Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд болох Баабар, Баярхүү нар “Манай зууны хөрөг” хэмээх хамтын бүтээлээ 1997 онд уншигчиддаа толилуулсан. Түүнээс хойш олон жил өнгөрч, шинэ зуун гарч, уг номд бичигдсэн улс төрийн зүтгэтнүүдийн үүх түүхийг баяжуулах үйл явдал дэлхийд чамгүй ихээр өрнөжээ. Олон улсын харилцааны агуулга, дүр төрх ч эрчтэй өөрчлөгдөж шинэчлэгдлээ.  Шинэ зууны хөргийг бичилцэж буй улс төрчид ч олноороо төрөн гарч ирлээ. Иймд хоёр зохиогч маань хамтын бүтээлээ нэмж баяжуулан “Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид” хэмээх шинэ бүтээлээ туурьвиж дуусч байна. Шинэ номд орж буй хоёр зүтгэлтнийг уншигчиддаа урьдчилан танилцуулъя – baabar.mn

Одоогоос хорь гаруйхан жилийн тэртээ цэцэглэн хөгжсөн Ардчилсан Герман (буюу товчоор БНАГУ) гэх улс байлаа, хөгжил дэвшлийн үлгэр жишээ нь бидний хувьд чухам тэр улс байлаа гэж бичиж ярихад өнөөдөр Монголд үнэмших хүн тийм олонгүй. Улс орон ул мөргүй алга болж, түүхнээс арчигддагийн сонгодог жишээ нь энэ болов уу. Тэрчлэн БНАГУ-ыг үндэслэсэн, удирдаж авч явсан удирдагчид нь мөн түүхнээс арчигдан алга болжээ. Гэхдээ wikipedia.org гэх сайт руу ороод үзвэл нэрс нь тодорч байх юм аа. Тэдгээр нэрс дотор хамгийн их яруу алдрыг дуурсгуулсан нэгэн бол Вальтер Ульбрихт, Эрих Хонеккер нар билээ.

Рейхстагийн депутат явсан коммунист

Энэ хоёр хүний толгойлж асан Германы нэгдмэл социалист нам (товчоор ГНСН) эдүгээ үе залгамжлагч зүүний намаа ХБНГУ-ын парламентад суудалтай байлгаж, фракцтай үлдээсэн гэж үзэж болно. Харин улс төрийн удирдагчид нь ийнхүү түүхнээ мартагджээ.

Вальтер Ульбрихт бол 1893 онд төрж, 1973 онд хорвоог орхиж, тасралтгүй 21 жил коммунист намыг толгойлж, Ардчилсан Германы төрийг арав гаруй жил тэргүүлж явсан шалгарсан сталинч большевик байлаа.  


Түүний намтарт сонин сонин мөрүүд нэлээдгүй байх аж. Дээд боловсролгүй, дэлхийн нэгдүгээр дайнд Кайзерын Германы армид байлдаж явсан, социал-демократуудын “Спартак” бүлгийн гишүүн, 1918 оны намрын хувьсгалын өдрүүдэд Лейпциг хотын ажилчин цэргийн депутатуудын зөвлөлийн гишүүн, Германы коммунист намыг  үндэслэгчдийн нэг, “Ангийн тэмцэл”(“Der Klassenkampf”) сонины эрхлэгч, Германы  Рейхстагийн депутат, Коминтернд суугаа төлөөлөгч, Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолтон, 1927 оноос 1973 онд нас бартлаа намын Төв Хорооны гишүүнээр тасралтгүй сонгогдсон, 1935 оноос намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн гэхчлэн бичвэл барагдахгүй жагсаалт хөврөх аж.

Тэрээр Эрнст Тельман, Вильгельм Пик нартай мөр зэрэгцэн олон түмний жинхэнэ  марксист-ленинист намыг байгуулж төлөвшүүлж чадсан. Нацистуудын хавчлагаас зугтаж 1933-1945 онд Ульбрихт Зөвлөлтөд дүрвэн суухдаа Эх орны дайны үед Сталинградын нуувчинд эх орон нэгтнүүдийнхээ эсрэг тулалдаж,  Сибирьт олзны герман цэргүүдийн дотор коммунист ухуулга хийж, олон зуун нөхдийг зөв замд нь оруулж, “Чөлөөт Герман” гэх Үндэсний хороог байгуулалцаж явжээ.  Энэ хороо нь ирээдүйн  Ардчилсан Германы бэлтгэл Засгийн газар маягаар ажиллаж байв. Тиймдээ ч Ульбрихт нь Германы дорнод 5 мужид 1949 оны 10 дугаар сарын 7-нд байгуулагдсан ажилчин тариачны төр улс–БНАГУ-ыг үндэслэн байгуулагчийн нэг болж түүхнээ мөнхөрсөн юм. 

Тэрээр нам-төрийн өндөр албан тушаалд ажилласан 20 гаруй жилд БНАГУ хөгжил дэвшлийн өндөрлөгт хүрсэн гэдэгтэй маргах хүн байхгүй. Дайны шархыг үтэр түргэн нөхөж, улс төр, нийгэм–эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийж, Үндэсний ардын армийг байгуулсан, Варшавын гэрээний байгууллагыг байгуулалцаж бэхжүүлсэн, тэр үеийн ах дүү социалист орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсэн гээд гэгээтэй олон хуудас намтарт нь байна.

Гэвч эдүгээ германы ард түмний дунд муу нэрээр дуудагдсан олон үйлс бас Ульбрихтэд хамаатай юм. Берлиний хямрал гэгчийг өдөөгч нь чухам Ульбрихт байсан ба хямрал хоёр сар үргэлжилж, Баруун Берлиний оршин суугчдад огтын хэл мэдээ өгөлгүй 1961 оны зуны  тэр нэг шөнө гэнэт босгосон хана хэрмийг чухам Ульбрихт тэргүүтэй Германы нэгдмэл социалист намын удирдлага санаачилсан юм. “Хүйтэн дайн”-ы бэлгэдэл–энэ чулуун хана 1989 оны намрыг хүртэл Баруун Берлин хэмээх хот–улсыг ертөнцөөс тусгаарлаж байв.


Ульбрихт нь 1963 онд 70 насныхаа ойг сүр бараатай тэмдэглэж, энэ ойгоороо Зөвлөлтийн Баатар цол шагнуулж, БНАГУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг гурвантаа хүртэж,  эрч хүч нь харилгүй гялалзаж явсаар 1971 онтой золгожээ. Гэтэл эрүүл мэндийн гэх шалтгаанаар гэнэт огцрох нь тэр. Бие гүйцэхээ байлаа, халагдъя гэх өргөдлийг намын нөхөддөө Брежневийн шахалтаар бичсэн гэх нь бий. Магад ч үгүй юм. СССР-ийн гялалзсан залуу удирдагчийн хөлд чирэгдсэн, намжмал байдлын эрин үед өвгөрсөн сталинч удирдагч хэрэггүй болсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч намын нөхөд нь түүнийг үхтэл нь намын дарга гэх хүндтэй тушаалд байлгасан даа.

Хонеккерын намтрын товчоон

БНАГУ-ын дараагийн удирдагч асан энэ эрхэм 1912 онд Баруун Германы Саар мужид (Францтай залгаа ХБНГУ-ын хамгийн баруун муж) уурхайчны гэр бүлд мэндэлжээ. Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ир Сентэй насаар чацуу, бас төрсөн нутгаа орхин эх орныхоо коммунист хэсэгт очиж төр барьснаараа бас адил хувь заяатай. Германы комсомолд элссэнийхээ дараа Москвад очиж Коминтерний дэргэдэх Олон улсын лениний сургуульд суралцаж, мөн Магнитогорскийн төмөрлөгийн комбинатын барилга дээр интернационалч гавшгай отрядад ударник явсныг нь болохул Чан Кайшийн хүү Зян Зингог ч санагдуулам.
Эх орондоо эргэж очоод комсомолын нууц ажил эрхэлж яваад нацистуудад баривчлагдан 1935-1945 онд бөөнөөр хорих лагерьт хоригджээ. Түүний хоригдож асан лагерийг америкчууд чөлөөлсөн ба тэрээр баруундаа үлдэхийг хүссэнгүй Улаан армийн хяналтад байсан зүүн нутаг руу дүрвэн очжээ. 1946 онд коммунист , социал-демократ хоёр нам Зүүн Германд нэгдэхэд Хонеккер шинэ ГНСН-ын Төв Хорооны гишүүн болж, ирээдүйн коммунист Германы Чөлөөт залуучуудын холбоог (комсомол) байгуулалцан түүний анхны дарга болжээ. Ингээд албан ёсны албан тушаал нь эрэмбэлэгдэж байна. Аль ч коммунист орны нам-төрийн зүтгэлтэнд байдаг жагсаалт л даа. 1946-1955 онд комсомолын төв байгууллагын дарга, хавсраад 1949 оноос шинэ төрдөө залуучуудын асуудал эрхлэх ГНСН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, мөн 1949 оноос тасралтгүй 40 жил Ардын Танхимын депутат, 1950-1958 онд намын Төв Хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн, 1958 оноос жинхэнэ гишүүн гэхчлэн. 1955-1956 онд Москвад коммунист намын дээд сургуульд суралцаж боловсролоор дахин нэг шат ахижээ.


1971 он түүний амьдралыг эргүүлсэн, чухам улс төрийн од харвасан жил болжээ. Юу гэвэл  БНАГУ-ын удирдагч Вальтер Ульбрихтаас намын даргын тушаалыг авч,  Үндэсний батлан хамгаалах зөвлөлийг давхар хянах болсон юм. 1973 онд Вальтер Ульбрихтыг бурхан болмогц төд удалгүй Төрийн тэргүүнээр (Төрийн зөвлөлийн дарга) сонгогджээ.  

Намын махны машины жолоон дээр

Эрих Хонеккерын намтрыг ажваас ердөө 2-3 төрлийн тушаал хашсан мэт. Эхэндээ коммунист залуучуудын байгууллагыг толгойлжээ. Комсомолын дарга нар Хрущевын үед улсыг аюулаас хамгаалах байгууллага руу шилжиж ажилласан жишгээр тэрээр намын Төв Хорооны залуучуудын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга байснаа мөн л аюулаас хамгаалах, цэрэг цагдаа, дотоодыг хамгаалахыг эрхэлсэн нарийн бичгийн дарга хийж яваад намын дарга болжээ.

Гестапогоор үлгэр загвар авч байгуулсан Ардчилсан Германы “Штази” гэгч тусгай алба нь чухам Хонеккерын бүтээл байлаа. Мэдээж ганцаараа санаачлаагүй, гэхдээ намд аюулаас хамгаалах асуудал эрхэлж байсны хувьд 1960-аад оноос оройлон оролцсон. Ялангуяа эх орноосоо урвагчдыг тагнах, хавчих, цээрлүүлэх ажлыг улайран хийгч байв. Берлиний хана давж оргосон залуусын араас эзэнгүй буугаар галлаж алдаг өвөрмөц аллагын механизмыг тэр санаачилж, өөрөө удирдаж чиглүүлж байсан нь хожим нотлогдсон. “Штази” нь үзэл суртал, үйл ажиллагаа, үр дүнгээрээ Баруун Германы тусгай албадыг хол хаясан байв. ХБНГУ-ын улс төрчдийн яриаг тагнах чагнах, тэдний ойр дотныхноос элсүүлэх, эргүүлж ашиглах талаар  гаргуун ажиллаж, тэр ч бүү хэл Холбооны канцлерыг нь (Вилли Брандт) огцруулахад хүргэсэн дуулианыг чухам Хонеккер дээрээс нь удирдан чиглүүлж байв.

“Штази”-ийн ул мөр, балаг эдүгээ ч арилаагүй, шинэ Германы дорнод мужуудын мянга мянган ахмадуудын сэтгэлийг шархлуулсаар. 1953 онд 10  мянган ажилтантай байсан энэ тусгай алба тэр дорхноо 30 мянган мэдээлэгчийг элсүүлж, 1963 он гэхэд БНАГУ-ын насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь “албан бус ажилтан” гэх им тамгатай болжээ. Хонеккер дээрээс нь чиглүүлж байсан тэр үед жилдээ 3000–3500 ажилтан шинээр элсэгдэж байсан ба 1989 онд Хонеккерыг албаа өгч байх үед Ардчилсан Германы хүүхэд том хүн нийлсэн 77 хүний дунд нэг “штазич” ногдож байлаа.


Перестройка хэрэггүй ээ!

Ульбрихтын үетэй харьцуулахад Хонеккерын үед гадаад бодлого нь үнэхээр тэлж өргөжиж урагшилсан. НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлж, дэлхийн олон орноор хүлээн зөвшөөрөгдөж,  Зөвлөлтөөс түүхий эд, эрчим хүч, Баруун Германаас хатуу валют хөвөрч өгсөн юм. Хельсинкийн төгсгөлийн баримт бичгээр дайны дараахи Европын хил хязгаарыг баталгаатай болгож, чухам Эльба мөрнөөс зүүн тийшхи олон улсын дэгийг   Брежнев, Хонеккер хоёр тодорхойлж байсан цаг. Улс орных нь олон улсын нэр хүндийн өсөлт, гадаад бодлого дахь дипломат ялалт амжилтаа хэт үнэлчихээд дотоод бодлогоо сулруулсан, ялангуяа ХБНГУ дахь эдийн засгийн өсөлтөөс тасархай хоцорсноо олж хараагүйгээс БНАГУ-ын хожмын уналт нөхцөлдсөн юм.

Аливаа өөрчлөлт шинэчлэл, реформ нь 1956 оны Унгарын, 1968 оны Чехословакийн маягийн бослогод хүргэнэ хэмээн үхширтлээ итгэсэн Хонеккер, түүний нам–төрийн удирдлага 1980-аад оны дунд үед Зөвлөлт Холбоот Улсад өрнөсөн өөрчлөн байгуулалт буюу олон улсын хэллэгт хэвшсэнээр “перестройка” гэгчийг мөн л үхширтлээ эсэргүүцэж угтсан юм. “Перестройка” гэгч нь нийгэм нь цэгцрээгүй, хүн ард нь төгс жаргаж чадаагүй тийм социалист орнуудад заяагдсан болохоос бүх хөгжил нь жигдэрсэн БНАГУ-д хүртээлгүй, өөрчлөлт хийх шаардлагагүй гэх тайлбар хааяа нэг Берлинээс дуулдаж, зах зээлийн эдийн засаг, хүний эрх эрх чөлөө гэгчийг огтоос хайхрахгүй байсан хэрэг л дээ.

Хонеккерын уналт 1985 оноос эхэлсэн гэж үздэг юм билээ. Тэр онд М.Горбачевын өмнөх дарга К.Черненко бурхан болж, гашуудлын ёслолд ах дүү социалист орнуудын удирдагчид бөөнөөрөө очиж оролцох үед хойшид найрамдлын тус үнэ төлбөргүй байхгүй шүү гэдгийг Горбачев ягштал ойлгуулсан гэж үздэг. Шилжих рублиэр авсан олон жилийн тусламж өр болж хувирах нь тэр. Баруун Германаас авдаг өргөн хэрэглээний эд барааг шилжих рубль гэдгээр төлөх боломжгүй, ингээд баруун хөршдөө баахан өртэй болж авлаа. Эдийн засаг дампуурах тийшээ хандаж, иргэд нийгэмдээ дургуйцэх нь их боллоо. Дургүйцсэн иргэд эх орноосоо зугтаах нь ихэслээ. “Штази” тэднийг хүчирсэнгүй.

Уналт

1989 оны намар – БНАГУ байгуулагдсаны 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Хүндэт зочдын манлайд “перестройка”-ын эцэг Горбачев очжээ. Гээд энэ лут баяр, цэрэг-зэвсгийн сүрлэг парад  Хонеккерт “пиар” авчирсангүй. Харин “антипиар” (эсрэг пиар) болж, Лейпцигт 100 мянган хүн “Бид – Нэг ард түмэн!” гэх уриан дор гэнэт жагсах нь тэр. Үндэсний баяраа тэмдэглэхийн босгон дээр “Шинэ форум” гэх сөрөг хүчний нам байгуулагдчихсан байж. Мянган мянган германчууд Унгар, Австриар дамжаад Баруун Герман руу дүрвэж, энэ цуваа тасрахгүй байсаар тэр ойн баяртай золгожээ.

Нам Хонеккероо золигт гаргаж, коммунист байгууллаа авч үлдэхээр шийдлээ. Зөвлөлтийн маягийн перестройка эхэлснийг зарлаж, үндэсний баяр тэмдэглээд арав хонолгүй Хонеккероо бүх албан тушаалаас нь авч хаялаа.  Үндэсний баяр тэмдэглээд яг сар болсны дараа нөгөө гайт хана хэрмийг нурааж хаялаа. Гэхдээ үүнийг нам нураасан юм биш, германы ард түмэн хар зөнгөөрөө нураасан юм. Зөвлөлтийн перестройка 7 жил үргэлжилсэн бол Зүүн Германы перестройка долоон 7 хоног үргэлжилсэн гэх судалгаа бий. Ердөө жилийн дараа (1990 оны сүүлч) өвгөрсөн коммунист 78 настай Хонеккерыг баривчлах шүүхийн шийдвэр гаржээ. Берлиний хана давж оргосон оргодол иргэдийг (Баруун Берлиний цагдаагийн мэдээгээр бол 118 иргэн) араас нь сануулгагүй буудаж алж байсан хэрэг түүнд тохогдох нь тэр. Өмч хөрөнгө үрэн таран хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан ял ч түүнд нэмэгджээ.

Эх оронгүй сүүлчийн коммунист  

Хонеккер эхэндээ чихэндээ итгээгүй гэдэг. Төр улсдаа байгуулсан асар их гавьяаг нь шүүх тэгж үнэлсэнд үнэндээ итгэхэд бэрх байлаа. Шүүхээс бултаж нэг хэсэг Берлиний нэг эмнэлэгт хэвтэж, дараа нь Потсдам дахь Зөвлөлтийн цэргийн эмнэлэг рүү шилжлээ. Сүүлдээ Ерөнхийлөгч Михаил Горбачевын “хувийн зочин” гэдгээр СССР-т нууцаар дүрвэн очжээ. СССР-ийн төр улсын түүхийн сүүлчийн хар өдрүүдэд гурав хоногийн дотор СССР-ээс гарч явахыг түүнээс шаарджээ. Цөхөрсөн Хоннекер эхнэрийн хамт Москва дахь Чилийн Элчин сайдын яамны хашаа руу зугтаж орлоо. Энэ бол хэний ч санаанд үл ором гэнэтийн явдал боллоо. Дэлхийгээр нэг сенсаац дэгдэх нь тэр. Чилид коммунист хүргэнтэй байсан юм гэнэ, тэр нь л Чилийн Засгийн газарт хандаж орогнуулах хүсэлт тавьжээ хэмээн мэдээлэв. Харин шинэ байгуулагдсан ОХУ, түүний Ерөнхийлөгч Б.Ельцин түүнтэй нялцаганасангүй, 1992 оны зун Хоннекерыг Оросоос хөөж гаргалаа. Хөөх хөөхдөө хүсэн хүлээсэн Чили рүү нь биш, эх оронд нь шилжүүлж өглөө.

Берлинд очсон Хоннекерыг шорон хүлээж авлаа. Авах авахдаа 1946 онд Нюрнбергийн шүүхээр яллагдсан нацистуудын толгойлогчдын хоригдож байсан муу нэрт шоронд хийсэн гээч. Хэдхэн сар болоод Берлин хотын шүүх Ардчилсан Германы зартай гурван удирдагч–Хонеккер, Сайд нарын Зөвлөлийн дарга асан Вилли Штоф, Улсыг аюулаас хамгаалах яамны сайд асан Эрих Мильке нарыг шүүж эхэллээ. Берлиний хананы дэргэд олон арван хүн алуулсан ялд мань гурав унажээ. Гэвч шүүх удаан үргэлжилсэнгүй, ял өгсөнгүй, цаад гурав нь хэрэг хариуцах чадваргүй өтөл настнууд гэсэн тайлбар дагалдав. 

Хонеккерын хувьд түүхэн төгсгөл нь арай гэгээтэй дууссан юм. Германы Засгийн газар түүнийг Чили рүү цагаачлахыг 1993 оны эхээр зөвшөөрч, тэрээр таньж мэдэхгүй, очиж үзээгүй, алсын алс Латин Америк, Андын уулс руу зорьжээ. Нацистууд Латин Америк руу бөөн бөөнөөрөө зугтан очиж бүгсэн шиг эх оронгүй энэ коммунистэд яг тийм хувь тавилан ногджээ.Тэрээр эхнэр, охин, хүргэнийхээ гар дээр 1994 оны 5 дугаар сарын 29-нд  Сантьяго-де-Чили хотноо насан эцэслэж, түүний шарилыг Чилид нь оршуулжээ.