Уран гэж юу вэ?

Уран бол алт, зэс, нүүрстэй нэгэн адил байгаль дээр оршдог нэг төрлийн эрдэс. Монголд хаа газар байдаг, өргөн тархалттай металь юм. Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай учир бидний хүрээлэн буй орчин алхаж байгаа газарт ч тодорхой хэмжээгээр байж л байдаг байна. Гэхдээ уран онцлогтой.

Нэгдүгээрт, олборлолтын хэмжээний хувьд нэг газраа их хэмжээгээр хуримтлагдсан байх нь түгээмэл биш. Дэлхий дээр орших хоёр зуу гаруй орноос ердөө арван гуравхан улсад уран олборлохуйц хэмжээнд байна.

Хоёрдугаарт, алт жоншийг “нинжа” нар олборлодог бол ураныг чадахгүй. Заавал өндөр технологи ашиглана. Уран олборлогчид хариуцлагатай уул уурхайн сонгодог загварыг тухайн бүс нутагтаа хэрэгжүүлдгээрээ бусад олборлогчдоос ялгарна.

Гуравдугаарт, уран олборлож цөмийн эрчим хүчнийтүлш гаргаж авах технологийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тавхан орон эзэмшдэг. Бусад долоон оронд зөвхөн байгалийн уран олборлодог. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын цөмийн түлшүйлдвэрлэхгүй, ердөө байгалийн уран олборлоно. Байгалийн ураныг цөмийн түлш болгох технологи нь өндөр нууцлалтай, маш нарийн хяналт дор явагддаг байна.Монголоос олборлох шар нунтагт ямар нэгэн цацрагийн хор хөнөөл байхгүй. Дээр дурдсанчлан тавхан оронд баяжуулаад атомын цахилгаан станцын түлш болгосны дараа ураны цацрагийн аюул яригддаг байна. Монголоос гаргах шар нунтаг ямар нэгэн цацрагийн хор хөнөөлгүй. Ийм учраас Монгол Улсын ураныг стратегийн бүтээгдэхүүнд тооцож байна. 

Уран олборлосон туршлага бидэнд бий юу

ЗХУ 1985-1995 оны хооронд Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун, Сэргэлэн сумдын нутгийн заагт орших Мардайн орд гэж бидний хэлж заншсан уурхайгаас 500 тонн уран олборложээ. Оросууд уурхайчдын тосгон байгуулж, сургууль цэцэрлэг, усан бассейн, хүнсний цех, ногооны талбайг уран олборлолтын талбайгаасаа холгүй байгуулсан түүхэн баримт байна. Тэнд өнөөдрийг хүртэл ургийн гаж хөгжилтэй төл мал төрсөн тохиолдол мал эмнэлгийн байгууллагад бүртгэгдээгүй, эргэн тойрны сумын иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн баримт мэдээ хүн эмнэлэгт алга. Мардайн уурхайчдын амьдарч байсан таван давхар хоосон барилгууд, уурхайн олборлолтын ам одоо ч байна. Ядуу хүдрийн агуулгатай зургаан ил овоолго нар салхинд элэгдэж хийссээр байгаа нь мөн л баримт.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас 10 тонн шар нунтаг нууцаар олборлосон уу?

Францын тал 2006 онд Дорноговь аймагт ураны хайгуулын тусгай зөвшөөрөл авч, 2016 онд ашиглалтын лиценз болгожээ. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиараа технологийн туршилт хийсэн байхыг тухайн аж ахуйн нэгжүүдээс шаарддаг байна. Мөн Монгол Улсад ямар ч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу технологийн дээжлэлт авч эрх бүхий лабораторид шинжлүүлсэн байх үүрэгтэй. Технологийн дээжийг олон улсад Pilot testing гэж нэрлэдэг. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахдаа зайлшгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид том хэмжээний чөмгөн дээжүүдийг явуулж дүгнэлт гаргуулдаг. Хуульд заасан үүргийн дагуу Бадрах Энержи компани 10 тонн шар нунтгийн дээжийг олон улсын лабораториудад Pilot testing хийлгэхээр олборложээ. Энэ бүхнийг Улаанбадрах сумын ИТХ-д танилцуулсан, хуулийн дагуух процесс аж.

Уран олборлох Улаанбадрах суманд ургийн гаж хөгжилтэй мал төрсөн үү?

Мал эмнэлгийн хүрээлэнд ургийн гаж хөгжилтэй төлийн талаар нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байна. 

Улаанбадрах сумын ундны ус хордсон уу?

2008 онд Засгийн газар 30 гаруй химич, физикч, эмч нарын хамтарсан багийг томилон Монгол орны 300 гаруй сум суурин газрын ундны уснаас дээж авч Монгол орны ундны усан дахь ураны тархалтын зургийг гаргуулжээ. Багийнхан Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын мэргэжлийн хяналтын газарт энэ тайлан мэдээг хүлээлгэн өгч, хаах ёстой худгуудын жагсаалтыг хүргүүлжээ. Мөн 2019 онд Газарзүй - Геоэкологийн хүрээлэнгээс Өмнөговь аймгийн амны 75 худагт химийн элементүүдийн чанарын шинжилгээ хийхэд 22 худгийн ус л унданд хэрэглэж болно гэж гарчээ. Говийн бүсийн ундны ус хатуулаг өндөртэй, хүний эрүүл мэндэд хор учруулахуйц байгааг мөн л баталсан хэрэг. Улаанбадрах сумын нутагт ураны хайгуулын улмаас хордсон нэг ч амны худаг байхгүй. Бадрах Энержи компани “амны худгийн” усыг тогтмол хянаж, тайлан мэдээгээ Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа тэргүүтэй мэргэжлийн байгууллагад тогтмол хүлээлгэн өгсөөр байна. 


Нүүрснээс жилд 8 тэрбум төгрөгийн ашиг олдог Монголчууд уранаас 20 жилд 5 тэрбумыг олох хэрэг байна уу?

Уул уурхайн компанийн тухайн төслөөс олох ашиг дэлхийн дунджаар 20 хувьтай байдаг аж. Техник эдийн засгийн үндэслэлд дурдсанаар Зөөвч-Овоо ордоос 14 тэрбум ам.долларын борлуулалт хийхээс, Монгол улс 5.2 тэрбум ам долларын цэвэр ашиг авна. Бусад төсөлтэй харьцуулбал хамаагүй өндөр ашиг авах гэрээг Монгол Улсын Засгийн газар хийгээд байна. Нүүрсний үнэ ковидын үед тултал хөөсөрсөн бол одоо бодит үнэ рүүгээ дөхөж яваа. 2027 оны төгсгөл 2028 он гэхэд нүүрсний үнэ унана. Энэ үед төсвийн орлогоо нөхөх дараачийн эх үүсвэрийг олох шаардлага Монгол Улсад тулгарч уран, газрын ховор элементийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа юм. 

Ураны хэлэлцээрийг нууцаар хийсэн үү?

Монгол Улсын Засгийн газар ураны салбарт Францын засгийн газартай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын хэлэлцээг хийхдээ УИХ дээр нээлттэй хэлэлцсэн. Дэлхий дээр ураны хэлэлцээг нээлттэй хийсэн анхны орон бол МУ. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна, үүнийг дагаад гэрээ хэлэлцээр нээлттэй болж байгаагийн илэрхийлэл бол ураны хэлэлцээр байлаа. Ураны хэлэлцээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд томоохон дархлаа үүсгэнэ, олон тулгуурт гадаад бодлогын илрэл гэж олон улс судлаачид тэмдэглэжээ.

Франц улс өөрийнхөө ураныг олборлохгүй, Африк, Монгол зэрэг хөгжиж байгаа ядуу буурай орныг сонгон ажилладаг уу?

Франц улсын ураны нөөц 1980-аад онд дуусжээ. Францын Засгийн газар Казахстаны төртэй тохиролцсоны дагуу сүүлийн 30 гаруй жил тус улсаас газар доор уусган олборлох технологиор уран олборлосны үр дүнд Казахстан улс дэлхийн ураны зах зээлийн 40 хувийг нийлүүлдэг том тоглогч болсон байна. Гэвч 2029 оны үед Казахстаны ураны нөөц дуусах юм. Африкийн Нигерт уран олборлож байсан боловч тус улсад иргэний дайн гарч олборлолтоо зогсоосон. Шинэ эх үүсвэрүүд Монголоос гадна хэд хэдэн оронд хайж байна. Франц улс эрчим хүчнийхээ наяас илүү хувийг ураны цөмийн эрчим хүчээр хангадаг, хөрш зэргэлдээ Европын холбооны орнууддаа нийлүүлдэг байна. Монголоос олборлосон ураны эрчим хүчээр Франц, Герман, Люксембург, Нидерланд, Швейцар зэрэг Европын холбооны өндөр хөгжилтэй орнуудыг хангана. 

Газрын гүн рүү 240 мянган тонн уран шахах уу?

Цэвэр хүхрийн хүчил их хэмжээгээр газрын гүн рүү шахахгүй. 98 хувь ус + 2 хувь хүхрийн хүчил буюу сулруулсан уусмалаар элсний ширхэгт наалдсан ураныг ялган авна. Цэвэр хүхрийн хүчлийг их хэмжээгээр шахахад тэсэж үлдэх шугам хоолой манай гариг дээр байхгүй. Казахстанчууд 30 жил уран олборлохдоо газар доор уусган олборлох энэхүү технологийг Олон улсын атомын энергийн агентлагийн хатуу хяналт дор хийж байгаа бөгөөд байгаль орчин, хүний аюулгүй байдалд үзүүлсэн сөрөг нөлөөлөл өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байна. 

Жил бүр гарах 750 тонн цөмийн хог хаягдлыг Монголын хөрсөнд булшлах уу?

Монголоос цөмийн хаягдал гарахгүй. Учир нь Монголд зөвхөн байгалийн уран олборлоно. Уул уурхай, үйлдвэрлэлийн аль ч төслөөс гардаг дахин ашиглагдахгүй шатах тослох материал, ашиглагдсан тос, дугуй резин, зай хураагуур, бээлий, хувцас хэрэглэл зэрэг хаягдал гарна. Хуулинд цацраг идэвхт хог хаягдал, бага цацраг идэвхт хог хаягдал гэсэн нэршлийг технологийн хог хаягдал болгон өөрчлөхгүй бол цөмийн хог хаягдалтай андуурагдсаар байгааг хуулиар засна. 

Ураны хайгуул өөр аймагт хийгдэж байгаа юу?

Ураны илэрцтэй 13 орд Дорнод, Дундговь, Архангай, Төв аймагт байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг Канад, Казахстан, БНХАУ, ОХУ-ын компаниудад олгожээ. 

Бадрах Энержи компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа вэ?

Олон улсын нээлттэй тендерүүдээ зарлаж, бүтээн байгуулалт эхлэх бэлтгэл үе шат явагдаж байна.

П.ХАШ