Хүнээс илүү хурц , хүйтэн оюун ухаантай зэрэгцэн амьдрах болов, бид...
Хүнээс илүү хурц , хүйтэн оюун ухаантай зэрэгцэн амьдрах болов, бид...
1.
Дэлхийн хүн төрөлхтний амьдралд хиймэл оюун ухаан хэмээх шинэ хувьсал хэдийнэ нэвтэрч, санаанд оромгүй өдий төдий өөрчлөлтүүдийг оруулж ирэн түгшээж басхүү гайхшируулж байгаа, нэг талаар аймаар ч юм шиг үсрэнгүй хөгжлийн эрин үед бид амьдарч байна.
Энэхүү шинэ зочин биднийг ирээдүйнхээ талаар нухацтай бодож, технологийн эл түрэмгий хөгжлийн чиг хандлага хаашаа хэрхэн чиглэж буйг гярхай ажиглаж, нарийн тооцоолол хийх зайлшгүй шаардлагын өмнө аваачсаар...
Бидний олон жилийн сайн найз Гүүглийн үеийг өнөөдөр Хиймэл оюун ухаан үндсэндээ халж байна. ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны программууд хөгжсөнөөр боловсруулагдсан бэлэн хариултыг нэг дороос авах боломж бүрдсэн төдийгүй, докторын түвшний мэдлэгээр дүгнэлт гаргах чадвартай болсон нь аль хэдийн шинэ мэдээлэл биш болжээ. Мэдээллийг дамжуулахаас гадна, дүн шинжилгээ хийх, тэр бүү хэл сэтгэлгээний адармаатай, нарийн төвөгтэй асуудлуудад ч хариулт өгч чадаж байгаа учраас хүн төрөлхтний хувьд үүнтэй нүүр тулахаас өөр аргагүй болсон. Энэ зочноос болоод энгийн түвшний оюуны ажил хийдэг хүмүүсийн хэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дээр багасаж байгаа талаар ид ярьж байна. Өнөөдөр мэдээлэл авах, боловсруулах гэх мэтийн бүхий л ажлуудыг бид AI-ийн системүүдээр шийдүүлээд явах боломжтой ч энэ нь цаашид хүний хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ. Зөвхөн хиймэл оюун ухааны тавьж өгсөн шийдлийг дагаад байх нь бидний амьдрахуйд ямар эрсдэлтэй байна вэ гэх асуултууд одоо гарцаагүй бидэнд тавигдаж байна. Тиймээс технологийн энэ гайхамшигтай хөгжлийг хэрхэн зөв агаад том түвшинд ашиглах, чингэснээр компаниуд болон хувь хүн өөрийн бодит чадавхыг яаж улам илүү нэмэгдүүлж болох талаар дэлхий нийт толгойгоо ажиллуулж байгаа.
Нийгмийн аль ч хувьсгалын үед нэг хэсэг нь түрүүлж алхсаар ирсэн. Тэд өөрсдийн хүрсэн хөгжлийн түвшнээсээ шалтгаалан шинээр нэвтэрсэн өөрчлөлтөд хялбархан дасан зохицож амьдрахаас гадна, түүнийг гартаа оруулан өөрсдөдөө ашиг болгон хүртэж, түүгээрээ манлайлал тээн цаашилдаг бол нөгөө хэсэг нь тэрхүү өөрчлөлтийн золиос болох нь ч элбэг билээ. Тиймээс энэ хэсгийн нэг хэсэг болчихгүйн төлөө илүү ухаалаг байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Тиймээс бид тулга тойрсон хэрүүл хараалаас ангижирч, оюун санааны гайхамшигт тэлэлтээр амьсгалж буй энэ дэлхийн нэг хэсэг гэдэг дээрээ төвлөрцгөөмөөр байна.
Жишээ нь, өнөөдөр олон арван ажлын байрууд үгүй болж, цоо шинэ ажлын байрууд ихээр бий болох талаар ярьж бичицгээгээд олон жил болж байна. Үнэндээ ямар ажил мэргэжлүүд хэрэглээнээс холдож, ямар төрлийн ажлын байр шинээр бий болох төлөв ажиглагдаж байна вэ? Энэ хувьсал өөрчлөлтөд бид хэрхэн дасан зохицож, өрсөлдөх чадвараа өсгөх вэ ? Мөн энэ шинээр өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд бид өөрсдийн хойч үеийг хэрхэн яаж бэлдэх вэ ? зэрэг олон сорилтын өмнө ирсэн ч нийтээрээ тоож байгаа юм алга.
Өнөөдөр манай өсвөр насныхан, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох чухал сонголтынхоо өмнө зогсож байгаа төгсөх ангийн хүүхдүүд маань ямархуу түвшинд байгаа вэ.
Ухаалаг, хичээл сурлагаараа тэргүүлж байгаа хэсэг нь заавал 12 дугаар анги төгсөөд дараагийн шатны коллеж, их сургуулиудад шалгалт өгдөг байдлыг өөрчилж, 10 анги төгсөөд шалгалтаа өгөх боломж нээж өгөхийг бодлого тодорхойлогчдоос хүсэж байна. Тэд шууд гаднын өндөр зэрэглэлийн их сургуулиудад мэдлэгээ шалгуулан тэнцэж, урилга авцгаан сурахаар явцгааж байна. Төр засгийн зүгээс ч тийм хүүхдүүдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, бүтэн тэтгэлэг олгох зэргээр хүчтэй дэмжиж байгаа. Ялангуяа Ерөнхийлөгчийн институт энэ талаар идэвхийлэн ажиллаж байгааг онцолмоор байна.
Гэтэл хүүхдүүдийн маань зарим хэсэг нь дэлгэцийн хамааралд бүрэн шилжсэн, бие организмын хамаг гал цогоо булаалгасан, ерөнхий эрдмийн мэдлэг олох явцаа хөсөр хаясан, ямар мэргэжил сонгох, яаж амьдрах талаараа ямар ч бодитой ойлголтгүй “нялх” -аараа манарч явна. Мөн нэг хэсэг нь яаж ч мөрөөдөөд дээш шат ахих боломжгүй харанхуй амьдралд өсөн, хүүхэд насаа архины хамааралтай, нийгмийн халамжаас шиддэг хэдхэн төгрөгөөр бор хоногуудыг элээдэг, төрөл бүрийн хүчирхийлэл дүүрэн амьдралд хүсэл мөрөөдөл ч үгүй аж төрж байна. Гэтэл тэднийг ямар дэлхий хүлээж байгаа билээ. Бидний томчууд сошиалаар бие биенээ гүжирдэн гүтгэж, өөд уруугүй нэг нэгнээ харлуулан тургиж суух зуур үр хүүхдүүд маань амьдралын хоёр туйлын эргүүлэг дотор ийнхүү зааглагджээ. Одоо бид тэднийгээ яах вэ? Энэ тухай хэзээ ярьцгаах юм бэ ? Өнөөдөр бид аутизмтай хүүхдүүдээ чанхаарч чадахгүй хаячихсан хэвээрээ л сууж байна шүү дээ.
2.
Ингэхэд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын давлагаанд бидний амьдралаас үгүй болохмагадлалтай ажлын байруудад ямар ямар ажлуудыг нэрлэцгээж байгааг эргэн нэг сануулж үзье.
-Үйлдвэрийн угсралтын шугамын ажилчид
-Худалдааны касс болон борлуулагч
-Мэдээлэл бүртгэлийн ажилчид
-Банкны теллерүүд
-Телемаркетерууд
-Агуулахын болон Логистикийн ажилчид
-Захирлын туслахууд
-Түргэн хоолны ажилчид
-Хөдөө аж ахуйн ажилчид... зэрэг ажлын байрууд хамгийн эхлээд жагсаалаас гарч эхлэх магадлал байгаа хэмээн судлаачид хэдэн жилийн өмнөөс л нэрлэсэн.
Тэгвэл ямар ажлын байрууд үлдэж, мөн шинээр бий болох вэ гэсэн жагсаалтад
-Хиймэл оюун ухаан болон машин сургалтын мэргэжилтнүүд
-Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд
-Робот технологийн инженерүүд
-IoT архитекторууд болон техникчид
-Эрүүл мэндийн техникчид (Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системтэй хамтран ажиллах)
-Тогтвортой хөгжлийн мэргэжилтнүүд (Ногоон эрчим хүч, цэвэр технологи)
-Бүтээлч чиглэлийн мэргэжилтнүүд (дизайн, медиа, энтертайнмент)
-Хүн-Машины харилцааны дизайнерууд (UX, UI шинэ технологийн интерфэйсүүдийн) гэх ажлын байруудыг ийнхүү нэрлэж байгааг манай мэдээллийн хэрэгслүүд зөндөө мэдээлсэн. Мэдээж энэ бол яг таг өнөөдөр байдал ийм болчихлоо гэсэн үг биш. Эндээс бид ерөнхий чиг хандлагын талаар харж болно. Иймэрхүү прогноз дээр суурилж, одоогийн ажлын байр, нийгэмд эзлэх байр сууриа хэрхэн яаж өөрчилж, энэхүү хувьсан өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн зах зээлд тэсч үлдэх талаар бодох хэрэгтэй юм. Тийм ч учраас энэ талын шинжилгээ судалгаанууд ихээр хийгдэж байгаа. Удахгүй төгсөлтийн шалгалтууд явагдаж, хүүхдүүд мэргэжлээ сонгоно. Гэтэл бид тэдэнд туслах юуг хийж, хэлж өгч байна вэ.
Энэ бол бидний эн тэргүүнд анхаарах асуудал. Бидний үр хүүхдүүд бол агуу их технологийн зуунд ажиллаж амьдрах хүмүүс. Тэд харин бэлтгэлтэй юу?
3.
Жишээ нь,Автоматжуулалт түрсэн ажлууд дээр гэхэд хиймэл оюун ухааныг ашигласнаар хүмүүс илүү чухал, нарийн төвөгтэй асуудалд анхаарал хандуулах боломжтой болж байна. Тухайлбал, ChatGPT-o1-ийг ашиглан ажил дээр гараар хийх шаардлагатай байсан олон үйлдлүүдийг автоматжуулж, хурдан гүйцэтгэх боломжтой болчихсон. Ингэснээр мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг хиймэл оюун ухаан гүйцэтгэж, ажлын бүтээмж ч илүү нэмэгдэж байгаа. Гэхдээ хиймэл оюун ухаан мэдээллийг боловсруулж, бидэнд хэрэгтэй шийдлүүдийг санал болгож, судалгаанд зориулах цаг хугацааг хэмнэж өгч байгаа ч, эцсийн шийдвэр гаргах нь хүнээс л хамаарна. Тиймээс бидний сэтгэлгээ, бидний чадвар хиймэл оюун ухааныг зөв ашиглаж чадвал амьдралын чанартаа өндөр түвшний өөрчлөлт хийж чадна. Тиймээс зайлсхийх, айн түгших, зугтах тухай биш зэрэгцэн орших тухайтад дэлхий нийт онцгой анхааран ажиллаж байна.
Жишээлбэл, ChatGPT зэрэг системүүд нь сурах үйл явцыг хурдасгах, сурагчид асуудлыг ойлгоход дэмжлэг үзүүлэх гайхалтай хэрэгсэл юм. Хичээл заах, судалгаа хийх явцад асууж, хариулт авах бүрэн боломжтой тул өөрийгөө хөгжүүлэх, суралцах үйл явц асар хялбар болж байна. Гэвч үүнийг зөвхөн хэрэгсэл гэж харах нь зүйтэй гэдгийг шинжээчид анхааруулж байгаа. Тэр ч утгаараа мэдлэгийг олж авах процесс амар хялбар болж байгаа ч анализ хийх, бодит дүгнэлт гаргахдаа өөрсдийн оюун ухаанд тулгуурлан гаргах нь нэн чухал гэдгийг ч тодотгон хэлж байна.
Хиймэл оюун ухаан бол тархи биш. Тархинд тань туслах хамгийн шилдэг хэрэгслүүдийн л нэг гэсэн үг. Тийм учраас технологийн энэ гайхалтай дэвшил хүн төрөлхтний амьдралд эрс өөрчлөлтүүдийг авчирч байгааг хүлээн зөвшөөрч, цаашид гарах илүү сайн үр дүнгүүдтэй зэрэгцэн хөгжиж, учирч болох сөрөг талуудан өмнө ч бэлэн байх ёстой.
Хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлснээр дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Голдман Сакс компанийн хийсэн судалгаагаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар дэлхийн ДНБ-ийг долоон хувь буюу долоо орчим их наяд ам.доллароор өсгөж, бүтээмжийг 10 жилийн хугацаанд 1.5 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тодорхойлсон байна. Маккензи компанийн тайланд дурдсанаар хиймэл оюун ухаан 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 13 их наяд ам.долларын хувь нэмэр оруулах төлөвтэй байгааг онцолж, дэлхийн эдийн засаг дахь хувьсгал гэж дүгнэжээ. Мөн тус компанийн хийсэн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн бизнес эрхлэгчдийн 70-аас доошгүй хувь нь ядаж нэг төрлийн хиймэл оюун ухааны технологийг үйл ажиллагаандаа нутагшуулна гэж үзэж байгаа юм. Тэгэхээр хиймэл оюун ухааны хамаарлаас ангид улс орон, ангид нийгмийн амьдрал, ангид хувь хүний хөгжлийн тухай ярих нэгэнт боломжгүй болжээ.
Дэлхийн хөрөнгө оруулагчид асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй санхүүгийн системийг хялбар аргаар судлах, богино хугацаанд их хэмжээний мэдээлэл боловсруулж, түүн дээрээ суурилан хөрөнгө оруулалтын ухаалаг шийдвэр гаргахдаа хиймэл оюун ухааныг ашиглаад эхэлсэн. Тэд хиймэл оюун ухаанаар санхүүгийн системд дэвшилтэт алгоритм боловсруулж, урьдчилсан таамаглал дэвшүүлж, санхүүгийн байгууллагуудад байгаа үнэ цэнтэй мэдээллийн сангийн өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж, түүн дээрээ ашиг орлого олох шинэ стратегиар өрсөлдөж байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан нь банкуудад зээлийн шийдвэр гаргахад, санхүүгийн эрсдэлд орох, залилангаас урьдчилан сэргийлэхэд нь тусалж байна гээд бод. Тийм ч учраас банкны салбар хиймэл оюун ухааныг хамгийн идэвхтэй нэвтрүүлж байгаа. Зээлийн сайн, муу түүхтэй зээлдэгч нарыг ялгаад өгч байгаа нь л хамгийн наад захын ач холбогдол шүү дээ. Түүнчлэн дижитал банкууд шинээр олноороо бий болж байна. Тэд үйл ажиллагааны ихэнх хувийг хиймэл оюун ухаанд даатгасан. Энэ бол нэг л салбарт гарсан өөрчлөлтийн өчүүхэн хэсэг. Тэгэхээр бизнесийн үйл ажиллагаанд хувьсгал хийж байна гэх дүгнэлттэй санал нийлэхээс өөр аргагүй. Ийнхүү хиймэл оюун ухаан нь бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна төрөл бүрийн салбарт инновацыг бий болгож байна. Эрүүл мэнд, санхүүгийн салбараас эхлээд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хиймэл оюун ухаанаар ажилладаг технологи олноороо нэвтэрч байгааг бид харж байна. Хиймэл оюун ухаанд суурилсан хагас ба бүрэн автоматжуулсан шинэ ажлын байр олноороо хөдөлмөрийн зах зээл дээр бий болж байна. Тиймээс ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны дийлэнх хувийг хиймэл оюун ухаан ашигласан мэргэжил эзлэх болно гэсэн “Goldman Sachs” компанийн гаргасан судалгааны тайланг үгүйсгэх аргагүй байна.
Ийнхүү хиймэл оюун ухаан нь дэлхийн эдийн засгийн бүх салбарт өсөлт, инновацыг авчирч байгаа ч хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны чадавхыг сайн муу талаас нь үргэлжлүүлэн судалсаар байгаа. Судалгааны сайн магадлалуудыг түргэн ашиглах тал дээр Засгийн газрууд өрсөлдөж байна. Мэдээж хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засагт амжилттай шилжихэд чадварлаг хүний нөөц бэлтгэх, хиймэл оюун ухааны боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх нь чухал юм.
Хиймэл оюун ухааныг ашигласнаар үүсэх магадлалтай эрсдэлийн тооцоолол дээр ч мөн нэр хүндтэй институтүүд ажиллаж байна. Жишээлбэл, Майкрософт компанийн ерөнхийлөгч Бред Смит “...хиймэл оюун ухааныг ашиглан хүний үзэл бодлыг зориудаар төөрөгдүүлсэн мэдээллийг бий болгох боломжтой. Хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой хамгийн их сэтгэл зовоосон асуудал бол “deep fake” буюу бодитой юм шиг үзүүлж, харагдуулж чаддаг явдал. Үүнийг ашиглан хуурамч агуулга бүхий мэдээллийг бий болгож байгаа” хэмээн анхааруулсан байна. Асар их хэмжээний мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийгдэж байгаа хиймэл оюун ухаанд суурилсан технологиудыг улс орнууд ч нэг нэгнийхээ эсрэг сөргөөр ашиглах аюул занал мөн шинээр үүссэн гэсэн үг.
Энэ талаар “Террорист бүлэглэлүүд хиймэл оюун ухаан болон робот техникийг зэвсэг болгон ашиглах, дэлхийн хиймэл дагуулын системийг хакердах, тагнуулын мэдээ, мэдээлэл боловсруулах хурд эрс нэмэгдэж, нүд ирмэх төдийд асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах боломжтой” болсныг Стэнфордын Их Сургуулийн “Хүн-төвтэй хиймэл оюун ухаан” судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга Эми Стегард онцлон тэмдэглэсэн байна билээ. Ийм аюул занал бодитойгоор бий болсон учраас Их Британи, АНУ, Европын холбоо, Хятад тэргүүтэй дэлхийн олон улс орнууд хиймэл оюун ухааны ирээдүйн тухай мэдэгдэлд гарын үсэг зураад байна. Энэ бол аливаа хувьсал өөрчлөлт, шинэ дэвшил нь ашиг орлогоос гадна эрсдэлийг дагуулж байдгийн нэг тод илрэл.
4.
Хиймэл оюун ухаан сэтгэлийг хийж чадахгүй. Очмоор байгаа газарт чинь яаж хурдан хүрэх замыг заан өгч чадах боловч тэнд очоод сэдрэх дурсамжийн бүлээн амьсгаа, сэтгэлдээ амилуулан эдлэх дотоод баяр жаргал, гуниг харууслыг өгч хараахан чадахгүй...хэмээн үүнийг бичигч би бээр хэдэн жилийн өмнө өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ...
Гэтэл одоо хиймэл оюунаар бүтээсэн хөгжим сонсож, зурсан зургуудыг нь үзэн, эрүүл мэндээ шинжлүүлж, сэтгүүлийнхээ коверыг сонжуулж сууна. AI буюу хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилж байна хэмээн бид ярих дуртай ч манай түвшин хязгаарлагдмал, үнэндээ уран сайхны түвшинд л байна гэж залуусын бачимдахтай би олон таардаг. Асар хурдтай хөгжиж буй энэ талбарт дэлхийтэй зэрэг урагшилж чадахгүй байгаа ч ядаж ойлгодог болгох, сөрөг муу талуудыг нь судалж таниулах ажлыг хиймээр л байна. “Хиймэл оюун ухаан хэт хөгжиж, хэт ухаантай болсноор хүн төрөлхтний хяналтаас гарна” хэмээн манай гарагийн зарим суутан зүгээр нэг анхааруулаагүй гэдэг нь өнөөдөр нэгэнт тодорхой болжээ. Стевен Хавкинс, Илон Маск, Стив Возниак болон Билл Гэйтс зэрэг эрин цагийн лугууд хиймэл оюун ухааны аюулын талаар анхааруулсаар байгааг бид мэднэ. Тэд хиймэл оюун ухааныг илүү нарийн ашиглах, түүнд түшиглэн хөгжих ёстой ч ирээдүйд ямар ч эрсдэл гарч болохыг тооцох хэрэгтэй гэдгийг онцолж байна.
Өнөөдрийн цахим ертөнцөд гарч буй буруу эргүүлгүүд дээр ч хиймэл оюун ухаан ажиллаж байна. Жишээ нь, цахим орчин дахь ботиудыг зарим платформуудыг эзлээд эхэлчихсэн гэж ажиглагчид үзэж байгаа. АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургууль болон Индианагийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Твиттерийн нийт 50 сая гаруй хэрэглэгчийн 15 орчим хувийг ботууд эзэлж байна гэдэг нь тодорхой болсон.
Дэлхийн хамгийн алдартай эдийн засгийн чуулга уулзалт болох Давосын индрээс ч “Технологийн компаниуд ашгийн төлөө хиймэл оюун ухааныг хэтэрхий их хөөцөлдөж байна” гэх шүүмжлэл цуурайтах болсон. Хиймэл оюун ухааныг цэргийн салбарт ашиглах нь дэлхий дахинд эргээд эрсдэл дагуулж байгааг улс орнууд ил тод хэлэлцэж эхэлсэн.
Ийм л хүнээс илүү хурц , хүйтэн оюун ухаантай зэрэгцэн амьдрах болов, бид...
Ойрхон зуур урлагийн оддыг хиймэл оюун ухаанаар үнсэлцүүлж,Ерөнхийлөгчийнхөө дуу хоолойгоор элдэв үг хэлүүлэн тоглож суух мэтээс чинь хэдэн мянга дахин аюултайгаар энэ технологи үсрэнгүй хөгжсөн шүү. Эргээд хүн төрөлхтөн өөрсдөө хиймэл оюун ухаантай хариуцлагатай ухаалаг түншлэх талаар зовниж эхэлсэн гэдгийг бодох хэрэгтэй. Ямар ч гайхамшгийн ард сүүдэр байдаг. Гэсэн ч дэлхий дахин хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засгийн хөгжлөөрөө өрсөлдөж, ахиу ашиг олохын төлөө мэрийж байна.
Саяхан ЦХИХХЯ, Мэдээллийн технологийн үндэсний парк, И-Монгол академи хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт монголын AI хөгжүүлэгч залуус маш идэвхтэй оролцсон. Тэнд яригдсан асуудлуудаас харахад манайд хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд мэргэшсэн боловсон хүчин дутагдаж байгааг нэлээд онцолж байна. Энэ байдал мэдээж хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, хэрэгжилтийг удаашруулах гол шалтгаан байж таарна. Дээр нь санхүүгийн дэмжлэг алга. Хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлт мэдээж өндөр өртөгтэй. Дээрээс нь өндөр хурдтай интернэт, өндөр хүчин чадалтай компьютер зэрэг зайлшгүй шаардлагатай дэд бүтэц нь манайд хангалттай хөгжөөгүй, мөн хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа зэргийг залуучууд онцолж байна билээ. Төр энэ зүг рүү хоосон тунхаг ярих биш, бодитой анхаарал хандуулмаар байна. Бид хэдий болтол сум, сургуулийн 100 жилийн ой, элдэв овооны наадам ярьж зуныг бардаг байх юм бэ. Бид хэзээ суманд соёлын төв барих уу, үгүй юу гэх мэт сэдвээр хэрэлдэж суудгаа болих юм. Технологийн хөгжил рүү хөрөнгө оруулалт хийхгүйгээр улс орны ирээдүйн хөгжлийн тухай ямар ч гялгар мөрөөдөл яриад бүтэхгүй. Үйлдвэржилтийг хурдасгах, хөгжил дэвшил авчрах том төслүүд явахгүй.
Үнэн хэрэгтээ ухаалаг засаглалын төлөө л залуучууд бухимдаж байгаа. Нам төвтэй улс төрийн бодлого, Улсаасаа том Төрийн тухай ойлголт, Хувийн хэвшлээ Төр нь улаан гараараа самарч байдаг буруу эргүүлгүүд л тэдний дургүйцлийг төрүүлж байна.
Нам дагасан сул дорой томилгоонууд төрийн албыг хүчгүйдүүлэн сулруулж байгаад тэд уурлаж байгаа. Төрийн байгууллагуудыг хувийнхаа компани шиг санан дураараа аашилж, ажлаа шударгаар явуулах гэж зүтгэж байгаа залуучуудыг хувийн үзлээрээ басамжлан дарамталж байгаа зарим сайдуудыг жигшиж байгаа. Том зорилгын хөлд дандаа ийм жижиг саад гай болдог.
Тиймээс төр засгийн тэргүүнүүдээс одоо байгаагаасаа хэдэн арав дахин илүү смарт, хэдэн арав дахин илүү хурдтай Төрийг хүсэмжилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Элдэв контент, мэндчилгээ, хөшөө чулуу, ойн арга хэмжээ, халаа сэлгээнээс бүгд залхсан шүү...
Сэтгүүлч Б.Ганчимэг