Аймгийнхаа 80 жилээр би аавынхаа тамхины үнэр шингэсэн саарал бүрхийг дамбийтал тавиад, оодон улаан тэрлэгийг нь өмсөж, сэмэрсэн улаан дурданг нь бүсэлж очсон юм. Аав сэрүүн тунгалаг байсан бол “Яаж байгаа хүүхэд вэ, нэрээ бодоход яанав” гэх байсан. Аавыгаа аваачиж байгаа нь тэр л гэж дотроо сүсэглэсэн юм. “Пүрэвийн бага хүү муухан явна даа” гэж зарим нь дээл хувцсыг минь хараад ярьсан л биз. Яахав дээ, тэгж явсан нь наддаа үнэ цэнэтэй, утга учиртай байсан юм. Тогос шиг гоёсон наадамчин олон хөлхөлдөөд, дунд нь аавынхаа дээлээр гоёчихсон амьтан тэнд ч очиж морь үзээд, энд ч ирж бөх хараад, хуушуурдаад л ... аавынхаа дээлийн энгэр рүү тос гоожуулчихлаа гэж харамсаад... сайхаан, сайхан наадсан. Миний аав юм л бол тэр улаан тэрлэгээрээ гоёдог байсан юм.

Нутгийнхаа ойд очиж буй би эхлээд бага хүргэн ах Очироогийндоо очилгүй дээ. Хаалгыг нь татлаа, босгыг нь давлаа. Бага эгч минь шууд л “Хүүш аавын малгай” гэж үгийн солиогүй миний малгай руу дайрлаа, шүүрч авсан даруйдаа малгайны дотрыг үнэрлэн уйллаа. Аавын үнэр гэхээс өөр үггүй. Тэгснээ “Хонгороо, миний хүү нааш ир өвөөгийн чинь үнэр ханхалж байна” гээд л уйлах. Дөчин нас гарсан охин нь аавыгаа ингэтлээ санадаг юм байна. Хүн ер нь аавыгаа насан туршаа санаж бэтгэрч явдаг юм байна гэж тэр үед бодогдсон шүү.

Аав намайг таягддаг байсан юм. Гэр дотроо тулга тойруулж элдээд, гарч зугтаасан намайг араас хөөж гэр тойруулж таягдаад. “Амьтан ах дүүсээс санаа зовооч ээ, та. Эхнэр хүүхэдтэй том болсон хүүгээ түмний өмнө зодоод. Таныг буруу зөнөчихөж гэж муу хэлнэ ш дээ” гэхчлэн би тойрч зугтангаа үглэж яваа. Аав нээрэн ч ойлгож байгаа бололтой номхроод явчих шиг санагдав. Тэрүүхэн тэндээ мухагнаад, гэмших шиг болохоор нь дэргэд нь хүрч очоод “Та одоо нас намбаа бодож баймаар юм...” гэтэл нуруун дундуур тас буугаад явчихав. Би зугтахаар муу хазгар аав минь яаж гүйцэхэв дээ. Тэгээд сэтгэсэн нь тэр. Үгийг нь сонсож үнэхээр гэмшсэн царайлж өөртөө ойртуулж байгаад авч байхгүй юу. Би төрхгүйтсэн, аав шанг нь хүртээсэн туүх юм л даа. Сайхан түүх, аавдаа таягдуулж явсан үе сайхан байжээ. Эр хүний эцэг төрөөсөө хүртэж буй шан.

Миний аавыг Түдэвгон­чигийн Пүрэв гэдэг байсан юм. Өвөрхангай аймгийн Богд сумын хүн дээ. Эгчтэй, эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү. Бага балчраасаа ном эрдмийн мөр л хөөсөн хүн. 19-хөн настайдаа Богд сумын даргаар ажилласан хүн дээ. Сумын түүхэнд дурайтал бичээстэй байдаг болохоор нь би хэлж байна. Тэрнээс өнөөдрийн хүмүүс үнэмшихгүй байж магад. Ажигмөнх гэж төв халхад эрдэмтэйд тооцогдох нэгэн бээр байсны гал шавь нь миний аав. Ажигмөнх гэж хүнийг яагаад төв халхын томд тооцов гэвэл Онхуудай Жамьян гуай анхны Судар бичгийн хурээлэнг байгуулж ном судар эмхэлж цэгцлэх эрдэмт хүмүүсийг цуглуулахад манай нутгийн тэр буурай уригдан заларч хуучны бичиг судраас өгсүүлээд ихийг эмхэлж өгсөн түүх байна. Бүр цагаан дээр хараар байна. Ийм хүний галын шавь гэхээр миний аав хуучин монголоос эхлээд гаргуун байлгүй яахав. Манай нутгийнхан ч гэрчилнэ. Бичиг номд эрт цагааширсан аавыг 19 настайд нь сумын даргаар тавьжээ. Аав нялх дарга явсан үеийнхээ сонин хачнаас хааяа ярина (ер нь үгэндээ харам хүн байсан юм). Ноосны төлөвлөгөө гэж тэр үед нэг их юм болдог байж. Хумбан гэдэг жолоочтой гэж байгаа. “ЗИС 5” гэдэг машин нь юм болов уу даа, ноос ачаад хөдөлсөн шуурга нүдээд явуулдаггүй гэнэ. Хумбан, аав хоёр машиндаа унтжээ, нэг мэдсэн пид хийгээд явчихаж. Сэрсэн машин нь хажуугаараа уначихсан байсан гэсэн. Салхинд алгадуулаад ойчихгүй юу. “Та хоёр тэгээд машинаа яаж босгов” гэхээр “Хүн үнэмшихгүй дээ, ноосныхоо олсыг тас тас огтлоод хаятал пид хийгээд буцаад босчихсон шүү дээ” гэж ирээд хуучилдагсан.

Аав Гучин-Ус сумын бага сургуулийн төгсөгч. Аавын ангийнхаас одоо алдарт эмч, Хөдөлмөрийн баатар Нямхүү, Ерөнхийлөгч нарын эмч явсан Гайтав нарын цөөн хүн үлдсэн байв. Аавын аав буюу миний өвөө бол лам байгаад хэлмэгдлийн үеэр шар шувталсан хар хүн. Нутгийнхан “Данхар унзад” гэж дууддаг байсан юм. Өвөөгийн ганц хоёр найзууд гэвэл өнөө цагийн бөхийн томчууд Ч.Насантогтох, Ч.Дамдиншарав нарын аав С.Чимэдбазар амбагайтан. Аав энэ хоёр бөхийг нусхайнууд байхад нь нэг бус удаа тэмээнд дүүрээд сургуульд нь хүргэж өгч байсан гэдэг. Томчууд одоо санадаг эсэхийг мэдэхгүй. Инээдтэй түүхээ л аав ярина. Бага сургуулиа дүүргэжээ. Аймгийн сургуульд суралцахаар хэдэн хүүхэд шуудангийн машинд ачигдан хөдөлж. Замд нь албаны бололтой машинтай хүмүүс таарсан байгаа юм. Тэд хүүхдүүдийг найрч гарчээ. “Сэлэнгийн Алтанбулаг гэдэг гоё газар малын эмчийн мундаг сургууль нээгдсэн. Очиж суралцвал том болоод та нар хар машин унадаг лут хүмүүс болно” энэ тэр гээд. Тэр найраанд нь аав тэргүүтэй хэдэн нөхөр ороод ард нь суугаад Алтанбулаг руу ганийчихсан байгаа юм даа. Араас нь өвөө эмээ хоёр жил хагасын дараа малын туувар хийж ганц хүүгээ олж очсон байдаг юм. Аавыг Алтанбулагт сурахаар очтол ээж тэнд сурахаар бас оччихсон байж. Ингээд л амьдрал зохиосон хоёр нялх “юм”-наас анхны охин төрсөн нь бидний том эгч П.Энхтуяа гэж эмэгтэй энүүхэн 10 дугаар хороололд атаманаа хийгээд амьдарч байна. Аав ээж хоёр тэр үеийн дурлалын түүхээ бичсэн үнэн гоё үг яриатай, за бараг роман болох шахуу нэгэн жижиг хар дэвтэр бидэнд байна. Бичих ч гэж мөн зурайлгадаг байжээ... За энэ яахав, аав цааш яасан гэхээр юм юм болсон. Бугын Дэжид гэж Улс төрийн товчооны гишүүн байсан биз дээ. За түүний чинь төө зайгүй төрсөн дүү Бугын Насанжаргал гээчтэй үерхэж нөхөрлөдөг болжээ. Аав бол хичээлдээ мэдээж ок. Нэг удаа тэр хоёр үймүүлж яваад Насаа нь хөлөө хугалчихаж. Өнөөхөө аав үүрээд гүйцэгдэлгүй зугтаажээ... гэхчлэн Алтанбулагийн түүх нь үргэлжилдэг юм. Өнөөх Б.Насанжаргал нь сүүлд аавыг намын шийтгэл гээч айхавтар юм аваад Богд сумандаа нутаг заагдаад сууж байхад нь аймгийн даргаар очжээ. Аав нэг ч удаа уулзаагүй гэдэг. Аав намын шийтгэлээсээ өмнө овоо явсан юм билээ. Малын эмчээр аймагтаа очиж ажилдаа дөр сууж байтал нь Баруунбаян-Улаан сум нэгдлийн даргаар тавьчихаж. Түүндээ овоо дадаж байтал Намын дээд сургууль гэдэг рүү нь явуулж. Тэр цагаас хойш аав Москва, Киев, Алма-Ата... гээд ёстой нэг манаргах шиг болж, нүд тайлах шиг болсон нь өнөөдөр үлдсэн диплом, бичиг баримтуудаас нь тод харагдах юм даа. Ингэж их явсных үнэндээ аав шиг минь орос хэлтэй хүн ховор байсан санагддаг. Сурч боловсорч дуусахад нь Намын төв хорооноос өгсөн анхны томилолт нь Хөвсгөл аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга юм билээ. Аав ухаан алдчихсан гэдэг. Нутаг руугаа явахын бөөн хүслэн. Ингэтэл бүр сонин томилолт тууж иржээ. Радио телевизийн улсын хороонд нэвтрүүлэгчээр оч гэж. Ухаандаа өнөөдрийн Монголын радиогийн нэвтрүүлэгч. Өнөөдрийн хүмүүс “Өө нэг нэвтрүүлэгч...” гэж магадгүй. Аа бүр даргаар явна гэж ярих байх. Гэвч тухайн үедээ радиогийн нэвтрүүлэгч гэдэг бол том нэр төр, үүрэг хариуцлага байсан юм билээ. Төв хорооны тийм үүрэг даалгаварт үгүй гэх эрх байдаггүй байж. Тэгэх л юм бол бүх ажил амьдрал дуусна. Радиодоо очих бэлтгэлээ базаагаад байж байтал гэнэт Төв хорооны шийдвэр өөрчлөгдөн Намын төв хорооны ямар юмны хэлтсийг ч билээ төлөөлөн урлаг соёлын баахан алдартан дуучдыг дагуулан 18 аймгаар ард түмнийг соён гэгээрүүлэх багийг ахлан явах ажлыг хариуцуулж, гүйцэтгүүлсэн гэдэг. Тэгж явахдаа уртын дуучин, гавьяат жүжигчин Долгоржав гуайн хоолойг гайхан биширснээ ярьдагсан. Энэ мэтээр миний аавын намтар цадиг дуусашгүй. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөний хоёр дахь үе эхэлж хотын сэхээтнүүдийн дунд нэгдлийн даргаар явах илгээлт моод болсноор аав нэг л өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум нэгдлийн даргаар очсон байдаг юм. Энэ нэгдэлд миний аав ажилласан шиг ажилласан. Энэ нэгдлийг удирдаж байхдаа намын 16 их хурлын индэр дээрээс аймгаа төлөөлөн ганцаараа илтгэл тавьсан нь өнөөдрийн би мэт ач холбогдлыг нь мэдэхгүй байгаагаас тэр үедээ гайхамшиг, ховор аз тохиол байсан юм биш үү. Дараа нь аав Вьетнамын дайнд монголчуудын бэлэглэсэн мянган үхрийг вагоноор хүргэх Монголын комиссын орлогч даргаар явсан. Бас зүгээр явж чадахгүй Бээжингээр дамжих үедээ олгой ургаж Мао Зэдунд үйлчилдэг том эмнэлэгт нь хагалгаанд орсон байдаг юм. Монгол-Хятадын харилцаа сайн байсан үе юм байлгүй дээ. Тэгээд сүүлдээ Материал техник хангамжийн удирдах газрын хэлтсийн дарга гэгч болж дампуурсан байдаг юм. Энд аавынхаа дарга л хийгээд явсныг ярих гэсэн юм биш. Мөн ч ихийг үзэж туулсан хүн дээ гэдгийг л илэрхийлэх гэсэн хэрэг. За харин энэхүү Материал техник хангамжид байхдаа түрүүн хэлсэн намын шийтгэл гээч айхавтар юмаа хүртэж сум руугаа уруудан шунгинасан хүн дээ. Тэнд ч ёстой гандаж гундаж гүйцсэн дээ. Аавтай маань зэрэгцээд шахуу Чойсүрэн гэж хөгжмийн багш бас нутаг заалган ганцаараа очлоо. Аавын хар багын найз. Тэр хоёр ууна, оросоор ярина, оросоор дуулна, борцтой шөл хийж идэцгээнэ. Би тэр Чойсүрэн багшийг морь болгон унаж мөн ч олон тоглосон доо. Тэгсэн базарваань хумпад өнөөдөр мэдэх нь ээ тэрхүү Чойсүрэн гэдэг чинь хойно хөгжмийн сургууль төгссөн Монголын том хөгжмийн зохиолч байж. Ямар олон гоё дуу зохиосон байдаг юм бэ. “Аяны шувуу”, “Алтан тэрэлж цэцэг’... гээд өнөө ч дуулагдаж байна. Нэг өвөл багш нарын баярын цайллаган дээр Чойсүрэн багш нэгмөсөн ойчсон юм. Аав “Чойсүрэнгээ би энд биш их газарт нь, ядаж аймагт олны хүндлэл дор оршуулна” гэж хэлсэн гэдэг юм. Ингээд нэгдлээс унаа гаргуулж аваад Чойгийнхоо шарилыг ачаад аймаг руу аваад явчихсан даа. 200 гаруй км газар өвлөөр. Эргэж ирэхдээ аав “Эцсийн замд нь сайхан үдлээ, олон хүн ирлээ, хотоос Бадраа эд нар иржээ” гэхчлэн ярьж байсан нь өнөө их соён гэгээрүулэгч Ж.Бадраа юм билээ. Миний аав ийм л сэтгэлтэй хүн байсан.

Ээж минь 48 насандаа хүнд өвчин туслаа. Аав хот руу аваад л явна. Цацраг туяаны билүү нэг эмнэлэгт л эмчлүүлдэг. Эргээд ирнэ. Ирсэн хойноо “Муу Цэнд маань их тус боллоо” гэж ярих. Бас өөр сонин хачинтай ирдэг байсан шиг байна лээ. Жанжигаа гэж Халх голын дайчин өвгөн ах маань байлаа. Түүнд их итгэж нарийн ширийнээ аав минь ярина. Нэг удаа ээжийг хот авч явж ирснийхээ дараахан шөнө орой Жанжигаагийнд тэр хоёр буу халахад нь би хажууд нь унтсан дүр эсгэн үг чагнаж билээ. Зууханд хөрзөн түлчихсэн халуу дүүгээд л, хоёулаа данх ёроолдох маягтай ярьж байсан санагдана. Аав “Бал даргыг өнөө Филатова чинь цус нөжийг нь гартал зодсон байсан гэнэ шүү...” гэж. Хот явахдаа аав найз нөхдийнхөө хүрээнээс энэ хэрийн мэдээллийг авдаг л байсан шиг байна лээ.

Ээж минь хоног хоногоор доройтсоор аав минь 49 насан дээрээ ханиасаа хагацлаа. Улаанцурав хэдэн хүүхэдтэйгээ үлдлээ, миний аав. Миний дээд талын ах дөрөвдүгээр анги, түүний дээд талын эгч зургадугаар анги гээд дээш явна. Би гэж бээлийн чинээ амьтан ааваас ээжийгээ нэхэж уйлаад л... тэр үеийн тэнгэр баргар өдрүүдийг тод санадаг юмаа. Ийм амьдрал дунд үлдсэн эр дунд насны хүнд юу бодогддог байсан бол. Үүнд ганцхан миний аав л хариулж чадна. Зүтгэсэн дээ, миний аав. Бидэнд хойд урд эхийн бараа харуулаагүй. Долоон өнчин хүүхдээ хэний ч дор оруулалгүй хүний зэрэгт хүргэсэн юм. Дээлийнхээ ханцуйд уйлж, дотогшоо өмөрч байж энэ л гайхамшигт амьдралыг бидэнд үлдээсэн, миний аав. Тандаа гүн хүндэтгэлтэй мэхийж байна, аав аа.

Наадмын хийморь далласан энэ л өдрүүдэд аавыгаа ийн дурслаа. Наадмын өглөө хүмүүс аав ээжтэйгээ торгон дээлээрээ ижилсэн явах нь сайхан харагддаг юм. Цагаахан атаархах юм даа, би. Ингэж хамтдаа алхах эжий аав алга л даа. Гэхдээ сэтгэлийн энэ л гунигаа тайлж үүнийг бичив.

Энэ жил сумын маань ой тохиож байгаа. Аавынхаа өнөө муу дамбигар бүрх, оодон улаан дээлийг нь өмсөөд, яах аргагүй ядуу хүн эдэлж байсан гэхээр хуучны хүрэн торгон даалинтай хөөргийг нь өвөртлөөд тавьж очно доо.