Бизнесийн үнэлгээ
Бизнесийн идэвхтэй улирал эхэлж, хөрөнгийн зах сэргэн, койн, криптовалют нийгмийг шуугиулан, нэлээд хэдэн IPO дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээр гарах гэж байна. Энэ бүх процессийн өмнө заавал хийгддэг чухал ажил бол бизнесийн үнэлгээ билээ. Энэ сэдвийг онцлон 59 дэх дугаараа өргөн барьж байна. Нэвтрүүлгийн зочдоор ТиДиБи Капитал үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал С.Батчимэг, БДО Монгол компанийн ерөнхий захирал, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх, Райнос инвестмент үнэт цаасны компанийн дэд захирал, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Н.Цэвэгмид, Ард Секюритиз үнэт цаасны компанийн ТУЗ-ийн дарга Э.Амарбаясгалан нарыг урьлаа.
В.Ганзориг: Бизнесийн үнэлгээ хийхэд тулгардаг хамгийн том асуудал юу вэ? Хамгийн сорилттой үнэлгээ та бүхний хувьд юу байсан бол?
Г.Баянмөнх: Бизнесийн үнэлгээ хийх нь хүч, оюун сорьсон ажил байдаг. Бизнесийн олон янзын хэв загварыг Монгол шиг хөрөнгийн зах зээл харьцангуй сул хөгжсөн, мэдээлэл нээлттэй биш орчинд мэргэжлийн зүгээс үнэлнэ гэхээр яах аргагүй тодорхой сорилтуудтай тулдаг. Хамгийн том сорилт нь үнэлгээ хийж байгаа компанид жишиг болохуйц бизнес, тохирох компанийг олж харьцуулж шинжлэх байдаг. Хоёрт, салбарын ерөнхий мэдээллийг олж авах, энэ зах зээлийн багтаамж, өсөлт, бууралт, тэндээсээ тухайн компани уг зах зээлд хэр зэрэг тоглож чдаах, ямар байр суурь эзлэх боломжтой юм бэ гэдгийг тодорхойлохоос эхлээд сорилтуудтай тулдаг. Бизнесийн үнэлгээ хийхэд суурь болдог гол зүйл бол эрсдэлгүй хүүгийн хувь юм. Тэр нь өндөр хөгжилтэй орнуудад голцуу 10 болон түүнээс дээш жилийн хугацаатай Засгийн газрын бонд байдаг. Харин Монголд ийм хугацаатай төгрөгийн бонд байдаггүй. Тэгэхээр нөгөө суурь хүү маань тодорхой биш болдог. Энэ өөрөө том эрсдэл бас бэрхшээлийг үүсгэдэг. Мөн үнэлгээнд ашигладаг өгөөжийн хувь гэж ойлголт бий. Зах зээлийн өгөөжийн хувь гээд хөрөнгийн биржийн ТОП 20 индексийг жил бүрээр харахад маш их савладаг. Тэндээс тухайн жилд ногдох өгөөжийг хэдэн хувиар тооцох вэ гэх мэт олон сорилт бий. Одоо жишээ нь энэ жилээс арилжааны банкнууд олон нийтийнх болж байна. Гэтэл банкны салбарт жишиг болчих дотоодын банк алга. Тэгэхээр дотооддоо ийм компани байхгүй юм чинь бид олон улсын ижил төстэй банкнуудыг судлах хэрэгтэй болдог. Тэр бүх мэдээлэлд нэвтрэхээс эхлээд хэрэгтэй мэдээллээ хайж олох, шинжлэх, дүгнэлт гаргах гээд өртөг өндөртэй ажил болдог. Энэ бүхнийг ингээд нэг бүрчлэн яривал нэвтрүүлгийн цаг хүрэхгүй.
Н.Цэвэгмид: Санхүүгийн бизнес харилцан итгэлцэл дээр тогтдог. Бид хүнд мөнгө зээлэхдээ эргэж төлөх болов уу гэж боддогтой яг ижил. Банкинд мөнгө хадгалуулахдаа хүртэл аль найдвартайг нь сонгодог. Үүнтэй адил бизнесээ зарах гэж байгаа хүн болгон өөрийн санаа, бизнесээ хамгийн үнэ цэнтэй гэж боддог. Харин нөгөө талд нь хаалттай эсвэл нээлттэй компани, хэн худалдаж авахаас үл хамааран тэр хэлээд байгаа үнэ цэнийг батлахыг шаарддаг. Ийм зорилгоор хөндлөнгийн үнэлгээний компани оруулахыг хүсдэг. Олон нийтэд бизнесээ санал болгож буй тохиолдолд андеррайтер компани орж ирээд санхүүгийн эрсдэлийг нь тооцоод, санхүүгийн харилцаанд орж байгаа этгээдүүдэд нэгж хувьцааны үнэ цэнийг нь гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, энэ харилцаанд орж байгаа хүмүүсийн эрсдэлийг нь бууруулж өгдөг мэргэжлийн байгууллагууд нь бид хэд гэсэн үг. Бизнесийн үнэлгээ хийдэг уламжлалт арга, онолын ойлголтууд бий. Сүүлийн үед үнэлгээ хийхэд үүсч буй нэг сорилт бол яах аргагүй старт апууд болсон. Тэд маань манай технологи ийм байхад гээд л эхэлдэг. Энэ нөхцөлд бид олон улсын бенчмаркийг хардаг. Тухайлбал, Солонгос, Япон, Индонези улсад танайтай төстэй компани байна, Бразилд бас гарчихсан байна гэх мэт. Эдгээр компаниудыг тухайн улсын хүн амын тоонд харьцуулж өдрийн дундаж идэвхтэй хэрэглэгчдийн тоог гаргахаас эхлүүлээд нөгөө жишиг харьцаа үзүүлэлтүүдийг олж ашигладаг.
Э.Амарбаясгалан: Би хаалттай хөрөнгө оруулалт санал болгоод Цэвэгмид захиралтай үнэлгээний тухай яг ярьж байсан юм. Цэвэгмид захирал тоонуудыг нь л харъя гэдэг. Манай бизнесүүд дээр дутмаг байдаг зүйл бол бизнес төлөвлөгөөний асуудал. Төлөвлөгөөгөө гаргаад дараа жил ингэж өснө, энэ салбар ингэж тэлнэ, манай нэг харилцагчид ногдох орлого, зардал нь ийм байна гэдэг тооцооллийг ялангуяа старт апууд хангалттай хийдэггүй. Тэгэхээр бид тэрийг нь тооцоолж гаргах болдог. Үнэлгээ бол авч, зарж байгаа хоёр хүний тохирсон үнэ. Авч байгаа тал аль болохоор хямдхан авахыг бодно. Нөгөө тал өөрийн хамгийн хайртай хүүхдээ зарж байгаа тул хамгийн өндрөөр үнэлнэ. Нөгөө хүүхдийг нь өөр хүн муулаад байвал гомдоно. Эцсийн дүндээ тэр хоёр хүн тохирч байж л үнэлгээ баталгааждаг. Ялангуяа нээлттэй зах зээл дээр энэ маш том асуудал. Өөрийгөө хэт өндрөөр үнэлсэн талтай андеррайтер болон үнэлгээний компаниуд тулж ажиллахаас өөр аргагүй болдог. Учир нь нэгт, хэтэрхий өндөр үнэлгээ гарвал хувьцаа нь амжилттай зарагдаж, хүссэн мөнгөө босгож чадахгүй. Хоёрт, хувьцаа нь зарагдсан ч зах зээлд гарсан цагаас хойш үнэ нь унаж эхэлнэ. Сүүлийн үед гарсан нэлээн хэдэн IPO дээр энэ үйл явдал ажиглагдсан. Тэгэхээр бизнесүүд андеррайтер, үнэлгээний компаниудтайгаа хамтран ажиллаж шударга үнээр үнэлгээгээ тохирох ёстой. Ингэж байж хөрөнгө оруулагч нартаа итгэл төрүүлж мөнгийг нь өсгөх төдийгүй дараа дараачийнхаа санхүүжилтийг босгох боломж нээгддэг. Улмаар хөрөнгийн зах зээлд итгэл үнэмшил бий болоход ач тустай юм. Тэгэхээр зөв үнэлгээ гаргана гэдэг маш чухал ажил.
С.Батчимэг: Бизнесийн үнэлгээг шинжлэх ухаан гэхээс илүү урлаг гэж хэлж болно. Үнэлгээ хийхэд олон хүчин зүйлийг тооцох хэрэгтэй болдог. Нэг тогтоосон бизнесийн үнэлгээ байнга тэр хэвээр байна гэсэн үг биш бөгөөд зах зээлийн нөхцөл байдлаас болоод өдөр бүр хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр яг тухайн мөчид тухайн бизнесийг зөв үнэлж, хөрөнгө оруулалт татах гэж байгаа болон хөрөнгө оруулах гэж байгаа талын ашиг сонирхлыг харгалзан үзсэн боломжит үнийг тогтооно гэдэг маш адармаатай үйл явц юм. Нээлттэй зах зээл дээр IPO хийж байгаа компаниудын үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон, бизнесийн түүхтэй болсон байдаг тул уламжлалт аргаар үнэлэгдээд явдаг. Энэ уламжлалт аргаар бизнесийг үнэлэхэд хэцүү байдаг нэг зүйл бол мэдээллийн олдоц, албан, үнэн бодит эх сурвалжаас гардаг дата байдаг. Сүүлийн үед харьцангуй сайн болж байгаа. Бид олон улсын зах зээл дээр байгаа гарсан харьцуулж болох компани, хувьцаатай жишиж, монголын нөхцөл байдалтай холбоотой тохируулгуудыг хийж үнэлэхдээ нэлээд туршлагатай болсон. Яг одоо бидний хувьд тулгарч хувьд том сорилт бол старт ап компаниуд, дижитал хөрөнгүүдийн үнэлгээ болоод байна. Бизнесийн үнэлгээ хийх суурь төсөөлөл, гарааны бизнесийн цар хүрээ, цаашдаа яаж энэ бизнес хөгжих боломжтой эсэх, тухайн хүний санаа эсвэл технологийг яг ингэж орлогын эс үүсвэр болгоно, түүний тулд ийм хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулагдана, үүний дараа хэрэглэгчийнхээ цар хүрээг ингэж тэлээд тийм ашиг олно гэдэг тооцоолол манай старт апуудад дутуу байдаг. Өөрөөр хэлбэл санаагаа мөнгө болгох загвар, гэрийн даалгавраа хангалттай хийдэггүй учраас үнэлгээ хийхэд хүндрэл үүсдэг.
В.Ганзориг: Санаанаас сая доллар гээд ярьдаг. Тэгвэл биет бус хөрөнгийг яаж үнэлдэг юм бэ? Санаагаа мөнгө болгохоор төлөвлөж буй залууст юу гэж зөвлөх вэ?
Г.Баянмөнх: Биет бус хөрөнгө гэдэг бол том ойлголт. Үүнийг тодорхойлогдох ба үл тодорхойлогдох биет бус хөрөнгө гэж томоор нь хоёр хувааж үздэг. Маш олон төрлийн хөрөнгө нийлж байж тухайн бизнесийг босгодог. Хүний нөөц, компанийн соёл яах аргагүй тухайн бизнест үнэ цэнтэйд тооцогдоно. Дээр нь бизнес явуулахад шаардлагатай оюуны өмчүүд болох патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг, үйлдвэрлэлийн технологиуд гэж бий. Энэ дундаас бизнест орлого, мөнгөн урсгал бий болгож байгаа биет бус хөрөнгүүдийг ялгаж гаргадаг. Жишээ нь, тодорхойлж болох биет бус хөрөнгөнөөс биет хөрөнгө болон өгөөж бий болгож байгаа өр төлбөрт хамаарах хэсгийг нь ялгаж авахаар цаана нь нэлээд том бизнесийн үнэ цэн үлддэг. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын бизнесийн бараг 70-80 хувийг нь биет бус хөрөнгө бүрдүүлж байдаг. Энэ бол зах зээлийн үнэлгээний дүнгээс бодитой үнэлэгдэх хөрөнгүүдийг нь хассаны дараа үлдэж байгаа биет бус үнэ цэн, хөрөнгө юм. Үүн дотор компанийн гүүдвилээс эхлүүлээд янз бүрийн биет бус хөрөнгө байдаг.
Хөрөнгийн ингэж ялгаж, бие бус хөрөнгөд хуваарилах явцад дахиад мэдээллийн эх сурвалж, бодит байдлын тухай асуудал үүсдэг. Тухай хөрөнгийг лицензийн гэрээгээр ашиглуулж байгаа бол тэр гэрээнүүдийг судлах ёстой болно. Биет бус хөрөнгийн үнэлгээн дээр яригддаг 25-ын дүрэм одоо ойролцоогоор 33 хувь дээр тогтож байна. Эсвэл цэвэр орлогын таван хувь гэх мэтийн тогтсон үнэлгээний жишиг байдаг. Монголоос бусад газруудад дэлхий даяар явагдаж байгаа иймэрхүү олон улсын хөрөнгө оруулагчдын хооронд явагдаж байгаа гэрээнүүдийг бүртгээд нэг платформ дээр байршуулан багцлаад, эргээд энэ мэдээллээ мэргэжлийн оролцогчдод зардаг. Хэрэв бид ийм мэдээллийн сантай болбол тухай мэдээллийг жишиг болгоод биет бус хөрөнгүүдийг илүү бодитой үнэлэх бололцоотой болох юм.
Тодорхойлж чадахгүй биет бус хөрөнгө гэж бас байна. Бизнесийн үнэлгээнд орох хэдий ч салгаж тодорхойлоход төвөгтэй зүйлс бий. Бизнесийн нэгдэл ихээр явагдаж байна. Энэ тохиолдолд нэгдсэн санхүүгийн тайланд нөгөө худалдаж авч эзэмшсэн компанийн үнийг өөрийнхөө хөрөнгүүдэд хуваарилах процесс явагддаг. Энэ үед аль нэг хөрөнгөд хуваарилагдах боломжгүй хэсгүүд гүүдвил гэдэг хэсэгт бичигддэг. Тодорхойлогдох хөрөнгийн үнэ цэнээс илүү төлж байгаа хэсэг энэ ангилалд бичигддэг гэсэн үг. Жишээ нь, тухайн компанийг үүсгэсэн туршлагатай, бэлтгэгдсэн хүний нөөцийг дурдаж болно. Компанийн санхүү дээр хүний нөөц гэдэг дансны бүртгэл байхгүй. Учир нь хүний нөөц ажиллаж байх үедээ компанидаа өгөөж өгч байдаг тул аль нэг хөрөнгөд тооцон бичилт хийж болдоггүй. Тэр хүн хэзээ ч ажлаасаа гарч болно, эсвэл ажиллах боломжгүй болохыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг тодорхойлох боломжгүй байдаг.
Э.Амарбаясгалан: Баянмөнх захирал нягтлан бодох бүртгэл талаас нь тайлбарлаж байна. Таны асуултанд энгийнээр хариулбал Элон Маск шүү дээ.Тесла гэдэг компанийн үнэлгээ нь ерөөсөө л хүмүүсийн хүлээлт дээр үндэслээд явдаг. Сансарт нисээд байгаа учраас мундаг компани гэж олон хүн боддог. Яг үнэндээ сансарт нисэж байгаа компани нь Тесла биш. Гэтэл хүмүүс хувьсгал хийж байгаа мундаг компани, удахгүй дэлхий даяар интернэт цацна, цахилгаан машин нь гар утас шиг зарагдаж байгаа юм чинь их ашигтай компани байх гээд төсөөлдөг. Тэгээд хамгийн өндөр үнэлгээтэй компани болчихсон. Тэгэхээр нягтлан бодох бүртгэлээс гадна зах зээлийн хүлээлт буюу ашгийн хүлээлт ийм өндөр байна. Тэр хүний оюуны өмчийг олон нийт ингэж үнэлж байна гэсэн үг. Батчимэг захирал дээр хэлсэн. Гоё санаа, технологи, онолоо яаж мөнгө болгох юм бэ гээд. Энэ санаа, онолоо батлах хэрэгтэй. Улмаар мөнгө олдог болохын тулд ийм ажил хийгдээд, ийм зардал гаргаад, үнэ тийм түвшинд тогтоод жилд ийм орлого олно оо гээд логикоор бизнесийн үнэлгээ ингэж гарах ёстой. Гэтэл зах зээл логикгүй, рационал биш, эмоци дээр суурилсан байдаг. Тийм учраас бизнесийн үнэлгээ бол шинжлэх ухаан биш харин урлаг юм.
В.Ганзориг: Гүүдвил хасах утга зааж болох уу?
Г.Баянмөнх: Байж болно. Бүх хөрөнгийг нь өр төлбөртэй нь үнэлэхэд худалдаж авсан үнээс нь бага гарах нөхцөлд гүүдвил сөрөг утга заана.
С.Батчимэг: Үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд биет бус хөрөнгийн үнэлгээ нь бизнесийн үнэлгээнд багтаж ордог. Яагаад гэвэл угаасаа бүх нөөц бүтнээрээ байж гэмээнэ тухайн бизнест орлого бий болгодог. Тэр утгаараа нийт дүнгээрээ үнэлгээнд багтана. Харин яг тэр лиценз эсвэл барааны тэмдгийг салгаад зарвал яах билээ гэвэл асуудалтай.
Г.Баянмөнх: Салгаж зарагддаг байхын тулд нөгөө биет бус хөрөнгө хамгаалагдсан байх учиртай. Тэгж байж эзэндээ илүү үнэ цэнтэй болдог. Зүгээр нэг санаа үнэ цэнтэй зүйл биш. Тэр санаагаа бичээд эрх бүхий байгууллагаар хамгаалалтаа хийлгэж байж хөрөнгө болдог. Хэн нэгэн буруу ашиглавал ядаж торгууль үүсгэх, тэнд үүссэн алдагдлаа нөхүүлэхээс эхлээд бодит үнэ цэн ингэж үүсдэг.
В.Ганзориг: Ийм учраас аливаа гарааны бизнест үе шаттай ордог ялгаатай төрлийн хөрөнгө оруулагчид байдаг уу? Хөрөнгө оруулалтын үе шатуудын талаар мэдээлэл, туршлагаа хуваалцана уу.
Н.Цэвэгмид: Старт апууд олноор гарч ирээд бидний хувьд нэг үеэ бодвол үнэлгээ хийх туршлага сууж байна. Хамгийн эхний Энжил (Angel) хөрөнгө оруулагч санаанд нь гэхээс илүү хүнд нь хөрөнгө оруулалт хийдэг. Санхүүгийн бизнес бол харилцан итгэлцэл дээр тогтдог. Хүн нь ёс зүйтэй, эрмэлзэлтэй, санхүүгийн сахилга баттай байх нь чухал. Авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулдаггүй, амласан борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлдэггүй хүн хөрөнгө оруулалт авч чадахгүй. Олон улсад старт апуудын тоо нэмэгдэхийн хэрээр мэдээллийн хүртээмж ихэсч байна. Иймээс танайтай төстэй гадны компани ийм байхад танай үнэлгээ иймэрхүү байх боломжтой гээд бид ч гэсэн харанхуй орохгүй мэргэжлийн ажлаа хийхэд амар болж эхэлсэн. Старт ап байгуулж байгаа олон залуусыг хараад баяртай байгаа. Angel, seed, series A гээд хөрөнгө оруулалтын шатлалууд байдаг. Би эхний хөрөнгө оруулагчтайгаа нэг завинд суугаад дараагийн шатны хөрөнгө оруулалт руу хамтдаа явах гэж байгаа шүү гэдэг сэтгэлгээтэй байх нь чухал. Ийм хандлагатай байвал хөрөнгө оруулагчтайгаа харилцан ойлголцоход хялбар болдог. Эс бөгөөс та миний бизнесийг хангалттай үнэлэхгүй байна, танд хөрөнгө оруулалт хийх сүүлийн боломжийг өгч байна, үгүй бол тийшээ явлаа гэх мэтээр айлгах, туних хандлага, ойлголт бизнест байдаггүй. Хөрөнгө оруулагч хүн яг бодитой зүйлээ л хардаг.
Хөрөнгө оруулалт авах гэж байгаа хүн дотроо миний бизнес алаад өгнө л гэж боддог. Харин хөрөнгө оруулах гэж байгаа хүн дараагийн хөрөнгө оруулагч энэ төсөл дээр орох болов уу, би энэ бизнесээс амжилттай бас ашигтай гарч чадах уу, энэ хүнтэй хамтдаа хол явах боломжтой байна уу л гэж боддог. Ийм итгэл төрж байгаа үед хөрөнгө оруулдаг. Олон хүнтэй зэрэг уулзах, уулзах бүртээ өөр өөр зүйл ярьдаг хүмүүсийн хувьд бусдаас хөрөнгө оруулалт татах магадлал буураад явдаг. Миний туршлагаас тэгж харагддаг. Олон улсын хөрөнгө оруулагчид ч гэсэн үүнийг л суурь болгон харж шийдвэрээ гаргадаг. Тэр нь хөрөнгө татах гэж байгаа хүмүүсийн ёс зүй, өнөөдрийг хүртэл ажиллахдаа бусдын итгэлийг хэр дааж байсан эсэх, бусдаас авсан мөнгөө амласан ёсоор эргүүлж өгсөн байна уу зэргийг нь харилцагч, түншүүдтэй нь холбогдон нарийн судалж үздэг. Үүний зорилго нь би энэ хүнд итгэж болох уу, энэ үнэхээр итгэж болох компани мөн үү гэдгийг л судалж буй хэрэг.
Э.Амарбаясгалан: Багийг нь харж старт апууд руу хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ нь, бид саяхан мэдээллийн технологи болон медиа компанид хөрөнгө оруулсан. Ингэхдээ багт нь ямар хүмүүс байна, өмнө нь хийсэн ажил, үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, сошиал нөлөөлөл, дагагчдын тоо, хамтран ажилладаг түнш байгууллагууд, медиагийн хувьд үнэ цэнтэй архив бүрдүүлж чадсан эсэх, хамгийн гол нь энэ бизнесийг томруулах боломж байгаа эсэхийг харсан. Нэг аппликэйшн байгаа бол тэр нь зөвхөн монголын гурван сая хүнд зориулагдсан юм уу, эсвэл бүс нутаг, дэлхийн зах зээлд гарах юм уу гэдэг маш чухал бөгөөд үнэлгээнд шууд нөлөөлж тэнгэр, газар шиг зөрүү үүсгэдэг. Энэ маш гоё боломж. Учир нь манай мэдээллийн технологийн салбарын залуучууд аутсорсингоор цахиурын хөндийгөөс ажил аваад хийгээд сурчихсан. Ийм ажлыг зуучлан авч ирдэг компаниуд хэдийнэ бий болсон. Эндээс харахад манай залуучууд гадны компаниудад ажиллаж буй мэт боловч тухайн бүтээгдхүүн, үйлчилгээгээ цогцоор нь өөрсдөө хийгээд олон улсын зах зээлд гаргавал шууд дэлхийн компани болох боломжтой. Ийм боломж, төслүүд их ойрхон байгаа.
Нэг үеэ бодвол старт апуудын үнэлгээ нэлээн өслөө. Хүмүүс үнэ цэнийг нь мэддэг боллоо. Саяхныг хүртэл манайд уран зураг үнэ цэнгүй байсан. Эдийн засаг өсөхийн хэрээр хүмүүсийн боломж нэмэгдэж, нөгөө талаас гадны иргэд орж ирээд зураг ихээр худалдан авч эхэлсэн. Энэ хэрээр уран бүтээлчдийн хөдөлмөр үнэлэгддэг болж, 300 мянган төгрөгөөр зардаг зургаа 10 сая төгрөгөөр зардаг болсон. Үүнийг старт аптай зүйрлэж болно. Гаднаас хөрөнгө босгоод эхлэхээр хүмүүст итгэл төрж, энэ хэрээр үнэлгээ өсдөг. Одоо манай старт апуудын үнэлгээ тэрбум тэрбумаар яригддаг болсон. Нэг компани ингээд хоёр, гурван тэрбумаар үнэлэгдэн хөрөнгө оруулалт татсаны дараа дараагийн старт апуудад энэ үнэлгээг жишиг болгоод явчихдаг.
В.Ганзориг: Сургуульд сурах хэрэггүй, шаардлагагүй. Харин санаагаа хөгжүүлээд старт ап байгуулаад амжилт олно гэж бодож төлөвлөдөг залуусын тоо нэмэгдэж байна. Эдгээр залууст та нар юу гэж зөвлөх вэ?
Э.Амарбаясгалан: Үнэхээр амжилт гаргаад явж байгаа хүүхдүүд байна. 15, 16 настай хэдий ч код бичээд мундаг явж байгаа залуус байгаа. Гэхдээ ийм амжилтыг хүн болгон гаргадаггүй. Хүн болгон код бичиж чадахгүй. Иймээс мэргэжлийн хүмүүстэй ажиллах ёстой болдог. Гэхдээ би тэр залуусын буруу гэж хэлэхгүй. Оролдож үзэх л хэрэгтэй.
Н.Цэвэгмид: Тийм шүү. Тэсрэлт хийх санаа дотроо агуулж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Би өнгөрсөн жил Солонгост гарсан старт апийн тухай ном орчуулж байгаа. Энэ номыг маш олон жил Солонгосын үнэт цаасны компанид хөрөнгө оруулалтын банкир хийсэн, туршлагатай санхүүч хүн бичсэн. Хүн болгон Элон Маск биш гэдэг мессежийг энэ хүн өгдөг. Мань эр тухайн компанид ажиллаж байхдаа маш олон төслүүдэд амжилттай хөрөнгө оруулалт татан оруулж, тэр хэрээр компаниудын үнэлгээ нь хэд дахин өсч, хэдэн арван сая долларын өгөөжтэй гайхам амжилтуудыг үзүүлсэн. Үүний дараа би ер нь өөрөө чадах юм байна, надад юу л байна туршлага, мэдлэг байна, надад технологитой холбоотой мундаг санаа байгаа тул тэрийгээ ажил болгож Солонгосын зах зээл дээр тэсрэлт хийнэ гээд хөрөнгө оруулалтын банкны захирал дээрээ ороод ажлаасаа гарах хүсэлтээ хэлсэн. Захирал нь өөдөөс нь сайн бодож үзээрэй, бүх юмаа яг өөрөө гардаж хийнэ гэдэг амар биш байдаг шүү гэж захисан байдаг. Нөгөө залуу ажлаасаа гараад кофе шопт оффис хийгээд ажиллаж эхэлмэгц багийн тоглолт, хамт олон ямар чухал гэдгийг ойлгон хамгийн том сорилттойгоо тулсан. Наад зах нь мэдээллийн технологийн мэдлэггүй хүн хичнээн сайн санхүүгийн төлөвлөгөөтэй ч ганцаараа технологи суурьтай платформ бизнес руу орох ёсгүйг ойлгожээ. Долоон жилийн дараа арай гэж анхны хөрөнгө оруулалтаа багахан өгөөжтэй зарж чадсан байдаг. Старт ап бизнес тренд болохын хэрээр залуус үүн рүү шуурч, энэ хэрээр тэр залуучууд над шиг алдах эрсдэлтэй юм байна гээд сэрэмжлүүлэх үүднээс энэ номоо бичсэн. Иймээс залуучууд мэргэжлийн хүмүүс дээр очиж уулзан, хөрөнгө оруулагч ах, эгч нарыгаа надад хэдхэн минут гаргаад зөвлөгөө өгөөч гээд хандах хэрэгтэй. Ийм маягаар санхүү, хөрөнгө оруулалтын анхан шатны мэдлэгтэй болох зайлшгүй шаардлагатай. Солонгосын хувьд Засгийн газар нь гарааны бизнесийг бодлогоор дэмждэг учраас боломж харьцангуй их. Гэсэн ч энэ номын зохиолч энэ алдагдсан боломжийн өртөг ямар байна гэж тооцоолж үзэхэд нийгмийн нэлээд том асуудал болж буйг хөндсөн юм билээ.
С.Батчимэг: Бизнест ганц хүн бүх юмыг хийдэггүй. Баг байх ёстой. Энэ баг бүтнээрээ зорилгынхоо төлөө замд нь ямар ч бэрхшээл тулгарч байсан тууштай явах нь чухал. Ийм хүн, багийг хөрөнгө оруулагч харж бас хайж явдаг. Дөрвөн залуу нийлж старт ап байгуулаад эхний бэрхшээл дээрээ бууж өгөөд тарчихдаг. Иймээс зорилго, алсын хараа, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэл, тууштай байдал, тэрийгээ бусдад хэрхэн зөв илэрхийлж буй нь хөрөнгө босгоход чухал үзүүлэлт болдог. Ээж аавууд хүүхдүүддээ үүнийг ойлгуулах ёстой. Гарааны бизнесээ эхлүүлэхээс өмнө туршлагатай багт орж тэндээс суралцах хэрэгтэй. Ингэж чадвал өөрийн зорилгодоо хурдан хүрэх боломжтой. Бүх юмыг ганцаараа хийнэ гэдэг ойлголт байхгүй болсон.
Г.Баянмөнх: Сайн санаа төрж байгаа хүүхдэд ирээдүй бий. Гэхдээ боловсрол бас мэргэжил чухал. Өөрийгөө ид сайхан хөгжүүлээд илүү өндөр түвшинд хүргэх бололцоогоо зөвхөн нэг санаанаас болж золиослон, сургууль соёлоо хаявал магадгүй хэдэн жилийн дараа харамсаад ч барахгүй тохиолдолд хүрэх байх. Иймээс сургуулиа битгий хаяарай гэж залууст зөвлөмөөр байна. Харин зөв сургуулиа сонгоод өөрийнхөө санаа, старт ап бизнесийг амжилттай болгох магадлалыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, илүү том зорилго руу тэмүүлээрэй. Санаа чинь бүтэх магадлал 50 хувь буюу нэг бол бүтнэ, үгүй бол бүтэлгүйтнэ. Иймээс баталгаатай зүйл болох боловсролдоо хөрөнгө оруулж, илүү том боломжийг бий болгох үүдийг өөртөө нээгээрэй.
Э.Амарбаясгалан: Юу хийхээ мэднэ гэдэг маш том амжилт. Арван жилийн сургуулиа төгсөж буй хүүхдүүдийн ихэнх нь юу хийхээ, ямар мэргэжил сонгохоо мэддэггүй. Ямар ч байсан нэг их, дээд сургуульд орох ёстой гэж хандаад үр дүнд нь баахан чанаргүй эдийн засагч, хуульч нар бэлтгэгддэг. Дараа нь төгсөөд ажилд орж чаддаггүй. Яагаад гэхээр нэгт, мэргэжилдээ муу. Хоёрт, ажилдаа сонирхолгүй. Тэгэхээр арван жилээс нь хүүхдүүдийг сонирхлоор ажлын дадлага хийлгэвэл зүгээр гэж боддог. Манайд компанид дунд сургуулийн нэг хүүхэд яг ингэж дадлага хийж, өөрийгөө хөгжүүлж байгаа.
Н.Цэвэгмид: Одооний хүүхдүүд өөр болж байгаа.
С.Батчимэг: Дунд сургуулиуд эхнээсээ сургалтын хөтөлбөр дээрээ үүнтэй холбоотой өөрчлөлтүүдийг оруулаад эхэлсэн байна лээ.
В.Ганзориг: Бизнесийн зөв үнэлгээ хийх суурь нь компанийн засаглал, эрх мэдлийн хуваарилалт, дансны хар, цагаан бүртгэл гэж би боддог. Үнэлгээ хийхэд саад болдог гол асуудал монгол компаниудын хувьд юу байдаг вэ?
С.Батчимэг: Орлогын, зах зээлийн, өртгийн гээд үнэлгээний гурван арга байдаг. Ирээдүйн санхүүгийн төсөөллөө гаргахаас үнэлгээ эхэлдэг. Компанийн гаргаж өгсөн тоо амьдрал дээр бодитой хэрэгжих магадлалтай юу гэдэг асуудал гарч ирдэг. Компанийн эзэд, ТУЗ, хувьцаа эзэмшигчид өөрсдийн бизнесээ маш өөдрөгөөр төсөөлж, дундуур нь өрсөлдөгч гарч ирэхгүй юм шиг бодит байдлаас хэтрүүлж төлөвлөдөг. Ийм тоон дээр үндэслэсэн үнэлгээ хийсвэр болдог. Ийм хийсвэр үнэлгээгээр хувьцаагаа үнэлж, IPO хийж болохгүй. Яаж ийж байгаад гаргалаа ч хоёрдогч зах зээл дээр хувьцааны үнэ унадаг. Бодит орон зайг үлдээх ёстой. Үүнийг компаниуд хүлээн зөвшөөрөх дургүй байдаг тул ойлголцох гэж нэлээд цаг авдаг. Үнэлгээ бол тоо биш харин процесс байдаг. Компанийн гаргасан төлөвлөгөөнөөс гадна андеррайтер, үнэлгээний компаниуд тэр бизнесийг тусад нь үнэлэн харьцуулж төсөөлөл дүгнэлтээ гаргадаг.
В.Ганзориг: Та хэдийн үнэлгээний үнэ яаж тогтдог вэ? Нийт үнэлгээний хувиар тогтдог бол ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй харагдаж байна.
Э.Амарбаясгалан: Яг аудитын компанитай адилхан. Гэхдээ аудит болгон адилгүй. Сайн аудитын компанийн нэр төр үнэтэй. Учир нь тэд ямар ч үнэ төлж байсан хамаагүй үнэнч шударга ажилладаг. Зарим нь мөнгө аваад хүссэн тайланг чинь гаргаад өгнө.
Н.Цэвэгмид: Хөрөнгө оруулалтын зах зээл өөрөө урт хугацааны тоглолт, удаан оршин тогтнох бизнес. Бид нар хөрөнгө оруулалт хүнд татаж өгөхийн төлөө ажилладаг болохоор тэр хөрөнгө оруулагч маань зөв үнээр бизнес аваасай, уг бизнес нь үнэ цэнтэй байгаасай, тэр компани нь сайн яваасай гэж хүсдэг. Бид нэг удаагийн шимтгэлийн төлөө ажилладаггүй. Гадны том хөрөнгө оруулалтын банкуудын нэрийг сонсоод хүмүүс ваав гэдэг шүү дээ. Яагаад гэвэл тэд энэ нэрэнд итгэж бас хүндэлж байна гэсэн үг. Тэгэхээр бид урт хугацаанд энэ итгэлцлийг бий болгож ажилладаг юм. Тэрнээс биш нэг, хоёр удаа өндөр үнэлгээтэй гэрээ хийгээд алга болчихвол хэн ч бидэнд хандахгүй, хэнд ч дахиад хөрөнгө оруулалт хийхгүй. Бид хөрөнгө оруулагчдынхаа талд ажилладаг.
Г.Баянмөнх: Үнэлгээний олон улсын стандартын зөвлөл гэдэг байгууллага бий. Энэ байгууллага ёс зүйн кодекстой. Тэрэн дээрээ үнэлж байгаа хөрөнгийн үнийн дүнгээс хамаарсан үнэ тогтоохыг хориглосон байдаг. Учир нь энэ нь хөтлөгдсөн үнэлгээ гаргах эрсдлийг үүсгэдэг. Үнэ тогтохдоо хүний нөөцийн бололцоо, чадвар, туршлага, үнэлгээний компанийн нэр хүнд, тухайн үнэлгээг хийснээр ирээдүйд гарах эрсдлийг даах чадвар дээр үндэслэгддэг. Бизнесийн үнэлгээ хийнэ гэдэг нь тэр хэмжээгээр тухайн компани эрсдэл үүрдэг. Энэ эрсдлийг үнэдээ тооцож оруулдаг.
Э.Амарбаясгалан: Сайн компаниуд сайн ажил хийгээд байдаг ч харамсалтай нь муу компаниуд байсаар л байгаа. Тэрийг зах зээл нийтээрээ сайн мэдэхгүй. Иймээс эдгээрийг сайн судлаад, өөрсдөө хариуцлагатай шийдвэр гаргах ёстой шүү.
В.Ганзориг: Бизнес нь тогтож зүгширсэн манай дотоодын том компаниуд олон улсын зах зээлд гаръя гэвэл та бүхэн юуг хамгийн эхэнд зөвлөх вэ?
С.Батчимэг: Энэ нөхцөлд бонд эсвэл хувьцаагаар олон улсаас хөрөнгө татах болно. Энэ үед бизнес үнэлгээнээс гадна зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэдэг. Уг үнэлгээнээс хамаарч тэр компанийн бондын купоны үнэ зах зээл дээр тогтдог. Олон улсад гарах гэж буй компаниудын хувьд кредит рэйтинг маш чухалд тооцогдоно.
В.Ганзориг: Гэхдээ тухайн компани хичнээн мундаг байсан ч зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь улсынхаасаа давж чадахгүй биз дээ?
С.Батчимэг: Тийм. Хувьцааны санхүүжилт татах гэж байгаа хүмүүсийн хувьд компанийн үзүүлэлт гэхээс илүү яг үүнийг л хардаг. Нэгт, Монгол улсын эрсдлийг эхлээд хардаг гэсэн үг. Олон улсаас хөрөнгө татахын тулд эхлээд улс орноо хөрөнгө оруулагчдад зөв ойлгуулах ёстой болдог. Хөрөнгө оруулагч шийдвэр гаргахдаа яагаад заавал Монгол гэж асуудаг. Улсын эрсдлийн өгөөжийн түвшинд сүүлд ойролцоогоор 6.5 хувь орчим байсан. Хоёр хувийн эрсдлийн хувьтай улсад хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүн Монгол руу хөрөнгөө оруулахын тулд дахиад дөрвөн хувийн өгөөжийг илүү хүснэ. Хоёрт, валютын ханшийн асуудал үүснэ. Гадаад валютаар хөрөнгө оруулалт татаж байгаа бол доллар, төгрөгийн хүлээгдэж буй инфляцийн түвшин, хоорондын зөрүүг тооцоолох ёстой. Энд дахиад эрсдэл нэмэгдэж гарч ирдэг. Энэ бүхнийг тооцсон өгөөжөө хөрөнгө оруулагчид санал болгох ёстой. Ингэж байж гадна хөрөнгө оруулагчийн сонирхлыг татна. Эрсдлээ бууруулахын тулд валютаар орлого олдог байх ёстой. Экспорт хийж, доллараар орлого олох тусам эрсдлийн хувь буурдаг. Иймээс компанийн дотоод санхүүгийн үзүүлэлт гэхээс илүү эдгээрийг сайтар анхааран тооцож гадны хөрөнгө оруулагчидтай харилцах хэрэгтэй.
Н.Цэвэгмид: Ковидын хямралтай тэмцэхийн тулд олон улсад маш их хэмжээгээр мөнгө хэвлэгдсэн тул одоо олон улсын зах зээл дээрээс мөнгө татахад таатай үе. Манай томоохон компаниуд, старт апууд энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Ингэхдээ бонд буюу өрийн хэрэгсэл гэхээс илүү хувьцаагаар хөрөнгө оруулалт татах дээр анхаарвал зүгээр. Би 2019 онд энэ ажлыг хийх гэж үзсэн. 2018 онд ЛэндМн-ийн IPO амжилттай хийгдсэний дараа хувьцааг нь Солонгосын хөрөнгийн зах зээл дээр арай хялбаршуулсан байдлаар арилжих оролдлого хийсэн. Харамсалтай нь Монголын хөрөнгийн захын хөрвөх чадвар сул гэдэг шалтгаанаар хойшилсон. Гэхдээ энэ салбарт ажиллаж буй хүний хувьд ийм бизнес хэлэлцээр хийх, нэг ч гэсэн монгол компаниа гадны зах зээл дээр гаргах хүсэл эрмэлзлэл хэвээрээ байгаа. Какао банк саяхан олон нийтэд хувьцаагаа санал болгож анхны үнэ нь хоёр дахин өсч, үнэлгээ нь монгол төгрөгөөр найман их наядад хүрчихлээ. Ийм зах зээл, боломжийг бид ашиглах хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь мэргэжлийн байгууллагаар заавал зуучлуулж хамтарч ажиллах ёстой. Учир нь бид хоорондоо нэг хэлээр ярьдаг. Бид бүгдийн хамтын ажиллагааны үр дүнд дотоодын компаниуд олон улсаас амжилттай хөрөнгө татна.
Г.Баянмөнх: Өнгөрсөн үеийн түүх ирээдүйн толь гэдгийг компани удирдаж буй хүмүүс сайн ойлгох ёстой. Өнгөрсөнд өсөлт гаргаагүй, санхүү нь ил биш, хоёр тайлантай явдаг компаниуд дотоод болон гадаадаас мөнгө босгож чадахгүй. Иймээс бизнесийн түүхээ бүтээх явцдаа санхүүгийн мэдээллээ олон улсын стандартын дагуу ойлгомжтой, үнэн зөвөөр тайлагнаж заншаарай. Салбарын өсөлтийг нь компанийн үзүүлэлттэй харьцуулан бизнес үнэлгээ хийдэг. Салбарын өсөлтөөсөө давсан хүлээлт байж болохгүй. Ийм төсөөллөөр хөрөнгө оруулалт татах боломж байдаггүй.
Э.Амарбаясгалан: Гадаадын хөрөнгө оруулагчид яагаад заавал Монголд хөрөнгө оруулах ёстой юм бэ? Зөндөө л гоё улсууд байна шүү дээ. Вьетнамд яагаад хөрөнгө оруулж болохгүй гэж? Энэ асуултанд хариулах маш чухал. Үүний дараа компани, бизнес өргөжин тэлэх боломжийг ярьдаг. Яг энэ загвараар өөр улсад амжилттай ажиллаж чадах уу гээд. Яг одоо монголоос уул уурхай, бага зэрэг ноос, ноолуур гадаад зах зээлд гарч байна. Өөр юм байхгүй. Харин сүүлийн үед мэдээллийн технологи гараад ирлээ. Ард санхүүгийн нэгдэл Ард апп гаргасан. Үүнийг дэлхийн зах зээл дээр турших төлөвлөгөө байгаа. Ард санхүүгийн нэгдэл Хойд америкийн зах зээлд гарах судалгаагаа эхлүүлсэн. Урьд нь Канадад бүртгэлтэй хувьцааг Монгол руу авч ирээд давхар бүртгэл хийдэг байсан бол одоо монгол компанийн хувьцааг Канадад гаргаж давхар бүртгэл хийх ажлууд эхэлж байна. Энэ үед яг нөгөө л асуултыг асуудаг. Яагаад бид монгол компанийн хувьцааг авч, Монголд хөрөнгө оруулах ёстой юм бэ гэдэг.
В.Ганзориг: Тодорхой хэмжээний хуримтлалтай хүмүүс яг энэ цаг үед юунд, яаж хөрөнгө оруулбал зүгээр вэ? Хамгийн тэнэг хүн хадгаламжинд мөнгөө байршуулдаг гэдэг үг гарсан байсан.
Н.Цэвэгмид: Заавал хөрөнгө оруулалтын данстай байх хэрэгтэй. Ирж яваа цагийн бизнест хөрөнгө оруулах хэрэгтэй гэж боддог. Энэ ирж яваа цагийн бизнесийг юу, хэн бүрдүүлдэг вэ гэвэл худалдан авалт, иргэд, хүмүүс л бүрдүүлнэ. Иймээс хүмүүсийн ирээдүй, 10 бүр 20 жилийн дараах зан төлөв, хандлага ямар байх вэ гэдгийг маш сайн уншиж судлах ёстой.
Э.Амарбаясгалан: Би тэнцвэртэй хөрөнгө оруулахыг номлодог. Ухаалаг хөрөнгө оруулагч номноосоо иш татаж байгаад ярьдаг. Бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй. Хамгийн тэнэг хүн хадгаламжинд мөнгөө хийдэг гэдэг яриа худлаа. Харин хамгийн ухаантай хүн хадгаламжтай байдаг. Эхний 100 мянган долларыг хуримтлуулах хамгийн хэцүү байдаг гэж Уоррен Баффетын хамтрагч Чарли Мангер хэлсэн байдаг. Тэрнээс цаашаа хөрөнгө оруулалт хийгээд өсгөөд явахад гайгүй болдог. Энэ чухал 100 мянгын дийлэнх нь хадгаламжийн эх үүсвэрээс бүрддэг. Сахилга баттай байж гэмээнэ эхний хуримтлалаа бүрдүүлдэг байх нь. Гэхдээ хадгаламж гэхээр заавал банкны хадгаламж байх албагүй. Сайн компаниудын хувьцаа, тэтгэвэрийн хуримтлалд хөрөнгө оруулж болно. Амархан юм гэж ерөөсөө байхгүй. Нэг өдрийн дотор баяжих боломжгүй. Сүүлийн үед старт ап, криптовалют гээд их ярьж байна. Цөөнгүй хүмүүс крипто руу хөрөнгө оруулдаг боллоо. Гэхдээ нийт хөрөнгө оруулалтын багцийнхаа таваас 10 хувиа энд хийж байх шиг байна лээ. Би жишээ нь хувь хүнийхээ үүднээс старт ап руу хөрөнгө оруулахгүй. Харин тэр компани нээлттэй компани болж хөрөнгийн зах зээл дээр гарвал хувьцаанаас нь авна. Дөнгөж эхэлж буй хувь бизнест мөнгө хийснээс хөрөнгийн зах зээлээс хувьцаа авах нь эрсдэл багатай.
С.Батчимэг: Сүүлийн үед аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, дижитал шилжилт гээд технологитой холбоотой бизнес хүчээ авах нь тодорхой болсон. Өмнө нь хөрөнгө ихтэй компани л хамгийн томд тооцогддог байсан бол одоо хэн технологи, дэд бүтэц эзэмшиж буй нь томд тооцогдох болсон. Бага нөөцөөр илүү их ашиг олох боломжтой цаг үе ирсэн. Иймээс технологийн салбар руу хөрөнгө оруулж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын багцдаа заавал дотоодын үйлдвэрүүдийн хувьцааг оруулж байгаарай гэж хэлмээр байна. Ингэвэл зөвхөн таны хөрөнгө оруулалтын багцийн өсөлт гэхээс илүү экспортыг дэмжиж, импортыг орлох, улмаар улсынхаа эдийн засгийн хөгжилд шууд хувь нэмэр оруулж буй үйлдэл болдог.
В.Ганзориг: Маш гоё өнцөг байна. Баярлалаа!
Г.Баянмөнх: Өнгөрсөн жилүүдэд дотоодын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын хувьцааны үнийн хандлага, санхүүгийн гүйцэтгэлийг харахаар дараах дүр зураг ажиглагддаг. Санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжраад өсөөд байхад хувьцааны үнэ унаад буй хандлага харагддаг. Тэгэхээр хувьцааны арилжаанд оролцож буй хүмүүс компаниудын санхүү, үйл ажиллагааны гүйцэтгэлийг нь харахаас илүү аль илүү зарагдаад байгаа хувьцааг харж арилжаанд эмоциор оролцдог нь мэдэгддэг. Ийм учраас хөрөнгө оруулж байгаа компанийн санхүүгийн гүйцэтгэлийг сайн харж байгаарай гэж хэлмээр байна. Үнэхээр өндөр өсөлт үзүүлэх компанийнхаа хувьцааг олон нийтийн ерөнхий хандлагыг хараад зарчих вий дээ. Гадны компанид хөрөнгө оруулах гэж байгаа бол тэр компанийнхаа түүхийг сайн хараарай. Тэгэхгүй бол бас янз бүрийн давалгаанд өртчих эрсдэл байдаг.
В.Ганзориг: Маш үнэтэй зөвлөгөө өгч, сонирхолтой ярилцлага хийсэн та бүхэнд баярлалаа!
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!