Хүүхдийнхээ мэргэжлийн сонголтод өөрийнхөө мөрөөдлийн мэргэжлийг бүү шахаарай
Шинэ үеийнхэн дээд сургуулиас мэргэжлийн боловсролыг илүүд үзэхээ мэднэ.
Дэлхий нийтээрээ нэгэн том шалгуурын өмнө зогсч байгаа ч амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Сургуульд суралцагчид нэгэн ангийг дүүргэж, дараагийн ангидаа элсэн орно. Төгсөгчид сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгон дараагийн сургуулийнхаа босгыг давна. Дунд сургуулиа төгсөх гэж байгаа хүүхдүүдийг анзаарахад өөрсдөө зорьж мэргэжлээ сонгосон нь цөөхөн, дийлэнх нь энэ үед аав, ээжийнхээ үгийг хардаг. Арга ч үгүй дээ, анхны том сонголтоо хийх гэж байгаа хүүхдүүд шүү дээ. Тиймээс ээж аавынх нь хандлага ямар байна, мэдлэг боловсрол ирээдүйг харах хараа нь хүүхдийнхээ цаашдын амьдралыг нэг талаасаа тодорхойлдог гэж болно. Уг нь хүүхдээ нийгмийн эсвэл байгалийн шинжлэх ухааны хүн үү, ямар чиглэлд юуг илүү чадахаар байна гэдгийг судалж, нарийн тестүүдээр тодорхойлуулсан үндсэн дээр зөвлөдөг бол тун сайн сан. Гэхдээ дийлэнх ээж аавууд өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлийн мэргэжлээ санал болгох нь элбэг. Бас тухайн цаг үед нэр хүндтэйд тооцогдож байгаа өөрөөр хэлбэл “мода”-нд байгаа мэргэжлийг сонгуулж, тэр ч байтугай төгсөөд ажилд ороход тэрийг таньдаг юм чинь гэсэн тооцоон дээр хүртэл хүүхдийнхээ ирээдүйг шийдэх нь бий. Ер нь бол хүүхдүүдийнхээ сонирхол бас хамгийн сайн чаддаг зүйл дээр тулгуурлаж зөвлөх нь чухал юм. Үнэндээ хүүхдүүдийн хувьд бие дааж сонголт хийхээсээ илүү ахмадуудын үгийг дагадаг. Тэгвэл өнөө цагт аав, ээжүүд хүүхдэдээ мэргэжилтэй боловсон хүчин чухал гэсэн талаас зөвлөж чаддаг болов уу. Зүгээр хүний хүүхдээс дутуу гэж хэлүүлэхгүйн үүднээс төгсөөд ажилтай, ажилгүй нь хамаагүй дээд боловсролтой болгоё гэж санаж байна уу. Нэг хэсэг манайд тийм хандлага маш хүчтэй явсан. Социализмийн үед бодлогоор, үзэл суртлаар ажилчин ангийн сүр хүчийг алдаршуулдаг байсан нь чөлөөт зах зээлийн үед алга болж, хүүхдээ хүний дор оруулахгүй гэсэн үзлээр бүгд л болсон болоогүй дээд сургуулийн бараа харуулах болсон. Үүнийг нь дагаад чанартай чанаргүй маш олон их дээд сургууль нээгдснийг бид мэднэ. 2001-2002 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургууль, коллежийн тоо 178 байсан гээд бод л доо. Харин сүүлийн хорь шахам жилийн хугацаандэнэ үзүүлэлт 47.2 хувиар буурч 94 болсон гэдэг нь бас ч эрүүл гольдрилдоо орсны баталгаа юм. 2000-гаад онд арван жилийн сургууль төгссөн л бол заавал дээд сургуульд орох ёстой гэдэг байлаа. Тэр сургууль нь том жижиг хамаагүй, төгсөөд хэрэгтэй мэргэжил эсэх нь ч хамаагүй, төгсөлтөө хийж амжилгүй дампуурах эсэх нь падгүй зүгээр л эхлээд хүн асуухад ийм сургуульд орсон гэж хэлэх л ёстой мэт хошуурдаг байсан сан. Нэг тийм хандлага нийгэм даяараа бат тогтсон байсан даа. Гэтэл сүүлдээ баахан хууль, эдийн засагч, хэлний орчуулагчийн дипломтой хүмүүстэй харин гагнуурчин, барилгачин, хэвлэгч гээд мэргэжилтэй боловсон хүчин алга болсон байсан. Сүүлийн жилүүдэд дээрх гажуудлын гор багассаар байгаа ч ээж, аавууд нөгөө л хэвшмэл ойлголтоосоо салж чадахгүй хэвээр хүүхдүүддээ ч зөв зөвлөгөө өгч чадахгүй л байна. Өөрсдөө жинхэнэ дээд сургуулийн “дипломын гол” болохын зовлонг мэдэх хохирогчид атлаа МСҮТ-ийн тухай ойлголт нь сурлага муутнууд суралцдаг гэх имижтэй ТМС-ийн үеийнхээрээ сэтгэсээр. Энэ нь ахлах сургуулийн сурагчдын дунд хийсэн цомхон судалгаагаас харагдана. Хүүхдүүдээс МСҮТ гэсэн үгийг сонсоод ямар сэтгэгдэл бууж байна вэ гэхэд 45 хувь нь сөрөг, 22 хувь нь дундаж, 28 хувь нь огт хариулаагүй байгаа юм. Давуу тал юу вэ гэхээр 25 хувь нь эерэг, 27 хувь нь дундаж, үлдэх хувь нь огт хариулаагүй байна. Өөрөөр хэлбэл хариулахгүй байгаа нь огт мэдэхгүй учраас л хариулахгүй байгаа хэрэг л дээ. Тэгэхээр бид өөрсдөө ойлголтоо шинэчилж, хандлагаа өөрчилж хүүхдүүддээ мэдээллийг нь өгөх хэрэгтэй байна. Шинэ цагийн хүүхдүүд биднээс тэс өөр. Одоо Z үеийн хүүхдүүд ажил амьдралын гараан дээр ирээд байна. Тэдэнд хэрэгцээтэй мэдээллийг өгөх юм бол сонголтоо хийхдээ бидний төсөөлөшгүй өөрөөр хандана. Өмнөх миленалуудаас ч тэс өөр гэгдэж байгаа. 2016-2017 оны хичээлийн жилд их дээд сургууль төгсөгчдийн 32.2 хувь ажлын байртай болсон бол МСҮТ төгсөгчдийн 80-аас дээш хувь нь ажлын байртай болсон судалгаа байдаг. Үүнийг хэлж өгөөд ямар бодолтой байна гэхэд ээж, ааваасаа огт өөрөөр сэтгэнэ.
Одоо бид маш олон зүйл дээр хандлагаа өөрчилж, бас үр хүүхдүүдээ ч чиглүүлэх шаардлагатай байна. Австралид ахлах сургуулиа төгсч байгаа шилдэг сурагчийг үг хэлэхийг хүсэхэд “Би сургуулиа амжилттай төгслөө. Одоо би улсдаа шилдэг гагнуурчин болохыг хүсч байна” гэж хэлсэн тухай сонсоод тухайн үедээ гайхаж л байсан. Манайд сургуулийн шилдэг төгсөгч бол “Би Харвад, Оксфордод сурна” л гэж хэлэх байх. Бид ч тэгэх нь зүйн хэрэг гэж боддог. Харин дэлхийн хөгжилтэй орнуудад нийгмийн хандлага нь өөр байна. Сургууль төгсч байгаа хүүхэд мэргэжилтэй боловсон хүчин болохыг зорилгоо болгож байна. Одоо бид хуучны ойлголт, алдагдсан боломжуудын тухай мөрөөдлөөрөө амьдралгүй бодит мэдээллийг хүүхдүүдээ хэлж өгөх хэрэгтэй. Угаасаа тэд өөрсдөө зөв сонголтоо хийчихэж чадах шинэ үеийнхэн. Тэдний нэлээд нь дээд сургуулиас мэргэжлийн боловсролыг илүүд үзэхээ мэднэ. Харин ээж, аавууд минь мөрөөдлийн мэргэжлээ хүүхдүүддээ бүү шахаарай.