичигтэй дуслын тарианы талаар П.Орхон гавьяат ярьсан. Танд тийм эм тариа хэрэглүүлж байсан тохиолдол бий юү?
-Үгүй. Хэзээ ч ямар нэг эм, тариа хэрэглүүлж байгаагүй. Юуг ч санал болгож байгаагүй. Тэгээд би харин гайхаад байгаа юм.Зөвхөн бэлтгэлээ хийлгээд явдаг байсан.
Мөн ДАШТ-ий алт, мөнгө, Залуучуудын дэлхийн аварга, U23 болон Өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдтэй ярилцаж амжлаа.
-Юуны өмнө “Mongolia Open -2019” тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Тэмцээн сайхан болж өнгөрсөн. Амжилттай оролцлоо. Нэг ялагдаж түрүүлсэн. Алдаан дээрээ суралцаж улам хичээж барилдана гэж бодож байгаа.
-Чөлөөтийн эмэгтэй багийн хувьд саяхан Турк улсад хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Одоо Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байна. Бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-Туркийн шигшээ багтай хамтарсан бэлтгэлээ амжилттай хийгээд ирлээ. Ачаалал ихтэй бэлтгэл болсон. Үр дүн нь ч сайн байх болов уу гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд зууралдаж зогсох дургүй давшиж эрч хүчтэй барилддаг онцлогтой. Цаашид барьцаа сайн хангаж барилдах тал дээр анхаарч барилдана гэж бодож байна. Саяхан болсон “ Mongolia Open-2019” тэмцээнтэй ойрхон дараагийн Азийн аварга шалгаруулах тэмцээндээ орох гэж байна. Одоогоор сэргэлтийн бэлтгэлтэй байгаа. Ойр ойрхон тэмцээнд оролцох нь байнгын тогтмол бэлтгэл сургуулилттай, сайн талтай. Энэ талаар анхаарч ажиллаж байгаа МЧБХ-ныхондоо талархаж байгаагаа энэ дашрамд хэлье.
-МЧБХ-ноос тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аль тамирчнаа явуулахаа шийдвэрлэдэг сонгон шалгаруулалтын журам гаргасан. Ингэснээр үзэмжээр биш шударга өрсөлдөөд тэмцээнд явах боломжтой боллоо гээд тамирчид ам сайтай байна. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Журамд өөрчлөлт оруулсан нь таалагдаж байгаа. Шударгаар, ойлгомжтойгоор шийдэх болсон. Миний хувьд 2013 онд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар үлдэж байснаас амжилт, ур чадварын хувьд дутмаг гэх шалтгаанаар тэмцээнд явалгүй гонсойж үлдсэн тохиолдол байгаагүй. Харин 2018 онд ямар нэг сорилго барилдаангүйгээр шууд Гантуяаг явуулахад сэтгэл дундуур үлдэж байсан. Тэгэхэд одоо мөрдөж байгаа журам шиг сорилго бариалдаан хийсэн бол гэх харамсал төрдөг. Гэвч өнгөрсөн явдал учраас цаашид энэ журмын дагуу сорилго барилдаан хийж тамирчдаа гомдоохгүй байгаасай гэж бодож явдаг даа.
-Ер нь П.Орхон маань допингийн асуудалд холбогдсоноос хойш та нартай уулзсан уу. Олон хүмүүс янз бүрээр яриад эмэгтэй баг тамирчдад маань бас амаргүй байгаа байх?
-Бидний хоорондын харилцаа бол хэвийн байгаа. Ойрын үед уулзалдаагүй. Тамирчин хүн гэнэт ачаалал авахаа боливол зүрхэнд өөрчлөлт орох зэргээр эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй байдаг болохоор хааяа бэлтгэл дээр ирдэг. Миний хувьд сүүлийн хоёр жилд допингийн шалгалт өгөөгүй. Одоо оролцох Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шалгалт авах байх. Допингоос сэргийлэх нь тамирчин хүн бүрийн болгоомжлох ёстой асуудал учраас өөрийн зүгээс анхааралтай хандаж чадлаараа л сэрэмжилж байгаа даа.
-Та “Алдар” спорт хорооны тамирчин. Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр нарын шавь. Багш нараасаа тусдаа шигшээ баг дээр бэлтгэлээ хангахад хэр байна. Багш нартайгаа холбоотой байгаа юу?
-Багш нартайгаа холбоотой байгаа. ҮШБ-ын ахлах дасгалжуулагч Б.Баттулга багш маань ч өөрийн багш нартайгаа байнга холбоотой байгаарай гэдэг. Шигшээ багт Ууганбаяр багштайгаа хичээллэхэд сонирхолтой, эрч хүчтэй, өгөөжтэй байгаа. Ууганбаяр багш маань их хөдөлмөрч техник сайтай болохоор олон шинэ техникүүдийг сурч байна. Энэ дашрамд хэлэхэд багш нар маань хоорондоо таагүй харилцаатай болох үед л тамирчдын сэтгэл санаа хүнд байдаг. Гэхдээ бүх зүйл ард хоцорсон. Түүнээс биш эмэгтэй баг тамирчид дотроо маш эв нэгдэлтэй, цул болж чаддаг.
ҮШБ-ийн Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаяр:
-Өнөөдрийн байдлаар хэдэн тамирчин, дасгалжуулагчтай ажиллаж байна вэ?
-Бид Mongolia open тэмцээнээ дуусгаад өнөөдрийн байдлаар БНХАУ-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэхээр 25 тамирчинтай хоёр багштайгаар ажиллаж байна. Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 30 орчим, нийт 60-аад тамирчин бэлтгэлдээ гараад байна.
-Журамд өөрчлөлт оруулснаар олон зүйл өөрчлөгдлөө, маргаан багассан гэж тамирчид ярьж байна. Юуг хэрхэн цэгцэлсэн бэ?
-Олимпийн шинэ цикль эхлээд МЧБХ, ҮШБ-ийн дасгалжуулагчид ярилцаад шинэ журам баталсан. Энэ журамд тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн, уралдаануудад тамирчдыг сонгон шалгаруулах бүтэц бүрэлдэхүүний талаар нэлээд оновчтой шийдлүүдийг гаргасан гэж тамирчид, дасгалжуулагчид үзэж байна. Өмнө нь тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахдаа хурлаар оруулж, маргалдсаар эцэст нь гомдолтой үлдэх тохиолдол их гардаг байсан. Одоо бол сорил тэмцээндээ л гурав барилдаад хоёр хожиж чадвал тэмцээндээ явчихна. Хэн чадаж байгаа нь л явах нь тодорхой учраас маш шударга, ойлгомжтой боллоо. Улсын аваргад түрүүлсэн тамирчин дэлхийн аваргад явна гэдэг бодолтой, бусад тамирчин урамгүй, бэлтгэл нь ч сулардаг байсан бол одоо УАШТ-ий дараа ч тэмцээн уралдаанууд хүлээж байгаа, боломж нээлттэй учраас байнгын бэлтгэл сургуулилттай, боломж нээлттэй зөвхөн тамирчнаас өөрөөс нь шалтгаалах болсноороо маш том давуу талтай болсон. УАШТ-д түрүүлсэн тамирчин тайвширч болохгүй. Дараагийн сорил тэмцээнүүдэд бэлтгэхгүй бол өөрөөс нь хойгуур байр эзэлсэн ч сорил тэмцээнүүдэд илүүрхээд гараад ирэх боломжтой. Товчхондоо тэгш боломжтой, нэг гараанаас гарч цэвэр амжилтаараа өрсөлдөнө. Журмаа жилээс жилд сайжруулаад явна.
Тэндээсээ "Тоорил хаан" кемпт бэлтгэлээ базааж буй эрэгтэйчүүдийн шигшээ багийг зорилоо. Эхлээд Монгол Улсын харцага, чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоотой тааралдсан юм.
Тэрбээр "Чөлөөт бөхийн спортоор 2004 оноос 73 дугаар сургуулийн дасгалжуулагч Дандар багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Одоо ч гэсэн Дандар багштайгаа хичээл сургуулилтаа хийгээд явж байна. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй. Дагестанд болдог Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гараад байна" хэмээн ярилаа.
Мөн МЧБХ-ны Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Батзоригтой ярилцлаа.
-МЧБХ-ны шинэ журмын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ. Ямар саналтай байна?
-Баттулга багш бид нар урьд нь тамирчин байсны хувьд тамирчидтайгаа зөвлөлдөж ярилцаад журамдаа зарим өөрчлөлтийг оруулж байсан юм. Урьд нь УАШТ нэгдүгээр сард болдог, түүнд түрүүлсэн нь тэр жилдээ олон улсын тэмцээнд оролцох эрх мэдэлтэй явж байгаад гайгүй амжилт гаргавал ДАШТ-д шууд явчихдаг, сонгон шалгаруулалт бараг байдаггүй байсан. Хоёрдугаарт, гуравдугаарт орсон тамирчдад буюу өөрөөр хэлбэл залуучуудад боломж олддоггүй байсан. Тиймээс ДАШТ эхлэхээс хоёр сарын өмнө сонгон шалгаруулалт хийж байя гэсэн журам гаргасан. Энэ журам нь залуучуудад өрсөлдөх боломжийг олгож хэн ялсан нь явдаг болсноороо өгөөжтэй үр дүнтэй болж байна. Зарим нь бэлтгэлээ орхих гэх мэтээр эрч хүч, идэвх нь сулардаг. Журам гаргаж мөрдсөнөөр сорилд би ялчихвал ДАШТ-д явах боломж байгаа шүү гэх үүднээс байнгын дасгал сургуулилттай, жигд бэлтгэлтэй байхаас гадна шударга өрсөлдөөнийг бий болгож байгаа юм.
-Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ удирдлагуудын үед буюу сүүлийн хоёр жилд юу өөрчлөгдсөн бэ?
-Бид 2017 онд АНУ-аас Шайнинг гэдэг мэргэжилтэнг урьж хамтарч ажиллах болсон. Ингэснээр ажиллах чадварын хувьд эрс өөрчлөлт гарч, бэлтгэлийн төлөвшилт дээр шинэ урсгал оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл манайхан тэмцээн дээр барилдааны төгсгөлд “хялайж хожигддог” байсан нь арилж ажиллах чадвар нэмэгдсэн. Энэ онд U23 Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ази тивд, тэр тусмаа Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. U23 буюу 23 хүртэлх насны тамирчид 2016 оны олимпоос медаль авсан тоогоороо 70 орчим хувийг эзэлсэн гэсэн судалгаа байдаг. Дэлхийд хоёр удаа болж байсан, Азид болж байгаагүй энэ тэмцээнийг Монголдоо зохион байгуулах эрхийг МЧБХ маань авсанд тамирчид, дасгалжуулагч баяртай хүлээн авч, маш өндөр ач холбогдол өгч бэлтгэл сургуулилтаа хийсэн. Үүний үр дүнд залуучууд маань эх орныхоо дэвжээн дээр долоон алтан медаль авч амжилттай оролцлоо. Энэ завшаанд манай залуучууд тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа явах гэж байна. ААШТ-д оролцох эрэгтэй арван тамирчин маань л гэхэд бүгдээрээ тивийн аваргаас нэг ч медаль авч үзээгүй шинэ тамирчид. Гурван тамирчин нь ААШТ-д тус бүр нэг удаа оролцож байсан. Ийм шинэ залуу тамирчдын баг тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна.
-Одоо болох тэмцээний бэлтгэл хэр хангагдсан бэ. Одоогоор сэргэлт авч байгаа юм байна?
-Бэлтгэл сайн хангагдсан гэж хэлж болно. Нэг сарын өмнөөс Дэлхийн цомын төлөөх тэмцээн, U23 ААШТ хоорондоо 14 хоногийн зайтай зохион байгуулагдсан. Энэ нь залуучуудаа хэрхэн бэлтгэж, яаж сэргээж орох вэ гэдгийг зөв тооцоолж ажиллах шаардлагатай торгон мөч байлаа. Ингээд багш нар, холбооныхон зөвлөлдөөд “Тоорил хаан” амралтын энэ сайхан энергитэй газарт ирээд сэргэлт хийж байна. Энд долоо хоног сэргэлт аваад хотод очиж долоо хоног дэвжээн дээр бэлтгэлээ хийгээд тэмцээндээ орно. Багш маань “Ачааллыг хэн ч өгч чадна. Дасгалжуулагчийн гол авьяас чадвар сэргэлт дээр харагддаг” гэдэг.
-Допингийн талаарх сургалт зөвлөгөөг залуучуудын багт хэрхэн өгч байна вэ?
-СТО-нд Спортын анагаах ухааны төвөөс, БТСХ-ноос багш, тамирчдыг долоо хоног бүрийн лхагва гаригт сургалтад хамруулдаг байсан. МҮОХ-ноос мэдээлэл өгдөг. Шигшээ багийн эмч нарын өгсөн эм, витаминыг л хэрэглэх ёстой. Манай тамирчид ханиад хүрээд эм уух болсон ч БТСХ-ны эмч нараасаа заавал асууж зөвлөж байж хэрэглэдэг, байнгын хяналтад байдаг. Зөвхөн шигшээгийнх гэлтгүй бүх тамирчин допинг гэдэг юмнаас болгоомжилдог, энэ талаар мэдээлэл авч байдаг.
-Сэтгэлзүйн бэлтгэл хэрхэн хангагдаж байна?
-Сэтгэлзүйн хувьд спорт, анагаахын төвөөс БТСУХ-ны Долгор эгчээс зөвлөгөө авдаг. Манай холбооны хувьд ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга багш маань энэ талаар их анхаардаг. 2017 онд л гэхэд Өвөрхангайн Хархорины хийдийн хамба лам Баасансүрэн гэдэг хүн бидэнтэй чөлөөтэй ярилцаж зөвлөгөө өгч байсан. Бидний Өвөрхангайд бэлтгэл хийж байхад долоо хоногт хоёр удаа, заримтай нь ганцаарчилсан уулзалт ярилцлага хийж сэтгэлийн хат, хүчний талаар сэтгэлзүйд их нөлөөлсөн. Хотод байхад ч гэсэн энэ жилийн ДАШТ-ий өмнө тамирчидтай уулзаж сэтгэл гаргаж итгэл өгч байлаа. Лам гэхээсээ сэтгэлзүйн талаас маань их дэм өгсөн. 2017 оны ДАШТ-д амжилт гаргасан Орхон алт, Бэхээ хүрэл Золбоо, Шоовдор нар хүрлийн төлөө барилдсан маань Баасансүрэн гуайн өгсөн зөвлөгөө, Шайнингийн ажиллах чадварын бэлтгэлжүүлэлттэй нэлээд холбоотой гэж бодож явдаг.
-2020 оны олимпийн өмнө төрөөс, МҮОХ, холбогдох байгууллагуудаас хүсэх зүйл юу байна?
-Төрийн байгууллагуудын зүгээс хийх ажлаа хийж байгаа болохоор бид бэлтгэл сургуулилтаа хэвийн явуулж чадаж байна. Гэхдээ багш дасгалжуулагчид, тамирчдын цалингийн хувьд сэтгэл дундуур явдаг. Сард 450 мянган төгрөг авч байна. Бараг л автобус унаандаа зарцуулаад дуусчихдаг. Тамирчид ч, багш нар ч энэ спортод дуртай болохоор л явж байна.
Ийнхүү МЧБХ-ны Үндэсний шигшээ багийн хамт олон 2020 онд болох Токиогийн олимпоос медаль авчирч Монголын чөлөөт бөхийн спортын хагас зуун жилийн түүхэн шинэ амжилтыг авчрахын төлөө зүтгэж байна. Чөлөөт бөхийн спортын уналтын доод цэг дууссан. Сэргэх цаг нь болсон. Тэр сэргэлтийг бид авчрах ёстой гэсэн уриатайгаар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн тэдний хүч олимпийн медалийг аваад ирсэн мэт урам зоригийг төрүүлж байна. МЧБХ, Үндэсний шигшээ багийн хамт олонд амжилт хүсч, урмын үгээр тэтгэж, итгэл хүндлэл зориулаарай гэж Монголын ард түмэндээ уриалж байна.