САНКАРА эссэ-роман 34-р бүлэг
“БҮЛЭГ ДОТОРХ БҮЛЭГ”
Тэрээр энэ бүхнийг нэхэн бодоод саяхан гаргасан “Цонхон дээр суусан” ялаа нэртэй си динийхээ Англи, Монгол хувийг бас “Кондуктор” хэмээх кино зохиолын англи хэл дээрх хувь тэргүүтнээ эмхлэн нэг жижиг цүнхэнд хийгээд гэрээсээ гарах гэж байхад зурагтаар Ерөнхийлөгч үг хэлж байхыг давтан үзүүлэв.
Тэрээр хэлэхдээ, “Би та бүхэнд, өөртөө ч нэг зүйл сануулах гэж байна. Бүгдээрээ үүнийг өглөө бүр санаж явъя. “Сонгогдлоо” гэсэн үг сонсоод ард түмэндээ баярласан тэр мөчөө бүү март. Тэр шөнө дөлөөр ард түмэндээ илэрхийлж байсан баяр талархлаа, тэр сонгуулийн өдрийн маргааш өглөө босоод “түмнийхээ төлөө зүтгэнэ” гэсэн тэр андгайгаа бүү март. Сонгуулийн үеийн амлалтаа, сонгуульд ялаад хэлж, ярьж байсан үгээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа өдөр бүрийн тоогоор санаж яв...” хэмээн ярихыг сонсож байснаа зурагтаа унтраагаад Мөнхөө цүнхтэй юмаа дахиж нэг нягтлаад гарч одлоо.
Гадаа нар шарж ёстой л тэнүүн явах тэнгэрийнх, тэнхлүүн явах хоолных гэдэг үгийг сануулж байв. Нарлаг Монгол орон гэж дотроо хэлээд бүр 1910аад онд Монголд амьдарч байсан Хаслундын ач хүү Майкл Хаслундтай уулзах, түүний эртний танил найз гэхэд арай хэтийдэх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах магадлалтай байсан тул үнэтэй костюмаа өмсөөд гарч яваа нь энэ байлаа.
Блю скай хэмээх цэнхэр шилэн байшинд байрлах зочид буудалд Майкл Хаслундтай уулзахаар товлож, доод кофе шопод түүнийг хүлээнгээ кофе ууж суулаа. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч байсан ч 300 орчим цагдаагаар гэрийг нь бүслүүлж, хаалгыг нь лантуудаж орж ирээд хөлийг нь гозолзуулан баривчилж, шоронд хийсэн Н.Энхбаярын байшин гэж олон жил ярьсан ч сүүлдээ биш болж таарсан билээ.
Шилэн цонхоор Засгийн газрын ордон хойхно нь харагдахад тэрээр өнөөдөр Элбэгээ намайг дуудах байх хэмээн авч ирсэн зүйлсээ алийг нь Хаслундад алийг нь Ерөнхийлөгчид өгөхөө ялган сууж байлаа. Анх 1998 онд түүний кино шагнал авч эхлэх жил Элбэгдорж Ерөнхий сайд байсан бөгөөд урлагийнхан дэлхийн хэмжээний шагнал хүртвэл нэг шагналыг найман сая төгрөгөөр мялаах тогтоол гаргасан юм. Мөнхөө ихэд баярлан олон удаа түүнд хандсан ч тэгэсгээд өнөөх нь суудлаасаа огцроод, бүх зүйл замхарсан тэр цагт МАХНынхан түүнийг огт авч хэлэлцэхгүй гэж бодоод нэг ч хандахгүй байсаар олон жил өнгөрчээ.
Гэвч дараа нь Элбэгээ дахиж Ерөнхий сайд болоход нь нэг шинэ жилээр нэвтрүүлэг хийх болж, эрхэм дээдсүүдийн амьдардаг Их тэнгэрийн аманд очиж зураг авах үед өөрийнхөө шагналтай холбоотой хавтас дүүрэн бичиг баримтыг өгсөн бөгөөд Элбэгдорж “Чамтай хэн барьцах билээ, би чамд шагналыг чинь өгнө...” гээд авсан ч бас л таг болж орхисон аж.
Дараа нь, тэрээр киноныхоо дууг оруулсан ардын жүжигчин Дамчаа гуайг бас түүн дээр энэ асуудлыг яриулахаар оруулсан ч Ерөнхий сайд шууд эхнэр рүүгээ утасдаад;
Дээр Мөнхөө ирэхдээ нэг хавтастай бичиг орхисон, түүнийг олоод бэлдчихээрээ би маргааш авч явна гэж... Их тэнгэр рүү утасдлаа гэж хэлсээр гарч ирсэн ч бас л өнөөг болтол ямар ч чимээ аниргүй байсаар өнгөрсөн жил түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан олон ангит кино хийхээр өнөөх Их тэнгэрт очиход тэрээр тэвэрч авч сайхан уулзаад
Чи надад гомддог байх. Би мартаагүй... Бүх юм дэс дараатай болно гэжээ. Мөнхөө юу хэлж байгааг ойлгосон болохоор тэр тухай ч ярьсангүй. Өнөөх хийх гэж байгаа кинондоо оруулах, түүнд тохиолдсон зүйлсийг бүгдийг нь дуу хураагчид бичиж, нийт 30 анги кино, өөр ч юм хум хийж өгч. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялаад жил болж байлаа. Тэрээр өөрийхөө хийж эхлээд байгаа төслөө дараа нь танилцуулсан, яадаг ч байсан эхний хэсгээ дуусгаад си дигээ гаргачихаад оръё гэж хойшлуулсаар хэд хоногийн өмнөөс туслахууд руу нь ярьснаар өнөөдөр уулзуулж өгнө гэсэн билээ.
Одоо уулзах гээд сууж байгаа Майкл Хаслунд ч тэр үйлийн үрийн тухай “мэдиа мэга” төслийн үргэлжлэл болох киног хамтарч хийж магадгүй нэгэн тул ийн хүлээж суулаа. Дани Улсын нэгэн найруулагч эмэгтэй түүнтэй уулзаад киноных нь зохиолыг сонирхоод ихэд таалагдсан тул хамтрах хүн олж өгөхөөр амласан аж. Тэгээд л бүсгүй энэ Хаслундтай уулзуулах ажлыг зохион байгуулжээ. Майкл Хаслунд Монгол Данийн найрамдлын нийгэмлэгийн дарга. Яг энэ үед Африкт кино зурагтай байгаа гэнэ. Монголын Дани дахь өргөмжлөлт консул тул энд болж буй уулзалтанд оролцохоор ганц хоног ирчихээд маргааш нь явах гэж байгаа ч түүнтэй уулзаж ярилцахаар цаг гаргасан нь энэ байлаа.
Удалгүй түүнийг харцаараа хайсан нэг европ хүн орж ирсэн нь өнөөх Хаслунд байлаа. Гартаа худалдаж авсан ууттай юмсаа барьсан, киночдын л адилаар нэг хар ноосон даавуун пиджак, доогуураа жинс өмссөн, хамаагүй байрын нөхөр ирж мэндлээд хамт сууж яриа эхлэв.
Тэрээр их л яаруу сандруу яваа гэдгээ яриад... Африкт авч байгаа кино төсөв хэтрээд, шинэ жил өнгөртөл өөр юм бодох завгүй байгаагаа учирлаад, түүний зохиол энэ тэрийг хальт гүйлгэж хараад емэйлээр явуулчих гэж зөвлөөд бэлгэнд өгсөн си диг баярлан авч, хэдэн үг солиод явж одсон билээ.
Мөнхөө урамтайхан өнөөх өндөр цэнхэр шилэн байшингаас гарч талбай хөндлөн хойш явж байхдаа олон жилийн тэртээ пянзнаас болж, НАХЯ нд баригдаад суллагдан гарч, аав руугаа явж байснаа санаж байлаа.
Түүний эцгийн ажиллаж байсан Улаанбаатар хотын урчуудын салбарын буйран дээр Цэдэнбал даргын эхнэр Филатовагийн бариулсан Соёлын төв өргөө боссон бөгөөд одоо ч хошин шог голдуу тоглодог театр болжээ. Түүний урдхан Дуурь бүжгийн театр байсан янзаараа л харагдана. Петер Монголд ирэх болгондоо л энэ байшинг хараад, яг л баярын торт шиг гэж хэлдэг байж билээ... хэмээн бодож явтал түүний утас дуугарав. Утсаа автал Ерөнхийлөгчийн туслах ярьж байлаа. Ерөнхийлөгч 3 цагт гадаадын хүмүүстэй уулзана. Харин яг одоо ороод ирвэл 15 минут уулзах хугацаа байна гэлээ.
Яг ордны хажууд явж байхад утасдаж таарсан тул тэр яаран орлоо.
Хуучны бүрсгэр саарал чулуун ханатай энэ ордонд Мөнхөө орох бүрдээ яаран гармаар санагддаг билээ. Нэг л хачин буруу, хар энергитэй газар юм. Энд ирсэн хүмүүс нүдэн дээр хөгшрөөд байдгийг Монгол хүн бүр мэднэ. Тэрээр орж ирээд л тайван бус болчихдог зангаараа Ерөнхийлөгчийн байдаг давхарт сандарсаар гарч ирэв. Давхар бүрийн хаалган дээр цэрэг хувцастай хүмүүс байдаг энэ газарт орж ирэх бүрийд нэг л хачин түгшүүр мэдэрдэг зангаараа сандралд автсаар Ерөнхийлөгчийн өрөөний үүдэнд ирэхэд түүн рүү утасдсан туслах залуу инээмсэглэн угтаад
–За гялс орчих. Ганцаараа байгаа гээд хүрэн суман модоор хийсэн хаалгыг заалаа.
Мөнхөө цүнхтэй ном си ди сэлтээ барьсаар зориг муутайхан хаалгыг татаж орвол цав цагаан эсгий хивс дэвссэн өрөөний голд хүрэн ширээн дээр асар олон хавтастай бичиг дэлгээд юм бичиж суугаа Ерөнхийлөгч харцаа сөхөж, нэг харчихаад таг дуугүй сууж угтлаа. Мөнхөөгийн биеэр нэг л хачин цэв хүйтэн мэдрэмж мөс мэт дүүрээд ирлээ.
Сайн байна уу, Ерөнхийлөгч өө. Би өнөөх яриад байсан си дигээ гаргачихаад танд өгөх санаатай, бас ажил төрөл сайн явж байгаа. Өнөөх Хөвсгөлд байсан Хаслундын ачтай дөнгөж сая уулзаад ирлээ гээд юм хумаа гаргаж ирэхэд Элбэгдорж огтхон ч нүүрэндээ хувирал үзүүлэхгүй доош харан юмаа бичсээр байх ажээ.
Энэ миний гаргасан си ди бараг 60 сая төгрөгөөр хийлээ. Англи, монгол хэл дээр гээд бичиг цаас, си ди гаргаж, өмнөх сандалд суух боловч Ерөнхийлөгч нэг ч үг дуугаралгүй авч, хажуудаа тавиад эргээд юмаа хараад суучихлаа.
За, энэ нөхөр их л дургүй байгаа юм байна. Би яачихсан болоод энэ хүний дургүйг хүргэчихсэн юм бол. Ноднин өнөөх олон ангит киноноос болж, цагдаад хүртэл байцаагдсан шүү дээ гэх мэт элдэв бодол орж ирээд жинхэнээсээ тэгш амгалангаа алдаж эхлэв. Гэлээ ч тэрээр биеэ хүчлэн бариад ажлынхаа тухай хийх гээд байгаа кино болон “Үндэсний кино урлагийг дэмжих сан” байгуулах гэж яваад байгаа тухай нэг амьсгаагаар ярьсан ч дув дуугүй суух нь яг л ханатай ганцаараа яриад байгаа мэт хүйтэн сэтгэгдэл төрж байлаа. Ерөнхийлөгч түүн рүү нэг хараад;
Чи тэр сан мангаа Их хурлын даргатай хий. Та хоёр хамтраад хийх гээд байгаа юм биш үү гэж их л хөндий дуугаар хариулав.
Уг нь анх тантай ярилцаж байсан сэдэв шүү дээ. Та дэмжихгүй юм уу гээд бас л өнөөхтэй холбоотой юмаа нэг амьсгаагаар цааш үргэлжлүүлэн ярьсан ч тэрээр өмнөх цаасан дээрээ гарын үсэг зурангаа
Би өмнөх ажлаа дийлэхгүй байна хө. За, та ноднин нэг цуврал хийгээд л сүйд болгох юм яриад явсан яасан билээ? гэж асуулаа.
Мөнхөө гайхаж:
Юу гэсэн үг вэ, 30 анги кино хийгээд гаргасан. Таны сонгуульд их л тус болсон байх гэж боддог. Таны яриаг бүгдийг оруулсан шүү дээ. Мэдээж тэр үед та завгүй байсан, үзээгүй байх л даа... гэв.
Аа тийм үү, за тэгвэл баярлалаа… гээд өөдөөс нь харлаа. Түүний урам шууд газар дээрээ хугарав.
За за, энэ саарал чулуун ханатай байшинд удсан хүмүүс яг адилхан болчихдог юм байна. Өнөөх бүр хорин таван жилийн өмнө Ардчилсан холбооны цагаан байшинд байсан хүн биш болчихож. Дараа нь Петер Бросенс, Баабар бид хэдтэй хамт манайд пиво уугаад “би англи хэл мэдэхгүйдээ маш их ичлээ. Одоо заавал хэл сурна аа...” гэж байсан хүн ч бас өнгөрчихөж. Тэр ч бүү хэл ноднин Их тэнгэрт ааоийнхөө агнасан гэх зэрлэг гахайн мах өгөөд вино уух уу ...хэмээн ярьж суусан хүн ч биш болчихож гэсэн бодол хар үүл шиг нөмрөхөд нэг л сонин айдас мэдрэгдээд ирлээ.
Миний бясалгалын багш бид хоёртой хамт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Энэтхэгийн Мумбэй хотод очиж бясалгалд суусан бөгөөд тэр үед түүнээс яг ийм хар хүйтэн аймаар юм мэдрэгдээд, нэг том хар юм гарч ирээд айдас төрүүлээд байсан тухай багшийн яриа санаанд сүүлд орж билээ. Мөнхөө тэгээд гарч одлоо. Нэг мэдэхэд тэрээр ордны ард гэрийн зүг уймран явж байлаа. Миний зохиолыг нь бичсэн “Усны гудамж” киног энэ нөхөрт Баабар ихэд муулсан тухай өмнө нь чих дэлссэн болохоор уур шатаж түүн рүү залгав. Тэгээд үнэн худлыг нь мэдэхгүй болохоор” чи муу хэлсэн юм уу ч гэж асуулгүй, надтай уулзахдаа маш муухай хүйтэн угтаж авлаа” хэмээн гомдоллоо.
Баабар өөдөөс ;
–Та нарын хийсэн Хятадын эсрэг нэвтрүүлгээс болж байгаа юм. Сосорбарамыг бас тийм хачин хүйтэн хүлээж авсан гээд л энүүгээр нэг гомдол болоод явсан гэсэн хариу хэллээ. Үнэндээ бол тэрээр энэ уулзалт түүнд их олон сайхан юм авч ирнэ гэж маш их итгэж байсан болохоор дотор нь өмөлзөөд байлаа. Эрт дээр цагт нэг Орос хүүхнийд дахиж очоод, өнөөх нь та айл андуурсан байна гээд хамар дээр нь хаалгаа хаасан үе шиг гомдолтой мэдрэмж төрөх ажээ. Тэрээр өгөх гэж байснаа больсон кино зохиолынхоо англи орчуулгыг бариад доош газар ширтэн Франц рестораны дэргэдүүр гарч явтал Мөнхөө гэж дуудахыг сонсоод харвал рестораны гаднах суудал дээр сэтгүүлч орчуулагч, Монгол судлаач Юрий Кручкин хэмээх орос, Монголоор дэндүү сайн ярьдаг эр, япон эмэгтэй Аяока нар хамт суугаад түүнийг дуудав. Мөнхөө тэдэнтэй нийлж сая болсон явдлаа товчхон яриад урам муутай явна гэдгээ хэллээ.
Аюур гэж Монголчуудын нэрлэдэг Юрий гайхаж тийм л хандах байсан юм бол яагаад уулзсан юм бол. Завгүй гээд л тэр си дигээ хүнээр авхуулж болноо доо. А яа яа ая муу байна. Ерөнхийлөгч хүн ийм дипломат биш байж болохгүй...Би саяхан нэг номыг нь орчуулж өгсөн. Бас Соёлын яаманд нэг ажил хийж өгсөн ч одоо болтол хөлсөө аваагүй ... гээд санаа алдсанаа ярианы сэдвийг өөрчиллөө. Мөнхөө тэр хоёртой уулзаагүй удсан тул аар шаархныг ярьж байтал Кручкин “ Чамд тэгээд зохиол чинь байна уу? гэлээ. Байна гээд англи орчуулгаа гаргаж ирвэл тэрээр авч хараад
Чи надад энийгээ орхиж болох уу? гэлээ.
Болно оо, надад комьпютер дээр байгаа. Кино бол хамгийн азгүй урлаг. Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай гэж Тарковский хэлсэн юм даа гэвэл тэрээр зохиолыг уншингаа
Всё зависит от денег ...гээд хэсэг дуугүй болсноо
Чи энийгээ надад орхичих. Кирсан Илюмжинов маргааш ирнэ. Би түүнд нэг үзүүлье. Хоёр жилийн өмнө байхаа, би Москвад түүний гэрт нэг уулзсан юм. Тэр Монголын нэг уран бүтээлчийг дэмжмээр байна гэж байсан. Би чамайг хэлсэн юм гэлээ.
Намайг уу, тэгээд юу гэж хэлсэн гэж?
Яахав, Монголд дэмжлэг огт байхгүй ч дэлхийн 23 шагнал авсан киношник бий гэж хэлсэн гэв.
Мөнхөө өнөөх зохиолоо түүнд өгөөд хэсэг ярьж суугаад саяхан төрсөн охиндоо яаран гэрийн зүг явж байхдаа “Энэ өдөр ямар сонин өдөр вэ? Би бичиж байгаа номондоо оруулах ёстой өдөр юм байна. Нээрээ л Сервантесийн хэлсэн үнэн аж. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг... За яахав Ерөнхийлөгчид гомдоод ч яах билээ. Тэртэй тэргүй тус болохгүй юм байна... Бас нэг айхтар хариу үйлдэл үүсгээд би өөрөө л зовж санкарагаа үржүүлэх болно шүү дээ.
Одоо хийсэн сайны хариуг шууд бүү нэхээрэй
Олон жилийн дараа үр нь боловсроод
Нэг л мэдэхэд зовлон өнгөрч жаргал болоод
Санаандгүй явахад чинь хүрч ирнэ
Цаг нь болохоор ...” гэж хэмээн бодсоор гэртээ харьжээ.