Эрнест Хэмингуэй

Килиманжарогийн цас

19 710 тохой өндөр мөнх цаст Килиманжаро уул нь Африкийн хамгийн өндөр цэг юм. Масаи омгийнхон энэ уулыг баруун оргил буюу Бурхны орон хэмээн Нгайэ-Нгайя гэж нэрлэдэг. Оргилын доохонтоо ирвэсийн хатаж хөлдсөн сэг бий. Ирвэс гэж амьтан чухамдаа ямар учраас ийм өндөрт гарсныг хэн ч үл мэднэ.

  • Ерөөсөө өвдөхгүй нь хачин юм даа. Эхлэхдээ ингэдэг гэнэ лээ гэж түүнийг өгүүлэхэд:
  • Ер өвдөхгүй байна гэж үү? хэмээн хариу асуух нь дуулдав.
  • Харин тийм. Эвгүй үнэртэй нь ч үнэртэй хог юм аа. Чамд муухай л байгаа байх гэсэнд:
  • Боль доо. Битгий ингэ гэлээ.
  • Эднийг хар даа. Юундаа ингэж шавдаг байна аа? Үнэрт нь л татагддаг юм байх даа? хэмээх залуугийн хэвтэж буй орыг саглагар ороонгын сүүдэрт байрлуулжээ.

Нүд гялбам нар туссан талд гурван том шувуу майжигнан алхах бөгөөд дээр нь бас хэдэн шувуу газарт сүүдрээ гулгуулан эргэлдэнэ.

  • Энэ хэдэн шувуу ачааны машин эвдэрснээс хойш туж үүгээр эргэлдлээ. Өнөөдөр харин анх удаа газарт буув шүү. Эхэндээ ч өгүүллэг бичихдээ оруулъя гэж санаад нүд салгалгүй ажаад л байлаа. Одоо ч тэгж бодоход инээдтэй юм даа гэхэд эмэгтэй:
  • Өөрийгөө зовоож яах нь вэ? хэмээн зэмлээд авлаа.
  • Зовоох юу байх вэ. Хүнтэй ярихад арай хөнгөрөх юм. Болдог бол чамд тээр болмооргүй л байна гэсэнд эмэгтэй:
  • Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж санасандаа л тэвдэж явааг минь чи мэднэ шүү дээ. Хоёулаа онгоц иртэл тэсчихэд болчихно оо гэвэл:
  • Онгоц уу? Хүлээх хэрэг байна уу? гэсэн хариу сонстлоо.
  • Би одоо юу хийх вэ? Чамд яаж туслах вэ? гэж эмэгтэйг асуухад:
  • Хөлийг минь тайрч болох юм. Тэгвэл үхжил газар авахгүй. Гэхдээ тэглээ гээд баталгаагүй л дээ. Эсвэл намайг буудчихаж болно. Мэргэн болсон шүү дээ чи. Би чамд заасан гэсэнд:
  • Ингэж яриад байхдаа яах вэ дээ? Чамд ном уншиж өгөх үү? гэлээ.
  • Ямар ном?
  • Уншаагүй номыг чинь гэсэнд эрэгтэй:
  • Хэрэггүй ээ. Сонсох тэнхэл алга. Тэгснээс ярьсан нь, маргасан нь дээр. Ядаж л цаг нөгцөөх юм даа хэмээв.
  • Үгүй хэн чамтай маргаа вэ. Маргах ч хүсэл алга. Ахиж ер нь ам зөрөхгүй. Ямар ч байсан муудахгүй. Өнөөдөр бидний араас тэрэг явуулах ч юм бил үү, эсвэл онгоц нисээд ирж мэдэх юм гэхэд:
  • Надад бол хөдлөх ч хүсэл алга. Хөдөллөө ч яалаа? Чамд л амар болно гэсэнд эмэгтэй:
  • Ингэж хулчийхаа болийч гэлээ.
  • Чи намайг тайван үхүүлчхээч. Ийм юман дээр хүртэл заавал зөрөх хэрэг байна уу? Хулчийлаа л гэнэ! Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй! гэж залууг бухимдахад бүсгүй:
  • Чи үхэхгүй ээ гэж зөрвөл залуу:
  • Больж үз. Үхэх нь угаасаа тодорхой. Тэр хэдэн шувууг хар! гэсээр хүзүүнийхээ өдийг босгож толгойгоо нугдайлган суугаа шувуудын зүг зангав. Дөрөв дэх шувуу газарт бууж, хөлөө солбин хэд хэд хурдан алхаад нөгөө гурав руугаа майжигнав.
  • Буудал дагаж явдаг шувуу л байна. Өөр үед бол хүн анзаараад байдаггүй. Чи л зоригтой байвал үхэхгүй! гэхэд залуу:
  • Хаана тэгж байна? Үгүй чи мөн тэнэг хүн ээ! гэсээр бухимдлаа.
  • Тэгвэл намайг биш, өөр хүний тухай бод л доо гэхэд:
  • Больё доо! Юу ч бодох хүсэл алга! гэсээр мөнөөх залуу дэр налан, дээрээс урсан долгилох нозоором халуун агаар, тэртээд ногоорох намхан бутыг чимээгүйхэн ширтэн хэвтлээ.

Шаргал элсэн дунд цайран ялгарах хэдэн хонь тэрүүхэнд өвс зулгаан бэлчинэ. Цаахантаа нь нов ногоохон бутнаас эрс ялгаран нүдэнд тусах алаг тахь идээшилнэ. Толгодын бэлд, том моддын сүүдэрт устай газар бараадан буусан нь ёстой л нүдээ олжээ. Хажууханд хоёр алхмын цаана хатсан булаг байх агаад өглөөдөө ятуу нисэж үзэгдэнэ. Орны толгойд тавьсан эвхдэг сандал дээр суух бүсгүй:

  • Юм уншаад өгөх үү? Ашгүй салхилаад эхэллээ гэж ам нээхэд:
  • Хэрэггүй ээ гэв.
  • Ачааны тэрэг мөдхөн ирэх байх гэвэл:
  • Ирсэн ч, ирээгүй ч хамаа алга гэсэнд бүсгүй:
  • Надад бол хамаатай гэж сөргөлөө.
  • Ямар сураагүй биш. Надад хамаагүй юм чамд дандаа хамаатай байдаг даа гэвэл бүсгүй:
  • Боль доо, Харри гэж зэмлэсэн янзтай дуугарсанд залуу:
  • Сайхан архи уух сан гээд санаа алдав.
  • Болохгүй ээ. Блэкийн номд архи ууж болохгүй гэсэн байна лээ. Ёстой болохгүй! гэж хорьсон ч залуу өөрийнхөө зүтгэн:
  • Моло! гэж дуудахад бой:
  • Заа, бвана гэсээр гүйгээд ирлээ.
  • Содтой виски аваад ир гэвэл бой:
  • Мэдлээ гэсээр холдов.
  • Ууж болохгүй ээ. Бууж өгч болохгүй гэж би хэлсэн дээ. Ном дээр ууж болохгүй ээ гээд биччихсэн байна лээ. Биед чинь муу гэж байна шүү дээ гэхэд:
  • Хаанаас даа. Харин ч тустай гэж зөрөв.

Одоо юу ч хийх аргагүй, юу ч амжуулах боломжгүй. Архи уухдаа хүртэл ам зөрөх нь гэх бодол толгойд нь эргэлдэнэ. Баруун хөл нь үхжиж эхэлснээс хойш өвчин арилж, үүнийг дагаад айдас түгшүүр ч алга болсонд ингэж л төгсөх хувьтайгаа зөнгөөрөө мэдрээд цуцаж цухалдахаас өөрийг үл мэдэн хэвтэнэ. Айсуй үзэгдлийг тэр ерөөс сонирхсонгүй. Энэ үзэгдэл олон жил түүнийг гэзэг даран дагасан ч өдгөө юм бүхэн ерөөс утга учиргүй болжээ. Ядрал цуцал бүхнийг хачин их хөнгөвчилдөг нь хачирхалтай.

Одоо бол харсан үзсэнээ дориухан шиг бичдэг болтлоо нөөж хадгалах явдалгүй. Ямартаа ч бүтэлгүйтэхээс зайлах юм даа. Анхнаасаа л бүтэхгүй нь тодорхой байсан болохоор үзсэн туулснаа бичнэ гэж үзэг барилгүй хойш тавьсаар ирсэн ч юм бил үү, хэн мэдэх вэ. Өдгөө нэгэнт үүнийг баттай мэдэх аргагүй болжээ. 

Эмэгтэй барьсан хундагыг нь харж уруулаа хазлан:

  • Энд хэрэггүй л ирж. Парист байсан бол юу боллоо гэж ийм юм болох вэ. Чи Парист дуртай гэж хэлдэг дээ. Парист, эсвэл өөр газарт очсон ч болох л байсан. Би хаашаа л бол хаашаа чамайг дагаад явна. Хүссэн газарт чинь очно гэж хэлсэн шүү дээ. Ан хиймээр байсан бол Унгар орж болох л байлаа. Үйлчилгээ сайтай газар гэсэнд залуу:
  • Чиний мөнгө ч их гай боллоо шүү гэж хэдэрлэх нь тэр ээ.
  • Ингэж ярьж болохгүй ээ. Энэ мөнгө адилхан чиний ч мөнгө. Би бүхнээ хаяад чамайг дагасан, хүссэнийг чинь хийсэн. Тэглээ гээд энд ирэх ёсгүй л байж гэхэд залуу:
  • Чамд энд таалагддаг гээ биз дээ? гэж ам асуув.
  • Чамайг эрүүл байхад таалагддаг байсаан. Одоо бол байж суух арга алга. Хөл чинь яагаад өвдчихөв дөө? Хүн амьтанд гэм хийгээгүй л юмсан гэхэд:
  • Өвдгөн дээрх шалбархайгаа эхлээд йодоор түлэхээ мартчихаж. Өмнө нь халдвар орохгүй зүгээр байсан болохоор тоогоогүй минь буруудаж. Лугшаад байхаар нь байсан карболын сулхан уусмалаар арчаад л явсан. Тэгсэн чинь хялгасан судсууд нь бөглөрөөд үхжээд эхэлж. Ийм л юм болж гэсэнд эмэгтэй:
  • Би тэр тухай яриагүй ээ гэвэл:
  • Нутгийн биш мэргэжлийн жолооч хөлсөлсөн бол моторын тосоо шалгаад подшипникээ шатаахгүй л байж хэмээв.
  • Тэр чухал биш ээ гэсэнд:
  • Чи Уэстбери, Саратог, Палм-Бичийн найзуудаасаа салж надтай нийлээгүй бол...
  • Болиоч дээ. Чамд хайртай болохоор л би чамайг дагасан. Одоо ч хайртай, цаашдаа ч хувирахгүй. Чи ч надад хайртай биз дээ? гэлээ.
  • Үгүй ээ. Би чамайг ер нь хайрлаж байгаагүй байх гэвэл:
  • Солиотой юм ярих юм, Харри! гэж зэмлэх аядав.
  • Нээрээ шүү. Үнэн л юм чинь гэхэд:
  • Наад архиа боль. Битгий уу л даа. Боломжтой бүхнээ үзээд алдах л хэрэгтэй гэсэнд:
  • Чи л үз. Би ч тэнхэл алга гэвэй.

Карагачийн галт тэрэгний буудал өмнө нь тодрон үзэгдэнэ. Тэгэхэд тэр шуудай мөрлөн Фракиягаас ухран буцахдаа Симплон-Ориентын хурдан галт тэрэгний гэрэл түнэр харанхуйг зүсэн урагшлахыг ажин зогссон сон. Энэ үзэгдэл, үүгээр барахгүй өглөөний унд, Болгарын цаст уулыг цонхоор харж байснаа, Нансений номлогчийн нарийн бичиг бүсгүй цавцайн буусан цасыг гайхширан “Энэ цас мөн үү?” гэж асуухад өвгөн тийш хараачлаад “Биш ээ, цас ороход арай л эрт байна” гэж хариулсныг ч тэр хожим буулгана хэмээн дотроо нөөж билээ. Бүсгүй бусдадаа “Цас биш гэнэ ээ” гэхэд цаадуул нь ч залгуулан “Цас биш гэнэ” гэсээр шуугилдсан юмдаг. Гэхдээ л тэр цас мөн байсан. Жинхэнэ цас байсан. Иргэдээ солилцож эхлэхэд дарга нь олон хүнийг энэ уулаад илгээсэнд тэд хунгарласан цасаар туучиж яваад бүгд осгож эндсэн шүү дээ.

Гауэрталд тэр жилийн зул сараар бас битүү цастай байлаа. Нүүрэндээ хээтэй, умгархан өрөөний тэн хагасыг эзлэх ам дөрвөлжин пийшинтэй түлээчний жижиг байшинд хатсан навч чихсэн гудсан дээр тэд унтдаг сан. Яг тэгэхэд цасан дээр цусан мөр татуулсан нэг цэрэг оргож ирээд, араас нь нэхэж явааг хэлэхэд түүнд ноосон оймс өгч, цустай мөр нь цасан шуурганд далдартал цагдаа нарыг аргацаасан юмдаг.

Шрунст зул сарын баярын эхний өдөр сүмд мөргөөд харьж буй сүсэгтэн олныг Weinstube[1]-ийн цонхоор гадагш харах аргагүй нүд гялбам их цастай байлаа. Тэнд байхдаа тэд өтгөн шилмүүст ойтой өндөр уулын бэл, өргөн голын эргээр эмжээрлэн тогтсон, адууны шээсэнд шарлаж, чарганы мөр гарч дагтаршсан замаар хүнд цанаа мөрлөн явгаар өгсөж, Мадленер-Хаусын дээр дүнхийх мөнх цаст уулын эгц энгэрээр уруудан гулгаж билээ. Хайлуулсан чихэр шиг гөлгөр, өд шиг хөнгөн тэндхийн цасан дээгүүр уруугаа шидсэн чулуу шиг, шувуу мэт маш хурдтай шунган буухад чихэнд исгэрэх чимээ ч хүрч амжихгүй чимээ аниргүйд уусах нь үнэхээр гайхалтай.

Шуурганаас болж Мадленер-Хауст тэд бүтэн долоо хоног саатахдаа утаа суунаглуулан уугих дэнгийн гэрэлд хөзөр тоглож, герр Ленц хожигдохын хэрээр бооцоо өссөөр байлаа. Ленц цанын сургууль, улирлын орлого, хурааж цуглуулсан бүхнээ алдсан юм. Унжуу хамартай Ленц ширээн дээрээс хөзөр авч Sans voir[2] тавьж байгаа нь өчигдөрхөн мэт тодхон үзэгдэнэ. Өдөржин шөнөжин тоглож билээ. Цас орсон ч, намжсан ч тоглосоор. Эргээд бодох нь ээ, энэ амьдралынхаа хэдий хугацааг хөзөр тоглож өнгөрүүлсэн юм бол?

Гэлээ ч тэр энэ тухай, зул сарын баярын цэлмэг авч жихүүн салхитай, тэртээд дурайх уулс тодрон үзэгдсэн өвлийн тэр нэгэн өдрийн тухай юу ч бичээгүй. Баркер харьж яваа Австри офицеруудын суусан галт тэргийг бөмбөгдөхөөр энэ уулсын дээгүүр нисэж галын шугамаар даван, сумаар шүршихэд дайсны офицерууд харсан зүтгээ зугтсан гэдэг. Баркер офицеруудын цайны газарт орж ирээд энэ тухай өгүүлэхэд нам гүмхэн болж нэг нь “Адгийн амьтан!” гэж хараал тавьсан нь санаанд тодхон. Суманд шүршүүлсэн австри офицерууд дараа нь түүнтэй хамт гулгаж байсан австриудтай ав адилхан хүмүүс байж. Гэхдээ л бас яг адилхан биш. Тэр жилжин хамт цанаар гулгасан Ханс гэхэд анчин цэргийн ангид алба хааж явсан. Мод бэлтгэх газрын дээхэн хөндийд туулай агнахдаа Пасубиогийн тулалдаан, Петрика, Асалоны давшилтын тухай хөөрөлдсөн ч Харри тэр талаар ганц үг буулгаагүй нь л үнэн. Монте-Корно, Сьета-Коммуни, Арсиерогийн тухай ч ер бичээгүй шүү дээ.

Арльберг, Форарльбергт тэр хэдэн ч удаа өвөлжив? Лав дөрвөн өвлийг тэнд авсан гэж санаад Блуденц руу бэлэг авахаар явж байх замд үнэг худалдсан эрийг дурслаа. Интоорын ясны амт ялимгүй шингэсэн анхилуун дарс, хөр цасан дээгүүр хийсэх өд шиг хөнгөн цас, эгц уруудахын өмнөх эргэлтэн дээр “Хай-хо, манай Ролли!”гэж хадаасан баярын дуу, цэцэрлэгт хүрээлэн, суваг жалга, зочид буудлын арын мөстсөн зам нүднээ тодрон үзэгдэнэ. Цанын бэхэлгээгээ салгаж хөлөө сугалан цанаа модон хана түшүүлэн тавихад цонхны цаанаас чийдэнгийн гэрэл шаргалтаж, тамхины утаа, дарсны ааг ханхалсан өрөөнд баянхуурын аялгуу эгшиглэнэ.

Африкийн аагим халуунд хажууханд нь эвхдэг сандал дээр суугаа эмэгтэйгээс:

  • Парист хоёулаа хаана буудаг байлаа? гэж асуухад:
  • Крийонд буудаг байсан шүү дээ. Мартчихаа юу? гэвэл өөдөөс нь:
  • Мартаж болно оо доо? гэж хэдэрлэв.
  • Дандаа л тэнд буудаг шүү дээ гэхэд нь:
  • Дандаа ч биш ээ гэлээ.
  • Тэнд, бас Сен-Жермэний эдлэнгийн Хэнрих IV-ийн павильонд буудаг байсан. Чиний дуртай газрууд гэвэл Харри:
  • Хайр аа гэж. Хогон овоолго юм даа. Харин би дээр нь гараад донгодож байгаа азарган тахиа гэсэнд:
  • Үхэх гээд байгаа юм бол мөрөөрөө ч явчихгүй заавал үлдсэнээ зовоох хэрэг байна уу? Юм үлдээхгүй л аваад явах санаатай даг аа? Унасан морь, авсан авгайгаа цааш нь харуулаад, агссан зэвсгээ шатааж байж сэтгэл ханах хүн юм аа? хэмээв.
  • Тийм ээ. Чиний хараал идсэн мөнгө бол миний зэвсэг. Зэвсэгтэй байхад хаа ч газардахгүй гэвэл эмэгтэй:
  • Болиоч гэсэнд:
  • Больё оо. Чамайг гомдоомооргүй байна гэлээ.
  • Ухаарч дээ гэж үг хаяхад:
  • Тэгвэл гомдооё л доо. Тэртээ тэргүй алдах юмгүй хүн. Чамтай хийдэг дуртай ганц үйлээ гүйцээж чадахгүй хойно хэл амаа л билүүдэж сууя хэмээвэл эмэгтэй:
  • Арай ч дээ. Чи өөр юманд бас дуртай л байсан шүү дээ. Тэр бүхнийг чинь би ч дагаад хийдэг байсан гэж тунирхав.

Залуу:

  • Бурхан минь, больж үз гээд эргэж харвал эмэгтэй мэгшинэ. – Аан гээч. Надад сайхан байна гэж бодоо юу? Яах гэж чамайг үгээр идэж байгаагаа өөрөө ч ойлгохгүй байна. Өрөөлийг алж өөрийгөө амьд гэдгийг мэдрэх... Тэр нь л энэ юм байлгүй. Ярьсаар байгаад иймдээ хүрнэ гэж хэн мэдэх вэ. Галзуурахад ганц хуруу л дутуу байх шиг. Намайг битгий тоо. Би чамд хайртайг чи мэднэ шүү дээ. Чамаас өөр хүнийг ингэж хайрлаж байгаагүй гэсээр хоногийн хоолоо олдог өнөө л худал хуурмагийн замаар орлоо.
  • Хэлж ярьж байгааг нь!
  • Гичий. Гичий ч өгөөмөр дөө. Энэ чинь л яруу найраг. Одоо би яруу найргаар амьсгалж байна. Өмхий үнэр, яруу найраг. Өмхий үнэр, яруу найраг гэхэд эмэгтэй тэсэлгүй:
  • Амаа тат, Харри! гэж хашгирвал:
  • Би юу ч үлдээхгүй. Юу ч үлдээлгүй явмаар байна гэлээ.


Орой болж тэр сэрчхэв. Нар толгодын цаагуур сууж, налгар хөндий сүүдэртэнэ. Жижиг амьтад мод бутнаас улам холдож, толгойгоо бөхийлгөн сүүлээ годгонуулан майхны хажууханд идээшилнэ. Газарт бууж манаанд гарсан махчин шувууд одоо бол модон дээр бараантан бөөгнөрчээ. Илэрхий олширсон нь эрхгүй нүдэнд тусна. Бой нь орны хажууд сууна. 

  • Мемсаиб буудахаар явсан. Бванад юм хэрэгтэй байна уу? гэж асуухад:
  • Хэрэггүй ээ гэв.

Эхнэр нь оройн хоолонд хийх ангийн мах олж ирэхээр явжээ. Амьтан харах дуртайг нь мэдэх болохоор орон дээрээс нь үзэгдэх орчныг цочоохгүй гэсэндээ нэлээн холджээ. Эхнэр нь бүхнийг санаж буй аж. Уншиж мэдэж, үзэж дуулснаа нэгд нэгэнгүй тогтоожээ.

Амьдралд итгэл алдарч аргагүйдсэн хойноо түүнтэй учирсанд эхнэр нь ямар ч буруугүй. Эмэгтэйн чихэнд хүрч буй үг үнэндээ утгагүй, амнаас гардаг хий шиг дадал болж, амгалан тайван байдлаа хадгалж үлдэх төдий өчүүхэн зорилготойг тэр гадарлах ч үгүй. Үгийн утгыг хөөцөлдөхөө больсноос хойш үнэнээсээ илүү худал үг нь эмэгтэйчүүдэд таалагдаж эхэлсэн. Худал хэлсэн нь биш, харин үнэн түүний сэтгэлд орших оронгүй болсон нь харамсалтай. Амьдралд үздэгээ үзсэн ч амьсгалсаар, ондоо хүмүүсийн дунд дутагдах юмгүй дураараа яваа. Танил дасал газруудаасаа аль сайныг нь шилж, шинэ газар оронд очих нь олонтаа. 

Хамгийн гол нь бодолд автахгүй л бол сэтгэл амгалан, сэргэлэн цовоо явна. Эрүүл чийрэг төрсний ачаар үеийнхэн шигээ өвчинд баригдсангүй, өмнө нь хийж байсан ч өдгөө гүйцээж чадахгүй болсон тэрхүү ажлаа үл тоосон царайлна. Гэхдээ л дотроо бол баян чинээлэг энэ хүмүүсийн тухай хэзээ нэгэн цагт бичнэ гэж ам гарсан. Чи бол эднээс ондоо овгийн, хөндлөнгийн хүн болохоор холдож яваад энэ тухай бичнэ. Бичих бичихдээ таньж мэдсэн тэр л зүйлээ бичсэн анхны хүн болно гэж сэтгэсэн ч үзэг цаас нийлүүлж чадаагүй. Учир нь ааг бахдал, ая тух, өөрийгөө жигшсэн өдөр хоногууд авьяасыг нь мохоож, ажил хөдөлмөрөөс хойргошуулсаар адаг сүүлд нь бичгийн ширээнээс нэг мөр хөндийрчээ. Танилуудынх нь хувьд тэр ажил хийхгүй байх нь тавтай таатай аж. Цагтаа Африкт амьдралынхаа алтан үеийг өнгөрүүлсэн түүхтэй. Тиймдээ ч бүхнийг эхэлье гэж санаад энд иржээ. Аялахдаа тэд аль болох энгийн даруу орчныг сонгож, хэдий дутах юмгүй ч тансагласангүйд дадал заншил нь дорхноо сэргэж, сэтгэлийг нь бүрхэн ургасан өөх тосыг ууланд өөхөө шатааж бэлтгэл хийж буй боксчин шиг даруй шатаачихна гэж санажээ. 

Эхнэр нь ч үүнд дуртай, ийм амьдрал тухтай гэж ярьсан сан. Сэтгэл догдлуулж, орчин тойрныг өөрчилсөн юм бүхэнд тэр дуртай. Шинэ хүмүүстэй танилцаж зугаацах сонирхолтой. Өөрөө ч үзэг барих хүсэл нь өдөөгдөн сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй байлаа. Ингээд бүх юм төгсвөл, төгсөх нь нэгэнт тодорхой болсон хойно нуруугаа хугалуулсан могой шиг өөрийгөө хатгаж хэмлэх хэрэг юун. Эмэгтэй ямар ч буруугүй. Энэ биш юм аа гэхэд өөр эмэгтэй гарч ирэх л байсан. Насаараа худал хэлсэн бол худлаа хэлсээр үхэхээс өөр аргагүй. Тэгтэл толгодын цаана буун дуу тасхийв.

Сайхан сэтгэлтэй энэ өлөгчин, эелдэг зантай энэ эмэгтэй, эрдэм чадлыг нь булшилсан энэ хүн ончтой, мэргэн бууддаг. Үгүй дээ. Эрдэм чадлаа тэр өөрөө л булшилсан. Хангалуун чинээлэг ахуйд хөтлөн оруулсан эмэгтэйд буруутгаад яах вэ. Авьяас чадлаа ашиглалгүй, өөрөөсөө, итгэл үнэмшлээсээ урваж, архи дарсанд толгой мэдүүлэн мэдрэмжээ дарж, залхуурч, их зантай болж, үнэн худлыг ээлжлүүлсээр зэврүүлсэн нь үнэн. Авьяастай байсан уу гэвэл маргаангүй байсан. Ажиллаж хөгжүүлэхийн оронд түүнийгээ харин тэр арилжиж худалдаж эхэлсэн. Би хийсэн гээд үзүүлчих юмгүй, хийх л байлаа гэх хоосон үгтэй үлдсэн нь яриангүй үнэн. Үзгээр биш өөр аргаар амьдралаа залгуулахаар шийдсэн нь ч аанай л үнэн. Зүгээр ч тэгээд шийдчихсэн юм биш. Тийм биз? Дурласан бүсгүйчүүд нь урьд дурлаж хайрласнаас нь илүү чинээлэг байсан нь жирийн нэг тохиолдол биш. Хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, урьд нь учирсан эмэгтэйчүүдээс хамгийн чинээлэг, цагтаа нөхөр хүүхэдтэй, амраг эртэй байсан ч түүнээсээ таашаал мэдрээгүй, тиймдээ ч зохиолч, эрх хүнийх нь хувьд түүнийг энхрийлэн хайрлаж, найз нөхрийн хувьд нандигнан үнэлж буй энэ эмэгтэйг шохоорхох сэтгэл уусан алдарч, хайр сэтгэлийг худал үгээр орлуулахад хайрлаж байсан эмэгтэйчүүддээ өгснөөс илүүтэйг зориулж чадахгүй байгаа нь хачирхалтай бус уу?

Хүн бүр оногдсон тавилантай. Амьдралаа хэрхэн залгуулж буйгаар авьяас чадвар илэрдэг. Түүний хувьд эрдэм чадлаа ямар нэгэн аргаар арилжсаар ирсэн. Мэдрэмж алга болоход алив хүн авсан мөнгөнийхөө төлөө хамгийн чанартайгаа барьдаг зантай. Үүнийг тэр лавтай таньсан ч энэ тухай хэзээ ч бичихгүй нь баттай. Тийм ээ, тэр бичихгүй. Бичвэл уг нь сайн сан. 

Эмэгтэй толгодын цаанаас хөндийг туулан буудал руугаа ирж явна. Өргөн богино өмдтэй, буу барьсан түүний ард зардсууд дөрвөн мөчнөөс нь нарийн модонд хүлсэн хонь авч явна. Аанай л эрчүүдийн харцыг булаасан сайхан биетэй эмэгтэй юм гэсэн бодол харван орлоо. Амрагийн ажилд адтай, дуртай. Царайлаг гэхээргүй ч төрх нь түүнд таалагддаг. Ном уншдаг, морь унаж анд явах дуртайгаас гадна нэлээн уудаг. Харьцангуй залуудаа нөхрөө алдаж, гараас гарч хэдийн бие даасан хүүхдүүддээ өөрийгөө зориулсан ч садаа болсноос цаашгүй бөгөөд морь, ном, дарсанд автаж хэсэг сатаарчээ. Оройн хоолны өмнө ном уншингаа шингэрүүлсэн шарз уусаар согтож хооллочхоод шил дарс нэмж уугаад унтаад өгнө.

Энэ мэт өдөр хоногийг өнгөрөөж байсан эмэгтэй амрагтай болоод уухаа багасгаж, дарсгүй ч төвөггүй унтчихдаг болжээ. Гэхдээ амрагтай болсон ч уйдсан хэвээрээ. Нөхөр нь түүнийг хэзээ ч уйдаагаагүй болохоор тэр. 

Улмаар хүү нь онгоцны ослоор өөд болоход амрагуудаасаа холдож, шарз уугаад сэтгэл нь тайтгарахаа нэгэнт больсон тул хүссэн хүсээгүй амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай тулгарчээ. Тэгээд гэнэтхэн маш их ганцаардаж гансрав. Гэлээ гэхдээ түүнд хүндлэл хүлээхүйц эрхэм хүн хэрэгтэй байлаа. 

Тэр хоёрын харилцаа их энгийн эхэлжээ. Түүний бичсэн ном эмэгтэйд таалагддаг, амьдрал ахуйд нь ч татагдан, ёстой л зоргоороо яваа эр хүн гэж түүнийг харжээ. Түүнийг өөрийн болгохын тулд хийсэн энэ эмэгтэйн алхам бүр, эцсийн дүндээ түүнд дурлаж хайрласан нь урвуу пропорционалтай үйл явц болж хувирахад манай баатар туулсан амьдралаа урж тасдан үнэлж арилжиж байлаа. 

Үүнийхээ хариуд тэр хангалуун амьдрал, тохилог ахуйтай золгосныг буруутгах аргагүй. Түүнээс гадна өөр юутай болсныг хэн мэдэх вэ? Эмэгтэй түүнд бүгдийг өгч, хүслийг нь гүйцээхэд хэзээд бэлэн гэдэгт тэр эргэлзсэн удаагүй. Тэгээд ч эхнэр нь сайн эмэгтэй. Түүнтэй, нарийн яривал өөр хүнтэй ч биш, тансаг чинээлэг, сайхан сэтгэлтэй, хайр сэтгэлийг ойлгодог, хэзээ ч хэл ам таталдаггүй ийм хүнтэй зөвхөн түүнтэй амьдралаа холбоход дургүйцэх юмгүй явлаа. Гэтэл цогцлоож босгосон шинэхэн амьдрал нь удахгүй төгсөх нь гэж бодоод өөрөө ч цочих шиг. Яагаад гэвэл тэр хоёр долоо хоногийн өмнө толгой өргөн самсаагаараа агаар сорж, чихээ сортойлгон чимээ гарах төдийд үргэж зугтахад бэлэн байсан зээрийн сүргийн зургийг буулгах гэж өтгөн бутан дундуур явахдаа өргөсөнд шалбалсан өвдгөө йодоор ариутгаагүй болохоор тэр. Зээрийн сүрэг ч зураг дарах завдалгүй үргээд арилсан.

Эмэгтэйг буудалд ирэхэд дэр дэрлэн хэвтэж байсан тэрээр эргэж хараад:

  • Сонин юутай байна? гэж асуухад:
  • Хонь унагалаа. Сайхан шөл хийж өгье. Хуурай сүүгээр шингэлсэн төмсний нухаш бас хийлгэе. Бие чинь яаж байна? гэж санаа тавилаа.
  • Хамаагүй дээр шүү гэхэд:
  • Ашгүй дээ! Дээрдэнэ гэж мэдээд байсан юм. Намайг явахад чи унтаж байсан гэсэнд:
  • Овоо нойр авчихлаа. Чи холдов уу? хэмээн асуув.
  • Холдоогүй ээ. Энэ толгодын цаана гарчхаад л ирлээ. Нам буудлаа гэхэд:
  • Чи мэргэн шүү дээ гэлээ.
  • Ан хийх дуртай л даа. Африкт ч татагдсан. Нээрээ шүү. Бие чинь дээрдвэл энэ удаагийн аялал хамгийн сайхан дурсамжтай нь болох байх. Чамтай ан хийх ямар сонирхолтой гээч. Би Африкт дурласан гэвэл Харри:
  • Би ч бас Африкт хайртай гэж хариулав.
  • Хонгор минь, бие чинь дээрдсэн нь болж. Өнөө өглөөнийх шиг муухай ааштай байхад чинь би ёстой дургүй. Ахиж тэгж үгээр идэхгүй биз дээ, намайг? гэж асуухад нь:
  • Тэгэхгүй ээ. Үнэндээ бол юу хэлснээ ч сайн санахгүй байна гэлээ.
  • Намайг зовоож яах вэ дээ. Ер хэрэггүй. Чамд хайртай, чиний дуртай бүхнийг дагаад хийх хүсэлтэй настай эмэгтэйг яах нь вэ. Тэртээ тэргүй хангалттай зовлоо. Чи намайг зовоохгүй биз дээ? гэсэнд:
  • Орон дотор бол дуртайяа зовоох сон гэхэд:
  • Тэр ч яах вэ, өөр хэрэг. Түүнгүй бол амьдрал утгагүй. Маргааш онгоц ирэх байх аа гэвэл Харри:
  • Чи яаж мэдээ вэ? гэж асуулаа.
  • Ирнэ ээ. Ирэхдээ л ирнэ. Бой нар утаа тавих өвс гишүү бэлдсэн. Өнөөдөр би очиж үзээд ирлээ. Онгоц буучих хангалттай зай байна лээ. Хоёр талаар нь гал асааж утаа тавина гэвэл:
  • Онгоц маргааш ирнэ гэж яагаад бодоо вэ? гэж шалгаав.
  • Зүгээр л ирнэ гэж бодлоо. Ирэхээр болсон шүү дээ. Хот орж хөлөө эмчлүүлсэн хойно орон дотроо хөрвөөсөн шиг хөрвөөнө өө. Үгээр биш үйлдлээр зовоох юм шүү гэсэнд нөхөр нь:
  • Хоёулаа ууя тэгэх үү? Нар жаргачхаж гэлээ.
  • Хэрэггүй ээ гэж хориход цаадах нь:
  • Ууна аа гэсээр зөрвөл:
  • Тэгвэл хамт ууя даа. Мало, шингэлсэн шарз аваад ирээч гэж хашгирсанд нөхөр нь:
  • Түрийтэй гутлаа өмссөн нь дээр шүү. битүү шумуул байна гэж санаа тавихад:
  • Усанд орчхоод өмсье гэх хариу дуулдав.

Бүрий буухад хоёул уув. Харанхуй болж байгаар буудах аргагүй болоход цөөвөр чоно хөндийг туулан толгодлын араар далдарлаа. 

  • Энэ цөөвөр орой болгон үүгээр гүйх юм. Лав хоёр долоо хоног боллоо шүү гэхэд эмэгтэй:
  • Шөнө улиад байдаг мөн биз дээ. Зэвүүн ч гэсэн гүйж л байг гэлээ.

Эхнэртэйгээ шарз балгаж, хөл нь өвдөхөө больж, бой нар түүдэг өрдө, галын дөлийн сүүдэр майхны хананд тусан жирэлзэхэд хөдөлгөөнгүй хэвтэх нь л тээртэйгээс биш бусдаар бол төвөгшөөх юмгүй, эрх чөлөөг нь хассан энэхүү таатай шоронтой эвлэрч болмоор шиг санагдана. Эхнэр нь яалт ч үгүй түүнд халамжтай атал өглөө хатуу үг хэлж гомдоосон. Эхнэр нь үнэхээр сайн эмэгтэй гэсэн бодол толгойд нь буухад гэнэтхэн үхэж байгаагаа мэдрэв. 

Хуй шиг бүрхээд авсан энэ мэдрэмж салхи, борооноос тэс ондоо нэлхийсэн өмхий хоосноор утахад хачирхалтай нь оргүй хоосон тэр орон зайн зах хязгаараар цөөвөр чоно гулсаад одох шиг боллоо.

  • Харри, зүгээр үү? гэхэд:
  • Зүгээр ээ. Салхины дээр гарч суувал дээр дээ гэсэнд эмэгтэй:
  • Моло боолтыг чинь сольсон уу? гэж асуулаа.
  • Сольсон. Борын хүчил шингээж байгаад боосон гэвэл:
  • Бие чинь яаж байна? гэж санаа тавив.
  • Ядарснаас биш гайгүй ээ гэхэд:
  • Би усанд орлоо. Удахгүй ээ. Тэгээд хамт хооллоё. Дараа нь чиний орыг майханд оруулъя хэмээв.

Харри “Хэрэлдэхээ больсон нь болж” гэж бодоод ер нь энэ эмэгтэйтэй тэгтээ их ам мурийж байгаагүйгээ саналаа. Хайртай бүсгүйчүүдтэйгээ бол үргэлж муудалцаж, хэл ам харилцаа холбоог нь зэв шиг иддэг сэн. Дэндүү их хайрлаж, дэндүү ихийг шаардаж явсандаа эцэст нь юу ч үгүй хоцорсон хүн шүү дээ.

Парисаас явахаасаа өмнө хоёул хэрэлдэж гав ганцаархнаа Константинопольд байснаа дурсав. Таарсан бүсгүйчүүдтэйгээ дураараа наргисан хэдэн өдрийн дараа сэхээ авахад ганцаардал арилаагүй, харин ч дотроос нь хэмлэн идэж байсанд өөрийг нь хаяад явсан тэр бүсгүйд орхиж мартаж чадаагүйдээ түрүүлж бичсэн сэн... Regence-ийн дэргэд зөрөх шиг болоход голоос нь зураад авсан, аль нэг эмэгтэй түүнтэй төстэй санагдвал битгий л эндүүрсэн байгаасай гэж хүсэмжилсэндээ, бие сэтгэлийг нь эзэмдсэн догдлол хөөрөө алдчихгүй юмсан гэсэндээ гудамж талбайгаар гэзэг даран дагаснаа, амрагласан бүсгүй болгон нь угтаа түүнийг улам бүр санагалзуулж байсныг, үйлтэй энэ сэтгэлээ мартагнаж чадахгүй нь магад болсон хойно түүний үйлдсэн хийсэн бүхэн өдгөө огтхон ч хамаагүй болсныг өгүүлэн илчилсэн нь үнэн. Клубт балга дарс ч амсалгүй цоо эрүүл сууж байхдаа бичсэн энэ захиагаа тэр Нью-Йорк руу илгээж, Парисын редакцийн хаягаар хариу явуулахыг хүслээ. Энэ нь аюулгүй мэт санагдсан юм. Тэр өдөр сэтгэлээ хоосортол түүнийг санаж гансрахдаа Таксимын ойролцоо тааралдсан бүсгүйг дэгээдэж аваад хамтдаа оройн хоолонд орохоор явсан. Зоогийн газраас гараад бүжгийн клуб орсон. Муухан бүжиглэдэг мөнөөх бүсгүйгээс холдоод хээ шаагүй армян эмэгтэйг бүжгэнд урихад гэдсээ шахан хөдөлсөөр сэрлийг нь өдөөчхөв. Бүсгүйг англи офицерээс булаах шахам бүжгэнд урихад өнөөх офицер түүнийг гудамжинд дуудсанд хоёул харанхуйд чулуун хавтантай өргөн чөлөөнд барилцаад авсан. Далайж байгаад англи эрийн шанаан дээр хоёр ч удаа дэлсээд авсан ч цаадах нь унасангүйд цөстэй эртэй учирснаа ойлгосон. Англи эр цээж рүү нь, дараа нь нүднийх нь доохон талд нударгаа буулгахад зүүн гараараа хариу нударч, сайх эр ч хүрэмнээс нь тас зуураад ханцуйг нь ханзалчхав. Тэгмэгц чих рүү нь хоёр дэлсэж холдуулан түлхээд баруун гараараа хүндхэн цохилт өглөө. Англи эр чулуу мөргөн хөл алдан унахад армян бүсгүйг дагуулаад зугтсан. Үгүй бол булан тойроод айсуй цэргийн эргүүлд баригдах байлаа. Тэр хоёр таксинд сууж, Босфорын дагуу Риммили-Хисс рүү давхиулан тойроод, цэнгэг агаарт энэ замаараа буцаж нэг аялаад амрагийн ажилд умбасан. Боловсорч гүйцсэн жимс шиг бүсгүйн бие сарнайн дэлбээ шиг торгомсог бөгөөд гарт наалдсан зөөлөн арьстай, томбогор хөхтэй аж. Унтаж байхад нь босоод явахад бүсгүй шөнийн цэнгэлдээ багагүй ядарсан харагдав. Нүд нь хөхөрч, ханцуй нь салбарсан хүрмээ сугавчилсаар тэндээсээ Пера-Палас орж билээ.

Чингээд тэр шөнөдөө Анатоли руу гарч, маргааш нь хар тамхины намуу цэцэг тарьсан тал хээрийг галт тэргээр зүсэн урагшилж явлаа. Орой нь ямархан жигтэй мэдрэмж төрсөн нь өдгөө ахиад амтагдах шиг. Галын шугамд ирээд удаагүй, гажигдуу, өөрсдийгөө онох нь холгүй сум тавих Грекийн артиллерийн офицерүүдтэй давшилтад орж буй дайны талбарт дөтлөхийн хэрээр хол зам хэдий хуурмаг болохыг мэдэрсэн сэн. Бүтэлгүй грекүүдийг харсан англи цэргийн хянагч эгээтэй л хүүхэд шиг нулимс унагаж байлаа.

Тэр өдөр балетынх шиг цагаан бошинз өмсөж, ээтгэр хоншоор дээр нь бөмбөлөг тогтоосон гуталтай үхсэн цэргүүдийг анх удаа харсан юм. Туркууд бөөн бөөнөөрөө давшихад бошинзтой цэргүүд тал тал тийш бутран зугтаж, офицерүүд эхэндээ өөдөөс нь гал нээсэн нь түдэлгүй өөрсдөө хандсан зүгтээ бутран сарнихад Харри англи цэргийн хянагчийн араас хөл мэдэн гүйсэн сэн. Хар хурдаараа гүйсэн болохоор цээж нь хорсон, аманд нь зэс амтагдаж, тэд хад асганы араар орж нуугдсан юм. Туркууд давшсаар л байлаа. Түүний дараа төсөөлж байгаагүй тийм тамыг ч нүдээрээ үзсэн. Түүнээс доорыг ч туулаад гарсан. Тийм болохоор Парист эргэж ирээд энэ тухай ярих ч, сонсох ч тэнхэлгүй болжээ. Парисын нэг кафений үүдээр өнгөрч явтал нөгөө америк яруу найрагч таваг дүүрэн ширээний ард сууж байсан сан. Төмс шиг, сэлхэрсэн нүүртэй, тэнэгдүү төрхтэй тэр найрагч өрөөсөн нүдний шилтэй, толгой нь үргэлж өвддөг гэх Тристан Тцара хэмээх румын эртэй дадаистуудын тухай хөөрөлдөж байлаа. Эсэн мэнд эргэж ирсэндээ хязгааргүй баяртай тэрээр эхнэртэйгээ эвлэрч, өнгөрсөн улирсныг умартан жарган суухад редакцийн хаягаар ирсэн захиаг гэрт нь хүргэж өгнө. Ингээд нэг л өглөө цайлж суугаад тэртээ өнгөрсөнд бичсэн тэвдүүхэн захианыхаа хариуг авч билээ. бичгийнх нь хэвийг таниад мөсөнд хайруулсан аятай дагжиж дугтуйтай захиаг өөр дугтуйн доогуур нуух гэсэн ч эхнэр нь “Хэнээс ирээ вэ, хонгор минь?” гэж асууснаар эвлэрч эмхэрч байсан ахуй амьдрал нь дуусгавар болсон.

Урьд өмнө бүсгүйчүүдтэй өнгөрүүлсэн аятай өдрүүд, ам зөрсөн тохиолуудаа дурсан саналаа. Бүсгүйчүүд баяр жаргалтай мөчид хэрүүл өддөг нь гайхмаар. Сэтгэлд хөөр бялхан байхад хэрүүл хийдэг нь ер ямар учиртай вэ? Эхэндээ хэнийг ч гомдоохгүй гэсэндээ, сүүлдээ үүнтэй үүнгүй бичих юм мундахгүй хэмээсэндээ тэр энэ талаар нэг ч үг тавиагүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ тухай бичнэ гэсэн бодол тээсээр ирсэн. Цаасан дээр буулгаж үлдээмээр хэдий олон тохиол учраа вэ. Хорвоо дэлхий өөрчлөгдөж, хүн зон хувирахыг тэр бишгүй л ажигласан боловч тэднээс илүүтэй тэр бүр хүний хараанд өртдөггүй нарийн ширийнийг анзаарч, хоног өдөр солигдон урсахын хэрээр хүний зан хувирч байхыг хувь үзэмжээрээ дүгнэн харжээ. Биеэрээ туулж, бодитойгоор ажигласан болохоор бичих л ёстой. Гээд одоо нэгэнт оройтжээ.

Эмэгтэй усанд орчхоод майхнаас гарч ирэн:

  • Яаж байна? гэж асуухад:
  • Дажгүй ээ гэвэл:
  • Тэгвэл жаахан юм идээч гэхэд ард нь эвхдэг ширээ зөөж буй Моло, аяга таваг барьсан өөр нэг бой үзэгдэв.
  • Юм бичмээр байна гэхэд нь:
  • Шөл ууж тэнхрэх хэрэгтэй шүү дээ гэлээ.
  • Тэртээ тэргүй өнөөдөр үхэх хүнд тэнхрэх хэрэг байна уу гэсэнд эмэгтэй:
  • Харри, больж үз хэмээн хэгжүүрхэв.
  • Чи үнэр мэдрэхээ больчхоо юу? Хөл бараг илжирчихсэн байхад тэр шөлөөр чинь яах юм бэ! Моло, шингэлсэн шарз аваад ир гэхэд эмэгтэй:
  • Шөл уучих л даа, гуйж байна гэж аядуухан өгүүллээ.
  • Заа.

Аягатай шөл нь ам түлэм халуун байсанд нэлээн хутгаж хөргөөд аягаар нь хөнтөрчхөв.

  • Чи гайхалтай бүсгүй. Намайг битгий тоо доо гэхэд эмэгтэй түүн рүү эргэж ширтлээ.

“Хот, эдлэн” сэтгүүлийн хуудаснаас ширтэх танил дотнохон авч дарсанд автаж, цэнгэлд хөл алдсаных ялимгүй гундсан царай. Гэхдээ сэтгүүлийн хуудсанд эмэгтэйн сайхан хөх, бүдүүн гуя, булбарай гарыг ил гаргаж байсангүй. Нүдэнд дулаахан энхрийхэн инээмсэглэхийг нь анзаараад үхэл улам бүр дөхөхийг мэдрэв. Энэ удаад харин хуйларч исгэрсэнгүй, дэнгийн гэрлийг анивалзуулах төдий хөнгөн сэвшээд өнгөрлөө. 

  • Ингэсгээд энэ орноос тэр мод хүртэл тор татаад, гал түлээрэй. Майханд хономооргүй байна. Илүү ажил. Сартай саруулхан шөнө болох нь. Бороо орохгүй биз гэж хэлээд Харри “Ингэж л үхдэг байх нь” хэмээн өөрөө өөртөө шивнэв.

Ямартаа ч хэрүүл уруулгүй болох нь баталгаатай. Урьд нь мэдрээгүй цор ганц тэр хүч дөтлөөд ирэхэд тайван амгалан л угтах юм шүү гэж бодсон ч тэвдэж сандрахаа мэдрэх аж. Түм түмэн учралыг энэ л зангаасаа болж эвдэж сүйдэлсэн шүү дээ. Гэхдээ энэ удаа тэвдэхгүй ч юм бил үү, хэн мэдлээ. 

  • Чи таталган бичиж чадах уу? гэж асуувал эмэгтэй:
  • Үгүй ээ, чадахгүй гэв.
  • Зүгээр ээ гэж хэлэхдээ Харри амжихгүйгээ ухаарсан ч арга нь олдвол аминд тулсан энэ цагт ганцхан цогцолборт бүхнээ багтаачих боломжтойг сэхээрэв.

Нуурын эргээр эмжиж тогтсон уулан дээр завсар зайлхайг нь цагаан шохойгоо чигжсэн модон байшин харагдана. Үүднийх нь дэргэдэх шонд бэхэлсэн хонхыг хоолны цагаар цохино. Байшингийн араас ой модоор хүрээлэгдсэн талбай залган авна. Энэ байшингаас зогсоол хүрэх мөнгөлөг улиангар хоёр талаас нь хашин ургажээ. Хошуун дээр мөн улиангар ургана. Ойн захаар зурайх уулын жимийн хөвөөгөөр тэр бөөрөлзгөнө түүдэг сэн. Модон байшин шатахад ханан пийшингийнх нь дээр өлгөсөн буунууд бас шатаж, хүхээ нь шатаж хайлсан ишгүй гол хожмоо саван буцалгах том тогоонд шүлт болгож ашигласан бөөн үнсэн дунд хэвтэж харагдсан юм даг. Тэгэхэд өвөөгөөсөө энэ хэдэн бууны голоор тоглож болох уу гэж асуухад өвөө нь зөвшөөрөөгүй. Шинэ буу авч амжаагүй өвөөгийнх нь хувьд иш нь шатсан ч гэлээ энэ хэдэн хайлсан гол буу хэвээр асанж. Түүнээс хойш өвөө нь анд яваагүй. Шатсан буурин дээр хуучин банзаар шинэ байшин барьж шохойдсон бөгөөд тагтан дээрээс нь улиангар модод, уйтай давлагаалах нуур үзэгддэг сэн. Түймрээс хойш тэднийх буугүй болж, хуучин модон байшингийн ханан дахь бугын хөлөн өлгүүрт өлгөөтэй асан буунуудын гол аанай л бөөн үнсэн дунд хэвтсээр, хэн ч тэр төмөрт ахиж хүрээгүй билээ.

Шварцвальдад дайны дараа бид тулбага үрждэг горхи түрээсэлсэнд хоёр замаар дөхөж очих боломжтой. Трибергийн саглагар ойт уулын сүүдэр туссан цагаан жимээр уруудан хөндийг туулж, уулаад өгсөх замаар өндөр байшинтай жижиг эдлэнгүүдийн дэргэдүүр явсаар горхинд тулж, загасаа барина.

Эсвэл уул өөд өгсөж ойн захад хөтлөх их эгц замаар мацаж, нарсан ойг туулан байж горхинд хүрнэ. Ойгоос гарч нугаар уруудсаар горхин дээгүүр тавьсан гүүрэнд тулна. Түргэн урсгалтай, тунгалаг уст горхины эргээр хус элбэгтэй агаад үе үе үндэс нь усанд идэгдсэн моддын ойролцоо цүнхээл үүсжээ. Трибергийн буурчийн газрын эзний хувьд тэр жил ашиг орлого сайтай. Үзэмжтэй сайхан орчинд бид дорхноо нөхөрлөсөн юмдаг. Хойтон нь харин барааны үнэ өсөж, нөөсөн жаал мөнгөөрөө буурчийн газраа нээж ажиллуулах хүнсээ ч базааж чадалгүй өөрийгөө дүүжилсэн. Үүнийг таталган бичиж болох ч цэцгийн худалдагчид цэцгээ гудамжинд нь ил цагаан будаж, будаг нь явган хүний замаар автобусны зогсоол руу урсаж байсан Контрэскарп талбай, дарс, усан үзмийн өтгөн шүүсэнд үргэлж хөлчүү явах өвгөд эмгэд, хүйтэнд хамар нь чийгтсэн хүүхдүүд, бохир хөлс, ядуу тарчиг ахуй, архидан согтуурлын үнэр, доод давхрын Ball Musette[3]-ийн биеэ үнэлэгчдийн тухай буулгаад биччих аргагүй. Бүгд найрамдахчуудын армийн цэргийг умгархан өрөөндөө дайлж байсан үүдний жижүүр бүсгүй, сандал дээр тавьсан морин дэлээр хийсэн, цэрэг эрийн хөхөлтэй дуулга, хонгилын нөгөө үзүүрт суудаг дугуйчин нөхөртэй эмэгтэй, тэр өглөө сүүний мухлагт L'Auto-г эргүүлж байгаад нөхөр нь анхныхаа том тэмцээн Парис-Турын уралдаанд гуравдугаар байр эзэлснийг мэдээд хэчнээн их баярласныг нь яаж бичих вэ. Эмэгтэйн нүүр улайж инээд алдаад дараа нь уйлсан. Тэгээд спортын шар сонинг барьсан чигтээ шатаар өгсөн өрөө рүүгээ гүйчихсэн шүү дээ. Ball Musette-ийн эзэгтэйн нөхөр таксины жолооч онгоцны буудал явах ёстой өглөө хаалгыг нь тогшиж сэрээгээд хоёул аян замыг нь ерөөж хоёул баарны цайрдсан лангууны ард хундага цагаан дарс тулгасан сан. Ядуу хорооллынхоо бүх суугчдыг тэр цагт зүс таньдаг байлаа.

Талбайг тойрон оршин суугчид хоёр янз. Эхнийх нь архичид, тамирчид. Архичид тарчиг амьдралаа архиар давах гэж хичээнэ. Тамирчид бэлтгэл хийж сэтгэлээ сэргээнэ. Парисын коммуныхны үр хойч болсон тэдэнд улс төр тун энгийн. Версалийн цэрэг Коммуны дараа хотыг эзлэн, эвэртэй гартай, саравчтай малгайтай, эс бөгөөс ажилчин болохыг нь илтгэсэн ямар нэгэн эд зүйлтэй болгоныг устгахад аав ээж, ах дүү, анд нөхдийг нь хэн буудсаныг тэд андахгүй мэднэ. Үгээгүй хоосон энэ хорооллын чанх эсрэгцээ байх Boucherie Chevaline[4]-ий дарсны мухлагт амьдралаа авч явах анхны хэдэн мөрөө цаасан дээр буулгасан юмдаг. Түүний хувьд үүнээс илүү дотно Парис гэж үгүй. Ярайтал ургасан саглагар модод, доороо хүрэн хавтантай шохойдсон цагаан байшингууд, дугуй талбайг зүсэн урагшлах урт ногоон автобус, цаасан цэцэгнээс явган хүний зам даган урсах үзмэн ягаан будаг, Кардинал Лемуаны гудамж руу эргэх их эгц хэвгий эрэг, эсрэг талынх нь давчуухан Муфтар гудамж. Энэ гудамж Пантеон өөд өгсдөг бол дүүрэгтээ л асфальтан хучилттай ганц гудамж болохоор дугуйтай явдаг нөгөөгийн нь хоёр талаар өндөр нарийн барилга, Поль Верлений өөд болсон хямдхан дэн буудал эгнэн байрлана. Тэднийх хоёр өрөөтэй байранд сууж, тэр өөрөө дэн буудлын дээд давхарт бас нэг жижиг өрөө хөлсөлж авсан байлаа. Сардаа 60 франкийн түрээстэй тэр өрөөндөө юм бичин суухад цонхоор нь Парисын бүх байшингийн дээвэр, яндан, дов толгод алган дээр тавьсан мэт илхэн харагддаг сан.

Байрных нь цонхоор нүүрсний мухлаг үзэгдэнэ. Мухлагийн эзэн нүүрснээс гадна тааруухан дарс зарна. Boucherie Chevaline-ий үүдэн дээр өлгөсөн морины шармал толгой, алтан шаргал-улбар өнгөтэй гуяны мах дэлгэсэн лангуу, сайн, муу зүсэн зүйлийн дарстай ногоон тавиур. Мухлагийн цаанаас шохойдсон хана, айлуудын цонх залган авна. Франц маягаар согтож гудамжинд унаад ёолох хөлчүү хүний дуу шөнө дунд цуурайтахад хөрш айлууд цонхоо нээж:

  • Цагдаа байна уу? Цаг нь болохоор алга болчихдог хачин амьтад шүү. айл хэсээд явж байгаа даа. Алив ээ, хүн байна уу? гэж хашгирдаг зантай.

Тэгмэгц хэн нэг нь цонхоороо хувинтай ус цацаж, ёолох дуу ч намжихуйд:

  • Ус цацчихав уу? Больж! Тэгвэл таарна! Болоод явчихлаа! гэсээр цонхны хавтас хаагдах чимээ гарна.

Оройгоор ирж гэр цэвэрлэдэг Мари ажлын цаг багасаж найман цагтай болсонд бухимдан:

  • Эр хүмүүс яах вэ. Зургаад тараад харих замдаа зуу татчихна. Өөрийгөө баясгачих ч сүртэй мөнгө үрэхгүй. Тавд тарахаараа л халаасаа хоосолж тасарч унатлаа уучхаад ирэх юм. Эцсийн эцэст эмэгтэйчүүд л хохироод үлдэж байна гэж гомдоллоно.
  • Ахиад шөл уух уу? гэж эмэгтэйг асуухад:
  • Үгүй ээ, баярлалаа. Амттай болж гэвэл:
  • Ахиад жаахан уучих гэлээ.
  • Хэрэггүй ээ. Тэгснээс архи, даруулга аваад ир гэхэд:
  • Болохгүй шүү дээ гэв.
  • Тийм ээ, тийм. Болохгүйг нь мэдээд л байна. Тэглээ гээд хүслээ яалтай гэдэг дээ. Коул Портерийн үг, ая гэсэнд эмэгтэй:
  • Би чамаас ер нь архи харамлаж байгаагүйг чи мэднэ дээ гэж үг хаялаа.
  • Тэгэлгүй яах вэ. Тэглээ гээд болохгүй л гэдэг хүн дээ гэж хариулахдаа Харри эхнэрээ холдмогц хүссэнээрээ, дуустал нь ууна гэж сэтгэв.

Ядарсан гэж тоймгүй. Болдог бол дугхийгээд авах сан гэж бодсоор тайван хэвтэхэд үхэл дэргэд нь байсангүй. Өөр гудамж руу эргэж, дугуй унан чулуун гудмаар хосоороо чимээгүйхэн гулгаж буй биз ээ.

Тийм ээ, тэр Парисын тухай бичиж байсангүй. Ямартаа ч сэтгэлд дотнохон тэр хотын тухай туурвисан юмгүй. Түүнээс гадна юун тухай бичиж амжаагүй билээ?

Үржил шимт эдлэн, усалгааны шуудуугаар хоржигнон урсах тунгалаг ус, мүгваагийн мөнгөн сор, царгасын ногоохон навч юутай сайхан нүд булаам байлаа? Уул өөд өгссөн жим, зуны сар улирч намрын сар гарахад согоо шиг цочимтгой болчихдог үнээний мөөрөөн, туурайн жигд хэмтэй чимээ, намар орой уулнаас эдлэн рүү туухад хөл доороос нь босох тоос. Орой үдэш уулын шовх оргил тэнгэрийн дэвсгэрт тодрон үзэгдэхэд хөндийг тэр аяар нь гийгүүлэх сарны гэрэлтэй нарийн жимээр уруудан явсан нь одоо ч нүднээ үзэгдэнэ. Тас харанхуйд морины сүүлнээс зуурч модон дундуур харьж явснаа, тэр газрын тухай тэгж байгаад бичнэ дээ гэж цуглуулсан үүх түүхийг нэг бүрчлэн саналаа.

Хөвгүүн байхад нь энэ эдлэнд хэнд ч өвс өгч болохгүй хэмээн үлдээсэн тэнэгдүүхэн ажилчин, өвс авч чадаагүйдээ түүнийг балбасан Форксын гажиг хөгшний тухай буулгана даа гэж бодсон ч чадаагүй. Хүү өвс өгөхгүй гэхэд өвгөн алганы амт ахиад үзүүлнэ дээ гэж айлгасан гэдэг. Тэгмэгц хүү гал тогоонд байсан ангийн бууг шүүрч аваад өнөөх өвгөнийг хашааны дэргэд байхад нь буудчихсан. Долоо хоногийн дараа эдлэндээ эргэж ирэхэд өвгөний хөлдөж, нохойд мэрүүлсэн цогцос малын хороонд хэвтэж байсан сан. Тэгэхэд тэр үлдэгдлийг нь хөнжлөөр ороож, чарганд тавихдаа хүүгээр хамжуулж, хоёул цана углан чаргаа 60 бээр чирсээр хот орж хүүг хотын цагдаад хүргэж өгсөн юмдаг. Гэхдээ өөрийг нь хорьчихно гэж бодоогүй. Хүний хувьд хүүд тусалж, үүргээ биелүүлсэн болохоор хорих биш харин ч шагнуулна л гэж санасан. Хүний өвсөнд шунасан өвгөнийг хүмүүс мэдээсэй гэсэндээ хүүг дагуулаад хот орсон. Цагдаа хүүг гавлахад хүү нүдэндээ итгэж чадахгүй байж билээ. Тэгээд цурхиртал уйлсан. Тэр тухай Харри хожмоо бичнэ дээ л гэж бодсоор явсан. Наанадаж тэр эдлэнгийн тухай хориод өгүүллэг биччих боломж байсан ч гараас нь ганц ч гараагүй нь л үнэн. Яагаад гарсангүй вэ?

  • Яагаад гэдгийг хэн мэдэх вэ гэсээр санаа алдвал эмэгтэй:
  • Юм хэлэв үү? хэмээн хариу асуувал:
  • Хэлээгүй ээ гэж булзааруулаад өнгөрөв.

Эмэгтэй түүнийг өөрийн болгоод уухаа багасгажээ. Харри мэнд буцлаа ч эхнэрийнхээ тухай бичихгүйгээ баттай мэдэж байлаа. Өөр хүмүүсийн тухай ч бичихгүй нь лав. Баян чинээлэг хүмүүс дэндүү уйтгартай. Архи дарсанд автаж, триктракт толгой мэдүүлсэн улс. Нэг хэвэнд цутгачихсан аятай ялгарах юмгүй гунигтай хүмүүс. Хөөрхий Скотт Фицжэральдыг саналаа. Хүмүүс түүнийг бишрэн шүтэж байсныг, “Баячууд биднээс ондоо” гэж эхэлсэн өгүүллэг бичсэнийг нь бодлоо. Тэгэхэд хэн ч билээ Фицжэральдад “Зөв хө, тэд биднийг бодвол их мөнгөтэй” гэж хэлсэн юмдаг. Гэхдээ Фицжэральд энэ үгийн ёжилж ёгтолсон утгыг ухаж ойлгоогүй. Чинээлэг хүмүүсийг чанд нууцын манан буданд автсан онцгой бүлэг гэж сэтгээд эндүүрснээ ойлгохдоо эгээтэй л цочих нь халаг болж билээ. 

Амьдралын өрөгт ялагдаж сөхөрсөн хүмүүсийг тэр үздэггүй. Өөрөөр бол бүхнийг нэвт шувт хардаг болохоор хөл алдсан удаагүй. Ер юу ч тохиолдсон нугаралгүй даваад гарна гэж өөрийгөө сэтгэнэ. Хамгийн гол нь ямар ч нөхцөлд толгой мэдүүлж болохгүй л гэж бодно. 

Тийм ээ. Одоо бол тэр үхлийг сөрөн үл тоож байна. Түүний хувьд айдаг ганц юм нь өвдөх. Эр хүн болохоор өвдөлтийг тэсэх ч удаан хугацаанд янгинан хамаг хүчийг нь барж цуцааж буй энэ өвдөлд ээ мөн бэрх аж. Гэвч тэсэхгүй нь гэж санахад өвдөх нь багасах шиг болов. 

Эртээ цагт тохиосон нэг явдлыг эргэн саналаа. Артиллерийн офицер Вильямсон шөнө дүлээр өргөст тор давж байгаад Германы харуулын байрнаас шидсэн гар бөмбөгөнд шархдаж “Намайг алаад өгөөч!” гэж хашгиран гуйж байлаа. Махлаг тарган биетэй, цөс ихтэй Вильямсон олноос онцгойрох дуртай ч жинхэнэ эр цэрэг. Гар бөмбөгөнд өртсөн тэр шөнө өргөст торон дээр дүүжлэгдсэн түүний гэдэс дотор цувж унжсан байсанд торноос амьдаар нь буулгаж авсан хүмүүс арга буюу гэдэс дотрыг нь хутгаар тайрсан юм. “Hарри, намайг буудчих! Гуйж байна, буудчих!” хэмээх Вильямсоны үг одоо ч тархинд цуурайтсаар. Бурхан хүнд даахын хэрээр зовлон илгээдэг болохоор цаг нь болсон хүн өвчиндөө дийлдэн үхдэг гэж үздэг хүн бий. Гэлээ ч тэр шөнө Вильямсонд өвчинд дийлдээгүйг тэр өдий хүртэл мартаж чадаагүй л явна. Өөртөө хадгалж байсан морфиноо бүгдийг нь өгсөн ч тэр дороо үйлчлээгүй юмдаг.

Гэвч өдгөө өрнөж буй бүхэн огтхон ч аймшигтай бус. Эндээс дордохгүй бол айж цэрвэх явдалгүй юмсанж. Гэхдээ болдог бол өөр хүмүүсийн дэргэд байх сан. 

Энэхэн мөчид хажууд минь байгаасай гэж хүссэн хүмүүсээ саналаа.

Аливааг дэндүү удаан, дэндүү оройтож үйлдэхэд дэргэд чинь хүн үлдэнэ гэдэгт итгэлтгүй. Хүмүүс явчихсан. Хүлээн авалт өндөрлөж, гэрийн эзэгтэй л гэрт үлджээ. 

“Бүхнээс залхсан шиг үхлээс ч залхах юм даа” гэж санаад:

  • Залхлаа гэж өгүүлэхэд эмэгтэй:
  • Юунаас залхаа вэ, хонгор минь гэж асуув. Харри:
  • Удаан үргэлжилсэн бүхнээс залхаж байна гээд түүнийг ширтлээ.

Түүдгийн дэргэд эвхмэл сандлын түшлэг налан суух эмэгтэйн нүүрэн дээрх нүдэнд дулаахан үрчлээнүүд галын гэрэлд тодроход тэрээр нойрмоглож буй нь илт. Гэрлэн тойрогт дөхсөн цөөвөр улина.

  • Би юм бичдэг байсан. Юм бичих хэцүү гэвэл эмэгтэй:
  • Унтаж чадах нь уу? гэж асуулаа.
  • Чадна аа. Чи унтаж амрахгүй яагаа вэ? гэхэд:
  • Чамтай суумаар санагдаад гэв.
  • Ямар нэг юм мэдрэхгүй байна уу? гэсэнд:
  • Үгүй ээ. Унтмаар л байна гэлээ.
  • Би харин мэдэрч байна гэж хэлэхдээ Харри хажуухнаас нь гарсан үхлийн алхааг ахиад нэг сонсжээ. – Сониуч зан гэж салж өгөхгүй хачин юм даа. Үхэх гэж байхад үлдсэн нь тэр л юм гэхэд:
  • Үлдээд байхдаа яах вэ дээ. Үхнэ хатна гэж ярихаа болиоч гэж зэмлэсэнд:
  • Бурхан минь, эмэгтэй хүнийг яая даа. Эм хүний зөн совин гэдэг нь тэгээд энэ үү? гэж дуу алдахад үхэл дөхөн ирж, орных нь хөлд дэрлэн хэвтээд, амьсгаа нь нүүрэн дээр мэдрэгдэж, Харри өөрийн эрхгүй, - Үхэл хүмүүсийн зурдаг шиг гавал, хадуур барьж явдаг юм биш. Дугуй унасан хоёр цагдаа, шувууны дүрээр ч үзэгдэнэ. Цөөвөр чоно шиг налчийсан хамартай ч байж мэднэ гэж өгүүлэв.

Энэ мөчид үхэл улам дөхлөө. Үзэгдэх хэлбэргүй, баригдах дүрсгүй тэрээр орон зайн нэгээхэн хэсгийг эзлэн оршино.

  • Яв гэж хэлээч гэсэн ч үхэл явсангүй улам дөхөв. – Яасан ч өмхий юм бэ, ялзарсан амьтан ч бол доо гэж шивнэхэд үхэл улам ойртож үг дуугарах сөхөөгүй боллоо.

Харри ам нээх тэнхэлгүй болсонд үхэл бүр ч ойртов. Чимээгүйхэн хөөчихье гэж хичээсэн ч үхэл өөдөө мацсаар, цээжин дээр нь даран хамаг хөдөлгөөнийг нь боож, ангайх ч аргагүй болгоод хэвтчихэв. Тэгтэл:

  • Бвана унтчихлаа. Ортой нь болгоомжтой өргөөд майханд оруулчих гэх эмэгтэйн дуу чихэнд хүрлээ. 

Үхлийг хөөгөөч гэж хэлж чадахгүй болтлоо амьсгаагаа боолгож, амаа үдүүлсэн Харриг ортой нь өргөхөд өвчин арилж, цээжин дээр дараад байсан хүнд юм алга болчхов. 


Өглөө болж, нар хөөрсөөр тэнгэрийн тэг дунд морилон саатах ахуйд онгоцны хүнгэнээн дуулдлаа. Тэнгэрийн хаяанаа цэг төдий үзэгдсэн онгоц тойрон нисэхэд бой нар угтан гүйж, овоолсон гишүүн дээр керосин асгаж шатаагаад дээр нь өвс нэмсэнд тэгшхэн талбайн хоёр талаар их гал асаж, өглөөний салхи галыг бадруулан утааг нь буудал руу хийсгэв. Онгоц арай доошлон дээгүүр нь хоёр тойроод тэгшхэн талбай дээр зөөлөн газардлаа. Өргөн өмдтэй, хилэн хүрэмтэй, хүрэн сийрсэн малгай духдуулсан хуучны танил Комтон нь майхан руу алхаж явна. 

  • Анд минь, юу болоо вэ? гэж асуухад нь:
  • Энэ хөл л... Та нар цай ууж, юм идээч гэвэл:
  • Зүгээр дээ. Цай л ууя. Эрвээхэйгээ унаад ирсэн болохоор мемсаибыг аваад явж чадахгүй нь. Ганцхан суудалтай шүү дээ. Машин чинь наашаа гарсан гэсэнд Эллен түүнийг дуудаж хэдэн үг солив. 

Төдхөн их л хөөртэй эргэж ирсэн Комтон:

  • Одоохон таныг суулгаадхая. Эргэж ирээд мемсаибыг авна аа. Алив, хөдөлцгөөе. Арушад шатахуун авах гэж буух байх гэвэл Харри:
  • Цай уугаач гэсэнд:
  • Зүгээр ээ гэсээр бой нарыг шалавлуулан Харриг ортой нь өргөж, хэд хэдэн ногоон майхан хатгасан буудлаас холдон хадны хажуугаар хөндийг зүсэн, өвс нь шатсан тул утаагүй улалзах хоёр эгнээ түүдэг галын дундуур жижиг онгоцонд хүргэлээ.

Түүнийг онгоцонд суулгах гэж нэлээн ажил болсон ч оруулсан хойно нь Харри арьсан зөөлөвчтэй суудлын түшлэгийг тухтайхан налж авав. Хөлийг нь өргөөд, урд талын Комтоны суудал дээр байрлуулжээ. Комтон хөдөлгүүрээ асаагаад кабинд сууж Эллен, бой нартай гар даллан салах ёс гүйцэтгээд, хөдөлгүүрийн дуу жигдэрмэгц онгоцоо эргүүлж, бодонгийн ухсан нүхнүүдийг тойрон гүйлт дундаа ялимгүй үсэрсхийсээр хоёр эгнээ түүдгийн дундуур хурдлан түлхэлт авч агаарт хөөрлөө. Үлдсэн хэд нь доороос даллах нь үзэгдэнэ. Толгодын бэлд хатгасан майхнууд газартай тэгширсэн аятай, тал хөндий тавиран уужрахад мод бут цэг төдий болж, ширгэсэн цөөрөм өөд хөтлөх амьтдын жим нарийхан утас аятай сунайна. Тэрүүхэнд түүний очиж үзээгүй нэгэн цөөрөм байна. Дээрээс харахад зуйван хэлбэртэй алаг тахь, толгойг нь хажуу бөөрөнд нь залгаад тавьчихсан аятай, толбо шиг зээрийн сүрэг хөндийгөөр ар араасаа цуван, гарын таван хуруу лугаа адил салаалсан хэд хэдэн гинжин хэлхээ үүсгэн уул өөд мацаж байх шиг. Онгоцны сүүдэр дээр нь тусахад зээрийн сүрэг цочиж үргэн тал тал тийш зайлав. Жижигхэн цэг төдий болсон амьтдыг цахилан зугтаж яваа гэж хэлэмгүй. Уудам хөндий тэнгэрийн хаяа тийш сааралтан шаргалтаж, урдхан талд нь Комтигийн хамбан хүрэм, сийрсэн малгай үзэгдэнэ. Зээрийн сүрэг жим даган мацах залгаа толгод, гүн ногоон ойгоор өвч бүрхэгдсэн, битүү хулстай их эгц хажуутай уул нурууд, уулын оргил, харанхуй хавцалтай нь бат гагнагдсан мэт ширэнгэ ойн дээгүүр нисээд, даваан дээгүүр өнгөрөхөд уулс мэдэгдэхүйц намсаж, аагим халуунд шатсан ягаан саарал уужим хөндий залган авлаа. Халсан агаарын урсгалд жижиг онгоц дайвалзахуйд Комти санаа зовсон шинжтэй эргэж харав. Өмнө нь ахиад л өндөр уулс бараантана. 

Тэгтэл Комти Аруша руу эргэсэнгүй, шатахуун хүрнэ гэж тооцсон бололтой, харцаа доошлуулан газрын гадаргуугаас төдий л өндөрт биш анхны цас аятай хийсэн сарних хөвөн ягаан үүлсийг ажиглан харав. Өмнө зүгээс нүүж буй царцаа юмсанж тэр үүл. Төдхөн онгоц өндөр авч, зүүнийг барин нисэх шиг боллоо. Тэгээд гэнэтхэн харанхуй нөмрөв. Аадрын үүлэн дунд нисээд орчихсон нь тэр байжээ. Хүрхрээн дундуур нисэх шиг, хаашаа л харна аадар цутгана. Үүлэн дундаас гарахад Комти эргэж хараад инээмсэглэн урагшаа зангахад тэр зүгт тэнгэрийн уудмыг эзэгнэн ноёлсон асар өндөр, алтан наран доор цасан цагаанаар гялтганан гялалзаж харах орчныг бүрэн эзэлсэн Килиманжарогийн ам дөрвөлжин орой тодрон үзэгдлээ. Тэрүүхэн мөчид эцсийн зогсоол нь энд байгааг тэр ухамсарлан ойлгов. 

Яг энүүхэн мөчид харанхуйд цөөвөр улихаа больж, хүнийх гэмээр хачин сонин дуу авиа гарган гиншлээ. Эмэгтэй энэ чимээнээр орон дээрээ хөрвөөсөн ч сэрсэнгүй. Лонг-Айлендын гэрт охин нь анх удаа олны дунд орж байгаа үдшийг зүүдлэн байлаа. Охины аав хажууханд байх агаад ширүүн үг хэлж харагдах юм. Тэгмэгц цөөвөр чангаар улихад нэг мөр сэрсэн ч чухам хаана байгаагаа үл мэдэн айн цочив. Халаасны гар чийдэнгээ авч, унтмагц нь ортой нь өргөж майханд оруулсан Харри руу тусгалаа. Харри шумуулны торон дотор унтах ч торноос гаргасан хөл нь орноос унжиж, боолт нь мултраад уначихсанд харахаас нэг л эмээнэ. Эмэгтэй:

  • Моло, Моло, Моло! Харри, Харри! гэж хашгираад улмаар, - Харри! Бурхан минь! хэмээн орилоход хариугүй, ханийн нь амьсгаа ч үл дуулдана.

Гадаа цөөвөр хачин авиа гарган улин гиншсээр авч эмэгтэйн чихэнд зүрхнийх нь дэлсэх чимээ л цуурайтна.

Орчуулсан: Б.Гэрлээ

[1] Уушийн газар (герман)

[2] Сохроор (франц)

[3] Бүжгийн хямдхан клуб

[4] “Адууны махны худалдаа” гэсэн утгатай үг.