Чингэлэг хүнээс иддэггүй, хүн чингэлгийг "иддэг"
Төрийн болон төрийн бусчуудад өгдөг авилгын зардал нэмэгдсээр ковидын өмнө 10 сая байсан тээврийн зардал 110, 120 сая болтлоо өссөн байна. Тэгэхээр чингэлгийн үнийг хямдруулья гэвэл чингэлэгтэй биш, хүмүүстэйгээ ажиллах хэрэгтэй л болж дээ.
Замын-Үүд-Эрээн боомтын хооронд задгай тээврийг зогсоож, зөвхөн чингэлгээр тээвэрлэх болсонтой холбоотойгоор тээвэрлэгчид эсэргүүцэл илэрхийлэх болов. Өнгөрөгч даваа гаригт нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулсан, чингэлэгт тээврийг зогсоохыг холбогдох яам, сайд нараас шаардлаа.
Эсэргүүцлийн жагсаалын дараа Шадар сайд тээвэрчидтэй уулзаж, “Задгай тээвэрлэлт эхлүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд удаа дараа тавьсан. Одоогоор БНХАУ-д цар тахлын онц дэглэм буураагүй, халдвар, хамгааллын дэглэм сахиж байна. Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдвэл дахин шинэ зохион байгуулалтад орох хүртэл 28 хоног орчим тээвэрлэлтийг зогсооно гэдэг хариу ирсэн. Цаашид хэр хугацаанд чингэлгээр тээвэрлэхийг бидний зүгээс тогтсон хугацаа хэлэх боломжгүй” гэдэг хариу өгчээ.
Товчхондоо өнгөрөгч оны аравдугаар сард өмнөд хөршийн Эрээн хотод коронавирусын халдвар гарсны дараа (“Хуй Тун” гэдэг Монголоос ачаа бараа оруулж ирдэг ложистик төвд халдвар гарсан тухай Хятадын хэвлэлээр мэдээлсэн) Эрээн хот хилээ хааж, халдварын тархалтыг хумьж чадаагүй шалтгаанаар Эзнээ хошууны даргыг ажлаас нь халсан байдаг. Үүний улмаас хоёр улсын хороонд ачаа тээвэрлэлт буюу экспорт, импорт бүрэн зогссон билээ. Импортын бараагаар өмнөд хөршөөсөө бүрэн хараат болчихоод байгаа манай талаас шаргуу хөөцөлдөж, гуйж гувшсаны үр дүнд хоёр тал хилийн “0” цэг дээр уулзаж, хоёр талд хуримтлагдсан ачаа барааг солилцох, ингэхдээ хоёр талын хүмүүс хоорондоо хавьталгүй зөвхөн чингэлгүүдийг солилцохоор болсон байдаг юм.
За эндээс “чингэлэгт тээвэр” гэдэг зүйл эхэлжээ. Нэгэнт Хятад улс “задгай тээвэрлэлт нь халдварын өндөр эрсдэлтэй байна” гэж үзсэний үндсэн дээр зөвхөн чингэлгээр тээвэрлэхийг манай талаас шаардаж байгаа тохиолдолд манай жолооч нар “чингэлэгт тээврийг зогсоо, бид ажил орлогогүй боллоо” гэж дарга нараа мянга зодоод нэмэргүй юм, нэгдүгээрт. Хөрш улсын маань хувьд задгай тээвэр эрхэлдэг 5600 монгол жолоочийн ар гэр, амьжиргаанаас илүү өөрсдийнх нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал чухал. Тэгээд ч бидний хувьд коронавирусын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олж авсан зарим нэг сайн дадал зуршлаа “дэглэм зөөлөрлөө” гээд хаяж гээхийн оронд харин ч хөгжүүлж авч явах ёстой юм л даа. Түүний нэг нь чингэлэгт тээвэр. Энэ бол ачаа барааг гарз хохиролгүй, аюул осолгүй тээвэрлэх олон улсын стандарт.
Харин тэр “чингэлгээр тээвэрлэснээс болж барааны үнэ өсөөд, иргэдийг хохироогоод байна. Задгай тээвэрлэвэл барааны үнэ хямдарна” гэдэг бол хэт өрөөсгөл дүгнэлт. Үнийн өсөлтийг чингэлгүүд идээд байгаа юм биш, манайхан өөрсдөө л дундаас нь "цавчаад" байгаа дүр зураг харагддаг.
Жишээ нь, зөвхөн Замын-Үүд суманд гэхэд ачаа тээвэр эрхэлдэг хүмүүсийн "эрх ашгийг хамгаалах" нэртэй зургаан холбоо байдаг юм байна. Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Замын-үүд хамтын жолоо” ТББ-ын тэргүүн Д.Байгалмаа гэдэг хүн хилийн тэг цэгээс Замын-үүд рүү ачаа тээвэрлэх богинын тээвэрт 50 тээврийн хэрэгсэл явуулахаар гэрээ хийж, нөгөө зургаан холбоодоос тус бүр тав, таван машин оруулахаар болжээ. Тэгсэн нөгөө холбоод нь таван тээврийн хэрэгслээсээ тус бүр 15 сая төгрөгийн хураамж авч, бүртгэхээр болсон байна. Энэ хураамж гэхэд жишээ нь ямар ч хууль, журамд байхгүй зүйл. Зүгээр “холбоо” нэртэй мафи тээвэрчдээс мөнгө татаж байна аа л гэсэн үг. Үүнийхээ 1/3-ийг нь АТҮТ-ийн Замын-Үүд салбарын дарга Д.Болор-Эрдэнэд авилга болгон өгч, үлдсэнийг нь холбооны удирдах зөвлөл авдаг гэнэ ээ. Бүртгүүлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ДГО серитэй байхаас гадна нууцлалыг чандлан хадгалах шаардлага тавьдаг гэнэ. Энэ бол зөвхөн нэг л шат дамжлага.
За, тэгсэн чинь Эрээн боомтоос чингэлгээр орж ирсэн ачааг Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд суллаад, хоосон чингэлгүүдийг Эрээн боомт руу ачуулах гэж бас нэг бизнес байдаг байна. Энэ ажлыг УБТЗ ХНН-ийн ачаа шилжүүлэн ачих анги хариуцдаг. Уг нь чингэлгүүдийг хилээр нэвтэрсэн өдрийн дарааллаар (өдөрт 20-25 чингэлэг) буцаах ёстой ч Эрээний боомтын гаалийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг хятад, өвөр монгол иргэд УБТЗ ХНН-ийн ажилчдад 1,5 сая төгрөгийн (чингэлэг тус бүрт) авилга өгөөд чингэлгүүдээ очер дугааргүй татан авдаг гэж байна. Түүнийг нь нөгөө л "Замын-Үүд хамтын жолоо" ТББ-ын тэргүүн Д.Байгалмаа охинтой нийлж зуучилдаг, зохион байгуулдаг гэнэ. Өдөрт 25 чингэлэг гэж тооцвол 37.500.000 төгрөг ачих ангийнхны халаасанд ордог гэсэн үг. (хоосон чингэлгээс ийм хэмжээний авилга авч байгаа бол хоолтойгоос нь бүр гараад өгөх нь ээ) Энэ мөнгө Эрээний хятад, өвөр монголчуудын халааснаас гардаг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Манай бизнес эрхлэгчдээс, бүр тодорхой хэлбэл эцсийн худалдан авагч нар болох иргэдийн халааснаас гардаг. Гэх мэтчилэн төрийн болон төрийн бусчуудад өгдөг авилгын зардал нэмэгдсээр ковидын өмнө 10 сая байсан тээврийн зардал 110, 120 сая болтлоо өссөн байна.
Дээр нь манай жолооч нарын өөрсдийнх нь шунал гэх үү, хясал гэхүү. Өмнө нь таван удаагийн рейсээр олдог байсан мөнгөө нэг удаагийн рейсээс авах гэж зүтгэдэг. Яагаад? гэхээр “Гаалиар гарч байгаа машины тоо багассан учраас орлогогүй болоод байна, бид ч гэсэн ар гэрээ тэжээх ёстой биз дээ” гэдэг. Энэ бүх зардлууд нэмэгдсээр эцсийн хэрэглэгч болох иргэдийн нуруун дээр ачаа болж ирж байгаа юм л даа. Түүнээс биш чингэлгээс болж үнэ өсөөд байгаа юм биш, чингэлэг бол юу ч идэж чадахгүй шүү дээ. Харин хүн (хүмүүс) чингэлгийг идээд байгаа хэрэг. Тэгэхээр чингэлгийн үнийг хямдруулья гэвэл чингэлэгтэй биш, хүмүүстэйгээ л ажиллах хэрэгтэй л болж дээ.
Зочин
дангаа
СҮРЭН
Зочин
Ajaa taij