В.Ганзориг: Халаасны хулгайн гэмт хэргийн 80 хувийг гар утас эзэлдэг юм байна. Та бүхэн өөрсдөө халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, гар утсаа алдаж хохирогч болж байсан уу?

Т.Одбаатар: Миний хувьд цагдаагийн байгууллагын ажилтан учраас хариуцлага, сонор сэрэмж үргэлж өндөр байдаг. Тиймээс халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж үзээгүй. Сүүлийн 5 жилийн хугацаанд 19513 иргэн халаасны хулгайд гар утсаа алдсан гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Харин 2021 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл нийт халаасны хулгайн 1600 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Энэ бол өндөр тоо. Бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулбал өдөр болгон үйлдэгддэг гэсэн үг. 

Л.Жавхлан: Миний хувьд энэ гэмт хэргийн хохирогч болж байсан тохиолдол нэгээр зогсохгүй. Хулгайд утсаа алдсан ч тухайн үедээ хаана, хэрхэн хандахаа мэдэхгүй, Цагдаагийн байгууллагад хандсан ч барьцгүй юм байна, олдохгүй байх гээд орхидог байсан. Учир нь тухайн үед одоогийнх шиг утас болгонд байдаг код гэж байгаагүй. Тийм учраас эргээд олдохгүй дээ гээд орхисон нь их байсан.

Э.Батжаргал: Миний хувьд хувь хүний хариуцлагагүй байдлаас болж утсаа гээж, мартаж байснаас биш халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болж байгаагүй юм байна. Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болоогүй нь магадгүй гар утсаа найдвартай газар хийж урьдчилан сэргийлдэг, халаасны хулгайн гэмт хэргийн мэдлэг, мэдээлэлтэй байсантай холбоотой байх. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


С.Энхтуяа: Миний хувьд ч гэсэн халаасны хулгайд гар утсаа алдаж байсан тохиолдол байхгүй. Түрийвчээ хулгайлуулж байгаад мэдээд хүмүүстэй нийлж уг үйлдлийг нь таслан зогсоож байсан. Монголд гар утасны хулгайн гэмт хэрэг элбэг тохиолддог гэдгийг мэддэг учраас иргэн хүний хувьд сонор сэрэмж, хариуцлагатай байхыг хичээдэг. Олон нийтийн газар гар утсаа ил гаргахгүй байхыг эрмэлздэг. Учир нь гар утсаа хаана хийж байгааг харчихаад хулгай хийх магадлал өндөр гэж боддог. Харин миний гэр бүл, найз нөхөд хохирогч болж байсан тохиолдол их бий. Тухайлбал, манай аав гар утсаа автобусанд хулгайд алдсан. Гэвч тухайн үедээ мөн л хаана хандахаа мэдэхгүй, олдохгүй байх гэж бодоод хөөцөлдөхгүй орхиж байсан.

В.Ганзориг: Энэ бүхнээс харахад бараг өрх бүрийн нэг гишүүн халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болжээ. Орчин үеийн ухаалаг гар утас зөвхөн тоног төхөөрөмж, хэрэгсэл биш дотор нь хувь хүний банк санхүү, хувийн захидал харилцаа, бичлэг, зураг гээд мөнгөөр үнэлж баршгүй үнэт зүйлс агуулагддаг. Энэ төрлийн хулгайн гэмт хэрэгт ямар хүмүүс голчлон хохирогч болж байна? Урьдчилан сэргийлэх үүднээс Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?

Т.Одбаатар: Халаасны хулгайн гэмт хэрэгт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдүүд хохирогч болох нь элбэг байна. Харин халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа обьектын хувьд өглөөний цагаар автобус болон автобусны буудал, улсын болон хувийн эмнэлэг, олон нийтийн соёл, арга хэмжээний үеэр ихээр үйлдэгддэг. Эмнэлгийн орчинд өндөр настан болон жирэмсэн эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид болдог. Тухайн хүмүүс эд зүйлээ алдчихаад хаана хандахаа мэдэхгүй сандарч будлиад байдаг. Иргэд халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон даруйдаа цагдаагийн байгууллагын тусгай дугаар болох 102-т дуудлага мэдээлэл өгч, тухайн нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах ёстой. Өргөдлийн дагуу бид мөрдөн шалгах ажиллагааг явуулж ажилладаг. 

В.Ганзориг: Ер нь эдгээр гэмт этгээдүүдийн хулгай хийх үндсэн сэдэл шалтгаан нь сэтгэл зүйн хувьд юунаас үүдэлтэй байдаг вэ?

Л.Жавхлан: Хулгай хийх сэдлийн тухайд нэг бүрчлэн ярихад маш олон сэдэв гарч ирнэ. Ерөнхий агуулгаар нь авч үзвэл хулгай хийх нь хэд хэдэн ашигтай нөхцөл, үр дүнд хүргэдэг учраас хийдэг болов уу гэсэн таамаг байна. Нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхэд мэргэжил шаардахгүй. Хоёрт, ажлын цаг гэж байхгүй, татвар төлөхгүй. Гуравт, хэдий хүн бүр үнэтэй ээмэг, бөгж хэрэглэхгүй ч хүн бүр гар утас авч явж байгаа бөгөөд энэ нь боломж, “таатай” нөхцлийг бий болгож байгаа юм. Гэмт этгээдийн хулгайн үйлдлийг тайлбарлахын тулд дадал үйлдлийн тухай ярих хэрэгтэй болно. Хулгай хийх нь дадал болсон байдаг. Аливаа дадал үйлдлийг хийхэд сэдэл, үйлдэл, үр дүн гэсэн зарчмаар явдаг. Тодорхой хэмжээний үр дүнд хүрвэл үйлдлээ давтдаг. Иймээс үр дүн нь хамгийн хурдан ирж байгаа боломжит үйлдлүүдийн нэг нь энэ төрлийн хулгай болжээ. Энэ бүхэн халаасны хулгайг сэдэлжүүлэх, нөхцөлдүүлэх томоохон хүчин зүйл болж байна. Мөн хувь хүний хүмүүжил, тухайн орчин, том хүрээнд авч үзвэл нийгмийн нөхцөл байдал, хүчин зүйл нөлөөтэй. Одоо ямар ч ажилд орох гэсэн өндөр боловсрол шаардах болсон. “Энэ мэт төвөгтэй” нөхцөл бүрдсэн учраас амар хялбар замыг сонгож байна гэсэн үг. Тиймээс халаасны хулгайн гэмт хэрэгт зөвхөн хулгайчийг буруутгахаас илүү энэ асуудлыг тал бүрээс авч үзэх хэрэгтэй. 

В.Ганзориг: Албан ёсоор гар утасны дэлхийн том брэндүүдийг оруулж ирдэг байгууллагуудын хувьд та нарт гар утсаа алдчихлаа гэсэн гомдол хэр их ирдэг вэ? Түүнийг нь хэрхэн шийдвэрлэдэг вэ? Албан ёсны газраас гар утас худалдан авах нь хэрэглэгчдэд яг ямар давуу талыг өгдөг юм бэ?

Э.Батжаргал: Манай “Технозон” компани харилцагчдад ая тухтай орчинд чанартай, баталгаатай бүтээгдэхүүн хүргэхийг эрмэлзэж ажилладаг. Манайх Улаанбаатар хот болон орон нутагт нийт 17 салбар дэлгүүртэй бөгөөд дэлхийн том брэнд болох Samsung, Apple, Huawei-н албан ёсны дистрибьютор компани юм. Бидний хэрэглэгчдэд өгч буй үнэ цэн бол албан ёсны эрхтэй борлуулалтаас гадна нэг жилийн үйлдвэрийн баталгааг олгодог. Түүнчлэн гар утасны дэлгэцийн 60 хувийн даатгал дагалдуулдаг. Иймээс манай компанийг сонгон үйлчлүүлэх хэрэглэгчийн зан төлөв өндөр байдаг. 

Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөн гар утсаа алдчихлаа гээд манай компанид өдөрт тогтмол 5-10 хэрэглэгч ханддаг. Бид юуны түрүүнд хэрэглэгчдэд цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахыг зөвлөдөг. Зарим хэрэглэгч утасныхаа IMEI кодоо мэдэхгүй, хайрцаг саваа хаясан байдаг учраас манайхаас худалдан авсан гар утасны дахин давтагдашгүй IMEI кодыг хэрэглэгчдэд гарган өгдөг. Иргэн цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан нөхцөлд цагдаагийн байгууллага үүрэн холбооны операторуудын сүлжээгээр дамжин хулгайд алдсан утсанд сим карт орсон эсэхийг шалгаж прокурорт ханддаг. Үүн дээр үндэслэн энэ хэрэг үүрэн холбоо, прокурор, цагдаагийн байгууллагаар дамжин шалгагддаг. Гэхдээ энэ процесс маш удаан явдаг харагддаг. 

Т.Одбаатар: Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол өгснөөр тухайн гэмт хэргийг хүлээн авсан эрүүгийн мөрдөн байцаагч 19 хоногийн дотор шалгах үүрэгтэй байдаг. Үүний дараа хэрэг бүртгэл үүсгэх, IMEI кодыг үүрэн операторууд руу явуулах эрх нээгддэг. Энэ хугацаанд мөрдөн байцаагч хулгайн хэрэг үйлдэгдсэн газрын бүх камерийг шүүж, үнэлгээ хийн прокурор руу саналаа явуулдаг. Улмаар прокуорор гэмт хэргийн үндэслэлтэй гэж шийдвэл IMEI кодыг үүрэн холбооны операторууд руу явуулдаг. Эргээд үүрэн холбооны компаниудаас хариу өгөх нь янз бүр байдаг. Энэ бүх үйл ажиллагааг нийтэд нь тооцвол нэгээс дөрвөн сар болдог нь үнэн.

В.Ганзориг: Ийм хугацаанд хэр баргийн хүн залхах нь аргагүй юм байна. Ялангуяа хямд гар утсаа хулгайд алдсан хүн хөөцөлдөхгүй хаяхаар юм байна даа.

С.Энхтуяа: Хулгайд өртсөн иргэн хүн маш түргэн шуурхай цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Учир нь өнөөдөр алдсан утсыг маш хурдан хугацаанд мэдээллийг нь устган, орой гэхэд өөр кодтой болгон ашиглах боломжтой болчихсон. Монголд гадны улсуудаас албан бусаар орж ирж байгаа дийлэнх утас ихэвчлэн ийм аргаар кодыг нь өөрчилж, эд ангийг нь сэлбэн шинэ мэт болгосон хулгайн утаснууд байдаг. Албан бусаар, татвар төлөхгүй оруулж ирж байгаа саарал зах зээл дээрх гар утас ямар ч баталгаагүй байдаг. 

Албан ёсны дистрибьютерээс худалдан авалт хийснээр олон давуу тал, ашигтай байдлыг хэрэглэгч авдаг. Ямар нэгэн эвдрэл, асуудал гарахад буух эзэн, буцах хаягтайгаас гадна эвдрэл гэмтлийг засварлахад үргэлж оригинал сэлбэгээр үйлчилдэг. Хэрэглэгчид нэг үеэ бодвол албан ёсны баталгаатай газраас гар утас худалдан авах нь нэмэгдсэн. Хэрэглэгч гар утас худалдан авсан даруйдаа тухайн гар утасны аюулгүй байдал буюу нүүр таниулах, хурууны хээ, нүдээ уншуулах тохиргоо, нууц код хийж, өөрийн хувийн мэдээллээ Cloud-руугаа Backup хийж байх шаардлагатай. Тэгвэл гар утсаа алдсан ч мэдээллээ өөр төхөөрөмжөөс орж устгах, бусдад ашиглуулахгүй байх боломжтой болдог. Гар утсаа алдлаа гэхэд олдох боломж 50 хувиас бага, нэмээд утасны кодыг чинь тайлж чадвал таны бүх мэдээлэл ил гарах учир энэ бүх үйлдлийг тогтмол хийж занших ёстой. 

В.Ганзориг: Жил бүр хулгайд алдагдаж байгаа гар утсыг мөнгөн дүнд шилжүүлбэл хэдэн төгрөгт хүрэх вэ? Албан ёсны газар болон саарал зах зээлийн харьцаа өнөөдөр ямар түвшинд байна вэ? Ер нь манай нийт зах зээлийн эргэлт ямар байдаг юм бол?

Т.Одбаатар: Сүүлийн 5 жилийн хугацаанд хулгайд алдагдсан гар утасны тоог мөнгөн дүнд шилжүүлэн тооцоход 5 тэрбум төгрөгийн хохирол нийгэмд учирсан. Энэ хохирлыг бүтнээр нь барагдуулж байна уу гэвэл асуудалтай. Халаасны хулгай тэр дундаа гар утасны хулгайн гэмт хэрэг саарал зах зээл оршиж буйтай шууд холбогддог. Иргэд баталгаагүй газраас гар утас худалдан авснаар гэмт хэргийн хохирогч болдог. Учир нь ямар ч баталгаагүй газраас худалдан авсан гар утас хулгайн гар утас байсан тохиолдол тухайн утсыг хураан авч, үндсэн хохирогч буюу эзэнд нь буцааж өгдөг. Яг ийм кэйс миний мөрдөж байсан хэрэг дээр гарсан юм. Иймээс иргэд баталгаагүй газраас гар утас авбал эдийн засаг, цаг хугацааны маш том алдагдалд орж, хууль бус зах зээл, хулгайн гэмт хэргийг өөгшүүлсэнд тооцогддог. Албан ёсны, найдвартай, эх сурвалж нь тодорхой газраас худалдан авалт хийх тусам энэхүү хууль бус зах зээл хумигдана. 

Э.Батжаргал: Зах зээлийн харьцааны хувьд гаалийн бүртгэл мэдээллээс харвал 2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын гаалиар албан ёсоор орж ирсэн бүртгэлтэй гар утасны зах зээл 22 сая.ам доллар буюу тухайн үеийн ханшаар 44 тэрбум төгрөг байсан. 2020 оны жилийн эцсийн байдлаар энэ тоо 45 сая.ам доллар буюу 125 тэрбум төгрөг болж өссөн. Гэхдээ энд хувь иргэдийн оруулж ирж буй гаальд бүртгэгдээгүй утаснууд ороогүй. Энэ өсөлт нэг талаас гаалийн байгууллагын хяналт, бүртгэлжүүлэлт сайжирсантай, нөгөө талаас хэрэглэгчид албан ёсны газраас гар утас худалдан авалт хийх хандлага өссөнтэй холбоотой. Тиймээс өнөөдөр албан ёсны газрууд үйл ажиллагаагаа өргөжүүлж, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, энэ хэрээр зах зээл тэлж байна. Харин албан ёсны зах зээлийг саарал зах зээлээс хэдэн хувиар их, бага байгааг хэлж мэдэхгүй байна.

С.Энхтуяа: Би 2005 оноос хойш энэ салбарт ажиллаж байна. Тэр үеийн товчлууртай гар утастай зах зээлээс эхлүүлээд 2010 онд хүртэл 90:10 харьцаа буюу саарал зах зээл 90 хувийг, албан ёсны зах зээл 10 хувийг эзэлдэг байв. Харин одоо энэ харьцаа 60:40 буюу албан ёсны зах зээл 60 хувийг, саарал зах зээл 40 хувийг эзэлж байгаа болов уу. Дээр дурдсан 125 тэрбум төгрөг бол албан ёсны импортын өртөг. Үүн дээр 30-аас 40 хувь нэмэгдэж байж бодит зах зээлийн эргэлтийн дүн гарна. Үүнээс үзэхэд хэрэглэгчийн зан төлөв тодорхой хэмжээнд эерэгээр өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн ижил оны ухаалаг утсыг хаанаас ч авсан хоорондоо бараг шахуу үнийн зөрүүгүй болсон учраас иргэдийн хандлага албан ёсны газраас авахыг эрхэмлэдэг болж байна. Мөн албан ёсны дистрибютер компанийн хувьд хэрэглэгчдэд үнийн хувьд уян хатан, таатайболомжийг олгож, лизингийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас албан ёсны газрыг зорих нь түгээмэл болсон. 

В.Ганзориг: Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эмэгтэйчүүд байна. Хулгайчийн сэтгэл зүйд тэдгээр хүмүүсийг өрөвдөх, ичих, санаа зовох мэдрэмж орж ирдэг болов уу?

Л.Жавхлан: Иргэд өөрсдөө хулгайн гар утас худалдан борлуулж байгаа саарал зах зээлээс худалдан авалт хийж өөгшүүлээд байна гэж түрүүнд дурдлаа. Саарал зах зээлээс битгий худалдан авалт хий гэсэн ч иргэд авахаа болихгүй. Учир нь хүн бүр өсөн дэвжих сэтгэхүйтэй байдаг хэдий ч хүн бүрт боломж, бололцоо харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ загварын утас авмаар байв ч бололцоо бага учраас түүнийг хямдаар зарж байгаа газраас авахыг илүүд үзэх сэтгэхүйтэй байх нь түгээмэл. Тиймдээ ч баталгаагүй газраас гар утас худалдан авчихаад дараа нь цагдаагийн байгууллагад түүнийгээ шийдвэрлүүлэх гээд яваад байдаг. Хязгааргүй өсөн дэвжих хүсэл хэрэгцээгээ хангамаар байсан ч нөхцөл нь бүрдэхгүй байвал хаанаас ч, юуг ч авахаас буцахгүй болдог учраас энэ төвөгтэй асуудал. Өөрөөр хэлбэл, үүнийг хуулиар шууд хүчээр зохицуулахад хэцүү. 

Хүн аливаа ажил хийхдээ ажлаа л бодож хийвэл илүү сэтгэл гаргаж, түргэн шуурхай, бүтээмжтэй, чанартай хийдэг. Хулгайч хүн энэ баян юм чинь энэнээс авна, энэ хөөрхий ядарсан хүн тул халдахгүй гэж боддоггүй. Ингэж хүнээ эхэлж бодоод ажиллавал тухайн ажил хойш тавигдаж эхэлдэг. Ажлаа үр дүнтэй байлгахын тулд бид зөвхөн ажил руугаа анхаарал хандуулах ёстой болдог. Тэгэхээр хулгайчийн талаас авч үзвэл ажил биш хүнээ бодож өрөвдөж, хайрлаад эхэлбэл хулгай хийж чадахаа больдог. Тиймээс эргэлзээгүйгээр хулгай хийхийн тулд хүнийг хүн биш обьект эсвэл ажил гэж хардаг учраас хулгайчийн сэтгэл зүйд бусдыг өрөвдөнө, хайрлана гэсэн ойлголт байхгүй төдийгүй ямар ч сэтгэл хөдлөл илрэхгүй. Яагаад эмзэг, өөрийгөө хамгаалж чадахгүй хүмүүсийг байгаар сонгодог вэ гэвэл хариулт нь маш энгийн. Хүн сонголт хийхдээ өөрт байгаа хамгийн ойр, боломжит сонголтыг хийдэг. Түүнтэй адилаар гэмт этгээд хулгай хийхдээ өөрт хамгийн боломжит сонголтыг хийдэг бөгөөд боломж л гарвал хөгшин, залуу, хүүхэд, өвчтэй, зовлонтой гэж харгалзан үздэггүй. 

С.Энхтуяа: Хулгайн гэмт хэрэг хийсэн хүний ял шийтгэлийг хатуу болгож, хуулиа чангатгаж болдоггүй юм уу? Насанд хүрээгүй хүүхэд ашиглан хулгай хийлгүүлдэг бүлэг зохион байгуулалт байдаг санагддаг. Эдгээр хүүхдийн цаана байгаа гол хүмүүс хариуцлага үүрч чаддаг уу?

Т.Одбаатар: Хулгайн гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай бөгөөд нарийн зохион байгуулалттай, бүлэг этгээдүүд үйлдэх нь түгээмэл байдаг. Автобусанд нэг нь шахдаг, нөгөө нь авдаг, үлдсэн нь дамжуулдаг, нөгөө хэсэг нь зарж борлуулах үүрэгтэй ажилладаг. Тиймээс илрүүлэлтийн хувьд төвөгтэй байдаг. Бүлэглэн үйлдсэн ч мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад, прокуророор дамжин шүүхийн шатанд очиход янз бүрийн шалтгаан нөхцөлийн улмаас нэг л хүн ял авах тохиолдол байдаг. 

Нийслэл хотын хэмжээнд 450-аад халаасны хулгайн сэжигтэй этгээдүүд бий. Тэд 40-50 бүлэг болон зохион байгуулалтанд орсон байдаг. Эдгээр бүх сэжигтэй этгээдүүдийн судалгааг халаасны хулгайтай тэмцэх хэлтэс дүүрэг тус бүрээс авч мэдээллийг нэгтгэн Google Earth программд явдаг байршил, координат, бүлгээр явдаг маршрутаар нь оруулсан. Энэ мэдэээллийн санг нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа “Arggic” буюу гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүд, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээд, энэ төрлийн дуудлага мэдээлэл өгсөн байршил зэрэг бүхий л мэдээлллийг цогцоор нь нэгтгэж буй программд оруулж байна. Ингэснээр зөвхөн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс л халаасны хулгайчдыг таньдаг байсан бол бусад дүүргийн цагдаагийн албан хаагчид мэдэх боломжийг олгож байгаа юм. Мөн www.smartdevice.mn сайтын үйл ажиллагааг энэ онд шинэчилж, дахин нээхээр ажиллаж байна. Ингэснээр зөвхөн гар утас биш зөөврийн компьютер, ТВ зэрэг ухаалаг бүх төхөөрөмжийг бүртгүүлж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Хулгайд алдсан тохиолдолд дээр ярьсан хэрэг шийдвэрлэх хугацаа эрс багасна гэсэн үг. 

Л.Жавхлан: Халаасны хулгайн гэмт хэрэгтэнд хүнд ял өгөх, хууль чангатгах талаар түрүүнд дурдлаа. Дэлгүүрээс талх хулгайлсан хүн хүнд ял авч байхад, улсын мөнгө шамшигдуулсан хүн ялгүй гараад ирэх тохиолдол байсаар байна. Өөрөөр хэлбэл, хуулийн цоорхойнууд бий. Тиймээс хэрэв хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүнд маш хатуу ял оноодог болбол гэмгүй хүмүүс гүтгэгдэх боломж өндөр. Хэн нэгэнд өс санасан, хуулийн өндөр мэдлэгтэй хүн бусдыг хохироох эрсдэлтэй гэсэн үг. Тийм учраас хуулийг шууд чангатгах нь нилээд төвөгтэй асуудал руу аваачна гэж боддог. 

Ер нь аливаа асуудлыг шууд таслан зогсооход хүнд байдаг. Учир нь асар хүчтэй эсэргүүцэл, тэмцэлтэй тулдаг. Тухайлбал, онгоц ослын буулт хийхдээ маш олон хурд сааруулагчийн тусламжтай зогсдог. Хэрвээ шууд зогсвол сөнөдөг. Халаасны хулгайн гэмт хэргийн хувьд үүнтэй адил бөгөөд шууд таслан зогсоох үйл ажиллагаа явуулахаас илүүтэй хурд сааруулах саад хийх буюу хувь хүн бүр хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэлт, илрүүлэлтийн ажил дээрээ техник технологийн дэвшлийг өндөр түвшинд ашиглах зэргийг нэгтгэх замаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхэд маш хэцүү байдалд оруулж байж гэмээнэ хулгайн гэмт хэрэг багасна.

С.Энхтуяа: Санал нэг байна. Нэгт, хувь хүний зохион байгуулалт, сонор сэрэмж, сахилга бат маш чухал. Хоёрт, хүн бүр өөрийн утсан дээр байрших үнэт мэдээллээ хамгаалах үйлдэл буюу back up хийж, гар утсаа алдсан тохиолдол өөр төхөөрөмжөөр нэвтэрч мэдээллээ устгаж сурах хэрэгтэй. Ингэснээр халаасны хулгайн гэмт хэрэгт өртсөн ч гэсэн хувийн мэдээллээ бусдад алдахгүй, төвөгтэй нөхцөл байдалд орохгүй гэсэн үг. 

Л.Жавхлан: Би гар утсаа алдаад цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд, програм уншуулж кодыг нь бүрмөсөн устгахаас өмнө IMEI кодоор шалгаад сүлжээнд холбогдох үед нь шууд байршлаар нь олж болдоггүй юм уу?

Т.Одбаатар: Байршлаар нь олж тогтоох ажил өндөр зардалтай байдаг. Халаасны хулгайн гэмт хэрэг өдөр тутамд давтамжтай үйлдэгддэг. Сэжигтэн, гэмт хэрэгтнийг байршлаар нь тогтоох ажлыг цагдаагийн байгууллага зөвхөн хүн амины гэмт хэрэг, онц ноцтой хэрэгтнийг эрэн сурвалжлах ажиллагааны үеэр үүрэн холбоотой хамтран хийдэг. Харин халаасны хулгай гарах бүрт байршлаар нь тогтоох үйл ажиллагааг явуулах нь зардалтай байдаг хэдий ч боломжгүй зүйл огт биш. 

Э.Батжаргал: Өнөөдөр дэвшилтэт технологи хурдтай хөгжиж байна. Бүх төрлийн ухаалаг утасныхаа байршлыг өөр төхөөрөмжөөр нэвтрэн орж харах боломж бий. Гэсэн хэдий ч халаасны хулгайд алдсан утасныхаа байршлыг тогтоосон ч гэсэн нарийвчлалтай заадаггүйн улмаас, магадгүй TЭДИ төвд байна гэж илэрлээ гэж бодоход тэр олон утастай төвийн дундаас шууд олоход хүнд. 

С.Энхтуяа: Цагдаагийн байгууллага гар утас худалдан борлуулж байгаа хүмүүс болон засварын төвүүдтэй хамтран ажиллаж, тэдгээр хүмүүс дээр хямдхан гар утас орж ирвэл авч ирсэн хүмүүсийг нь шалгах, эсвэл цааш мэдэгдэх боломж, сэдлийг бүрдүүлэх замаар хамтран ажиллаж, хулгайн гэмт хэрэг хийх сэдлийг бууруулах боломжтой биш үү? 

Т.Одбаатар: Өмнө нь халаасны хулгайгаар алдагдсан утасны эргээд олдох боломж маш бага байсан. Цагдаагийн байгууллага, Нийслэлийн цагдаагийн удирдах газар үүлэн технологи ашиглан ломбардын бүх бүртгэл мэдээллийг цахим болгож чадсан. Ингэснээр ломбардад орж ирж буй гэмт хэргийн холбогдолтой хөрөнгө, эд зүйл, хэрэг байхгүй болсон. Хэдий ломбард цэгцэрсэн ч гар утас худалдан борлуулах хууль бус зах зээл зөрөөд ихэссэн. Тиймээс ТЭДИ, Монтел зэрэг газрын худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллаж, гар утас борлуулахаар ирсэн хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч, бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр нэг талаас хулгайч нар өөрийн мэдээллийг өгөхийг хүсэхгүй, нөгөө талаас нотлох баримт үүсэх боломжтой болсон. 

Иргэд халаасны хулгайн гэмт хэргийг өөр зүйлтэй хольж андуурах тохиолдол гардаг. Жишээ нь, гар утсаа таксинд мартаж буучихаад цагдаагийн байгууллагад би халаасны хулгайд гар утсаа алдчихлаа гэж дуудлага мэдээлэл өгдөг. Энэ бол халаасны хулгай биш. Энэ нөхцөлд тухайн таксинд мартсан гар утсыг өөр хэн нэгэн олоод хэрэглэх тохиолдол гардаг. Хэдэн сарын дараа гээсэн утсыг олж тогтооход “Би үүнийг олсон” гэсэн тайлбар мэдүүлгийг тухайн иргэн цагдаад өгдөг. Энэ үйлдэл нь бусдын гээсэн эд хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж шамшигдуулж буй хэрэг учраас Эрүүгийн хуулийн 17.5-д заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших” гэсэн зүйл ангитай. Энэ хуулийн дагуу тухайн хүнийг мөнгөн торгуулиар торгож, гар утсыг үндсэн хохирогчид хүлээлгэн өгдөг. Энэ мэтээр ард иргэд хуулийн мэдлэггүйгээсээ болоод гэмт хэрэгт орооцолдох, сэжигтэн болох тохиолдол их гардаг. Санаандгүй байдлаар олсон ч гэсэн энэ нь өөрөө хуулийн зүйл заалттай учраас шүүхээр орвол тухайн иргэний бүртгэлд гэмт хэргийн сэжигтэн гэдэг бүртгэл цагдаагийн байгууллагын бүртгэлийн санд “эрүүгийн хуулийн 17.5-аар шалгагдаж байсан” гэсэн тодотголтой байнга байрлах болно. Тиймээс иргэд бусдын гээсэн эд хөрөнгийг олсон тохиолдолд зайлшгүй өөрт хамгийн ойр байрлах цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй юм. Эсвэл Цагдаагийн байгууллагын 102 дугаарт, эсвэл харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст мэдэгдэх үүрэгтэй байдаг шүү! 

С.Энхтуяа: Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцсэн нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн аян явуулбал иргэдэд шууд хүрч, үр дүн гаргах болов уу. Мөн эдгээр хуулийн сурталчилгааг сайн хийж чадвал, ёс зүйн эерэг нөлөөлөл, гэмт хэрэгт орооцолдохгүй байх боломжийг иргэдэд сайн ойлгуулж чадахаар санагдаж байна. Иргэд хуулиа мэдэхгүйн улмаас гэмт хэргийн золиос болох ёсгүй. Нөгөө талаас камержуулалтыг бүх газар сайн суурилуулж чадвал хэргийн илрүүлтэд ихээхэн нөлөөлөх боломжтой. Одоо бараг бүх автобус, голлох үйлчилгээний газрууд камертай болсон. 

Т.Одбаатар: Аж ахуйн нэгж, албан байгууллагууд ойр орчмынхоо 50 метрийг харах зориулалттай камер ашиглах ёстойг стандарт, хэмжил зүйн газраас баталсан байдаг. Гэвчбайгууллагууд зардал мөнгөө хэмнээд нягтаршил муутай, хямд камерыг суурилуулах нь элбэг байдаг. Үүнээс үүдэн гэмт хэргийн илрүүлэлт удаашралтай болдог. Тиймээс ийм зүйлд төсөв, мөнгөө битгий хэмнээрэй гэж хэлмээр байна. 

В.Ганзориг: Нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 450 орчим этгээд байдаг гэж ахмад дурдсан. Тэдгээр нь ямар хүмүүс байна аа? Тэдгээр хүмүүсийн хулгай хийх сэдлийг хэрхэн байхгүй болгох вэ?

Т.Одбаатар: Тухайн 450 орчим сэжигтэн, гэмт этгээдийн дийлэнх хувийг 18-60 насны иргэд бүрдүүлдэг. Эрэгтэй, эмэгтэй янз бүрийн л этгээдүүд байна. Эдгээр хулгайч нарын явдаг маршрут нь янз бүр байхаас гадна энгийн иргэн гаднах төрхөөс нь хараад таних ямар ч боломжгүй. Оффисоор мэргэшсэн, автобус, захаар явдаг хулгайчууд байхаас гадна дотроо зэрэглэлтэй байдаг. Иргэдэд чиглэсэн нөлөөллийн аяны тухай хөндлөө. Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Байна уу? Байна” халаасны хулгайн гэмт хэргийн эсрэг нөлөөллийн аяныг эхлүүлж байгаа. Үүнд олны танил хүмүүс оролцохоос гадна бид автобусны буудлууд дээр мэдээлэл байрлуулна. Урьд нь ямар ч автобусан камергүй байсан бол одоо бүх автобус камертай болсон. 

Л.Жавхлан: Саарал зах зээл яагаад үүсдэг, яагаад оршин тогтносоор байгаа талаар бодохоор боловсрол, ажилгүйдэл гэх мэт нийгмийн олон хүчин зүйлтэй холбогдоно. Муухайгаар хэлэхэд саарал зах зээл хэзээ ч устахгүй, оршин тогтносоор л байх болно. Иймээс ард иргэдэд хууль сурталчлахдаа хуулийн хэцүү үг хэллэг, ойлгогдохгүй нэр томъёо ашиглахгүй байх хэрэгтэй байна. Ийм хэлбэртэй сурталчилгааг иргэд ойлгон хүлээн авахад хүндрэлтэй, залхдаг юм шиг харагддаг. Тийм учраас хуулийг мэргэжлийн эсвэл техникийн хэлээр биш агуулгаар нь энгийнээр, анимэйшн хэлбэрээр тайлбарлаж байвал хүмүүст илүү сайн хүрнэ гэж бодож байна. 

Т.Одбаатар: Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллага нөлөөллийн аяныг ихээхэн явуулж байгаа. Тухайлбал, Яараад яахав дээ, Ятгах тусам нягтал, Нэг хором зэрэг аянаар дамжуулан хуулийг техник хэлээр биш агуулгаар нь тайлбарлаж байгаа учраас ард иргэдэд ихээхэн хүрч байна гэж харж байгаа. 

Э.Батжаргал: Саарал зах зээлд ажил амьдралаа залгуулж яваа маш олон жижиг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллага байдаг. Гагцхүү бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэд албан ёсоор бизнес эрхэлж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараа зүй ёсоор төлөх тусам улсын татварын орлого нэмэгдэнэ. Нөгөө талаас иргэд баталгаагүй бүтээгдэхүүн, хулгайн гар утас худалдаж авахгүй болсноор хууль бус худалдаа, халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах бүрэн боломжтой. Энд нийт хувиараа бизнес эрхлэгч, худалдаачдыг саарал зах зээл гэдэг нэрийн дор хулгайн гар утас борлуулдаг гэж шууд утгаар нь хэлээгүй гэдгийг онцолмоо байна. Ийм учраас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд ард иргэдийн оролцоо, бизнес эрхлэгчдийн холбоо, хувиараа аж ахуй эрхлэгчид болон төрийн оролцоо маш чухал. Тиймээс бүгд улсдаа төлөх ёстой татвараа төлж, нөгөө талаас иргэд албан ёсны газраас худалдан авалтаа хийж занших хэрэгтэй байна. 

В.Ганзориг: Саяхан Цагдаагийн байгууллага халаасны хулгайн бүлэг этгээдийг баривчилж 50 гаруй утсыг олж илрүүлсэн ч эдгээр гар утасны нэг ч эзэн цагдаагийн байгууллагатай холбогдоогүй гэсэн мэдээ уншсан. Эндээс дүгнэхэд иргэд өөрсдөө халаасны хулгайн гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байснаар, тоохгүй хаяснаар халаасны хулгайн гэмт хэргийг өөгшүүлээд байна. Ер нь халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийн хувь ямар байдаг юм бэ?

Т.Одбаатар: Халаасны хулгайн гэмт хэргийн давтамж өндөр тул тэрийгээ дагаад илрүүлэлт нь сайн явагддаг. Сүүлийн жилүүдэд бид 5600 гаруй гэмт хэргийг илрүүлээд байна. Цагдаагийн байгууллага халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлсэн талаар хичээн мэдээлэл цацсан ч тэдгээр гар утасны эзэд ирдэггүй. Нөгөө талаас хулгайн гар утсыг “базах” гэж ярьдаг. Тэр нь мэдээллийг нь устгаж, сим картыг нь авч хаяна гэсэн үг. Энэ тохиолдолд тухайн гар утас “эзэнгүй” болдог. Ийм учраас иргэд гар утсаа хулгайд алдсан тохиолдол заавал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хандаж, дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэй. Хэрэг өнөөдөр илрэхгүй байж болох ч маргааш, нөгөөдөр, гурван сарын дараа ч илэрдэг юм. Дахиад хэлэхэд илрэхгүй хэрэг гэж байдаггүй. Цаг хугацаа, нөхцөл байдлаас хамааран өнөөдөр, маргааш, магадгүй хэдэн сарын дараа ч илэрч болно. Иргэд та бүхэн цагдаагийн байгууллагад итгэл хүлээлгэснээр бид та бүхний төлөө өдөр шөнөгүй ажиллах болно. Амар тайван амьдралын төлөө хамтдаа ажиллая.

Л.Жавхлан: Бид аливаа зүйлийг туйлын сайн эсвэл муу гэж хувааж авч үзээд байдаг. Гэтэл сайн, муугийн цензур яг юу билээ? Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй. Тэр ертөнцөөрөө төсөөлж аливаа зүйлийг хардаг. Хулгайч муу, бусад нь сайн хүмүүс юм шиг хардаг. Гэхдээ заримдаа хулгай хийгээд баригдаагүй бол тэр хүн сайн ч юм шиг, эсвэл хулгай хийсэн үр дүн нь сайн байх юм бол тэр үйл сайн зүйл болж хувирчих гээд байдаг. Тиймээс аливааг өөрийнхөө өнцгөөс хэт битгий дөвийлгөж хараасай гэж хүсэж байна. Аливаа зүйлийг наанатай, цаанатай харж, тухайн хүний нөхцөл байдлыг ойлгож харж байгаасай. Ингэж харж чадахгүй бол таниас бусад бүх хүн муу мэт харагддаг. Үүгээрээ хулгайч нарыг зөвтгөх гээгүй шүү. 

Э.Батжаргал: Ухаалаг утас хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон. Гар утсанд хүний хамгийн нандин дурсамж, чухал дата мэдээллүүд оршдог боллоо. Ийм учраас та энэ чухал зүйлийнхээ сонголтыг албан ёсны найдвартай газраас худалдан авч байгаарай гэж хүсэж байна. Албан ёсны найдвартай газраас худалдан авалт хийснаар олон боломж, давуу талыг авч ирэхээс гадна халаасны хулгайн гэмт хэргийг бууруулахад том хувь нэмэр болдог. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд үүрэн холбооны операторууд, цагдаагийн байгууллага, хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд, албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулж байгаа компаниуд бүгд хамтын оролцоогоо нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй байна. 

С.Энхтуяа: Хүн үнэтэй авсан гар утсаа нандигнах нь илүү байдаг. Учир нь удаан хугацааны турш хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө, эсвэл зээлээр авсан болохоор гар утас нь тухайн хүний хувьд зардал биш маш чухал хөрөнгө оруулалт болдог. Магадгүй албан ёсны биш газраас авсан хямд гар утсаа тухайн хүн үнэлэхгүй, хайрлаж хямгадахгүй байх нь элбэг. Тэгэхээр албан ёсны газраас өөртөө хөрөнгө оруулалт хийж авсан утсаа хүн илүү хямгадаж, тэр хэрээр хариуцлагатай болдог. Эцэст нь шинэ гар утас аваад аюулгүй байдлаа ханган, бүх төрлийн нууцлалын тохиргоог шууд хийх, мэдээллээ үүлэн технологид оруулах зэрэг үйлдлийг хийх нь маш чухал шүү. 

В.Ганзориг: Эрхэм зочиддоо баярлалаа. Халаасны хулгайн гэмт хэргийг бууруулахад иргэний оролцоо маш чухал байна. Иргэд үргэлж сонор сэрэмж, хариуцлагатай байхаас гадна хохирогч болсон тохиолдол цагдаагийн байгууллагад зайлшгүй хандах хэрэгтэй. Мөн албан ёсны баталгаатай газраас гар утас худалдан авснаар иргэдэд ирэх боломж, давуу тал их байдгаас гадна халаасны хулгайн гэмт хэргийн тоог бууруулахад чухал нөлөөтэй юм байна. Эцэст нь хулгайч хүн хэн нэгнийг өвчтэй зовлонтой, ядарсан зүдэрсэн гэж хардаггүй тул хэнийг ч өрөвдөхгүй бас хайрлахгүй. Тиймээс иргэд бид өөрсдөө хариуцлагатай байж сурахаас гадна буруугийн хажууд нүд бас үйлдэл хурц байж нийгмийн оролцоотой, ёс зүйтэй, сайхан амьдралыг хамтдаа бүтээцгээе!