Хар халуунд хөх нүүрсний хэрүүл хийж байгаад нь Хотын даргад баярлалаа
-“Гэрлэж амжаагүй явна” кинонд гардаг нүүрсээр гэрээ дулаацуулж үзье л дээ-
Таван жилийн хугацаатай “Энержи ресурс”-ээс сайжруулсан түлш хийхэд зориулж түүхий эд “үнэгүй” авдаг гэрээний үйлчлэл дууслаа. Юу түлэх вэ? Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, тус хорооны Эрдэмтдийн зөвлөл бол “лабораторийн шинжилгээ муу гараад байгаа бол хагас коксжсон түлш чинь л зөв сонголт” гэж хэлээд байна. Тэд бол хуулийн өмнө хариуцлага хүлээхүйц, шинжлэх ухаанч зөвлөмж өгч буй гэж итгэж болно.
Хотын дарга Х.Нямбаатар юун 300 тэрбум төгрөг хэмнэх тухай ярив? Энэ бол дээрх лабораторийн шинжилгээний дүн нь муу гараад байгаа түүхий эдийг ийм хэмжээний мөнгөөр худалдаж авахгүй л гэсэн санаа. Бүхэл бүтэн улс орны ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн, ЭХЯ, Ашигт малтмал баяжуулагчдын холбоо бүгд л Хятадын хамгийн сайн стандартыг хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөж байна.
Эрдэмтэд зөвлөлийн шийдвэр, Үндэсний хорооны тогтоол гарчихлаа. Салбарын сайдын тушаал, УИХ-ын тогтоол, түүгээр Засгийн газарт өгсөн чиглэл байна. Хүн ардын амьсгалах агаарын тухай, нийгмийн маш чухал асуудлыг ярьж байгаа учраас хувийн жижиг эрх ашиг, улстөржилт байх ёсгүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар хагас коксжсон түлш авах тендрийг эргэн харж, дотоодоос хангах боломжийг судлах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад даалгасан. Одоо судлах сайд хэзээ түлшний асуудлыг шийдвэрлэх бол? Тиймээс ч хотын дарга Х.Нямбаатар энэ шийдвэрийн дараахан, Засгийн газрын хуралдаан дээр “Энэ асуудлаа Засгийн газар дангаараа хариуц. Үйлдвэрээ ч буцааж ав” хэмээсэн байдаг. Гэвч Х.Нямбаатараас өөр ийм “галтай” асуудлыг авчих улс төрийн зоригтой, шийдлээ хайгаад олсон, ажлаа эхэлсэн хүн байгаа эсэх нь эргэлзээтэй л байна.
Ямартай ч “Хүрэлсүхийн” цэлмэг тэнгэр “брэнд”-ийг үргэлжлүүлж, өмхий утаагүй, цэлмэг цэнхэр тэнгэртэй Улаанбаатар хоттой байхын тулд Х.Нямбаатар “гал атгахаас” айхгүй байгаа бололтой.
“Мидлинг баяртай” буюу “Барьцаалагдсан” хагас коксжсон түлш
Бид туршиж үзээгүй байж угаасан нүүрсээр хийх муу гэж болохгүй шүү дээ. Хийх гэж оролдлоо, чанарын судалгаа хийлээ. Энэ оны гуравдугаар сард гэхэд л “ЭТТ”-оос 2000 тонн баяжуулсан нүүрс татаж аваад нүүрс хийжээ. Мидлингээ больё, угаасан баяжмалаар хийе гээд туршиж үзлээ. Хүхэрлэг хий нь 1.6 дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл нь 1.4 дахин их байна. Тэгэхээр одоогийн түлшээ түлээд л байвал юу ч сайжрахгүй нь. Гэхдээ мидлинг түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо хагас коксын үе ирж байна. Түүний дараа ямар түлш гарч ирэх вэ. Эсвэл тэр үед улс даяар орон сууцжуулаад дууссан ч байх юм билүү, таашгүй.
Хэрэв мидленгийг үргэлжлүүлээд түлвэл төрийн өмчит компанид жилд 300 тэрбум төгрөгийн дотац авдгаараа авна. Үүн дээр нэмээд “Энержи ресурс”-ээс үндсэн түүхий эдийг үнэгүй авч байсан гэрээний хугацаа өнгөрсөн онд дуусчихсан, тэгэхээр тэр түүхий эдийг одоо мөнгөөр тооцож авах болно. Мөн ажилчдын цалин гэхчлэн шуудайлаад хэрэглэгчдэд хүрэх хүртэлх зардлууд нэмэгдсээр нэг тонн сайжруулсан түлшний үнэ нийт 600 тэрбум төгрөгийн өртөгтэй болно. Түүхий эдийн үнэ л гэхэд 500 мянган тонн мидлингийн үнэ 300 тэрбум болдог юм билээ. Өнөөг хүртэл үнэгүй хэрэглэж байсан болохоор энэ тоо, тооцооллыг урьд нь ярьж байгаагүй. Одоо гэрээ дууссан учраас Үргэлжлүүлээд “ЭТТ” цаашдаа хангахаар боллоо. “Тавантолгой түлш” компаниас “ЭТТ”-д “Мидленг авахгүй, угаасан нүүрс авна” гэж хүсэлтээ тавихад “ЭТТ” нь 300 тэрбум төгрөгийн алдагдалд орно гэдгээ хэлж. Өөрөөр хэлбэл, ЭТТ нь “Тавантолгой түлш”-д 500 мянган тонн нүүрс өгөхийн тулд 1.5 сая тонн нүүрс олборлох болон угааж баяжуулах үйлдвэрээр орсон өртөг нийлээд жилд 300 тэрбум төгрөгний алдагдал хүлээх аж. Ийнхшү “ЭТТ”-г алдагдалд оруулж нүүрсийг нь 300 тэрбум төгрөгөөр авч байхаар Хятадаас хамгийн чанартай, сайн түлшийг судлаад тендер зарла гэж “Тавантолгой түлш”-ийн захиралд үүрэгджээ. Ингээд “Тавантолгой түлш”-ийн ТУЗ хуралдаад Гүйцэтгэх захиралд 226 тэрбум төгрөгийн нээлттэй тендер зарлах эрх олгожээ.
Одоо “ЭТТ” компанийн хашаанд хагас коксжсон түлш 400 тонн бна. Нэг тонн нь 1.8 сая төгрөгийн үнэтэй аж. Гэхдээ хууль хяналтын байгууллага түүнийг “Нүүрсний хэрэг” гээд эд мөрийн баримт болгож “баривчлаад” лацадчихсан байна.
“Тавантолгой түлш” ашигтай ажиллах бус агаар цэвэр байлгах даалгавар л өг!
Өмнөх захирал Б.Даваацэрэн захирлын үед түүхий эдийн сонголт дээр ямар нэгэн сонголт байсангүй. Үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, инженерчлэлийн талаар голлон анхаарч, тоног төхөөрөмжийг сайжруулж, 20 шугамыг зургаан шугам болгосон юм билээ. Шулуухан хэлэхэд, “Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй” захирал байсан ч “Тавантолгой түлш” ашигтай ажиллах боломжгүй. Яагаад гэвэл 1 тонн нүүрсийг 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Нэг шуудай түлш 3750 төгрөг. Хэрэв “Тавантолгой түлш” компани биеэ даагаад түүхий эдээ өртгөөр нь худалдаж аваад, өөрсдөө боловсруулалт хийгээд зарвал нэг тонн түлшийг бараг 1 сая төгрөгөөр зарж байж дөнгөж баланслах гэнэ.
Энэ үйлдвэрийн байдал өнөөдөр ямар байна вэ? Одоогийн захирал нь албан бус тоогоор 2100 ажилчинтай компани хүлээж авсан, цомхотгоод 1000 болгож. Нийт гурван үйлдвэртэй байлаа. 22-н товчооны ойролцоох баруун үйлдвэр өнгөрсөн онд хаагдсан. ТЭЦ-2 дэргэдэх төвийн үйлдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард үйл ажиллагааг нь зогсоожээ. Энэ жил хэрэв хуучин мидленгээрээ түлш хийх болбол зөвхөн Налайх дахь зүүн үйлдвэрээ л ашиглана. Тус үйлдвэр галлагаа зогссоны улмаас одоогоор ажиллахгүй байгаа юм. Шинэ захирал томилогдсоноор техник ашиглалтын коэффицентээ тооцож үзээд 60 хувьтай байсныг 82 хувьд хүргэж, ажилчдынхаа тоог цөөлж хасаад үйлдвэрлэлээ сайжруулах чиг шугам баримталж байгаа бололтой юм. Ямартай ч одоогоор үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн. Хэрэв тендрийн дүнд хагас коксын түлш худалдаад авчихвал “Тавантолгой түлш” үйлдвэрээс зөвхөн савлагааны хэсэг л ажиллахаар байна. Цас орохоор нүүрсний шуудай хайдаг байсан алдааг энэ удаа давтахгүй. Шуудай бэлэн гэнэ. Гэхдээ үуудайны стандартыг өөрчилнө гэнэ. Учир нь одоогийн шуудай бол гялгар уут буюу нийлэг бүтэцтэй. Тэгэхээр агаарын чанарыг сайжруулна гэсэн зорилт тавьчихаад 20 сая ширхэг нийлэг эдээр хийсэн шуудай нийслэлийн агаар орчинд шатахаар мөн л агаарыг бохирдуулах хор болно. Тиймээс энэ шуудайг Үүнийг 100 хувь нийлэг эдээр бүтсэн стандартыг нь өөрчилж, 20 хувийн нийлэг эд, үлдсэн 80 хувийг цаасан суурьтай болгож өөрчлөх бөгөөд ингэсний эцэст үнэ нь хэвээрээ байх аж.
Эцэст нь хэлэхэд, өөрчлөлтийг зоригтой хийгээд үзье. Ямар нэг ашиг сонирхол оролцуулахгүйгээр, эх оронч сэтгэл, шинжлэх ухааны дүгнэлтэд суурилаад хүн ардаа эрүүл, аюулгүй орчин амьдруулж, цэвэр агаараар амьсгалуулж, цэлмэг тэнгэр харуулахын төлөө юуг ч харамламааргүй байна. Тэгж гэмээнэ эмнэлэгт ор дутагдах гаслан, эм тариа, эмчилгээнд мөнгө зарцуулах нь жаахан ч гэсэн багасна. Хэн ч, хаанаас ч ирж бидний цэвэр агаартай болгож өгөхгүй. Бид өөрсдөө л зориглох хэрэгтэй.
“Гэрлэж амжаагүй явна” кинон дээр гардаг шахмал түлшийг одоо л туршиж үзье. Үнэхээр цэлмэг тэнгэр харуулж, өмхий утаа үйлдвэрлэхгүй бол ямар ч үнээр хамаагүй ийм түлш хийх үйлдвэр барьж ашиглая. Энэ бол бөмбөрцөг дээр ганцхан Монголд тохиосон хүндрэл биш. Одоо ч Хятадын зарим хот хэрэглэж байна. Мөн тэд хагас коксын үйлдвэр болон нүүрс химийн цогцолбор үйлдвэрүүдийг манайд санал болгож, Эрээн хот хүртэл тээвэрлээд өгье, танайх ганц ийм үйлдвэртэй болчих гээд санал тавьдаг хэвээрээ.
Бээжин луга цэлмэг тэнгэртэй болъё гэвэл дуурайхаас өөр аргагүй
Урд хөрш маань нүүрсний судалгаагаар бол үнэхээр шилдэг нь юм байна. Бээжин 2008 оноос хойш утаатайгаа тэмцсэн. Нүүрснээс салгаж, кокс руу шилжсэн. 2013 оноос хойш хотын зах руу анхаарлаа хандуулж одоо кокс руу бүрэн шилжсэн. Одоо ч коксжсон түлшээ түлж байна. Зуух, яндангаа төрөөс нь үнэгүй сольж өгч байна. Бугатад өнгөрсөн жил хүртэл зуух яндан тараасан байна лээ. Хагас кокс руу шилжээд 50 хувийн үр дүн гаргана. Түүхий нүүрс түлж байхад 44 байсан үзүүлэлт 22 болсон. Одоо 10 болгох гээд “Тавантолгой түлш”-ийнхэн ч, Хотын дарга ч зүтгэж байна. Ингэлээ гээд огт утаагүй болох уу гэвэл үгүй. Тэдний амлаад байгаа 50 хувийн үр дүнгийн бодит нөлөөлөл нь 25 хувь болно. Яагаад гэвэл олон газрын судалгаагаар өвлийн цагийн ид хүйтнээр нийт агаарын бохирдолд шахмал түлшний нөлөөлөл нь ердөө 55 хувийг л эзэлдэг аж.
Одоо худалдаж авах гээд байгаа зүйл маань Монголд байхгүй нүүрс, химийн цогцолбор үйлдвэрт боловсруулагдсан, “хөх нүүрс” буюу хагас кокс юм. Энэтхэг, Индонез, Хятад гурван улс хөх нүүрсийг олборлож бусад оронд экспортолдог гэнэ. БНХАУ-д ахуйн хэрэглээнд дагаж мөрддөг гурван төрлийн стандартаас хамгийн сайн үзүүлэлт, техникийн шаардлагыг тендрийн бичиг баримтдаа тусгачихаад байгаа юм билээ.
Түүхий нүүрсийг 600-аас 800 градуст битүү жигнээд, давирхай дэгдэмтгий бодис болон бусад хүнд, хорт элементийг салгаж аваад хагас коксжих нүүрс буюу хөх нүүрсийг гаргаж авдаг, хамгийн сайн чанарын нүүрс гэсэн үг. Манайд энэ үйлдвэрийг барих гээд сүүлийн 20, 30 жил ярьсан, гацсанаас цаашгүй өнөөдрийг хүрлээ. Үйлдвэр нь байхгүй үйлдвэр байсан бол дотооддоо үйлдвэрлээд хэрэглэнэ. Гэтэл үйлдвэр байхгүй юм чинь. Энэ удаа урд хөршөөс сайн чанарын нүүрс оруулж ирээд нэг өвөл ч гэсэн утаагүй өвөлжиж үзье.
Хагас кокс өөрөө маш их агаар шаардаж асдаг учраас үүнийг бид оруулж ирлээ гэхэд манай технологи, өнөөх барьцалдуулагч нь шаардлага хангахгүй учраас асааж чадахгүй. Энэ бол маш том эрсдэл. Товчхондоо таван минутад шатаад, уугиад, утаагүй болчихдог энгийн хэрэгслээр буюу 300 грамм модоор асдаг бэлэн түлш хийлгэж авах гээд байгаа юм шүү дээ.
Үүнийг Төрийн тэргүүн хэлэхдээ, “Төрийн бодлогоор өрх бүрт орж буй бодит дэмжлэг гэвэл түлшний дэмжлэг л байна” гэсэн. Нийслэлд дунджаар нийт 200 мянган өрхтэй гээд бодохоор цэвэр агаар, цэлмэг тэнгэртэй байхын тулд ийм хэмжээний зардал гаргах, аюулгүй байдалд хяналт тавих тийм ч дааж давшгүй хэцүү даваа биш. Харин хяналтынхныг тал талаас буюу байгууллага бүрээс нэгтгэж дүгнэлт гаргуулж, яаралтай үед шийдвэрлэх хэцүү байх. Тийм ч учраас Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч мэргэжлийн хяналтын байгууллагыг дахин байгуулах, мэргэшсэн, туршлагатай хянагчдадаа итгэл хүлээлгэх тухай ярьж эхэлсэн байх.
Түүнчлэн төрийн бодлого боловсруулах хэмжээнд Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь хотын даргаас болон “Тавантолгой түлш” компаниас давж үүрэг хариуцлага хүлээж ажиллах шаардлагатай байна. Учир нь одоо мөрдөж буй бүх хууль, тогтоомжуудыг харахад тэдний оролцоо том байх ёстой боловч бодит байдал дээр нуугдмал буюу идэвхгүй оролцоотой байна. Гэтэл бодлого боловсруулах, хэрэгжилтэд үүрэг гүйцэтгэхдээ нуугдмал байдалтай байснаа эцсийн дүнд гай ч гарсан, гавьяа ч байгуулсан төрийн өмчит компанийг, тэнд хүн ардынхаа өмнө, ирээдүйн өмнө ачаа үүрэн зориглон ажиллаж буй залуусаа буруутгаад байдаг байж болохгүй.
Ойрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ бүхнийг эргэн харж, байр сууриа илэрхийлнэ гэж найдаж байна.