Мэргэжлийн боловсролын тухай ойлголтын зөрүү Монгол ба гадаадад...
Австралид бүр 11-12 наснаас нь энэ тухай ойлголтыг суулгаж байдаг бол Финландад бүрэн дунд боловсрол эзэмшиж байх үеэс нь сургалтын хөтөлбөрөөрөө холбож эхэлдэг. Есөн жил суралцаад мэргэжлийн сургалтын төвүүдэд эсвэл цааш ахлах сургуульд суралцах эсэхээ шийдэх бөгөөд зарим онцлогтой дээд мэргэжлүүд заавал мэргэжлийн боловсрол эзэмшсэн байхыг ч шаардах нь бий.
Мэргэжилтэй боловсон хүчин улс орны хөгжлийг тодорхойлно гэсэн ойлголт сүүлийн үед маш хүчтэй яригдах болсон. Дэлхийн улс орнууд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогоороо, энэ салбарт үзүүлж байгаа амжилтаараа өөр хоорондоо өрсөлдөх боллоо. Манай урд хөрш Хятад энэ чиглэлд үлэмж их хөрөнгө хаяж байгаа. Герман, Австралийн мэргэжлийн сургалтын төвүүд маш сайн, бодлого нь ч дэлхийд гайхагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хөгжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн улс орнуудад мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэх бодлого нэлээд өөр байна.
Австралид бүр 11-12 наснаас нь энэ тухай ойлголтыг суулгаж байдаг бол Финландад бүрэн дунд боловсрол эзэмшиж байх үеэс нь сургалтын хөтөлбөрөөрөө холбож эхэлдэг. Есөн жил суралцаад мэргэжлийн сургалтын төвүүдэд эсвэл цааш ахлах сургуульд суралцах эсэхээ шийдэх бөгөөд зарим онцлогтой дээд мэргэжлүүд заавал мэргэжлийн боловсрол эзэмшсэн байхыг ч шаардах нь бий. Германы хувьд бол ойлгомжтой. Дэлхийд өөрийн загварыг хүлээн зөвшөөрүүлж чадсан орон. Тэнд МСҮТ төгссөн хүн бүр ажилтай болдог. Бүр 1969 онд баталсан хуулиндаа төр, хувийн хэвшлийн холбоог маш нарийн зааж өгснөөр МСҮТ болон Худалдаа аж үйлдвэрийн танхим нь маш нягт ажилладаг, ямар мэргэжлийн хүн зах зээлд эрэлттэй байна түүнийг нь чиглүүлнэ, эргээд төгссөн хүн ажилгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Бразилд жилд 500 сургалтын төвийг 2 сая хүн төгсч, тэднийг ажлын байраар хангахын тулд хиймэл дагуул ашиглаж, эрэлт нийлүүлэлтийг зохицуулж байна. Швейцарийнмэргэжлийн боловсрол болон дадлагын тогтолцоог бас тун өвөрмөц гэдэг. Дунд сургуульд байхаас нь хүүхдүүддээ мэргэжлийн онцлог, мэргэжилтэй боловсон хүчин болж гарахын давуу талыг сургалтын системээрээ цогц ойлгуулдаг учраас хүүхдүүд сонголтоо хийх үедээ эргэлзэж, мэдэн будилах тохиолдол багатай. Ямар сайндаа Европдоо залуучуудын ажилгүйдлийн түвшин хамгийн бага үзүүлэлттэй байх вэ дээ. Тэнд бас дагалдангийн тухай ойлголт сонирхолтой. Хэн ч байсан дагалдангаас ажлаа эхэлнэ. Дэлхий дамнасан том компаниудын захирлын түүх хэн нэгний, аль нэг газрын дагалдангаас л эхэлсэн байдаг. Харин манайд ахлах анги төгсч байгаа сурагчдын дунд МСҮТ-ийн талаар асуухад юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа хүүхдүүд олон байна. Өөрөөр хэлбэл, тэнд юу сурдаг, ямар мэргэжилтэй болж болох, төгсөөд ажлын байрны боломж ямар байгааг мэдэхгүй л байгаа хэрэг. Тэр ч байтугай оюутны дал ба МСҮТ-ийн 200 мянгыг ч дуулаагүй байх. Үнэндээ манайд мэргэжилтэй боловсон хүчний эрэлт ямар байгаа билээ дээ. Саяхан гэхэд корона вирустэй зэрэгцээд юун хятад ажилчид вэ гээд бөөн шуугиан боллоо. Засна гээд там болчихоод байгаа Дарханы замыг бариулах хятад ажилчдыг ковид-19-ийн голомт болсон Хятадаас чартер онгоцоор оруулж ирнэ гэсэн шийдвэрийг хэн ч сонсч бас ойлгохыг хүссэнгүй. Дэлхийд өрнөөд байгаа цар тахлын үеэр хүмүүс тэгж хандах нь ч аргагүй биз. Гэхдээ жаахан нухацтай бодох юм бол үнэндээ манайд тэр зам дээр ажиллах замын нарийн мэргэшсэн мэргэжилтэй боловсон хүчин байхгүй байгаа хэрэг л дээ. Дархан, Эрдэнэтийн зам нарийхан, тааруу тавигдсаны горыг монголчууд өнгөрсөн он жилүүдэд хэдэн зуун амиар төлсөн. Одоо дахиад тавих замаа маш хянуур, бат сайн тавихгүй бол халдварт өвчнөөр нас барсан хүмүүсээс дутахгүй хохирол бид амсана. Гэтэл гадны орнуудаас ажилчин авчралгүйгээр монголчууд бид замаа тавьж чадахгүй гэж үү. Монголд мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай салбарууд бол зам, хөдөө аж ахуй, барилга гэдгийг судалгаагаар гаргаад ирчихсэн. Манайд замын салбарт 80 гаруй хувь нь хятадууд байна. Нарийн мэргэшсэн хүмүүс нь ховроос дайны хажуугаар дажин гэдэг шиг бөөн асуудал сая босч байх жишээтэй.
Энэ мэтээр олон зүйл тодорхой байхад бид тогтсон ойлголт, хэвшмэл үзлээсээ салаад гадны улс орнууд шиг бодлогоор энэ бэрхшээлээ шийдэх нь зөв юм. Хуучин цагийн сурлага тааруутай нь ТМС-д суралцаж, ажилчин анги руу элсдэг гэсэн ойлголт өнөөдөр үнэхээр өөрчлөгдсөн. Хэн зах зээлийн эрэлтээ мэдэрч, хэн ирээдүйгээ харж чадсан нь үнэ цэн дагуулах мэргэжилтэн болж байна. Дагаад ашиг орлоготой.
Хэдийгээр манайд томоохон төсөл хөтөлбөрүүд түр зогсч, эдийн засгийн хурд саарсан нь МСҮТ-ийн сургалт, түүнийг зорин ирэгсдийн тоонд нөлөөлж байгаа ч дандаа иймээрээ байхгүй шүү дээ. МСҮТ-д 2017-2018 оны хичээлийн жилд 35.8 мянган суралцагчид суралцсан нь өмнөх оноос 4.3 мянгаар буурсан үзүүлэлт юм.Оюутолгойн уурхайд 3000 гагнуурчин хэрэг боллоо гэх үед бид тэр эрэлтийг хангаж чадахгүй л сууж байсан. Ямар сайндаа тэднийх дэргэдээ сургалтын төв байгуулж, хүмүүсээ сургаж авах вэ дээ. Тиймээс одоо зах зээлээ мэдэрч, эдийн засгийн шинэ түрхрэлт хөдлөхөд дагаад шаардагдах мэргэжилтнүүдээ бэлдчихсэн сууж байх хэрэгтэй. Тэгэхийн тулд залуучууддаа өсвөр наснаас нь мэдээлэл өгч, тэднийг зөв сонголт хийхэд нь туслах ёстой юм. Энэ зууныг Азийн зуун болно гэж байгаа. Тиймээс ч өнөөдрийн дэлхийн ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг Азийг 2050 он гэхэд 50 хувийг нь бүрдүүлэх болно гэдгийг Азийн хөгжлийн банкны судалгаанд дурдсан биз. Саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэг шиг эдийн засгийн араа хүрд эргээд эхлэхэд хамгийн түрүүнд шаардагдах мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлага байна, улсад. Ирээдүйгээ харж зөв мэргэжлээ сонгох ухаан хэрэгтэй байна, манай залууст. Мэдээж, үүнд хэрэгцээтэй мэдээллийг нь өгч, ижий аав нь зөв чиглүүлж, ухаалаг зөвлөх хэрэгтэй. Улс оронд дархан, мужаан ч хэрэгтэй. Барилгачин, замчин тогооч ч хэрэгтэй. Бүгд хуульч, бүгд эдийн засагч болоод байвал өрх айлын тэгш хэрэгцээ хангагдаж чадахаа байна. Хүн бүр хамгийн сайн чадах зүйлээ олж мэргэшиж чадвал бүгд үнэ цэнтэй, ашиг орлоготой мэргэжил байж чадна. Хорь, гучин жилийн хадуурлаасаа одоо л сэрж, бодитоор харах цаг иржээ. Гадны улс орнууд мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхдээ ингэж бодлогоо боловсруулж байна. Бидний хувьд сар бүр өгөх тэтгэмжийг нь нэмж, татах гэж оролдож байна. Гэхдээ мөнгөн хөшүүргээсээ илүү сэтгэлгээний чагтнаасаа салчихвал их учир байна санж.