Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголыг тойроод 1.6 тэрбум хүн байна. Энэхүү хүн далайг манай улстай хамтран ашиглаач...

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Европт хийсэн айлчлал өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө.Бүгд Найрамдах Чех улс, Бүгд Найрамдах Польш улсад хийсэн Төрийн айлчлал нь тус орнуудтай Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн хүрээнд болж байгаагаараа онцлог юм. Түүхийн 75 жилийн найрсаг харилцаа, уламжлал гэдэг улс орнуудын хувьд түүхэн ач холбогдолтой. Олон жил нөхөрлөсөн хүмүүс бие биедээ итгэлцлийг бий болгосон байдаг. Үүн шиг 75 жилийн хугацаанд хоёр орны хооронд юу эс болсон байх билээ. Нөхөрлөж чад­санд, нөхөрлөлөө хадгалж ирсэнд өнөөдрийн үнэ цэнэ оршиж байгаа. Чех улсын ерөнхийлөгч Петр Павел нь цэргийн хүн. Олон улсын хурал чуулганд манай Ерөнхийлөгчтэй таарах бүртээ эх орондоо айлчлахыг хүссэн байдаг. Түүний урилгыг хүлээн авсан нь энэ. Харин 2023 онд Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Өнөөдөр манай улсын Ерөнхийлөгч хариу айлчлал хийж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад бодлогын үндсэн зарчмаа тууштай баримталж, хоёр хөрш болоод гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагааг эр­чимжүүлж ирсэн. Түүний гадаад бодлого эх орондоо улс орны төрийн тэргүүнүүдийг авчрахад чиглэсэн. Энэ нь өнгөрсөн хугацаанд харагдсан байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар жилд хэчнээн орны төр, засгийн тэргүүн Монгол Улсад айлчилсан бэ. Европ тивээс гэхэд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк Штайнмайэр, Ромын Пап буюу Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис ... гээд дэлхийн анхаарлын төвд цаг минут бүр оршиж байдаг, хэлсэн үг бүр нь  анхаарал татдаг томчууд цуваагаараа Монголд айлчилсан билээ. 

Эдгээр олон нөхдийг хүлээн авсныхаа дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийнхүү Европ тивийн айлчлалаа эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд биеэрээ явж, улс орны удирдагчидтай уулзаж ярилцаж байх онцгой цаг үе өнөөдөр гэдгийг судлаач бүхэн нэгэн дуугаар ярьж, бичиж байгаа. Энэ удаагийн Чех, Польш улсад хийсэн Төрийн айлчлалаар эдгээр улсуудтай харилцааны түвшнээ ахиулж, Иж бүрэн түншлэлийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр улсын хооронд бүх салбарт хамтарна гэсэн үг юм. Ер нь бол Төрийн айлчлалын албан мэдээлэл, байгуулсан гэрээ хэлцэл, санамж бичиг, уулзалт, форумын мэдээллүүд цаг тухай бүртээ, хурдтайгаар Монголын нийгэмд хүрсэн. Харин миний хувьд нийтлэлчийн нүдээр юу харж, мэдэрч явснаа чөлөөтэй хүргэе.

Төрийн айлчлалыг хүлээж авсан Чех, Польш хоёр орон бол геополитикийн онцгой бүс, бүслүүрт байгаа улсууд. Орос-Украины дайн яг хажууд нь болж байна.Украины дүрвэгсдийг сая саяар нь хүлээн авсан хоёр улс. Орос-Украины асуудлаар тууштай нэг талдаа гарсан байр суурьтай улсууд юм. Шулуухан хэлэхэд, ээдрээтэй цаг үед Оросыг буруутгаж байгаа Чех, Польш хоёр орны Ерөнхийлөгчийнх нь урилгаар манай хүн Төрийн айлчлал хийлээ. Тухайн улсууд нь өндөр хэмжээнд хүлээн авч байгаа нь Олон улсад анхаарал татсан айлчлал болов. Ер нь бол Монголын төр Олон улсад өөрийнхөөрөө байгаагийн тод илрэл. Яг тухайн хувь улстөрчийнхөө хувьд Ерөн­хийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хуралд очоод бусад орны удирдагчдад юу гэж ярихыг дэргэдээс нь сонирхмоор үйл явц юм. Учир нь хоригт орсон Оросын ерөнхийлөгчийг ганцаархнаа албан ёсоор хүлээн авч дэлхийг сөрсөн нь Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Гэсэн хэдүй ч Монголын Ерөнхийлөгчийг гурав дахь улсууд урьж, улмаар гуравдагч орны томчууд манайд айлчилсаар байна.Энэ бүхэн ээдрээтэй юм шиг хэрнээ Монгол Улсыг дэлхийн анхааралд оруулсаар байгаа геополитик билээ.

Ийм цаг үед, ийм дэлхий ертөнцөд, ийм содон байгаа Монгол Улсын гадаад бодлогыг иргэд хэрхэн дүгнэх нь өөрөө ардчилал юм. Намайг ядруухан зүйл анзаарч, бичиж байна гэж бодох хүн гарах биз. Гэвч бичье л гэж бодлоо. Ядаж л Монгол Улсын Ерөнхийлөгчийн бараа сүр, алхаа гишгээ, үг яриа, биеийн хэлэмж нь хүртэл Европ тивийн өндөрүүдийн бараа сүрд дарагдахааргүй харагдах юм байна шүү дээ. Хажууд нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд гэж эмх цэгцтэй, дипломат ёс жаягаа мэддэг, эрхэмсэг байдал, донж хэлбэрээрээ гайхуулсан, гадаад хэл ус сайтай царайлаг бүсгүй явах.Энэ бүхэн дипломат харилцаанд жижиг асуудал биш.Ертөнцийн ямар ч мундаг удирдагч байсан эр хүн л юм хойно эвтэй, аятайхан бүсгүйтэй зөв харилцах, ганц үг сольчихмоор санагдана. Энэ бол хүний ёс. Ямар ч эмэгтэй удирдагч бас адилхан. Амьдралын бодит үнэн гэдэг энэ. Яг энэ сэдвээр Де Факто ах бид хоёр айлчлалын үйл явцыг хараад ярилцаж зогссон юм.Эдийн засагч Д.Жаргалсайхан бол юм үзэж, нүд тайлсан хүн шүү. Ковидтой, Дайнтай, Трамптай энэхүү амаргүй цаг үед Монгол Улс өөрт байгаа давуу бүхнээ жижиг гэхгүй өнгөлж, өнөөдрийн олон тулгуурт бодлогын зааг дээр ухаалаг, өнгөлөг, нүдэнд дулаахан харагдахыг хичээх ёстой. Өнөөдрийн дэлхийн ертөнц, дэлхийн удирдагчдын байр суурь өмнөх үеийнхнээс огт өөр болсон. Үүнийг бид эрт мэдэрч, ойлгох нь төдий хэрээр амжилт ололт, хөгжлийн дэмжлэгүүд хурдтай ирнэ гэсэн үг. Тийм болохоор Олон улсын дипломат харилцаанд бүх зүйлд жижиг гэхгүй ач холбогдол өгч хандах ёстой.

Чех, Польш улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгс, ойлгуулсан үзэл санаа товч тодорхой байсныг ард түмэн харсан байх. Хоёр орны харилцаа салбар бүрт яригддаг. Тэр дундаа эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа бүр өргөн утгыг агуулдаг, хоёр тал хэрэгжүүлэхийг хичээдэг.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үгээс онцлоход тэрээр “Монгол Улс усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай улс юм. Манай эх орныг тойроод 1.6 тэрбум хүн байна.Энэхүү хүн далайг Монгол Улстай хамтран та бүхэн ашигламаар байна” гэсэн үг юм. Энэ бол маш том агуулга, маш том боломжийг гадныханд сануулж байгаа хэрэг. Үүнийг гадныхан мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч Монгол Улсын өнөөгийн хууль эрх зүйн орчин, төр засгийн тогтвортой байдал... гээд үндсэн асуудал руу онцгой анхаарна. Хэн санал тавьж байгаад ач холбогдол өгнө. Ямар хүмүүс айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд байгааг ч ажиглана. Өнөөдөр Монгол Улсад төрийн эрхийг хамтран барьж байгаа улс төрийн намуудын гол төлөөлөл болох МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт нар айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, албан ёсны уулзалт бүрт оролцож байгаа нь байдаг л нэг дүр зураг биш юм. Монголчууд эв нэгдэлгүй, эвдрэлцэж толхилцдог, эдгээр нь төр засгийн тогтворгүй байдалд нь нөлөөлж ирсэн гэх муу мессэйжүүдэд хариу өгсөн үйлдэл. Урьдын муу кейсүүд өнөөдөр түүх болж байгааг өнгөрсөн намрын Шанхай дахь Ерөнхий сайдын айлчлалаас эхлэн гадаад ертөнц рүү хүчтэй шидсэний үргэлжлэл. Энэхүү эв нэгдэл, тогтвортой байдлын дүр төрх Европын айлчлалаар ч тод харагдлаа.  Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Хууль тогтоог­чид, сайд нар, шийдвэр гаргах түвшний нам бүрийн төлөөлөл багтахын зэрэгцээ салбар бүрийн хөндлөнгийн эксперт, Олон улсын суд­лаачид багтсан нь онцлог байлаа. Тэдгээр шинжээч, судлаачид уулзалт хэлэлцээр бүрийн дараа газар дээр нь хөндлөнгийн дүгнэлтүүдээ хэвлэл мэдээллийнхэнд цаг тухайд нь өгч байлаа. Энэ бол өмнөх айлчлалуудад хийгдэж байгаагүй үйл явц юм.

Айлчлалын үеэр Чех, Польш улсад болсон бизнес форумд манай том компанийн төлөөллүүдийн ихэнх нь идэвхтэй оролцлоо. “Таван богд”, “Макс”, “Алтан жолоо” групп... эрчим хүч, дэд бүтцийн бүх л аж ахуйн нэгжүүд төр, хувийн хэвшилгүй оролцов. Тэр бүх бизнесийн уулзалтаас гарч ирсэн манай мэргэжлийн хүмүүсийн амнаас “Манай төмөр зам одоо жинхэнэ утгаараа Евро-Азийг холбосон төв коридор болох боломж гарч ирж байна. Хятадаас Европ хүрэх чингэлэг тээврийн 30 хувийг манай төмөр зам ачаалж болж байна. Казахстан жагсаалтад орсон. Ер нь Хятадын аж үйлдвэрийн том хотуудаас Европ руу тээвэрлэх чингэлэг тээврийг бид эдийн засаг болгох боломж бүрдлээ” гэж дүгнэцгээж байв. Цааш нь өргөжүүлэх боломжтойг дурдаж байлаа. Энэхүү гарц гаргалгаанд өнөөдрийн төр засаг бодлогын, хууль эрх зүйн зөв дэмжлэг үзүүлэхэд манай бизнесийнхэн бусдыг нь төгс хийгээд явчих туршлага, басчиг хөрөнгө санхүүгийн чадавхтай болжээ. Энэ мэт Европ дахь, тэр тусмаа айлчлал хийж буй хоёр орны бизнесийн орчны судалгааг Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын зүгээс хангалттай хийдэг нь мэдрэгдэж байв.Хоёр улс хоорондын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимуудын харилцаа шинэ шатанд гарах үүд хаалга нээгдсэн айлчлал боллоо гэж дүгнэхээр байлаа.Монгол Улсад хөгжлийн потенциал маш их байгааг Европын хоёр улсад ойлгуулахыг бүх чадлаараа хичээв. Гол зорилго маань энэ. Яг үнэндээ Монгол Улсын талаар гадна талд сөрөг мэдээллүүд хангалттай явж байна. Бүр санаатай ч гэмээр. Тэр бүгдэд Монгол Улсын төрийн тэргүүн нь өөрийн биеэр очиж бодит байдлыг танилцуулж байхгүй бол болохгүй нь. Яг мөнгөн дүн, эдийн засгийн бодит тооцооллоороо Чех-Монгол, Польш-Монголын худалдаа эргэлт санасан хэмжээнд биш байна. Тийм учраас Польштой дэд бүтэц, уул уурхайн хайгуул, олборлолтын салбарт хамтрахыг хүслээ. Польшийн зүгээс худалдааны эргэлтийг 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байгааг Ерөнхийлөгч нь хэлж байх жишээтэй. Чехтэй хийх худалдааны баланс үүнээс бага дүнтэй байна.Гэхдээ өнөөдөр байгаагаасаа харьцангуй ахисан түвшний хэлэлцээрүүд хийгдлээ. Албан бус эдийн засгийн үзүүлэлтүүд Монголтой харилцдаг бүх улс оронд бий болсон. Тухайлбал, сүүлийн судалгаагаар Монгол Улс руу өдөрт 1.5 сая ам.доллар гадаадад ажилладаг монголчуудаас орж ирдэг гэсэн судалгаа юм. Хүн бүр л Монголд байгаа ар гэр, аав ээж... гээд ахуйн хэрэгцээнээс эхлээд 100-1000 ам.доллар шилжүүлж байдаг. Үүнийг нэг сард үржүүлбэл хэд болох вэ. Бүтэн жилд хувааж харвал хэд вэ. Энэ дүнг бодитойгоор харж, харьцуулбал ханшид хэрхэн нөлөөлж байгаа бол. Ийм л валютын урсгалын нэг хэсэг нь Чех, Польшид амьдардаг монгол иргэдээс хийгдэж байгаа нь үнэ цэнэтэй. Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдлын нэг сэдэв энэ мөн. Тийм ч болохоор эдгээр улс оронд ажиллаж амьдарч иргэддээ төр засгийн шагналыг гардуулж, том урам хайрлалаа.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Чех улсад 14 000 орчим монгол иргэн хууль ёсоор амьдарч байна.Тэнд хууль бус цагаачлах тухай ойлголт байхгүй.Нийгмийн баталгаа нь хоёр улс хооронд онцгой сайн хийгдсэн. Тэнд ажиллаж амьдарч байгаа Монголын иргэн хэн ч байсан Чех улсын иргэдийн адил хүртэх ёстой нийгмийн бүх үйлчилгээг авдаг. Ер нь Европ тивдээ монголчууд хамгийн их ажиллаж амьдарч байгаа улс юм. Тэр улсад төрж, өсч, сурч боловсорч байгаа монгол хүүхдийн тоо харьцангуй их. Тэрбүү хэл Чехийн Ерөнхийлөгчийн зүгээс “Магадгүй 10 жилийн дараа Чехээс Монголд суух Элчин сайдаар монгол хүн ч томилогдож магадгүй” гэж хэлсэн байдаг. Энэ юуг хэлж байна гэхээр Чех улс бол Монгол Улсын найрамдалт гуравдагч хөрш, итгэлт нөхөр нь гэдгийг илэрхийлж байгаа юм.

Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нь “Монгол бол жинхэнэ ардчилсан орон. Танай оронд 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөхөд Польшийн Эв санааны нэгдлийн гишүүд их нөлөөлсөн, хувьсгалд оролцсон.Ардчиллыг бэхжүүлэхэд оролцсон. Үүгээрээ манай улс бахархдаг. Танай улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоо маш их. Монголын онгон байгаль, их хээр талыг үзэхийг хүсч байгаа польш иргэд олон байгаа” хэмээн “Польш-Монголын Бизнес Форум”-ын нээлт дээр онцолж байлаа.

ХХ зууны хүн төрөлхтний түүхэн дэх хар толбо болсон дэлхийн хоёрдугаар дайнтай улаан нүүрээр тулсан хоёр үндэстэн бол Чех, Польш хоёр улс. Чех орон бол фашистуудад шууд бууж өгсөн. Харин Польш орон бол тулалдсан. Үүгээрээ их ялгаатай улс үндэстнүүд. Чехийн нийслэл “алтан” Прага уг үндсээрээ уран барилга, соёл иргэншлээ бүтэн авч үлдсэн бол Польшийн нийслэл Варшав хотын 95 хувь нь хоёрдугаар дайнаар үнсэн товорго болтлоо сүйрсэн.Ер нь хоёулаа дайнтай нүүр тулж үзсэн ард түмэн.Дайнаар юу олз болдог, юу сүйрэл болдгийг хамгийн сайн мэдэх юм. Түүний хаялага нь өнөөдөр мэдрэгдэж байгаа орнууд. Орос-Украины дайн эхлэхэд Чех улсын төрийн бодлого Украинчуудад нээлттэй, бүр хэдэн зуун мянгаар нь дүрвэгсдийг угтан авсан. Найр тавьсан. Бүр хил хязгааргүй мэт бодлого явуулж, украинчуудыг оруулсан. Гэвч аливаа асуудал хэр хэмжээнээс хэтрэхээр юу болдогыг украйны дүрвэгсэд Чех улсад харуулаад амжжээ. Чехийн татвар, халамжийн систем дээр том ачаалал дарамт ирж, дүрвэгсдэд зориулсан бодлого эргээд улс орны нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэлснийг өнөөдөр Чехийн иргэд ярих болсон байна лээ. Тийм учраас өдгөө Украины дүрвэгсдийн асуудалд маш болгоомжтой, нухацтай, хяналттай хандах бодлого төрөөс нь явагдаж эхэлжээ.

Харин Украинтай шууд хил залгаа Польшуудын бодлого бол огт өөр. Дүрвэгсдийг боломж гэж харсан.Дайн байлдаанаас дүрвэсэн украин иргэдийг Польшийн бизнесийн салбарынхан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид тэр чигээрээ маш хямд ажиллах хүч болгон ашиглажээ. Захын нэг польш нөхөр 10 украиныг ажилчнаар авч бизнес хийн баяжиж байна гэж ярих хүмүүс олон таарах аж. Хямд ажиллах хүч гэдэг бизнесийн маш том давуу тал байдгийг Польш дахь Украины дүрвэгсдээс харж болох аж. Хоёр орны нийгмийн амьдралаас анзаарагдсан энэ мэт мэдээллүүд их бий. Тэр талаар жич бичиж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоёр улсад хийсэн Төрийн айлчлалын гол цөм үйл ажиллагааны нэг нь “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Европт сурч байгаа, тэр дундаа Чех, Польш улсуудад тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа олон зуун оюутан хүүхэдтэйгээ уулзах, сурч боловсорч байгаатай нь биечлэн танилцах үйл ажиллагаа байлаа. Уулзалтын зааланд сууж байгаа олон хүүхдийг бараг л бүгдийг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таньж байгаа нь содон. “Чи чинь нөгөө тэр үү...” гэж ирээд нэр ус, аймаг сумаар нь дуудаж ярих улсын Ерөнхийлөгчийн дүр зураг тийм ч олон биш байх. Тэр хэрээрээ энэхүү “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт хамруулж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар их анхаарал тавьж байгаа нь харагдах аж. Тэнд онцлох нэг дүр зураг байна. Ерөнхийлөгчийн тэтгэлгээр сурч буй хүүхдүүд бүгдээрээ ардын хүүхдүүд юм. Тэдэн дунд сайд дарга, том компанийн эзний хүүхэд алга. Баян-Өлгийн Цэнгэл, Дорнодын Хөлөнбуйр, Баянхонгорын Бөмбөгөр, Өвөрхангайн Уянга сум... гээд малчин айлын хотноос шууд ирсэн хүүхдүүд, ажилчин ангийн үр сад Европт сурч байна. Тэдний анх яаж тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, ямархан улаан хацартай жаахан хүүхдүүд аав ээжээрээ үдүүлэн, уйлаан майлаантай Европт ирснийг, өнөөдөр ямар гоё залуус, охидууд болсныг харлаа. Сурлагаараа толгой цохиж, “Би ирээдүйд Нобелийн шагналтан болно” хэмээн Ерөнхийлөгчид итгэлтэй ярих тэрхүү хязгаар нутгийн малчны бор хүүг харахад  бахархахгүй байхын арга алга. Тэд эрийн цээнд хүрээд эхэлж. Улс дамнасан айлчлалын үйл ажиллагаанд бүх хүчээрээ үйлчилж, хэлмэрчилж, гар хөлийн үзүүрт түүртэлгүй гүйлдэх охид хөвгүүд Олон улсын харилцааны чиглэлээр энэ жил сургуулиа төгсөж буй Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд байсныг айлчлалын төгсгөлд л мэдлээ. Хоёр улсад оюутнуудтай хийсэн уулзалт бүр дээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тун нухацтайгаар яриа өрнүүлж, бодол саналаа хүүхдүүдтэй хуваалцаж байлаа. “Хүүхдүүд та нар минь эх орныхоо хувь заяаг ирээдүйд авч явах хүмүүс. Та нарт би маш их итгэж найдаж байгаа. Та нартайгаа би арав арван жилээр зориуд уулзана. Тэр үед та бүхэн Монгол Улсын хувь заяаны эзэд болсон байна шүү. Эхлээд 2030 онд уулзана, 2040 онд бас уулзана. 2050 онд ч гэсэн ах нь уулзахыг бодно. За 2060 он гэхэд бараг би байхгүй байх биз. Гэхдээ их богино хугацаанд эх орныхоо хөгжил дэвшилд та бүгдийнхээ оруулж буй хувь нэмрийг харна гэж бодож байна...” хэмээн ярьж байлаа. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, хүн төрөлхтний хөгжлийн түүчээ болсон Европ тивд монгол хүүхдүүдийг өөрийнхөө нэрэмжит тэтгэл­гээр сургаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ үйл ажиллагаа зүгээр ч нэг ажил хэрэг биш бололтой.Одоогоор 1000 орчим хүүхэд хамрагджээ. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх аж.

Ер нь судлаачдын, тэнд явж байгаа боловсролын салбарын томчуудын дүгнэж байгаагаар “Гурав дахь үеийн монголчууд” тэнд бэлтгэгдэж байгаа гэж ойлголоо. Ерэн оноос хойших Монголын нийгмийн бүтцийг үечилбэл шүү дээ. Тэд бол Монгол Улсыг ирээдүйд авч явахаар төрийн бодлогоор бэлтгэгдэж, төлөвшиж буй арай өөр үеийнхэн бололтой. Тэд тэргүүлэх мэргэжлээр суралцахын зэрэгцээ “Монгол эх орон минь” гэсэн ухамсрыг сэтгэл зүйд нь давхар бэлдэж байгааг анзаарлаа. Ер нь бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндэсний сэхээтнүүдийг зориудаар бэлтгэн гаргаж авч буй бодлогын том зорилт бололтой. Тэртээх 1920-иод оны дунд үед Д.Нацагдорж, Д.Намдагаас эхлээд хэсэг залуусыг Монголын төр бодлогоор баруунд, Европын орнуудад төрөл бүрийн мэргэжлээр сургаж эхэлсэн, гэвч дунд нь төр үймж, их гүрний нөлөө, хэлмэгдлийн хар шуурга Герман, Швейцарь... гээд олон оронд суралцаж эхэлсэн сайхан залуусаа дуудаж авчран дуусгасан, хэлмэгдүүлсэн. Эдгээр залуус тухайн үедээ мэдлэг боловсролоо гүйцээж, эх орондоо эргэн ирж хийж бүтээсэн бол өнөөдрийн Монгол Улс хөгжлийн ямар түвшинд хүрсэн байх бол гэсэн харуусал өнөөдөр түүхчид, судлаачдын хүрээнд яригддаг, гүн шарх хэвээр үлдсэн. Тэгвэл тэр алдаагаа одоо давтахгүйн тулд өнөөдрийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бараг 100 жилийн дараа дахин сэргээжээ. Их түүхийн жимээр гэдэг шиг Европ зүгт хэдэн зуун ардын хүүхдүүдийг тэтгэлгээр илгээж байна. Түүнийг нь судлаачид “Ерэн оноос хойших гурав дахь үеийн монголчууд” гэж томьёолж байх шиг байна. Өнөөдрийн бид яах вэ, гадны гар хөлд үрэгдчихгүй, сайдаж муудаж явсаар эх орноо нураачихгүйхэн шиг гурав дахь үеийнхэндээ тушаах нь гавьяа биз. Европын улс орнуудад болон дэлхийн бусад улс орноор тархан “Ерөнхийлөгчийн тэтгэлэг 2100” хөтөлбөрөөр суралцаж байгаа хүүхдүүдийн зүгт монголчууд бид анхаарлаа нэг төвлөрүүлж харах хэрэгтэй. Борог амьдралаас босч, хэзээ ч бүтэхгүй мэт мөрөөдөл нь биелж, барууны орнуудад нарийн мэргэжлээр суралцаж байгаа тэдгээр олон зуун хүүхэд бүрийн ухамсарт хүнлэг сэтгэл, эх оронч үзэл бүрэлдсэн байна. Төрийнхөө далбааг ээж аавынхаа зурагтай хамт ханандаа өлгөсөн, их газрын гүнд, Төв Азийн цээжинд миний эх орон бий, тэр улсыг бид л хөгжүүлэх ёстой гэсэн үзэл нэвт ханхлуулсан нөхдүүд. Ийм нэг эх орончдын том арми бэлтгэгдэж эхэлжээ. “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ба гурав дахь үеийн монголчууд” гэсэн тусдаа сэдэв нийгэмд нэгэнт бий болох цаг ирсэн байна шүү.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Европын хоёр улсад хийсэн Төрийн айлчлалаас түүсэн бодол энэ мэтээр цааш үргэлжилнэ. Албан ёсны гэхээсээ амьдралд түүх болохыг айлчлалын орчноос хайх нь сонин байлаа.Тэрийгээ л бичлээ...