Монголд хоолой салгаж дуулдаг, ярьдаг хоёр төрлийн хүмүүс байна. Урлагт дуучид хоолой салгаж хоёрдугаар хоолойгоор дуулах юм. Улс төрд улстөрчид хоёрдугаар хоолойгоор ярих юм. Нэг нь дуулж, нөгөө нь ярихаас гадна тэдэнд хоёр том ялгаа бий. Ганц дуучин хоолой салгана, хоёрдугаар хоолойгоор дуулна гэж байхгүй. Баг буюу хамтлагаараа байж хоолой салгана. Харин улстөрчид ихэвчлэн ганц ганцаараа хоолой салгаж хоёрдугаар хоолойгоор ярина. Дуучид зөвхөн тайзан дээр хоолой салгадаг бол улстөрчид телевизийн камерын өмнө, ард түмний дунд, намынхаа хүрээнд, шаардлагатай бол фракц дотроо хүртэл хоёрдугаар хоолойгоор ярьдаг.

Орой гэртээ харихад "кг-ыг нь 650 төгрөгөөр таван уут гурил авлаа" гэх гэрийнхний маань мэдээлэлтэй зэрэгцээд нэгэн түшмэл зурагтаар "Засгийн газар гурилын үнийг 600-д барьж байгаа, үүний тулд төсвөөс аж ахуйн нэгжүүдэд дотаци өгсөн" гэж хоёрдугаар хоолойгоор мэдэгдэх. Өглөө гэрээсээ гараад литрийг нь 1250 төгрөгөөр бензин аваад ажилдаа ирэхэд "бензиний үнийг 1200 төгрөгөөс хэтрүүлэхгүй байгаа" гэсэн салбарын сайдынх нь өгсөн сонины ярилцлага угтана. Цааш хөөвөл сонины нэг нүүрэнд "Засгийн газар сайн ажиллаж байна", дараагийн нүүрэнд нь "Засгийн газар ажиллаж чадахгүй байна" гэсэн намуудын захиалгат гарчгууд дурайна.

УИХ-ын сонгууль ойртох тусам Монгол орон тэр аяараа хоёрдугаар хоолойтнуудаар дүүрч байна. Ерөнхийлөгч Н.Энхбаярын эв нэгдлийг илэрхийлсэн уриалгын цаана өөр мөрөөдөл, Ерөнхий сайд С.Баярын логиктой ярианы ард МАХН-ын эрх ашиг, ардчилал ярьсан Ц.Элбэгдоржийн уран үгийн хойно АН-ын сонирхол байгааг олонхи нь ялгаж сонсч эхэлж байна. Телевизийн камерын өмне зарчим ярьж түр хугацаагаар ард түмний элч болдог зарим хүний жинхэнэ дүр төрхийг хоёрдугаар хоолой нь ч далдалж чадахаас өнгөрчээ.

Дуулиан тарьсан томоохон хэргүүдийн мөрдөн байцаалт, шүүх хурал хэдэн сар, жилээр сунжирдаг. Гэтэл арав гаруй залуусын амийг авч одсон онгоцны осолд, төрийн банкнаас зувчуулсан 14 тэрбум төгрөгийн луйварт, бүхэл бүтэн сумыг хордуулсан үйл явдалд хариуцлага хүлээх учиртай албан тушаалтнууд Эрүүгийн хуулиас заалт хаягдсан цөөхөн хоногт хуулийн цоорхойгоор ял завшаад амжиж байх юм. Энэ үйл явдлыг УИХ-ын гишүүдийн санаандгүй алдаа гээд өнгөрөв. Хаягдсан заалтын цоорхойгоор гоожсон зарим нь өнөөдөр УИХ-д дахин нэр дэвших гээд хоёрдугаар хоолойндоо хэт найдаад явж байна. Ийм хүмүүст бас хоёр дахь нүүр гэж хэрэгтэй бөгөөд тэр нь ч хангалттай байгаа бололтой.

Шүүхээс ял сонсчихоод парламентын чуулганд сууж байгаа нэгнийг зарим нь "УИХ-ын гишүүн-ялтан" гэж хос албан тушаалаар өргөмжилж байхад, зарим нь гишүүний бүрэн эрхэд шүүх халдаж Үндсэн хууль зөрчлөө хэмээн шүүхийн шийдвэрийг парламентын танхимд хэлэлцэх. Энд ял оноосон шүүх, гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй парламент хоёрын аль нь хоёрдугаар хоолой гаргасан юм бол. Хуулийн байгууллага хууль яриад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэтэл энэ бол улс төрийн шоу, хэний захиалга гэдгийг ард түмэн мэдэж байгаа гэж тэс хөндлөн тайлбар гаргах. Сайд болгосонгүй гэж намаасаа гарч, шинэ нам байгуулж, улмаар үүнийхээ шууд үр дүнгээр Засгийн газрын гишүүн болж тоглож үзсэн нэгэн хууль хяналтын байгууллагаар шалгуулаад эхэлмэгц нийгэм дэх нэр хүнд, парламент дахь кнопны олныг нь бодоод төрхөмдөө буцаж ирж байх юм. Эдгээр жишээнд хэн нь хоёрдугаар хоолой гаргаж байгаа нь тод ялгарахгүй учраас улстөрчид нь өрсөлдөгчөө шударга өрсөлдөөнөөр бус, шүүхийн ялаар замаасаа шахдаг, хуулийн байгууллага нь хуулиа дагаж биш, улс төрийн намын захиалгаар ажилладаг болчихсон юм уу гэсэн эргэлзээ төрөх юм.

Зарим хүний үнэмшилгүй хоёрдугаар хоолой, солгой үйлдэл нь эзнийхээ жинхэнэ сонирхол дээр таамаг дэвшүүлэх бололцоог хэвлэлийнхэнд олголоо. Тухайлбал, хэвлэлүүд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нарт энэ удаагийн парламентын сонгууль бол 2009 оны

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг гэж тайлбарлаж байна. Тэдний амнаасаа унагасан үг, еөрөө болон өрөөлөөр дамжуулж гаргасан үйлдэл нь ийм хардлага төрүүлжээ. Зарим хэвлэлд бичсэнээр бол Н.Энхбаярт МАХН-ыг, Ц.Элбэгдоржид АН-ыг сонгуульд ялагдуулах сонирхол байгаа бололтой. Парламентад цөөнх болсон нам, олон түмний өрөвдөх сэтгэхүй дээр тоглосон нэр дэвшигч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж хоёр "Э" тооцоолж байгааг таамагласан нэгэн ч байх юм. Гэтэл Ерөнхийлөгчийн өмнөх дөрвөн удаагийн сонгуулийн жишгээс харвал парламентад цөөнх болсон намаас нэр дэвшээд Ерөнхийлөгчийн сонгуульд ялж байсан тохиолдол ганцхан байдаг байна. 1997 онд, тэр үеийн парламентын цөөнх МАХН-аас Н.Багабанди Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялж байжээ. Харин 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Н.Багабанди "парламентад цөөнх болсон намаас сонгогдсон Ерөнхийлөгч ажиллах боломж хуулиар бараг байдаггүй юм. Манай Ерөнхийлөгч бол гүйцэтгэх засаглал талдаа байдаг. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа зарлиг хүртэл Еренхий сайдын гарын үсгээр баталгаажиж байж хүчин төгөлдөр болдог" хэмээн өөрийгөө сурталчилж байлаа.
Тэр үед МАХН парламентад үнэмлэхүй олонхи буюу 72 суудалтай байсан юм. Өмнөх жишиг, найман жил төрийн тэргүүн байсан Н.Багабандийн туршлагатай харьцуулбал дээр өгүүлсэн нь хоёр "Э -гийн сонирхолтой зөрчилдөж байна. Тэгэхээр 2009 оныг харж сонгуульдаж байгаа гэх хоёр "Э"-гийн сонирхол нь өөрсдийнх нь үү, эсвэл нам дамжсан бүлэглэлүүд тэдний өмнөөс хоёрдугаар хоолой гаргаж байна уу гэдэг нь тодорхойгүй. Хувь хүмүүсээс гадна байгууллагаараа, намаараа, Засгийн газар танхимаараа хамтдаа хоёрдугаар хоолой гаргах юм. Жишээ нь, МАХН, АН дотор наанаа нэг баг болж харагдаад, цаанаа аль бүлэглэл нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн олонхи болох вэ гэдэг далд өрсөлдөөн өрнүүлж байна. Засгийн газар л гэхэд анх гарч ирэхдээ үнийн хөөрөгдлийгзогсооно, үнэ тогтворжуулах ажлын хэсэг байгууллаа гэж баахан хоёрдугаар хоолой гаргачихаад одоо тэднийхээ өмнө гараа өргөж байх жишээтэй.

Саяхан Гадаадад ажиллах хүч илгээх төвийн дарга долоо хоногт зуун залууг Солонгост явуулна гэж ярилцлага өгчээ. Энэ төв шүдийг нь тоолох нь халгүй эрүүл мэндийн ямар нарийн шалгуураар Солонгост явуулдгийг өнгөрсөн жилийн Төв цэнгэлдэхийг тойрсон үйл явдлуудаас монголчууд мэднэ. Гэтэл энэ жил гадаадаас, тэр дундаа өмнөд хөршөөс барилгын салбарт арван мянган ажилчин авах тухай салбарын яамнаас нь мэдээлжээ. Солонгост явуулах монгол залуусаа гадаадын иргэдээр орлуулах гэж байгаа юм шиг төрийн энэ бодлого л харин сонгуульд зориулсан эрх баригчдын хоёрдугаар хоолой байгаасай даа.