Дутагдалдаа эмзэглэх зовиурыг хошин мэдрэмж гэж бүдүүвчлээд дорх хоёр гарчигаар илэрхийлэхийг оролдов. Хошин мэдрэмж бол муугаас сэрэмжлэх дархлаа. Хувь хүн болоод нийгмийн хөгжилд харш зуршлаа нийтээр хүчтэй жигшвэл том үсрэлт болно гэж итгэсээр амьдрав. 

Хосгүй монгол ухаан. “Хорвоод хосгүй монгол ухаан” гэж дуу алдан хөөрцөглөх хүн таарах юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ. Сайн бодвол тэнэг ч юм шиг. Тэр хосгүй монгол ухаанаас миний мунхаг тархинд юу ч заяасангүй. “Монгол ухаан гэж базарваань дэлхийд байхгүй суут ухаан” гээд итгэл үнэмшилдээ бишрэх хүнийг би хараад атаархдаг. Түүнд заяасан аугаа ухааныг надад яагаад заяасангүй вэ гээд. Би түүнээс дутахгүй гэх хор шарандаа монгол суут ухаанаас юу ч мэдэхгүй атлаа бас хааяа тэгж монгол ухаанаар бахархаж, эх орончийн дүр эсгэдгээ нуугаад яахав. 

Монгол ухаанаараа ухаангүй гайхуулагч үндэсний үзэлтэн нүдээ аниад гүн бодлогоширч “Хосгүй монгол ухаан” гэж дүвчигнэх авч хосгүй монгол ухаанаасаа өчүүхнийг ч тайлалгүй оюун ухаан нь бүр алсад хоосон чанарт ч юм уу арилаад өгдөг. Монгол аугаа ухааны зах сэжүүрээс чимхээд авъя гэж чих тавиад байхад барин тавин итгэгдэхээр ухагдхуун гаргалгаа нотолгоо гэх юм баригдахгүй явсаар миний нас өнгөрлөө. Монгол аугаа ухаанаас юу ч үгүй атлаа “Монгол ухаан агуу”, “Монгол ухаан шиг суут ухаан ертөнцөд байхгүй” гэж зарим үед худал онгирдог минь үнэн шүү. Ингэж худал онгирдог минь монгол аугаа ухаан юм уу. 

“Алив тэр аугаа ухаанаа тайлбарла” гэж гадаад хүн надаас шаардвал би юугаа хэлэх вэ. Төрийн нууц гэж бултах уу. Овтой гадныхан өдгөөг хүртэл хосгүй монгол ухаан гэх юм олж судлаагүйг бодоход монголчуудад бусдаас онцгой ухаан ерөөс байхгүй юм биш биз дээ таминь. Тийм тийм хосгүй ухаан байдаг гээд тодорхой хариулах монгол эрдэмтэн мэргэд байна уу? Нөгөө хосгүй монгол ухаан чинь энэ байна гээд унших судлах ном судартай би таарч явсангүй.

Уг нь бидний хосгүй ухаан улсын үсрэнгүй хөгжил, өрх гэр, үр хүүхдийн өв тэгш хүмүүжлээс харагдах учиртай. Гэртээ халуун ам бүлээрээ цөм дэг журамгүй залхаг айлын эцэг эх үр хүүхэд улсын хуулийг алхам тутамдаа мөрдөнө гэдэг лөө лөө. Өрхийн орлогоо үрэн таран хийгээд өөдөлдөггүй айлуудаас бүрдсэн улс баяжих уу. Энд нөгөө хосгүй монгол ухаан чинь үйлчлэхгүй яагаад байна? Эдийн засаг хямарч өрний бөөс болоод байхад эв нэгдэлгүй Төр засгийнхан ажлаа элбээд ахиулъя гэхийн оронд төсвөөс хумслах гэж арсалдаж буйг хосгүй монгол ухаан гэхгүй нь лав. Аугаа монгол ухаанаа яагаад өдий хүртэл ашиглахгүй хохирч хоосров. Дэлхийд ижилгүй монгол ухаанаа мэддэг нь мэддэггүйдээ тов тодорхой заагаад өгөөч. Сургалт явуулаач.

Соёлт хүмүүсийн дургүйг хүргэдэг зарчимгүй замбараагүй бас тэгээд хулхи зангаа хосгүй монгол ухаанаараа засах сан. Өөдгүй дадлаа монголчууд сайн мэддэг. Мэдсэн атлаа муу муухайгаа арилгая гэж чармайхгүй, үе дамжуулан заваардаг нь гайхалтай. Нөгөө аугаа монгол ухаан энд чухамхүү дэглэмээр сэн. Монгол хүнд наалддаггүй аугаа ухаан гэж юу байна аа? Тодруулаад өгөөч. Үндэснийхээ тэр гайхамшгийг эзэмшиж дэлхийд гангаръя. 

Манжийн хааны хахууль-тамгатай хутагтуудын хойд дүрийг тодруулах сунтаг шүүлт хэмээх марзан жүжгийг монгол суут ухаан сэргээв. Сунтаг шүүлтээр тодорсон нэгнийг хилийн чанадаас далай лам аравнайлснаар тэр бээр хүн биш бурхан болдог нь ижилгүй монгол ухаан гэнэ. Өөрийгөө “бурхан” биш “хүн” гэдгээ гадарлах бүтэн ухаантай гэгээнд тодрогч олны дунд бурхан гэж итгэгдэхээр хэрхэн жүжиглэхээ мэдэхгүй балмагдаж ичих нь өрөвдөлтэй. Монгол суут ухаан янзтай байгаа биз?

Төр засгийн толгойд луйвраар асахыг ижилгүй монгол ухаан гэж хэтэвч нэгтэй бүлэглэл бардамнана. Аймгархаг жолоодогч нарт мөргөж ирсэн хуучин тогтолцоогоо суут монгол ухаан гэж үгүйлээд ч байх шиг. Хосгүй монгол ухаанаар хохирохгүй, тэр ч бүү хэл, хожих байсан бус уу? Гадны хөрөнгө оруулагчдыг намч угшлаар хөөлгүй, хаяа нийлсэн нүүрсний ганц хэрэглэгчээ хужаа гэж адлалгүй, эртний монгол жинчин-наймаачны “тал алдахгүй түншилбэл унац нэмэгдэж удаан нөхөрлөнө” гэх хар ухаанаар хандах байж уу? Суут ухаанаараа бид хэзээ Төр засгаа жолоодож, хүн амаа хүмүүжүүлж, суут ухаанаараа хэзээ аж ахуй бүтээн байгуулалтаа хөтлөх юм бол. Аугаа ухаан гэж эртний монголчуудын хар ухаан гэж даруухан нэрэлснийг арай хэлээд буй юм биш биз. 

Түүхийн мухраас шалгарлаар тунаж үлдсэн хар ухаан-хэрэглэхэд эрсдэлгүй байх баталгаа өндөр. Монгол хар ухаан “оюуны баялаг” гэвэл элэг нь хөшиж үхэх коммунист онолчдоор Монгол нэг үе дүүрсэн. “Нэгдэл-нийгмийн эзэнгүй өмч үрэгдэнэ” гэж монгол хар ухаан сануулаад байсныг нам засаг нулимаад бүх мал сүргээ нийгэмчлээд сүүлдээ яаж баларлаа? Хорвоод хосгүй монгол ухаан гэж сагсуурснаас монгол хар ухаан гэвэл ядаж даруу сонсогдмоор. Итгэл алдахгүй түншилбээс талуудын ашиг хэн хэндээ нэмэгдэнэ гэх монгол жинчдийн ямар ч улс төргүй хар ухааныг гололгүй яг баримталбал гадны хөрөнгө оруулагчид ханараад орж ирэх юм биш үү, бодлого боловсруулагч мэргэдээ.

ОХУ цахилгаанаа Монголд ижилгүй өндөр үнээр импортолдог. Онгоцны бензинээ дэлхийн жишгээс 28,8 хувь илүү ханшаар шахдаг гэнэ. Оросын шадар сайд хатагтай ирээд “Оросоос авдаг эрчим хүчээ 2 дахин нэм” гэж зааварлаад буцахад хосгүй монгол ухаан сэнхрээд үлдэв. Яаж сэнхэрсэн бэ гэвэл 30 жил судалсан Эгийн УЦС-аа цааш хамтран судлахаар тохирчээ. Хэдэн жил судлах бол? Хэдэн жил 2 дахин нэмэгдсэн эрчим хүч урсах бол? Ийм шийдлийг хосгүй ухааны гаргалгаа гэхээс өөр юу гэх вэ. Улс төр судлаач Н.Дугар (Өдрийн сонин. 2021-12-15) Хэрвээ бид өөрсдөө Оюу толгойг ашигласан бол Рио Тинтод 64 хувиа өгөх ямар ч шаардлагагүй. Өнөөдрийнх шиг ийм хэл ам ч гарахгүй. Өдийд Оюу толгойн орд газар ашиглалтад орчихсон үр ашгаа өгөөд явж байгаа шүү дээ гэжээ. Оюу толгой-хосгүй ухаанаар бол ийм амархан төсөл байж. Гэтэл авилга авсан аваагүйн хэрүүл, олон тэрбум долларын хардлага, шорон, орголт, арбитр. Гэргий нь зөвшөөрсөн бол нэг эх оронч шатаж үхсэн. Энэ бүгдэд хошин мэдрэмжээр хандаад нэг үз.

Онгирохоосоо өмнө шанал. Бизнесийн луйвар нь эх орондоо мухардсан жижиг гарууд “Ямар оронд очвол олз олох вэ. Гэнэдүүлэх харанхуй масс дэлхийд үлдэж үү” гэж бодмогц Монгол санаанд нь ордог болтой. Харанхуйчуудыг мэхлэхэд түвэггүй. Монголоо гэх нэгдмэл чармайлтгүй, сул олз олох ганц менежменттэй монголчуудад бяцхан “юм” сэм атгуулахад уул талаа ч нууцаар өгөхдөө сийхгүй. Улсаа гэх нийлсэн зорилгогүй, биесээ хайрлах сэтгэлгүй ийм хачин улс гадны хулгайчдыг даллан дуудахаас яах билээ. Өөрөөр хэлбэл дэлхийн бага гарын луйварчдын сонирхол хаана вэ гэвэл мэдээж бүдүүлэг Монголд.

Зөн билгийн тулааны аварга гэх хөгийн луйварчдад хууртах мангуу масс дэлхийд ховордсноос тэд мухар сүсэгт Монголыг зорьдог нь бидний хувьд гутамшиг. Орос хүүхэн дагуулсан нэг иран манайд хэд ч ирэв дээ. Дотоодынхоо хуурамч хувилгаан заарин бөө удган үзмэрчээ яая гэж байхад бас гадны хууран мэхлэгч дүвчингүүдийг урьж хэтэвчээ хоослох-дүнхүүгийн гай. 

Муугаа дуудуулдаг хоцрогдсон цөөвтөр улс дэлхийд бий. Тэдний нэг бид. Гуйлга гуйдаг ядуус атлаа баруун зүүнгүй “Бид дэлхийн талыг эзэлж явсан” гэж онгирох хоосон сүр нь ичиж үхмээр. “Дээд тэнгэрээс заяатай дэлхийг эзлэсэн түүхтэй” гэж сагана. Дэлхийн хүмүүсээс өөрсдийгөө давуу гэж арай бодоогүй байгаа даа бурхан минь. “Монголчууд юугаараа бахархах вэ” гэвэл “тэнэгээрээ гайхуулцгаа” гэж гутарч цөхөрсөн буурайн муухай аашаар би уцаарлана. 

Чингисийн 800 жил гэж бид яаж хөөрцөглөлөө. Хэт сагсуурвал Чингисээ сэвтүүлж магад. Нөгөө даруу монгол зан хайчив? Дэндүү онгироо биднийг жуулчид шүүмжлэхгүй харин зугаацна. Бүдүүлэг маань бидний брэнд юм даа. Дэлхийн талыг эзлэж явсан гээд эдүгээ Монголд юу үлдсэн юм бэ? Хөтөл дээр овоолсон чулуунаас өөр ХIII зуунаас бидэнд ямар дурсгалт өв байна. Чулуун овоонд юу байдаг билээ. Хөсрий суга таяг, архины шил, урагдаж үжирсэн хөсрий хадаг самбай, задгай мөнгө, адууны хувхай толгой, сайндаа маанийн зургаан тангад үсэгтэй хавтгай хад-тэр нь хагараад салчихсан. Тийм чулуун овооноос өөр “Их эзэн Чингисийн үлдээсэн гайхамшиг” гэх юм үнэндээ хомс. Нэрэлхэж худал онгироод юм үзэж нүд тайлсан егзөр жуулчдаас оноо авах бүү хэл шоолуулна. Хошин мэдрэмж-дархлаа ухаажуулж, доог болохоос хамгаалах нь цөөнгүй.

Нүүдэлчний соёл гэж тунхаглаад байдаг. Бид түүхэндээ ямар нээлт хийж, юу урлаж-хүн төрөлхтөний сан хөмрөгийг баяжуулсан билээ. Шарилжнаас гурил гаргаж, бутнаас жимс ургуулсныг хар. Оньсон техник хэрхэн хөгжив. Биеэ тэнэгээр магтах бус биеэ ухаалгаар голсон цагт өөдөлнө. Тэнэгээ олж харах билгийн нүдгүй бол биеэ магтсаар улам лойно. Биеэ голно гэдэг сэргэх оч. Өөртөө шүүмжлэлтэй хандвал хувь хүн өөдөлж улс хөгжинө. Хөгжлөө чамлавал хурд нэмэгдэнэ. Хийснээ голж байж сайжруулдаг.

Зүдүү байж “Их гүрэн явсан” гэх хоосон домгоор онгирч амьтны дургүй хүргэнэ. Хоёр төрийн өнгөнд био комбинатдаа вакцин үйлдвэрлээд хэдэн малаа эрүүлжүүлж чадаагүй байж иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн хоёр дахь социалист орон гэж ханхалздаг хуучтай. Айл бүр хашаагаа зүлэгжүүлж, мод бут, хүнсний ногоо тарихыг малгүй-төвийн гуйлгачдын ажил гэж басамжилдаг баярхуу нүүдэлчний омог шарыг залхуу зан нь өгдөөдөг гэхэд хилсдэхгүй. Залхуу дээр мунхаг нэмэгдэхээр хэн болох вэ. Ажилсаг зан тусгаж авах ясны дургүй нь уур хүрэм. Хар ажил гэж цамаархана. Чингисийн хөшөөг цул алтаар цутгах санал тавьж асан улс төрчөөс Төрийн луйвар хулгайг тэсвэрлэлгүй суулт хийж буй иргэд эх оронч санагдсан. Мангар сагсуу үг үйлдэл Чингисээ үнэгүйдүүлж буй.

1960-аад онд хоёр зуу мянга орчим хүн ам, задгай жорлон, эсгий гэрээс бүрдсэн, халаалтын шугамгүйгээс нүүрс түлдэг хөөрхийлөлтэй нийслэлээ хотын жаргал зовлон үзээгүй нүүдэлчид “Азийн цагаан дагина” гэж бахархсан нь нэг бодлын өрөвдөлтэй. Харин өдгөө хуучнаа магтах гэж тэч ядагчид “Азийн цагаан дагина гэгдсэн Улаанбаатар минь ардчиллын үед Утаанбаатар болгов” гэж гасалдаг. 1967 оны орчим Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд “Нарлаг Монгол” гэсэн том хаягтай хоёр вагон зүүдэг болсон. Ярославский өртөөнд ирсэн Монгол Сибирийн тэсгим жаварт цонхнууд нь цан хүүрэг багсайлгасан вагонуудын хоёрыг гоёсон “Нарлаг Монгол” гэх сүржин гангараа зохимжгүй харагдсан бөгөөд нэг орос “Нарлаг Монгол байхдаа ч яахав дээ. Дэлхийн хамгийн хүйтэн орон биз дээ. Нарлаг Болгар гэвэл арай дөхүү” гэх үг унагасан нь дээрэлхсэн бус тусгаж авсан бол зүгээр л сануулга байж. Тэр намекийг тусгаж авах мэдрэмж одоог хүртэл бидэнд төрсөнгүй. Яльгүй юмыг томруулчихав уу даа золиг. 

Коммунизм гэгч лоозонгоор бус өөдлөх нь өөрсдөөс шалтгаалах чөлөөт зах зээлтэй-Монгол улс арай эрт учирсан бол 1990 онд өмнөд Солонгос шиг биш юм гэхэд хөгжлийн арай өндөр түвшинд хүрэх байсан юм бус уу. Түүх буцаж эргэхгүй ч өнгөрснөө зөв дүгнэж, цааш хөгжих хамгийн ашигтай гарц хайхдаа, туулсан замынхаа алдааг олж харах мэдрэмжгүй бол бид орчин үеийн үсрэнгүй хөгжлөөс хормойдож чадахгүй. Бидний чөдөр-бидний мулгуу толгой аж. Төрөлхийн мулгуу бол засрахгүй. Төрөлхийн мулгуу бус бол мухар сүсэг, хоосон домог, коммунист онол хургасан харанхуй тархиндаа ХХI зууны шинжлэх ухаан технологийн гэгээ тусга. Хэнд хурц сэрэл байна түүнд монголчуудын хоцрогдол хүчтэй хөндүүр үүсгэж, тэр бээр ихээр ичиж шаналах болно. Ихээр ичсэн охид хөвгүүд Монголыг өөд татах юм шүү. Юутай ч онгирохоосоо өмнө шанал. 

Налайж амьдарсан малчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд хөл алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны алхаатай хөлөө нийлүүлэхгүй бол Монгол хаягдлаа. Хүн төрөлхтөний хөлд унаж гишиглүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, уран гар, хувийн овсгоо, шургуу хөдөлмөрөөр олно. Татвар төлөгчдөөс цугларсан, намуудын шуналд бузартсан цөөвтөр цаас-сан хөмрөгт бий. Түүн рүүгээ шүлсээ савируулан алалцдаг. Төрөөс хулгайчдыг хуу хусах хүчирхэг хүн ам бүрэлдээсэй.

Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ аргацаадаг. Тиймээс даруу бай. Коммунист нийгмийн үлдэгдэл-бидний загварыг залуус бүү өвлө. Уршиг нь барагдахгүй. Хоцрогдол-бүдүүлгээс ундаргатай. Хуучинсаг маниусын сэтгэлгээг өндөр хөгжилтэй орны хөгшдийн сэтгэлгээтэй жишээд үз. Тэгээд ямар хоцрогдол монгол хөгшдөд байна, түүн дээгүүр залуус минь харай. Дүүлэхдээ Лениний онолоор мануусын капитализмыг харайсан онигоог давтуузай. Хойшид та нар социалист нийгмийн бүтээгдэхүүн-бидэн шиг хамгийн болхи сэтгэлгээтэй, тэгсэн атлаа хуучнаа ад хөдлөм хамгаалагч хийтэй хэнхэг амьтад бүү яв. Хорвоогийн шившиг явахгүйн тулд сэтгэх багтаамжаа тэлээд бай. Монгол тархи чинь оргилоод өгнө. Монгол гавлын багтаамж хязгааргүй. Оюуны баялгаараа амьдрах цаг иржээ хүүхэд минь. Түүхий эдээрээ панз үсэргэж хөлжөөд цааш оюунаараа баяжвал хүн төрөлхтөний хүндлэлийг жинтэй татна гэж мэд.

1911 оны ноёдын, 1990 оны ардчилагчдын мөрөөдөл-толгой мэдэлтэй улс болох гэгээ сүүмийснээ бөхчихлөө. Хэн унтраав? Бурууг гуравдагч хөрш, хужаа, ардчилагч нарт тохвол дийлдэшгүй лидерт хувирдаг боллоо. Баталгаа нь тэднийг масс уухайлж, сонгуулийн ялалт дараалан бэлэглэв. Гадны хөрөнгө оруулагчид үүрд баяртай гэвэл дэлхийд ганцаардаад буй Орос ахтайгаа хоёулхнаа хуучин замаараа сурсан онолоо мандуулаад сажилна. 

Лусаас хичнээн хишиг хайрлаад, донор орнууд хичнээн зээл олгоод хүн ам нь нилэнхүйдээ журамгүй бол өөдөлдөггүй аж. Хуучин руугаа дөргүй сарлагтсан улсаас хөрөнгө оруулагчид зай барьдаг нь танигдлаа. Хөгжлийн зам-хурдны зам биш. Бартаа донсолгоо бүхий ядаргаатай. Хөгжил-хөлсөө асгаруулсны өгөөж. Язганатал хөдөлмөрлөж буй хятадуудыг бид хараад “Ингэж хөгжсөнөөс малынхаа бэлчээрт амар хэвтэж байгаад хорвоог барах минь” гэж философтдог. Өөр лүүгээ харж, биеэ шинж. Өндөр хөгжилтэй орны иргэнтэй өөрийгөө жиш. Тэгээд тэдний араас шамд. Залуус та нарт тэднийг гүйцэх хурд-төр тушчихгүй бол бий. 

(2009-21)