Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
IV бүлэг
зүүдэнд наминчлахуй
Түүнчлэн бурханы эрдэм нь хязгаарлашгүй бөгөөд
Амьтан бүхэн бээр мэдэж үл чадах болой
Олон галавт бодон санах болохноо ч
Эрдмийн хязгаарыг мэдэж үл чадах болой.
Усыг үсний үзүүрийн хэмжээ төдий хийгээд
Чулуу сэлт, уул ба далай сэлтийг нь
Галваар тоолбоос мэдэж чадах байвч
Бурханы эрдмийг мэдэж чадахгүй болой.
Эрдэм өнгө, яруу алдар хийгээд
Буяны билгээр чимэглэгдсэн лагшин
Сайн найраг наяар чимсэн тэр мэт |
Амьтан бүгд тэр адил болох болтугай.
Миний буяны үйл эдгээрээр
Ертөнцөд удалгүй бурхан болох болтугай.
Амьтанд туслахын тулд номыг ч үзүүлэх болтугай.
Амьтан олон зовлонд нэрвэгдсэнийг гэтэлгэх болтугай.
Хүчтэй өмөгтэй шулмасаас ялах болтугай.
Буян номын хүрдийг эргүүлэх болтугай.
Санаанд багташгүй галавт орших болтугай.
Рашааны усаар амьтдыг цэнгүүлэх болтугай.
Урьдын бурхад ямар мэт төгсгөсөн адил
Чанадад хүрэх зургааг тэнцэшгүй төгсгөх болтугай.
Нисваанисыг дарах хийгээд зовлонг арилгах болтугай.
Шунал, уур, мунхгийг амирлуулах болтугай.
Зуун төрөл хийгээд гольт мянган төрөлд
Би бээр үргэлжид төрлөө дурьдах болтугай.
Чадагчийн эрхэтийг үргэлжид санах болтугай.
Тэдгээрийн зарлигийг агуу их сонсох болтугай.
Хичээж үйлдсэн миний буян эдгээрээр
Үргэлжид бурхантай нөхөрлөхийг олох болтугай.
Хилэнцийн үйлүүдийг нэн тэвчих болтугай.
Амгалан гарахын орон буяныг эдлэх болтугай.
Бүх орны амьтан бүгдийн ч
Ертөнцийн зовлон бүхэн амирлах болъюу.
Амьтан эрхтэн дутуу үе гишүүн доройтсон
Тэдгээр бүгд өнөөдөр эрхтэн бүрдэх болтугай.
Алин бүх өвчнөөр өвдөж, ядарч бие доройтсон хийгээд
Арван зүг бүхэнд аврал үгүй болсон нугууд
Тэд бүхэн түргэн өвчнөөс гэтлэх болтугай.
Өвчин үгүй хүч хийгээд эрхийг олох болтугай.
Хэн бээр хаан, дээрэмчин, дайснаар хөнөөгдөх
Алагдах лугаа учрах хийгээд
Зовлон элдэв янз олноор гутрах болсон
Гаслант болсон ба зовлонт амьтан тэдгээр бүхэн
Аймшгийн дээд барагдашгүй олон түүнээс гэтлэх болтугай.
Алин бүх зодуулан, хүлээсээр хүлэгдэн нэрвэгдсэн
Үгээгүй элдэв зовлонд орших болсон хийгээд
Нисваанис олон мянгаар хямарснаар ч
Барагдашгүй аюул элдэв гасланг олсон
Тэд бүгд хүлээснээс гэтлэх болтугай.
Зодуулах нугууд нь зодуулахаас гэтлэх болтугай.
Алагдах нугууд нь ч амь лугаа төгөлдөр болох болтугай.
Үгээгүй хоосон бүгд аюул үгүй болох болтугай.
Амьтан алин нугууд өлсөх ба ундаасахаар нэрвэгдсэн
Тэдгээр идээ болон ундаа элдвийг олох болтугай.
Сохор бээр элдэв янзын дүрсүүдийг үзэх болтугай.
Дүлий бээр сэтгэлд зохистой дуунуудыг сонсох болтугай.
Нүцгэн бээр элдэв янзын хувцасуудыг олох болтугай.
Үгээгүй ядуу амьтан бээр уурхай нугуудыг олох болтугай.
Эд, үр эрдэнэ элдэв янз олноор
Амьтан бүгд амгалан лугаа төгөлдөр болох болтугай.
Аливаа зовлонг мэдрэхүйгээр /амссанаар/ хорлол үл болж
Амьтан бүгд харваас үзэсгэлэн гуа хийгээд
Дүрс сайн үзэсгэлэнтэй хийгээд өнөд өлзийт болтугай.
Үргэлжид амгалан олныг хураах болох болтугай.
Сэтгэлийн идээ ундаа, машид учрал буян нугуудыг
Санасан даруйд тэдгээр бүхэн бүтэх болтугай.
Их хэнгэрэг, дамар, хуурын яруу дуу хийгээд
Бялхсан булаг хийгээд бүрд цөөрөм нугууд
Алтан лянхуа, удвал цэцгүүд хийгээд
Идээ ундаа, хувцас, сувд эрдэнэ, эд таваар
Алтан чимэг, элдэв янзын эрдэнэ биндэрьяа
Тэдгээр бүгд санасан даруйд бүтэх болтугай.
Ертөнц алинд ч зовлонгийн дуу эс гарч
Амьтан нэг нь ч үл зохилдохыг бүү үзэх болтугай.
Тэдгээр бүгд өнгө агуу их хийгээд
Харилцан бие биесээ гийгүүлж үйлдэх болтугай.
Хүний ертөнцөд хотол чуулган алин байгаа
Тэд бүгд санахуйд төрөх бүгд болж
Санаа бүгдийг санасан даруйд ч
Буяны үр нь огоот гүйцэх болтугай.
Хүж хийгээд цэцгийн эрхэсүүд түрхлэг ба
Хувцас хийгээд чихмэл болон элдэв цэцэг
Галбирваасан модноос гурван цагт буух болтугай.
Амьтад тэдгээрийг аван баясах болтугай.
Түүнчлэн заларсан хязгааргүй бүгд хийгээд
Туулсан бодийн сэтгэлтэн шарвага хийгээд
Тоосноос хагацсан хиргүй сургаал номд ч
Арван зүг нугуудад тахилыг үйлдэх болтугай.
Доорд амьтан бүгдийг тэвчих болтугай.
Чөлөөгүй найм нугуудаас гэтлэх болтугай.
Дээд чөлөө учралын хааныг олох болтугай.
Үргэлжид бурхантай нөхөрлөх болтугай.
Үргэлжид өндөр язгуурт төрөх болтугай.
Эд таваар хийгээд үр тарианы гуу сангаар
Баялаг болох болтугай.
Яруу алдар хийгээд дүрс өнгө нугуудаар
Олон галавт сайтар чимэглэгдэх болтугай.
Эмэгтэй бүгд үргэлжид эрэгтэй болоод
Баатарлаг хийгээд эрэмгий мэргэн болох болтугай.
Тэд бүгд үргэлжид бодийн тулд явах болж
Чанадад хүрэх зургаад хичээх болтугай.
Арван зүг нугуудад эрдэнийн модны эрхэтийн өмнө
Бурхан амгалан заларч биндэрьяа эрдэнийн
Ширээнд заларсныг би үзэх болтугай.
Ном номлохыг нь ч тэдгээр сонсох болтугай.
Би бээр хилэнцийн үйл нугуудыг бүтээсэн нь
Аюулт ертөнцөд урьд алиныг бүтээсэн
Тэднээс хүсэшгүйн үр алин нугууд гарах
Тэдгээр бүгд хоцрол үгүй барагдах болтугай.
Аливаа амьтад орчлонд хүлэгдэн оршсон бүгд Орчлонгийн цалам дээсээр чанга хүлэгдсэнийг
Билгүүний гараар хүлээсийг тайлах болтугай.
Зовлон нугуудаас гэтлэхийг олох болтугай.
|Аливаа амьтад энэхүү замбуу тив хийгээд
Аливаа ертөнцийн орон бусад нугуудад
Элдэв буян гүнзгий нугуудыг үйлдсэн
Тэдгээр бүгдэд даган баясаж үйлдмүй.
Бие ба хэл, сэтгэлээр бүтээсэн
Би бээр даган баяссан буян түүгээр
Миний ерөөл бүтэж үр нь боловсрох болтугай.
Тоосноос хагацсан тэнцэшгүй бодийг олох болтугай.
Алин нугууд үргэлжид хирээс хагацсан хийгээд
Хиргүй сэтгэлээр мөргөж тахисан хийгээд
Огоот зориулан өгүүлсэн үүгээр
Жаран галавт муу заяаг огоорох болтугай.
Эдгээр шүлгийг өгүүлснээр
Эрэгтэй, эмэгтэй, бярман хааны язгуураас
Алгаа хавсран суугаад бурханыг магтсан алин
Нас бүхэндээ төрлөө санах болж
Эрхтэн гишүүн бүгдээр үнэнхүү чимэглэгдэж
Элдэв эрдэм, буян нугуудаар төгөлдөр болж
Хүний эрхэт хаан бээр үргэлжид түүнийг тахиад
Тэр хийгээд тэдгээр бүгд нь тэр адил болтугай.
Алин нугуудын чихэнд наминчилгаа энэ нь дуурсах болох
Тэдгээр нь нэг бурханы дэргэдээс буяныг үйлдсэн биш
Хоёр биш, дөрөв биш, тав биш, арав биш,
Тэр мэт мянган бурханы дэргэдээс буяныг үйлдсэн мөн болой.
Ялж төгс нөгчсөн Бурхан багш тэр айлтгалыг сонсоод бодьсадва Речура-Кету-д зарлиглав. “Сайн болой сайн болой. Язгуурын хөвгүүн ээ, чиний зүүдэнд үзэгдсэн тэр алтан хэнгэрэг болоод тэр хэнгэргийн их дуу заларсан бурхадын эрдэм ихийг сайшаасан. Хилэнц нүглийг наминчилсан. Тэр хэнгэргийн дууг сонссон бүгдийн буян хишиг агуу их болно. Төгөлдөр их болно. Сонсож дуулсан бүгдийн гай зовлон арилах болно. Энэ мэт мэдэж үйлдэгтүн түгээгтүн. Энэ мэт учир явдал төгөлдөр тул урьдын өнгөрсөн цагт үйлдсэн олон амьтны нүглийг амирлуулах болно. Ийн заларсан бурхадын үйлийг магтсан агуу их ерөөлийг тавьсан шалтгаан бол Хутагт Алтангэрэлт судрыг судалж уншиж түгээсэн тэдгээрийн ач гавьяа билээ хэмээн зарлиглав.
Чингээд хурсан нөхөд тэд бүгдээрээ Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн зарлигийг ихэд магтан баясав.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судраас
“Зүүдэнд наминчлахуй” хэмээх дөвөрдүгээр бүлэг болой.
Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР
БАДАМХАНД МУЗЕЙ